Monday, January 17, 2011

Жорж Буш: 90 насны төрсөн өдрөөрөө шүхрээр бууна


Ярилцлагын хааны түүхэн нэвтрүүлгүүдийн нэгээр яах аргагүй АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч эцэг Буш гэргийгтэйгээ оролцсон дугаарыг онцолдог. Техасын Хьюстон хот дахь Хьюстон зочид буудалд өрнөсөн ярилцлагыг “CNN” суваг онцлон, давтан хүргэжээ.
-Таны бие тэнхээ сайн уу? Барбара Буш: Сайн.
-Тэгээд юу тань өвдсөн юм бэ? Барбара Буш: Би чамд нэг зүйлийг зөвлөх үү. 70 хол давсан хүнээс биеийн байдлыг нь битгий асууж бай. Асуугаагүй байхад тэд өөрсдөө л өвчнөө тоочоод эхэлдэг юм. (инээв)
-Таныг саяхан түргэн тусламж дуудан, эмнэлэгт хүргэгдсэн гэж сонссон. Барбара Буш: Тийм ээ. Гэхдээ миний бие маш сайн байгаа.
-Тэгэхээр та ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтсэнээ хэлэхгүй байх нь ээ? Жорж Херберт Уолкер Буш (АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч): Түүнд хэлчих ээ.
Барбара Буш: Үгүй дээ, би хэлэхгүй.
-Таны зүрх өвдсөн юм уу? Барбара Буш: Үгүй дээ. Миний зүрхний хавхлагийг гахайнхаар нөхсөн. Тийм болохоор зүрхний талаар санаа зовох зүйлгүй болсон.
-Тэгэхээр танд хиймэл хавхлаг биш, гахайнхыг нөхөж суулгасан байх нь ээ? Барбара Буш: Аль илүү тохирохыг нь сонгосон хэрэг.
-Тэр ч тийм байх шүү. Харин Жорж таны бие сайн байгаа юу? Жорж Буш: Муугүй байна. Одоохондоо хөлнөөсөө салчихаагүй байна. Энд ирэх гэж яаж зүдэрснийг чи өөрөө харсан шүү дээ. Хөл доголсон маань Паркинсонитисоос болж байгаа юм. Энэ нь Паркисоны өвчний анхан шат гэсэн үг л дээ. Ийм өвчтэй хүмүүс тэнцвэрээ олох чадвараа бага багаар алддаг юм.
-Тэгэхээр та тоглож чадахгүй байгаа байх нь ээ? Жорж Буш: Паркинсоны өвчтэй хүмүүс ямар ч төрлийн спортоор хичээллэх чадваргүй болдог. Хэдийгээр спортоо орхисон ч амьдрал муугүй л байна. Ямар нэг өвчин, зовиургүй байгаадаа л их баярладаг юм. Нам гүм орчинд бид амьдарсаар л байна даа, Ларри минь.
-Гэхдээ танд нам гүм амьдрал дэндүү уйтгартай санагдахгүй байна уу. Та чинь саяхныг хүртэл шүхрээр бууж явсан хүн шүү дээ. Барбара Буш: Шүхрээр буухыг бол чадаж байгаа шүү.
Жорж Буш: 2014 оны зургадугаар сарын 12-нд миний 90 насны ой болох юм. Тэр өдөр шүхрээр бууна гэж төлөвлөж байгаа. Гэхдээ намайг ганцаараа буухыг зөвшөөрөхгүй байх л даа. Энэ чинь хатуу дэг сургуультай арми шүү дээ.
-Би тантай хамт шүхрээр буухыг хүссэн боловч эмч маань огт зөвшөөрөөгүй. Жорж Буш: Би тэр өдрийг тод санаж байна.
Барбара Буш: 2014 онд би түүнтэй хамт шүхэрдэж ч магадгүй шүү. (инээв)
-Тэгэхээр та тоглоогүй байх нь ээ. Үнэхээр 90 насныхаа төрсөн өдрөөр шүхэрдэх бодолтой байгаа юм уу? Жорж Буш: Бүр бүх зүйлээ төлөвлөчихсөн байгаа шүү. Би “Golden Knights”-ынхантай хамт шүхрээр бууна.
-Удирдах ажлаасаа холдчихсон болохоор сэтгэл амар сайхан байна уу, эсвэл ажлаа үгүйлэх юм уу? Жорж Буш: Ажлаа орхисноос хойш их олон жил болсон байна шүү дээ. Тиймээс одоо тэр бүр үгүйлэхээ больсон. Учир нь хүү маань миний ажлыг үргэлжлүүлэх, эх орныхоо төлөө зүтгэж байна. Энэ нь надад одоо ч ажлаа хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.
Гэхдээ би ажлаа санадаггүй. Ялангуяа өглөө бүр Цагаан ордон руу явдаг зуршлаа огт үгүйлдэггүй. Гагцхүү Ерөнхийлөгч байсан үеэ л их санадаг. Учир нь би Ерөнхийлөгчийн ажилдаа дуртай. Хүмүүст өөрийн чадах хэрээр тусалж, тэдний асуудлыг шийднэ гэдэг миний хамгийн дуртай ажил. Бүр гайхалтай сайхан ажил гэсэн ч болно. Гэхдээ тэр бүхэн хэдийнэ ард улиран хоцорч, түүхэн болон үлдэж дээ.
-Хүү тань дурсамж ном бичиж байгаа гэсэн. Тэр талаар ямар бодолтой байна вэ? Жорж Буш: Тэр сайхан санаа сэдсэн байна билээ. Надад ном нь их таалагдаж байгаа шүү. Ерөнхийлөгч байх хугацаандаа яагаад тийм хэцүү шийдвэр гаргаснаа болон тухайн үед юу мэдэрч, бодож байсна чин сэтгэлээсээ бичсэн болохоор тэр. Их сайхан бүтээл болсон.
-Харин та хэрхэн дүгнэж байгаа вэ? Барбара Буш: Надад их таалагдаж байгаа. Миний бодлоор өөрийн дотоод ертөнцөө тэр чигт нь номоороо илэрхийлсэн шиг санагдсан. Тэр өөрийн намтараа бичихийг зорилгоо болголгүй, Цагаан ордонд амьдрах ямар байдгийн бусдад ойлгуулахыг хүссэн болов уу. Иргэдийн олонх нь тэнд байнга ямар нэгэн шуурга дэгдэж, тэр бүрт нь бүхнийг хаяад явчихаж болдоггүй, бүхий л ачааг нуруун дээрээ тохдог, асуудлыг шийдэх амаргүй байдгийг мэдэхгүй.
-Хүү тань номоо хэвлүүлэхээсээ өмнө танд уншуулсан уу? Барбара Буш: Үгүй дээ. Харин надтай холбоотой хоёр ч үйл явдлын тухай номондоо дурдаж болох эсэх талаар зөвшөөрөл авсан.
-Тэр юун тухай дурдахыг хүссэн юм бэ. Таны хүүхдээ алдсан тухай юу? Барбара Буш: Тийм ээ. Энэ үйл явдал миний төдийгүй хүүхдүүдийн маань хувьд хамгийн хүнд үе болсон. Тиймээс энэ тухай хүн бүр л дурсамж номондоо дурдахыг хүсдэг. Жорж энэ тухай дурсахыг хүссэн анхны хүн нь биш. Харин Робины үхэл амьдралд минь хүчтэй нөлөөлсөн тул тэр тухай олон нийтэд дэлгэхийг өмнө нь зөвшөөрдөггүй байсан.
-Таныг хүүгээ сайн улстөрч гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй гэх утгатай нийтлэл цөөнгүй удаа хэвлэгдэж байсан. Харин та энэ тухай хэзээ ч тайлбар хийж байгаагүй. Эдгээр нийтлэлүүд үнэн үү? Жорж Буш: Худал.
-Таныг түүнтэй санал нийлдэггүй гэлцдэг. Жорж Буш: Мэдээж бидэнд санал зөрөх үе цөөнгүй гардаг. Тэр ч байтугай ээжтэйгээ ч санал зөрж байдаг. Тэр миний оролцоогүйгээр хоёр ч удаа нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Үнэн гэвэл хүү маань өөрийг нь тойрон хүрээлсэн, итгэл хүлээлгэсэн хүмүүстэй. Тэд түүний үзэл бодол, юу хийснийг сайн мэднэ. Магадгүй таны бодож байгаагаас ч олон хүн түүнийг дэмждэг байх. Харин би бол ердөө л ямар нэгэн байр суурь, үзэл баримтлал дагаагүй жирийн ажиглагч. Би түүний хайртай аав нь. Тэдгээр нийтлэлүүд ямар зорилготойг мэдэхгүй. Сэтгүүлчид нь хаанаас ямар баримт олоод тийн бичиж байгааг нь ч гадарлахгүй байна.
-Бага Бушийг тан руу залгаасай гэж хүсдэг үү? Жорж Буш: Үгүй дээ. Тэгж бодож байгаагүй.
Барбара Буш: Хүү маань байнга бидэн рүү залгадаг шүү дээ.
-Та өөрийгөө толинд харахад ямар бодол төрдөг вэ. Америкийн түүхэнд хооронд нь жишиж болмоор дөрвөн гэр бүл байдаг гэж би боддог. Барбара Буш: Тэднээсээ нэрлээч.
-Адам, Рузвельт, Кеннеди болон Бушийнхан. Тэднийг угсаа залгамжлан төр барилцсан гэж нэрлэсэн ч болох байх. Барбара Буш: Ахадсан магтаал байна шүү, Ларри.
-Та толинд хараад өөрийгөө тэгж дүгнэж байсан уу? Жорж Буш: Угсаа залгамжилсан төр баригч гэж үү? Үгүй дээ.
Барбара Буш: Хэзээ ч тийм бодол төрж байсангүй.
-Танай хүүхдүүд үргэлж ийм ижилхэн амжилт гаргадаг байсан уу. Хоёр нь мужийн амбан захирагчаар, нэг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Жорж Буш: Тийм ээ. Тэд бүр бага байхаасаа л адилхан амжилт гаргадаг байв. Энэ нь тэдний бие биенээ хайрлаж хүндэлдэг, хоорондоо ойр дотно байдгийн ач тус болов уу.
-Улс төрийн тухай жаахан ярилцвал ямар вэ. 2012 оны сонгуульд танайхнаас өрсөлдөх болов уу. Жеб сонгуулийн талаар ямар бодолтой байгаа бол? Жорж Буш: Би түүнийг өрсөлдөнө гэж бодохгүй байна. Гэхдээ би түүнийг сайн Ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байдаг. Аав нь учраас магтаж байгаа юм биш шүү.
Нэгдүгээрт тэр сайн хүн. Хоёрдугаарт амбан захирагч байх хугацаандаа муугүй улстөрч гэдгээ таниулсан. Тэр хэт даврагч биш. Өөрийнх нь нэр хүндийг унагах мэдээллийг үгүйсгэхээр улайран тэмцдэггүй. Иргэд ч түүнийг дэмждэг. Гэхдээ тэр Ерөнхийлөгч болохыг хүсэхгүй байгаа.
-Ерөнхийлөгч Обамагийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Жорж Буш: Хувь хүнийхээ хувьд тэр надад таалагддаг. Вашингтон руу ажлаар явах үедээ түүнтэй танилцаж байснаа би тод санаж байна. Гэхдээ ямар ажлаар нийслэл хотыг зорьсоноо мартчихаж.
Түүний дараа тэр номын санд минь зочилж, надтай их эелдэг яриа өрнүүлсэн. Тэр үед л их сайн төлөвшсөн залуу байна гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.
-Харин та Мишелийг юу гэж дүгнэдэг вэ? Барбара Буш: Тэр надад таалагддаг. Сэтгэл татам бүсгүйн дээр бичиг үсэгт нийтээр суралцах болон хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаардаг нь миний сэтгэлд их нийцдэг. Зан аашийн хувьд ч эелдэг, найрсаг нэгэн. Обамагийнханд шүүмжлэх өө үгүй шүү дээ.

No comments:

Post a Comment