Sunday, February 27, 2011

Арван жилийн дараа ахин тавьсан “Шөнө дундын бүжиг”

Хотын гудманд хүмүүсийн хөл тасарч, замын гэрлээс өөр ханьгүй нам гүм. Орон сууцны цонхоор анивалзах гэрлийн тоо ч цөөрчээ. Амьд бүхэн хаа нэгтээ дайжин одсон мэт энэ нам гүмд дунд амьдрал ид буцлан байх шөнийн цэнгээний газрууд хаалгаа нээн, хамгаалагчдаар үүд сахиулна. Нийгмийн нэгэн хэсэг болсон шөнийн амьдрал, цэнгээний газруудын далд амьдралыг өгүүлэх “Шөнө дундын бүжиг” өнөөдөр нээлтээ хийнэ.
С.Жаргалсайханы зохиолоор хийсэн эл жүжиг арван жилийн өмнө тайзнаа тавигдаж байсан бол энэ удаа цоо шинэ бүрэлдэхүүн, тавилт, өнгө төрхтэйгөөр үзэгчдэд хүрэх гэж байна.

Залуу насны эрч хүч “амтагдсан” бүтээл

Нэр шигээ тайзны урлагийн ертөнцөд хувьсал хийхийг зорьж яваа залуусын продакшн энэ жил арван нас хүрч буй. Нэгэн аравны түүхээ бичсэн тус хамт олон ойгоо угтаж олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Шөнө дундын бүжиг”. Дэвшүүлсэн санаа нь өнөөгийн нийгмийн өнгө аяст нийцсэн, үзэгчдийн сэтгэлд хүрэхүйц, хурц өгүүлэмж, үйл явдалтай.
Түүнчлэн анхнаасаа Д.Пүрэвсүрэн, Г.Отгонцэцэг, Д.Одбаяр гэхчлэн залуу жүжигчдийн эрч хүчээр цэнэглэгдэн уран бүтээлээ туурвиж байсан “Хувьсал” продакшныхан энэ удаа ч шинэ жүжигчдийг гол дүрүүдэд тоглуулахаар сонгожээ. Залуусын эрч хүч, цог золбоо, хэмнэлийг тайзнаа гаргаж болохуйц хөдөлгөөний хурд, хэмнэл шаардсан нь ч “Шөнө дундын бүжиг”-ийг сонгох бас нэгэн шалтгаан болсон гэдэг.
“Шөнө дундын бүжиг” жүжгийн бэлтгэл бүр өнгөрөгч оны аравдугаар сард эхэлсэн аж. Олны хэсэгт тоглож буй бүжигчдээс багагүй ур чадвар шаарддагаас тэр. Арван жилийн өмнө мэргэжлийн бүжигчдийг олны хэсэгт тоглуулж байсан бол энэ удаа “Хувьсал” залуус өөрсдөө бүжих нь.


Шинэ багийнхны тавьж буй хуучин жүжиг

Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Ж.Оюундарь, Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт зэрэг туршлагатай жүжигчид гол дүрүүдэд тоглож, ҮДБЭЧ-ын уран бүтээлчид олны хэсэгт бүжиглэн, тус чуулгын найруулагч Н.Болд найруулан тавьж байсан жүжгийн бүрэлдэхүүн тэр чигтээ өөрчлөгдсөн.
Арван жилийн дараа ахин тавьж буй жүжгийн гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Отгонцэцэг болон “Хувьсал” продакшны залуу жүжигчин Б.Баярмаа, Б.Оюунбаатар, Л.Амарсайхан нар тоглож, олны хэсэгт мөн л тус продакшны залуу уран бүтээлчид бүжиглэж байна. Харин залуусын армийг УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин удирдаж буй. Түүндээ ч сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй.
-“Шөнө дундын бүжиг” жүжгийн гол санаа нь юу вэ?
-Жүжгийн зохиолыг арваад жилийн өмнө С.Жаргалсайхан бичсэн. “Хувьсал” продакшныхан эл жүжгийг тоглосон нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, нэр хүнд олсон. Зохиолын хувьд сэтгэл догдлуулж, уран бүтээлчдийг хурцалсан онцлогтой. Харин эл зохиолыг бид арван жилийн дараа ямар гаргалгаагаар тавих вэ, ямар санааг гаргах вэ гэдгийг нэлээд ярилцлаа. Эцэст нь “Хүн төрөлхтний амьдралын утга учир бол аз жаргал. Аз жаргалд хүрэх арга бол эрх чөлөө, харин тэр эрх чөлөөнд хүрэх зам нь хайр сэтгэл. Бие биендээ хандсан энэ гэгээн итгэл сэтгэлгүйгээр бид аз жаргалыг амталж чадахгүй. Энэ гэгээн хүсэл тэмүүлэлтэй, бүхнийг сайн сайхнаар хүлээж авдаг энэ сайхан чанараа хүн битгий алдаасай, сайн сайханд тэмүүлж байгаа нэгнээ битгий нухчин дараасай” гэсэн санааг жүжгээрээ гаргахыг хичээсэн.
-Энэ удаа шинэ бүрэлдэхүүн тоглож, найруулагч нь ч солигдсон учир ялгаатай зүйлүүд нэлээд олон бий юү?
-Зураач бүр өөрийн зурах арга барилтай . Зургууд нь өнгө, алслалт, тигээрээ ялгарч байдаг. Түүн шиг найруулагчдад ч жүжиг, кино найруулан тавих өөрийн гэсэн арга барил, онцлог бий. Хэдийгээр адилхан зохиолтой ч гэсэн найруулагч бүрийн тавилт өөр өөр байна гэсэн үг. Адилхан болчихвол нөгөө найруулагчийн ур чадвар гарахгүй байна гэсэн үг. Миний хувьд дээр дурдсан санаагаар жүжигчдийн дотоод ертөнцийг хөглөх талаас нь илүү ажилласан.
-“Хувьсал” продакшныхантай хамтран ажиллаж байгаа анхны тохиолдол уу?
-Тийм ээ. Тус продакшныхан залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг нь надад их таалагддаг. Мэдээж сургууль төгсөөгүй залуу уран бүтээлчдийн тайзнаа тоглуулж, мэргэжлийн тайзан дээр боловсруулж гаргана гэдэг эрсдэлтэй. Тэсвэр тэвчээр, ажиллагаа шаарддаг. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан залуу жүжигчдийн баг болгон нэгтгэж чадаж байгаа нь надад таалагдсан. Жүжиг гэдэг багийн тоглолт. Тухайн баг хэр хамт олонч байхаас жүжгийн чанартай байх эсэх нь шалтгаалдаг.
-Яагаад заавал “Шөнө дундын бүжиг” гэж нэрлэсэн юм бэ?
-Жүжигт шоу цэнгээний зах зээлд өрсөлдөж буй хоёр талын тухай гардаг. Хоорондоо дайсагналцахыг “Бүжигт урих” гэдэг ойлголт бий. Гэтэл шөнө дунд хүн бүр унтаж амран, тайван байх ёстой цагаар сэтгэл нь тогтож ядан, бүжигт дуудаж байна гэсэн санааг илэрхийлэн байдаг.
-Бусад жүжигтэй харьцуулбал ямар онцлогтой вэ?
-Жүжгийн зохиол бүр хүн төрөлхтний төгс байдлын эрэлхийллийн үр дүн байдаг. Харин зорилго нь хүнийг өөрт нь таниулах явдал. Хэдийгээр нийгэм нь зах зээлийн нийгэмд шилжин задарчихаад байгаа ч хүний сэтгэлгээ түүнтэй адилхан задарч чадахгүй байна гэдгийг зоригтой хэлсэн нь “Шөнө дундын бүжиг” жүжгийн зохиолын гол онцлог болов уу. Хөрөнгө шүтээд хүнийг шүтэхгүй байна гэдгийг илүү харуулсан.

Цагаан гэрэл дэх бэлтгэл

Жүжгийн сургуулилалтыг сурвалжлахаар Соёлын төв өргөөг зорилоо. Жүжигчид, найруулагч, продюссер гээд уран бүтээлийн баг хэдийнэ цуглачихаж. “Хувьсал” гэсэн хаягтай хаалга татан явж орвол, найруулагч, продюссер нар арын албаа ярилцан сууна. Харин жүжигчдийн дуу үүдний хонгилоос цуурайтна. Тун удалгүй Хавх (гол дүрүүдий нэг) хаалга татан орж ирлээ. Жийнсэн өмд, ноосон цамц өмссөн харагдана. Жүжгийн хувцас яавч биш. Гайхан “Танай тайзан дээрх сургуулилалт хэзээ эхлэх вэ” хэмэнэ асуутал “Бид дандаа шөнө сургуулилж байгаа шүү дээ” гэх нь тэр.
Төд удалгүй найруулагчийн өнөө орой тайз сулармагц цагаан гэрэлтэй сургуулилна гэсэн дуудлага ирэх нь тэр. Соёлын төв өргөөний тайзнаа үдэш бүр хошин урлагийнхны тоглолттой байгаа тул тэд ийн завсар зайгаар нь бэлтгэлээ амжуулж байгаа аж.
Бэлтгэлийн үеэр зураг авах гэж хичээсэн ч жүжигчин Л.Амарсайханы “Цагаан гэрэлтэй сургуулилна шүү дээ. Нөгөө сумын клубын бүжгийн үеэр гурван нөхөр зэрэгцээд суучихсан улаан, ногоон, шар хэмээн гэрэл “анивчуулж” суудаг шиг л” хэмээн инээснээ “Тэнд зураг авах аргагүй дээ” хэмээн санууллаа. Гэхдээ л тэд үүндээ огтхон ч түүртсэнгүй шинжгүй сургуулилтаа үргэлжлүүлнэ. Амралтын үеэр амандаа дуу аялан алхана. Өнөөх залуу насны эрч хүч гэдэг л энэ байх даа.
Тэдний амрах цагаас нь хумслан жүжигчин Б.Оюунбаатартай дүрийнх нь тухай ярилцлаа.
-Энэ жүжигт ямар дүр бүтээж байна вэ?
-“Midnight dance” шөнийн цэнгээний газрын эзэн, Шубирагийн хамтран амьдрагч залуугийн дүрд тоглож байгаа. Эсрэг дүр байгаа юм. Хавхын үзэл бодол, ааш араншин минийхээс тэс өөр, мөн миний анхны гол дүр тул надаас багагүй хүч хөдөлмөр шаардаж байна. Өмнө нь энэ дүрд Н.Ялалт ах тоглож байсан. Арван жилийн өмнө 60-аад удаа тоглоход үзэгчдийн суудал дүүрэн байсан. Дараа нь жүжгийн DVD гарсан гээд үзэгчид сайн мэдэх тул бидний хувьд хариуцлага өндөр.
-Жүжгийн үйл явдал хэрхэн өрнөдөг вэ?
-“Midnight dance” цэнгээний газартай өрсөлдөхүйц шинэ клуб байгуулагдаж, эзэн нь Шубираг өөрийн клубтээ авахаар улайрна. Эндээс зөрчил үүсэж цааш үргэлжилнэ.

No comments:

Post a Comment