Урлаг сонирхогчдын дунд Ази болон Номхон далайн болон Дундад Азийн орнуудын түүх, соёл урлагийн талаарх мэдээлэл түгээдгээрээ хэдийнэ нэрд гарсан “Ази Номхон далайн орнуудын урлаг” сэтгүүл 18 жилийн түүхтэй. Эл сэтгүүлийн редакторууд жил бүр дээрх орнуудад болсон урлагийн үйл явдлыг тоймлон “The Almanac” гэх боть болгон хүргэсээр тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Нийт Ази Номхон далайн орнуудын нийт 67 улсаас сонголтоо хийхдээ тэд тухайн онд олны анхаарлыг татсан үйл ажиллагаа зохион байгуулсан, урлаг соёлын байгууллагууд нь өндөр амжилт гаргасан гэх зэргийг шалгуур болгодог бөгөөд энэ сард худалдаанд гарсан “The Almanac 2011”-т Монголын орчин үеийн урлагийн тухай нийтлэл хэвлэгджээ.
Уншигчдын хүртээл болсон цагаасаа нэр хүндтэй урлаг судлаач, цуглуулагч, дуудлага худалдааны мэргэжилтэн, галерейн ажилтнуудаас мэдээлэл цуглуулж, нийтлэл бичдэг тул эл ботид багтана гэдэг багагүй ач холбогдолтой хэмээн уран бүтээлчид үздэг. Тиймээс “The Almanac 2011”-ийн редакторууд өнгөрөгч онд манай улсад урлаг соёлын ямар чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэснийг “Өнөөдөр” орчуулан хүргэе.
Монголын орчин цагийн дүрслэх урлагийн түүхийг хэдэн зууны өмнөөс тоолсон ч болно. Тодруулбал олон улсын мэргэжилтнүүд тус улсын орчин цагийн дүрслэх урлагийг Их Юань гүрний (1271-1368) үеээс улбаатай хэмээн дүгнэдэг.
Ардчилсан засаглал, зах зээлийн нийгэмд шилжээд 20 жилийн ойтойгоо золгож буй Монгол орныг алхам алхмаар хөгжиж, эдийн засгийн тогтвортой байдлаа олохоор тэмцэж байгаа улс гэж тодорхойлж болно. Тиймээс ч өнөө цагт Монголын уран бүтээлчид Засгийн газраас дэмжлэг туслалцаа хүсэж суудаг байсан тогтолцоогоо аажмаар халж, нийгэмлэг болон өөрсдийн менежментээр урлагийн салбарыг урагш нь түлхэх болжээ.
Тус улсын урлагийн холбоо, нийгэмлэгүүд дундаа хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь Монголын урлагийн зөвлөл. Тус байгууллага соёл урлаг төдийгүй боловсрол, соёлын өвийн хамгаалалд анхаарлаа хандуулж, эдгээртэй холбоотой төсөл санаачлан хэрэгжүүлж буй цөөн газруудын нэг. 2002 онд байгуулагдсан Урлагийн зөвлөл таван жилийн турш Соросын сангаас санхүүжиж байсан бол саяхнаас өөрийн сан байгуулж, Дэлхийн банктай хамтран “Залуу манлайлал” нэртэй урлаг соёлын салбарынханд мэдлэг олгох зургаан сарын сургалт явуулж эхэлсэн нь өнгөрөгч оны онцлох үйл явдлуудын нэг. Түүнчлэн тус зөвлөл ашгийн бус Улаан гэр галерейг ажиллуулдаг бөгөөд өнгөрөгч оны нэгдүгээр сард “Тархин дахь утаа” үзэсгэлэн зохион байгуулж, Монголд тулгамдаад буй утааны асуудлыг хөндсөн уран бүтээлийг дэлгэсэн юм.
Тус улсад урлагийн дэмжигч олон байгууллага үйл ажиллагаа явуулдагийн нэг нь “Хаан банк”. Тус банкны үзэсгэлэнгийн танхимд Урлагийн зөвлөлтэй хамтран зураач Б.Баттулгын “Өвгөдөөс үлдээсэн өв” (2010 оны аравдугаар сарын 2-23-нд) нэртэй үзэсгэлэнг зохион байгуулжээ. Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн байгалийн сэдэвтэй зургууд дэлгэгдсэн байна.
Монгол Улс хоёр ч орчин үеийн урлагийн музейтэй. Түүний нэг болох А.Чадраабал захиралтай Уран зургийн галерей томоохон ажил зохион байгуулсан нь 13 орны уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлийг дэлгэсэн Азийн орчин үеийн урлагийн “Азийн хөх тэнгэр” (2010 оны есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 21-нд) олон улсын үзэсгэлэн юм. Харин орчин үеийн бүтээлүүд дэлгэдэг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хэдэн зууны өмнөх дүрслэх урлагийн бүтээлүүдээс XXI зууны уран бүтээлчдийн зураг ч дэлгэгдэгээрээ онцлог. Уг музейд “Улаан гэр” галерей байрладаг гэнэ.
Социализмийн үед байгуулагдаж, өдгөө ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй цөөн байгууллагын нэг нь Монголын урдчуудын эвлэлийн хороо. Тус хороо 1942 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 600 хол давсан гишүүдтэй болоод байна. Өнгөрөгч оны хувьд дөрөвдүгээр сард Б.Нандин-Эрдэнэ, Б.Бадрал нар эрх мэдэлд хэт дулдуйдсан төрийн тогтолцоог шүүмжлэн “Төөрсөн саарал ордон” (2010 оны дөрөвдүгээр сарын 7-13-нд) нэртэй үзэсгэлэн гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцсэн.
Орчин үеийн урсгал чиглэлээр уран бүтээл туурвидаг зураачдыг нэгтгэсэн байгууллага бол “Хөх нар” төв. Ё.Далх-Очирын тэргүүлдэг тус төв олны анхаарлыг татсан нэгэн үзэсгэлэн гаргасан нь “Хөх нар-Шилдэг бүтээл” (2010 оны дөрөвдүгээр сарын 15-18-нд). Түүнчлэн залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Тунамал төгс” дизайн парк гуравдугаар сард байгуулагдсан нь тус улсын дүрслэх урлагийн салбарт гарсан томоохон ахиц мөн.
Өнгөрөгч онд Монгол улсын дүрслэх урлагийн салбарт болсон хамгийн том арга хэмжээ бол “Монгол 360” (2010 оны наймдугаар сарын 8-26-нд) үзэсгэлэн. Канадын зураг цуглуулагч Сури Япон, ХБНГУ, Мексик, Хон-Конг, Азербейжан тэргүүтэй дэлхийн өнцөг булан бүрээс урьсан 25 уран бүтээлчийг тус улсад цуглуулж, нийслэл хотоос нь 300 км зайтай орших Бага газрын чулуу хэмээх газар байрлуулж байгалийн сэдэвтэй зураг зуруулан бүтээлүүдээ Уран зургийн галерейд 2010 оны наймдугаар сарын 19-26-нд дэлгэжээ.
Дээрх байгууллагуудаас гадна Монголд үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй хэд хэдэн галерей байдгаас “Занаду” арт галерейд зураач Н.Батбаатар үзэсгэлэнгээ гаргасныг онцлох үйл явдлаар нэрлэж болно. Түүнийг 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оны шилдэг оюутан”-аар тодруулж, тэтгэлэг олгож байсан аж.
Түүнчлэн отгон галерей болох “Валиант” арт галерейг энд дурдах нь зүйтэй. Элизабет Коппагийн санаачлан байгуулсан галерей өнгөрөгч онд дуудлага худалдааны төв болж, орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг үнэ хаялцуулан борлуулах болсон нь тус улсын дүрслэх урлагийн түүхэнд түүхэнд тэмдэглэхүйц чухал үйл явдал болсон.
No comments:
Post a Comment