Thursday, January 20, 2011
Дэлхий дахинаа эрх чөлөөг тунхагласан K'naan
Дэлхий дахины анхаарал ӨАБНУ-ын зүг чиглэсэн эдгээр өдрүүдэд хотын өнцөг булан бүрт, залуусын плейр, уушийн газруудад эгшиглэх “Waving Flag” дууны эзэн K’naan-ыг энэ удаагийн “Оддын амьдрал” буландаа онцолж байна.
Юун түрүүнд түүнийг аль улсын төлөө уухайлан алга ташиж байгааг мэдмээр санагдлаа. Сомалид төрсөн тэрбээр юун түрүүнд Зааны ясан эргийг дэмжих гарцаагүй. Харин эх оронч сэтгэлгээг эс тооцно гэвэл Аргентиний шигшээг хөгжөөн дэмжиж байгаа аж. Өдгөө 31 настай тэрбээр дэлхийн аваргын цомын төлөөх тулааныг Торонто хотоос үзэхээр шийджээ. Тэгэхээс ч аргагүй дайны талбар болсон эх орноо 13 настайдаа орхин дүрвэж, Канадад амьдрах болсон юм чинь. Харин яагаад заавал Торонто хотыг сонгох болсон тухайгаа “Тэмцээний үеэр хотын өнгө бүхэлдээ өөрчлөгдчихдөгийг би тод санаж байна. Өмнөх ДАШТ-уудын үеэр ч тэр би Торонтогоос үздэг байсан. Энд байхад тоглолт дууссаны дараа аль баг хожсоныг төвөггүй мэдчихэж болдог. Жишээлбэл Италийн шигээ хожвол хотоор тус улсын шигээ багийн өмсгөлтэй адилхан өнгөтэй хувцас өмссөн хүмүүсээр дүүрчихдэг. Тэгээд ч Торонто бол Өмнөд Африктай хамгийн төстэй хот. Энд тэмцээн үзвэл та ДАШТ-ыг тойрсон бүхий л дуулиан шуугианыг хамгийн түрүүнд мэдрэх болно” гэжээ.
Тэрбээр үүнээс өмнө 2009 оны нэгдүгээр сард Торонто хотноо ирсэн боловч, түүний ээж өнөө хэр энд амьдарсаар байгаа. Харин “World Cup”-ын урлагийн тоглолт дуулах болсон нь түүнд Канадын хамгийн дур булаам уран бүтээлчдийн нэг гэх нэр хүндийг хуй салхи мэт хурдан олоход нь тусалжээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд түүнийг зүгээр л суусан гэж дүгнэж болохгүй. Энэ тухайгаа тэр “Надад үнэндээ ямар ч цаг зав гардаггүй. Өнгөрсөн оны эхний сараас хойш би бүтэн долоо хоногоор амарч үзсэнгүй. Мэдээж ийм байдал амаргүй байдаг ч хамтран ажиллагсад маань бүгд л ажлыг минь хөнгөвчилж, надад туслахыг хүсдэг. Гэсэн ч хийх шаардлагатай ажлууд овоорсоор л. Бидэнд хийх юм дэндүү их байна” гэх хэдхэн өгүүлбэрээр ойлгуулаад амжсан.
Тэр яг л дуу шигээ намуухан хоолойгоор, үгээ зөөж хэрхэн Канадтай холбогдсон тухайгаа “Торонтогийн тухай ихийг мэдэхгүй ч, Сомалигийн тухай бол хүмүүсийн тэр бүр мэддэггүй түүх олныг ярьж чадна шүү. Гэхдээ Торонто миний уран бүтээлд ямар их нөлөөлдгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Миний бичсэн өгүүлбэр бүрт Торонтогийн амьдралын хэмнэл, онцлог шингэсэн байдаг. Миний дуунуудаас та бүхэн даяанчийн дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг мэдрэх болно. Харин намайг Торонтогийн Сомали гээд л дүгнэчихэд болно” хэмээсэн юм.
Түүнийг Сомалигаас төрсөн хамгийн алдартай рэппер хэмээн тодорхойлдог. Тэр нь ч үнэний хувьтай биз. Өнгөрсөн жил явуулсан санал асуулгын үеэр тэр Канадын шилдгүүдийн жагсаалтад хоёрт орж, “Waving Flag” нь ДАШТ-ын сүлд болсон. Үнэндээ эл дууг Гайтийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах хандивын хэмжээг бага ч атугай нэмэх зорилгоор гаргасан гэдэг. Дэлхийн өнцөг булан бүрт цуурайтаж байгаа дуугаа хэрхэн бүтсэн тухай K’naan “Гайхалтай юм. Энэ дуу бүтсэн түүх тун энгийн. Би зүгээр л зохиочихсон. Би азаар л хятадуудын чихэнд ч наалдацтай, оросууд ч сонсоод таашаахаар дууны хэмнэл олсон. Ийм хөг хэмнэлтэй дуу тун ховор шүү. Амжилтад хүрсэн зарим дуу дуучнаас их ур чадвар шаарддаг. Зарим нь бүр дуучинд нь таашаагдахгүй тохиолдол ч бий. Харин “Waving Flag” бол тэднээс өөр. Энэ дууг хүн бүр амандаа аялдаг. Жаахан хүүхдүүд ч түүртэх юмгүй дуулчихаж болдог нь хамгийн том давуу тал. Угтаа “Waving Flag” Гайтийн иргэдэд бусдын тусламжийн гар хэрэгтэй болсон үед төрсөн дуу. Тиймээс энэ дууны үгийг надаас биш, дэлхийн хүн төрөлхтний сэтгэл зүрхнээс ургасан гэж ойлгож болно” хэмээн ярилаа.
Тэрбээр Сомалийн нийслэл Могаишу хотноо 1978 онд төрсөн бөгөөд эх нутагт нь иргэний дайн дэгдэж байх үед өсөж, өндийсөн байна. Хүүхэд ахуй насныхаа хүнд хэцүү амьдралыг тэр бусдаас нуудаггүй. “ABCs” дуундаа цагаан толгой заалгахаасаа өмнө гар буу эзэмшиж сурсан тухайгаа өгүүлсэн байдаг.
1991 онд буюу 13 насандаа K’naan гэр бүлийн хамт нисэх онгоцны буудал хаагдахын өмнөх хамгийн сүүлийн нислэгт суун Нью-Йоркийг зорьсон гэдэг. Тэндээсээ Торонто руу нүүж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм. Канад руу нүүсэн тухайгаа тэр “Мэдээж шинэ орчин, огт танихгүй хүмүүс дунд орох эхэндээ эвгүй байдаг байлаа. Гэхдээ би тэнд илүү тухтай байсан. Тэнд олон зуун Сомаличууд амьдардгаас гадна, манайх танайх гэсэн талцал байхгүй. Бүгд нийтийнх” хэмээн ярьсан.
Канадад ирсэн даруйдаа K’naan рэп дуунууд сонссоор англи хэл сурсан гэдэг. Гэхдээ хөгжмийн ертөнцөд хөл тавих гэсэн хүсэл нь эндээс эхлэлтэй гэж дүгнэх аргагүй. Түүнээс өмнө тэр шүлэг бичиж, гэр бүлийнхэндээ сонирхуулдаг байсан гэдэг.
К’naan: “Аав намайг яруу найрагч болох байх гэж боддог байсан хэмээн дурсдаг юм. Сомаличууд яруу найрагт дуртай. Би тэдний нэг учраас л дурласан хэрэг. Харин тэднээс ялгаатай нь би гэртээ үлгэр ярьдаг байсан. Энэ чадварыг Сомаличууд их үнэлж, хүндэтгэдэг юм шүү. Баасан гариг бүр айл саахалтаараа цуглаж, орой хоол хамт идэж, дараа нь нэгнээрээ үлгэр яриулдаг. Тэр нь их урт хоёр цаг гаруй үргэлжлэх нь ч бий. Яг л кинонд явж байгаа юм шиг л арга хэмжээ болдог байв. Би үлгэрчдийн нэг байсан юм”
Тэр 2002 онд дуучин Нэлли Фуртадогийн багийн гишүүн болох Жэрвис Черчтэй танилцсан нь урлагийн замд гараа болсон гэхэд хилсдэхгүй. Энэ тухайгаа “Тэр надад “Эндэхийн уран бүтээлчид нэг хэвд цутгасан мэт адилхан байдаг. Харин чи миний сонирхлыг их татаж байна” гэж хэлж байсан” хэмээн дурсав. Удалгүй тэд хамтран ажиллаж, K’naan-ы 2005 онд гаргасан “The Dusty Foot Philosopher” цомгийг хийсэн гэдэг. Үүнээс дөрвөн жилийн дараа “Troubadour” хэмээх цомог гаргасан нь “Junos” наадмаас оны шилдэг дуучин, хөгжмийн зохиолч хэмээх шагналыг авчирсан.
-“Troubadour” цомогтоо та “old school”-ын тухай дуулсан байсан. Хип хопын тухай төрсөн Таны анхны сэтгэгдэл гэж ойлгож болох уу? -Үнэндээ надад төрсөн анхны сэтгэгдлээс биш, миний авьяаснаас л төрсөн дуу байх. (инээв) Хуучны дуунууд бүгд л цаанаа нэг түүхтэй байдаг. Тэр нь миний сонирхлыг их татаж, тэр тухай дуулах хүсэл бадраасан.
-Хип хоп үүсэж хөгжиж байхдаа ямар нэгэн үйл явдлаас санаагаа авч, дуу зохиодог байсан бол орчин үед энэ байдал их чөлөөтэй болж, хүн бүр өөрийн хүссэн сэдвээр дуулж байна. Харин та хэрхэн дуугаа зохиодог вэ? -Би зүгээр л толгойд орсноо тэр дор нь үглэн, дуу болгоод бичүүлчихдэг. “Troubadour” цомогт багтсан дуунуудын үгийг гэхэд л би огт сууж бичээгүй. Санаанд орсноо тэр даруйд нь дуулж, бичүүлсэн. Энэ нь илүү сонирхолтой байдаг юм. Гэхдээ үүнийг freestyle гэж нэрлэх нь арай л оновчгүй санагдаж байна.
-Та дэлхийн олон орноор аяллаа. Бусад улс үндэстний зан заншлын онцлог уран бүтээлд тань нөлөөлдөг үү? -Тийм гэж бодож байна. Бурхны авралаар надад хэд хэдэн орноор аялж, амьдрах боломж олдсон. Хоорондоо эрч ялгаатай орчинд байна гэдэг амьдралын арвин туршлага хуримтлуулах боломж олгодог юм билээ. Энэ байдал ухааныг минь тэлсэн байх гэж бодогддог юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment