Wednesday, March 23, 2011

Поператай нас чацуу “Нюанс”

Одоогоос яг арван жилийн өмнө буюу 2001 оны наймдугаар сарын 9-нд Лондон хотын Хипподром театрт “Милан” нэртэй охидын хамтлаг сонгодог урлагийн орчин үеийн хөгжимтэй хослуулсан шинэлэг бөгөөд тоглолт толилуулж, түүнийг нь тус театрын менежер Скотт Полл Йон “попера” хэмээн тайлбарласан нь хамгийн оновчтой нэршил болсон хэмээн урлагийн тайлбар тольд тэмдэглэсэн байдаг. Энэ бол попера гэх үгийг хамгийн анх хэрэглэсэн тохиолдол. Харин үүнээс хэдэн сарын дараа Монголын ДБЭТ-ын дөрвөн залуу сонгодог урлагийг нийтэд дэлгэрүүлж, сурталчлах зорилгоор хамтлаг байгуулсан нь попераг Монголд дэлгэрүүлсэн “Нюанс”. Тэдний араас “Классик жем”, “Voice” гэх хамтлагууд төрөн гарч, өнөөдөр монголын сонсогчид хамгийн залуу хөгжмийн урсгал хэмээгддэг попера, рок операгийн тухай хангалттай мэдлэгтэй болоод буй.
Жил бүрийн гуравдугаар сард тоглолт хийдэг уламжлалтай “Нюанс” хамтлагийнхан энэ удаад ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран Олон улсын театрын баярт бэлэг барих гэж байгаа. Энэ сарын 23, 24-нд “Мелоди” тоглолтоо хийж, ирэх арваннэгдүгээр сард 10 жилийн ойн баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэх гэж буй тус хамтлагийн дуучин М.Амарсанаа, М.Боргилчулуун нартай ярилцлаа.

-Арван жилийн өмнөх попера урсгалын хөгжил болон түүнд хандах үзэгч, сонсогчдын хандлага одоо багагүй өөрчлөгдсөн байх.
М.Боргилчулуун: Үнэндээ попера хамгийн залуу хөгжмийн урсгалуудын нэг. “Aмерикийн шүтээн” нэвтрүүлгийн шүүгч Саймон Коуэл попера урсгалыг хүчээ авч, дэлхий нийтийн сонсох дуртай хөгжмийн урсгалуудын нэг болоход багагүй нөлөөлсөн. Түүний продюссерээр нь ажиллаж байсан “Ил Диво” хамтлаг попера урсгалыг үндэслэсэн хэмээн олонх судлаачид дүгнэдэг. Тэр нь ердөө л арав гаруй жилийн өмнө болсон явдал. Тиймээс бид дөрөв ч эхэндээ попера урсгалын тухай төдийлэн мэддэггүй байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүмүүс ахуйн хэрэглээндээ илүү анхаарч, урлаг тэр дундаа сонгодог урлаг орхигдох болсон учир нийтэд сонгодог урлагийг дэлгэрүүлэх гэсэндээ орчин үеийн хөгжимтэй хослуулах санаа төрж, хамтлаг байгуулсан хэрэг. Хэдийгээр бид тухайн үед попера урсгалын талаар төдийлэн мэддэггүй байсан ч угтаа зорилго нь адилхан байсан хэрэг.
Тэр үетэй харьцуулахад одоо бол сонсогчид аль ч төрлийн урлагийг сонсдог, сонирхдог болсон байна. Зөвхөн сонсоод зогсохгүй мэдээлэл нээлттэй, хүлээж авах суваг нь олширсон өнөө цагт урлагийн тухай мэдлэг нь ч өргөжиж. Саяхныг хүртэл сонсогчид томоохон урлаг судлаачдын үгээр л үнэлэлт дүгнэлт өгдөг байсан бол одоо ямар ч сонсогч аль нь чадвартай, сайн уран бүтээл хийж, аль нь хүний нүд хуурч байгааг ялгаж салгаж чаддаг болсон байна. Энэ бол их том өөрчлөлт.
-Танай хамтлаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэдэн цомог гаргаж, тоглолт хийсэн бэ?
М.Боргилчулуун: Хамгийн анхны тоглолтоо гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр болон Л.Чаминчулуун багштайгаа хамтран “Голомт хурайлсан тэнгэрлэг аялгуу” нэртэйгээр хийж байсан. Түүнээс хойш дөрвөн удаа бие даасан тоглолт хийсэн. Энэ сарын 23, 24-нд хоёр дахь хамтарсан тоглолтоо тавих гэж байна. Цомгийн хувьд дөрвөн цомог гаргаснаас хоёр нь монгол, хоёр нь гадаад дууных.
М.Амарсанаа: Арван жил уран бүтээл туурвисан хамтлагуудтай харьцуулахад манайх харьцангуй цөөн тоглолт хийж, хэдхэн цомог гаргасан байх. Гэхдээ бид ганц хит уран бүтээлээ туурвичихаад тоглолт тавьж ашиг олохыг урьтал болгоогүй. Хамтлаг байгуулагдсанаас хойш таван жилийн дараа бид анхны бие даасан тоглолтоо хийж байсан.
-Арван жилийн өмнөхтэй харьцуулахад “Нюанс”-ынхан зорьж байсан зорилгодоо хүрсэн байх. Цаашдаа ямар зорилт тавьж байна вэ?
М.Амарсанаа: Урлагийн хийж бүтээсэндээ ханадаггүй. Ер нь урлагт хүч хөдөлмөрөө зориулж буй ямар ч хүн насан туршдаа суралцсаар байгаад таардаг. Бид ч бас суралцсаар л байна. Тиймээс зорилгодоо бүрэн хүрчихсэн гэж хэлж болохгүй. Хүний насаар бол бид одоо л хөлд ороод, тэнтэр тунтар алхаж буй хүүхэд гэсэн үг. Насан туршдаа тоглолт тавьж, үзэгчдийн мэлмийг, сонсогчдын сонорыг мялаана. Энэ л бидний зорилт.
-10 жилийн ойн арга хэмжээний эхлэл нь “Мелоди” тоглолт гэсэн. Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
М.Амарсанаа: Арваннэгдүгээр сард тоглолтоо хийнэ. Түүнээс өмнө ЕБС-уудад сонгодог урлаг, попера урсгалын тухай уулзалт ярилцлага зохион байгуулж, сонгодог урлагийг шинэ үеийнхэнд таниулах ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
-“Нюанс”-ын уран бүтээлийг хэд орчин насныхан түлхүү сонсож байна вэ?
М.Амарсанаа: Сүүлийн үед залуус сонсох болсон нь илт ажиглагдаж байна. Гудамжинд явж байхад бидний үеийн, биднээс ч дүү залуус баяр хүргэн, амжилт хүсэж байх жишээтэй.
-Гаднын орнуудад попера тоглолт тавьж байв уу. Үзэгчид нь хэрхэн хүлээж авч байна вэ?
М.Амарсанаа: Хэд хэдэн оронд тоглож байсан. Сонгодог урлагийн өлгий нутаг болох баруун Европт ч тоглож байлаа. Мэдээж өлгий нутаг нь учир тэдний хүлээж авах байдал нь тэс өөр. Зарим нь бүр нүдээ анин мэдэрч байх жишээтэй. Хэдэн зууны турш тэнд сонгодог урлаг хөгжчихсөн учир үзэгчдийн соёл, хүлээж авах хандлага ч төлөвшчихсөн байдаг. Тиймээс бидний тоглолтыг мэдээж сайхан хүлээж авсан.
М.Боргилчулуун: Ганцхан жишээ хэлэхэд л найман настай жаалхүү “Браво” гэж хэлж байсан.
-Азийн бусад орнуудад попера урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг байдаг уу?
М.Амарсанаа: Солонгост хэд хэдэн уран бүтээлч, хамтлаг байдаг юм билээ. Мэдээж 70 сая хүн амтай улсаас олон арван хамтлаг, уран бүтээлч төрж, тэднээсээ шилэгдэж цөөн хэд нь гарч ирж байгаа. Миний мэдэхээр Солонгосын арваад уран бүтээлч бий. Харин Хятадын попера хамтлаг, дуучин гэж огт сонсож байгаагүй юм байна.
-Попера дуулахад дуучнаас багагүй хүч хөдөлмөр шаарддаг байх, тийм үү?
М.Амарсанаа: Дуурийн дуу хоёр цаг дуулахад уурхайд найман цаг ажилласантай адилхан хүч зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ үүгээрээ поп урсгалаар уран бүтээл туурвидаг дуучдыг муулж, попераг сайн гэж дөвийлгөх гэж байгаа юм биш шүү. Аль ч оронд нийтийн дуучид, түүнийг сонсдог хүрээнийхэн байж л байдаг. Бас орчин үеийн урсгалаар дуулдаг хамтлаг, дуучид болон тэдний сонсогчид байж л байдаг. Угаасаа энэ бол нийгэмд байх ёстой л зүйл. Солонгос хүртэл нийтийн дуучид байдаг шүү дээ. Дууг нь том цэнгэлдэх хүрээлэнд цугласан үзэгчид бүгд дагаж дуулдаг байх жишээтэй. Харин попера болон дуурийн дуучид рок попынхон шиг “За дагаад дуулаарай” гээд л микрофоноо үзэгчид рүү барьдаггүй. Түүгээрээ ялгаатай.
-Гэхдээ дагаж дуулах үзэгчид гардаг уу?
М.Амарсанаа: Дотроо дуулж суудаг хүмүүс байдаг байж магадгүй. Гэхдээ дуурийн урлаг бол сэтгэл зүрхээрээ мэдэрч сонсдог урлаг.

No comments:

Post a Comment