Tuesday, August 31, 2010

“Татар” мотороо асаалаа

Тэд өөрсдийгөө ингэж тодорхойлсон. Гурван жилийн турш нам гүм байсан “Татар” хамтлагийнхан хоёр ч клип гарган сонсогдодоо бэлэг барьж, рок попын ертөнцөд эргэж ирснээ мэдэгдлээ. Харин энэ удаад хамаг хүчээ дайчлан ажиллахаа ийн зүйрлэж байгаа аж.

Д.Батзаяа: Өөрсдийгөө “дарж тоглодог” байлаа. Харин одоо чаддаг бүхнээ харуулна

-“Татар” эргэн нэгдэх нь гэсэн мэдээлэл өнгөрсөн зургадугаар сард хэвлэлүүдээр гарч, хип хоп сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсээд байсан. Харин та гурав хэдийд нэгдэх шийдвэр гаргасан юм бэ?
Ч.Жаргалсайхан: Үнэндээ “Татар” хамтлаг тараагүй. Бидний ээлжит амралт байсан гэж ойлгож болно. Энэ удаад харин нэлээд урт амарсан байх. Тэр хугацаанд дор бүрнээ л өөрсдийн ажлаа амжууллаа.
Уран бүтээлийн ажилдаа эргэн орох шийдвэрийг 2009 оны арванхоёрдугаар сард гаргасан. Бид Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан тоглолт хийсэн юм. Тэр үеэр л амралт маань дэндүү сунжирсныг ойлгосон.
-Удаан хугацаанд завсарласны эцэст дахин микрофон барин дуулах ямар санагдаж байна вэ?
Ч.Жаргалсайхан: Мэдээж маш сайхан санагдаж байна. Миний хувьд чихэвч зүүгээд, микрофоны ард зогсох нь бас нэг жаргал юм шиг санагддаг. Биднийг дахин уран бүтээл хийхийг тэсэн ядан хүлээсэн хүн олон байсныг нь эхний хоёр уран бүтээлээ гаргасныхаа дараа мэдэрлээ. Найз нөхөд, сонсогчид гээд олон хүн баяр хүргэж байна. Тиймээс цаашдаа хийх уран бүтээлийг маань сонсохсон гэж яарч байгаа хүмүүст хандаж баярлалаа гэж хэлмээр байна. Харин өнгөрсөн хугацаанд биднийг огт сонсдоггүй, ойлгодоггүй байсан хүмүүсийн бодлыг өөрчлөхийн төлөө бүхий л хүчээ дайчилна гэдгээ мэдэгдье.
Д.Батзаяа: Гэхдээ бид хамгийн шилдэг нь болох гэж, эсвэл хамгийн шилдгийг нь доош чангаах гэж зүтгэхгүй. Ямартай ч байгаа нөөц бололцоо, чадвараа шавхана. Түүнээс биш өөрсдийгөө “дарж тоглохгүй”.
-Өнгөрсөн хугацаанд өөрсдийгөө “дарж тоглосон” удаа бий гэж үү?
Ч.Жаргалсайхан: Тийм тохиолдол байгаа.
-Одоо ямар урсгалаар уран бүтээлээ туурвих вэ?
Д.Батзаяа: Биднийг уран бүтээл туурвиж эхэлж байх үед Монголын хип хоп нэг хэв маягт баригдчихаад байсан. Бүгд л хайрын дуу дуулж, fm-ээр энэ төрлийн дуу шил шилээ даган цацагддаг байлаа. Энэ байдлыг бид эвдэж чадсан байх. Харин өнөөдөр бие биенээ үгүйсгэж, доромжлон, харааж зүхдэг хэв маягт шилжчихлээ. Бид үүнийг л өөрчлөх гэсэн юм.
Баруунд хип хоп урлаг хөгжин нью скүл хэв маягт шилжиж байхад Монголд бүр эсрэгээрээ таван жилийн өмнөхөөс ч долоон дор болчихоод байна. Энэ удаад бид барууны жишгийг барьж уран бүтээлээ туурвина. Рок урсгалтай хослуулсан дуу гаргахаар ажиллаж байна.
Ч.Жаргалсайхан: Түүний зэрэгцээ бид өөрсдийн дотоод сэтгэлээс төрсөн зүйлээ л дуу болгон гаргадаг болохоор ямар чиглэлээр дуулахаа тодорхой хэлж чадахгүй. Ямар ч байсан өөрсдийн чадах хэрээр хамгийн чанартай уран бүтээл туурвиж, сонсогчдодоо хүргэхийг л хичээнэ.
-Тэгвэл ямар сэдвээр дуулах вэ?
Д.Батзаяа: Ямар ч сэдвээр дуулж мэднэ. Гэхдээ хэрүүл хийхгүй. Бид нэг хүнд биш, нийтэд зориулж уран бүтээл туурвидаг.
Ч.Жаргалсайхан: “Хүн хүнээрээ бай”, “Энэ хүү” гэх мэт бусдыг шүүмжилсэн дуу бидэнд цөөнгүй бий. Тухайн үед бид шүүмжлэлт реализмыг их дэмждэг байсан болохоор тэр. Тухайн үеийн сэтгэлийн хөдлөлөөрөө л сэдвээ сонгох байх.
-“Татар” хамтлагийнхны ойр зорилгыг сонирхвол…
Ч.Жаргалсайхан: Энэ ондоо багтаж 10 дуутай тав дахь цомгоо гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Одоогоор таван дуу бэлэн болчихоод байна.
Д.Батзаяа: Монголын хип хоп урлаг Солонгосын замналаар яваад байна. 1990-ээд оны үед Солонгост үглэдэг хүн бүр од болж байсан бол одоо дотоодын уран бүтээлчид нь хөгжмийн зах зээлээс шахагдчихсан. Манайд ч байдал тийм л байгаа. Залуус голчлон барууны хамтлаг дуучдын дууг л сонсдог боллоо. Харин бид барууны сайн дуучидтай жишихүйц хэмжээнд сайн уран бүтээл хийхийг зорьж ажиллана.
-Гурван жил урлагаас хөндийрсөн болохоор дахин дуулахад бэрхшээл гарч байна уу?
Ч.Жаргалсайхан: Он жил өнгөрөх тусам гараас гарч байгаа бүтээл нь чанартай болдог хүнийг л уран бүтээлч гэх байх. Спортынхон бол өөр байх л даа. Гурван жил дасгал сургуулилалт хийгээгүй үед тэмцээнд оролцох аргагүй болно. Урлагт харин тийм зүйл байхгүй.
-Гэхдээ дуучид гамм уншиж өдөр бүр бэлтгэл хийдэг биз дээ?
Д.Батзаяа: Бид машиндаа хөгжмөө асаан дагаж үглээд л бэлтгэлээ хийчихдэг.(инээв)

Ч.Жаргалсайхан: Бид цаг хугацаатай “заамдалцсаар” ирсэн

-Цөөнгүй жил дуулсан уран бүтээлчдийн хувьд Монголын өнөөгийн хип хоп урлагийг хэрхэн тодорхойлох вэ?
Ч.Жаргалсайхан: Монголын хип хоп урлаг харьцангуй залуу ч Монголын өнөөгийн хип хоп урлагийн хөгжил зогсонги байгаагийн шалтаг, шалтгаан биш. Өнөөдөр “18 нас” шиг сонсогчдын сэтгэлд хоногшсон чанартай дуу хийж байгаа, эсвэл биднээс өмнө уран бүтээл туурвиж байсан хамтлагууд шиг сайн дуучид алга.
Д.Батзаяа: Монголд хип хопчин гэсэн нэрийг зүүхэд ч ичмээр болсон байна.
-Яагаад?
Д.Батзаяа: Хүмүүс “Рэппер гэхээр л баахан хараал хэлчихээд, түүнийгээ дуу гэж нэрлээд байдаг хүмүүсийн нэг нь” гэсэн ойлголттой болчихоод байна шдээ.
-Он цагийн аясаар мартагдчихдаг дууг чанаргүй гэж дүгнэж болох уу?
Ч.Жаргалсайхан: Болно. Чанаргүй болохоороо л мартагдчихаж байгаа юм. Тиймээс ч бид он цагийн шалгуурыг туулах чанартай уран бүтээл хийхийг зорьсоор ирсэн. Цаашдаа чанартай уран бүтээл хийж чадах эсэхийг цаг хугацаа аяндаа харуулах биз. Бид цаг хугацаатай “заамдалцсаар” ирсэн. Цаашдаа ч энэ зарчмаараа ажиллана.
-Бас сонсогчдын сонирхолд нийцүүлж биш, тэднийг хөтлөх гэж уран бүтээл туурвидаг байх, тийм үү?
Ч.Жаргалсайхан: Тэгэлгүй яах вэ. Бид хэн нэгний хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд бус, эсвэл тэдний сонирхлыг ашиглан нэр хүнд олж, ашиг хонжоо харж биш, жинхэнэ урлагийг мэдрүүлэх гэж л уран бүтээл хийдэг. Өнгөрсөн хугацаанд гаргасан бидний бүх дуу тийм л зорилготой.
Д.Батзаяа: Үүний нэг жишээ нь “I’m so fly”. Аяыг нь зарим нэг уран бүтээлчид шиг гадаадын цахим хуудсуудаас хямдхан үнээр худалдаж аваагүй. Клипээ ч бас үзэгчдийн нүд хуураад өнгөрөөчихье гэж бодоогүй болохоор компьютер графикийн оронд жинхэнэ гэрэлтүүлэг, гоёл чимэглэл ашигласан. Зөвхөн “So Fly” гэсэн гэрэлтсэн бичиг нь сүүлийн үед хип хопчдын гаргаж байгаа клипний үнэтэй ижил өртөгтэй. Цаашдаа яг л энэ жишгээрээ аргацаасан биш, урлагийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэхээр уран бүтээл хийх болно. Энэ дууг цацагдсанаас хойш шүүмжлэх хүн ч цөөнгүй гарч. Зарим сонсогчид бидний зургаа, долоон жилийн өмнө хийдэг байсан дууг сонсохыг хүсээд байх шиг байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл өөрчлөгддөг. Хувцасны моод хүртэл хувьсан өөрчлөгдөж байгаа биз дээ. Түүнтэй адил хип хоп урлагт багагүй өөрчлөлт гарсан. Бид тэр жишгийг дагаж байна. Тэгээд ч бид робот биш болохоор хоолойн өнгө ч өөрчлөгдсөн.
-Үндэсний хөгжмийг хип хоптой хослуулах боломжтой юу?
Ч.Жаргалсайхан: Хүчилбэл хослуулж болно.
-Ямар учраас “Хүчилбэл” гэж онцолж байгаа юм бэ?
Ч.Жаргалсайхан: Надад лав үндэсний хөгжимтэй хослуулсан хип хоп донжтой сонсогддоггүй.
-Өнгө, хэмнэл нь өөр болохоор уу?
Д.Батзаяа: Хип хоп Африкаас үүсэлтэй. Гэтэл Африкт бүрээнээс өөр урт аялгуутай хөгжим байхгүй, бусад нь дандаа бөмбөр. Тиймээс баруунд очсон африкчуудад рок хөгжмийнх бөмбөрийн дугаралт илүү сайхан санагдаж, түүнийг нь ашиглан уран бүтээл туурвиснаар хип хоп хөгжмийн бит үүссэн гэдэг. Гэтэл манай үндэсний хөгжмийнх олонх нь урт аялгуутай. Хамгийн түргэн хэмнэлтэй нь “Жалам хар”.
Ч.Жаргалсайхан: Нар мандах, жаргах гэсэн хоёрхон цагтай болохоор тэр байх.

No comments:

Post a Comment