Monday, January 31, 2011
Дүлийн зовлон түүх болон үлдлээ
Шувуудын жиргээ, голын чимээ гээд бидний амьдралд гэрэл гэгээ, баяр баясгалан нэмдэг ертөнцийн түмэн анираас тусгаарлагдана гэдэг юутай уйтай. Гэхдээ төрөлхийн болон олдмол сонсголын бэрхшээлтэй хүмүүст эл гайхалтай чимээг сонсох хувь дутахаас гадна нийгмээс тусгаарлагдаж, амьдралын идэвхгүй болох улмаар энэ байдал нь ойр дотных нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх гэх мэт түмэн бэрхшээл тулгардаг. 1997 онд хийсэн судалгаагаар манай улсад сонсголын бууралттай, дүлий 190 мянга орчин хүн бий гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Хөгжингүй орнуудад 60 жилийн өмнөөс нэвтрүүлж эхэлсэл төрөлхийн болон олдмол дүлийг эмчлэх цогц эмчилгээ Монголд хийж эхэлсэн бөгөөд эхний үр дүн гараад байгаа гэх баяртай мэдээллийг уншигчдадаа хүргэхээр ЭНЭШТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасаг дахь Сонгол, хэл яриа заслын кабинетийг зорилоо. Өвчтнүүдийг зовоож байсан хүчин зүйл Манай улсын сонсголын бууралттай болон дүлий иргэдийн хувьд эмчлүүлж, эдгэрэн энгийн иргэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, амьдарна гэдэг саяхныг хүртэл бараг л боломжгүй зүйл байв. Ялангуяа төрөлхийн дүлий хүүхдүүдэд энэ нь бүр ч бэрхшээлтэй. Мэдээж нэгэн жарны түүхтэй хөгжсөн имплант буюу чихний суулгац суулгах мэс заслыг Америк, Европын орнууд төдийгүй урд хөршид ч хийдэг. Үнийн хувьд ч суулгацын өртөгөөс шалтгаалан харилцан адилгүй. Гэхдээ бусад мэс засалтай харьцуулахад суулгац суулгах нь зөвхөн мэс засал хийгээд дуусчихгүй. Имплантын программ суулгаж, түүнээс хойш хамгийн багадаа 6-8 сарын хугацаанд тогтмол тохиргоо хийлгэн, сонсгол болон хэл яриа заслын эмчилгээнд хамрагдсанаар бүрэн эдгэдэг тул өвчтөнд цогц эмчилгээ хийхийг эмчилгээний багийнхнаас шаарддаг аж. Имплантын тохиргоо, засвар болон бусад үйлчилгээг зөвхөн мэс засал хийлгэсэн газраасаа авах шаардлагатай байдаг тул мэс заслын гарах зардал өндөр байдаг нь өвчтнүүдэд хүндрэл учруулдгаас гадна хэл яриа заслын эмчилгээг монгол хэлээр хийдэггүй нь төрөлхийн дүлий хүүхдүүдэд бүрэн эмчлэгдэх боломж олдоггүй сөрөг талтай.
Өнгөрсөн хугацаанд 2-3 хүүхэд БНСУ-д имплант суулгах эмчилгээ хийлгэсэн гэх албан бус тоо байдаг. Харамсалтай нь мэс заслын дараах сонсгол хэл яриа заслын эмчилгээ хийлгээгүйгээс имплант суулгуулсан нь төдийлэн үр дүнд хүрээгүй тул энэ төрлийн эмчилгээ үр дүн муутай гэх ташаа мэдээлэл манайхны дунд тархсан байдаг гэнэ.
“Боломжгүйг” халах монгол баг
“Дүлийг эмчлэх боломжгүй”. Хэдэн мянган хүний амьдралын гэрэл гэгээд тэмүүлэх гэрлийг бөхөөж, эх орныхоо төлөө зүтгэх итгэлийг нь мохоосон энэ ганцхан өгүүлбэрийг дахин нэг ч өвчтөнд хэлж, сэтгэлийг нь шархлуулахгүйн тулд А.Өлзийбаяр эмчийн санаачилсан ажил өдгөө таван ч өвчтнийг гэр бүлийнхнийх нь хамт баярлуулаад буй. “Эйд” эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор мэс засалч тэрбээр Австри улсын Зальцбург хотод мэргэжил дээшлүүлж явахдаа энэ талаарх судалгаа хийж, холбогдох мэргэжилтнүүд, Австрийн дунд болон дотор чихний суулгац үйлдвэрлэгч “Med-El” компанитай холбоо тогтоожээ.
Монголд цоо шинэ эмчилгээ нэвтрүүлэх санааг тус байгууллага дэмжиж, 45 мянган еврогийн үнэтэй суулгацаа ч хямдруулсан өртгөөр нийлүүлэхээр болж.
Тэгэхээр одоо мэс заслын болон түүний дараах сонсгол, хэл яриа заслын эмчилгээ хийх багаа бүрдүүлэх л үлдлээ. Өндөр түвшинд мэргэшиж, мэргэжлээрээ гадаад дотоодын их сургуулиудад суралцан, мэргэжил дээшлүүлж, хөгжингүй орнуудын эмчилгээний ололт амжилттай танилцан, байнга шинэ мэдээллээр оюунаа цэнэглэж буй өндөр ур чадвартай эмч нартай хамтран ажиллахаар шийдэж, Улсын клиникийн төв эмнэлгийн Чих хамар хоолой судлалын кабинетийн эрхлэгч, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэнг мэс засалчаар, ЭМШУИС-ийн Докторантур, магистрантурын албаны дарга, Нүүр ам судлалын сургуулийн сонгол хэл яриа заслын их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ариунтуул болон Булган, Аззаяа эмч нарыг хэл яриа заслын эмчээр, Улсын клиникийн төв эмнэлгийн сонсгол судлалын эмч Б.Мишээлтийг сонсгол заслын эмчээр сонгон багаа бүрдүүлжээ.
Азид тэргүүлсэн эмчилгээ
Төрөлхийн дүлийг эмчлэх анхны мэс заслыг Монголд 2009 оны есдүгээр сард хийж, түүнээс хойш дөрвөн ч төрөлхийн болон олдмол дүлий өвчтөнд эмчилгээ хийгээд буй. Тиймдээ ч Монголын анагаах ухааны хөрсөнд дөнгөж идээшиж буй тул эл эмчилгээний эрсдлээс болгоомжилж, үр дүнд нь үл итгэх өвчтөн ч байдаг гэнэ.
Гэсэн ч Монголд идээшээд жил гаруй болж буй эл эмчилгээгээр бид Азидаа тэргүүлж буй гээд бардам хэлчихэж болно. БНСУ, БНХАУ зэрэг Азийн орнуудад имплант суулгадан хэд хэдэн улс бий. БНСУ-д гэхэд л зөвхөн мэс заслын өртөг 25 мянган доллар байдаг боловч эл суулгац нь технологийн хувьд харьцангуй хоцрогдсон төхөөрөмж. Түүнчлэн манай хэл яриа заслын багийг АНУ-ын мэргэжилтнүүд болон Азийн бүсийн сонсгол судлаач, хэл засалч эмч, анагаах ухааны доктор Адриан Фуанте нар “Хөгжингүй орнуудад хийж буй эмчилгээтэй эн зэрэгцэхүйц чанартай болж байна” гэж дүгнэсэн. Тиймээс миний эл дүгнэлттэй санал зөрөх хүн үгүй биз.
Үнэмшихгүй бол зам тээврийн ослоос болоод 13 жил ертөнцийн дуу чимээг сонсож чадалгүй явсан өвчтнөөс асуугаарай. Гурван сарын өмнө мэс засал хийлгэсэн тэрбээр өдгөө сонсголын хувьд ямар ч бэрхшээлгүй болсноор барахгүй тун удахгүй ажилдаа орох гэж байгаа гэсэн.
Хөрөнгө мөнгө, хөлс хүчээ үл хайрласан анхдагчид
Мэдээж дунд болон дотор чихний мэс засал эмч нараас нарийн ажиллагаа, өндөр ур чадвар шаардахын хэрээр нарийн багаж тоног төхөөрөмж “нэхдэг” ярвигтай ажил. Түүнчлэн өвчтнийг эрүүл хүн шиг болтол сонсож, ярьдаг болтол 2-5 жил шаардлагатай байдаг тул сонсгол хэл яриа заслынхнаас тэсвэр тэвчээр, цаг зав хумсална. Гэхдээ л “боломжгүйг” халах багийнхан зөвхөн имплантын өртгөөр л цогц эмчилгээ хийж, Монголын анагаах ухааны салбарын хөгжил, өвчтнүүдийнхээ эрүүл мэндийн төлөө мэдлэг, хүч хөдөлмөр, хөрөнгөө харамгүй зарцуулж яваа буянтнууд.
Азид тэргүүлэх хэмжээнд аваачсан эмчилгээгээ тэд олон хүнд хүргэж, 190 мянга гэсэн зургаан оронтой тоог цөөлөхийг хүсдэг юм билээ. Эл асуудлыг хөгжингүй орнуудад даатгалын тогтолцоондоо хамруулан шийдсэн байдаг аж. “Барууны жишгээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэс засал болон сонсгол хэл яриа заслын эмчилгээг шийдчихвэл бид үүнээс ч олон хүнийг эмчлэхсэн” хэмээн Л.Бямбасүрэн эмч өгүүлсэн.
“Юу ч сонсдоггүй байсан бяцхан өвчтөн маань одоо энгийн хүүхдүүдтэй адил сонсдог, тэр ч байтугай хэл яриа заслын эмчилгээ хийлгэхээр ирэхдээ дуулж, бүжиглэн биднийг хөгжөөх болсон. Цалин хөлсгүй ажиллаж байгаа ч өвчтнүүдийнхээ баярлаж хөөрөхийг хараад л урам орчихдог юм” гэх Булган эмчийн ярианаас л тэдний ашгийн төлөө бус ажиллаж байгаа нь мэдрэгдэнэ.
Дотор чихний имплант суулгуулсан анхны өвчтний аавтай уулзаж, ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Өмнө нь энэ төрлийн эмчилгээг гадаадын орнуудад хийлгэх талаар судалж байсан уу? -Бид охиноо таван сартай байхад нь л төрөлхийн дүлий гэдгийг нь мэдсэн. Тэгээд л эхнэр маань гадаадын орнуудад төрөлхийн дүлийг эмчилдэг эсэхийг судалж, Япон руу хүртэл явсан. Энэ төрлийн эмчилгээг хөгжингүй орнуудад хийдэг ч өртөг өндрөөс гадна хамгийн гол нь хэл яриа заслыг Монголоор хийдэггүй тул үр дүнд хүрэх магадлал бага гэдэг нь бидний гол бэрхшээл болоод байв.
-Монгол эмч нартай хэрхэн холбогдсон бэ? -Эмчлүүлэх талаар ямар ч шийдэлд хүрээгүй байтал А.Өлзийбаяр эмчийн ярилцлагыг сониноос уншаад, холбоо барьж, анхны мэс заслыг хийлгэхээр шийдсэн. Охин минь хоёр нас хоёр сартай байхдаа мэс засал хийлгэж, түүнээс хоёр сарын дараа суулгацыг асаасан. Мэс засал хийлгэснээс хойш жил гаруй сонсгол, хэл яриа заслын эмчилгээ хийлгэсний эцэст одоо 30-40-өөд хэлж чаддаг болсон. Сонсголын хувьд энгийн хүүхдүүдтэй адилхан.
-Эмчилгээний дараа эцэг эхчүүдээс багагүй анхаарал халамж шаарддаг уу? -Тийм ээ. Энэ талаар эмч нар их зөвлөсөн. Тийм болохоор бид эмч нартай байнга зөвлөлдөж, хүүхдийнхээ эмчилгээнд санаа тавьдаг байсан. Гурван настай байхад нь таван настай хүүхдүүдтэй нэг ангид оруулах гэх мэтээр аль болох хэл яриаг нь хөгжүүлэхийг хичээсэн. Мэдээж суулгац суулгасны дараах эхний саруудад дуу чимээ, бидний яриаг сонсох боловч, үг дуурайж хэлж чадахгүй байсан. Тиймээс эцэг эхчүүдээс халамж анхаарал төдийгүй тэсвэр тэвчээр шаарддаг юм билээ.
Өмнө нь энэ үгийг олон удаа хэлж байсан ч танай сониноор дамжуулан охиныг минь эмчилсэн багийнханд баярласнаа илэрхийлье. Мөн төр засгийн тэргүүнүүдэд сонсголын бэрхшээлтэй олон мянган хүний асуудлыг даатгалын тогтолцоондоо багтааж өгнө үү гэж хэлмээр байна. Барууны орнуудад энэ төрлийн эмчилгээ хийлгэхэд 90 мянган долларын үнэтэй байдаг. Гэхдээ даатгалд хамрагдсан бол энэ өртөг 5000 болтол буурдаг. Манайд ч гэсэн энэ тогтолцоог нэвтрүүлж болмоор санагдсан. Сар бүр өгдөг тэтгэмжийн мөнгөө нэг дор мэс засалд нь зарцуулчихвал Монголын олон мянган иргэд эрүүл хүмүүстэй адил ажиллаж, амьдрах боломжтой болох юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment