Хайчин гарт Эдвард, ахмад болжмор хочит Жекийн дүрийг хэн ч түүн шиг сайн амилуулж чадахгүй байсан гэдэгтэй олон кино сонирхогч, судлаач шүүмжлэгчид санал нэгддэг. Тиймдээ ч дүрийнхээ гүнд орж, огт өөр үзэл бодолтой цоо шинэ нэгнийг бий болгодгоороо Жонни Депп Холливудын анхаарал татсан жүжигчдийн нэг болж чадсан. Түүний мөрөөдлийн ертөнцөд хийсэн “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагчийн аяллыг орчуулан хүргэе.
Жонни Депп бол ангалын ирмэгээр ч алхаж чадах зоримог нэгэн гэдгийг та эдлэн газарт нь очсон даруйдаа л ойлгох болно. Түүний эдлэн Багамын арлуудын нэгэнд байрлах бөгөөд 180 ам км талбайд нь айдас төрүүлэм адал явдалт аялал хийсэн ч болохуйц. Махчин загастай нуурын гүнд сэлнэ гэдэг түүний хувьд юу ч биш. Магадгүй цусан дахь адерналиныхаа хэмжээг ихэсгэх нь түүний ажлын ачааллаа тайлах нэг арга байх. Эдгээрээс гадна далайн дээрэмчдийн далбааг мандуулсан 47.5 метр урт усан онгоц гээд л гоонь эрчүүдийн диваажингийн орон гэмээр зүйлс энд тоймгүй олон. Тиймдээ ч Деппийн эдлэнд хөл тавьсан даруйдаа мөрөөдлийн арал хэмээн уулга алдмаар санагдсанаа нуух юун.
Зуслангийн байшингийнхаа дээврийн өрөөний цонхон тушаа тавьсан өсгөгчөөр нь “The Everly Brothers”-ийн уянгын дуу эгшиглэж, далайн эргийн зөөлөн салхи нүүр илбэх таатай сэтгэгдэл төрүүлнэ. Намайг очих үед Деппийн гурван ч найз зочилсон байсан тул бид орой хоолны үеэр танилцлаа. Нар жаргаж буй торгон агшныг харангаа амар жимсээр амталсан сам хорхой идэж суусан зочдын нэг нь түүний багын найз зурагчин Франк Мари Баниер.
Наргил мод, цэцэгс, шивэр моддын дэргэд хэд хэдэн бамбар, бас эртний эд зүйлс байрлуулахаа ч мартсангүй. Эд бүгд Жонни Деппийн санаа.
Диваажингийн орондоо тэр шарсан талх, ром дарсаар коктэйл бэлдэн суух нь орчинтойгоо төгс хослох шиг л харагдана. Аманд өөрийн эрхгүй “Энэ бүхнийг л мөрөөдөж байлаа” гэх 1950-иад онд хит болж байсан дуу аялагдана.
Депп усан онгоцоо “Важолирожа” хэмээн нэрийдсэн. Тэрбээр өөрийнхөө болон охин Лили Рөүз, хүү Жек, найз бүсгүй Ванесса нарынхаа нэрийг нийлүүлэн ийм нэр бодож олсон аж. XX зууны хөлөг онгоцны хэв маягаар 2001 онд хийсэн уг хөлөг хооллох өрөө, тансаг унтлагын өрөө, дөрвөн зочны өрөөтэй. Бас яг л “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд гардаг шиг далайн дээрэмчдийн далбаатай. Яагаад болохгүй гэж. Энэ кино л түүнийг “Оскар”, “Алтан бөмбөрцөг” гэх мэт нэр хүндтэй шагналын эзэн болгож, “Важолирожа”-г худалдан авахуйц орлого авчирсан юм чинь.
Интерьер заслын мэргэжилтний авьяас түүнд бий гэхэд хилсдэхгүй. “Важолирожа” хөлгийн дотоод засал бүхэлдээ түүний санаа.
Деппээс Диллингерт
Жон Диллингерийн тухай “Public Enemies” кинонд тоглож байх үедээ Депп Чикагод амьдарч байв. 1930-аад оны Америкийн аж байдлыг харуулсан тус кинонд тэр нэртэй банк дээрэмдэгчийн дүрийг чадварлаг бүтээснийг үзэгчид мэднэ. Сонирхолтой нь Депп Диллингерийн төрсөн хотоос холгүй орших Оунсборо гэх жижигхэн хотод мэндэлсэн аж. “Тэр би бага байхдаа” гэж яриагаа эхлэн инээмсэглэснээ “Диллингер манай хөрш ч байсан ч юм бил үү хэн мэдлээ” хэмээн бодлогошрон өгүүлсэн юм.
Диллингерийн дүрд тоглохын тулд тэр хэсэг хугацаанд шоронд “хоригдож” үзсэн гэнэ. Түүний ямар орчинд амьдарч байсныг судлах, зураг авахуулах ажил Иллиноис дахь хорих ангид өрнөж, Депп зарим үед 24 цагаар ч камерын цаана хоригдож байж. Гэхдээ нийгмээс тусгаарлагдсан өдрүүдэд ганцаардах биш харин ч огт өөр мэдрэмж төрсөн гэнэ. Энэ тухайгаа тэр “Шоронгийн хонгилоор алхах үед аймшигтай санагдсан. Камерт байгаа хоригдлууд “Болжмор Жек намайг эндээс гаргаач” эсвэл “Ахмад Жек та үүнийг хийж чадна аа” хэмээн орилолдож яг л зэрлэг амьтад шиг аашилж байлаа” гэсэн. Энэ шорон зөвхөн уран бүтээл төдийгүй хувийн амьдралд нь ч мартагдахааргүй дурсамж үлдээсэн аж. Деппийн хойт эцэг Роберт Палмер 2000 онд эл шоронд цаазаар авахуулсан байна. Хойт эцгийнхээ тухай тэр “Тэр хэд хэдэн дээрэм хийсэн юм. Багадаа Мидуэстийн хорих ангид хүмүүжиж байсан гэсэн. Мэдээж би амьдралын тухай олон арван туршлагыг ааваасаа суралцсан” хэмээн дурслаа.
Депп кинонд тоглох санал хүлээн авахдаа уран зөгнөл, төсөөлөл хэр шаардсан болохыг нь харгалзан үздэг гэсэн. Түүний бүтээсэн дүрүүдийг харахад л дүр сонгохдоо баримталдаг зарчим нь илхэн харагдана. Хайчин гарт Эдвард, болмжор Жек, Вилли Вонка, Свини Тодд, Льюс Кэрол гээд л эгэл бус дүрүүд санаанд бууж байгаа биз.
Сэтгэхүйн дүрүүдээс гадна тэр үзэгчдийн сэтгэлд хоногшсон эд Вуд, Жорж Жун, Диллингер гээд цөөнгүй дүр бүтээж амжсан. Гэхдээ энгийн эрийн дүр бүтээх нь түүнд илүү хэцүү байдаг тухай “Жирийн залуугийн дүрд тоглох нь их хариуцлага өндөртэй ажил. Ялангуяа тэр нь Диллингер шиг хүмүүсийн сайн мэдэх нэртэй нэгэн бол бүр ч хэцүү. Тэднийг яг л хүмүүсийн төсөөлж байснаар нь дэлгэцнээ гаргах хэрэгтэй болдог. Давуу талыг нь илүү тодруулах хэрэгтэй. Эх дүр нь амьд бол өөрийг нь дэлгэцнээ хэрхэн гаргаж буйг анхааралтай ажиглаж, шүүнэ. Тиймээс би бодит явдлаас сэдэвлэсэн киноны дүрүүдэд их хянуур, нарийн ажилладаг. Зарим үед киноны хөгжим гаргаж чадаагүй санааг илэрхийлэхэд тусалдаг” гэв.
“Public Enemy”-д тоглосон нь түүний хувьд хариуцлагатай хүнд ажил байсан боловч нөгөөтэйгүүр Чикаго хотод дурлах боломжийг бүрдүүлсэн тухай тэр дурсах дуртай. “Чикаго хотын иргэн бүр намайг жирийн иргэн болгон эмчилж байв. Тэд намайг болжмор Жек эсвэл Эдвард биш Жонни хэмээн дууддаг байлаа. Тэгсэн хэрнээ тэд намайг хэдэн цагаар ээрч хоргоохгүй. Энд байхдаа би амар тайвныг мэдэрдэг. Би цонхоор толгойгоо гарган гайхалтай хөршүүд, уран барилга сонирхоход хэн ч саад болохгүй. Тэр ч байтугай дүрслэх урлагийн институтэд нь папарацци, амьсгалах ч зайгүй бүчин авах шүтэн бишрэгчэдгүйгээр чөлөөтэй зочилж байсан” хэмээн тэр ярилаа. Чикагод байхдаа тэр жирийн л зоогийн газруудаар үйлчлүүлж, үдэш нь “Kerryman”-д шар айраг шимнэ.
Халуун орны ширэнгэд
Деппийн арал хэд хэдэн далайн эрэгтэй. Нэгийг нь охиныхоо нэрээр Лили Рөүз хэмээн нэрийдэж, нөгөөг нь Гонзо хэмээх жишээтэй. Эрэг бүр өөрийн онцлогтой. Лил Рөүзд цэцэгс алаглан, зөвхөн охидод л зориулсан энхрий ялдамхан орчин зонхилох бол Гонзод хулс модод найган, торгон элс хөл дор гишгэгдэн амар тайвныг мэдрүүлнэ. Гэхдээ энэ арал бүхэлдээ энхрий зөөлөн, амар амгадлан биш гэдгийг бидний дараагийн аялал сануулсан юм. Бяцхан ордон нууранд сэлэх үед яст мэлхий, зангуу гээд л тэнгисийн амьдралыг санагдуулам орчин биднийг угтан авлаа. Түүнтэй зэрэгцэн махчин загасны сүрэг ойртох үед Депп “Барракуда. Ирээд тэднийг хар даа. Зуудаг нохойноос ч илүү аюултай амьтан гэвэл үүнийг л хэлэх байх” хэмээн уулга алдаад хачирхалтай энэ амьтдынхаа тухай “Ямар ч амьтны хүрээлэн, аквариумд эднийг олж харахгүй. Гэхдээ л энэ арал дээр хүүхдүүд минь эсэн мэнд өсөн торниж байна. Би тэднийгээ далайн амьдралтай танилцуулж, далайн гүнд аюул тохиолдсон үед биеэ хэрхэн хамгаалах аргыг зааж өгдөг юм” гэв.
Үдэш нь гүн хөх тэнгэр харан суух зуураа тэр “Гайхалтай сайхан байгаа биз. Энэ газар нас нэмдэг юм. Мөнгөөр та аз жаргалыг худалдан авч чадахгүй. Харин хангалттай том хөлөг онгоц худалдан авахад тань тусална” хэмээн санаашрангуй өгүүллээ.
No comments:
Post a Comment