Зуунд нэг тохиох 2010 оны аравдугаар сарын 10-ны өдрийг цөөнгүй байгууллагууд онцолж, бараа бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхтэй зэрэгцэн кино урлагийг нэт шат ахиулахаа амласан уран бүтээл нээлтээ хийлээ. Сурталчилгаа, пи ар нь хавраас эхэлсэн “Татар ажиллагаа” киноны нээлт “Тэнгис”, “Өргөө” кинотеатрт нижгэр болж, уран бүтээлчид, кино сонирхогчид төдийгүй төрийн түшээдийг ч цуглуулаад амжлаа.
Театрын хаалганд амралт олгож, үзвэрийн танхимийн даац хэтрүүлсэн нээлт
Товлосон цагтаа театрыг зоривол залуус нааш цааш хөлхөн амрах чөлөө олгодоггүй хаалгаа тасхийтэл хаачихаад, хоёр ч хүнээр мануулчихсан байх юм. Нээлтийн үдэшлэг зарлаж, тасалбараа ч бусад үзвэрүүдээс үнэтэй буюу 10 мянган төгрөгөөр тогтоосны учир энэ аж. Барууны жишгээр нээлтийн ажиллагааг ёслол төгөлдөр, нэр хүндтэй болгох гэсэн зохион байгуулагчдын зорилго биелсэн нь илт. Урлаг соёлын алдартнуудаас эхлээд улс төрийн зүтгэлтнүүд ч цугласан театрын хаалгыг татахад л “Яг татарууд шиг” гэх танил болсон сурталчилгаа цуурайтна. Хөл гишгэх зайгүй хүлээлгийн танхимд болсон нээлтийн арга хэмжээ цаг гаруй сунжирч, “Гурван охин” хамтлагийнхны ая дууны мэндчилгээгээр өндөрлөлөө. Цугласан олон уйдсан, залхсан нь илт байсан тул театруудын бүхий л танхимийг эзэгнэсэн “Татар ажиллагаа”-ны нээлтэд зохион байгуулалтад муу дүн тавимаар санагдсан. Эхний үзвэрийн хуваарь ч санаанд хүртэл сайн болоогүй гэвэл үгүйсгэх хүн үгүй биз.
Тасалбарын үнээрээ жишиг тогтоож чадсан ч үзвэрийн танхимд хахаж цацсан олон цуглана гэдгийг тооцоолоогүй байсных уу, театруудын хаалганы нарийн, тасалбар шалгагчийн цөөний буруугаас уу суудлаа эзлэх гэж яарсан үзэгчид сунжирсан дараалалд цаг алдаж, багагүй бухимдаж байгаа харагдсан. Зуны гурван сар сурталчилгаа, пи араар бөмбөгдүүлж, тархиа угаалгасан үзэгчид эхний үзвэрийг хүлээж байсан нь илт.
Амласнаа биелүүлсэн нь амжилт
“Буриадын ардын жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын ардын жүжигчин Д.А.Певцов, топ модель Э.Одгэрэл, гардан тулааны дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх нар тоглоно”. Энэ бол “Татар ажиллагаа” киноны хамгийн том сурталчилгаа. Залуусын сонирхол, анхаарлыг багагүй татдаг хүмүүсээр жүжигчдийн багаа бүрдүүлэх нь Н.Баатар найруулагчийн үзэгчдийг татах арга барил тактик гэхэд хилсдэхгүй. Үүнээс өмнө бүтээсэн “Би чамд хайртай 2” кино ч энэ л зарчмаар шуугиан тарьж байсан.
Түүний тактик үзэгчдийн анхаарлыг татах давуу талтай ч, мэргэжлийн уран бүтээлчид, жүжиглэлт үгүйлэгдэх дутагдалтай гэдэг нь кино үзэх явцад илт анзаарагдаж байсныг нуух юун. Киноны гол дүрд тоглосон Б.Амархүү, Д.Батсүх нарын жүжиглэлт анхных гэхэд харьцангуй сайн ч, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн жүжиглэлттэй харьцуулахад тааруу, мэргэжлийн ур чадвар дутагдаж байлаа.
Монголд тулаант киноны хөгжил харьцангуй сул. Энэ нь тулааны хэсгийн техник муу байдагтай шууд холбоотой. Тиймээс ч “Татар ажиллагаа” киноны найруулагч герман мэргэжилтэн урьж, хамтран ажилласан биз. Тулааны хэсгийн найруулагч буюу перотехникч Л.Фолкерийн ачаар энэ киноны үзэгчдийн анхаарал татсан өрнөлтэй хэсгүүд амилжээ. Гол дүрүүдийн хийсвэр төсөөллийн ертөнцөд өрнөх буудалцаан, зодоон бодитой, үнэмшилтэй болсон тул “Татар ажиллагаа” энэ төрлийн киноны хөгжлийг нэг шат ахиулсан гэж дүгнэж болохуйц.
Түүнчлэн дэлхийн жишигт нийцсэн “Red one” тоон системийн камерийг багагүй өртөг гаргаж, залсаны хэрэг гарч, кино дүрсний хувьд чанар сайтай болсныг дурдах нь зүйтэй. Кино зохиолын хувьд барууны инээдмийн кино, адал явдалт киноны арга барил зарчмаас төдийлэн гажаагүй, шинэлэг зүйл багатай. Харин түүнээ дэлгэцнээ амилуулсан шийдлийн хувьд уламжлалт арга барилаас өвөрмөц, шинэлэг болж чаджээ. Сайн хийвэл үзэгчдийг кино ертөнцөд соронздон татаж, багахан алдаа гаргахад л уйдаж, залхахад хүргэдэг бас нэгэн хүчин зүйл бол киноны хөгжим, дуу оруулалт, шуум. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа тул “Татар ажиллагаа” киноны багийнхан ч энэ тал дээр харьцангуй алдаа багатай ажиллаж үзэгчдэд элдэв чимээ авиа, хиймэл дуу оруулалтад сатааралгүй үзэх боломж олгосон байлаа.
30 гаруй жил тасарсан “Монгол кино” нэгтгэл, “Мосфильм”-ийн холбоог сэргээж, монголын кино урлагийг шат ахиулан, ОХУ, Буриадын ардын жүжигчнийг монгол үзэгчидтэй уулзуулсан гээд талархах зүйл олонтой боловч, чангахан хэлж хатуухан шүүмжлэх зүйл цөөнгүй байсны нэг нь агуулах санаа дутуу дулимаг байсан гэдгийг уран бүтээлчдэд сануулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр кино урлаг өнөө цагт бизнес чиглэлээр түлхүү хөгжиж, шоу бизнесийн ертөнцөд хамаарах болсон боловч олон нийтийн хүртээл болдог тул нийгмийн ач холбогдлоо хэдийд ч алдах ёсгүй. Холливудын уран бүтээлчид ч шашныг гутаан доромжилж, бага насны хүүхдүүдийг уруу татсан гэх мэт шалтгаанаар үзэгчид, судлаач шүүмжлэгчдээс зэмлэл хүртсээр буй нь кино урлаг нийгмийн ач холбогдлоо алдахгүй байгаагийн нэг тод илрэл мөн.
No comments:
Post a Comment