Ихэвчлэн судалгааны багийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг өгүүлэл хэлбэрээр нийтэлдэг хамгийн нэр хүндтэй, чансаа өндөртэй сэтгүүл бол “Nature”. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, судалгаа хийж байгаа эрдэмтдийн нэгэн мөрөөдөл нь эл сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн судалгааны багт оролцож, нэрээ “Nature” сэтгүүлийн хуудаснаас харах гээд хэлчихвэл хол зөрөхгүй. Тиймээс ч “Nature” сэтгүүлд нэр нь гарсан эрдэмтдээ мөнгөн шагнал болон цол, зэргээр урамшуулах тогтолцоо хөгжингүй орнуудад түгээмэл. Японд гэхэд л болзолгүйгээр профессор болгох шийдвэр гаргасан байдаг аж.
Эл сэтгүүлийн 2006 оны гуравдугаар сарын дугаарт нийтлэгдсэн “Хүний чихний хулхины хэлбэр ABCC11 ген аллелийн олон хэв шинжээр тодорхойлогдох нь” өгүүллийн судалгааны багт багтаж, өөрийн нэрийг тус сэтгүүлийн хуудаснаа бичүүлсэн анагаах ухааны доктор, дэд профессор, ЭМШУИС-ийн Докторантур магистрантурын албаны дарга, Нүүр ам судлалын сургуулийн сонсгол хэл яриа заслын их эмч Г.Ариунтуултай уулзаж ярилцлаа.
-“Nature” сэтгүүл гэхээр уншигчид тэр бүр мэдэхгүй. Энэ сэтгүүлд өгүүллээ хэвлүүлэх, хэвлэгдсэн өгүүллийн судалгааны багт багтах нь хэр ач холбогдолтой юм бэ?
-“Nature” сэтгүүл нь олон улсын түвшинд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй эрдэмтэд өөрийн бүтээлийг хэвлүүлдэг олон улсын сэтгүүл юм. Impact Factor буюу зэрэглэл, чансааны хувьд нэгдүгээрт бичигддэг. Шинжлэх ухааны сэдвээр дагнан нийтлэл, өгүүлэл гаргадаг олон улсын сэтгүүлүүдийн чансаа тогтоохын тулд Шинжлэх ухааны мэдээллийн институтийг үндэслэгч Гарфелд гэгч хүн Impact Factor-ыг үндэслэсэн байдаг юм билээ. Эл чансааг жил бүр гаргадаг бөгөөд сэтгүүлүүд хэр эрэлттэй байгаа болон тус сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээс эрдэмтэд хэр олон удаа иш татаж, судалгааны бүтээлдээ оруулж байгааг нь үндэслэн оноо өгч, жагсаадаг. Өнгөрсөн оны хувьд “Nature” сэтгүүл 30.98 оноотой байсан. Энэ нь харьцангуй өндөр оноо. “Nature”-ийн араас жагссан сэтгүүлүүд хорь гаруй оноотой л хоёр, гуравдугаарт жагссан байдаг. Тиймээс эл сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн судалгааны багт орно гэдэг нэр хүндийн хэрэг.
-Мэдээж чансаа өндөр сэтгүүл учир нийтлэх өгүүллүүддээ өндөр шалгуураар сонгодог байх.
-Тийм ээ. Жил бүр уг сэтгүүлд хэдэн мянган судалгааны баг ажлын үр дүнгээ хэвлүүлэхээр хүсэлт гарган ханддаг. Тэднээс тун цөөн хэсэг нь л зөвшөөрсөн хариу сонсдог юм билээ. Нийтлэх өгүүллээ тус сэтгүүлийн редокторын зөвлөл сонгон шалгаруулдаг. Ингэхдээ судалгааны багт ямар эрдэмтэд багтаж байгаа, судалгааны ажлын сэдэв, үр дүн нь хэр бодитой, түүнийгээ хэрхэн танилцуусан зэргийг шалгуур болгодог.
Бидний хувьд судалгааны багийн бүрэлдэхүүнд дэлхийд танигдсан эрдэмтэд орсноос гадна Ази, Америк, Европ тивийн эрдэмтэд нэгдсэн олон улсын судалгааны баг гэдгээрээ өгүүлэл нь хүлээн зөвшөөрөгдсөн. Мэдээж судалгааны үр дүнг чухалчилна. Түүнээс гадна хүний чихний хулхины генийг судалснаараа бид дэлхийд анхдагч учир энэ хүчин зүйл ч бас багагүй нөлөөлсөн байх. Сэтгүүл бүр өөрийн гэсэн шалгууртай байдаг. Тэр шалгуурт нь нийцсэн учир эхний сонгон шалгаруулалтаар л бидний өгүүлэл тэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдэх эрх олж авсан. Зарим судалгааны бүтээл тус сэтгүүлийн редакторын зөвлөлийн хурлаар гурав дөрвөн удаа орж байж, тэнцэх нь ч бий.
-Тэгэхээр судалгааны багийн ахлагч багаа бүрдүүлэхдээ ч чамгүй өндөр шалгуур тавьж, эрдэмтдээ сонгодог байх. Танд эл судалгааны багт багтаж боломж хэрхэн олдсон юм бэ?
-Би анагаах ухааны докторын зэргээ Японы Нагоя хот дахь Айчи Гакуин их сургуульд суралцан, 2003-2006 онд судалгаа хийж, хамгаалсан. Энэ хугацаанд дэлхийд нэр хүндтэй эрдэмтэдтэй танилцах, тэдэнтэй хамт судалгаа хийх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, боломж олддог байсан. Түүнчлэн докторын зэргээ “Төрөлхийн уруул, тагнайн сэтэрхий Монгол хүүхдийн генийн өөрчлөлттэй холбоотой эсэх” гэсэн сэдвээр хамгаалсан маань Нагасакигийн их сургуулийн дэргэдэх Хүний генийг судалгааны багтай хамтарч ажиллан, үр дүнгээ “Nature” сэтгүүлд нийтлүүлэхэд нөлөөлсөн болов уу. Мэдээж тус багийн гишүүнээр ороход тодорхой хэмжээний шалгуур тавьсан. Тэр шалгуурт нь тэнцээд Монголоосоо анх удаа тус сэтгүүлд нэрээ бичүүлсэн маань миний сайных биш, хамтран ажилласан эрдэмтэд маань өндөр чадвартай, дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд байсан учраас л тэр.
Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд манай сургууль, тэр дундаа Нүүр ам судлалын сургуулийн олон улс дахь хамтын ажиллагаа өргөжиж, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдээрээ дэлхий нийтэд танигдах болсон нь надад олон улсын судалгааны багтай хамтарч ажиллахад дөхөм болсон. Манай эрдэмтэд дэлхий нийтэд танигдах болсны баталгаа нь зөвхөн ЭМШУИС-аас гэхэд л сүүлийн таван жилд 43 эрдэмтэд чансаа дээгүүрт бичигддэг сэтгүүлд судалгааны бүтээлээ нийтлүүлсэн явдал мөн.
-Танаас өөр “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны бүтээлд хамтран ажилласан монгол эрдэмтэн бий юү?
-Одоогоор байхгүй. Тиймээс ч манай багийнхан монгол эрдэмтэн анх удаа эрдэмтдийн мөрөөдөл болсон “Nature” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн судалгааны багт багтсанд их баяртай байгаа.
-Манай эрдэмтдэд “Nature” сэтгүүлд үр дүнгээ хэвлүүлэхүйц судалгаа хийх нөхцөл бололцоо хэр байдаг вэ?
-Биоанагаахын суурь судалгааны чиглэлээр “Nature” сэтгүүлд хэвлэх түвшний судалгаа хийх лаборатори өнөөдөр манайд нээлтээ хийлээ. Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эл лаборатори ЭМШУИС-д “Сургалт судалгааний төв” гэх нэртэйгээр байгуулагдсан нь энэ. Тиймээс цаашид манай олон арван судлаачид олон улсын чансаа өндөртэй сэтгүүлд судалгааны бүтээлээ нийтлүүлэх боломж нээгдэж байна.
-Монголоос өөр ямар орны эрдэмтэд тус судалгаан дээр ажиллаж байсан бэ?
-Нагасакигийн их сургуулийн дэргэдэх Хүний генийг судлах институтийн тэргүүн Норио Никава санаачлан уг судалгааны төслийг хэрэгжүүлж, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Шведийн эрдэмдтийн хамтарсан баг бүрдүүлсэн.
-Сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны бүтээлийнхээ тухай товчхон танилцуулаач.
-Хүний чихний хулхи хуурай болон нойтон гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Хуурай хулхи Зүүн Азийн хүн амын дунд элбэг байдаг бол бусад бүсийн хүмүүс ихэвчлэн нойтон хулхитай байдаг. Эл судалгаагаараа бид чихний чихний хулхины хэлбэрийг ямар гень тодорхойлдогийг судалж, тогтоосон. Үүнээс өмнө чихний хулхины төрлийг тодорхойлдог генийг судалгаа огт хийж байгаагүй. Тиймээс бидний судалгаа энэ төрөлдөө анхных нь. Энэ генийг судалснаар цаашид чихний үрэвсэл гэх мэт чих хамар хоолойн өвчний судалгааг илүү гүнзгийрүүлэх, эмчилгээний аргыг шат ахиулах гэсэн ач холбогдолтой. Ер нь генийн судалгаа анагаах ухааны салбарт өвчний шалтгаан, тухайн хүн амын өвчлөлд өртөмтгийн байдал, эмийн бодис, вакцинд хүний бие хэрхэн хариу өгдөгийг тогтооход дөхөм болдог. Тиймээс генийн судалгааг цаасан дээр буухаас цаашгүй гэж дүгнэж болохгүй. Эл судалгааг цаашид аливаа өвчний оношлогоо, эмчилгээний шинэ арга нээхэд суурь болдог тул ач холбогдлын хувьд өндөр.
Хэдхэн жилийн өмнө манай эмч нар зөвхөн өмнөх ажлаа л хийдэг байсан. Шүдний эмч гэхэд зөвхөн шүд авах, эмчлэх ажлаа л хийдэг байсан бол сүүлийн үед судалгаа, нотолгоонд суурилсан эмчилгээ ямар үр дүнтэйг ойлгож, судалгаа хийдэг болсон байна. Эмч нар төдийгүй үйлчлүүлэгчид ч судалгааны ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгодог болжээ.
-Манай нүүр ам судлалын салбар хэр хөгжиж байна вэ?
-Тодорхой хэмжээгээр хөгжиж байна гээд дүгнэчихвэл буруудахгүй. Нүүр ам судлалын сургууль гэхэд уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийтэй хүүхдүүдэд багийн цогц эмчилгээ үзүүлэх санаачилга гаргаж, ЭНЭШТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн хамт олонтой хамтарч ажиллаж байна. Өмнө нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийтэй хүүхдүүдэд мэс засал хийгээд харагдах байдал, гоо сайхных нь талаас засаад орхичихдог байсан. Харин үүнийг хөгжингүй орнуудад цогц эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн гэж үздэггүй. Тэгэхээр хэл яриа заслын эмчилгээ хийдэг болсноор уруул, тагнайн гажигийг эмчлэх эмчилгээг олон улсын жишигт нийцсэн бүрэн цогцоор хийдэг болсон гэж хэлж болно. Мэс заслын дараа хэл яриа заслын эмчилгээ хийснээр тухайн хүүхдийг бусад хүүхэдтэй адилхан нийгэмшиж, төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.
Түүнчлэн бид төрөлхийн дүлий хүүхдүүдэд чих хамар хоолой заслын эмч нартай хамтраад эмчилгээ хийж, эхний үр дүн гараад байна. Одоогоор “Эйд” эмнэлгийн мэс засалч, анагаах ухааны доктор А.Өлзийбаяр, Улсын клиникийн төв эмнэлгийн чих хамар хоолойн эмч, мэс засалч, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн эмчтэй хамтран ажиллаж байна. Мэс заслын эмч нар имплант буюу дотор чихний суулгацыг мэс заслын аргаар суулгаснаас нэг сарын дараа аппаратаа асаахад тухайн өвчтнийг сонсож, ярьж сургах шаардлага тулгардаг. Энэ тохиолдолд сонсгол, хэл яриа заслын нарийн мэргэжлийн эмч эмчилдэг бөгөөд хэдийгээр манайд ийм эмч байхгүй ч манай сургууль санаачлан анх удаа сонсгол хэл яриа заслын эмчилгээг хийж эхлээд байна. Одоогоор гурван өвчтнийг эмчилж байна.
-Хэдэн настай хүүхдүүд вэ?
-Мэс засал хийлгэсэн хоёр хүүхэд байгаа. Нэг нь мэс засал хийх үед зургаан настай, нөгөө нь хоёр настай байсан. Эмчилгээ хийснээс хойш жил гаруй болж байна. Хоёр нас хүртлээ ямар ч дуу авиа гаргадаггүй байсан хүүхэд одоо аав аа, ээж ээ, ууя, идье, үгүй гэх мэт үг хэлж, гэр бүлийнхэнтэйгээ харилцдаг болсон.
-Тэгэхээр төрөлхийн дүлийг Монголд эмчилдэг болсон гэсэн үг үү?
-Эхний хоёр ч өвчтөнд хийсэн эмчилгээ амжилттай болсон учир тэгж ойлгож болно. Саяхныг хүртэл бид судлаачдын хүрээнд үр дүнгээ танилцуулж байлаа. Харин танай сониноор дамжуулан эдгээр ололт амжилтуудаа олон нийтэд танилцуулж байгаадаа баяртай байна.
No comments:
Post a Comment