Monday, August 30, 2010

Ким Кардашиан: Би водканд дуртай. Өөр төрлийн архи уудаггүй


Усны хувцастай зураг нь цахим хуудасны нүүр чимж, болзоо, хөл хүнд болсон гээд Кардашианы эгч дүүсийн алхам гишгэм бүр олны анхаарлыг татдаг. Америкчууд тэднийг цуу ярианы баатрууд, хов живэнд холбогдсоноороо дээд амжилт тогтоочид хэмээн хошигнох нь ч бий. Энэ сарын 22-ноос олноос онцгойрдог эгч дүүс, ээж, аавынхаа хамт тоглосон “Keeping up with the Kardashians” реалити нэвтрүүлгийн тав дахь цуврал цацагдаж эхэлж байгаатай холбогдуулан Ларри Кинг тэднийг нэвтрүүлэгтээ урьжээ. -Гэр бүлээрээ реалити нэвтрүүлэг хийх санаа анх хэрхэн төрсөн юм бэ? Крис Женнер (Кардашианы эгч дүүсийн ээж, шоу нэвтрүүлгээр олонд танигдсан): Гэр бүлийнхнийгээ оролцуулсан нэвтрүүлэг хийх санаа гэнэтхэн төрсөн юм. Энэ тухайгаа хэлтэл Райн (хөтлөгч, нэвтрүүлгийн продюссер) миний саналыг ихэд дэмжиж, хамтран ажиллахаар болсон. Тэр даруй л бид зураг авалтаа эхлүүлж, эхний цуврал 30 хоногийн дотор бүтэж байсан. Тэр бүхэн саяхан болсон юм шиг л тод санагдаж байна. Хэдийгээр богино хугацаанд хийсэн боловч бидэнд төдийлэн амар байгаагүй. Би Райнтай ярилцаж тохирсон даруйдаа л гэртээ харьж, “Бүгдээрээ өөрсдийн гэсэн реалити шоутай болох нь” гэж зарлаж билээ. Манай охидоос өөр хүн байсан бол “Би нэвтрүүлгийн ажилд чинь оролцохгүй шүү” гэж хэлж мэдэх л байсан. Харин тэд минь бүгдээрээ их баяртай хүлээж авсан. Куртни л бага зэрэг эргэлзэж байсан гэсэн.
-Куртни, Камерын өмнө амьдарна гэдэг таны хувьд шинэ зүйл биш байсан биз дээ. Тэр үед яагаад эргэлзсэн юм бэ? Куртни Кардашиан (Шоу нэвтрүүлгээр олонд танигдсан): Тийм ээ. Үүнээс өмнө бид хэд хэдэн реалити шоунд оролцчихоод байсан. Гэр бүлийнхээ нэвтрүүлгийн тухай сонсчихоод яг ямар учиртайг нь мэдээгүй болохоор эргэлзсэн хэрэг. Өмнө нь реалити нэвтрүүлэгт оролцож байхдаа өдөр бүр гэртээ харихсан гэж бодож, хожим нь бичлэгээ үзээд “Би хэдийдээ ийм үг хэлчихсэн юм бэ” хэмээн харуусдаг байлаа. Тэр бүхэн надад багагүй сургамж өгсөн тул дахин реалити шоунд оролцохгүй гэж бодох болсон.
-Таны тухай элдэв мэдээ хэвлэлд нийтлэгддэг ч болзож байгаа залуугийн тань тухай мэдээлэл олны гайхширлыг барж байх шиг байна. Ким Кардашиан (жүжигчин, загвар өмсөгч): Хэвлэлийнхний ингэж аашилж байгаа нь яг галзуу хүн шиг санагдах юм. Өөрийн блогтоо танилтайгаа уулзсан тухайгаа бичиж, эсвэл хэн нэгэнтэй хамт оройн хоол идэн, тааралдахдаа мэндийг нь асуугаад өнгөрсөн төдийд дотно харилцаатай гэж ойлгож болохгүй биз дээ. Би хүн бүртэй найрсаг харилцаж, надад хамааралтай хэнийг ч хайрлахыг хичээдэг. Тэр ч байтугай бүхий л шүтэн бишрэгчидтэйгээ ч холбоотой байдаг.
-Танай нэвтрүүлгийг үзэж суухад бусдаас их өөр эрчим хүч мэдрэгддэг. Энэ нь та бүхний жүжиглэх чадвартай холбоотой юу? Ким Кардашиан: Үгүй дээ.
Крис Женнер: Би охинтойгоо санал нэг байна.
Ким Кардашиан: Анхнаасаа л бид энэ нэвтрүүлгийг хийхийг хүссэн. Тэгэхдээ бүр бодит амьдралыг тэр чигт нь хальсанд буулгахыг зорьсон. Энэ зорилгодоо хүрсэн болохоор л нэвтрүүлэг маань амжилт олсон гэж бодогддог.
-Реалити нэвтрүүлгүүдийг хараад байхад оролцогчид нь дандаа л хоорондоо тэмцэлдэж, муудалцаж байдаг. Хайрын тухай яриа ч өрнөдөггүй гэхэд хилсдэхгүй. Харин та нэвтрүүлгээс хайр дээр суурилсан хэмээн онцолсон байдаг. Крис Женнер: Тийм шүү. Манай гэр бүлийнхэн их хурц араншинтай. Бид Куртнигийн машинаар танай нэвтрүүлгийн байранд ирсэн юм. Гэрээс гарах гэж намайг мунгинаж байхад Куртни аль хэдийнэ машиндаа суучихсан байсан.
-Брюс та тэдэнтэй хамт явсан уу? Брюс Женнер (Хөнгөн атлетикийн тамирчин, Кардашианы эгч дүүсийн хойт эцэг): Үгүй.
Крис Женнер: Хамт яваач гэж урьсан ч тэр суухгүй байсан.
Брюс Женнер: Би өөрийнхөө машинаар ирсэн. Машингүй байсан ч тэдэнтэй хамт явахгүй байсан байх.
Крис Женнер: Бид эрс тэс араншинтай хүмүүс байгаа биз.
Брюс Женнер: Биднээс нэвтрүүлгийн талаар асууж байна. Бид ердөө л нэгэн гэр бүлийн амьдралыг л харуулах гэсэн юм. Гэхдээ тэнд ямар нэгэн жүжиглэлт, зохиомж байхгүй. Бидний байгаа байдлыг тэр чигт нь дэлгэцнээ гаргаж байгаа юм.
Ким Кардашиан: Бид бие биедээ хайртай, их дотно гэр бүл. Нэвтрүүлэг биднийг улам ч ойр дотно болгосон шиг санагддаг. Өөрсдийгөө тольдох боломж олгож, ямар үед маргалдаж, ямар үед гэр бүлийнхээ бусад гишүүдийг ойлгож, дэмжиж туслах ёстой вэ гэдгийг бид нэвтрүүлгээ үзээд ухаардаг. Түүнчлэн үйлдэл бүхэн камерын хальсанд бичигдэж байгаа тул бүгд л биеэ барьж асуудлыг аль болох эв зүйгээр шийдэх гэж хичээдэг болсон. Бидэн шиг хурц араншинтай хүмүүст энэ хамгийн сайн эмчилгээ болно.
Куртни Кардашиан: Бас бидэнд хуучны сайхан цагаа дурсах боломж олгодог гээд энэ нэвтрүүлэг бидэнд олон сайхан зүйлийг бэлэглэсэн.
-Куртни та Кардашианыэгч дүүсээс хамгийн буурь суурьтай нь байх аа? Куртни Кардашиан: Би хэлж мэдэхгүй байна.
Крис Женнер: Тийм шүү. Куртни маань их намбалаг бүсгүй.
Ким Кардашиан: Би санал нэг байна.
-Бас хамгийн ууртай нь мөн үү? Ким Кардашиан: Мөн.
Куртни Кардашиан: Үгүй дээ, харин ч хэр барагтай уурладаггүй шүү.
-Та яагаад өөрийгөө тайван гэж боддог юм бэ? Ким Кардашиан: Түүний тайван гэдэг нь үнэн шүү. Гагцхүү…
Крис Женнер: Тэвчээргүй.
Ким Кардашиан: Тийм ээ. Тэр тун тэвчээр муутай. Гэхдээ тайван. Клое энд ирсэн бол надтай нэгдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэдийгээр тэр тэсвэр муутай ч гэсэн мэдрэмж сайтай, уян зөөлөн хүн.
-Тэр ээж болсноосоо хойш өөрчлөгдсөн үү? Крис Женнер: Өөрчлөгдсөн. Охин минь илүү уян зөөлөн болсон.
-Ийм хурц араншинтай охидтой та хэрхэн ойлголцдог байсан юм бэ, Брюс? Брюс Женнер: Куртнитэй ойлгоцоход л их хэцүү байсан. Нэг өглөө…
Куртни Кардашиан: Та арай гар дээрх сорвио харуулах гэж байгаа юм биш биз?
Крис Женнер: Надад ч бас тийм сорви бий.
Ким Кардашиан: Брюсийн гар дээрх сорви Куртнигийн хумсных юм уу?
Брюс Женнер: Тийм ээ.
Куртни Кардашиан: Ээж миний гарыг тэгж атгадаг байсан юм.
Ким Кардашиан: Чи тэгээд гарыг нь ямар болгож орхисноо харсан уу?
Куртни Кардашиан: Би гарыг нь тавиулах гэж л маажсан. Хэн ч байсан тэгэх л байсан биз дээ.
Брюс Женнер: Үгүй дээ. Охидыг гаргаж өгөхөөр үүдний өрөөнд очоод “Сайхан амрав уу, Куртни” гэж асуутал “Надтай ингэж харилцаж байгаа чинь таалагдахгүй байна” гэж билээ. Тэр явдал санаанаас ер гардаггүй юм.
Ким Кардашиан: Гэр бүлд маань гэнэт л нэг танихгүй эр ороод ирсэн болохоор бид цочирдсон л доо. Ээж аав маань салаад удаагүй байсан учир бид тэр өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй байлаа. Хүүхэд бүр л тэгдэг шүү дээ.
Брюс Женнер: Гэхдээ Куртни томрох тусам надад дасаж, намайг хайрлах болсон.
Куртни Кардашиан: Энэ араншингаасаа болоод хүн бүхний дургүйцлийг төрүүлж байсан учир ахлах сургуульд байхдаа би төрсөн аавынх руугаа нүүсэн.
-Тийм зүйл болсон юм уу. Би ер дуулаагүй юм байна. Куртни Кардашиан: Тийм ээ. Ахлах сургуульдаа байхдаа би аавтай хамт амьдардаг байлаа. Ким ч бас хэсэг хугацаанд бидэнтэй хамт байсан.
Ким Кардашиан: Куртни бид хоёр их дотно, эгч дүүс гэхээсээ илүүтэй найзууд шиг л өссөн. Дэндүү дотно байсан болохоор түүнийг аавынх руу нүүж явахад нь би араас нь очсон юм.
-Тэр үед танд ямар санагддаг байсан бэ? Ким Кардашиан: Гэхдээ энэ явдал…
Крис Женнер: Тэр үед манай гэр бүл хоёр ч шинэ гишүүнтэй болчихсон байсан юм. Тиймээс өрөө хэрэг болсон гэх өөр шалтгаан бий. Гэхдээ охид маань байнга л гэрээрээ ирдэг байсан.
-Зарим үед нэвтрүүлэг чинь эмчилгээ болдог гэсэн. Хамгийн сургамжтай бичлэгийг хэдийд хийсэн бэ? Куртни Кардашиан: Миний хувьд Маяами дахь зураг авалт. Хүүгээсээ хол хэдэн долоо хоног болж, сэтгэл хямарчихсан байсан ч би аль болох тайван байхыг хичээж байлаа. Үйлдэл бүр минь хальсанд бичигдэж байгаа болохоор тэр. Тэр үед л их зүйлийг ойлгож, сурсан даа.
-Хүү тань хэнтэй адилхан бэ? Ким Кардашиан: Куртнигийн хүү манай аавтай их адилхан.
-Ээж болсо болохоор согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж байна уу? Куртни Кардашиан: Би хүүгээ хөхүүлж байгаа болохоор одоо согтууруулах ундаанаас эрс татгалздаг болсон.
-Ким, таныг ч бас энэ төрлийн хэрэглээнээс татгалзах болсон гэж сонссон. Ким Кардашиан: Тийм ээ. Гэхдээ би архинд тэгж их дурладаггүй байсан шүү дээ. Би 30 нас хүртлээ хэрэгцээ гарсан тохиолдолд ганц хундагыг л ууна гэж өөртөө амласан байсан. энэ жил би 30 нас хүрч байгаа. Тэр амлалтаа биелүүлсэн гэж бодож байна. Өдийг хүртэл би ганц хундага орос архинаас хэтрүүлж байгаагүй. Ядарсан үед орос архи уугаад хэвтэхэд сайхан амардаг.
Куртни Кардашиан: Хэрэв бид Мексикт байсан бол бидний хэрэглээг сонсоод архи уух биш амссан төдий л гэж дүгнэх байсан.
Ким Кардашиан: Би водканд дуртай. Түүнээс өөр төрлийн архи уудаггүй.
-Та яагаад орос архинд дурладаг юм бэ? Ким Кардашиан: Цэвэр спиртийн найрлагатай нь зөвхөн Водка болохоор тэр.
-Та бас шокладанд дуртай байх аа? Ким Кардашиан: Ташаа ойлголт байх аа даа. Би бүх төрлийн чихрэнд дуртай.
Куртни Кардашиан: Харин би “Oreo”-д дуртай.
-Амьдарлынхаа ихэнх цагийг болзоонд зориулах ямар санагддаг вэ? Ким Кардашиан: Хачирхалтай сонсогдож магадгүй ч болзоо надад тун хэцүү зүйл юм шиг санагддаг. Би хайр дурлалынхаа эцсийг нь харах тавилангүй хүн шиг байгаа юм. Хэн нэгэнтэй танилцаж, болзоод л, хайрлаж дурлах сайхан л даа. Гэхдээ амьдрал бололгүй салчихаад байдаг нь харамсалтай. Гэхдээ бүх зүйлд учир шалтгаан байдаг гэдэгт би итгэдэг. Одоогоор хайр сэтгэлээс илүүтэй ажилдаа анхаарал хандуулах шаардлагатай байна.

No comments:

Post a Comment