Байлдан дагуулалтын хүч төв өрнөөс дорно руу, дорноос өрнө рүү шилжиж байдаг өвөрмөц давтамжтай гэж эрдэмтэд үздэг. Тиймээс ч XXI зууныг Азийн хөгжил цэцэглэлтийн зуун гэж таамаглагчид цөөнгүй байдаг биз. Үүнийг батлах гэсэн мэт Азийн урлагийн музейн захирлууд БНХАУ-ын Нанжин хотноо чуулж, дорнын урлагийг дэлхий дахинаа сурталчлах төлөвлөгөө боловсруулан ажилдаа хэдийнэ ханцуй шамлажээ.
Эл чуулганд оролцоод ирсэн Уран зургийн галерейн захирал А.Чадраабалтай хөөрөлдлөө.
-Азийн урлагийн музейн захирлуудын уулзалтад манай улсаас анх удаа оролцсон гэсэн. Монголоос оролцсон гэхээр таныг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Азийн урлагийн музейн захирлуудын дээд хэмжээний тав дахь уулзалт есдүгээр сарын 22-30-нд БНХАУ-ын Нанжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ уулзалтад азийн 30 гаруй орны 150 гаруй захирлууд ирсэн. Уулзалтын гол зорилго нь урлагийн байгууллагуудын менежмент ямар байх ёстой, эх орондоо ямар үүрэг гүйцэтгэх вэ, дүрслэх урлагийг хэрхэн нийтэд сурталчлах, галерей болон музей ямар жишигтэй байх ёстой зэрэг сэдвээр ярилцах байлаа.
Манай улсаас анх удаа тус уулзалтад оролцсоны дээр оролцогчдоос хамгийн залуу нь би байсан тул бусад орны музейн захирлууд багагүй гайхаж байна билээ.
-Та хэдэн настай юм бэ?
-31 настай. Гэтэл Токио хотын музейн захирал гэхэд л 70 гаруй насны хүн байсан. Олонх нь 40-50-иад насныхан байсан.
-Уулзалт хэр үр дүнтэй болов. Манай улсаас оролцох нь ямар ач холбогдолтой байсан юм бэ?
-Хятадын үндэсний урлагийн музейн удирдалгууд уг уулзалтыг зохион байгуулж, Азийн урлагийн музейн холбоо байгуулах, мөн Азийн урлагийн нэгдсэн томоохон музейг Бээжинд барих талаар санал гаргаж, хэлэлцлээ. Энэ нь дорнын дүрслэх урлагийг дэлхий дахинд сурталчилж, түүгээр барахгүй хөгшин Европтой хүч үзэхүйц түвшинд дүрслэх урлагаа аваачих гэсэн холын бодлого агуулж байгаа юм. Уулзалтаас ажиглахад Азийн дүрслэх урлагийг цаашдаа Хятад атгах нь гарцаагүй болж. Тиймээс ч олон жил холбоо тасраад байсан музейн удирдлагуудыг дахин нэг дор цуглуулсан биз.
Манай орны хувьд дэлхийн дүрслэх урлагийн ертөнц рүү бие даан нэвтрэх боломж хомс. Харин эл уулзалтад оролцсоны ачаар шинэ байгуулагдах Азийн холбоонд гишүүнээр элсэх боломжтой болно. Ингэснээр Монголын уран бүтээлчдэд томоохон үүд хаалга нээгдэж, дэлхий зах зээлд өрсөлдөх гарцыг зааж өгч байгаагаас ялгаагүй. Бээжинд байгуулахаар төлөвлөж буй Азийн урлагийн музейг сар бүр нэг улсад хариуцуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Ингэснээр бид бүтэн сарын турш дүрслэх урлаг, түүх соёлоо сурталчлах боломжтой болно гэсэн үг.
-Дүрслэх урлаг төдийгүй, урлагийн бүхий л төрөлд дорнын уламжлал хүчтэй нөлөөлж байгаа гэж ярих боллоо. Энэ хэр үнэний хувьтай вэ?
-Урлагийн бусад төрлийн талаар би сайн мэдэхгүй. Харин дэлхийн нэр хүнд бүхий судлаачид дүрслэх урлагийн талаар өөрсдийн байр суурь, дүгнэлтийг гаргасан нь бий. Түүнд “Европын дүрслэх урлаг дээд шатандаа хүртэл хөгжчихөөд, одоо зогсонги байдалд орчихоод байна. Харин дорнын урлаг үсрэнгүй хөгжиж байна” гэсэн байдаг. Тиймээс Азийн уран бүтээлчид салбартаа тэргүүлэх болсон гэж ойлгож болно.
-Азийн бусад орнуудад дүрслэх урлаг хэр хөгжиж байна вэ?
-Уулзалтаас харахад Хятад, Солонгос, Япон зэрэг хөгжингүй орнууд энэ салбарт ихэд анхаарал хандуулах болж. Хятадад гэхэд л манай сумын төвөөс ялгаагүй Янь Жоу нэртэй нэгэн жижигхэн хотдоо 280 сая долларын хөрөнгө зарцуулж урлагийн музей барьж, уулзалтын арга хэмжээний дараахан буюу аравдугаар сарын 1-нд нээлтийг нь хийлээ.
-Тэр их хөрөнгө зарцуулж орон нутагт музей барих нь ямар ач холбогдолтой юм бэ?
-“Улс орныг түүхээр нь, нийгмийнх нь байдлаар дүгнэдэг байсан бол өнөө цагт урлаг, тэр дундаа дүрслэх урлагийн хөгжлөөр нь дүгнэдэг болсон” гэж Хятадын үндэсний урлагийн музейн дэд захирал хэлж байна билээ. Тиймээс урлагт хэрхэн анхаарал хандуулдаг болохоо харуулах гэж, нэг ёсондоо улсынхаа нэрийн хуудас болсон урлагийн музейг орон нутагт барьж байгаа юм. Нөгөө талаар ард түмнээ соён гэгээрүүлэх гэсэн бодлого ч бий. Тэр хэрээр үзэгчдийн урлагт хандах хандлага ч өөр байдаг юм билээ.
-Тэгэхээр Хятадын төр засаг дүрслэх урлагт багагүй ач холбогдол өгдөг байх нь ээ?
-Хятад гэлтгүй бүхий л орнууд энэ салбарт түлхүү анхаарал хандуулдаг болсон нь уулзалтын үеэр анзаарагдсан. Гэтэл манайх гэхэд л улсын мэдэлд байдаг ганц галерей нь өөрийн гэсэн байргүй байх жишээтэй. Уулзалтын үеэр захирлууд өөрсдийн музейг танилцуулах арга хэмжээ болсон. Тэр үед нүүр хийх газаргүй болсон гэхэд хилсдэхгүй. Өөрийн гэсэн байргүйн дээр улсаас өгдөг төсвийн хэмжээг сонсоод л манай байгууллага, цаашлаад улс орны нэр хүнд оролцочдын дунд эрс унасан.
-Өөрийн байртай байх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Уг нь Пикассо гэх мэт дэлхийд нэр хүндтэй зураачдын бүтээлийн эх хувийг биш ч хуулбарын үзэсгэлэнг Монголын үзэгчдэд толилуулах боломж бидэнд бий. Бээжинд ирсэн үзэсгэлэнг манайхаар дайраад яваач гэхэд зохион байгуулагчдын зүгээс төдийлэн татгалзахгүй. Гол нь тухайн үзэсгэлэнг энд гаргахын тулд зохих шалгуур хангасан байх ёстой. Түүнд юун түрүүнд өөрийн гэсэн байртай, харуул хамгаалалт өндөр байх шаардлага тавигдана.
-Тэгэхээр Уран зургийн галерей байртай болчихвол бид дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх орондоо үзэх боломжтой болох нь ээ?
-Зөвхөн Уран зургийн галерей ч биш л дээ. Дүрслэх урлагийн музейтэй нэгтгэн нэг байранд оруулчихсан ч болох юм.
-Гэхдээ манай үзэгчид дүрслэх урлагийг төдийлэн сонирхдоггүй шүү дээ. Азийн урлагийн үзэсгэлэнг ч бас үзэж байгаа хүн ер харагдсангүй.
-Манай үзэгчдийн урлагийг үнэлэх үнэлэмж, ойлголт их ядмаг юм. Азийн 11 орны 150 гаруй уран бүтээлчдийн зураг, уран баримлыг дэлгэсэн үзэсгэлэнгийн тасалбарыг 3000 мянгаар л үнэлж байгаа. Хятад, Япон, Филиппин, Сингапур зэрэг орнуудаар аялаад үзэсгэлэн үзвэл өртөг нь хэд гарах билээ. Зөвхөн Хятадын үндэсний урлагийн музей гэхэд л тасалбар 16-17 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл манай залуучууд цэнгээний газарт ороод нэг хоёр шил пиво авахдаа гар татдаггүй атал үзэсгэлэн үзэхээс харамлах юм. Угтаа цэнгээний газарт өөрийгөө гайхуулахаас өөр юуг ч олж чадахгүй. Харин эл үзэсгэлэнг үзээд гарвал нэгийг ухаараад гарах нь гарцаагүй. Хятадын үндэсний урлагийн музейд хөл гишгэх зайгүй үзэгчид ирсэн байдаг юм билээ. Намайг очиход гурван давхар танхимын давхар бүрт үзэсгэлэн гарсан байсан. Нэгдүгээр давхарт залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн гарч, хоёрдугаар давхарт нь дэлхийн сонгодгуудын бүтээлийг дэлгэж, гуравдугаар давхарт Хятадын үндэсний зургийн их мастерын үзэсгэлэн тавигдсан байсан.
Зөвхөн үзэгчид ч гэж туйлшрах аргагүй. Манай зураачид ч өөрсдөө урлагаа хүндэлж, үнэлэхгүй байна. “Азийн хөх тэнгэр” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үзэсгэлэнд оролцоогүй зураачид Урчуудын эвлэлийн гишүүн хорооны гишүүн гэдгээрээ түрий барьж, манай үйлчилгээний ажилчидтай ам мурийж байх юм.
-Томоохон үзэсгэлэнгүүдийг эх орондоо авчрахын тулд шалгуурт тэнцэх хэрэгтэй болдог гэсэн. Харин манай үнэт үзмэр, бүтээлүүдийг гаднын орнуудад болж байгаа үзэсгэлэнд оролцуулахдаа тухайн галерей, музейд шаардлага тавьдаг уу?
-Энэ талаар харин төр засгийн удирдлагууд анхаарах цаг нь болсон шиг санагдлаа. Жишээ дурдахад л хэрэв Азийн урлагийн музей Бээжинд байгуулагдаад, бид бүтээлүүдээ бүтэн сар тэнд дэлгэхээр болбол ямар шалгуур тавих вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Мэдээж хүчирхэг гүрэн болохоор хадгалалт, хамгаалалтын хувьд шалгуур тавих аргагүй байх л даа. Гэхдээ Занабазарын Ногоон дарь эх, Цагаан дарь эх зэрэг хосгүй үнэт бүтээлүүдийг гадагшаа гаргаж, үзэсгэлэнд оролцуулах нь зүйтэй эсэх талаар эргэн харах л хэрэгтэй. Гаднын орнуудын үзэсгэлэнд явж байгаа бүтээлүүд хамгийн багадаа нэг сарын “айлчлал хийдэг”. Гэтэл тэр хугацаанд бүтээлүүдийг хуулбарлавал, эсвэл урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сэнгээ агсны зааны ясан сийлбэрийг үзэсгэлэнд оролцуулахаар ачуултал эвдэрч хэмхэрчихвэл яах вэ гээд асуудал их бий шүү дээ. Гаднын орнуудад энэ асуудлаа хуульчлаад шийдчихдэг юм билээ. Ямар бүтээлийг хилийн чанадад илгээж болох болохгүйг нарийн тусгасан соёлын тухай хуультай байдаг гэсэн. Манай улсад ч бас энэ төрлийн хуулийн заалт оруулах талаар төрийн түшээд эргэцүүлэх цаг нь болсон болов уу.
No comments:
Post a Comment