Saturday, January 29, 2011

Ш.ОЮУН: Гэрэлтүүлэг бол үзэгчдийн дуран


Өнөө маргаашийн талхны мөнгөнд санаа зовдоггүй атал, үзэгчдийн оюуны цэнгэл, тэдэнд өгөх үр өгөөжид толгой өвтгөн явдаг урлагийнхан гэж хачин хүмүүс. Өдөр нь хоолгүй өнжсөн ч, үзэгчид алга нижигнүүлэн ташиж, эсвэл ухаарал, уярлын нулимс унагачихвал түүнд нь цадчихдаг гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Ажил, мэргэжилдээ “дурласан” урлагийн салбарынхантай уулзах бүрт сэтгэлд гэгээ татаад л явчихдаг. Тиймээс ч тайзны уран бүтээлд насаараа гэрэл нэмж яваа нэгэнтэй уулзахсан гэсэн бодол төрж, сурагласаар мэргэжлээрээ 40 гаруй жил ажилласан ҮДБЭЧ-ын гэрлийн оператор Ш.Оюун гуайтай уулзлаа.
-Та яагаад театрын гэрлийн мэргэжилтэн болохоор шийдсэн юм бэ? -Манайх хуучин циркийн гудамжинд байсан нь намайг урлагт татагдахад их нөлөөлсөн болов уу. Гудамныхан маань тэр чигээрээ л театрт ажилладаг уран бүтээлчид, арын албаныхан байдаг тул тэднийг даган театр, циркт очиж, жүжиг тоглолт байнга үзнэ. Тэдэн дундаас аав минь Баяжихын Пүрвээ гуайтай их дотно нөхөрлөдөг байж билээ. Хоёр гэрээрээ орж гаран, би голдуу тэднийд өнжинө. Тэгтэл намайг наймдугаар ангиа төгсөх үед ээжийн минь бие муудаж, би есдүгээр ангидаа тэнцсэн боловч, ажилд орохоор боллоо. Ээж үйлдвэрт оруулахаар зэхэж байтал түүнийг нь сонссон Пүрвээ ах “Юу гэж Оюуныг үйлдвэрт оруулах вэ. Багаас урлагт сонирхолтой байсан юм чинь би театртаа оруулна” гэж билээ. Би ч дуртай зөвшөөрч, 1969 онд театрын үйлчлэгчээр ажилд орсон.
Харин гэрэлтүүлгийн ажлыг илүүтэй сонирхох болсон нь циркийн гэрлийн инженер Дашдаваа ахыг дагаж, циркт очин, гэрэлтүүлгийн тохиргоо хийхийг нь их ажигладаг байсантай холбоотой байх. Тэгээд л театрт орсныхоо дараахан Москвагийн техникумд гэрлийн техникч мэргэжил эзэмшихээр хуваарилагдсан. Эхний жилдээ Эрхүү хотод бэлтгэлд суух ёстой байдаг байлаа. Гэтэл эхний хагас жил дуусаж байтал ээжийн минь бие муудаж, намайг дуудуулсан тул сургуулиа орхин нутаг буцсан. Театрт ирмэгцээ орлогч даргадаа “Орон тоо гарвал гэрэлтүүлэгчээр ажиллуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьтал азаар орон тоо гарч, гэрэлтүүлэгчээр ажиллах болсон.Түүнээс хойш 42 жил театртаа гэрэлтүүлэг хариуцан ажиллаж байна.
-Хамгийн анх ямар уран бүтээлийн гэрэлтүүлэг хийж байв? -Шинэ ажлаа хүлээж аваад долоо ч хоноогүй байхдаа ”Эхийн дууль” жүжгийн гэрэлтүүлэгчээр ажиллах боллоо. Тэр үед мэдлэг туршлагыг дадлагаар л олж авдаг байсан. Тиймээс шууд л пистолет гэх жижигхэн бууны дуран шиг гэрэл барин, ажилдаа орсон. “Эхийн дууль” жүжгийн нэгэн үзэгдэлд хав харанхуй дунд цэцэг шидэж, түүнийг нь пистолетоор гэрэлтүүлдэг хэсэг гардаг юм. Гэтэл шинэ туршлагагүй ажилтан тул пистолетныхоо бариулыг зүрхэн тушаагаа барьтал зүрхний хэмнэлээр чичирч хөдлөөд найруулагчдаа загнуулж билээ. Хав харанхуй тайзан дээрээс жижигхэн цэцэг онож гэрэл тусгана гэдэг амаргүй. Хэрвээ тэр гэрлээ онож тусгаж чадахгүй л бол жүжгийн тэр хэсгийн бүхий л утга учир алдагдчихна. Тиймээс гэрэлтүүлэгч гэдэг их мэдрэмж, ур чадвар шаардсан хариуцлагатай ажил.
Би пистолетийг сар гаруй хариуцаж байгаад лоожинд очсон. Лоожинд очсоноос хойш л уран сайхны гэрэлтүүлэг гэж юу байдгийг ойлгосон доо. Удалгүй гэрлийн оператор болон шилжсэн. Түүнээс хойш гэрлийн пультны ард 40 гаруй жил сууж байна.
-Уран сайхны гэрэлтүүлэг ямар онцлогтой юм бэ? -Гудамжинд бүжиглэж байгаа уран бүтээлчийг театрт авчран гэрэлтүүлэгтэй бүжиглүүлэхэд үзэгчдийн хүлээж авах байдал тэс өөр болчихдог. Үүнийг л уран сайхны гэрэлтүүлэг гээд байгаа юм. Тайзан дээр болж буй үзэгдлийг гэрэл шуумны тусламжтай л сайхан эсвэл зэвцүүцэн жигшмээр муухай болгон харагдуулж болдог. Жишээлбэл Ромео Жульеттагийн сүүлийн үзэгдлийг тоглож байх үед энгийн цагаан гэрэлтэй байвал тухайн үйл явдлын утга санаа үзэгчдэд төдийлэн хүрэхгүй. Харин бүдэг гэрэл, шуумны тусламжтай тухайн орчныг бүрдүүлж, үзэгчдийг гадаад ертөнцөөс тусгаарлан үйл явдлын гүнд орон ойлгох боломж олгож байгаа юм. Тиймээс гэрэлтүүлгийг үзэгчдийн дуран гэж хэлж болно.
-Үзэгчид жүжигчид, найруулагч нарыг сайн таньдаг атал арын албаныхны хүнд ажлыг тэр бүр мэддэггүй. Гэрлийн операторчид ямар чадвартай байх шаардлагатай байдаг вэ? -Нэг үеэ бодоход үзэгчид арын албаны ажлын ач холбогдлыг ойлгодог болсон байна. Нэг жүжиг тавихын тулд жүжигчид найруулагчдаас гадна арын албаны хэдэн арван хүн ажилладаг. Зөвхөн гэрэлтүүлгийн ажилчид ч биш, хиймэл үс, оёдол, мужаан, тайз засал тус бүр хариуцсан мэргэжилтнүүдтэй. 08.00 цагт сургуулилалт эхлэх бол арын албаныхан 07.00 гэхэд цуглачихсан байдаг. Тайз засал, жүжигчдийн хувцсыг нь бэлдэхийн тулд тийм эрт ирж байгаа юм.
Гэрлийн оператор хараа сайтай, мэдрэмжтэй, сонсгол сайтай, хариуцлагатай байх ёстой.
Гэхдээ би шавь нартаа “Юун түрүүнд ажилдаа дурла” гэж захидаг юм. Намайг бэлтгэлд суралцаж байх үед манайхаас арав гаруй хүн гэрлийн техникчээр Москвагийн техникумыг төгссөн. Харамсалтай нь тэднээс одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн бараг л алга. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй юм. Сургуулиа дөнгөж төгссөн тэд дараагийн шатны мэргэжил эзэмших гэсэндээ л өөрийн сонирхсон биш, хуваарилагдсан сургуульдаа явчихсан хэрэг.
-Таныг залуу байхад гэрлийн операторч гэхээр хүмүүс гайхдаг байсан уу? -Намайг залуу байхад үзэгчид арын албаныханд төдийлэн ач холбогдол өгдөггүй байлаа. Тухайн тоглолтод оролцсон дуучид, хөгжимчдийн ур чадвар, эсвэл жүжиг тоглож дуусмагц найруулагч, жүжигчдийг нь магтаж сайшаадаг байв. Гэтэл одоо бол мэдээллийн олон сувагтай болж, үзэгчид энэ талын өндөр мэдлэгтэй болжээ. Хувцас, тайз засал, гэрэлтүүлгийнх нь онцлог, хэр ур чадвартай байсныг нь шүүн ярилцаж байгаа нь их сонсогдох болсон шүү.
Намайг залуу байхад гэрлийн оператор гэхээр гэрэлтүүлэгчийн мэргэжилтэй андуурдаг байлаа. Харин одоо бол пультны ард сууж, үзвэрийн үеэр гэрлийг удирддаг мэргэжилтэн гэдгийг харьцангуй мэддэг болсон байна.
-Найруулагч шинэ үзвэрт бэлдэхийн өмнө гэрэлтүүлгийнхэнтэй ярилцдаг уу? -Аливаа жүжиг, тоглолт тавихын өмнө найруулагч, зураачид болон гэрлийнхэнтэйгээ уулзаж ярилцаад хувцас, тайз заслаа шийддэг. Тухайн үзэгдэл шөнө болох уу, өдөр болох уу, шөнө боллоо гэхэд цас бударч байх уу, эсвэл тогтуун байх уу гэдгийг найруулагчтайгаа ярьж байгаад шийддэг. Тэр ч байтугай дээхнэ үед бол хувцасны материалаа сонгохдоо гэрэлтүүлгийнхнээс асуудаг байлаа.
-Тэр нь ямар учиртай юм бэ? -Гэрэл шингээдэг бас шингээдэггүй материал гэж байдаг. Цагаан гэрэлд тодорч харагддаггүй, заавал бүдэг гэрэлд тодордог хувцас гэж байна. Тэр бүхнийг сонгохдоо гэрлийнхэнтэй зөвлөлддөг. Тэр ч байтугай хулдаасаа сонгохдоо ч ямар өнгөтэй байхыг нь биднээс асууна. “Ээрүүлт” бүжгийг харахад улбар шар, улаан, цэнхэр, ногоон өнгө ээлжлэн яг л эрүүл эргэж байгаа шиг харагддаг.
-Гэрлийн техникчдийн ажлын сайхан нь юундаа байдаг вэ? -Миний хувьд 40 гаруй жилийн хугацаанд гурван үеийн уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа л их баярлаж, бахархаж явдаг. Ичинхорлоо, Гомбосүрэн, Оюун гуай гээд алтан үеийнхнээс эхлээд өнөөдөр УДЭТ-ын найруулагчаар ажиллаж буй бүхий л уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байлаа.
Бас үзвэр дууссаны дараа уран бүтээлчид тайзнаа гарч ёслоход үзэгчид алга нижигнүүлэн ташиж, тэдэнд баяр хүргэж байгаа нь, түүний дараа найруулагч, уран бүтээлчид бидэнтэй уулзан “Та нарын ачаар л ийм сайхан тоглолт хийлээ” гэж хэлэх үед ажлынхаа сайхныг мэдэрдэг. Мэдээж түүнээс өмнө жүжиг, тоглолтоо бэлдэж байх үед тэнэг, мангар гээд есөн шидээр хэлүүлж загнуулдаг. Бидний ажлыг мэдэхгүй хүн тэр үед харвал “Ингэж загнуулан загнуулан ажиллах ямар хэрэг байна аа” гэж толгой сэгсрэх биз. Гэхдээ тэр бүхний эцэст урмынүгс сонсож, сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, үзэгчдэд инээд хөөр, ухаарал хайрлах нь миний ажлын сайхан тал.
-Манайхан ер нь гэрэлтүүлгийн тал дээр хэр ур чадвартай вэ? -Манайд урлагийн чиглэлээр сурч байсан оюутан хэдхэн жилийн өмнө нэг жүжиг тавьж байсан юм. Тэгэхдээ ердөө ганцхан цагаан экран байрлуулж, түүндээ гэрэл сүүдрийн аргаар орчныг дүрсэлж байлаа. Жүжиг дууссаны дараа үзэгчид яг л Японд байгаа мэт сэтгэгдэл төрлөө гэж дуу алдаж байсан. Тэгэхээр манай гэрэлтүүлгийнхэн ур чадвар сайтай байгаа биз. Тоглолтын гэрэлтүүлэг бол дэлхийн түвшинд хүрч хөгжсөн. Зөвхөн гэрлийн шоу тоглолт хүртэл болж байсан шүү дээ. Харин драм, дуурийн гэрэлтүүлэг хөгжингүй орнуудынхтай харьцуулахад арай дулимаг байж мэднэ. Техник хэрэгслийн хувьд ч хоцрогдсон учир аргагүй байх л даа. Өнөө цагт тайзан дээр цасыг жинхэнээр будруулдаг болсон байна.
Саяхан Урлагийн зөвлөлийн урилгаар Америк мэргэжилтэн ирж бидэнд лекц уншсан. Тэр танай тайзны гэрлийн хэрэгслийг харчихаад бараг ухаан алдаж унах шахсан. Тэднийд бол музейд тавихаар тоног төхөөрөмж байна гэсэн. Аргагүй л дээ. Манай театр гэхэд л хурлын зориулалтаар баригдсаныг нь тухайн үеийн хүмүүс театр болгож өөрчилсөн юм билээ. Өнгөрсөн хугацаанд гэрлийн хэрэгслийг огт шинэчилж, солиогүй шүү дээ. Энэ пультыг харин саяхан шинэчлэн сольж өгсөн. Ер нь дуурь, драм гээд манай бүхий л театрууд хуучин оросын тоног төхөөрөмжтэй байгаа. Хүүхэлдэйн театр л саяхан сольсон байна билээ.
-Гэрлийнхэн жүжгийн зохиолтой танилцдаг уу? -Танилцалгүй яах вэ. Жүжигчин үгээ хэлж дууссаны дараа гэрэл солих нь түгээмэл. Тиймээс жүжигчдийн үгийг хүртэл цээжлэх шаардлага гардаг. Тиймээс сонсгол сайтай байх хэрэгтэй байдаг юм. Жүжигчин микрофон ашиглахгүй тайзан дээр ярина. Харин танхимын хамгийн ард суудаг тул сонсгол сайтай байх шаардлага тулгардаг. Зарим үед жүжигчдийн нүүрний хувирлаар гэрэл солих цаг болсныг мэдэх нь ч бий. Жүжигчин бүр харилцан адилгүй. Өгүүлбэрийнхээ төгсгөлийг залгиж ярьдаг хүмүүс байдаг. Тэр бүрт нүүрний хувирлаар нь баримжаа авна. Мэдээж тухайн үед нь туслах найруулагч богино холбоогоор гэрэл солих тухай мэдэгддэг л дээ.
Тэр ч байтугай жүжигчид би “Энэ хэсэгт жаахан өргөлт авах уу” гэх мэтээр надаас асуух нь ч бий. Тэр бүрт нь “Та нар мэргэжлийн хүмүүс шүү дээ. Надаас асууж яах нь вэ” гэхэд “Та үргэлж л урдаас хардаг юм чинь алдаа оноогоо асуумаар санагддаг юм” гэцгээнэ.
-Тэгэхээр гэрэлтүүлэгч анхаарлаа огтхон ч сарниулахгүй ажилладаг байх нь ээ? -Тэгэлгүй яах вэ. Хажууд хүн юм ярьж түүнд хэдхэн хором анхаарлаа хандуулах үед л алдаа гаргачихдаг. Тиймээс үзвэр эхлэхээс дуусах хүртэл анхаарлаа төвлөрүүлдэг.
-Одоо драмын жүжгийг гэрэлтүүлж байна уу? -Олон жил манай чуулга, драм хоёр дундаа тайз, гэрлийн ажилтнуудтай байдаг байлаа. Саяхнаас тус тусдаа ажиллагсадтай болсон. Гэхдээ УДЭТ-ын 80 жилийн ойн үеэр Б.Баатар найруулагч шинэ жүжиг найруулан тавихдаа намайг хамтран ажиллаарай гэж захиад л байгаа.
-Олон жил хамт ажиллаад гар нийлчихсэн болохоор амар байдаг юм болов уу? -Тэгдэг байх. Ер нь найруулагчид олон жил хамт ажилласан болохоор намайг гэрлийн оператороороо ажиллуулах их дуртай байдаг юм.
-Драмын жүжгийн гэрэлтүүлэг тоглолтын гэрэлтүүлгээс ялгаатай байдаг уу? -Тэгэлгүй яах вэ. Драмын жүжигт жүжигчний нүүрийг гэрэлтүүлдэг шигээ балетийн жүжигт жүжигчний нүүрийг гэрэлтүүлбэл ажлаасаа халагдаж ч мэднэ. Балетад голчлон бүжгийн жүжигчний хөлийг гэрэлтүүлдэг юм. Тэгэхгүй бол нүд нь гялбан алдаа гаргаж мэднэ. Тэгэхээр тоглолт бүр өөрийн онцлогт тохирсон гэрэлтүүлэгтэй.

No comments:

Post a Comment