Буурал Европын жуулчдыг соронздон татдаг уран барилга, түүхийн дурсгалуудын уламжлал, хэв маягийн хэлтэрхий Улаанбаатарын уугуул барилгуудад ч бий гэвэл та итгэх үү? Дуурь бүжгийн эрдмийн театр, Драммын эрдмийн театр, Гадаад явдлын яам, Төв номын сан, Хөрөнгийн биржийн барилгуудын багана, гадаад засал эгээ л эртний Грекийн Парфеноны сүм, Зевсийн сүмийг санагдуулам.
Архитекторууд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан нийслэл хотыг маань Европ хэв маягтай хэмээн дүгнэдэг. Эндээс Улаанбаатар хотын уран барилгуудад Европын уран барилгын хэв маяг хэрхэн уламжилж ирсэн юм бол гэх асуулт эрхгүй урган гарч ирнэ. Социализмийн үеийн Зөвлөлт Монголын найрамдалт харилцаа хэмээн шууд хариулж болох ч уг сурвалжийг ухвал бүр огт өөр баримт гарч ирдэг аж. Дэлхийн нэгдүгээр дайны үед ялагдсан герман, унгар, чехийн олзлогдсон цэргүүд Сибирьт хоригдож, тэдгээрийн зарим нь улс төрийн орогнол эрж, Богд хаант Монгол улсад дүрвэн ирж, амьдарч байсны дунд барилгын мэргэжилтнүүд ч цөөнгүй байж. Үүнийг гэрчлэх баримт 1970-аад оны хуучнаар Бүгд найрамдах ардчилсан Герман улсын нэгэн архитектурын сэтгүүлд хэвлэгдсэн байдаг. 1942 онд ЗХУ-п амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель Дуурь бүжгийн эрдмийн театрын зураг төслийг гаргасан тухайгаа эл сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Энэ үед баригдсан барилгуудыг неоклассицизмын урсгалд хамруулж болно. Учир нь ЗХУ-ын тусламжаар барьсан 1930-аад оны үеийн барилгуудын зураг төслийн ажлыг тус улсын архитекторууд хийж байсан аж. Эртний Грек, Ромын соёлын шууд тусгал болсон неоклассицизмийн үеийн барилгуудад өнөөх л эртний Грек, Ромын хэв маяг шингэсэн нүсэр том багана, дэлгэмэл гурвалжин бүхий дээврээр хашсан нүүр, жижиг хэсэг бүр бие биеэс алтан харьцаагаар хамаарагдах зэрэг онцлогууд тусгагддаг. Гадаад явдлын яам болон МУИС-ын байр, Төрийн ордны ард байх орон сууцны барилгууд, хуучнаар “Алтай” зочид буудал байсан хотын захиргааны байр, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг барилгууд энэ урсгал чиглэлийн шууд тусгал болсон байдаг.
Сонирхолтой нь Орос болон Германд төр засгийн сүр хүчийг илтгэхэд чиглэгдсэн архитектурын урсгал олон нийтийн барилга байгууламж төдийгүй орон сууцаны барилгад ч илт давамгайлах болсон нь манай улсын барилгын салбарт ч хүчтэй нөлөөлж. Үүний тод жишээ нь “Гутлын 22” хэмээн бидний нэрлэж заншсан орон сууцны барилга, Саарал ордны арын орон сууцны барилгууд. Гадаад засал төдийгүй дотоод өрөөний зохион байгуулалт, тохижуулалтыг нь авч үзвэл уг барилгууд классициизмын урсгалд хамаардаг аж. Классицизимийн урсгалын орон сууцны барилгууд тааз өндөр, тансаг, тохитой тухлаг байдлыг голчилсон байдаг нь “Гутлын 22” барилгуудын засалд тод харагдана. Эгээ л эртний Европын язгууртнуудын шилтгээн мэт зочны өрөөний гол цонхны хэсгийг гадагш төвийлгөн зохиомжилсон нь тансаг байдлыг бий болгохын зэрэгцээ орон зайн тэлэлт хийж, гэрлийн тусгалыг ч ихэсгэж өгсөн нь классицизмийн тухлаг хэмээн хэв шинжэд яв цав нийцнэ.
Суурин соёл иргэншил төвөөс тэлдэг зарчимтай. Тиймдээ ч ихэнх хотууд өөрийн төв талбайтай байдгийн жишгээр ардын хувьсгалын 25 жилийн ойноор буюу 1946 онд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг талбайн төвд байрлуулан, эргэн тойрныг соёл урлаг, засаг захиргааны барилгаар хүрээлүүлж, уран барилгын чуулган болгох төлөвлөгөөг зөвлөлтийн мэргэжилтнүүдэд үүрэг болгосон байдаг. Энэ дагуу өнөөгийн Сүхбаатарын талбайг хамгийн оновчтой буюу 250*250 метрийн харьцаа бүхий шийдэлтэй Парисын Зөвшилцлийн талбайгаас санаа авч, төв талбайг засаж зохижуулсан түүхтэй байдаг аж.
1960-аад онд барилгын салбар, тэр дундаа уран барилгад бас нэгэн шинэтгэл гарсан нь 1956 онд ЗХУ-д архитектур зардал ихтэй элдэв чимэглэлийг халж, хүн амд хүртээмжтэй барилга байгуулах тухай шийдвэр гарсантай шууд холбоотой. Барилгын явцад гарсан өргөтгөл болон гол багануудыг чимгэлэл болгон ашигладаг конструктивизмын зарчимд тулгуурласан барилгуудын тоонд Б.Чимэдийн зохиосон “Улаанбаатар” зочид буудлын барилга, Б.Дамбийнямын төсрөлөөр барьсан Урт цагаан үйлчилгээний төв, өнөөгийн Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн барилга, “Ард” кинотеатр, Спортын ордон, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, “Баянгол” зочид буудал болон 40, 50 мянгатын орон сууцны барилгууд ч орно.
Түүнчлэн улс төрийн сүр хүчийг барилгаар илэрхийлэх, коммунист үзэл суртлын бодлого болох баялгийг тэгш хуваарилах зарчим уран барилгад ч тод илэрсэн байдаг. Хрушевийн эл үзэл суртлын даалгавраар ЗХУ-д кино бүтээгчдэд шоглуулах хүртлээ хэвлэсэн юм шиг барилгууд баригдаж байсан нь манай улсад ч нөлөөлсөн. III, IV хороолол, I болон X хорооллын орон сууцны барилгууд бол энэ үеийн үзэл суртал барилгын салбарт нөлөөлж байсны гол баримт юм. Түүнчлэн улс төрийн сүр хүч далайцтай, асар том аугаа байдгийн адилаар тухайн үеийн барилгууд ч эрс сүр хүч нэмж, олон давхар болсон нь бий. Өндөр хоршоо хэмээгдэж байсан дэлгүүр ердөө л хоёр давхар байсан бол тухайн үед цөөн хүн амтай байсан нийслэлд Улсын их дэлгүүрийг долоон давхар барилгатай байхаар барьсан нь өнөөх сүр хүчний бас нэгэн илэрхийлэл.
Техник технологийн хөгжлийг дагаад барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. 1960-аад конструктивизм шингэсэн их бүтээн байгуулалтаас хойш сонгодог уран барилгууд баригдаагүй гэхэд хилсдэхгүй. Харин технологийн шинэчлэлийг чимэглэлд ашигласан эл урсгалын барилгууд сүүлийн үед олноор төрөх болсны тодхон жишээ нь Central Tower, Bly Sky Tower юм.
Зураг.
Классицизмийн буюу сонгодог урсгал ноёлж байсан 1930-1940-өөд оны үе. Неоклассицизмийн урсгалд хамаарах барилгуудын өрөө тасалгааны зохион байгуулалт, хөвөө, хана, багана болон жижиг хэсэг бүрийн харьцаанаас эртний Грек Ромын уран барилгын шууд тусгал ажиглагдана.
Энхтайваны гүүрний гол тулгуурыг чимэглэл болгон ашигласан нь конструктивизм чиглэлд шууд хамаардаг. Чимэглэлд илүү зардал гаргахгүйгээр, барилга байгууламжийг хүртээмжтэй байлгах нь конструктивизмын гол зарчим. Энэ үеийн барилгуудад Улсын их дэлгүүр, “Ард” кинотеатр, “Баянгол” зочид буудал, Урт цагаан үйлчилгээний төв, 40, 50 мянгатын орон сууцны барилгууд хамаарна.
Барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. Шууд угсардаг, ажиллагаа багатайн дээр барилгын үндсэн хана, цонх нь илүү чимэглэл, хэсэггүй, үндсэн үүргээ хадгалахын зэрэгцээ харагдах үзэмжээ ч тодотгодог хэмнэлттэй, ажиллагаа багатай эл төрлийн барилга сүүлийн үед ноёлж буй.
No comments:
Post a Comment