Sunday, January 23, 2011
Үүрд мөнхийн Шер
Түүний дуунууд тавин жилийн турш “Сүүлийн арван жилийн шилдэг уран бүтээл” номинацийг тэргүүлж буй. Тиймээс ч түүнийг шоу бизнесийн ертөнцөд хамгийн олон жил ноёлж буй дива хэмээн өргөмжилдөг биз. Энэ гайхалтайн эмэгтэйн авьяас дуулах төдийхнөр дуусахгүй. Үүнийг батлах гэсэн мэт Кино академийнхан түүнд санал нэгтэйгээр “Оскар”-ын шагнал олгосон. Түүнчлэн тэрбээр “Алтан бөмбөрцөг”-ийг гурвантаа хүртэж, “Эмми”, “Грэмми”-гийн шагналыг ч хамаад амжсан. Өнгөрөгч сард сүр дуулиантай нээлтээ хийсэн “Burlesque” кинонд тоглож, шоу бизнесийн ертөнцөд эргэн ирсэнээ зарласан түүний тухай нийтлэл “Vanity Fair” сэтгүүлд хэвлэгдсэнийг орчуулан хүргэе.
Өдгөө 64 настай Шер хэвлэл мэдээллийнхэнтэй төдийлэн түншилдэгггүй. Харин энэ удаад дуучин Кристина Агулератай хамт “Burlesque” хэмээх кинонд тоглосон нь бидэнд уулзах боломж олгосон юм. Гэхдээ энэ удаад тэр тун нээлттэй байж, хүйсээ солиулсан хүүхдийнхээ төлөө хэрхэн тэмцдэг тухайгаа, жүжигчин Мэрил Стриптэй юуны улмаас муудалцсанаа ч нуулгүй ярьсан юм.
Бид түүний Малибу дахь далайн эргээс холгүй байх байшинд уулзаж ярилцлаа. Энд Том Хэнкс, Бритни Спирс, Брэд Анжелина зэрэг шоу бизнесийн ертөнцийн олон арван алдартан амьдардаг. Харин Шер энд хамгийн олон жил амьдарч буй уугуул оршин суугч байж ч мэднэ.
Намайг очмогц туслах нь хүлээн авч, зочны өрөөнд хүлээж байхыг хүслээ. Энд суухад Номхон далайн түрлэг далайн эрэг цохин цалгилж байх нь сонсогдох тул тун таатай. 2007 онд Шер Мартин Лауренс Буллардтай сүй тавих үедээ готик хэв маягийн тавилгуудаа дуудлагаар худалдаж, байшингийнхээ тохижилтыг үндсээр нь өөрчилж байсан удаатай. Лауренс Буллард өрөөний дотоод заслаа нэгэнтээ “Шер сири, морокко хэв маягийн тавилганд тун дуртай. Бас индонез, хятадын эртний эдлэл ч цуглуулдаг” хэмээн тайлбарлаж байсныг би тод санаж байна. Тэр цагаас хойш Шер байшиндаа их засвар хийгээгүй нь илт. Зочны өрөөний таазыг XVI зууны Морокко үндэстний хэв маягаар чимэглэн будаж, хүрээг нь алтан навчисаар гоёжээ. Ийн намайг тэдний байшинтай танилцаж суутал Шер намайг унтлагын өрөөндөө дуудуулах нь тэр. Мартины хүсэлтээр Наташа Рамбовагийн эдэлж хэрэглэж байсан орыг өрөөнийхөө голд байрлуулсан харагдана. Эл ороо тэр “MGM” студийнхний зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр худалдан авсан аж.
Тэр өөрийн дотоод ертөнцөө нээхийн өмнө хамгийн сүүлд хэзээ ярилцлага өгч байснаа ч мартчихсанаа надад сонирхууллаа. Цонхны дэргэдэх буйдан дээр хөлөө ачин сууснаа, “За бид хоёр цагийн турш юун тухай ярих билээ” хэмээн асууснаар бидний ярилцлага эхлэх нь тэр. Тэр намайг хариулахыг ч хүлээлгүй “Малибугийн үзэсгэлэн дахин давтагдашгүй сайхан. Энэ байшингаа худалддаггүйн нэг шалтгаан нь тэр. Хэдийгээр ганц бие миний хувьд дэндүү том ч, энэ сайхнаас холдомгүй санагддаг юм” хэмээн яриагаа үргэлжлүүллээ. Мэдээж энэ түүнд байдаг цорын ганц байшин биш. Хавайд нэг байшин байдаг бол, хотод түүний мэдлийн орон сууцны байр ч бий.
Жийнсэн өмд, спорт маягийн цамц өмсөж, улбар шар пүүз углан, нүүрээ будаагүй суух түүнийг зэрвэсхэн харвал 100 сая гаруй хувь цомог борлуулсан рок од гэхээсээ илүү өсвөр насны охин гэж л харахаар байв. Хиймэл үсэнд дуртай гэдгийг нь хүн бүр мэдэх ч өнөөдөр түүнийгээ ч зүүсэнгүй. Угтаа түүний үс нэлээд урт, тас хар өнгөтэй аж. Тэр намайг ирэхийн өмнө гамм уншиж, хоолойн дасгалаа хийж байж. Коллизейтэй гурван жилийн хугацаатай байгуулсан тэрбээр тус театраас жилд 60 сая долларын хөлс авч, нийт 200 тоглолт хийхээр тохирчээ.
Зөвхөн урагшаа
Өнгөрөгч намар болсон “MTV Video Music Awards”-ын шагнал гардуулах ёслолын үеэр Шер нэвт гэрэлтсэн хувцас өмсөж, багагүй шуугиан тарьсан. Сонирхолтой нь тэр 20 жилийн өмнө нэгэн арга хэмжээний үеэр үүнтэй төстэй загварын хувцас өмсөж байсан гэдэг. Лэди Гагад шагнал гардуулахын өмнө хувцаслалтынхаа тухай “Тэнд цугласан уран бүтээлчдээс хамгийн хөгшин, бас хамгийн урт, сэгсгэр үстэй нь, хамгийн богино хувцастай нь би байх шиг байна” хэмээн хэлж үзэгчдийг багагүй хөгжөөчихсөн.
Түүний улс төрд оролцох сонирхолгүй ч, улс орныхоо асуудалд багагүй санаа тавьдаг нэгэн гэдгийг “Би уран бүтээлч учир улс төрийг төдийлэн сонирхдоггүй. Түүнчлэн цаашид илүү их орлого олох тул татвараа ахиу төлөх хэдий ч өгсөн мөнгийг минь хэнд ч хэрэггүй зүйлд бүү үрээсэй гэж хүсэж байна. Энэ татварыг би зовж зүдэрч буй эх орон нэгтнүүддээ зориулан төлж байгаа юм. Хэрэв та ширээн дээрх хоолондоо санаа зовохооргүй хангалуун амьдарч байгаа бол идэх хоол ч үгүй хоосон ширээний ард суугаа нэгэндээ санаа тавих хэрэгтэй” хэмээн ярьснаас нь түвэггүй ойлгож болно. Тиймдээ ч Бушийн бодлогыг тууштай эсэргүүцэж байж.
Бүхнийг Соннигийн төлөө
Шер хэр барагтай л өөрийн байр сууринаас няцаж, эргэж буцаж байсан удаагүй. Шулуун шударга, өөрийн үзэл бодлоос буцдаггүй зарчимч хүмүүсийн манлайлагч нэгэн. Харин охиных нь ээдрээтэй амьдрал түүнийг эрхгүй зөөлөрч, амьдралын эрээн бараантай эвлэрэн, зарчимч зангаасаа татгалзахад хүргэж байж. 1995 онд түүний охин Сонни Боно ижил хүйстнээ сонирхогч гэдгээ зарласан нь тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж, шар хэвлэлийнхэн хэсэгтээ л бичих сэдэвтэй болж байсан. Харин Шер энэ бүхэнд бухимдаж, охиныхоо бэлгийн чиг хандлагыг үл зөвшөөрөн, тэмцэж байсан цаг саяхан. Гэсэн ч Сонни бууж өгөлгүй эр хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэж, өнгөрөгч оны тавдугаар сард нэрээ солиулан Чаз Боно болгожээ. Шер ч түүнийг эсэргүүцэхээ больж, өдгөө муу муухай бүхнээс хүүгээ хамгаалж буй. Энэ тухайгаа тэр “Тэр маш ухаалаг охин… хүү. Би нэг хэсэгтээ л түүнийг юу гэж дуудахаа мэдэхгүй тээнэгэлздэг байлаа. Харин охин минь энэ бүхнийг тун хүлээцтэй хүлээж авсан. Одоо тэр надад, миний хандлагад сэтгэл хангалуун байх болсон. Учир нь би дүүг нь төрснөөс хойш түүнийг Частити гэж дууддаг болсон юм” гэв.
Чазын дүүг Элияа Блю Олмэн гэдэг. Урлагийн салбарыг сонгосон тэрбээр “Олмэний ах дүүс” хамтлагийг үндэслэгч Грег Олмэний хүү аж. Шер түүнтэй 1975 онд гэрлэсэн боловч тэдний хамтын амьдрал тийм ч урт настай байгаагүй. Олмэний геройнд донтох болсон нь Шерийг хүнд байдалд оруулж, гэр бүлээ цуцлуулахад хүргэсэн гэдэг. Энэ тухайгаа тэр “Би түүнд хайртай байсан. Гэхдээ хүүгийн минь дэргэд байж, хэзээ нэгэн цагт өрх гэр толгойлж, эцэг хүн болох Элияад муу үлгэр дуурайл үзүүлэхийг нь би зөвшөөрч чадаагүй юм” хэмээн дурссан.
Тэр үгээ удаан зөөж, хүүхдүүдийнхээ тухай яриагаа “Тэд тун дотно байдаг юм. Элияад элдэв бэрхшээл тулгарах үед шууд л эгч рүүгээ очдог. Хүү маань дүрслэх урлагийн бүтээл хийдэг юм. Хоёр ч урлантай. Тэд багадаа хоёул авьяаслаг, урлагийн мэдрэмжтэй, бас хүмүүжилтэй сайн хүүхэд байсан. Харамсалтай нь тэднийг өсөж томроход бүх зүйл өөрчлөгдсөн. 12 настай жаахан охин байхаасаа л бага насны хүүхэд асардаг байсан Сонни маань өдгөө Чаз нэртэй сайн эцэг болсон” хэмээн үргэлжлүүллээ.
Шер өрх толгойлсон эмэгтэй шиг хүүхдүүдээ ганцаар өсгөсөн. Тиймээс ч Элияа, Чаз нарын бага насны дурсамжийг түүнээс илүү мэдэх хүн үгүй. Тиймээс тэр 30 гаруй жилийн өмнөх амьдралаа “Элияа эгчийгээ дандаа Да-Ди-Да гэж дууддаг байж билээ. Харин бид түүнийг нь товчлоод зүгээр л Да гэдэг болсон” хэмээн дурссан.
Дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хувь заяа
Калифорнийн Эл Центрод төрсөн Шер бага насаа Холливудаас 30 минут яваад л хүрэх Валли гэх дүүрэгт өнгөрөөжээ. Тэр бүр жаахан байхаасаа алдартай нэгэн болно хэмээн амны уншлага шиг л хүн бүрт ярьдаг байж.
Олонх оддын адил түүний бага нас тарчиг, хүнд амьдрал дунд өнгөрчээ. Аав нь түүнийг бүр жаахан байхад нь орхин одсон тул тэр Католик сүмийн дэргэдэх хүүхэд асран хүмүүжүүлэх төвд өссөн байна. Гэхдээ түүнээс ч өмнө Шерийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж. Үүнийгээ тэр “Ээж минь намайг олсон, төрүүлсэн тухайгаа олон жилийн дараа дурсан ярьсан юм. Үнэндээ би хүсээгүй хүүхэд байсан гэдэг. Ээж хэтэрхий залуу, бас аавтай насаараа хамт амьдрах хүсэлгүй тул эмээд энэ тухайгаа хэлж, үр хөндүүлэх зөвшөөрөл авсан гэдэг. Хэдийгээр эмээ “Охин минь чамайг гэрэл гэгээлтэй амьдрал хүлээж байна” гэж хэлсэн боловч үр хөндүүлэхийг нь хориогүй гэсэн. Тэгээд л ээж эмнэлэгт очиж, бүр орон дээр нь гаран хэвтэж, эцсийн мөчид гэнэтхэн л “Эмч ээ, би ингэж чадахгүй нь. Хойшид ямар үр дагавар гарах нь хамаа алга. Ямар ч байсан үүнийг хийж чадахгүй нь” гэсэн юм билээ. Эмээ минь их урт насалсан. 13 настай байхдаа л ээжийг олж, амьдралыг хатуу хөтүүг дэндүү эрт амссан тул надад багагүй түшиг болдог байсан. Тэр 96 насандаа өөд болсон юм. Тэр хүртэлээ манай хажууханд амьдардаг байсан” гэв.
Шерийн ээж, эмээ нь тун тогтворгүй амьдралын хэмнэлтэй хүмүүс. Ээж Жоржиа Холт нь гэхэд л найман удаа гэрлэж байж. Үүнээс гурван удаа нь Шерийн аавтай гэрлэсэн байна. Энэ нь түүний амьдралд багагүй нөлөөлсөн тухайд Шер “Бидний амьдрал эх захгүй, зах замбараагүй байсан. Солиотой мэт шийдвэрүүд ар араасаа л үргэлжилнэ. Ээжтэй гэрлэсэн эрчүүдийн олонх нь урлагийн салбарынх байсан. Зураач, бүжигчин, загвар өмсөгч гээд л… Тиймээс ээж надад нэгэнтээ “Чи л тогтвортой амьдрал зохиох хэрэгтэй” гэж захисан. Хариуд нь би “Тогтвортой амьдрал гэж манай хөршүүдийнх шиг амьдралыг хэлдэг юм бол би тэдэн шиг байхыг хүсэхгүй байна” гэж билээ” хэмээв.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment