Tuesday, April 19, 2011

Дуу эх барих тасаг

Их хотын шуугиант амьдрал хэдийнэ эхэлжээ. Гудамжаар машинууд сүлжилдэж, ажилдаа яарсан олны цуваа үл тасарна. Долоо хоногийн эхний өдрийн дүр зураг хэзээд л ийм байдаг. Шинэ долоо хоног эхлэхтэй уралдан хүмүүс их ажлын эхлэлийг тавьж, эмнэлэг бараадахдаа ч энэ өдрийг сонгодог хачин зуршилтай. Тиймээс даваа гаригийн өглөөгүүр гудамжнаа хүний хөл эрс нэмэгдчихдэг. Хаврын яг ийм нэг хөл хөдөлгөөн ихтэй өглөө “Uр” продакшныг зорилоо. Өнгөрөгч оны аравдугаар сард эрийн цээнд хүрч 21 жилийн ойгоо тэмдэглэсэн “Харанга” хамтлагийн аргил гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Чулуунбатын нэг өдрийн амьдралтай танилцахаар ам алдуулсан учраас тэр. Үнэндээ бүтэн өдрийн ажлыг нь сурвалжлах хүсэлтэд минь тэрбээр яг таг зөвшөөрсөн хариу өгөөгүй боловч, бас татгалзаагүй. Тиймээс түүнийхээр утсаар ярьж байгаад уулзахаар товлосон өдрийн өглөө 10.00 цагийн үед ажил дээр нь очлоо. Продакшн нь эзгүй, утас нь салгаатай. Хамтран зүтгэгч Н.Халиун руу нь утас цохилоо. “11.00 цагийн үед ажил дээрээ очих ёстой” гэсэн хариу сонсоод хүлээхээр шийдэв.

11.20 Ингэхэд бид гавьяат жүжигчин Ц.Чулуунбатын тухай юу мэдэх билээ. “Харанга” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, өдгөө хөгжмийн зохиолч, продюссер, найруулагч гэх олон ажил нэгэн зэрэг амжуулж яваа тэрбээр 2008 онд “Миний гудамж” нэртэй тоглолт хийх үеэрээ сэтгүүлчдэд ярилцлага өгч байж. “Бага тойруугийн буюу Соёл урлагийн их сургууль хавийн гудамж бол “Чукагийн гудамж” байгаа юм. Би тэнд төрж, өсөж, бас дурлаж хайрласан. Анх тэр л гудамжинд би урлагтай учирсан. Залуухан ч байж дээ, тэгэхэд. Одоогоос 30 жилийн өмнө гэсэн үг. Бас хайрттайгаа учирсан. Барилгачдын соёлын ордны тэр хавьд байлаа. Хайрын сэтгэл чамдаа шүү, чамдаа Хайрт минь чи итгээрэй…” гэдэг дуугаа тэр охинд зориулан 30 жилийн өмнө гудамжиндаа бичиж байлаа. Тэр гудамжинд миний 30 жилийн амьдрал, 30 жилийн дурсамж үлдсэн байна” хэмээн ярилцлагынхаа үеэр дурссан байна. Түүнд дурсах зүйл их. Гэхдээ л тэр бүр хэвлэлийнхэнд ярилцлага өгдөггүй. Нэг тийм уриалгахан атлаа нуугдмал нэгэн гэх дүгнэлт хийлээ. Урлагт чин сэтгэлээ зориулсан гэдгийг нь хэдэн арваны түүх гэрчилнэ. Зохиосон хөгжмийн аялгуу нь цаанаа л уянгалаг. Магадгүй энэ уриалгахан зантай нь холбоотой биз.

11.30 Ийн дүгнэлт хийж дуусаад тэсвэр алдан 9911…. дугаарт дахин залгалаа. Өглөөнөөс хойш залгах бүрт хариу өгч байсан бүсгүйн “Таны залгасан дугаар…” гэх ярианы оронд дийд, дийд… Тэр зуслангаасаа ирж яваагаа дуулган, бас өдөржин студидээ өнжихөө сануулаад, өдрийн ажлаа танилцуулахаар тогтлоо.

12.00 Үд дунд бид гавьяатын гэрийн гадаа очлоо. Урлагийнхны амьдрал их өвөрмөц. Өглөөгүүр тэр бүр ажил эхлэхгүй ч, шөнө тарахаа мэдэхгүй. Тиймээс уншигч та “Үдийн цайны цаг дөхөж байхад гэрээсээ дөнгөж гарч байгаа нь энэ үү” хэмээн гайхах хэрэггүй. Дуучдын хоолой өглөөгүүр “унтаж” байдаг гэдэг. Тиймээс дуу бичлэгийн ажил үдээс өмнө, тэр байтугай үд дунд эхлэх нь ч ховор. Гэхдээ Чука ажлынхаа онцлогийн тухай тайлбар огт хийсэнгүй. “Манай ажил их аажуу эхэлдэг” гэх нь тэр. Олон таван үггүй товч бөгөөд тодорхой ярихыг чухалчилдаг аж. Түүний оронд “Би ч сонин хэвлэлд ярилцлага өгөх дургүй хүн дээ” гэсээр машиныхаа хаалгыг онгойлгож өглөө. Цайны цагаар хувийн ажлаа амжуулах гэж яарсан хүмүүсийн цуваа түгжрэл үүсгэчихдэг. Гэсэн ч замын хөдөлгөөний ачаалал, гарцгүй газраар машины урдуур ухасхийн гүйх явган зорчигч, дүрэм зөрчин хажуугийн эгнээ рүү шахах жолоочийн үйлдэлд огтхон ч бухимдсан шинжгүй машинаа барьсаар л… Энэ завсар түүний утаснууд завсар зайгүй тачигнана. “Би яг 25 минутын дараа ажил дээрээ очно” хэмээн хариулж байгаагаас нь харахад ажилдаа хэзээ очихыг нь асууж, уулзалт товлож байгаа хүмүүс бололтой. “Хөгжмийн зохиолчийн төмөр хөлөгт ямархан аялгуу эгшиглэдэг бол?” гэсэн бодлыг минь уншсан мэт хөгжмөө асаалаа. Майкл Бублегийн “Feeling good” эгшиглэнэ.

12.20 Түүний төлөвлөж байснаас яг таван минутын өмнө бид хуучнаар “Centerpoint”-ын гадаа ирлээ. “Зогсоол олдох нь уу. Заримдаа би машинаа тавих гэж энд 30 минут болдог” гэсээр жолоогоо эргүүлтэл ашгүй сул ганц зогсоол үлдэж.
12.25 “Canon” төвийн наймдугаар давхарт “Up” продакшн “Apple” зоогийн газартай зэргэцэн байрлана. Хаалгыг нь татмагц цагааныг ногоонтой хослуулсан модерн маягийн засалтай хүлээлгийн өрөө. Баруун гар талд хөгжмийн найруулагч Н.Халиун, зүүн талд нь найруулагч Ц.Чулуунбат гэсэн хаягтай хаалга харагдана. “MN 25 дугаар суваг” телевизээр гарч буй “Making the band” нэвтрүүлгээр харж байсанчлан Чука ахын өрөөний үүдний хэсэгт цагаан өнгийн буйдан, цонхон тушаа төгөлдөр хуур тавьжээ. Үүдний хэсгийн паркетан шал толь шиг гялалзаж, хоймор хэсэгт цагаан хивс дэвссэн нь ширхэг ч толбогүй нь эзнийхээ тун цэвэрч, няхуур нямбай гэдгийг түвэггүй хэлээд өгнө. Унтраалганаасаа “16-99 УБК” гэсэн машины дугаар өлгөчихөж. Сонирхон учрыг нь лавлавал “Анх машин автал танил маань ямар дугаар авах хүсэлтэйг минь асуулаа. Тэр үед л энэ дугаарыг авсан. Би хоёрдугаар сарын 16-нд төрсөн. Харин арын 99 гэсэн тоог монголчууд есийн тоог эрхэмлэдэг учраас сонгосон” хэмээн тайлбарлалаа.
Уг нь түүний ажил өдөр тутмын сонин уншихаас эхэлдэг гэнэ. Биднийг хүлээлгэчихсэн тул яарч байгаад сониноо мартчихсан аж. Тиймээс энэ удаа өрөөгөө цэгцэлж, ноотны цаасаа бэлдэхээс ажлаа эхэллээ.

12.40 Ширээн дээрх зүйлсээ эмхэлж цэгцэлж дуусахтай зэрэгцэн продюссертэй уулзах гэсэн эхний зочид ирлээ. Рок попын ертөнцөд цоо шинэ төрхтэй охидын хамтлаг бэлдэж байгаа түүнд шалгуулахаар олон охид хандсанаас нэвтрүүлгийн хамт олон шигшиж, нэгийг нь шалгуулахаар авчирчээ. Түүнийг Г.Уянга гэх бөгөөд ШУТИС-д сурдаг гэнэ. Өөртөө итгэлгүйхэн дуулсны дараа бас бүжиглэж үзүүллээ.
Чука ах надад “Манай рок попын ертөнцөд нэг бол бүжиглэдэг, эсвэл сайн дуулдаг охидын хамтлаг байна. Харин би сайн ч бүжиглэдэг, сайхан ч дуулдаг хамтлаг бэлдэхийг л чухалчилж байна. Зарим хүмүүс хамтлагийн маань охидыг царай зүсээр нь голж байна гэсэн. Бид ямар миссийн тэмцээн явуулж байгаа биш дээ” хэмээн тайлбарласан. “Та охидоо ямар шалгуураар сонгосон юм бэ?” гэж асуувал “Сайн дуулдаг, бас аливааг амархан тусгаж авдаг байх хэрэгтэй” гэв.

13.00 Г.Уянгыг шалгуулж дуусаагүй байхад дараагийн хүн уулзахаар ирсэн нь “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат. Тиймээс Чука ах тэр даруй дараагийн уулзалтаа эхлүүллээ. “Алтан ураг”-ийнхан энэ онд цуврал дөрвөн тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнийхээ менежментийн ажлыг даатгах хүсэлтэйгээ дуулгахаар иржээ. Б.Эрдэнэбатыг ардын хөгжмийг рок поп болон сонгодог урлагтай хослуулж, мөн нийтийн дуучидтай хамтарч болон дан язгуур хөгжмийн гэсэн дөрвөн тоглолт хийх бодолтойгоо танилцуулсны дараа продюссер Ц.Чулуунбат хэд хэдэн зөвлөгөө өгснөөр тэдний уулзалт дуусав.

13.35 Ажил хэргийн яриа өрнөж байх зуур “Anemone” хамтлагийн охид ирчихсэн хөгжмийн найруулагчийн өрөөнд шинэ уран бүтээлээ сургуулилалж байв. Охидтой мэндэлж, бэлтгэл сургуулилалтынх нь тухай асууж, лавлаж дуусаагүй байтал дараагийн зочин ирлээ. Энэ удаагийн зочин продюссер Ц.Чулуунбаттай биш, Урлагийн гавьяат зүтгэлтэнтэй уулзахаар ирсэн аж. Зураач Ц.Болдбаатар улс төр, урлаг соёлын алдартнуудын хөргийг зурдаг нэгэн. Өнгөрөгч онд барималч Ж.Энхтүвшинтэй хамтран “Алга дарам газар” үзэсгэлэн гаргаж байсан тэрбээр “Харанга”-аар овоглодог хоёр ч хүний хөргийг зурж амжсанаа дуулгаад, шууд ажилдаа орлоо. Олон жилийн өмнө хөрөг зураачид хөштөл нь суулгадаг байсан бол орчин цагт зургийг нь авчихаад түүнийгээ өнгө, будгаар ялган зурдаг болсон гэнэ. Тиймээс тэрбээр хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатыг төгөлдөр хуурынх нь ард харандаа бариулан суулгаад зургийг нь авлаа. Ингэхдээ “Аль болох өөрийнхөөрөө чөлөөтэй суу. Энэ хөөрхөн булцгар гараа ил гаргачих” хэмээн зааварлана. Хариуд нь “Шинэ дуугаа сонсгохоор төгөлдөр хуур тоглон дуулж суухад хүмүүс над руу биш гар луу л хараад байдаг. Булцгар болохоор их содон харагддаг шиг байгаа юм” гэв. Гурван ч зураг дарсан зураач ажлаа дууссаныг мэдэгдэж, бид дараагийн ажилдаа орлоо.

14.00 Уг нь дараагийн ажил охидын шинэ дууны бичлэгийг хийх байсан юм. Студийн өрөөнд “Making the band” нэвтрүүлгийн зургийг авч байсан тул хүлээлгийн өрөөнд охидын бүжгийн бэлтгэл хэр хангагдсаныг шалгаж байгаа нь хугацаа хожиж байгаа хэрэг.
Түргэн хэмнэлтэй, хурц шийдэлтэй бүжгээ тэд анхны дуугаа дүрсжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.
Бүжгийн бэлтгэл шалгах ажил дуусаагүй байхад захирал Ц.Чулуунбатыг сурагласаар нэгэн бүсгүй орж ирсэн нь Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын тооллого хариуцсан байцаагч. Энэ сарын 15-нд эхэлсэн тооллого ид өрнөж байгаа бололтой.

14.30 Үдийн цайны цаг үргэлжилж байхад хамтлагийнхны бичлэгийн ажил эхэллээ. Студид продюссер Ц.Чулуунбат, хөгжмийн инженер Н.Наранбаатар, хамтлагийн охидоос гадна “Making the band” нэвтрүүлгийн редактор, хөтлөгч, хоёр зураглаач иржээ. Энд дуу бичлэгийн ажилтай зэрэгцэн, нэвтрүүлгийн зураг авах ажил өрнөнө.
Шинэ залуу дуучдын хоёр дахь дууны бичлэг санасныг бодвол удаан үргэлжиллээ. Эхний хоёр мөрийг л гэхэд дахин дахин дуулсны эцэст хагас цагийн дараа бичиж дуусгав. Энэ хооронд продюссер хаана, хэрхэн нугалаа хийхийг, дууны аль хэсгийг охидын хэн нь дуулахыг зааварлана. Бас дуулж байхдаа ямар алдаа гаргаж байгааг хэлж, анхааруулна. Тэр бүрийд охид алдаагаа дор нь засаж, продюссерийнхээ зааврыг яг таг биелүүлэх аж. “Аливааг амархан тусгаж авах ёстой” гэсэн шаардлагад тэнцсэн охид болохоор тэр.

16.30 Нар хэдийнэ гудайж, албан хаагчид ажил тарах цаг хүлээн цаг руугаа байн байн хяламхийдэг үе. Харин “Up” продакшны студид ажил ид өрнөнө. Студийнхэн хоол ирэх үеэр л арайхийн амсхийх зав гаргав. Гэхдээ хоолоо ч бүрэн идэж амжилгүй шинэ дууны дахилтыг бичихээр ханцуй шамлалаа. Утсанд нь дуудлага ирэх үед “Би яг одоо бичлэгтэй байна. Хамаг анхаарал тийш төвлөрчихсөн байгаа болохоор ярьсныг чинь сайн ойлгосонгүй. Дуусмагцаа залгая” гэж хариулж байгаа нь аргагүй л ажилдаа шимтсэнийх. Гэхдээ түргэн дуусгах гэж хичээгээгүйг нь удалгүй мэдсэн юм.
Үгийг нь анхааралтай сонсох охиддоо продюссер Чука хатуу үг хэлж, зандрахаас илүүтэй жишээ аван тайлбарлаж, ойлгуулахыг хичээнэ. “Дууг хоол гэж үзвэл хөгжмийн зохиолч, яруу найрагчид таваг, үндсэн бүтээгдэхүүнийг нь бэлдэж харин дуучид чимэглэдэг юм. Тиймээс сэтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хөгжмөө мэдэрч дуул. Мэргэжлийн дуучдад бол үүнийг дуундаа ор гэж хэлдэг” хэмээн тайлбарлалаа.

20.00 Охидын шинэ дууг бичих ажил үргэлжилсээр л… Энэ хооронд завсарлах эрх ганц л удаа өгсөн боловч таван минут ч болоогүй байхад бүгд л ажилдаа эргэн шамдсан. “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээж ээ” хэмээх шинэ дуу дуншсаар л байх. Хэдийгээр дууны дахилтын бичлэг жигдэрсэн боловч, өнгө салгах бичлэг дөнгөж эхлэв. Залуу дуучдын хувьд энэ хамгийн хүнд хэсэг нь бололтой. Нэг мөрийг дахин дахин давтана. Толгойд цээжлэгдэж, чихэнд хоногштол дуулна. Гэхдээ л дуу бичих ажил дуусах нь байтугай дундраа ч үгүй гэнэ. Багагүй ядарсан охид 20.00 цагт эхлэх нэвтрүүлгээ үзэхээр хүлээлгийн өрөөг зорьж, харин продюссер, хөгжмийн найруулагч болон хоёрдугаар бадгийг бүтнээр дуулах хамтлагийн шинэ гишүүн А.Халиун нар студид хоцорлоо.

21.00 Энэ өдөр хоёр ч дуу бичнэ хэмээн Чука ах ажил эхлэхийн өмнө дуулгасан боловч ажлын цаг хэдийнэ дуусчихаад байхад дараагийн дуучин ирээгүйд гайхан суутал дуучин С.Наран ирлээ. Охидыг бодоход олон жил дуугаа бичүүлж, туршлагажсан дуучны бичлэгийн ажил шулуухан үргэлжилсэн. Гэхдээ төсөөлж байсан шиг хурдан дууссангүй.

21.45 Албан байгууллагууд үүдээ барьж, ажлын цаг дууссан цагаар ажлын энэ өдрийн сүүлийн зочид айлчиллаа. “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар болон Буриадын гавьяат жүжигчин Амархүүгийн аав тэргүүтэй таван хүн. Тэд бүгд хөгжмийн зохиолчид дууны захиалга өгөхөөр ирсэн гэнэ. Уулзалт продакшны дэргэдэх зоогийн газар үргэлжилж, энэ үеэр охидын анхны дууг дүрсжүүлэх талаар ч тохиролцоод амжив.

01.30 Хотын гудамжинд хөл хөдөлгөөн эрс татарч, айлуудын цонхоор хаа нэг гэрэл ёлтойно. Их хотын үдэш нам гүм. Урин цаг ирснийг сануулах мэт бүлээн салхи үлээсэн үдэш продюссер, хөгжмийн зохиолч, захирал, аргил гитарчин, дуучин гэсэн бүх ажлаа орхиод өрхийн тэргүүн Чулуунбат гэр лүүгээ яарлаа.

2 comments:

  1. Дурламаар ажил байна даа

    ReplyDelete
  2. Миний эхнэр ч ийм л мундаг хүндээ. Хайртай шүү

    ReplyDelete