Хэлбэр, хийц энгийн атал өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж өдгөө 160 гаруй оронд тархсан эл хөгжмийн зэмсэг бол хэл хуур. Хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдалгүй XXI зууны босго алхсан эл хөгжмийн зэмсэг ямар үндэстнээс үүсэлтэйг албан ёсоор тогтоогоогүй ч манай улсад зан үйлдээ хэрэглэсээр багаар бодоход хоёр мянганыг ардаа үлдсэн тул яах аргагүй Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэгт тооцдог.
Хэл хуур хэмээсний учир
Уян харимхайн хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн нэг нь хэл хуур. Орчин цагт хэл хуурыг аман хуур хэмээн эндүүрэх нь ч бий. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж, авиа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан болон ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалын онцлогоос хамаарч ангилан ялгасан нэршил аж. Төмөр хуур вааран хэлбэртэй бөгөөд чичирхийлэл үүсгэхийн тулд хэлний үзүүр хэсэгт матаастай байдаг бол хулсан хуур ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэрийн хэл нь үзүүртээ товхтой байдаг.
Онгодын хөлөг
Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой хэл хуурыг бөө, удганууд хөгжмийн зэмсэг гэхээсээ илүүтэй онгодын хөлөг хэмээн эрхэмлэдэг. Орон зайг товчлох энэ ид шидтэй зэмсгийн ачаар бөө, удганы онгод залран ирдэг хэмээн үздэгээс ийн нэрлэж, эрхэмлэн дээдэлдэг аж. Бөө, удганууд өөрсдийн онгодын хөлгийг эзэмшихийн тулд “онгодын хөлөг амилуулах” гэх тусгай зан үйл үйлдсэний дараагаар эл зэмсгээ өөрийн болгож, бусдад дамжуулахгүйгээр хэрэглэдэг онцлогтой. Гэвч хэл хуур ашиглалгүй онгодоо дууддаг бөө ч цөөнгүй.
Хэл хуур хэрхэн дэлхийн олонх оронд тархсан тухайд аман цуур судлаач Баатаржав “Өдгөө дэлхийн 100 гаруй оронд бөөгийн шашин тархсан байдаг бөгөөд хэл хуур 160 гаруй оронд тархсан нь ч үүнтэй холбоотой. Шашны зан үйлийг дагаж дэлхийн бусад орнуудад суурьшсанаас гадна хийц энгийн атал дугаралт нь дахин давтагдашгүй, тоглож сурахад цуур гэх мэт язгуур хөгжмийн зэмсгийг бодвол харьцангуй хялбар байдаг нь олон улсын урлаг соёлын салбарт нэвтрэхэд багагүй нөлөөлсөн” хэмээн ярилаа.
Үүсэл гарал нь үл мэдэгдэх тэнгэрийн хөгжим
Хэдийгээр нэн эртний түүхтэй атал дэлхийн олон оронд тархсан ч хэл хуурын үүсэл хөгжлийн талаарх таамаглал өнөө хэр нэг мөр шийдэгдээгүй л байна. Тэр ч байтугай ямар үндэстнээс үүсэлтэй болохыг ч баталсан баримт жишээ үгүй юм. Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой боловч бөөгийн шашны үүслийг ч түүхчид өнөө хэр тогтоогоогүйн дээр, хэл хуур шашны зан үйлээс үүдэлтэй эсэхийг ч тандан судалж амжаагүй байгаа.
Ямартай ч манай улсад Хүннүгийн үед буюу нарийвчилбал НТӨ (Нийтийн тооллын өмнөх) III-I зуунд монголчууд хэл хуур эдэлж хэрэглэж байсан болохыг гэрчлэх ясан хуур Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас олдсон Хүннүгийн үеийн булшнаас олдсон тухай Д.Цэвээндорж тэмдэглэсэн байдаг. Уг булшийг 1989 онд Унгар, ОХУ, Монгол улсын эрдэмтдийн хамтарсан шинжилгээний анги малтаж, судалсан байдаг.
Түүнчлэн хэл хуурыг бөө мөргөлийн зан үйлээс өмнө үүссэн гэдгийг баталж чадвал энэ хөгжмийн зэмсэг 25 мянгаас ч доошгүй настай гэж үзэж болох юм. Учир нь АНУ-ын эрдэмтэд уугуул иргэд болох индианчуудыг тус тивд очихдоо бөө мөргөлийн шашинтай байсныг тогтоосон бөгөөд Ази тивээс Берингийн хоолойгоор дамжиж ирсэн нүүдлийг 20-25 мянган жилийн өмнө болсон хэмээн тодорхойлсон байна.
Одоогоор хэл хуурын үүсэл гарлын тухайд эрдэмтэд нэг л зүйл дээр санал нэгдсэн байдаг бөгөөд тэр нь төмөр хуур хүрэл зэвсгийн үеэс үүдэлтэй хэмээсэн таамаг. Хөгжим сонирхогчид хулсан хуур дэлхийн олон оронд тархсанаас үндэслэн хамгийн отгон хэл хуур хэмээн тодорхойлдог боловч хөгжим судлаачид энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Тэд ясан болон хулсан хуурыг хэл хуурын хамгийн эртний хэлбэр гэж таамагладаг аж.
Хамгийн үнэтэй нь якут төмөр хуур
Дэлхийн өнцөг булан бүрт тархахдаа хэл хуур өнгө төрх, хэлбэр хийцээ төдийлэн өөрчлөөгүй ч, вьетнам хэл хуур утсан татлагагүй байдаг онцлогтой. Энэ мэт жижиг өөрчлөлтөөс хамааран дуугарлтын хувьд ч харилцан адилгүй бөгөөд Якут, Монголын хэл хуурыг хамгийн тод дуутай хэмээдэг. Түүнчлэн ясан, төмөр, хулсан гэх гурван төрлийн хуур зэрэг хөгжиж, өнөө хэр хадгалагдсаар байгаа цорын ганц үндэстэн нь Монгол. Тиймдээ ч Монголын зарим ардын хөгжим судлаачид эл хөгжмийн зэмсгийг Төв Азиас үүсэлтэй гэх санал дэвшүүлдэг.
АНУ дахь хөгжмийн зэмсгийн дэлгүүрт ч хүрч амжсан хэл хуурын төрлүүдээс хамгийн ховор нь ясан хуур. Харин хамгийн үнэтэй нь нэг бүр нь 500 долларын үнэтэй якут хуур. Якут буюу Саха урианхайчууд ихэвчлэн төмөр хуураар хөгжимддөг бөгөөд хуураа урлаж буй гангаа ч тусгайлсан технологиор боловсруулдаг тул ийм үнэд хүрдэг гэнэ.
No comments:
Post a Comment