Wednesday, February 16, 2011

Женнифер Энистон: Амьдралын хамгийн сайхан үе нь 40 нас



Өнөөдөр хөрш айлын эелдэг хатагтайн дүрд тоглож байснаа маргааш нь тачаангуй бүсгүйн дүрд хувилж чаддаг Холливудын ховорхон жүжигчдийн нэг нь Женнифер Энистон. Тэрбээр 42 нас хүрэхийнхээ өмнөхөн Опрагийн шоунд оролцож хувийн амьдрал, шинэ уран бүтээлийнхээ талаар ярилцжээ.

Түүнийг хөгжилтэй, найрсаг, эмзэг гэсэн гурван үгээр илэрхийлчихэж болмоор. Хэдийнэ 40 гарсан ч тэр амьдралынхаа хамгийн сайхан үеийг энэ хэмээн тодорхойлсон. Учрыг нь тэрбээр “40 нас хүрмэгцээ л би илүү амар тайван болж, аливаа асуудлыг амар хялбар шийдэх аргад суралцаж байна. Аливааг үгүйсгэн хүлээж авах нь ямар ч үр ашиггүй гэдгийг одоо л ухаарч байна” хэмэнэ тайлбарлав.
Өнөө хэр ганц бие яваа Женниферийн тухай элдэв цуу яриа байнга гардаг. Саяхан гэхэд л түүнийг хүүхэд өргөж авах гэж байна хэмээн шар хэвлэлийнхэн шуугиж байсан. Харин тэр үүнийг ор үндэсгүй худал яриа гэдгийг “Хэрэв амьдралд минь ямар нэгэн шинэ хүн тэр дундаа хүүхэд нэмэгдэхээр болвол би тэр мэдээллийг уулын орой дээр зогсож байгаад хашгиран зарлахад ч бэлэн байна” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Түүний жүжигчин Адам Сандлертай хамт тоглосон “Зөвхөн урагшаа” кино тун удахгүй нээлтээ хийх гэж буй. 20 жил нөхөрлөсөн атал тэд анх удаа хамтран ажилласан нь энэ аж. Энэ удаад Адам Сандлер залуу бүсгүйчүүдтэй дотно харилцаа тогтоох дуртай гоо сайхны мэс заслын эмчийн дүрд тоглож байгаа бол Женнифер түүний туслахын дүрийг бүтээжээ. Өөрөө хүсээгүй ч даргынхаа шахалтаар түүний хуучин амрагийн дүрд тоглож, найз бүсгүйтэй болоход нь туслах гэрээ байгуулснаар тэдэнд тохиолдох хөгжилтэй үйл явдлууд өрнөнө. Сонирхолтой нь эл киноны зураг авалтын үеэр тэдэнд тулгарсан хамгийн том бэрхшээл бол инээдээ барьж тэсэхгүй байх явдал. Олон жилийн турш нөхөрлөсөн нь тэднийг дотно харилцаа үүсгэн жүжиглэх үед инээдээ барьж чадахгүй байдалд хүргэж байсан тухай “Романтик хэсгийн зураг авахуулах үед Женнифер сандарчихдаг байв. Би түүний хувьд ахаас нь өөрцгүй тул эвгүй санагдсан биз. Тэгээд л “Наад том хамраараа чи намайг цохиод байна шүү дээ” гэх мэтээр романтик байдлыг инээд наргиа болгон хувиргачихдаг байлаа” гэв. Тэд хориод жилийн өмнө “Saturday Night Live” нэвтрүүлгийн үеэр танилцаж байсан гэдэг. Адам тухайн үед 23 настай тус нэвтрүүлгийн бэлтгэж эхлээд төдийлэн удаагүй байж. Энэ тухай Адам “Би тэр оройг ер мартдаггүй юм. Тэгэхэд би “Saturday Night Live” нэвтрүүлгийг үндэслэгч Лорн Майклын өрөөнд байлаа. Түүний өрөө есдүгээр давхарт байдаг байсан юм. Цонхоор харж байтал Женнифер телевизийн маань байр руу орж явна. Тэр даруй би “Энистон манай нэвтрүүлэгт оролцох гэж байгаа юм уу” хэмээн дуу алдаж билээ” гэж дурсав.
Харин Женнифер түүнтэй танилцсан тухайгаа “Тэр нэвтрүүлэгт оролцсоны дараа хөвгүүдийн клубт ирчихсэн юм шиг сэтгэгдэл төрж билээ. Тэд ч бас намайг нэвтрүүлэгтээ урьсанаар том гаргачихлаа гэж бодсон гэдэг” хэмээж байтал “Үнэндээ нэвтрүүлгийн тэр дугаар үзэгчдэд хамгийн их таашаагдсан” гэж нэмж өгүүлэв.
Женнифер Опрагийн нэвтрүүлэгт зочлолгүй гурван жил болж буй. Тэр хамгийн сүүлд 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан Чикаго хотноо ажлаар ирэхдээ л Опратай уулзаж байсан юм. Харин энэ удаагийн “айлчлалаа” “Чикагод ирсэндээ тун баяртай байна. Энд ирэхэд эрч хүчээр цэнэглэгдэх шиг болдог юм” гэж тодорхойлов. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн танилцуулах өдөр жүжигчин Куртни Коксынд айлчилж, сэтгэл догдлон Америкийн нэгдсэн улсын тэргүүнээр сонгогдсон тухай мэдээллийг сонссоноо “Сонгуулийн дүн хүлээж суух зуур “Энэ бол түүхэн мөч” гэх бодол хамгийн түрүүнд төрж байлаа” гэж дурслаа. Тэр өөрийнх нь дэмжиж байсан хүн ялсанд баярлаж, эмээгийнхээ эртний жороор бялуу хийсэн тухайгаа ярихаа ч мартсангүй.
Гэхдээ одоо тэр энэ бүх яриагаа түр орхиод хуучин нөхөр Брэд Питт болох түүний найз бүсгүй Анжелина Жоли нарын талаар ямар бодолтой явдаг тухайгаа өгүүлэхээр шийдсэн юм.
Түүний хайр дурлалын түүх “Найзууд” цувралд тоглож эхэлсэн цагаас л олны анхаарлыг татах болж. Ялангуяа Брэдээс салах үед түүний хайр дурлалын асуудал үзэгчид болон шүтэн бишрэгчдийнх нь хувьд хэчнээн чухал болохыг мэдэрсэн гэнэ. Энэ тухайгаа тэр “Миний төлөө олон зуун хүн анхаарал тавьж байгааг мэдэхэд сайхан байдаг юм билээ. Би цаг үргэлж өөрийгөө хайр дурлалын асуудалд одтой нэгэн гэдгээ мэдэрдэг. Тэгж харагдахгүй байж магадгүй л дээ. Гэхдээ Брэдээс салсан минь хэсэгхэн зуурын л асуудал шүү дээ” гэв. Гэсэн ч энэ бүхнийг үл харгалзаж өнгөрсөн амьдралаараа бас Брэдээр өнөө хэр бахархаж явдаг тухайгаа “Бидний хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдэд тэр гайхалтай олон зүйлийг хийсэн. Түүнийг сайн нөхөр байсан гэж би онцолмоор байна” хэмээн ярьсан.
Брэдээс салсан даруйдаа ажлаасаа хөндийрч хоёр жилийн турш кино болон, өөрийн компанийн үйл ажиллагаанд ч анхаарлаа хандуулахаа больсон тэрбээр “Марли бид хоёр” бүтээлээр кино урлагтаа эргэн ирж байжээ. Тиймээс ч түүний амьдралд багагүй өөрчлөлт хийсэн бүтээл бол яах аргагүй “Марли бид хоёр”. Үүнийг ч тэр үгүйсгэсэнгүй. Энистон: “Өөрийгөө өөрчлөхөд минь энэ кино их тус болсон. Киноны эхэн хэсэгт гол дүрийн эмэгтэй эр хүний хараат байхыг хүсэхгүй байгаа нь илт харагддаг шүү дээ. Энэ бол өнөөгийн гэрлэлтийн үнэн дүр төрх. Би ч бас тэдний нэг. Тиймээс ч хайр сэтгэлийн харилцааны тухайд туршлага суухад надад энэ кино их тус болсон. Тиймээс энэ киноныхоо мөч бүхэнд би хайртай”.

No comments:

Post a Comment