Sunday, January 23, 2011
Карлос Слим: Дэлхийн хамгийн баян хүн байх эсэх нь чухал биш
“Forbes” сэтгүүлийнхэн жил бүр дэлхийн толгой баячуудын жагсаалтыг гаргадаг. 2010 онд эл жагсаалтыг тэргүүлсэн Карлос Слимийг энэ удаагийн “Ларри Кингийн шилдэг ярилцлага”аар онцолж байна. Тэд “Larry King Live” нэвтрүүлгийн Лос-Анжлес дахь студид уулзаж ярилцсан бөгөөд ярилцлагын хаан түүнтэй уулзсанаа нэр хүндийн хэрэг хэмээн хэлж байсан удаатай.
-Тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? -Юуны өмнө нэвтрүүлэгтээ урьсанд тань баярлалаа, Ларри. Тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлснээ мэдсэн даруйд надад ямар ч онцгой сэтгэгдэл төрөөгүй. Би өмнө нь ч эл жагсаалтад төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан. Дэлхийн хамгийн баян хүн байх эсэх нь чухал биш. Миний хувьд юу чухал вэ өмнөх ажлаа хийж чадаж байгаа эсэх, бас компаниа хэрхэн удирдаж байна вэ гэдэг л чухал. Ялангуяа олон хүний хөрөнгө оруулалттай компанийг хэрхэн удирдаж, хатуу ширүүн бизнесийн шуурганд хэрхэн хөл алдахгүй, алдагдал багатай ашиг ихтэй ажиллах вэ гэдэг анхаарлыг минь нэн түрүүнд татдаг.
-Гэхдээ ийн өргөмжлүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг биш үү? -Үгүй ээ. Энэ чинь тэмцээн биш шүү дээ. Өрсөлдөөн ч биш. Өрсөлдөөн гэдэг чинь нэг салбарт хүч сорьж буй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хооронд өрнөдөг юм.
-2010 оны гуравдугаар сард “Forbes” сэтгүүлийнхэн эл жагсаалтаа гаргаж, таны хөрөнгийг 53.5 тэрбум доллар гэж тодорхойлсон. Энэ үнэнд нийцсэн тоо баримт уу?
-Би үнэндээ орлого, болон хөрөнгө маань хэрхэн өсөж байгаад төдийлэн анхаарал хандуулдаггүй юм. Салбар компанийн гүйцэтгэх захирлууд энэ тал дээр анхаарал тавьж, харин бид удирдлага, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хариуцдаг. Эдийн засгийн өөрчлөлтөөс хамааран бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлздэг. Бүр өдөр бүр өөрчлөгдөх нь ч бий. Тэр бүрийд түргэн хөрвөж, орчин, нөхцлөөс хамааруулан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг зөв зохистой тогтоох нь чухал. Бизнесийн салбарт хүч сорьж буй хүмүүс алхам бүрээ маш хянуур, ухаалаг хийх хэрэгтэй. Тэгж байж л ажил хэрэг урагшилж, амжилт гаргадаг.
-Та одоогоор яг хэдэн компанид хөрөнгө оруулж, хэдийг удирдаж байна вэ?
-Үндсэн компани маань хэд хэдэн охин компанитай. Тэр бүр нь жижиг компаниудыг удирддаг. Бид санхүүгийн зах зээлд ч хүч сорьдог тул цөөнгүй энэ төрлийн компанитай. Тэдгээрт хөрөнгө оруулалтын болон арилжааны банк, даатгалын компаниуд бий. Намайг үндсэн компаниа байгуулснаас 45 жил өнгөрсөн байна. Гэхдээ л тэр үе ердөө л гурав дөрөвхөн хоногийн өмнө болсон юм шиг л тод санагддаг. Бид анх Латин Америк болон АНУ-ын цахилгаан холбооны салбарт хүч сорьж, бизнесийн гараагаа эхэлж байлаа. Удалгүй уул уурхай болон үйлдвэрлэл эрхлэх болсон.
-Тэгээд та энэ бүхнийг хэрхэн удирдаж авч явдаг юм бэ?
-Би хэзээ ч энэ тухай бодож байсангүй. Бизнест хүч сорихоор л шийдсэн бол юун түрүүнд бизнесийн тухай хангалттай мэдлэгтэй байх ёстой. Үүний дараа тэр олон тоо өөрийн эрхгүй нүдэнд дасаад хэзээний танил шиг л болчихдог. Ар араасаа хөвөрсөн олог тоог зүгээр харах биш, яг л үг өгүүлбэр шиг уншиж байгаа юм шиг утгыг нь ойлгодог болчихдог.
Би алдаж, онохын аль ч үед өрсөлдөгчидтэйгөө хамтран ажилла гэсэн зарчим баримталдаг. Хэрэв олон улсын чанартай бизнес эрхлэх гэж байгаа бол үндэстэн бүрийн онцлогийн тухай мэддэг байх хэрэгтэй. Америк бизнест эрхлэх гэж байгаа бол юун түрүүнд тус улсад очиж, иргэд нь юу бодож, юу хүсэж мөрөөддөггийг судлах хэрэгтэй гэсэн үг. Энэ үед тэдгээр олон тоо аяндаа л “яриад” эхэлдэг.
-Тэдгээр олон тоо танд дандаа л эергээр нөлөөлдөг байсан уу?
-Тийм байх гэж бодож байна. Зарим хүн үг үсэг, өгүүлбэрийн утгыг олохдоо гаргууд сайн байдаг бол зарим нь тоог гарын арван хуруу шиг сайн мэддэг. Тэдгээр тоог өөрийн хүссэнээр удирдаж, “уншиж” чаддаг болчихвол компаниудын үйл ажиллагаа хэрхэн явагддагийг түвэггүй олоод мэдчихнэ.
-Танай гэр бүлийнхэн 200 гаруй компанийг удирдан ажиллуулдаг. Мексикт гэхэд л хамгийн том ажил олгогч нь та. Заримдаа хэтэрхий их хариуцлага үүрч байгаа юм шиг санагддаг уу?
-Заримдаа тэгж бодогдох үе гардаг шүү. Ямар ч тохиолдолд эрх ямба гэдэг түүнтэйгээ дүйцэхүйц үүрэг хариуцлага дагуулдаг. Ганцхан би, эсвэл манай гэр бүлийнхэн үүрэг хариуцлага хүлээдэг юм биш, энэ дэлхий дээрх хүн бүр л өөрийн гэсэн үүрэг, хариуцлагатай. Харин бид бүхэл бүтэн баг удирддаг гэдгээрээ бусдаас арай илүү хариуцлага хүлээдэг байх.
-Та нийт хэдэн ажилтан, албан хаагчтай вэ?
-250 мянга орчин гэж бодож байна.
-Дэлхий даяар уу?
-Америк, Мексик, Латин Америкийн орнуудад.
-Энэ бүхэн хэдийнээс эхэлсэн юм бэ?
-Их олон жилийн өмнөөс. Тэр үед би 12 настай байсан шиг санагдаж байна. Анх бусад компаниудад хөрөнгө оруулж байсан.
-12 настай байхдаа гэнэ ээ.
-Түүнээс жаахан бага ч байсан байж мэднэ. Эхлээд би өөрийн нэр дээр данс нээсэн. Түүнээсээ ашиг орлого олохын тулд хувьцаа худалдан авч байлаа. Тэр хувьцаагаа 10 жилийн турш өсгөсөөр 10 хувь болгосон санагдана. Энэ төрлийн бизнес сонирхлыг минь багагүй татсан тул би удалгүй хувьцаагаа үнэт цаас болгосон. Мэдээж энэ бүхэнд аав маань тусалж, мөнгөтэй хэрхэн харьцах талаар зөвлөгөө өгдөг байлаа. Бас Мексикт долоо хоносныхоо төлөө мөнгө авдаг байлаа.
-Тэтгэмж үү?
-Тийм ээ, тэтгэмж. Аав маань гэр бүлийн орлого зарлагын жижигхэн дэвтэр гарган хөтөлдөг байсан. Тэр үед надад мөнгө хэрэггүй юм шиг л санагддаг байж билээ. Учир нь манай гэр бүлийнхэн мөнгөөр гачигддаггүй байлаа. Манай том хувийн байшинтай байсан. Аав минь 1920 оны үед хэдийнэ хөлөө олчихсон бийлэгжүү бизнесмэн байсан.
-Тэгэхээр та хөрөнгөтэй айлын хүү байх нь ээ?
-Тийм ээ.
-Гэхдээ гэр бүлийнхнийхээ цуглуулснаас ч их хөрөнгө хуримтлуулж, амжилтад хүрч чадсан. Тийм үү?
-Тийм ээ.
-Карлос Слим Мексикийн хамгийн анхны зочид буудал болох “Женев”-ийг эзэмшигч. 1990 онд тэр “Telmex” гэх цахилгаан холбооны компани байгуулж, Мексик үйлдвэрүүдээ хувьчилж эхлэхэд цөөнгүйг нь худалдан авсан нэгэн. Үүнээс арван жилийн дараа тэр үүрэн телефоны бизнес эрхэлж, энэ нь Америк, Латин Америкийн орнуудын хамгийн том харилцаа холбооны компани болон өргөжжээ. Бас Мексикийн хамгийн ттом сүлжээ зоогийн газар түүний мэдэлд байдаг. Түүнлчэн банк санхүү, агаарын тээвэр, уул уурхай, зочид буудал, даатгалын салбар болон тамхи болон баглаа боодлын үйлдвэрлэл гэсэн салбарт ч хэдийнэ өөрийн хүч сориод амжиж. Та энэ бүхнийг өөроийн болгож чадна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Үгүй дээ. Би танд өмнө хэлсэн шүү дээ. Анх компаниа 1965 онд байгуулж байлаа. Одоогоор баглаа боодлын үйлдвэрлэлээ бүр мөсөн орхиж, тамхины үйлдвэрээ найз нөхдөдөө худалдчихсан. Одоо бол салбар бүрт цоройх биш, нэг л чиглэлээ голчлон барьж,түүндээ анхаарлаа хандуулах бодолтой байна. Мэдээж бидэнд бусад салбарт хүч сорих, үйлдвэрүүд худалдан авах хөрөнгө хангалттай бий. Гэхдээ би өнгөрсөн 45 жилийн хугацаанд олон зүйл рүү үсчих биш, нэг л салбараа дагнах нь зүйтэй гэдгийг ойлгосон.
-Танд өөр сонирхол бий юү?
-Сайхан асуулт байна.
-Тийм учраас л би асуусан юм.
-Нэгдүгээрт би аливаад ажиглалт хийх дуртай. Гэхдээ энэ нь миний ажлын нэг хэсэг юм.
-Аав тань таны амжилтыг харж чадсан уу?
-Чадаагүй. Аав минь намайг 13 настай байхад өөд болсон. Би тэр үед дэндүү жаахан байлаа. Гэхдээ аав минь намайг жаахан байхаас хувьцаа худалдан авч, өөрт тохирсон жижигхэн бизнес эрхэлж байгааг мэддэг байсан. Үүнд би баяртай байдаг юм. Аав минь миний юу хийдгийг мэддэг учраас хүүхдүүдээ бизнесийн ухаанд сургах гэж дэлгүүр нээн ажиллуулж байж билээ. Аав минь 1911 онд компаниа байгуулсан. Энэ компани нь 1929 оны наймдугаар сард хөрөнгө мөнгөний асудлаас болж, хаалгаа барьсан. Гэхдээ аав ийм өдөр ирнэ гэдгийг сайн мэдэж байсан. Тиймээс 1929 онд үйл ажиллагааг нь зогсоож, 1940 онд худалдсан. Тэр энэ бүхнээрээ бидэнд сургамж хайрлахыг их хичээдэг байж билээ.
-Та хэдүүлээ вэ?
-Зургуул. Аав, ээж минь зургаан хөвгүүн төрүүлж өсгөсөн. Би тав дахь нь. Гэхдээ тэднээс эсэн мэнд байгаа нь том ах бид хоёр л байна.
-Та хүүхдүүдээ аавынхаа арга барилаар хүмүүжүүлсэн үү?
-Тийм ээ.
-Танай аав Леван хүн гэсэн байх аа. Слим гэдэг Леван нэр үү?
-Яг ч тийм биш. Аав минь Леванаас Мексик руу цагаачилж ирсэн нь үнэн. Гэхдээ Слим леван нэр биш байх. Миний мэдэхээр элэнц өвөө минь тийм овогтой байсан. Түүнээс өмнөх үеийнхэн ямар овогтой байсныг мэдэхгүй байна.
-Аав тань Мексик бүсгүйтэй гэрлэсэн үү?
-Ээж минь Мексикт төрсөн боловч леван үндэстэн.
Subscribe to:
Post Comments (Atom)
heden nastai hun be. ah duu naraasaa talaas iluug n aldchihsan baidag n haramsaltai...
ReplyDelete