Saturday, January 22, 2011

Холливудын “Хөөрхөнийхөн”




Нэрт жүжигчин Том Крузийнх бүл нэмж, үрийн зулай үнэрлэснээс хэдхэн сарын дараа барууны шар сониныхон “Хөөрхөнийхөн” гэх шинэ нэр томъёо хэрэглэх болсон. Бяцхан Суриг мэндэлснээс хойш хэдэн сарын турш хэвлэлийнхэн түүний тухай таамаг дэвшүүлж элдвээр бичих болсон нь тэднийг гэр бүлийн зургаа “Vanity Fair” сэтгүүлд нийтэлж, охиныхоо тухай олон нийтэд дэлгэхээс аргагүйд хүргэсэн гэдэг.
Өнөө папараццичдын анхаарлын төвд байж, үнэ цэнээ алдахгүй байгаа Холливудын гэр бүлүүдийн нэг бол яах аргагүй Крузийнхэн. Тиймээс тэдний тухай бичсэн “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагчийн нийтлэлийг орчуулан хүргэе.

Би Колорадо мужийн Теллюрайд хотод байдаг эдлэнгийн харшид тухлан сууж байна. Эл эдлэн мянга гаруй ам км талбайтайн дээр, би нэрт жүжигчин Том Круз, Кэти Холмес нарын унтлагын өрөөнд долоо хоногийн хамгийн сайхан гэж хэлж болох эхний өдөр зочилсон тул тухлахаас ч аргагүй.
Тэднийд байх хугацаандаа би Крузийн гэр бүлийн гишүүнээс өөрцгүй байлаа. Морь унаж, явган аяллаар явах, зугаалгаар явах гээд тэд бүх гэр бүлийн арга хэмжээндээ намайг уриалгахан оролцуулсан. Тэр бүрийдээ, тэр ч байтугай өдрийн турш Том, Кэти нар охин Суригээ дэргэдээсээ үл холдуулна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг энд л мэдэрч болмоор. Хооллох бүрт Том Кэти хоёр хүүхдүүдийн хамт, бас томын ээж Мари Ли, эгч Кэсс болон түүний хүүхдүүд болон Кэтигийн аав Мартин, ээж Кэтлин зэрэг ойр дотнынх нь 15 хүн гээд өнөр өтгөн гэр бүл ширээ тойрон суудаг аж.
Харин хоолны цагаас бусад үеэр хүүхдүүд тусгайлан зассан унтлагын өрөөндөө гүйлдэн тоглож, инээлдэн, элдвийг ярилцаж шуугиантай өнжнө. Хэрэв Белла, Коннор нар (Том Круз Николь Кидман нарын өргөж авсан хүүхдүүд) арай багахан байсан бол унтахынх нь өмнө үлгэр ярьж өгч, багагүй цагийг тэдэнд зарцуулах байсан нь эргэлзээгүй.
Энэ нийтлэл маань үнэндээ Том Крузийн сонирхол татам зөгнөлт кинонууд болон түүний амжилтын тухай биш. Тиймээс ч ярилцах боломж олдмогц л “Би хөөрхөн бяцхан охины тухай нийтлэл бичихээр ирсэн юм шүү” гэдгээ сануулсан.
Өглөө бүр “Хөөрхөнийхөн” шалаас тааз хүртэл шийдсэн саруулхан цонхоор Колорадогийн үзэсгэлэнт Роки уул харагдах унтлагын өрөөндөө сэрдэг. Белла Коннор хоёр улаан өнгийн хөвөн зөөлөн даавуугаар хийсэн хөнжлийн даавууны цаанаас өндийж, тэмтэчсээр углаашаа өмсөнө.
Харин Том, Кэти, Сури нар хааны ордонд л баймаар том орон дээрээ тухлан унтдаг аж. Гэхдээ тэдний унтлагын өрөөний содон зүйлс үүгээр дуусахгүй. Кэтигийн нөхөртөө зориулан урласан хөвөнтэй хөнжил эрхгүй хараа булаана. Зүйж оёсон хөнжлийн хэсэг бүрт тэдний гэр бүлийн зургийг буулгасан байх аж. “Хөөрхөнийхний” бараг өглөө бүр нэг хэвийн байдалтайгаар өдрийг угтдаг. Энэ гэрийн гишүүн бүр бяцхан Суригийн өглөөний ундыг түрүүлэн бэлдэх гэж уралдана.
Унтлагын өрөөнд хөтлөх шатны хананд хүүхдүүдийнх нь зураг өлгөөтэй харагдана. Бас Том, Кэти нарын болзож байх үеийн торгон мөчүүдийг хальснаа буулгасан сонирхолтой зургууд ч нүд хужирлана. Тэд 2005 оны зургадугаар сард анх болзсон гэдэг. Том хамгийн анхны болзоогоо тун романтик орчинд хийхийг хүссэн тул Кэтиг Эйффелийн цамхагийн дээд давхарт урьсан байна. Төлөвлөсөн ёсоор болзоо ч амжилттай болж хос оройжин шөнийн Парисыг тольджээ. Гэрлэх санал тавихын өмнө Том өвдөг дээрээ сөхөрч суугаад хоёр хуудас гаруй өөрийн гараар бичсэн шүлгээ уншсан аж.
Харин өнөөдөр тэд охин Суригаа бүүвэйлэн тайвшруулахад л хамаг анхаарлаа хандуулах болж. 3370 грамм жинтэй, 50.8 см урттай мэндэлж байсан Сури хэдийнэ дөрвөн нас хүрсэн ч тэд өнөө хэр энэ зангаа хаяагүй байна билээ. Сури аавынхаа хүрэн бор үсийг дуурайсан юм билээ. Харин Том охиноо ээжийнхээ уруул, нүдийг дуурайсан гэж дүгнэдэг бөгөөд “Та хоёрын хэнтэй нь илүү адилхан бэ” гэсэн асуултад минь “Би түүнийг Кэтиг дуурайсан гэж боддог” хэмээн хариулсан бол Кэти “Суригийн нүд Томынхтой адилхан. Тиймээс аавыгаа дуурайсан юм шиг л санагддаг” хэмээн хариулав.
Харин үрийн зулай үнэрлэсэн сэтгэгдлээ тэд бусад залуу эцэг эхчүүдийн л адил сэтгэл хөдлөн хуваалцсан. Кэти энэ тухайгаа “Эмч охиныг минь авчирч өгөхөд л эх хүний жаргал ямар байдгийг ойлгосон. Тэр үед төрж байсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Миний хэлж чадах цорын ганц зүйл бол би охиныхоо нүд рүү хараад л “Ингээд л эх хүн боллоо” гэж бодсон” гэв. Сонирхолтой нь Сури аав, ээж хоёрынхоо болзооны нэг жилийн ойн өдөр мэндэлжээ.
“Сури бол бурхнаас бидэнд илгээсэн бэлэг. Охин минь ямар гайхамшигтай сайхан гээч” хэмээн сэтгэл хөдлөн ярих Кэти жирэмсэн байх үеэ дурсахаа ч мартсангүй. Тэр бүр анхнаасаа л хэвлий дэх бяцхан үрээ охин гэдгийг нь мэдэрдэг байж. Энэ тухайгаа тэр “Би есөн сарын турш ягаан өнгөнд дурласан. Тиймээс эргэлзээгүй охин гэж боддог байлаа” гэсэн.
Судалгаанаас харахад эцэг эхчүүд ЭХО оношлогоогоор хүүхдийнхээ хүйсийг мэдэхээс өмнө охин гэдгийг нь зөнгөөрөө мэдэрч, нэрийг нь сонгочих тохиолдол түгээмэл байдаг аж. Крузийнхэн ч тэдний нэг. “Бидний хэн хэн нь охин гэж таамаглаж байсан учир хүйсийг нь мэдэхээсээ өмнө нэрийг нь сонгочихсон байсан. Зарим найз маань нэр сонгоход тус болохоор хүүхдийн нэрсийн жагсаалт бүхий ном илгээсэн. Сури гэдэг нэр бидний хэн хэнийх нь анхаарлыг илүүтэй татсан тул бараг нэгэн дуугаар “Сури Круз” гэж билээ. Хожим нь энэ нэр “Улаан сарнай” гэсэн утгатай болохыг мэдсэн. Тиймээс Сури бол бидний хувьд төгс нэр” хэмээн Том ярилаа.
Тэднийд байхад яг л зуслангийн дүнзэн байшинд суугаа мэт сэтгэгдэл төрдөг. Цэвэр агаар сэнгэнэж, Орегоноос авчирсан зөгийн балны өнгөтэй модоор өнгөлсөн учраас тэр. Том өрөөндөө томоос том чулуун зуух байрлуулж, тосгоны жирийн л айлынх шиг орчин бүрдүүлж. Тиймээс ч энэ өрөөндөө өдрийн ихэнх цагийг өнгөрүүлнэ. Бас галын өрөө, хооллох өрөөнд ч багагүй цаг үднэ.
Тэднийх бас бяцхан жуулчид байрлах байшинтай. Уугуул нутгийнхан нь “чичиргээ” хэмээн хочлох моддын дунд байрлах байшингийн цонхоор хандгай харагдах нь ч цөөнгүй.
Тэр ийм байшинтай болохыг бүр 1990 онд л мөрөөдөж, төлөвлгөгөө гаргасан гэнэ. Тэр мөрөөдлийн байшингаа уулын хормойд барьж тэндээ найз нөхөд, ойр дотнынхноо урьж, хүүхдүүд шуугилдсан өнөр бүлтэй болохыг төсөөлөн боддог байж. Тиймдээ ч “Би амьдралынхаа туршид аав болохыг хүсэж ирсэн. Хүүхдүүд минь надаар бахархаж, би тэднийгээ хайрлан, бүхнийг тэднийхээ төлөө зориулна гэж өөртөө хэлдэг байлаа” гэж ярьсан. Крузийн спорт, адал явдалд дуртайг гэрчлэх зүйлс цөөнгүй. Бартаат замын мотоциклийн дугуйн мөр эдлэнд нь хаа сайгүй харагдахын зэрэгцээ тэд намайг байх хугацаанд гэр бүлээрээ морин зугаалга хийж, загасчлан, явган аялалд гарсан. Бас хадам аавтайгаа хамт тоглохоор гольфийн талбай ч бариад амжиж.
Үдшийн цагаар тэд ил зуухны өмнө цуглана. Вандан сандал дээр сууж галд ээн, элдвийг хуучлах суух энэ үйл ажиллагаагаа тэд “Гэр бүлийн цугларалт” гэж нэрлэдэг. Хачиртай талх эсвэл шарсан мах, зарим үед зайрмагаар яриагаа хачирлах нь ч цөөнгүй. Энэ үед цугласан хүмүүсийн анхаарал ихэвчлэн Суригийн зүг хандаж, ярианы сэдэв ч голчлон түүний тухай байдаг гэнэ.
Суриг мэндлээд удаагүй байхад хэвлэлийн төлөөлөгчид нь Томоос гэр бүлийн зургаа хэвлэлд нийтлэх үү гэсэн санал тавихад татгалзжээ. Гэвч удалгүй тэр охиныхоо зургийг үзүүлэх нь тэдний үүрэг мэт ойлголт олны дунд хэдийнэ хэвшчихсэнийг ойлгож, “Vanity Fair” сэтгүүлийг сонгон байна.
Суриг гурван сар хүртэл Том Кэти нар туршлага багатай, ёстой л залуу аав, ээж байж. Тэд Лос-Анжелест амьдарч, Пенелопа Круз, Уилл Смит болох түүний гэргий Жада Пинкетт Смит зэрэг найз нөхдөө гэртээ урин, оройн хоолоо зоогийн газраас захиалдаг хотын залуу гэр бүлүүдийн адил аж төрж байв. Суриг төрөх үед “Биелэгдэшгүй даалгавар 3” киноны сурталчилгааны ажил дөнгөж л дуусаж байж. Тиймээс Суритэй тэр бүр хамт байж чадаагүй гэдэг. Энэ тухайгаа Том “Манай гэр бүлийн гишүүн бүр Суритэй аль болох олон цаг хамт байхыг хүсдэг байсан. Бас бид гэр бүлийн зургаа хэвлэлд гаргахыг хүсдэг байсан. Зүгээр л бүхэл бүтэн зургийн багийг гэртээ авчран хөл үймээн дэгдээхийг хүсээгүй юм. Охинтой хамт өнгөрүүлдэг цөөхөн цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээж байснаас тэр. Учир нь бидний хэн нь ч тэр цаг хугацааг эргүүлэн авчирч чадахгүй шүү дээ. Тиймээс хэвлэлд охиныхоо зургийг нийтлэх зохимжтой цагийг л хүлээж байсан” гэв. Харин Кэти “Удалгүй энэ бүх галзуурал эхэлсэн. Бидний ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох бүрт л сэтгүүлчид “Сури хаана байгаа юм бэ” гэсэн асуултаа тоть шиг давтаж тэр бүрт нь Том бид хоёр бие бие рүүгээ хараад “Та яг юу хэлэх гээд байна вэ. Бид ямар нэгэн юм нуухыг оролдож байна гэж үү” гэж асуултыг нь асуултаар хариулдаг байсан” гэж ярив.
Охиныхоо зургийг өндөр үнээр зарах уу гэсэн саналд ч тэд татгалздаг байсан. Тэр үеэр Брэд Питт Анжелина Жоли нар охин Шилогийнхоо зургийг багагүй хөлс авч байж, “People” сэтгүүлд нийтлэн, олсон орлогоо хүмүүнлэгийн байгууллагад хандивласан юм. Тиймээс л ийм жишиг тогтоох гэсэн сэтгүүлийнхэн өрсөлдөн үнэ хөлс амлаж байсан аж. Гэсэн ч тэд нэг ч доллар авалгүй охиныхоо зургийг нийтлэх зөвшөөрөл өгч, тухайн үедээ багагүй дуулиан тарьж байсан.
Багагүй хүлээсний эцэст долдугаар сарын сүүлээр Крузийн хэвлэлийн төлөөлөгч над руу залгаж, хосын шийдвэрийн талаар дуулгаж билээ. Таван хоногийн турш зураг авахуулахдаа Том Кэти нарын хэн нь ч гомдоллоогүйгээр үл барам өөрийн санаа оноог ч харамгүй хуваалцаж байсан.
Харин энэ удаад Том “Үр хүүхэдтэй болно гэдэг амьдралыг тэр чигт нь өөрчилдөг. Энэ өөрчлөлтийг мэдрээгүй эцэг эх хорвоо дээр үгүй гэдэгт би бат итгэлтэй байна” хэмээн аав болсны дараа ямар сэтгэгдэл төрсөн тухайгаа ярив.
Орой ширээ тойрон хятад, тайланд маягийн хоол идэх зуураа Кэти хүүхдүүдийнхээ тухай, харин Том тэднийг өсөж том болоход хамтдаа юу хийхийг хүсэж мөрөөддөгөө ярив. Кэти “Белла Коннор нар дүүгээ хэрхэн асарч байгааг, бас хамтдаа байгааг, хөгжилтэй зүйлс ярин инээлдэхийг нь сонсох сайхан байдаг юм” гэсэн бол “Том Белла Коннор нар том болох тусам би ч бас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болдог. Бид тэднийгээ том болмогц нь хамтдаа Климанжаро ууланд авирна гэж төлөвлөж байгаа. Удахгүй ээ, нэг л мэдэхэд бид дэлхийн зулайд гарна” гэв. Түүний яриа ширээний ард суусан хүн бүрийг хөгжөөсөн. Харин надад тэр даруй “Том хэдийнэ амжилтын оргилд гарчихаад, бидэнд рүү өндрөөс харж байгаа нэгэн” гэсэн бодол төрөх нь тэр.

No comments:

Post a Comment