Sunday, April 3, 2011

Бага тайзнаа амилах бяцхан үзэгчдэд зориулсан “Тумбааш”

Бараг айл бүрийн хананд “Тумбааш”-ийн зураг өлгөөтэй бий. Хүүхэлдэйн кино, сийлбэр, уран зураг гэх мэт урлагийн бүтээл болж байсан “Эвтэй дөрвөн амьтан”-ы үлгэр өнөөдөр Хүүхэлдэйн театрын бага тайзнаа жүжиг болон амилах гэж байна. Заан, сармагчин, туулай, тагтаа дөрвийн түүхээр эв найрамдал, ахас ихсээ хүндлэх ёсыг өгүүлэх үлгэрийг тус театрын найруулагч М.Ариунтуяа таягт жүжиг болгон өөрчилжээ.

Театрын ягаан байрны баруун хаалгаар орвол хүүхдүүд шуугилдан, хүмүүсийн хөлд дарагдчихаж. Хүүхэлдэйн театрт “Гэгээн алсын одод” хэмээх телевизийн нэвтрүүлгийн бичлэг хийж байгаа нь энэ. Тэдэнтэй зэрэгцэн бага тайзнаа нээлтээ хийх гэж буй “Эвтэй дөрвөн амьтан” жүжгийн уран бүтээлчид бэлтгэлээ базаан тун завгүй. Өдөр нь авьяаслаг бяцхан сурагчдын алдрын замд хүрэх гараа болон хувирах бага тайз оройн цагаар бяцхан үзэгчдийн мэлмийг мялаах шинэ уран бүтээлийн талбар болон үүргээ гүйцэтгэнэ.
“Эрт урьд цагт Энэтхэг орны сайхан ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв амьдран суудаг байжээ” хэмээн эхлэх үлгэрийг “Тумбааш” гэх нь бий. “Тумбаши” хэмээх төвд гаралтай үг угтаа эв найрамдлыг илэрхийлдэг бөгөөд хожим нь эл үлгэрийн төвд нэр болон хувирсан болохыг хэл судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэтхэг ардын үлгэрт эв найрамдалтай байхын ач тус болон ахас ихсээ хүндлэх ёсыг голчлон харуулдаг бол таягт жүжгээр энэ санааг өгүүлэхээс гадна ажилч хичээнгүй, хөдөлмөрч байхыг багачуудад үлгэрлэх аж. Уул ус, ургамал цэцэг жигдэрсэн талд тагтаа модны үр авчран суулгасны дараа заан түүнийг нь услан, туулай газар малтан үндсийг нь төлжүүлж, харин сармагчин ургасан модны мөчир нахиаг нь арчилж, тагтаа өт хорхойноос хамгаалан тэмцэх гэх мэтээр жүжгийн дүр тус бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөсний ачаар алимны мод удалгүй цэцэглэн, үр жимсээ өгч буйгаар энэ санаагаа харуулах гэнэ.
Жүжгийг М.Алтантуяа найруулж, заанд П.Эрдэнэзаяа, сармагчинд М.Батзориг, туулайд С.Ганчимэг, тагтаад Я.Мөнхтуул тоглон, жүжгийн дууг тус театрын дууны инженер Э.Базарханд зохиожээ. “Эвтэй дөрвөн амьтан” жүжгийн онцлогийн тухай найруулагч М.Ариунтуяа, гол дүрд тоглож буй жүжигчин Я.Мөнхтуул, М.Батзориг нараас асууж тодрууллаа.


М.АРИУНТУЯА: Ажилч хичээнгүй байдлыг жүжгээрээ үлгэрлэнэ

-Бага тайзнаа тавьж байсан “Гэрэлтдэг бяслаг ба нүцгэн сар”, “Долоон өндөгтэй доголон шаазгай” зэрэг жүжгүүдээс юугаараа онцлогтой вэ?
-Цэцэрлэгийн насныханд зориулсан бага тайзнаа бид ихэвчлэн сургамжит үлгэрээс сэдэвлэсэн жүжиг тавьдаг. Энэ нь бага насны хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт тохируулан эв найрамдалтай, тусч, энэрэнгүй байх гэх мэт санааг өгүүлэхээс гадна араатан амьтдын онцлогийг танин мэдүүлдэг ач холбогдолтой. Хүн бүрийн мэдэх эвтэй дөрвөн амьтны түүхийг өгүүлж буйгаараа “Эвтэй дөрвөн амьтан” бага тайзнаа тавьж байсан жүжгүүдээс ялгаатай. Түүнчлэн үлгэрийн ерөнхий санаан дээр ажилч хичээнгүй байдлыг үлгэрлэх санааг нэмж багахан өөрчилснөөрөө онцлог.
-Уг жүжигт хэдэн уран бүтээлч оролцож байгаа вэ?
-Хүүхэлдэйн жүжиг гэдэг их онцлогтой. Тэнд гарах мод, нэг алим хүртэл баатар болж, түүнийг нэг уран бүтээлч хариуцан хөдөлгөж байдаг. Тиймээс “Эвтэй дөрвөн амьтан” жүжигт зөвхөн дөрвөн уран бүтээлч тоглосон гэж ойлгож болохгүй. Манай театрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Гэрэл, дууны инженерүүд, үйлдвэр ангийнхан хүүхэлдэйгээ урлан, тайз заслыг хийх гэх мэтээр бүх хүн оролцсон.
-Хүүхэлдэйн жүжиг тэр дундаа таягт хүүхэлдэйнх бусад төрлүүдээсээ их ур чадвар, тэсвэр тэвчээр шаарддаг гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ. “Эвтэй дөрвөн амьтан” таягт хүүхэлдэйн жүжиг байх аа?
-Тийм ээ. Манай уран бүтээлчид драмын жүжигчидтэй харьцуулбал их тэсвэр тэвчээртэй, хамт олонч, дуу оруулах чадвар сайтай, залуу сэтгэлгээтэй байдаг. Учир нь драмын жүжигчид өөрийн биеэр тайзнаа гарч зохиолын утга санааг жүжиглэн харуулдаг бол хүүхэлдэйн театрын жүжигчид амьгүй биетийг амь оруулан тэр бүхнийг илэрхийлдэг. Таягт хүүхэлдэйнүүд их хүнд байдаг. Хүн зүгээр л гараа өргөөд удаан зогсоход гар чилдэг бол манай жүжигчид цаг орчим тэр хүнд хүүхэлдэйнүүдийг өргөж зогсдог. Зөвхөн өргөөд зогсохгүй түүнийгээ хөдөлгөж, дуу хоолойгоороо жүжиглэнэ. Дуу хоолой гэдэг хүүхэлдэйн жүжигчний хувьд тун чухал. Зөвхөн үг хэлээр бус дуу хоолойныхоо өнгөөр дүрийнхээ зан араншинг илэрхийлдэг учир тэр. Туулай хүний хэлээр ярьдаггүй ч жүжиг учир юм ярих шаардлагатай болно. Ингэхдээ бас бандгар тарган туулай байвал яаж ярих бол жижигхэн бага насны туулай бол ямар өнгөөр ярих вэ гэдгийг мэдэрч, тийм өнгөөр ярих хэрэгтэй. Түүнчлэн нэг таягт хүүхэлдэйг гурав дөрвөн хүн хөдөлгөх нь бий. Тиймээс бие биенээ сайн мэдэрч, яг л нэг хүн шиг ажиллах хэрэгтэй болно. “Эвтэй дөрвөн амтьан” жүжигт нэг баатрыг нэг л хүн хөдөлгөж байгаа. Гэхдээ ийм үед ч бас амьгүй биетигй хөдөлгөн амь оруулж, түүгээрээ бас нэг амьгүй биеттэй харилцах учир жүжигчид хоорондоо их сайн ойлголцох хэрэгтэй. Харин залуу сэтгэлгээтэй байдгийн учир нь хүүхэд гэдэг жүжгийн баатруудаас хөдөлгөөн ихтэй, цог жавхаатай байхыг шаарддаг сэтгэхүйн өвөрмөц онцлогтой үзэгч. Түүнд нь тохируулан жүжиглэх, бас орчин цагийн хүүхэд юуг хүсэж, юуг илүү сонирхож байна гэдгийг мэдэрч ажиллах шаардлага өөрийн эрхгүй хүүхэлдэйн жүжигчдэд тавигддаг.

М.Батзориг: Би хамгийн зөрүүд нь

-Жүжгийн дүрүүд ямар онцлогтой вэ?
-Би сармагчны дүрд тоглож байгаа. Энэ жүжгийн хамгийн зөрүүд амьтан нь би. Хэдийгээр насаар бага, модны үрийг суулгаж, үндсийг нь арчлаагүй ч өөрийгөө модны эзэн хэмээн бат итгэсэн цорын ганц амьтан бол сармагчин. Тэгээд л модыг өөрийн эзэмшлийнх гэж зөрүүдэлсээр эцэст нь бодит байдлыг ойлгодог. Харин заан хамгийн отгон нь. Насаар бага болохоор гэнэн, цайлган. Туулай их яаруу. Түүний илэрхийлэл мод хэнийх байх нь чухал биш ямар нэгэн аргаар үр жимсийг нь хурдан боловсруулах гэж хичээж байгаа явдал.

Я.Мөнхтуул: Зөрүүд тагтаа байсан бол хурдан хурдан ярих байсан

-Жүжиг эв найрамдлыг илэрхийлдэг. Харин тагтааны дүр ямар үүрэгтэй вэ?
-Тагтааг энх тайвны бэлгэдэл гэдэг. Тэр ч утгаараа энэ жүжгийн эв найрамдлын илэрхийлэл нь тагтаа. Бас хамгийн ахмад настай нь учир их намбалаг. Дуу хоолой, ярианы хэмнэлийн хувьд ч үүнийгээ илэрхийлсэн онцлог.
-Тэгэхээр дүрийнхээ дууны өнгийг гаргахдаа амьтны араншингаас гадна дүрийнхээ онцлогийг илэрхийлдэг юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Хэрэв зөрүүд тагтаа байсан бол хурдан хурдан ярьж, чанга дугарсан тагтаа байх байсан. Харин миний дүр бол намбалаг, тайван тагтаа.
-Хүнээр бол нас тогтож, ухаан суусан хүн байх нь ээ?
-Ер нь тийм л байх байсан.

No comments:

Post a Comment