Редактор гэхээр л зузаан шил хамар дээрээ тохчихсон, буурал толгойтой настай хүний дүр санаанд буудаг. Тиймээс ч шинжлэх ухаан, технологийн сурах бичиг, гарын авлага, олон улсын сэтгүүл болон цуврал эрхлэн гаргадаг дэлхийд тэргүүлэх хэвлэлийн компанийн гурван ч сэтгүүлийн дэд редактороор ажилладаг эрдэмтнээс ярилцлага авахаар хүлээж суухдаа тийн төсөөлж байлаа. Гэтэл 26, 27 орчим насны залуу редакцийн хаалгаар орж ирэх нь тэр.
Дэлхийд шинжлэх ухаан, технологийн хэвлэлтээр тэргүүлдэг “Springer”, Европын инженер технологийн салбарын тэргүүлэх сургууль болох “Imperial” их сургууль гээд түүний ажилладаг газруудын нэрийг дурдахад л ямар чадварлаг залуу болох нь илэрхий. Эх орныхоо нэрийг АНУ, Их Британид гаргаж, ажил бүтээж, амжилтаараа олон орны шилдэг залуустай өрсөлдөн, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй цөөнгүй монгол залуусын нэг бол Чинчулууны Алтаннар.
Бакалавраас доктор руу үсэрсэн цөөн оюутны нэг
-Та хаана мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Би 2002 онд МУИС-ийн Математик компьютерийн сургуулийг Онолын математикийн анги, ШУТИС-ийн КТМС-ийг санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн.
-Нэгэн зэрэг хоёр сургууль төгссөн юм уу. Эчнээгээр суралцсан гэсэн үг үү?
-Үгүй ээ. Өдрийн ангид хичээллэсэн. МУИС-ийг зун, харин КТМС-ийг мөн оныхоо сүүлээр төгссөн юм. Хоёр сургуульд нэгэн зэрэг, тэр тусмаа ойролцоо мэргэжлээр сурахад ижил төрлийн хичээлүүдээ зэрэг тооцуулчихаж болдог давуу талтай. Миний хувьд математикийн үндсэн хичээлүүдээ давхардуулахгүй аль нэг сургуульд нь үзэж байсан. Түүнчлэн КТМС-ийн оюутнууд хичээл, багш болон хичээл орох цагийг өөрсдөө сонгох боломжтой. Тиймээс хичээлийнхээ хуваарийг онолын математикийн ангийнхаа хичээлтэй цагийг нь зөрүүлж сонгож байсан.
-ШУТИС-ийн КТМС-ийг босго өндөртэй, ачаалал ихтэй сургууль гэлцдэг. Элсэж орсон оюутнуудынх нь бараг хагас нь төгсөж чаддаггүй гэдэг шүү дээ.
-КТМС гэлтгүй МУИС-ийн Математик компьютерийн сургууль ч ачаалал ихтэй.
-Яагаад хоёр сургуульд зэрэг сурахаар шийдсэн юм бэ?
-Математикийн олимпиадуудад амжилттай оролцдог байсан тул МУИС-ын Онолын математикийн ангид урилгаар элсэн орсон юм. Түүний зэрэгцээ ШУТИС-д элсэлтийн шалгалт өгтөл санхүүгийн менежментийн ангид тэнцчихсэн. Тэгээд л давхар сурахаар шийдсэн хэрэг. Гэхдээ эхний жилдээ ШУТИС-д суралцалгүй, жилийн чөлөө авчихсан. Сургуулиа төгсөөд АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр докторантурт элсэн орсон.
-Докторантурт суралцахын тулд магистрын диплом шаарддаггүй юм уу?
-АНУ-д бакалавр зэрэгтэй оюутан шууд докторантурт элсэн ордог цөөн тохиодол байдаг юм билээ. Түүнийг тухайн сургуулийн зөвлөх багш шийддэг. Харин магистрийг докторын зэрэг хамгаалах явцдаа 30 кредит оноо цуглуулсан үед шууд дипломыг нь олгодог юм билээ. Флоридагийн их сургуулийг төгсчихөөд хоёр жил сургуульдаа багшилсан. 2009 оноос хойш Лондоны “Imperial” их сургуульд судлаачаар ажиллаж байна.
-Тэнд ямар судалгаа хийж байгаа вэ?
-Судалгааний ажлын маань гол сэдэв бол оновчлол. Шинжлэх ухааны энэ салбарыг үйлдлийн шинжилгээ гэх нь ч бий. Энэ нь эдийн засаг, санхүүгийн салбарт тулгараад буй бэрхшээлийг алгоритмд хувиргаж, түүнийгээ компьютерийн аргаар тооцоолон бодож, хариу гаргахыг хэлж байгаа юм. Нэг ёсондоо асуудлын хэрхэн оновчтой шийдэх вэ гэдгийг тогтоож байна гэсэн үг. Манайд хэрэглээний математикийн салбарт тооцдог ч барууны орнуудад инженерчлэлийн салбарт хамааруулдаг юм билээ. Би Флоридагийн их сургуульд суралцаж байхдаа Инженерчлэлийн сургуульд гэсэн харьяалалтай байсан. Би одоо “Imperial” их сургуулийн Системийн төвд ажиллаж байгаа. Уг төв нь матетикийн шинжлэх ухааныг ямар салбарууд, хэрхэн ашиглаж байна вэ гэдгийг судалдаг төслүүд хэрэгжүүлдэг юм. Тийм болохоор тус төвд бизнесийн сургууль, компьютерийн шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд, математикчид гээд салбар бүрийн маш олон судлаачид ажилладаг. Лондон хотыг дэлхийн санхүүгийн томоохон төв гэдэг шүү дээ. Тиймээс банк санхүүгийн маш олон байгууллага тус хотод байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагуудаас болон засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй төслүүдэд төвийнхөө эрдэмтэдтэй хамтран дүн шинжилгээ, судалгаа хийдэг. Мэдээж түүнийхээ зэрэгцээ хичээл заах тохиолдол бий.
“Springer”-т уригдсан Монгол эрдэмтэн
-“Springer”-т ажилд орохын тулд ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ?
-Би 2008 онд “Тоглоомын онолууд ба түүнийг хаана, хэрхэн хэрэглэх вэ” номоо тус компаниар хэвлүүлж байсан. Тоглоомын онолтой холбоотой сүүлийн үеийн чухал нээлтүүдийг эмхэтгэн, хоёр ч бүлгийг нь өөрөө бичиж номоо гаргасан. Мөн саяхан “Оновчлол ба оновчтой удирдлага” ном эмхэтгэн тус компанид хэвлүүлсэн. Шинжлэх ухаан, технологийн хэвлэлээр дэлхийд тэргүүлдэг тул “Springer”-т номоо хэвлүүлэхийн тулд гэрээ хийж, зөвшөөрөл авдаг. Гэрээ хийхийн өмнө хүсэлт гаргаж, өмнө хийж байсан бүтээл болон одоо эрхэлж байгаа ажлаа танилцуулсан бичиг баримт бүрдүүлэн тус компанид өгдөг. Эрдэмтдийн тэдгээр материалыг шүүж байгаад “Springer”-ийн удирдлагууд өөрсдөө дэд редактороор ажиллуулах хүсэлтэй хүмүүстээ санал тавьдаг.
-Тэгэхээр дэд редактороор ажиллах саналыг “Springer” компани танд тавьсан байх нь ээ?
-Тийм ээ. Санал тавьсаны дагуу 2007 оноос эхлэн тус компанийн сэтгүүлийн дэд редактороор ажиллаж эхэлсэн.
-“Springer”-ээс эрхлэн гаргадаг сэтгүүлийн дэд редактороор хэдэн хүн ажилладаг вэ?
-Тухайн сэтгүүлээсээ хамаарч 15-20 хүн ажилладаг. Шинжлэх ухааны сэтгүүлүүд ихэвчлэн нэг салбараа дагнаж, түүнчлэн сэтгүүл дотроо ч бүлэг бүр нь нарийвчлан өөр өөр чиглэлийн нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтэлдэг тул бүлэг бүр өөрийн хариуцсан редактортой байдаг.
-Дэд редакторууд нь ямар үүрэг хүлээдэг юм бэ?
-Тухайн нийтлэлийг сэтгүүлд тавих эсэхийг болон, тавихаар бол хаана, хэрхэн тавихыг шийддэг. Шийдвэр гаргах түвшнийх тул тухайн салбартаа мэргэшсэн байх шаардлагатай. Тэгэхээр “Springer”-ийн дэд редактороо ажиллана гэдэг нэр хүндийн хэрэг. Тиймээс ч хэвлэлийн компаниасаа ямар нэгэн цалин хөлс авдаггүй. Ажлынхаа хажуугаар л хийдэг.
Бизнес эрхлэхэд ч шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй
-Монголд үйлдлийн шинжилгээг төдийлэн мэдэхгүй. Энэ чиглэл барууны орнуудад хэр эрэлттэй байдаг вэ?
-Хөгжингүй орнуудад эрчээ авч байгаа хамгийн эрэлттэй чиглэл бол үйлдлийн шинжилгээ. Энэ чиглэлээр мэргэжил эзэмшигчид банк болон санхүүгийн зөвлөгөө өгдөг байгууллага гээд маш олон байгууллагат ажиллах боломжтой байдаг болохоор тэр биз. Манайд одоогоор бизнес салбар хөлөө олоогүй, компаниуд бужигнаад, нэг системд ороогүй байгаа тул шинжлэх ухааны энэ салбар хэрэглээнд нэвтэртэл багагүй хугацаа шаардах болов уу. Гэхдээ энэ чиглэлээр гадаад, дотоодын их сургуулиудад суралцаад эх орондоо эргэн очиж багшлахын зэрэгцээ судалгаа хийж буй олон залуу бий.
Монголд сүүлийн үед энэ чиглэл эрчимтэй хөгжиж байгаа. Гэхдээ судалгааг хэрэглээтэй холбох ажил дутмаг байх шиг байна. Хэдийгээр би Лондонд ажиллаж байгаа ч эх орондоо энэ салбарыг хөгжүүлэх талаар өөрийн чадах хэрээр ажил хийж байна. 2007 оны зун Хэрэглээний математикийн олон улсын бага хурал зохион байгуулсан. Энэ хуралд дэлхийн 17 орны 60 гаруй эрдэмтэд оролцож, илтгэл тавьсан. Мөн Физик, математикийн хүрээлэн, Монголбанктай хамтран ажилладаг.
-Монголбанкинд юу хийдэг юм бэ?
-Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байна.
-Их Британи ч бас бизнесийн салбар нь хөлөө олохгүй, олон жижиг компани бужигнаж байсан үеийг туулсан байх. Тэд ямар аргаар өнөөдрийн түвшинд хүрсэн юм бол?
-Миний уншиж мэдсэнээр асуудалд анхнаасаа их зохион байгуулалт, системтэй хандсан юм билээ. Түүний үр дүнд шинжлэх ухааныг хэрэглээтэй холбож чадсан.
-Та тоглоомын онолын тухай ном эмхэтгэн гаргасан байсан шүү дээ. Тоглоомын онол гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Энэ онолыг ихэвчлэн эдийн засаг, бизнесийн салбарт хэрэглэдэг. Жишээлбэл хоёр компани өрсөлдөх үед энэ онолыг хэрэглэдэг. Аль нэг компани нь алхам хийх үед хариу ямар бодлого баримтлах вэ гэдгийг тооцоолдог гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо тоглоом шиг байгаа биз. Тиймээс тоглоомын онол гэж нэрлэсэн байна. Бизнес гэлтгүй стратегийн бодлого, дайны үед ч энэ онолыг хэрэглэдэг.
-Тэгэхээр бизнес эрхлэхэд ч шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй байх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж жижиг худалдаа эрхэлж буй хүмүүст гүйлгээ ухаан байхад л хангалттай байдаг. Харин бизнес нь хүрээгээ тэлж, томрох тусам ямар бодлого баримталж, эдийн засгийн ямар нөхцөлд ямар алхам хийх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийддэг гэсэн үг. Тиймээс л үйлдлийн шинжилгээний мэргэжилтэн барууны орнуудад хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд багтаад байна.
Монголын боловсрол хаана ч гологдохгүй
-Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд энэ чиглэлээ түлхүү хөгжүүлбэл монголчууд эх орноо хурдацтай хөгжүүлнэ гэдэг. Уул уурхайнхан тэдэнтэй л адил зүйл ярьдаг. Манайхан ер нь аль салбараа илүү хөгжүүлэх шаардлагатай юм бол?
-Уул уурхай бидний хөгжлийг тодорхойлно гээд бүгд газар ухаад байвал утгагүй л дээ. Ер нь нэг талыг хэт барих биш, тэнцвэртэйгээр бүх салбараа жигд хөгжүүлэх нь зүйтэй болов уу.
-Эх орондоо мэргэжил эзэмшээд, магистр, докторын зэргээ гадаадад суралцан хамгаалж буй эрдэмтэд олон байх юм. Манай боловсрол хөгжингүй орнуудад гологддоггүй юм уу?
-Бакалаврын диплом хамгаалчихаад хөгжингүй орнуудад очиж ажилд орно гэвэл тэр бүр хүлээж авахгүй. Энэ нь манай их, дээд сургуулиудын олгож буй мэдлэг хангалтгүйтэй биш, Монголын боловсрол дэлхийд танигдаж, нэр хүнд олоогүйтэй холбоотой. Харин Монголдоо суралцаад олж авсан мэдлэгээрээ дараагийн магистрантур, докторантурт суралцахад манай оюутнуудын мэдлэг огт гологдохгүй. Тиймээс би Монголын боловсролыг хаана ч гологдохгүй л гэж боддог.
No comments:
Post a Comment