Tuesday, March 1, 2011

Д.Түвшинсайхан: Зургаан мэдрэхүй цогц ажиллах газар бол театр

Нэгэн үеэ бодвол академик урлагийг ойлгодог сонсогчдын хүрээ тэлж, энэ төрлийн урлаг манай улсад хөгжиж байна. Үүний тод жишээ нь концертын танхим дүүрч, тасалбар нь долоо хоногийн өмнө дуусчихдаг филармони, морин хуурын чуулгын тоглолтууд. Энэ сарын 19-нд болох Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы тоглолтын тасалбар ч хэдийнэ дуусчихаж. Гэхдээ тэрбээр эл арга хэмжээг тоглолт бус уран бүтээлийн үдэшлэг хэмээн онцолж байсан.
“Би бол морин хуурын чуулгын эд эс. Тиймээс ч байгууллагынхаа дан хөгжмийн бүтээлийг сонсож сургах гэсэн зорилгыг баримтлан уран бүтээлийнхээ үдэшлэгээ хийж байна. Түүнчлэн нийгмийн энэ хүнд хэцүү цагт сонсогчдод жаахан ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрүүлэх гэсэн юм” гэж ярих түүний урлагийн ертөнцийн тухай эргэцүүллийг уншигчдадаа хүргэе.

-Уран бүтээлийн үдэшлэгээ яагаад “Эргэцүүлэл” гэж нэрлэхээр шийдсэн юм бэ?
-Би аливааг эргэцүүлэн бодох дуртэй. Нийгэмд тулгамдсан асуудал үй түмээрээ байгаа өнөө цагт эргэцүүлэх асуудал бүр ч их болох юм. Тиймээс л уран бүтээлийн үдэшлэгээ ийн нэрлэхээр шийдсэн. Би урлагийг агуу шинжлэх ухаан гэж боддог. Тиймээс ч уран бүтээлдээ шинжлэх ухаанчаар хандаж, хөгжмийн зохиолоороо академик хэлбэрийг харуулахыг зорьдог. Эргэцүүлэл гэдэг их энгийн нэр. Хуур хөглөсөн үдэш гэдэг ч юм уу, гоё чамин нэр өгч болох байсан л даа. Эргэцүүллийн шийдэл нь миний бүтээлүүд. Тиймээс түүнийгээ сонсогчидтойгоо хуваалцах гэсэн учир нэр нь ч энгийн байгаасай гэж бодсон.
-Тоглолт ямар онцлогтой вэ?
-Тоглолт дөрвөн хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгт нь ардын жүжигчин А.Долгор, Чимэдцэеэ, дуучин Цогтдэлгэр, А.Ширмэнтуяа зэрэг дуучид оролцох юм. Дараагийн хэсэгт хөгжим бүжгийн коллежийн ёочин, ятга, шанз, хуучрыг төгөлдөр хууртай хоршиж хөгжимдөнө. Ерөнхийдөө жижиг хэмжээний хөгжмийн бүтээлүүдийг эгшиглэнэ гэж ойлгож болно. Гуравдугаар хэсэгт “Шуранхай”, А.Ширмэнтуяа нар оролцож, орчин үеийн хэв шинж рүү хэлбийсэн уран бүтээлүүд болон нийтийн дуунуудыг сонордуулах юм. Төгсгөлд нь “Voice” хамтлагийнхан мэргэжлийн чиг хандлага бүтээлийг дуулна. Тоглолтыг 100 хувь гэж үзвэл, 60 орчим хувь нь дан хөгжмийн бүтээл хөгжимдөнө. Үүгээрээ “Сонсогчдыг дан хөгжмийн бүтээл сонсож сургах” гэсэн байгууллагынхаа зорилгыг биелүүлэхээр өөрийн хувь нэмрийг оруулж байгаа хэрэг.
Тоглолтын хэмнэл маань удаан байх болно. Үзэгчид нүдээ анин хөгжмийн аялгуу сонсож суухдаа өдрийн ажлын ачааллаа тайлж, тайвшралыг олоосой гэж хүсэж байна. Энэ бол тоглолтын минь бас нэгэн үндсэн зорилго.
-Дан хөгжмийн зохиол эгшиглэнэ гэж байна. Тэгэхээр үзэгчдийн соёлыг төлөвшүүлэх гэж байгаа хэрэг үү?
-Бодоод байхад зах зээлийн нийгэмд шилжих үеэр уран бүтээлчид бид л сонсогчдоо сэтгэлгээний хувьд ядуу болгочихсон шиг байгаа юм. Сонсогчдодоо зөвхөн дуу л сонсгоод байж. Тэр ч байтугай тоглолтод нь ирвэл тийм ч бэлэг, ийм ч сюрприз өгнө гэж амлаад л… Дууны шүлгээ хүртэл ямар ч логикгүй бичих жишээтэй.
Одоо гэхдээ залуучууд морин хуурыг сонирхдог болсон байна. Мэргэжлийн урлагийг үнэлдэг сонсогчдын хүрээ ч бий болж. Би чуулгынхаа эд эс учир тоглолт хийх нэрийдлээр байгууллагынхаа уран сайхны бодлогыг дэмжиж, голдиролоосоо хазайсан урлагийг зөв зүгт чиглүүлэх гэж чимээгүйхэн тэмцээд байгаа хэрэг.
Нөгөөтэйгүүр би өөрийгөө зөв явж байна уу буруу явж байна уу гэдгээ шалгуулах сорих гэсэн юм. Тиймээс ч Н.Жанцанноров багшдаа “Би шалгалтаа өгч байгаа юм. Та заавал ирээрэй” гэсэн.
-Та “Урлаг бол агуу шинжлэх ухаан” гэсэн. Түүнийгээ тодорхой тайлбарлаач.
-Урлаг судлал гээд салбар шинжлэх ухаан бий шүү дээ. Эл шинжлэх ухаан өнөөх хөгжмийн онолыг судалгааныхаа үр дүнд гаргаж байгаа юм. Морин хуур тоглон, хөөмийлж байгаа хүнийг л мэргэжлийн хөгжимчин гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэтэл үнэндээ хөгжимчин гэдэг нарийн мэргэжил. Тиймгүйсэн бол их дээд сургуульд сургах хэрэггүй байхгүй шүү дээ. Ноотыг хөгжим болгон эгшиглүүлнэ гэдэг мэргэжлийн ур чадвар шаардсан ажил.
Амьдрахын эрхээр хуур татаж байгаа хүн бүр л хөөмий сурч байна. Мэдээж тэдний дунд сайн хөөмийлж, хуур татаж байгаа хүмүүс бий л дээ. Тэднийг үгүйсгэх аргагүй. Гэтэл энэ байдал хүмүүсийн ойлголтыг буруу тийш хандуулаад байгаа юм. Театрт хэзээ ч олшруулсан бичлэг тавьж, үзэгчдийн хуурдаггүй. Үзэгчид нь ч сэтгэл зүйгээ, хувцсаа бэлдээд, тэр сонгодог орчинд нь бүтээлүүдийг үзэж, сонсож, зургаан мэдрэхүйгээ цогцоор нь ажиллуулдаг. Түүний адил мэргэжлийн уран бүтээлчид тодорхой шалгуур бий.
-Моцартын бүтээлүүдийг хүүхдийн сэтгэхүйд эергээр нөлөөлдөг гэдэг. Манай уран бүтээлчдийн зохиолуудад ч бас тийм эерэг тал бий юү?
-Манайхны уран бүтээл гайхалтай шүү дээ. Өнгөрөгч жил бид киноны хөгжмүүдээр тоглолт хийсэн. Хүмүүс киног нь мэддэг болохоор тэдгээр хөгжмийн бүтээлүүдийг их сайхан хүлээж авсан. Энэ чинь нөгөө дуртай киноных нь хөгжмийг тоглон хөгжимд дуртай, сонирхолтой болгох гэсэн бас нэг арга. Цаашлаад том хэмжээний хөгжмийн зохиол сонсож сургах гэсэн бодлого байгаа юм.
Спорттой зүйрлэвэл Морин хуурын чуулга гэдэг багийн спорт. Энд хэн нэг нь нөгөөхөөсөө илүү гарч, өрсөлдөх гэсэн асуудал байхгүй. Тиймээс ч манай чуулга ийм эрчтэйгээр ар араас нь тоглолт, уран бүтээл хийж байгаа юм. Ирэх онд манай байгууллагын 20 жилийн ой болно. Ойгоо угтаж манай тав зургаан уран бүтээлч энэ онд тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байна.
-Удирдаач гэдэг мэргэжлийн онцлог нь юу вэ?
-Тухайн найрал хөгжмийн удирдагч нь гэж хэлж болно. Нэг хөгжмийн зохиолыг өөр өөр найрал тоглоход удирдаачийн онцлогоос шалтгаалан хэмнэлийн хувьд ч юм уу өөр өөр тоглогддог. Тухайн хөгжмийн дотоод агуулгыг өөрийнхөөр мэдэрч, хөгжимчдөө бэлтгэн, чиглүүлж тоглуулдаг. Түүнээс нь тухайн удирдаачийг сайн эсвэл муу хэмээн үнэлдэг.
-Тухайн хүнээс ямар чадвар шаарддаг вэ?
-Бүхий л чадварыг шаардана. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, ур чадвар, сонсгол сайтай зэрэг урлагийн чадваруудаас гадна хүнийг ойлгож, мэдэрдэг, харцнаас нь хараад л дотоод ертөнцийг нь таньдаг байхыг шаарддаг.
-Тэгэхээр заримдаа сэтгэл зүйч болдог байх нь ээ?
-Ер нь тийм л гэсэн үг шүү дээ. Хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байж, тухайн хөгжимчний ур чадварыг гаргах түлхүүрийг сайн мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн гурван морин хуурч тоглох болоход хэн нь гоцлох вэ гэдгийг удирдаач л сонгодог учир хөгжимчдийнхөө ур чадварыг зөв таньж, үнэлэх чадвартай байх хэрэгтэй. Найрлын аль хэсгийг ямар хөгжимчинд даатгаж болох вэ гэдгийг мэддэг байх ёстой гээд дурдаад байвал олон зүйл бий.
-Жүжгээр бол найруулагч нь гэсэн үг үү?
-Үндсэндээ бол тийм шүү дээ. Жүжгээр бол найруулагч нь. Ноот их задаргаатай. Тэр бүрт хөгжимчнийг чиглүүлэх үүргийг удирдаач үүрдэг. Оркестрын жолоодогч нь.
Сүүлийн үед удирдаачийн мэргэжил уур уцаар барсан ажил болж хувираад байна. Ямар нэгэн арга хэмжээнд оролцох үед зохион байгуулагч нь тэгж тогло гээд л заавар өгчихдөг. Урлагийн ямар ч мэдлэггүй атал, мэргэжлийн урлагийг өөрийн таалалд нийцүүлэн өөрчилж байна гэсэн үг. Чуулга, найрал хөгжимчид, мэргэжлийн уран бүтээлчдийг хүндэлдэг газар ч гэж алга болж. Гэхдээ бид хүндлүүлэх гээд байгаа юм биш л дээ. Ер нь төсвийн байгууллагат урлагийн төлөө чин сэтгэлтэй уран бүтээлчид нь л үлдэж хоцордог. Бидэнд ямар тоглолт, уран бүтээлийн шагнал гэж өгөх биш. Бидэнд уг нь чөлөөт уран бүтээлчид шиг энд тэндэхийн байгууллагуудаар явж, мөнгөний ажил хийвэл авдаг хэд нь ахиу байна. Одоо ингээд урин дулаан цаг болмогц л морин хуур барьсан хүмүүс хаврын яргуй шиг л энд тэндээс гараад ирдэг. Бүгд л машин хөлөглөсөн атал, урлагийн түүхээ ч мэдэхгүй, тайзны алхаа ч мэдэхгүй, тайзан дээр гарахаараа бөх шиг алхаад л явдаг хүмүүс бий. Ямар ч нийгэмд ийм бүлэг байдаг л даа. Харин бидний яваад байгаа хөгжил огт өөр зүйл. Өнөөх академик гэдэг ялгаа энд гарч байгаа юм.
Тиймээс бид жил бүр хөгжим бүжгийн коллежийн оюутнуудаас авч хөгжимчдөө бэлддэг. Хөгжимдөнө гэдэг хэцүү л дээ. Насаараа суралцдаг ажил.
Монголд харин ажиллаж амьдрах нөхцлийг нь сайжруулчихвал дэлхийн тавцанд өрсөлдөх чадварлаг хөгжимчид бий. Морин хийл тоглодог Амарсайхан гээд залуу Италид сурч байгаад одоо Америкт урилгаар тоглож байна. Дөрвөн жил үзэх хичээлийн программыг нэг жилд багтаагаад үзчихээд уригдаж байгаа залуу. Австрийн найралд манай нэг хийлч бий. Испанид төгөлдөр хуурч ажиллаж байна. Бүгд л бор зүрхээрээ явж байгаа. Гэхдээ эцсийн эцэст тэднийг эх орноо гэх сэтгэл нь татаад эргээд л ирдэг.
-Монголчууд үндэсний урлагаа түлхүү хөгжүүлсэн нь дээр үү, эсвэл сонгодог урлагийг голчлон хөгжүүлбэл зүйтэй юү?
-“Дэлхийн ололтыг эзэмшиж чадвал үндэсний хэв шинж товойно. Дэлхийн ололтыг дуурайвал үндэсний хэв шинж баларна” гэж Н.Жанцанноров гуай хэлсэн байдаг. Тэгэхээр бид хуураа барьчихаад нэг бааранд ороод сэгсэгнээд байвал хэн ч түүнийг тоохгүй. Хүүхэлдэй л гэж шоолно. Мэдээж ардын урлагийг хөгжүүлэх үүднээс орчин үеийн урлагтай холбож болно. Ингэхдээ үндэсний хэв шинжээ алдаж болохгүй. Монгол урлаг гэхээр яалт ч үгүй морин хуур, уртын дуу төсөөлөгддөг. Хэрэв үзэгчид анзаарсан бол манайхны хөгжимчид их даруухан байдгийн учир нь тэр. Гадаадын хөгжимчид инээгээд л хөгжимдөөд байдаг. Гэтэл уртын дуу дуулж байхад хажууд нь байдгаараа инээчихсэн морин хуурч сууж байвал яах вэ. Доромжилж байгаа юм шиг санагдана биз дээ. Үүнд л нөгөө үндэсний хэв шинж гэж яриад байгаа зүйлийн учир нь байгаа юм.

No comments:

Post a Comment