Monday, January 17, 2011

Хоёр мянганы түүхтэй “Өнхрүүш”



“Өвгөн эмгэн хоёроос Өөрийн чадлаар зугтаасан…” хэмээн бардамнан дуулах Өнхрүүш дэлдэн туулай, өлөн чоно, майга маахайгаас зугтааж чадах ч, зальт үнэгнээс зайлж чадалгүй, арга мэхэнд нь автаж, аманд нь ордог үлгэрийг биднийг жаахан байхаас л аав ээж, эмээ өвөө нар ярьж өгдөг байсан. Үе үеийн багачуудад мэдлэг, сургамж хайрласан Өнхрүүш хүү: Авдрын ёроолоос авсан Атга гурилаар хийсэн Савны ёроолоос авсан Шанага гурилаар хийсэн… хэмээн дуулсаар Хүүхэлдэйн театрт зочлох гэж байна.
Үүх түүхийг нь сөхвөл

Өнхрүүш буюу “Колобок” хэмээх ардын үлгэрийг Славын орнуудаас гаралтай хэмээн тайлбар тольд тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эл богино үлгэрийг одоогоос хоёр мянга гаруй жилийн өмнө буюу НТӨ II-III (Нийтийн тооллын өмнөх) зуунд хүн төрөлхтөн хүүхэд багачууддаа ярьж өгдөг байсан гэх баримт байдаг аж.
Ам дамжин яригдсаар XIX зуунтай золгосон эл үлгэр анх А.Н.Афансьевагийн 1873 эмхтгэн гаргасан “Орос үндэстний үлгэр” цувралын нэгдүгээр ботид хэвлэгдсэн бол үүнээс хоёр жилийн дараа англи хувилбар болох “The Gingerbread man” нь “Гэгээн Николас” сэтгүүлд хэвлэгдсэн байдаг. Түүнчлэн эл үлгэр Чех, Хорват, Украйн гэх мэт слав язгуурын хэлтэй орнуудад тархаж, харин герман, норвегичууд өвөө эмээгээсээ зугтсан өнхрүүш өнчин хүүтэй тааралдан, түүний хоол болсноор төгсдөг өөрийн хувилбарыг зохиосон байдаг аж.
Сонирхуулахад “Шрек” хүүхэлдэйн кинонд гардаг жигнэмэгэн жаалын дүр орос ардын үлгэрийн баатар Өнхрүүшийн англи хувилбар гэнэ.

Бардам “Өнхрүүш” бяцхан үзэгчдэд сургамж хайрлана
Сурагчдын амралтаар Хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдэдээ бэлэг барьдаг уламжлалтай. Тэдний энэ удаагийн бэлэг нь “Өнхрүүш” хуруун хүүхэлдэйн жүжиг, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” хэмээх хүүхэлдэйн концерт.
1-6 насны үзэгчдэд зориулсан мини театрт тоглох “Өнхрүүш” жүжгийн найруулагчаар М.Ариунтуяа ажиллаж, өвөө эмээгийн дүрд соёлын тэргүүний ажилтан Т.Батжаргал, Батмөнх, залуу жүжигчин Энхбат, Энхбаяр, Гандөш, Ц.Эрдэнэцэцэг нар өнхүүш, туулай, чоно, баавгай, үнэг хүүхэлдэйг амилуулах юм.
Өнгөрөгч зун нээлтээ хийсэн “Өнхрүүш”-ийн хөгжмийн найруулгыг Ц.Байдраг, нэмэлт аялгуунуудыг тус театрын дууны инженер Э.Базарханд зохиожээ.

Мини театрт зориулсан мини тоглолт
Бяцхан тайзнаа балчирхан үзэгчдэдээ инээд хөөр, баяр баясгалан, ухаарал хайрлах мини театрын тоглолт их тайзныхтай адилгүй. Ихэвчлэн хуруу хүүхэлдэйн жүжиг тоглох энэ тайзнаа “Улаан малгайт”, “Өнхүүш” гээд сургамжит богино үлгэрүүд жүжиг хэлбэрээр тавигдах нь олонтаа. Эдгээр үлгэрийг сонгон авсан нь ч учиртай гэнэ. “Өнхрүүш” жүжиг гэхэд л баавгайн болхи, удаан байдлыг, чонын дээрэнгүй араншин, үнэгний зальжин занг бяцхан үзэгчдэд таниулж нэг талаар мэдээлэл өгч, нөгөөтэйгүүр ээж аав, өвөө эмээгийнхээ үгэнд орж байхыг багачуудад сургадаг.
Бага насны хүүхдүүдийн олонх нь харанхуйгаас эмээдэг тул мини театрын орчин их тайзныхтай адилгүй. Найман сартай багачууд ч айлчлан ирдэг тул тоглолтын турш гэрэлтэй байж, үзэгчдийн тав тухыг хангадгаас гадна айж сүрдэм мангас, догшин араатан, шулмас гэх мэт бага насны хүүхэд эмээх дүртэй жүжиг найруулагчид огт сонгодоггүй аж. Хугацааны хувьд ч их тайзнаа тоглогддог жүжгүүдээс өөр. Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөлт 30 минутаас ихгүй байдаг тул “Өнхрүүш” жүжгийг 30 минут үргэлжилэхээр найруулан тавьжээ.
“Улаан малгайт” үлгэрийн зохиолыг ялимгүй өөрчилж, чоно хорон санаагаа ухаарч, улаан малгайт ба түүний эмээтэй хамтдаа эв найртайгаар төгсдөг бол “Өнхрүүш”-ийг өнөө л та бидний сайн мэдэх хувилбараар нь үзэгчдэд хүргэх гэж буй. Ингэхдээ багачуудын анхаарлыг татахаар ая, хөгжмөөр чимэглэсэн гэнэ.

Их тайзнаас ялгарахгүй чимхлүүр ажилтай мини жүжиг
Мини тайзнаа тавигдах хуруун хүүхэлдэйн жүжиг гэхээр үзэгчид тайзны засал чимэглэл багатай, их тайзныхтай харьцуулахад ажиллагаа бага гэж эндүүрэх нь бий. Өнхрүүш хүүг “урлах” байшин, туулайн дэгдэх дов сондуул бүхий ойн зах, чонын гүйх уулын хөндий гээд л үзэгдэл бүр өөрийн тайз засалтайн дээр, жүжигчдийн хувьд ч дүр тус бүрийн ард нэг жүжигчин гээд нийт арав гаруй уран бүтээлч уг жүжигт ажиллажээ.

No comments:

Post a Comment