Tuesday, February 26, 2013
Зуун дамнасан шударга ёс сахиулагчид
Буун дуу гарсан зүгт мордож, гэмт хэрэгтнүүд, оргодол босогчдын араас шил даран хөөдөг эдгээр ковбойчууд бол зэрлэг өрнийн Маршалын албанынхан. Аризона, Нью Мехико, Монтана болон бусад мужуудад хамгийн эрэлхэг эрчүүд энэ албанд зүтгэж байсан гэдэг. Харин тэднийг бүр 200 гаруй жилийн өмнөөс шүүх засаглалын шударга ёсны төлөө тэмцсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Анхны конгресс 1789 онд Шүүх эрх зүйн акт баталснаар тус алба байгуулагдсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Жорж Вашингтоны тэргүүлж байсан конгресс хууль баталж байсан боловч түүнийг нь орон нутаг, бүсийн түвшинд хэрэгжүүлэх байдал хангалтгүй байж. Хуулийн хэрэгжилтийг хянах хүчний байгууллага үгүйгээс хууль тогтоомж зөрчих байдал энгийн л үзэгдэл мэт байгааг анзаарсан тэрбээр тэр даруй Шүүх эрх зайн акт батлах санаачилга гаргажээ.
Маршалын алба тэргүүтэй хэд хэдэн хууль сахиулах байгууллага байгуулснаар л иргэд, аж ахуй нэгжээс орлого болон татвар, торгууль, шимтгэл хураах асуудлыг шийдвэрлэгджээ. Мэдээж байдал эрс сайжирсан ч шийдэх асуудлууд дууссан гэвэл өрөөсгөл болно.
Тиймдээ ч Маршалын алба анх байгуулагдахдаа цөөнгүй үүрэг хүлээж байсан гэдэг. Холбооны шүүх болон конгресс, эсвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эдлэх байдлах хангахаас гадна шүүхэд зарлан дуудах болон батлан даах, баривчлах, хоригдогчдыг хянах зэрэг үүргийг тус албаны маршалууд болон тэдний туслахууд хоёр зуун жил хариуцан ажиллаж байв.
XVIII, XIX зууны үед тэдний үүрэг шүүхийн байгууллагын ажилчдын цалинг тараах, шүүх ажиллагаа болон өмгөөлөгчид, шүүх төлөөлөгчид, гэрчид зарцуулах мөнгийг хариуцах үүрэг ч давхар ногдож байсан аж. Шүүх ажиллагаа болох өрөөг түрээсэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд оролцох хүмүүсийг хөлслөх гэх мэт өнөө цагт хүний нөөц, нягтлан, няравын хариуцдаг ажлыг ч түүртэлгүй түвэггүй гүйцэтгэдэг байж. Тэдний үүрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Хоригдлуудыг хянах, шүүх төлөөлөгчид ирсэн эсэх, гэрчүүд цагтаа ирэх эсэхийг шалгах нь мөн л тэдний үүрэгт ажлын хуваарьт бичээстэй байж.
Харин өнөө цагт тэдний үүрэг шүүхийн тогтолцоог шударга, хараат бус, аюулгүй байлгахад голчилон чиглэгдэж, шүүхийн ажилтнууд болон барилгын аюулгүй байдал, шүүх ажиллагаанд холбоотой бусад асуудлын аюулгүй байдлыг хангахаас гадна хоригдогсдыг зөөх, батлан даагчдыг харгалзах, оргодлуудыг эрэн сурвалжлах ажлыг хариуцаж байна.
“Шударга ёс, үнэнч байдал, үйлчилгээ” бол тэдний уриа. Тэдний баатарлаг туульс зэрлэг өрнөдөд амнаас ам дамжин хэлцэгдэж, хожмоо дэлгэцийн урлагт мөнхөрсөн нь ч бий. Өнөө цагт эрэлхэг баатрын элдэв төрхтэйгөөр дүрслэгдэх болсон маршалууд XIX зуунд бол Зэрлэг өрнөд гэх ойлголтоос төдийлэн хэлбийхгүй байлаа.
Үнэхээр л өрнөдийн сонирхолтой түүхийг өгүүлсэн кинонд гардаг шиг тухайн үеийн маршалууд энгэртээ таван хошуу бүхий мөнгөлөг тэмдэг хатгаж, гэмт хэрэгтнүүдийн араас мөшгиж, үргэлж ялалт байгуулдаг байж. Уран сайхны бяцхан хэтрүүүлэгтэй ч энэ бол уран зөгнөл биш бодит түүхийн уран илэрхийлэл юм.
FBI буюу мөрдөх товчоо хүчээ авсан XX зуунд зэрлэг өрнө ч номхорсноос Маршалын алба харин хүндхэн байдалд орсон байдаг. Дэлхийн нэгдүгээр дайны үед тэдний онцгой эрх уламм бүр хумигдаж, иргэдийн орон гэрийг хамгаалах төдий л болж. Энэ байдал 1950 онд шүүхийн шийдвэр хэрэгжүүлэгчдийн үүргээр солигдож, 1970-аад онд Гэрчийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр тэдний үнэ цэнэ дахин нэмэгдэх нь тэр.
Өдгөө шүүх засаглалын аюулгүй, хараат бус байдлыг ханган ажилладаг тус албаныхны үүрэг есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш агаар аюулгүй байдлыг ч давхар ханган ажиллахаар нэмэгдсэн байдаг. Түүнчлэн зөвхөн зэвсэгт хамгаалалт, баривчлах ажиллагаа төдийгүй маршалын туслахууд холбоо мэдээллийн технологийн аюулгүй байдлыг ч ханган ажиллаж байна.
Алдарт таван хошуу бүхий тэмдэг нь хамгийн урт настайд тооцогддог тус албаныхан өдгөө 94 маршал болон, 3953 туслахтайгаар 94 дүүрэгт үүргээ гүйцэтгэж буй. Баялаг түүхээрээ бахархдаг Америкийн маршалын албыг дэлхий нийтээр шилдэг хэмээн хүлээн зөвшөөрч, зуун дамнасан түүхээс нь суралцан, өдгөө баримталж буй зарчим, зохион байгуулалт, бүтцийг хамгийн оновчтой нь хэмээн өөрийн орны хөрсөнд нийцүүлэн буулгах нь олонтаа.
Хамгийн нэр хүндтэй маршалын албаны маршалуудыг багаар бодоход дөрвөн жил бэлтгэж, мэргэжил эзэмшүүлэн, бакалавр зэрэгтэй болсон үед л тус албанд хүлээн авах эсэх талаар хэлцдэг бол туслахууд нь Жоржиа мужийн Глинко хот дахь Холбооны хууль сахиулагчдыг бэлтгэх төвд 17 долоо хоногийн сургалтад сууж бэлтгэгддэг аж.
Виржиния мужийн Арлингтон хотноо төвтэй тус алба дуулиант 15 оргодлын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулан Холбооны мөрдөх товчооныхноос ч дутахгүй чухал үүрэгтэй хүмүүс гэдгээ харуулж байсан бол уран зохион, телевиз, кинонд дүрслэгддэг сэтгэлд хоногшсон дүрүүд Маршалын албаныхны хийж бүтээсэн бүхэн иргэдийн амьдралд ямар чухал нөлөө үзүүлснийг баталдаг.
Луйз Мастерсоны үзэглэсэн 83 номны 15-д нь Морган Кэйн гэгч маршалын тухай өгүүлдэг бол маршал болон банк дээрэмдэгчийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх “Кареныг таньсан нь” зохиол мөн л тус албаны маршалуудыг магтан дуулдаг. Түүнчлэн 1958-1960-аад онд үзэгчдийг байлдан дагуулж байсан “Нэгдэн улсын маршал” цуврал, 1955-1961 онд дэлгэцнээ гарсан “Виарп Ийрпийн домог” гээд тоочвол арав гаруй цувралд онцгой үүрэгт албаныхны түүхийг өгүүлдэг. “Нэгдсэн улсын маршал Кахилл”, “Зэрлэг өрнө”, “Халловин II”, “Босуул” гээд олон арван дэлгэцийн бүтээлийг дурдаж болно. Массачусетсын эрэг орчмын нэгэн арал дээр алга болсон оргодлуудыг эрэн сурвалжлахаар очсон залуугийн түүхийг өгүүлэх “Хараагдсан арал” (2010 он) мөн л маршалын албаны хүнд бэрх, зовлон жаргалыг өөр нэгэн өнцгөөс үзэгчдэд тайлагнан харуулсан байна. Жүжигчин Леонардо де Каприо орчин цагийн маршалын түрхийг бүтээсэн нь тэр.
Урлаг төдийгүй видео тоглоомноо ч маршалын эр зоригийг харуулах нь бий. 2006 онд худалдаанд гарсан “Prey” болон энэ онд тоглоом сонирхогчдын гар дээр очсон “Prey 2”-т Килан Самуэлс маршалыг гол дүрээ болгон оруулсан байдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment