Wednesday, August 18, 2010
Хамгийн эртний үүлдэр Хаски
Хөгжил, хувьслаа дагаад залуусын амьдралын хэмнэлд олон арван өөрчлөлт гарч. Орчин үеийн залуус эдэлж хэрэглэж байгаа зүйлсээрээ төдийгүй, тэжээж буй нохойн үүлдэрээр моодорхох болсон. Саяхан л немц овчарк, англи бульдог тэжээх гэж дурладаг байсан моод аль хэдийнэ ард хоцорч. Сибирийн Хаски, Аляскын Маламут тэдний харааг булаах болжээ.
Нэр: Сибирийн Хаски, Чукча
Хоч: Хаски
Нутаг: ОХУ, Сибирь
Биеийн жин Эр 20–27 кг
Эм 16–23 кг
Биеийн өндөр Эр 53–60 см
Эм 51–56 см
Дундаж наслалт 12–19 жил
Саяхны нэгэн ДНХ-ын судалгаа Сибирийн Хаскиг нохойн хамгийн эртний үүлдэрүүдийн нэг гэдгийг тогтоосон. Түүнчлэн Хаскиг чарганд хөллүүлж хүн төрөлхтөнтэй анх танилцсан нохойн үр удам хэмээн эрдэмтэд баталдаг. “Husky” гэдэг үгийг толь бичгээс харвал биерхүү, булиа гэсэн утгатай ч, Сибириэс гаралтай чарганы нохойн нэр “Эскимо” гэх үг сунжирсаар Хаски болсон гэнэ.
Гарал үүсэл:
Сибирь дэх чукча нарын чарганы нохойг дэлхий дахинд алдаршлах боломжийг АНУ-ын Тэнгисийн флотын адмирал олгосон гэдэг. Тэрбээр умард туйлаар аялж явахдаа Хаскиг “олж”, Аялскад авчирсан гэдэг. Гэхдээ өнөөг хүртэл нохой сонирхогчдын анхаарлыг татах нэр хүндээ Хаски өөрөө олсон байдаг. Жил бүр Аляскад болдог нохойн чарганы уралдаанд хаски үүлдэрийн ноход 657 км зам туулж, уралдааны хамгийн жижиг биетэй атал хурдан оролцогч гэдгээ харуулжээ.
Түүнчлэн 1925 онд Аляскад гарсан тахлын үеэр Хаски хүний үнэнч анд гэдгээ баталсан гэдэг. Ганнар Касен нэртэй эл үүлдрийн нохой тус оны хоёрдугаар сарын 3-нд 600 км зас туулж, анхны эм тариаг иргэдэд хүргэв.
Ерөнхий байдал:
Эл үүлдрийн нохдын бие дундаж хэмжээтэй ч тэсвэр тэвчээр, хүч чадлаараа гайхагддаг. Гавлынхаа урттай тэнцүү хошуу, нүдний өнгө, хамар болон арьсны өнгөний зохицлоор нь цэвэр цустэй эсэхийг нь таньж болдог. Хар саарал, үнсэн саарал, хар өнгөтэй Хаскигийн хамар нь хар, өнгөтэй байдаг бол улаан хүрэн, цагаан өнгөтэй бол хамар нь элгэн хүрэн өнгөтэй байдаг. Зуувин хэлбэрийн дунд зэргийн хэмжээтэй нүд нь цэнхэр, бор, цэгээн шар зэрэг янз бүрийн өнгө хосолсон байхаас гадна заримдаа цэнхэр, бор хосолсон, ховор тохиолдол нэг нь хөх нөгөө нь бор байх нь бий.
Чих нь босоо, гурвалжин хэлбэртэй, толгойныхоо дээд тал руу байрласан байдаг. Шүд нь хайчилсан зуулттай, сүүл нь цагираглан нуруун дээрээ байна. Гэхдээ үүнийг догдолсон үедээ сүүлээ босгодог нохойн авир гэж ойлгож болохгүй. Тэсгим хүйтэнд ч хөлийг нь дулаан байлгаж, мөсөн дээр хальтирч, гулсахгүй явдаг нь сарвуу хоорондоо үстэй, өргөн тавхайнх нь ач. Үс нь өргөн, дундаж урттай тул -50-60 хэмийн хүйтнийг давах чадвартай.
Зан төрх:
Эелдэг зөөлөн атлаа эрх, гэр бүлсэг, хэрсүү гээд эл үүлдэрийн нохойн зан төрх хүмүүст их таалагддаг. Тэд дэггүй хэрнээ дуулгавартай тайван. Хүүхдэд ээлтэй, танихгүй хүнд ч нөхөрсөг ханддаг тул хамгаалалтын албанд төдийлэн тохирдоггүй. Залуус дотнын андаа болгон сонгодог нь ч үүнтэй холбоотой.
Түүнчлэн аливааг сурахдаа хурдан, ухаалаг зан нь немц овчарктай өрсөлдөх гол хүчин зүйл болдог. Гэхдээ хэрэв та Хаскигаа сургахаар шийдсэн бол чанга, хатуу ширүүн зантай гэдгээ сайтар ойлгуулах хэрэгтэй. Хаски хэт халуун уур амьсгалтай биш л бол хамтдаа алхах, гүйх дасгалийг маш сайн хийдэг. Амархан ганцаардаж уйтгарладаг тул удаан хугацаагаар ганцааранг нь орхихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хэрэв та тэднийг хэдэн хоногоор орхичихсон бол эргээд ирэхэд гэр тань гахайн хороо шиг л болсон байх вий. Ганцаардаж, хангалттай дасгал сургуулилт хийгээгүй Хаски жинхэнэ сүйтгэгч болж хувирдаг муу талтай.
Сибирийн Хаски бол бүхий л зүрх сэтгэлээрээ чарганы нохой гэдгийг санаж байх хэрэгтэй. Тэд гэрийн бусад тэжээмэл амьтадтай гайхалтай зохицож чаддаг. Тэр тусмаа бага наснаасаа цуг өссөн бол.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment