Sunday, February 27, 2011

Опра Уинфри: Алдар хүнд бол өнөөдрийн өндөрлөгт намайг хүргэсэн тээврийн хэрэгсэл


Ярилцлагын хаан хэмээгддэг Ларри Кинг нэвтрүүлгээ хаах болсон тухай мэдээлэл дэлхий өнцөг булан бүрт суугаа үзэгчдийн анхаарлыг татаж, чихийг сортойлгосон. Энэ мэдээлэлтэй давхцан Ларри Кинг цаашид өөр нэвтрүүлэг бэлтгэх үү, эсвэл өөр салбарт хүч үзэх үү гэх мэт олон арван асуудал урган гарсны нэг нь “CNN” телевиз дэх түүний орой зайг хэн нөхөх бол гэсэн асуулт. Эртнээс хаалтын ёслолд бэлтгэж байсан тус телевиз болон нэрт сэтгүүлч Ларри Кинг нар ч тэр даруй Пирс Морганы шоугаар үргэлжлүүлэх болсноо зарласан цаг саяхан. Тэгвэл Пирс Морганы шоу өнгөрөгч нэгдүгээр сараас CNN сувгаар цацагдсан билээ. Түүний анхны зочин нь тэрбумтан хатагтай Опра Уинфри.
(Бичлэг) Опра Уинфри: CNN-ийн удирдлагууд Пирс Морганыг надад тун сайн сэтгүүлч, ярилцлагын мастер хэмээн танилцуулсан. Түүний ямар чадварлаг ярилцагч болохыг мэдэхийг тэсэж ядан хүлээж байна.
Пирс Морган: Шинэхэн нэвтрүүлгийнхээ анхны зочныг сонгохын тулд отгхон ч толгойгоо өвтгөөгүй. Мэдээж тэр хүн баян, нөлөө бүхий атал чадварлаг, олны анхаарлыг хамгийн их татдаг хүн байх ёстой. Харин тийм хүн миний мэдэхээр ганцхан бий. -Би Морганыг зочноо уйлтал нь ярилцаж чадварлаг хүн гэж сонссон. Гэхдээ намайг арай ч уйлуулахгүй байх.
-Опрагийн зочдоосоо асуух дуртай “Та ямар үед 100 хувь өөртөө итгэлтэй байж чаддаг вэ?” гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. -Үдэшлэгт өөртөө зохисон чамин даашинзтай очих үедээ л… (инээв)
-Танд толгой өндийх завгүй ажилтай байх өдөр олон тохиодог уу. Би Опрагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг зураглах гэсэн юм л даа. Өглөө сэртэл ямар ч хүч тэнхээгүй болсон хэрнээ “Би чинь Опра Уинфри шүү дээ. Заавал ажиллах ёстой” гээд босож байсан удаа бий юү? -“Би чинь Опра Уинфри шүү дээ” гэж хэлж үзээгүй. Харин толгой өндийх завгүй ажилтай байсан үе бий. Нэгдүгээр сарын нэгэнд манай телевиз нээлтээ хийсэн. Тиймээс ганцхан би ч биш, манай хамт олон бүхэлдээ тийм л байдалтай хэдэн сарыг өнгөрөөсөн. Тэгэхэд л телевиз авч явна гэдэг ямар хүнд хэцүү ажил болохыг биеэрээ мэдэрсэн. Нээлтээ бид Лос-Анжелест хүлээж байгаад үзсэн. Телевизийнхээ бэлгэ тэмдгийг, дараа нь өөрийнхөө мэндчилгээ болгон үг хэлж байгааг хараад л зогсож байлаа. Тэр үед өөрийн эрхгүй нулимс дуслуулсан.
-Тийм үү? -Тийм ээ. Гэхдээ энэ удаа бол уйлахгүй шүү. (инээв)
-Бидэнд ядаж хэдхэн дусал нулимс харуулчих л даа. Та хэдэн хүнд бүрэн төгс итгэдэг вэ? -Тав.
-Хэнд? -Би нэрийг нь дуудмааргүй байна.
-Тэгвэл би тааж болох уу. Нэг нь лав Гэйл байх, тийм үү? -Мэдээж тийм.
-Нөгөө нь Стедман байх. -Тийм ээ.
-Би таны амьдралыг төдийлэн сайн мэдэхгүй болохоор ингэж шалгаагаад байна л даа. Гэйл, Стедман нарын тухай л бид мэдэж байхад хангалттай гэж та бодож байна уу? -Тэр нь зүйтэй болов уу. Би ямар ч нөхцөлөөс үл хамааран бүрэн итгэдэг, ойр дотнын тав юм уу зургаан л хүнтэй. Гэхдээ би тэднийхээ тухай төдийлэн сайн мэдэхгүй учир энд танилцуулж чадахгүй нь. “Мэдэж байгаа бүхэн минь намайг нүцгэлж орхидог” гэх сайхан үг бий шүү дээ. Тэд миний хувьд тун чухал хүмүүс учир би нууц бүхнийг нь мэдэх гэж улайрдаггүй.
-Таны тухай миний мэдэх цорын ганц зүйл бол таны гар бие оролцсон бүхэн хит болдог. -Үгүй дээ. Энэ бол ташаа ойлголт. Миний ажил цаг үргэлж бүтэж, хийсэн бүхэн минь хит болж байгаагүйг гэрчлэх баримт би чамд хэдийг ч хэлж өгч чадна шүү.
-Та “OWN” телевизээ амжилт олохгүй байх вий гэж бодож байсан уу? -Та тоглоод байна уу? “Энэ ч бүтэхгүй дээ” гэж бодсон хэрнээ эрсдлийг үл хайхран шийдвэр гаргаж байсан удаа надад байхгүй ээ, Пирс.
-Та америк хүний хүрч болох оргилд хэдийнэ гарсан. Танд язгууртан болчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг үү. Алдар нэртэй байх танд таалагддаг уу? -Өдөөн хатгасан сайхан асуулт байна. Би бүр ийм асуулт тавьсаны чинь төлөө шагнамаар байна шүү. Гэхдээ л би чамд “Надад нэртэй хүндтэй байх таалагддаг” хэмээх хүсэж байгаа хариултыг чинь өгөхгүй ээ.
Үнэндээ бол надад огт таалагддаггүй. Нэр хүнд гэдэг даалгавар, ачаа л нэмдэг. Чи туулж өнгөрүүлсэн амьдралыг минь мэдэхгүй учир намайг цөөн үгээр тодорхойлж чадахгүй. Би 1954 онд Миссиссиппи гэх арьс өнгөөр ялгаварлах үзэл хамгийн хүчтэй нөлөөлдөг мужид төрсөн нэгэн.
Гэсэн ч өнөөдөр чиний нэвтрүүлгийн анхны зочин болон өмнөөс чинь хараад, асуултад чинь хариулан сууж байна. Энэ хүртэл би маш урт зам туулж, замын турш зогсолтгүй хөдөлмөрлөн, бас тэмцэж ирсэн. Одоо надад байгаа бүхэн Опра Уинфри гэх бие хүнээс ч цар хүрээ, ач холбогдлын хувьд далайцтай болсон. Харин алдар хүнд бол энэ тавцан намайг авчирсан тээврийн хэрэгсэл юм.
-Австралид хийсэн аяллынхаа тухай яриач. -Австралид байхдаа би нээлттэй байх, өөрийгөө болон бусдыг хайрлах ухаанд суралцсан. Хүн байна гэдгийн утга учрыг би тэнд л ойлгосон. Өмнө нь тийм мэдрэмжийг хэзээ ч амсаж байгаагүй.
-Крикет цохих нь танд тийм сэтгэгдэл төрүүлсэн байх нь ээ? -Тэр чинь хайраас тэс өөр ойлголт шүү дээ.
-Харин ч тэр чинь жинхэнэ хайр юм биш үү. Австрали хүн бүрийн хамгийн хайртай спорт нь крикет. -Би тэр тухай бол ярихгүй ээ. (инээв)
-Та крикетэд дургүй юм уу? -Үгүй л дээ. Гэхдээ би огт өөр зүйлийн тухай ярьж байна шүү дээ.
-Та хэр ширүүн дарга вэ? -Би тийм ч хатуу чанга хүн биш.
-Та хамгийн сайн нэвтрүүлэг бэлдэхийг ажилчдаасаа хүсдэг байх. Одоо бүр өөрийн телевизтэй болчихлоо. Бүхэл бүтэн телевиз авч яваа болохоор чанга, ширүүн байхгүй бол болохгүй шүү дээ. -Хатуу байх шалтгаан үнэндээ байхгүй. Гэхдээ таны “хатуу” гэдэг ойлголт ямар болохыг би сайн мэдэхгүй шүү дээ.
-Хатуу гэхээр таныг ажилчид руугаа хашгирдаг гэдэг утгаар хэлээгүй юм шүү. Би таныг тийм араншинтай хүн гэж бодохгүй байна. -Би хэзээ ч хэн нэгэн рүү хашгирч, зандарч байгаагүй.
-Гэхдээ л та хийж буй бүхнээ төгс болгох гэж хичээгчдийн нэг гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна. -Би бүхнийг төгс хийх гэж улайрдаггүй. Бас хэн нэгэн рүү хашгачдаггүй. Бусдыг ч тэгж хашгачихыг зөвшөөрдөггүй. Учир нь тийм байдал ажлын идэвх бууруулахаас цаашгүй байдаг юм. Би эрч хүчээ алдахгүй, хэрэгтэй зүйлдээ зүй зохистой зарцуулахыг л хичээдэг. Бусдыг ч бас тийм байлгахыг хичээдэг.
-Нэгэн бичлэгийн дараа бид Опрагийн амьдралын хамгийн таагүй үеийн талаар ярилцах болно. (Бичлэг) Опра Уинфри: 14 настай байхдаа “Амьдрал ингээд л дуусаж дээ” гэж боддог байлаа.
-Та нөхөрт гараагүй. Гэхдээ Стедмантай сүй тавьж байсан байх аа. Гэрлэлт тань бүтэлтэй болно гэж бодоогүй хэрэг үү? -Стедманы тухай ярьж цагаа үрэх хэрэггүй дээ.
-Стедманыг таны хувьд хамгийн эрхэм хүн гэж хэлж болох уу? -Магадгүй ээ.
-Та яагаад түүний тухай ярьвал цаг үрсэн дэмий яриа болно гэж бодож байгаа юм бэ? -Би тэр тухай тодорхой зүйл ярихгүй учраас тэр. Пирс чи надаас “Яагаад хүнтэй сууддаггүй юм бэ? Гэрлэлт чиний хувьд хэр чухал вэ?” гэж асуухыг хүсэж байгаа биз дээ. Энэ чинь улиг болсон яриа шүү дээ. Би хэзээ ч нөхөрт гарахгүй.
-Ямар ч эргэлзээгүйгээр үү? -Би гэрлэхийн төлөө төрсөн хүн биш.
-Гэхдээ танд хуримын даашинз өмсөн, сүмд ёслол хийх тухай хэзээ ч бодогдож байгаагүй гэж үү? -Хүмүүс яагаад бие биетэйгээ гэрлэдгийг чи мэдэх үү. Тэд зүгээр л сайхан даашинз өмсөн, аварга бялуу зүсэж, үдэшлэгийн гол баатар болохыг хүссэндээ л энэ утгагүй үйлдлийг хийдэг юм шүү дээ. (инээв)
-Та 14 настай байхдаа хүүхдээ алдсан гэдэг. Энэ тухай өмнө нь дэлгэрэнгүй ярьж байсан боловч би энэ асуултыг заавал асуумаар санагдлаа. “Хэрэв хүүхэд минь эсэн мэнд байсан бол” гэсэн бодол танд төрдөг үү? -Үгүй дээ. Би ердөө л 14 настай байсан учир хүүхдээ алдсан хэдий ч огт гашуудаж, гуниглаагүй. Би хүүхдээ төрүүлэхээсээ өмнө амиа хорлоно гэж боддог байсан юм.
-Тийм үү? -Ээж минь намайг энд байж болохгүй гэсэн учир хөл хүнд болсныхоо дараахан би Нэшвиллд байдаг аавынх руугаа нүүсэн.
-Давхар биетэй болсон тухайгаа та аавдаа хэлсэн үү? -Үгүй ээ. Би түүнээс нуучихсан. Би түүнээс бүх зүйлийг нуусан. Аав минь галынхаа өрөөнд надад 22 цагаса хойш гадагш гарч болохгүй гэх мэт дүрэм журам ярихаас өөрөөр надтай харилцдаггүй байсан учир тэр. Тэр бүр надад бутач хүүхэд гаргаж гэр бүлийн минь нэр хүндийг гутаав аа гэж анхааруулж байсан юм. Харин тэр үед би хэдийнэ хөл хүнд болчихсон байв. Тиймээс шууд л өөрийгөө хороохоор шийдсэн хэрэг.
-Та амиа хорлох оролдлого хийж байсан уу? -Үгүй ээ. Угаалгын нунтаг идэх гэж мэт тэнэг үйлдэл хийж байсан. Харин хүүхэд минь зулбахад, надад хоёр дахь боломж олдлоо гэдгийг би ухаарсан.
Тэгээд сургуульдаа эргэн орж, энэ тухай хэнд ч мэдэгдээгүй.

No comments:

Post a Comment