Tuesday, February 8, 2011

Жэй Зи: Дуулах авьяас бол надад бурхнаас хайрласан бэлэг


Ердөө л 13 насандаа хип хоп хөгжмийн ертөнцөд цахиур хагалж, хүч түрэн орж ирж байсан тэр арав гаруй жилийн дотор “Домогт реппер” хэмээн өргөмжлөгдөөд амжсан. Өөрийнх нь хэлснээр “Ганцхан граммаас Грэмми хүртэл” амжилт олсон хэдхэн репперүүдийн нэг нь Жэй Зи. Гэхдээ түүний өнөөдрийн алдар нэр, амжилтад хүрсэн зам дардан байгаагүй. Хар тамхи, гэмт хэргийн ертөнц, аймшигт аллагын гэрч болсон өдөр гээд түүний бага наснаас үлдсэн сэтгэлийн шарх өдгөө ч түүнийг зовоодог тухайгаа Опрад дэлгэрэнгүй ярьсныг “Өнөөдөр” орчуулан хүргэе. Есөн настай хөвгүүн аймшигт аллагын гэрч болж, амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдсөнөөр энэ түүх эхэлжээ. Нүдээр үзсэн бүхнээ сэтгэлдээ бодож шаналахгүйн тулд уран бүтээл туурвиж эхэлсэн тэр төд удалгүй Шаун Картер нэрээрээ хип хоп сонирхогчдод танигдах болов. Гэхдээ л уран бүтээл туурвих болсон эхний жилүүдэд тэр гэмт хэргийн ертөнцөөс ангижирч чадахгүй л байв. Аав нь тэднийг хаяад явсан тул гэр бүлийнхнийгээ тэжээхийн тулд бяцхан Жэй Зи хар тамхи худалдах болж. Энэ үед тэр ердөө л 13 настай байсан гэдэг. Гэхдээ зөвхөн Жэй Зи л ийнхүү амьдрахын төлөө тэмцэж байсан юм биш. Тухайн үед түүний найз нөхөд бүгд л хар тамхи наймаалах хэрэгт оролцдог байж. Хэдийгээр энэ амьдрал түүнийг амьдралын хар бараан бүхэнтэй дэндүү эрт танилцуулсан ч нөгөөтэйгүүр сонсогчдын чихийг дэлдийлгэсэн сонин содон шийдэлтэй уран бүтээл туурвих онгод санаа өгч байв. Анхны цомгуудаа тэр гудамжинд, машиндаа гээд хар арьст репперүүдийн жишгээр борлуулжээ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 1996 гэхэд түүний “Reasonable Doubt” цомог Америк даяар борлогдож, сонсогчдын анхаарлыг татсанаар түүний амжилтын түүх эхэлжээ.

-Сэтгэлд хоногшсон үйл явдал бид бүгдийг бага насаа өөрийн эрхгүй дурсахад хүргэдэг. Танд ч бас тийм дурсамж байгаа биз дээ?
-Байшингийнхаа гадаа дугуй унаж сурч байсан минь сэтгэлээс огт гардаггүй юм. тэр үед би дөрөв юм уу таван настай байсан санагдана. Авга ах маань надад уралдааны том дугуй бэлэглэж, түүнийгээ хэрхэн унахыг зааж, гудамжинд надтай хамт өнжиж билээ. Тэр үед манай гудамжныхан бүгд л намайг сониучирхан харж байсан.
-Тэгэхээр та таван настай байхдаа уралдааны дугуй унадаг байсан байх нь ээ?
-Би их намхан болохоор дөрөөндөө арайхийн хүрч, суудалдаа ч суулгүй босоогоор дугуйгаа унадаг байсан. Тийм болохоор гудмандаа их нэр хүндтэй байсан шүү. Тэр үед уралдааны дугуй унадаг над шиг бяцхан жаал ховор байсан хэрэг.
-Сайхан дурсамж байна. Та мэдэх би би ч бас ядуу тарчиг гэр бүлд өссөн нэгэн. Гэхдээ хөдөөний ядуус ямар байдгийг сайн мэдэхгүй. Танд танай гэр бүлийн тарчиг байдал мэдрэгддэг байсан уу?
-Бараг л анзаарагддаггүй байсан. Сургуульд орох болоход аав, ээж минь надад шинэ дугуй авч өгөх ч чадалгүй гэдгээ хэлэх үед л ядуу айлд өсөж торниж буйгаа мэдэрсэн. Мэдээж бид ууталж, амталсан мах идэж чаддаггүй байсан л даа. Гэхдээ л өлсдөггүй байв. Ихэвчлэн тахианы мах иднэ. Харин өнөөдөр бол тахианы мах амсах төдийд л бага нас маань бодогдож, өөрийн эрхгүй инээмсэглэдэг.
-Таныг таван настай байхад гэрийнхэн тань Нью-Йорк дахь нийтийн байр руу нүүж, 11 настай байхад аав тань орхиод явсан гэсэн. 11 настай Жэй Зид мэдрэмж төрдөг байв?
-Уур бухимдал. Бүхий л зүйлд уур хүрч, дургүйцдэг байлаа. Учир нь өсөж яваа жаалхүүд аав нь супер баатар шиг л санагддаг. Анхны дурлал нь бүтэлгүйтсэн хүн дахин хаягдаж, зүрх сэтгэлээ шархлуулахаас эмээдэг. Аав биднийг орхиод явсан нь намайг тийм л айдастай хүн болгож өөрчилсөн. Тэр үеийг дурсахад нам гүм, хүв хүйтэн өрөөнд ганцаар байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Аавыгаа өөд болохын өмнөхөн уулзах хүртлээ би хэн нэгэнтэй дотносохоос эмээдэг болчихсон байсан.
-Би нэг ч эр хүнээс ийм үг сонсож байсангүй. Намайг салалтын талаар олон арван нэвтрүүлэг бэлтгэж байсныг та мэдэх байх. Гэхдээ гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд байдаг. Гэсэн ч тэд энэ тухай гомдоллох тохиолдол гардаггүй. Хүүхдүүдэд нэг л өглөө аав нь хаяад явсныг мэдэхэд ямар хүнд тусдагийг би нэвтрүүлэг бэлтгэж байхдаа мэдсэн. Танд тийм л зүйл тохиолдсон байх нь ээ?
-Мэдээж аав ээж хоёр салах гэж байгаагаа бидэнд урьдчилж мэдэгдсэн л дээ. Гэхдээ шалтгааныг нь тайлбарлаагүй. Ээж гэнэтийн энэ өөрчлөлт ааваас илүү бидний сэтгэл санааг бэлдсэн л дээ. Тэр бидэнтэй ярилцахад бэлэн биш байсан байх л даа. Аав минь сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргадаггүй нэгэн байсан.
-Түүний шийдвэр таныг гайхашруулсан уу?
-Тэд дотно харилцаатай байхаа больсон гэдгийг би хэдийнэ анзаарчихсан. Байнга л маргалддаг байсан юм.
-Тэд таны бухимдаж байгааг анзаарсан болов уу?
-Анзаарсан. Бас ээжийгээ хамгаалах бодол надад байнга төрдөг байв. Тиймээс ч ээждээ “Ээж ээ, санаа зоволтгүй дээ. Би том болохоороо таны асарч хамгаалан, бүхий л асуудлыг чинь шийдэх болно” гэдэг байлаа. Хэдийгээр би 11 настай байсан ч байдал дээрдэнэ гэдгийг мэдэрч байсан юм.
-Аав ээжийн тань салалт таныг өөрчилсөн үү?
-Би аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахаа больсон. Хэдийгээр би их ичимхий хүүхэд байсан ч найз нөхөд, ангийнхнаасаа бүр ч тусгаарлагдаж, өөрийн гэсэн ертөнцийг байгуулан, тэндээ л амьдардаг болгосон. Мэдээж бас энэ явдлаас хойш бие дааж, сэтгэлийн тэнхээтэй болсон.
-Таныг 12 настай байхдаа ах руугаа буудсан гэдгийг хэвлэлээс уншиж байсан. Аавын тань шийдвэр таныг бухимдуулж, ах руугаа гал нээхэд хүргэсэн үү?
-Тийм ээ. Бас ах минь ховсдуулсан мэт муу муухай бүхэнд татагдах болсон нь миний дургүйг хүргэсэн юм.
-Ах тань хэдэн настай байсан бэ?
-16. Тэр хар тамхи татаж, түүнийгээ худалдан авахын тулд гэрээсээ юм хулгайлдаг болсон. хэдийгээр би бага байсан ч гэр бүлийнхнийгээ хамгаалах ёстой гэсэн бодол төрж, ийм шийдвэр гаргасан хэрэг.
-Сургуульд сурах ямар байсан бэ. Таныг зургадугаар ангид байхдаа сургууль төгсөх шалгалт өгсөн гэж сонссон.
-Сургуульд сурах их уйтгартай санагддаг байсан.
-Танд дуртай хичээл байгаагүй гэж үү?
-Би англи хэлний хичээлд дуртай байсан.
-Таныг ном унших дуртай гэдгийг би мэднэ. Бага байхдаа ч ном унших дуртай байв уу?
-Үгүй дээ. Би зүгээр л элдвийг мөрөөдөн суудаг жаал байсан.
-Юун тухай мөрөөддөг байв? -Тоглолтоо хийж байна гэж, эсвэл бэйсбол, сагсан бөмбөг тоглож байна гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөлдөө умбан суухдаа би гадаад орчноос тасарчихдаг. Одоо ч тэр зангаа тавиагүй л байна.
-Хичээлээ анхаардаггүй атал, төгсөх шалтгалтаа урьдчилж өгөөд л… Тэгэхээр та оюуны чадамж өндөртэй хүн байх нь ээ? -Эсвэл усан тэнэг сурагч байсан байх.
-Та хэдийнээс дуулж эхэлсэн бэ? -Есөн настай байхаасаа. Гэхдээ эхэндээ зүгээр л өөрийгөө зугаацуулж байсан юм.
-Та дууны шүлгийг хөршүүдийнхээ амьдралаас сэдэвлэн зохиодог уу? -Үгүй ээ. Хар тамхины наймаачид надад шүлгийн санаа төрүүлдэг.
-Реп дуулна гэдэг таны төрөлхийн авьяас уу?
-Энэ надад бурхнаас хайрласан бэлэг. Надад зөөврийн компьютер дүүрэн дууны шүлэг бий.
-Хар тамхины наймаа хийх болсон тухайгаа яриач.
-Энэ чинь байдаг л зүйл шүү дээ.
-Хар тамхины наймаачдын дунд өссөн болохоор уу. Танай хөршүүдийн дунд багш, хуульч, эмч гэх мэт мэргжилтэн байсан уу?
-Бид Мэрсигийн нийтийн байранд амьдарч байсан. Тиймээс тэнд дээд мэргэжилтэй хүн байгаагүй л дээ. Хэрэв тэдний хэн нэг нь мэргэжил эзэмшсэн бол тэр байрнаас тэр дороо л нүүчих байсан. Тэгээд хэзээ ч буцаж ирэхгүй байсан биз. Тиймээс л би “Хэрэв би алдартай болвол энэ байрандаа заавал буцаж ирнэ. Тэгээд энд амьдарч байгаа хүмүүст эндэхийн иргэдэд ч бас амжилтад хүрэх боломж бий гэдгийг сануулах болно” гэж хэлдэг байсан.
-Тэгэхээр танд зөв үлгэр дуурайл үзүүлдэг хар арьстан хүн байгаагүй байх нь ээ?
-Ээжээс минь өөр хүн байгаагүй. Тэр хоёр давхар ажил хийдэг байсан. Ээж минь бидний төлөө чадах бүхнээ хийсэн.
-Та хар тамхи наймаалахыг хүсдэг байсан юм уу?
-Үгүй дээ. Хэн ч хар тамхины наймаачин болохыг хүсдэггүй юм. Ээжийгээ аюултай байдалд оруулъя гэж хэн хүсэх билээ.
-Та хэдийнээс хар тамхи худалдаж эхэлсэн юм бэ?
-13 настай байсан санагдана.

No comments:

Post a Comment