Monday, August 30, 2010

J.Lo: Охин маань хүн л юм болохоор алдаж энднэ, яг л над шиг


Шоу бизнесийн ертөнцийн алдартнуудын зовлонг үл ажран, олны хэл ам, папараццичдын дуранг эс тоож, өнөөг хэр охидын атаархлыг төрүүлэм амьдарч чадаж байгаа цөөн бүсгүйчүүдийн нэг нь Жэннифер Лопез. Тиймдээ ч түүний амьдрал дуулиан шуугиан багатай хэрнээ үргэлж анхаарлын төвд байдаг биз. “Glamour” сэтгүүлийн хамт олон түүнийг шинэ дугаарынхаа зочноор урьж, гэрлэлт, гэрийн эзэгтэй Лопезийн амьдралын тухай сонирхолтой яриа өрнүүлснийг “Ням гариг” уншигчдадаа хүргэе.

Олон жилийн өмнө урлагийн ертөнцөд хөл тавьж байхдаа тэр “I’m feeling so good/I knew that I would/Been taking care of myself/Like I should.” хэмээн ирээдүйн амьдралаа мөрөөдөн дуулж байсан нь гарцаагүй. Харин одоо хүсэл мөрөөдөлдөө хэдийнэ хүрчихсэн хатагтай Лопез өмнө минь зогсож байна. Намайг тэр Нью-Йорк хотын зах дахь байшингийнхаа гадаа хүлээж байсан юм. “Pucci”-гийн даашинз өмсөж, нүүрээ будаж гоёогүй J.Lo-г өмнө нь харж байгаагүйсэн бол дуучин, жүжигчин, бизнесийн хөрөнгөтөн гэж хэлэхээргүй байлаа.
Тэр шинэ цомгоо “Хайр мөн үү?” гэж нэрлэх бодолтой байгаа гэсэн. Гэхдээ бодит амьдралд тэр энэ асуултын хариуг хэдийнэ олчихсон. Өдгөө 41 настай тэрбээр эдгээр өдрүүдэд дуучин Марк Энтонитэй гэрлэсний зургаан жилийн ойгоо тэмдэглэж буй. Түүгээр барахгүй уран бүтээлч хос Эмми, Макс гэх хөөрхөн ихрүүдийн ээж, аав болж нэг хэсэгтээ шар хэвлэлүүдийн анхаарлыг татаж байсныг та санаж байгаа биз. Хэдийгээр тэр гэрийн эзэгтэй болсон ч ажлаа бүр мөсөн хаячихаагүй гэдгээ энэ жилийн “MTV Movie Awards” шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Том Крузтай хамт бүжиглэхдээ баталсан.
Би түүнтэй гурван жилийн өмнө уулзаж ярилцаж байсан юм. Байшингийнхаа гадна усан сан бариулахаар зэхэж, хүүхэдтэй болох тухай бодол Жэнниферт дөнгөж төрж байсан үе улиран одож, өнөөдөр тэдний усан сан ашиглалтад орчихсон, үеэлүүд нь түүнтэй хамт усанд сэлж, хөгжилдөхөөр хүлээн, харин J.Lo хэдийнэ ээж болчихож. Усан сан руу үсрэхийн өмнө тэр өнгөрүүлсөн амьдралынхаа дурсамжыг сонирхуулж, шинэ амьдралынхаа жаргал зовлонг хуучлахаар надтай хамт хэсэг суусан юм.

-Энгийн амьдралын чинь энэ төрхийг дурандаа буулгасан зурагчин олон бий юү?
-Би амьдралаа багахан уран зөгнөлөөр хачирлах дуртай хүмүүсийн нэг. Гэртээ ч би энэ хүслээ хэрэгжүүлдэг. Хэрэв та намайг үсээ засуулж, нүүрээ будуулахаас нааш зураг авахыг зөвшөөрдөггүй нэгэн үү гэж асууж байгаа бол би “Үгүй” гэж хариулна. Зураг авахуулахын тулд надад сайхан даашинз л хангалттай.
-Танай гэрийн дотоод засал Хятад хэв маягтай юм. Энэ таны сонголт уу?
-Марк Хятад уламжлал, хэв маягт их дуртай. Заримдаа бүр “Би зүрх сэтгэлдээ хятад хүн байх” гэдэг юм.
-Та хоёрын хэн хэн нь хоол хийх дуртай гэдэг. Энэ үнэн үү?
-Хааяа нэг цацагт хяруулын мах шарж өгдөгийг нь эс тооцвол Марк хоол хийдэггүй. Багадаа голчлон будаа, шош, мах, заримдаа л итали-америк хоол иддэг байсан болохоор би Пуэрто Рико хоолонд дуртай. Миний амьдралын цөөнгүй цаг гал тогооны өрөөнд өнгөрөх учиртай гэдгийг би сайн мэднэ. Түүндээ ч дуртай. Харамсалтай нь бидний хэн хэнд нь хоол хийгээд зогсох цаг тэр бүр гардаггүй. Бидний амьдрал яг л цыган хүмүүсийнх шиг хөвөрдөг.
-Хүмүүс Таныг сайн хүн гэж дүгнэдгийг би мэднэ. Харин тэд Маркийг хэр сайн мэддэг гэж боддог вэ?
-Тэр зөвхөн ажилдаа л анхаарлаа төвлөрүүлж, гадуур тэр бүр явдаггүй болохоор хүмүүст түүнийг таньж, мэдэх боломж олддоггүй биз.
-Тэр таныг улам нууцлаг болгосон уу, эсвэл Та түүнийг илэн далангуй, нээлттэй болгож өөрчилсөн юм болов уу?
-Магадгүй таны хэлсэн үйл явц хоёул болсон байх. Гэр бүлийн хоёр бие биенийхээ сайн зан чанараас суралцаж, нэгэн цул болох ёстой гэж би боддог. Марк надад хувийн гэсэн бүхнээ хэрхэн нууцалж, амьдралаа хэрхэн тогтвортой байлгах талаар суралцахад тусалсан.
-Энэ жил нийгмийн амьдралд эргэн ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ эх хүн болсноор энд тэндгүй тэнэж явдаг амьдралаас хөндийрч, суурин байдалтай болсон минь надад таалагдсан шүү. Түүнээс гадна хувийн амьдрал маань ажилд нөлөөлж, одоо би огт өөр өнцгөөс уран бүтээлээ туурвиж, урьдынхаас хувь илүү эрч хүчтэйгээр ажилдаа ханцуй шамлана.
-Гэртээ хоёр жил суухдаа дараагийн ажлаа төлөвлөж байв уу?
-Төлөвлөөгүй ээ. Угтаа би хүүхдүүдээ төрүүлмэгцээ л ажилдаа эргэн орно гэж боддог байлаа. Харин амьдралын минь утга учир болсон тэр жаахан амьтадыг хармагц бодол эрч өөрчлөгддөг юм билээ. Одоо ч гэсэн тэднийгээ өглөө орхиод гарахад их хэцүү байдаг. Тамлал шиг санагдах үе ч бий. Гэрээс гармагцаа л би өөрийн эрхгүй “Хүүхдүүд минь намайг санаж байгаа болов уу? Би тэдэндээ ямар их хайртай, үргэлж тэднийхээ тухай боддогийг минь мэддэг болов уу” гэсэн бодолд автчихдаг. Тэр бодол намайг хэдэн цагаар ээрдэг шүү.
-Марк Таны төсөөлж байсан шиг сайн аав байж чадаж байна уу?
-Тэр их дэврүүн, хөөрүү хүн. Зарим үед бүр хүүхдүүдээсээ ч ялгардаггүй юм. Гэхдээ тэр байдал нь намайг бүр ч их татдаг.
-Харин та хэр хатуу эзэгтэй вэ?
-Хүн бүр тогтсон цагт унтаж, хооллох ёстой гээд л цагийн хуваарийн дагуу ажиллаж, амарч, нарийн зохион байгуулалттай байж амжилтад хүрнэ гэсэн бодолтой, хатуу зарчим баримталдаг хүмүүсийн нэг нь би. Гэхдээ хэнийг ч “Одоо студи руу яв. Өдрийн хоолны цаг болчихлоо, наашаа суу“ гэж захиргааддаггүй.
-Төрснийхөө дараа бүсгүйчүүд биеийн галбиртаа их санаа зовдог. Харин та энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Би хүүхдүүдээ зургаан сар хүрмэгц нь триатлоноор хичээллэж эхэлсэн. Үүнийгээ амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг болсон гэж дүгнэдэг юм. Магадгүй би хэт дэврүүн сэтгэлээр хандсан ч байж болох юм. Юутай ч бүхнийг бүтээнэ гэсэн зориг байсан учир төрснөөсөө хэдхэн сарын дараа хэвийн хэмжээндээ буцаж орно гэсэн итгэлтэй байлаа. Зүрх сэтгэл минь омголон хэвээр байгаагийн илрэл нь тэр биз. Гэхдээ зургаан долоо хоногийн дотор турж, гоолиг болно гэдэг бүтэшгүй зүйл юм билээ. Түүнийг биеэрээ мэдэрсэн. Хоёр жил өнгөрчихөж. Одоо л би төрөхийн өмнөх хэмжээндээ очиж байна.
-Цаашдаа триатлоноор үргэлжлүүлэн хичээллэх бодол бий юү?
-Сэлэлтээрээ дагная гэж бодож байна. Учир нь далайн усанд сэлэх нь надад биеийн галбираа хадгалахад төдийгүй амьдралын олон үнэнийг ойлгоход тусалсан. Далайд сэлнэ гэдэг амаргүй. Эхэндээ их айдаг байлаа. Далай усан сантай адилгүй. Араншинг нь тааварлахын аргагүй. Удалгүй ямар гайхалтай болохыг нь мэдэрсэн.
-Триатлон амьдралд тань хэрхэн нөлөөлсөн юм бэ?
-Триатлоны ачаар би өөртөө итгэлтэй байвал хүн юуг ч хийж чаддаг гэдгийг ойлгосон. Гол нь огт эргэлзэж болохгүй. Эргэлзээ бол алуурчин л гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө хэн гэдгийг, юуны төлөө энэ бүхнийг хийж байгаагаа ухамсарлах хэрэгтэй.
-Гэхдээ хэрхэн огт эргэлзэхгүй байна гэж… Ямар ч хэцүү нөхцөлд та энэ зарчмаа баримталж чаддаг уу?
-Эргэлзээ гэдэг зүйлийг би саяхнаас ч мэддэг болсон шүү дээ. Өмнө нь юу ч бодох сөхөөгүй ажилладаг байж. Хожим нь аливаа асуудалд эргэлздэг, сэтгэл зовнидог, тунгаан боддог болсон. Эцэст нь намайг үзэн яддаг хүмүүс элдэв яриа гаргавал түүнийг нь наргиа болгоод л өнгөрөөх нь зүйтэй юм гэдгийг ойлгодог болсон. Хүн бүрт л иймэрхүү асуудал гардаг шүү дээ. Харин энэ үед эргэлзэж, өөртөө гутрах биш харин ч эсрэгээр илүү итгэлтэй болох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй байдал таны намаг балчигт шигдэх гол хүчин зүйл болдог гэдгийг байнга сана. Өөрөөс тань өөр ч энэ итгэлийг танд өгөхгүй тул алдахаас эмээх ёстой. Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим. Та гайхалтай зөвлөгч, хамтрагч, хань байж чадна. Гол нь ийм байж чадна гэдэгтээ л итгэх хэрэгтэй. Эс бөгөөс эцэст нь бүх зүйл танд утгагүй мэт санагдах вий.
-Эхчүүд үргэлж л хүүхдийнхээ үлгэр дуурайл болдог. Та Макст хайрын тухай, эмэгтэйчүүдийн хэрхэн хүндлэх тухай юу гэж сургах бодолтой байна вэ?
-Би энэ тухай их боддог юм. Би хүүдээ ямар ч эмэгтэйг гайхалтай хүн хэмээн хүндэтгэж байгаарай л гэж сургах байх даа.
-Харин Эммид хайрын талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Би найз бүсгүйчүүдтэйгээ энэ талаар их ярилцдаг. Нэг л өдөр охин минь 19 нас хүрч, “Би гэрлэхийг хүсэж байна” гэвэл яах билээ. Насанд хүрсэн бид үүнийг зөв шийдвэр биш гэдгийг сайн мэднэ. Гэхдээ Эмми маань хүн л юм болохоор алдаж энднэ, яг л над шиг. Би ч бас арван хэдтэй охин байхдаа ээжийгээ багагүй зовоож байсан. Охин минь ч бас тэр насыг дайрах болохоор одооноос л тийм асуудал тохиолдвол яаж хандах, хэрхэн шийдвэрлэхээ бодож л сууна.
-“Өнгөрсөн амьдрал минь бусдын нүднээс далд өнгөрсөн ч болоосой” гэх бодол төрдөг үү?
-Олны анхаарлын төвд байж, хувийн амьдрал минь алган дээр дэлгэчихсэн юм шиг ил өнгөрсөнд би хэзээ ч харамсаж байгаагүй. Надад алдаж онох, өгсөж уруудах үе байсан. Бурхны авралаар “Тийм зүйл тохиолдоогүй ч байсан болоосой” гэж харуусахаар хүнд бэрхшээл надад тулгарч байсангүй. Мэдээж эргээд бодоход санаа алдмаар таагүй дурсамж үлдсэн. Гэхдээ Макс Эмми хоёрынхоо өмнө гэмшихээр алдаа гаргаагүй гэж бодож байна.
-Та шинэ цомог “Хайр мөн үү?” нэртэй гэсэн байх аа. Яагаад заавал асуух өгүүлбэрээр нэрлэсэн юм бэ?
-Миний хувьд хайр гэдэг бүрэн төгс хариулт хэзээ ч олддоггүй сэдэв. Араасаа олон зуун магадгүй олон мянган асуудал, бэрхшээл дагуулж, гуниг, зовлон дагуулдаг атлаа аз жаргал, баяр баясгалан хайрладаг болохоор тэр байх. Өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагаас би энэ бүхнийг мэдэж авсан. Гэхдээ өнөө хэр хайр дурлал гэх энэ хачирхалтай зүйлийг судалж, суралцсаар л байна.

No comments:

Post a Comment