Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утаа, хавар бүр иргэдийн сэтгэлийг түгшээдэг шар усны үер, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд түгээмэл тохиолддог бэрхшээл болох цэвэр, бохир усны асуудал зэрэг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа бэрхшээлээс гарах гарцыг аль хэдийнэ олчихоод, түүнийгээ төсөл болгон холбогдох байгууллагуудад нь барихаар зэхэж байгаа Монгол улсын зөвлөх инженер, гавьяат барилгачин Д.Намсрай гуайтай уузлаж, ярилцлаа.
ДУЛААН АЛДАГДЛЫГ БАГАСГАСНААР УТААНЫ АСУУДЛЫГ Ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ
-Барилгын салбарт “Дулааны алдагдлыг багасгах” гэсэн нэр томъёо саяхнаас л сонсогдох боллоо. Таныг энэ талаар багагүй судалгаа хийсэн гэдэг. Дулааны алдагдлыг багасгах нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
-Дээр доргүй ярих болсон хотын утаа, эрчим хүчний зарцуулалтыг багасгах гээд олон талын ач холбогдолтой. Монголчууд эрт цагаас “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно” гэлцдэг байсан. Их учиртай үг шүү. Дулаанаа алддаг байшин, тэр ч байтугай гэрийн халаалтыг нэмэх нь эрчим хүчийг үр ашиггүй зарцуулахаас өөр ямар ч үр дүнгүй.
Гэр хорооллыг цахилгаанаар халаах асуудлыг саяхнаас хөндөх болсон. Гэтэл цахилгааны төлбөр нь 300 мянган төгрөг гарчихвал төлөх чадвартай айл хэд билээ гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Тиймээс нэн түрүүнд дулаан алдагдлыг багасгах хэрэгтэй. Дулааны алдагдалгүй дөрвөн ханатай гэрт 0.5 квт-ын халаагуур тавихад л хангалттай байдаг. Тэгэхээр нүүрс, мод түлэн гэрээ халаадаг байсан айлуудын 1/3 нь ийм маягаар цахилгаан халаагуур хэрэглэдэг болчихвол хотын утааны 1/3 нь багасна гэсэн үг.
Төрөөс энэ асуудалд төдийлэн анхаарлаа хандуулахгүй байна. Угтаа туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийн үгийг сонсож, төсөл, төлөвлөгөөндөө тусгамаар байгаа юм. Энэ олон халаалтын тоног төхөөрөмж гадаадаас экспортолж, үйлдвэрлэдэг компани байхад утааны асуудлыг шийдчихэж болмоор санагдана. Цахилгааны төлбөрийг шөнийн цагаар хямдруулах талаар дорвитой арга хэмжээ авахад л хүмүүс цахилгаан халаагуур хэрэглэх нь нэмэгдэнэ шүү дээ.
-Харин дулааны алдагдлыг багасгахын тулд ямар арга хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг вэ?
-Цонхоор 25 хувийн дулаан алдагддаг. Гэтэл монголчуудын өргөнөөр хэрэглэх болсон вакуум цонх эхний өвлийн хүйтний аяыг даахгүй тараа таниулж байна. Угаас хуванцрыг техникийн нөхцөл нь 25 хэмийн хүйтнийг тэсвэрлэх чадваргүй байдаг. Тиймээс хөлдсөн хуванцар цонхыг алхаар цохиход л бутарч унах магадлалтай. Дулааны орноос авчирч байгаа болохоор дулаан манай нөхцөлд тохиромжгүй, дулааны алдагдал ихтэй байх нь аргагүй л дээ. Түүнээс гадна ханаар ч багагүй хэмжээний дулаан алдагддаг. Бид энэ эрс тэс хүйтэнд дулаахан сууц барихын тулд тогтоосон стандартыг мөрдөх хэрэгтэй. 1964 онд 40 хэмийн хүйтэн дулаанаа хадгалах чадвартай барилгын стандартын хэмжээг тогтоож байсан. Одоо тэр стандартын дагуу баригдаж байгаа орон нууц нэг ч алга.
Түүнчлэн агааржуулах хоолойнууд бас л дулаанаа алдах нэг шалтгаан болдог. Орчин үеийн технологи ариун цэврийн өрөөний агааржуулалтын системийг бие засах үед сэнс ажиллуулдаг байхаар бүтээгдсэн байна. Энэ нь дулааны алдагдлыг багасгаж байгаа хэрэг. Хотын төвийн орон сууцнууд дулаахан өвөлждгийн нэг нууц нь энэ. Дөчин мянгатын хуучин барилгуудын агааржуулах хоолой нь ердөө таван нүхтэй байдаг.
Мөн хөрсний хөлдөлт ч бас дулаан алдагдахад нөлөөлдөг. Хөрс доош их гүн хөлддөг учир гэр шал, хаяагаараа дулаан алдах нөхцлийг бүрдүүлдэг төдийгүй байшин, барилгууд ч энэ шалтгаанаар шалаар дулаанаа алддаг. Тиймээс сууриндаа нэг метр зузаан үнс, модны зомгол гэх мэт дулаалгыг хийх шаардлагатай байдаг.
Манайхан тогтоосон хэм хэмжээ, стандартыг мөрдөх дургүй байх юм. Хамгийн ойрын жишээ гэхэд л хоёрдугаар төрөхийн эмнэлгээс ус алдсан явдал. Би энэ талаарх мэдээллийг мэдээллийн хөтөлбөрүүдээр ажиглаж суулаа. Хэн хүнгүй л буруутныг эрж, хайгаад байх шиг харагдсан. Үнэндээ дээврээс ус гоожсон нь ус алдалт биш, дээврийн стандарт мөрдөөгүйтэй холбоотой. Хүйтний улиралд дээвэрт цохисон уур хөлдөж, хуримтлагдсаар зузаан мөс болж тогтдог. Нарны элч жаахан нэмэгдмэгц гөлгөр гадаргуутай төмрөөс ховхорч, доош унадаг юм билээ. Тэгээд л тэр мөс нь хайлж, доод байшин руу нэвчсэн хэрэг. Би ийм тохиолдолтой хэд хэдэн удаа учирч байсан юм.
-Барилгын компаниуд герман, оросын сантехник байрлуулсан, хамгаалалтын домофон системтэй гэж л сурталчлахаас биш “Дулааны алдагдалгүй” гэсэн тодотгол огт хийддэггүй санагдана. Дэлхийн бусад орнуудад энэ жишиг ямар байдаг юм бол?
-Эрчим хүчний хэрэглээг багасгах, тэр хэрээр байгаль орчиндоо хор хөнөөл бага учруулах зорилгоор дэлхийн хөгжингүй орнууд барилгынхаа дулааны алдагдалд илүүтэй анхаарал хандуулдаг болсон. Бүр эн тэргүүний асуудал болж хувираад байна. Харин манай оронд энэ асуудлыг төдийлэн анхаарахгүй байгаа. Миний мэдэхээр “Тасума” компани дулааны алдагдалгүй хувийн сууц барьдаг. Гэтэл тэдний байшинг шөнөдөө халаахад өдөржин дулаанаа хадгалдаг гэхээр хэрэглэгчид огт итгэдэггүй. Монголчууд угаасаа их хашир юм. Уг нь дулааны алдагдалгүй байшин яг л тэр жишгээр халаалт бага зарцуулдаг.
-Сүүлийн хэдэн жил орон сууцанд оршин суугчид “Халаалт сайн байгаа хэрнээ хүйтэн өвөлжих боллоо” гэж гомдоллох юм. Энэ ч бас дулаан алдалттай холбоотой юу?
-Тийм ээ. Дээр миний хэлсэнчлэн хаалга, цонх, дээврээрээ дулаан алдаж байгаа болохоор хэчнээн халаагаад нэмэргүй болж байгаа юм. Тиймээс барилга, байшин барихын өмнө дулаан алдалтын асуудлыг төлөвлөх шаардлагатай байдаг.
Орос сууцны оршин суугчдын даарч байгаа бас нэгэн шалтгаан нь радиаторт байгаа. Хуучны орос радиаторууд зузаан төмөртэй учир халах нь удаан, их хэмжээний ус шаарддаг зэрэг дутагдалтай. Тиймээс ердөө л гурван үе орос радиаторт орох халуун ус нэг метр урт хавтгай радиаторыг халаадаг. Байгаль экологийн асуудлыг нэн тэргүүнд тавих болсон өнөө цагт бид энэ мэтээр эрчим хүчээ хэмнэх шаардлагатай байгаа юм. Мөн эрчим хүчний бас нэгэн үргүй зардал бо ашиггүй талбайг халаах явдал. Иргэд цөөн ам бүлтэй атал тав зургаан унтлагын өрөөтэй байшин бариулах юм. Хүний хэрэгцээ гэдэг хязгааргүй зүйл. Гэвч түүнийгээ хангах гэж ашиггүй талбай ихтэй байшин бариулахын өмнө ашиглалтын зардлаа тооцоолох хэрэгтэй. Талбай хэчнээн том байна түүнийг халаах үргүй зардал тэр хэмжээгээр гарч байна гэсэн үг.
Өнөө цаг тогтоосон стандартыг мөрддөг газар
ЦӨӨРӨМ БАЙГУУЛАН ЦӨЛЖИТИЙН ЭСРЭГ ТЭМЦЬЕ
-Аялал жуулчлалын салбар болон хувийн байшин барьж байгаа хүмүүсийн гол бэрхшээл нь цэвэр, бохир усны асуудал байдаг. Үүнийг хялбар шийдэх арга бий юү?
-Хүний биеэс гарч байгаа ялгадасны 90 хувь нь ус байдаг. Энэ шинж чанарыг нь ашиглан япончууд нэлээн хэдэн жилийн өмнөөс бохир усаа бактериар задлан, бордоо болгож, хөрсөндөө шингээх болсон. Тэд ялгадсыг нэг хэсгийг нь цэвэр ус, нөгөөг нь бордоо болгон задалдаг бактер бүхий идэвхит бодис гарган авсан байдаг. Бактерийн аргаар бохир усан дахь хаягдлыг задалдаг энэ бодисыг манайд аль хэдийнэ үйлдвэрдэг болсон тул энэ аргыг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
-Энэ арга байгальд хор хөнөөлгүй юу?
-Энэ бактер нь бохир усны хор болон үнэрийг задлах чадвартай учир байгальд ямар ч хор хөнөөлгүй.
-Бохир усаа хэрхэн задалж, хөрсөнд шингээдэг вэ?
-Задлагч бактер бүхий цөөрөм байгуулж, түүндээ бохир усаа холбоно гэсэн үг. Ингэснээр бордоо болсон хэсгийг ууршуулж, хөрсөнд шингээдэг. Би энэ аргыг туршиж, Баянбуурал тэргүүтэй хэд хэдэн газар цөөрөм барьсан. Есдүгээр сарын дундуур цөөрмийн ойролцоох газрын ногоо гандаагүй байдаг юм. Цөөрмийн ус сайн усалгаа болж, задалсан бордоо нь тэжээл өгч байгаа учраас тэр. Бүр зарим цөөрмийн ойролцоогоос малчид хадлангаа бэлдэж, газар тариалан эрхлэгчид цөөрөм бараадан тариа, ногоогоо тарих нь ч бий. Хүмүүс ялгадсаа газарт шингээж байгаа гэхээр сэжиглээд байдаг юм. Гэтэл Эрээн хот яг л энэ зарчмаар хотоо ногоон байгууламж ихтэй болгосон юм билээ. Гэхдээ тэд бохир усаа задлалгүй шууд асгасан байдаг юм билээ. Өглөөгүүр дасгал хийхээр “тэнэж“ хамар цоргисон эхүүн үнэр үнэртээд байхаар нь тэр зүгт очиж сонирхтол тэд бохир усаа “бордоо” болгосон байсан. Монголчууд Эрээнийг Замын-Үүдээс хэдхэн км-ын зайтай атал ногоон байгууламж ихтэй гэж шагшдаг. Тиймээс яагаад япончуудын аргыг хэрэгжүүлж, нүүр нүдгүй элсээр шуурсан Замын-Үүдийг ногоон хот болгож болохгүй гэж. Энэ аргаар цөлжилтийн асуудлыг ч шийдэх боломжтой.
Түүгээр барахгүй яг л энэ зарчмаар жалга, судгийг далан болгож шар усны үер, цөлжилт, бэлчээрийн хомсдол зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломжтой. Уулархаг нутагтай болохоор Монголын сүм бүрт жалга байдаг. Энэ жалгыг ашиглан далан барьж, шар усны үер, борооны усыг тогтоож болно. Тэгснээр үерийн аюулаас сэргийлээд зогсохгүй, ойр орчны хөрсийг услах, ногооны гарцыг нэмэгдүүлнэ. Далан барихад ч төдийлэн зардал орохгүй. Элс шуудайлан өрж далан босгоод, түүнийг чулуугаар доторлоод л болох нь тэр. Хүүхэд багачуудаар л хийлгэчих ажил байгаа биз.
No comments:
Post a Comment