Wednesday, January 12, 2011

Үлгэр жишээ хосын үнэнч дурлалын түүх




Кантри хэв маягийн кинонуудынхаа зургийг авахуулахаар АНУ-ын муж бүрээр, Австрали, Хойд Америкаар шувуу шиг нүүдэллэн амьдарч ирсэн Николийн амьдралын хэмнэл кантри дуучин Кэйт Урбантай гэрлэж, Сандей Рөүз гэх хөөрхөн охинтой болсноор арайхийн өөрчлөгдсөн. “Суурин амьдрал надад таалагдаж байгаа” хэмээн өгүүлэх тэрбээр Опрагийн шоунд оролцож, хувийн амьдрал, гэрлэлт, гэр бүлийнхээ тухай анх удаа дэлгэрэнгүй ярьж байгаа нь энэ.
Тэднийг Холливудын хамгийн үлгэр жишээ хосуудын нэг хэмээдэг. Тиймдээ ч Опрагийн эл нэвтрүүлэг үзэгчдийн дунд шуугиан дэгдээж, багагүй амжилт олсон байна.

Дур булаам кантри од Кэйт Урбан

Кэйтийг гайхалтай авьяас, дур булаам төрх нь кантри хөгжмийн урсгалын томоохон төлөөлөгч, дэлхийд алдартай од болоход нөлөөлсөн хэмээдэг. Австралийн Күинсландад төрж, өссөн түүний авьяас бүр жаахан байхад нь илэрсэн гэдэг. Зургаан настай байхдаа л гитар барин, хөгжим тоглох гэж оролдох болсон түүний рок од болох замнал эндээс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. 1992 онд Нэшвилл рүү нүүхээсээ өмнө тэр Австралийн хөгжмийн хэдийнэ ертөнцөд дөрвөн ч дуугаараа тэсрэлт хийгээд амжсан байв. Үүнээс хойш Австрали төдийгүй Америкийн хөгжим сонирхогч, судлаач, шүүмжлэгчид ч түүнийг анхааралдаа авчээ. Тэр өнгөрсөн хугацаанд 11 хит дуу үйлдвэрлэж, “Грэмми”-гийн шагналыг гурвантаа хүртэж, кантри дуучдын хүртэх ёстой бүхий л шагналыг хамсан байна. 2005 он түүний хувьд уран бүтээлийн ургац арвинтайгаас гадна хувийн амьдрал нь ч багагүй өсөлт дэвшилттэй жил болсон. Хайр дурлалдаа умбасан тэрбээр дараа жил нь болзоот бүсгүй Николь Кидмантайгаа гэрлэсэн юм.
Гэхдээ Кэйтийн амьдрал үргэлж ийм дардан байсан гэвэл эндүүрэл. Тэр Никольтой гэрлэснээс хэдхэн сарын дараа л бэрхшээлтэй нүүр тулсан тухайгаа дурссан юм.
Согтууруулах ундаа, хар тамхины асуудал түүнийг амьдралыг бүхэлд нь хөмөрчих дөхжээ. Энэ тухайгаа тэр “Би сонголт хийх хэрэгтэй болсон. Ганц л удаагийн сонголт ирээдүйг минь тэр чигт нь шийдэх байсан тул би энэ удаад их хариуцлагатай хандах ёстой байсан. Үүнээс өмнө би хэд хэдэн удаа салаа замын уулзварт зогсчихсоод шийдвэр гаргаж байсан бөгөөд дандаа л буруу замыг сонгочихдог байв” хэмээхэд нь Опра түүний яриаг тасалж “Харин тухайн үед сонголтоо зөв хийхэд юу танд нөлөөлсөн бэ” гэж асуулаа. Хариуд нь Кэйт “Хайр” гэх ганц л үг хэлсэн юм.
Энэ удаад хорт зуршлаасаа татгалзахгүй л бол алдаагаа дахин давтана гэдгээ сайтар ойлгож байж. Тиймээс ч “Хэдийгээр би аялал, эрсдэлд дуртай ч одоо аяллын цаг дууссан. Эрсдэлтэй алхам хийх цаг нь биш” гэж бодогдсон гэдэг. Энэ тухайгаа тэр “Хэчнээн зөв алхам хийгээд ч дүүргэж чадахааргүй том нүх амьдралд минь үүсчихээд байгаа мэт санагдаж билээ” хэмээн дурссан.
“Шийдвэр гаргахаар өөртэйгөө тэмцэж байсан тэр үед Николь дотнын хэдэн найзуудыг минь гэртээ урьж, бяцхан үдэшлэг зохиосон нь надад олон зүйлийн тухай эргэцүүлэн бодох сэдэл төрүүлсэн. Тэр үед л бид салшгүй холбоотой хүмүүс гэх бодол төрж, муу зуршлуудаа хаяхаар эргэлт буцалтгүй шийдсэн” хэмээн тэр амьдралаа хэрхэн аварсан тухайгаа ярихаа ч мартсангүй.
Үнэхээр ч энэ шийдвэрийг гаргаснаас хэдэн жилийн дараа тэдний харилцаа улам л бат бөх болж, Холливудын үлгэр жишээ хосын нэг хэмээн үнэлэгдэхэд хүргэсэн.
Гэхдээ архи, мансууруулах бодисоос зугтах тийм ч амархан байгаагүй гэдэг. Эмчилгээ эхэлснээс хойш тэр цөөнгүй шөнө биеэ барьж тэсэлгүй, араатан шиг авирлан “Би юу ч хийхийг хүсэхгүй байна” хэмээн хашгачдаг байж. Үүнийгээ тэр “Тухайн үед бусад зүйлсийг анхаарах сөхөөгүй байсан” хэмээн тайлбарласан.
Өөртэйгөө тэмцэж байх тэр үед түүнд юу хамгийн их үгүйлэгдэж байсныг тэр ухаарсан тухайгаа “Намайг өөрөөс минь илүү нэг хүч удирдаж байх шиг санагдсан. Тэр хүчийг хүн бүр өөрийнхөөрөө тодорхойлох байх. Зарим нь бурхан гэж ч нэрлэдэг. Харин би түүнийг хайр дурлал гэдэгт итгэдэг. Намайг далдаас удирдаж, зөв зүгт чиглүүлж байсан зүйл бол хайр. Бас миний амьдралд хамгийн их үгүйлэгдэж байсан зүйл бол хайр. Өөрийгөө ч хайрладаггүй байснаа би тэгэхэд л анзаарсан” хэмээн ярьсан.
Өөрийгөө хайрлаж сурсан нь Кэйтэд бусдыг хайрлах ухааныг ч зааж сургаж. “Хэрэв би өөрийгөө хайрлаж сураагүй бол бусдыг огт хайрлахгүй байсан. Одоо эргээд бодоход Ник л надад энэ бүхнийг зааж, амьдралд минь гэрэл гэгээ нэмэн, нүдийг нь минь нээсэн” хэмээн тэр онцолж байлаа.
Тэд дотносоод удаагүй байхдаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг байж. “Вандан сандал дээр сууж, элдвийг ярилцах зуур би түүнээс “Чиний сэтгэл ямар байна даа?” гэж асууж билээ. Яагаад тийм хачин асуулт тавьж, ямар хариу хүлээж байснаа би одоо ч ойлгодоггүй юм. Тэр ч байтугай урьд өмнө хэнээс ч тийм хачин зүйл асууж байгаагүй. Харин тэр огтхон ч гайхаж, эргэлзэлгүй “Зүрх сэтгэл минь нээлттэй байна” гэж хариулж билээ. Түүний хэлсэн ухаалаг, сэтгэл татам үгсийн жаахан хэсэг нь л энэ. Энэ гайхалтай хариултын ачаар би одоо болтол байсхийгээд л “Би зүрх сэтгэлээ бүрэн нээж чадаж байна уу. Эсвэл би дотроо элдэв зүйл бодож, муу санаа агуулаад байна уу. Хэрэв тийм бол яагаад” гэх асуулт өөртөө тавьдаг болсон” хэмээн Кэйт өгүүлсэн.
Хайрлаж дурлаж үзсэн, хаягдаж зүрх нь шархалж байсан хүмүүс дахин хүнийг хайрлах ямар хэцүү болохыг мэдэх байх. Энэ л шалтгаан Кэйтийг цаг үргэлж түгшээж байж. Тиймээс ч цаг үргэлж өнгөрсөн таагүй дурсамжаа сөхөж, сэтгэл зүрхээ бүрэн нээж чадахгүй байсан гэдэг. Энэ тухайгаа тэр “Намайг цаг үргэлж “Би зөв хүнтэйгээ учирч чадсан уу? Би сайн хүн байж чадаж байгаа болов уу?” гэсэн бодол ээрч, Никт сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадахгүй байв. Өнгөрсөндөө амьдарсаар байсан намайг айдас түгшүүрээс өөр юу ч дагахгүй байлаа” гэв.
Түүнийг яриагаа хэсэг завсарламагц Опра тэднийг “Холливудын энгийн гэр бүлүүдтэй адилгүй, бурхны ивээлээр тэтгэгдсэн, хамгийн сайхан хос” гэж боддогоо хэлж, анх танилцаж түүхийг нь сонирхлоо.
Тэд Лос-Анжелес хотноо уламжлал болгон зохиогддог “G'Day L.A.” арга хэмжээний үеэр танилцжээ. Хувцас солих өрөөнд хөвөх мэт явах Николийг хармагцаа л Кэйт дурласан гэдэг. Тэгээд л түүнтэй ярилцах боломж гармагц өөрийгөө танилцуулсан аж. “Намайг өөрийгөө танилцуулах үед тэр уриалгахан яриаг минь сонссон боловч, түүний сэтгэлд нийцсэн эсэхээ би мэдэж чадаагүй. Намайг дараагийн удаад юун тухай ярихаа олж ядан будилж байтал Ник “Тантай танилцсандаа баяртай байна” гэж хэлээд л явчихсан” хэмээн хэрхэн танилцсан тухайгаа тэр дурссан. Хожим нь тэдэнд дахин уулзах боломжийг Кэйтийн дотнын найз олгожээ.

Кантри ертөнцийн од “Дөрвөн жилийн турш архи хэтрүүлэн хэрэглэж, найман жилийн хугацаанд гурван ч удаа хар тамхинаас гаргах эмчилгээ хийлгэсэн амьдралыг минь Николь л аварсан” гэж ярих дуртай. Бас “Хэрэв намайг Николь орхиод явсан бол би түүнийг ойлгох байсан. Гэвч тэр миний дэргэдээс алхам ч холдоогүй” хэмээн “Оскар”-ын шагналт жүжигчин гэргийгээрээ бахархан ярих үгй байсхийгээд л түүний амнаас уначихдаг аж.
Ярилцлагын төгсгөлд тэрбээр Никольд хандаж “Би цаашид ч өвдөг дээрээ сөгдөн бидний хайрыг ивээ хэмээн бурхнаас гуйсаар байх болно. Бурхнаас ивээгдсэн энэ сайхан гэр бүл минь л намайг аливаа зүйлд олон талаас нь ханддаг, бусдад зүрх сэтгэлээ нээдэг болгон өөрчилсөн. Тиймээс би тэднийхээ төлөө илүү сайн эр хүн, сайн нөхөр, сайн аав болохыг хүсэж байна. Үдэш бүр би надаас илүү чамайг минь хайрлах хүн үгүй гэдгийг ойлгодог. Бидний амьдралд баримтлах хамгийн чухал зарчим бол хэзээд бие биедээ итгэх юм шүү” хэмээлээ.
Николь Кидманы нууцлаг дотоод ертөнц

Байгалийн эхийн төлөө тэмцэгч, “Оскар”-ын шагнал хүртсэн хамгийн дур булаам хатагтай гэвэл гарцаагүй Николь Кидманы дүр санаанд тань буух биз ээ. “Австрали”, “Цаг” гэх бүтээлүүдээрээ кино академийн “Шилдэг эмэгтэй жүжигчин” гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн тэрбээр улаан хивснээ алхаж, зураг авахуулаагүй үелээ Нэшвилл дэх гэртээ сайн гэрийн эзэгтэйн хэв маягаар амьдрах болсоор цөөнгүй жилийг ардаа үдсэн.
“Кэйтийг хайрлах хамгийн том шалтгаан бол тэр зөвхөн хайртай гэдгээрээ үгээр илэрхийлээд зогсохгүй, үйл хөдлөлөөрөө ч баталдаг. Гэрлэлт гэдэг миний бодлоор ямар ч бэрхшээл тохиосон өдөр бүр амьдралаа сайн сайхан болгох гэж тэмцэхийг л хэлэх болов уу” хэмээн өөрийн бодол, дотоод ертөнцөө илэн далангуй илэрхийлсэн яриагаар тэр ярилцлагаа эхэлсэн.
Мөн тэр “Теннеси бол амьдрахад хамгийн тохиромжтой газар гэдгийг би саяхнаас ойлгох болсон. Энд би дуртай үедээ гадагшаа гарч, явган зугаалга ч хийж болно. Зарим хүн тансаг хэрэглээг эрхэмлэдэг байхад зарим нь эд хөрөнгө, тансаг байдлыг үл ойшоодог. Кэйт бид хоёр бол нам гүм, тайван амьдралыг таалагчдын нэг. Тиймээс Нэшвиллд амьдрах нь бидэнд таалагддаг” гэв. Харин охиндоо яагаад Сандей Рөүз гэх нэр сонгосон тухай нь асуухад “Надад хоёр хэсэгтэй нэр таалагддаг юм. Гэхдээ бид охиноо Санни гэж дууддаг” хэмээн хариулсан.
Их дэлгүүр, зураг авахуулах талбай гээд Николь хаана ч явсан охиноо дэргэдээ байлгах дуртай гэнэ. Тиймээс хамгийн дуртай зүйл болох каппучиногоо уухаар явахдаа ч охиноо гараасаа салгадаггүй гэнэ. Хачирхайлтай нь кофены сонголтын хувьд ээж, охин хоёрын ижилхэн. Кафед очиж, захиалга өгөх үеэр бяцхан Санни өөртөө ч бас нэг каппучино захиалахаа мартдаггүй гэнэ. Харин тэр үед Николь сандран “Үгүй, үгүй, охин минь кофе уухгүй” хэмээн залруулдаг байна.
Тэдний хамтдаа хийдэг олон зүйлсийн нэг нь усанд орох. “Хөөстэй усанд суугаад бяцхан мөрөө ил гаргасан охиноо харах ямар өхөөрдөм гээч” хэмээн тэр уулга алдлаа. Гэхдээ түүний дуу алдах нь үүгээр дууссангүй. Продюссерээр нь ажилласан “Туулайн нүх” киног нь Опра магтаж, “Энэ бүтээлээрээ “Оскар”-ын шагнал авна гэдэгт чинь эргэлзэхгүй байна шүү” гэхэд “Бурхан минь, Опра та миний кино үзсэн юм уу” хэмээн сэтгэл хөдлөлөө нуулгүй гаргасан.
Хайр, гэр бүл, үхлээс ч илүү өгүүлэх киноныхоо тухай тэр “Би киногоороо эцэг эхийн хайр халамжийн тухай гаргахыг зорьсон. Дэндүү сэтгэл хөдлөл ихтэй санагдах мэт боловч итгэл найдвар гэдэг ямар хүчтэй зүйл болохыг түүгээр дамжуулан гаргахыг хүссэн юм. Киног минь үзсэн хүн бүр гэр бүлийнхээ амьдралд хэрхэн хандаж байгаа талаараа эргэн нэг эргэцүүлэн бодоосой гэж хүссэн” гэв.

No comments:

Post a Comment