Tuesday, February 26, 2013

СЭРЭЭСЭН БААТАР ТАРБОЗАВР БАТААР

Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж Монголын тамирчид нэрээ цуурайтуулахаас ч өмнө, монгол хөгжимчид урлагийн олимпын медаль хамахаас ч урьтаад дэлхийн тавцнаа хүч сорьсон монгол тодотголтнууд бол музейн үзмэрүүд. Бүр 1997 онд хилийн дээс давж, уригдаж залагдан Өмнөд Солонгосыг зорьсон музейн үзмэрүүд эх орондоо эргэн залраагүй гэх мэдээллийг эх сурвалжууд дуулгадаг. Тэгэхээр нас нэмэх тусам үнэ цэнэ нь өсдөг хүн төрөлхтний хуулиас хөндлөн онцлогтой түүхийн дурсгалт зүйлс шилжилтийн үе, ганзагын наймаачидтай зэрэгцээд л гадаад, дотоодоор “аялсан” байх нь. Тэр хэрээр эртний эдлэлийн гэх шинэ бөгөөд ашиг өндөртэй, хууль зөрчиж, нэг хэсэг иргэдийн бус нийт ард түмний эрх ашгийг хохироодог “даяаршлагдсан” зах зээлийн хонжоо хайгчдын сонирхлыг татах болж. Хараа хяналт султайн дээр баялаг түүхийн үнэт дурсгалаар арвин манай орны байдал тэдэнд бэлэн хоол мэт санагдсан нь гарцаагүй. Тиймдээ ч бид тэр бүр хаалгыг нь татдаггүй атал гаднынхан манай орны музейн үйл ажиллагаа, үзмэрүүдэд анхаарал хандуулах нь их. 
Энэ оны эхээр хуучнаар БСШУЯ музейн үзмэрүүдийн цахим каталоги гаргаснаа танилцуулж байхад, түүнээс даруй хоёр жилийн өмнө Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд манай музейн үзмэрүүд тавигдсан байх юм. Ази, Европын музейн сүлжээ олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн “Виртуал цуглуулга” төслийн хүрээнд эл санг байгуулсан бөгөөд манай Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Театрын музей, Чойжин ламын музей, Уран зургийн галерейн 58 бүтээл цахим музейн сан хөмрөгт багтжээ.
Түүнчлэн 2009 оноос эхлэн Америкийн хотуудаар хоёр жил аялсан “Чингис хаан” үзэсгэлэнгийн үзмэрүүдийг манай орны музейн үзмэрүүд төдийгүй Хьюстоны байгалийн шинжлэлийн музей, Вахид Корос, Готуако, Шин Шуань зэрэг хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдүүлсэн байх юм. XI-XX зууны эд өлгийн зүйлс багтсан музейн үзмэрүүд дунд В.Корост хадгалагдаж буй Юанийн үеийн төгрөг хэлбэртэй пайз, Сан Францискогийн иргэн Шуй Шуанийн цуглуулгаас түр авсан Их Юанийн үеийн хүрэл зоос болон хүрэл тамга байсан гэх. Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд хэдэн зуугаар нь цутган хэрэглэж байсан зоосоо харийн нутагт үлдээсэн байлаа гэхэд, өнөөгийнх шиг толгойтой бүхэн хэрэглэдэггүй байсан үеийн тамга хэрхэн харийн хүний цуглуулгыг чимэх болов гэдэг нь бас л анхаарч үзүүштэй асуудал. “Чингис хаан” гэх урт удаан настай тойрон аялагч үзэсгэлэнгийн үзмэрүүд дэх ховор сонин бүрэлдэхүүнийг харийнхны өврөөс найр тавин байж түрээсэлсэн явдал хачин жигтэй хар төрүүлнэ. 
Гэсэн ч энэ бүхнийг өнгөрөгч хаврын хавсаргатай хамт өрнөсөн Тарбозавр батаарын дуулиан өрнөхөөс өмнө анзаарах, анхаарах сөхөөтэй хүн бараг л байсангүй. Өлгий нутгаас минь олдсон үлэг гүрвэлийн яс хүний нутагт дамын наймаанд үнэ хаялцуулан худалдагдах гэж байна гэсэн мэдээлэл хэвлэлийнхний чихийг сортойлгож, тэр дагуу хүчний байгууллагынхнаас улсын Ерөнхийлөгч хүртэл хэлж ярьж, тэмцэж зүтгэж явсны хүчинд өөрийгөө ашгийн төлөө ажилладаг палентологич хэмээн тодорхойлох үлэг гүрвэл, өндөгний наймаачин Эрик Прокович гэгч этгээдийн гараар орж, хил дамнан “зугаалсныг” тогтоосон. 
Монголын цагдаагийн байгууллагын ажилтнуудын шуурхай ажиллаж, илрүүлсэн баримт нотолгоог үндэслэн Эрик Прокопиг өнгөрөгч аравдугаар сард баривчилж, Монгол болон Хятадаас хууль бусаар үлэг гүрвэлийн яс хил давуулан наймаалсан хэрэгт буруутгасан юм. Харин тарбозавр батаарыг эх оронд нь илгээх эсэх асуудал шүүхийн шийдвэрээс хамаарах юм. 
Нью-Йорк хотын дүүргийн шүүхэд аравдугаар сарын 24-нд болсон анхан шатны шүүхээр Эрик Прокопиг гурван зүйл ангиар ялласан байна. Түүнийг хулгайлагдсан түүх дурсгалын үнэт өвийг хадгалж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зүйл ангиар таван жил, Америкийн хилээр хориотой зүйл нэвтрүүлснийх нь төлөө 20 жил, хулгайлагдсан үнэт зүйл худалдсаных нь төлөө 10 жил хорих, 250 000 доллараар торгох ял төлөвлөөд байсан аж. 
Харин палентологичийн өмгөөлөгч хуулиндаа түүх дурсгалын өвөө худалдан борлуулахыг хориглосон байдаг атал Байгалийн түүхийн музейдээ үлэг гүрвэлийн яс зарж байдаг нь Монгол улсад хууль хэрэгждэггүй, баталсан хууль тогтоомжийн хувьд ч эргэлзээтэй хэмээн сануулж, тэр ч байтугай тарбозавр батаарыг Монгол руу буцаах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа ч мэдэгдээд амжсан юм. Хэдийгээр дэлхийн олон орны эрдэмтэд энэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор Монголоос өөр улсын нутаг дэвсгэрээс олддоггүйг батлаад байгаа боловч шүүхийн эцсийн шийдвэрээс батаарыг эх нутагт нь буцаах эсэх асуудал хамаарах юм. 
Гэхдээ Монголын төдийгүй дэлхийн эрдэмтэн судлаачид, эртний эдлэлийн наймаачдын чихийг сортойлгосон эл дуулиан хэд хэдэн эерэг үр дүн үзүүлээд амжсан. Музейн үзмэр, түүхийн дурсгалт зүйлсийн талаар бараг л мартаад байсан иргэд, холбогдох албан тушаалтнуудыг тархин дундуур татаад авсан дуулианы ачаар музейгээс бараг өдөр бүр алдагддаг хэний ч сонорт хүрэлгүй хийсэн замхардаг байсан мэдээлэл тухай бүртээ хэвлэлийн хуудаснаа гарч, олныг анхаарлыг мартагдаж орхигдсон салбар руу эргүүлж дөнгөсөн. 
Зөвхөн музейн үзмэрүүдийг чимээгүй алга болдог асуудал төдийгүй хадгалалт хамгаалалт, музейн байрны чанарын асуудал ч үүнтэй зэрэгцэн сөхөгдөж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан нийслэлийн 15, орон нутгийн 21 музейд шалгалт хийж, Үндэсний болон Монгол цэргийн музей л зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолоо. Ингээд МАН-д алдсан Лениний музей тэргүүтэй музейн зориулалттай хэрнээ өөр зорилгоор ашиглаж буй барилгуудыг нэхэх, шинээр музей барьж байгуулах гээд энэ салбарыг тойрсон түмэн сэдэв ар араасаа сөхөгдлөө. Бүр XXI зуун гарсаар нэг арваныг ардаа үдчихээд байхад цэвэр усны шугамд холбогдоогүй Богд хааны ордон музей, Эрдэнэ зуу музейн асуудлыг сөхөж эхлэх нь тэр.  
Тарбозаврыг эх орондоо эргэн авчрах үед хаана хадгалж хамгаалах талаар асуудал хэлцэгдэж, үлэг гүрвэлийн музейтэй болох талаар яригдаж эхэлсэн тухай ч яамны сайд нь ярилцлагадаа “Харин Тарбозавр Батаарын асуудлыг сөхөснөөр музейтэй болох тухай ч ярьж байгаа. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэгчээр үлэг гүрвэлийн араг ясыг Монголд авчрахад байр, савны асуудлыг шийдчих болов уу гэж найдаж байна” хэмээн дурдсан байх юм. 
Юутай ч ул болон мартагдаж орхисон салбарыг сануулж, үүх түүх, үнэт өвөө хайрлан хамгаалахыг анхааруулан сэрээсэн баатар нь тарбозавр батаар болж таарах нь. 

No comments:

Post a Comment