Sunday, February 27, 2011

Трампынхны үнэ цэнэ


“Тэрбумтнуудаас хамгийн сэргэлэн, нөлөө бүхий, бас хамгийн цуутай нь Трамп. Түүнд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө төдийгүй, сайхан эхнэр, сайн үр хүүхдүүд заяасан тул төгс амьдралыг цогцлоосон хүн гэж дүгнэхэд ч хол зөрөхгүй”. “The Oprah” шоу нэвтрүүлэгт Трампынхан оролцсоны дараа түүнийг ийн тодорхойлжээ.

Тэнгэр баганадсан өндөр барилгууд түүгээр овоглож, харин Трамп гэр бүлийнхний хамт “Боинг 727”-гоо хөлөглөн дэлхий тойрон аялсаар л… “Боинг”-той анхны аялал нь Чикаго руу хийсэн нислэг байсан гэдэг. Тэрбээр эхнэр Меланиагийн болон таван хүүхдийн хамт телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхөөр суман цагаа хөлөгтөө суусан нь тэр аж.
Дональд 1977 онд өрх толгойлж, Олимпын медальт цаначин Иванатай гэрлэжээ. Тэд бага Дональд, Иванка, Эрик гэсэн гурван хүүхэд төрүүлж, өсгөн 15 жил хамт амьдрасны эцэст 1992 онд сүр дуулиантай хоёр тийш болсон. Дональд тийм ч олон жил гоонь эр явж, хөрөнгөнд дуртай бүсгүйчүүдийн анхаарлыг татсангүй. Анхны эхнэрээсээ албан ёсоор салснаас жилийн дараа Марла Маплес хэмээх бүсгүйтэй гэрлэж, Тиффани гэх охинтой болов. Гэхдээ эл гэрлэлт ч бас аз жаргалтайгаар төгсөж чадаагүй юм. Тэд 1999 онд гэрлэлтээ цуцлуулжээ.
Улмаар 2005 онд тэр Словян гаралтай загвар өмсөгч Меланиа Кнаусстай гэрлэж, Баррон нэртэй хүүтэй болов.
Харин тэр Опрагийн нэвтүүлгийн тайзнаа гэргийн Меланиа болон Баррон, Тиффани, Иванка, Эрик, баг Дональд болон бэр Ванесса болон ач Кай, Дональд нарын хамт хүрэлцэн ирсэн юм.
Гэр бүлсэг эрийн нэвтрүүлгийн студид зочилсон даруйдаа хэлсэн үг нь “Би муу нөхөр байж болоно л доо. Гэхдээ цаг үргэлж л сайн аав байсан, байсаар ч байх болно. Би гэр бүлдээ хайртай”.
Тэрбээр үр хүүхэд нь ажил хэргийг нь амжилттай авч яваасай гэсэн цорын ганц хүсэлтэй тухайгаа “Би өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Харин тэр ажлыг хүүхдүүд маань амжилттай авч яваасай гэж л хүсэж байна. Тэд минь ажлаа шат ахиулж, амьдралаасаа баяр баяслыг олж байвал миний зорьсон хэрэг бүтэх нь тэр” гэлээ.
Тэр гурав дахь гэрлэлтээ өмнөх хоёртой адилгүй, тун онцгой хэмээсэн. “Бид их сайхан харилцаатай байдаг гэж бодож байна. Магадгүй сайхан гэдэг үг ч багадах байх. Гайхалтай гэвэл илүү нийцнэ” гэж нэмж өгүүлэв.
“Тэрбумтантай гэрлэж, Трамп гэх алдартай овог авахыг хүсэж буй зуу зуун бүсгүй бий. Харин Трамп гэх үнэ цэнэтэй нэрээр овоглуулснаар амьдрал чинь хэрхэн өөрчлөгдсөн бэ” гэсэн Опрагийн асуултад Меланиа “Гэрлэхээс өмнө ямар хүн байсан яг тэр хэвээрээ байгаагаа. Би үргэлж өөрийнхөөрөө байж ирсэн. Миний овог хэрхэн өөрчлөгдөх нь чухал биш. Гол нь Меланиа гэдэг хүн хэн бэ гэдэг нь чухал” гэж хариулсан.
Өнгөрсөн зургаан жилийн турш Меланиа олон зүйлд суралцаж, тэр хэрээр нөхрөө ч ихэд хүндэлдэг болсон тухайгаа “Дональдын гэргийн байхын тулд тун ухаалаг, хэрсүү байх хэрэгтэй. Бас өөрийн гэсэн орой зайг үүсгэж, бие даасан байх нь чухал” гэв.
Мэдэээж Меланиатай гэрлэснээр Дональд цоо шинэ амьдралыг босгох шаардлагатай болж. Огт өөр хөрсөнд бүрэлдэн тогтсон хоёр гэр бүлийг зохицуулан нэгэн цул болгоно гэдэг амаргүй. Харин Дональдын хувьд энэ ажил тийм ч хүнд байгаагүй гэдэг. Түүнчлэн энэ ажилд эхнэр нь чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг “Меланиагийн хувьд гэр бүлээ төлөвшүүлэх ажил бүр ч хялбар байсан болов уу. Учир нь тэр минь их ухаалаг, амьдралыг сайн мэддэг хүн. Тиймээс хүүхдүүдээ дотносуулах ажлыг тэр л гардаж гүйцэтгэсэн” хэмээн тайлбарлав.
Иванка, бага Дональд, Эрик нар түүний хүүхдүүд төдийгүй ажилтнууд нь. Тэд бүгд Нью-Йорк дахь “Trump Organization”-д ажилладаг.
Тэрбумтны гэр бүлд өсөж торних ямар байсан тухайд бага Дональд “Би бага насаа зүүн Европт өнгөрөөсөн. Чехсловакт өвөө минь амьдардаг байсан учир би байсхийгээд л сараар тэднийх рүү аялдаг байв. Хэдийгээр би аавтай төдийлэн дотно харилцаатай байгаагүй ч түүнийг бас үгүйсгэдэггүй байв. Том болмогцоо Нью-Йоркт амьдрах болсноо ч зөв шийдэл гэж боддог. Энд өсвөр насаа өнгөрүүлсний ачаар л би өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” хэмээн дурслаа.
Мэдээж тэрбумтны гэр бүлд өсөж торнихын давуу тал цөөнгүй. Энэ тухайд Эрик “Бид хамгийн сайн гэсэн сургуульд суралцан мэдлэг олж авдаг байв. Сургуулиа төгсмөгц ажиллана. Трампынханд “цаг зав” гэсэн ойлголт байдаггүй. Бидний сурч эсвэл ажиллаж байгаа нь сонин биш. Гол нь цаг завгүй өөрийгөө хөгжүүлэх нь л аавын хувьд тун чухал. Тиймээс би түүнийг гайхалтай сайн эцэг гэж хэлнэ” хэмээв.
Харин Иванка энэ тухайд “Би болон ах дүү нар маань аавын замаар л замнана гэдгийг би бүр бага байхаасаа л мэддэг байсан. Тиймээс хэдий хүүхэд ч гэр бүлийнхээ бизнест гар бие оролцож, түүний сайхныг мэдрэхийг хүсдэг байсан” хэмээн өгүүллээ.
Дональдын хүүхдүүд балчир насаа түүний ажлын өрөөнд өнгөрүүлж. Энэ нь нэг талаар хүүхдүүдтэйгээ аль болох удаан хугацаагаар хамт байх эцгийн хүсэл ч нөгөөтэйгүүр бизнест багаас нь бэлдэж буй холч ухаан байсныг бага Трамп “Юун түрүүнд тэр тун сайн бизнесмен байсан.Тэр бүр биднийг жаахан байхаасаа л энэ ухаанаа хэнд ч анзаарагдамгүйгээр зааж, сургадаг байв. Ажлынх нь өрөөнд биднийг тоглож байх зуур тэр элдэв гэрээ, хэлэлцээр хийж, тэр бүрээс нь бид их зүйлийг сурсан” гэж тайлбарлалаа.
Трамп гэх үнэ цэнэтэй овгийг зүүж явахад хариуцлана тун өндөр. Гэхдээ бага Дональд өөрийн юу чаддагаа нотлох гэж хэзээ ч хичээдэггүй байж. Магадгүй өөртөө дэндүү итгэлтэй байдал нь Трампынхны нэгэн хэв маяг биз.
2009 онд Трамп өөрийн гэр бүлдээ нэгэн шинэ гишүүн хүлээн авсан нь Иванкагийн нөхөр Жейрд Кашнер. Тэдний тансаг хуриманд 500 орчим ойр дотнынхон нь хүрэлцэн ирж, хоёр метр өндөр бялуу хуваан идсэн гэдэг.
Гэр бүлийн амьдралынхаа тухайд Иванка “Түүнтэй байсан өдөр бүхэн өчигдрөөсөө сайхан байдаг. Тиймээс би зөв хүнээ олсон гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм. Үнэхээр ч тэр амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бололтой. Өнгөрөгч нэгдүгээр сард тэр хэвлэлийнхнийг цуглуулж, харилцаагаа шат ахиулсан цаг болсон гэдгийг мэдэгдээд хөл хүнд болсон тухайгаа зарласан. Тэрбумтан Дональд Трампыг “Өвөө” хэмээн дуудах гурав дахь хүүхэд энэ зун мэндлэх бөгөөд одоогоор хүйсийг нь тодорхойлуулаагүй байгаа аж.

No comments:

Post a Comment