Thursday, January 20, 2011

Мөрөөдлөөр жигүүрлэсэн Жастин Бибер



Эвлэгхэн хоолой, эгдүүтэй төрхөөрөө охидын зүрхийг шархлуулж, хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн жаал бол Жастин Бибер. Түүний “My World” цомог 157 мянган хувь борлогдож, “Baby” дуу нь хэдэн Биллбордын жагсаалтыг хэдэн долоо хоног эзэгнэж, youtube.com сайтын хамгийн эрэлттэй бичлэгүүдийн нэг нь түүний клип болсоор нэлээд удлаа. Тэр ч байтугай барууны шар хэвлэлүүд Биберийг мөрдөж, ямар охин таалагддаг болох, хэнтэй зугаалж байгаа зэрэг шүтэн бишрэгч охидынх нь зүрхийг булгилуулах мэдээллийг цуглуулах боллоо. Тиймээс ч насанд хүрээгүй одын адармаатай амьдралын нууцыг дэлгэхээр “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагч түүнтэй уулзжээ.

Охидын шүтээн Бибер
Бүрэнхий болж байхад Биберийн ажил арайхийн өндөрлөж, Род-Айланд дахь “Providence” нэртэй радиогийн байрнаас гарлаа. Ээлжит нэгэн ярилцлага өндөрлөж байгаа нь тэр. Ингээд л тэр өрөөндөө бүгэж, нам гүмд умбана гэсэн үг биш. Орилж, хашгичсан шүтэн бишрэгч охидынх нь цуваа түүнийг угтан авна. Тэд бүр ээжийгээ дагуулан ирэхээ ч мартахгүй юм. Цугласан олны дундаас нэгэн эмэгтэй “Жастин, охин Элизабет минь чиний тоглолтыг үзнэ” хэмээн орилох нь тэр. Охид түүний зургийг авахаар утасныхаа камерыг Биберийн нүүрэнд аль болох ойртуулах гэж зүтгэнэ. “Хөл толгой нь олдохгүй энэ байдалд хамгийн их хүндрэл учруулдаг нь ээжүүд” хэмээн хамгаалагчдын нэг цөхөрсөн өнгө аясаар сонирхууллаа.

Цомоггүй гэхдээ шүтэн бишрэгчидтэй
Үнэндээ залуу дуучны авьяасыг анх шүтэн бишрэгчид нь олж харсан гэдэг. Тиймээс ч Жастин Бибер бол “Америкийн шүтээн”-ий ялагч Кэлли Кларксон, “Disney”-н бүтээгдэхүүн Майли, Жастин Тимберлэйк нараас тэс өөр замаар амжилтад хүрсэн авьяаслаг нэгэн. Түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэх шатыг фэнүүд нь тавилцсан гэхэд хилсдэхгүй. “My World” нэртэй анхны цомог нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард худалдаанд гарахаас ч өмнө Бибер “YouTube”-д хэдийнэ од болчихсон байсан. Бичлэгүүд нь олны анхаарлыг татаж, хамгийн эрэлттэйгээр шалгарч байсан учир түүний анхны цомог амжилт олно гэдэгтэй мэтгэх хүн байгаагүй биз. Үнэхээр ч фэнүүдийнх нь итгэж хүлээж, хөгжим судлаачдын таамаглаж байснаар “My World” нь “Billboard”-ын жагсаалтад зургаад бичигдэж, эл цомогт багтсан дөрвөн ч дуу нь шилдэг дууны жагсаалтад цахиур хагалсан.

Стрэтфордын энгийн жаал
Саяхныг хүртэл Жастин Онтарио дахь 30 мянган хүн амтай Стрэтфорд хэмээх жижигхэн хотод бөмбөг өшиглөж, хоккей тоглож гүйсэн энгийн хүү байсан. Тэр өөрийгөө төгөлдөр хуурч, гитарчин, эсвэл бөмбөрчин болно хэмээн итгэдэг байсан тул бөмбөрийн дугуйланд суралцаж, шүдээ угаах завсраа поп дууг даган гингэнэдэг байснаас өөрөөр дуулах гэж оролддоггүй байж. Харин түүний ээж Пэтти Маллет хүүгээ зөнч Самуэлийн хойт дүр болгохыг хүсэж, өдөр бүр залбирдаг байж. Ингээд л залуухан номлогч, сүмийн найрлын дуучин болох эсэхтэй
Одоогоос гурван жилийн өмнө Атлантагийн менежер хатагтай Маллете рүү залгаж, Жастиныг дуучин болгох хүсэлтэйгээ мэдэгдсэн гэдэг. Тиймээс ч өдгөө тэрбээр Атлантад ээжийн хамт амьдарч байгаа. Хөгжмийн ертөнцөд хөл тавьсан Бибер цоо шинэ гэр бүлтэй болсон бөгөөд тэднийхээ тусламжтай хоолойн хичээл заалгажн, “Island Def Jam” рекордст анхны бүтээлээ бичүүлж, R&B дуучин Usher-тай хамтран ажиллах болж. “Туслахууд” нь түүнд зөвхөн хэрхэн дуулахыг бус аливаа асуудалд хэрхэн хандах, шүүгээгээ ямар хэв маягийн хувцсаар дүүргэх, тэр ч байтугай хөдөлгөөн бүрийг нь нямбайлан зааж өгч.
Түүнийг Стрэтфордын жирийн нэгэн жаалаас хөгжмийн ертөнцийн шинэ үеийн төлөөлөл болох хүртэл хамт байсан Usher ярилцлагынхаа үеэр “Заримдаа тэр яг л миний бяцхан дүү эсвэл хүү шиг минь санагддаг. Хөгжмийн ертөнцөд хөл тавьж байгаа залууст ямар зовлон бэрхшээл тулгардгийн би сайн мэднэ. Харин надад алдрын оргилд гэрлийн хурдаар хүрэх боломж олдсон. Яг л тэр түүх одоо давтагдаж байна” гэж байсан удаатай.

Ахадсан ажил
Өөрчлөлтийн үедээ яваа өсвөр насны хөвгүүнийг халамжлах амаргүй. Тэр дундаа нэр хүнд өсөж яваа залууг “маллана” гэдэг бүр ч ярвигтай ажил. Энэ тухайд хатагтай Маллете “Аялан тоглолтын үеэр би түүнийг тайвшруулах гэж аргаа бардаг юм” хэмээсэн.
“Providence” радиогоос гарсан даруйдаа л тэр Лос-Анжелес руу нислээ. Улаан нүдэлсэн “жаал” их дэлгүүрийн өмнө цугласан 20 мянган хүнд зориулан мэдээлэл хийх гэж байгаа нь тэр. Эртнээс товлосон ийм арга хэмжээ байсхийгээд л зохион байгуулдаг аж. Гэхдээ өсвөр насны хөвгүүний хувьд энэ өдрийн цагийн хуваарь дэндүү ахадсаныг царайг нь хараад л ядах юмгүй мэдчихэж болно.

Дэггүй Бибер
Хэдийгээр тэр уран бүтээлч боловч хүүхэд насны томоогүй зангаа өнөөг хэр тавиагүй л байгаа. Ээлжит нислэгтээ бэлдэхийн оронд онгоцны буудлыг скэйтийн талбай болгон, тайзнаа гарахын өмнө видео тоглоом тоглон дүрсгүйтэх ч энүүхэнд. Бусад өсвөр насныханд тохиолддог бэрхшээл түүнд ч бас тулгардаг. Түүгээр барахгүй ээждээ зэмлүүлэн, түүнд нь бухимдах зэрэг Америк төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байх айл гэрт гардаг үл ойлголцол тэдний гэрт өрнөдөг.
Тоглолтын өмнөхөн хатагтай Маллетийн “Жастиныг бариад аваарай. Түүнийг утсаа өгөхгүй бол цахилгаан шат руу бүүр оруул” хэмээн бие хамгаалагч Кенни Хэмилтонд үүрэгдэх дуу зочид буудлын үүдний өрөөгөөр нэг сонсогдох тохиолдол цөөнгүй гардаг аж.
Ээжийгээ үл тоомсорлодог байдлынх нь тухай гомдоллонгуй “Ямар ч 16 настай хөвгүүн ээжийнхээ дэргэд хоногийн 24 цаг байхыг хүсдэггүй биз дээ. Түүний адилаар ямар ч эх 16 настай хүүгийнхээ дэргэд цаг үргэлж байхыг хүсдэггүй” хэмээж байлаа.
Жастины ээж багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байж. Харамсалтай нь энэ төлөвлөгөө нь 18 насандаа хөл хүнд болж, Жастиныг олсноор талаар болсон байна. Хэдийгээр Жастины эцгээс холбоогоо тасалсан ч эх хүний үүргээ биелүүлэхээр хатагтай Маллет бүхий л хүчээ шавхсан гэдэг. Албан байгууллагуудад бага цалинтай аар саар ажил хийж, хоёр биенээ тэжээж байсан тэрбээр одоо л сэтгэл амарч байгаа гэхэд хилсдэхгүй.
Жастин 12 насандаа орон нутгийн авьяастнуудыг шалгаруулах тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарсан нь түүний урлагт хөл тавих анхны гараа болсон. Үүнд урамшсан Биберийн гэр бүлийнхэн уралдааны бичлэгийг “YouTube” цахим хуудаснаа байршуулжээ. Тэр зун нь Жастин гитар тоглож суран Стрэтфордын театрын өмнө дуулдаг болжээ. Энэ бүхнийг түүний ээж “Бидний анхны аяллын зардлыг хүү минь дуулж олсон юм. Бид тэгэхэд Диснейлэнд орж билээ” хэмээн дурссан байдаг.

Авьяас бас Аз
Дэлхийн мянга мянган сонсогчид түүнийг азтай жаал гэдэг. Энэ нь ч аргагүй биз. Дуучин Usher, Chris Brown нарын дууг дуурайн дуулсан бичлэгээ “YouTube”-д тавих болсон түүний бичлэгийг хип хопын ертөнцийн маркетингийн менежер Скутер Браун санамсаргүй олоод харчихаж. Угтаа энэ алдаа байсан ч амжилт дагуулсан гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Театрын өмнө дуулж байгаа бичлэгийг нь таашаасан ноён Браун тэр дороо л ээжтэй нь холбоо барьж, уулзах хүсэлтэйгээ мэдэгдсэн байна. Гэнэтийн дуудлаганд цочирдсон Пэтти Маллет ирээдүйн поп хөгжмийн төлөөлөгчийн талаарх шийд гаргах гэж байгаагаа төсөөлсөн ч үгүй. Зөвхөн “Бурхан минь, би Танд хүүгээ өгье. Харин Та түүнийг минь номлогч юм уу сүмийн найрал дууч болгоорой” гэж залбирчээ.
Харин азтай алдааныхаа тухай Браун “Надад төрсөн анхны сэтгэгдэл бол “YouTube”-ийг ашиглан түүний нэр хүндийг улам өсгөх. Жастин яг л дэргэд нь хэн ч байхгүй юм шиг өөрийнхөөрөө дуулдаг. Энэ давуу талыг нь ашиглан хүүхдүүдийн сэтгэлд өөрийнхөөрөө тусгаж авах боломжийг бүрдүүлэн хүргэх ёстой гэдгийг би тэр дор нь ойлгосон” гэлээ.

Тимберлэйкийн анхаарлыг татсан жаал
Атлантад ирмэгцээ л студид өдрийг өнгөрөөх болсон түүнд энэ хотод шүтээнтэйгээ уулзах боломж олдсон аж. Өөрийнх нь дууг эвлэгхэн дуулах хүүг хараад Usher инээдээ барьж тэссэнгүй. Харин үүнийг нь үл анзааран Бибер дуулсаар л байж. Usher түүнийг “Түүний хоолой илбийн юм шиг гайхалтай. Хувийн араншин, төлөв нь ч тун сонирхолтой. Тэр хаана, хэрхэн байхаа мэддэг хэрсүү хүүхэд” хэмээн магтдаг бол Браун “Тэр аль хэдийнэ Жастин Тимберлэйкийн анхаарлыг татаад байгаа” хэмээн анхааруулсан. Тэр ч үнэн шүү. Тимберлэйк түүний аль хэдийнэ анхааралдаа авчихаад Лос-Анжелес руу тоглолтыг нь үзэхээр очсон.

Нууцаа дэлгэсэн төгсгөл
Цаг 22.00 дөхчихөж. Гэхдээ Биберийн багийнхан дтоглолтдоо бэлдэх ёстой учраасүүрээр Атланта руу нисэх ёстой. Гэхдээ үүндээ огтхон ч түүртсэн шинжгүй ярилцлагаа өндөрлүүлэх Жастин “Их хөдөлмөрлөх тусам илүү их амжилт олно. Энэ бол миний хувьд ердөө л эхлэл” хэмээн өөртөө итгэлтэй өгүүлж байх юм.
Түүнчлэн “Би хангалуун гэр бүлд өсөөгүй. Бидэнд хэзээ ч өөрсдийн байр байгаагүй. Харин одоо ээждээ сайхан байшин авч өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
Ярилцлагын төгсгөлд хамаг нууцаа дэлгэсэн тэр Атланта руу буцахаар яарч байгаагаа хэлэхээ ч мартсангүй. Тэнд очоод хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа учир. Тэднийхээ хажуугаар найзуудтайгаа уулзаж, видео тоглоом тоглох зав гаргах хэрэгтэй.
Уртаас урт зам хүлээж байгааг санасан бололтой түүний нүд гэрэлтэн “Жолоочийнхоо ур чадварыг сорих боломж олдох нь” хэмээн гарч одлоо.

No comments:

Post a Comment