Monday, February 20, 2012

Хосгүй хоолойтнуудын үдэш




Стэйплс төвд өнгөрөгч ням гаригт болсон арга хэмжээ бүхэлдээ өсөж яваа од Адель, харвасан од Уитни Хьюстонд зориулагдсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч дуу бичлэгийн урлаг, шинжлэх ухааны үндэсний академийн 54 дэх удаагаа зохион байгуулж буй “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын үйл явдлуудаас бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хоолойтой хоёр бүсгүйтэй холбоотой бүхэн нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн тод дурсамж болон үлдэх нь гарцаагүй. Энэ жилийн ёслолын арга хэмжээ нэг талаараа нэр дэвшсэн төрөл бүхэндээ ялалт байгуулсан Аделийн амжилтаар боломж гэдэг ямар хэмжээ хязгааргүй зүйл болохыг баталсан бол нөгөөтэйгүүр цаг үеийнхээ давтагдашгүй нэгэн дууч шувуу Уитни Хьюстоны ээдрээт амьдралыг нь эргэн дурссан үдэш болсон.
Грамофон буюу “Эгшигт хайрцгийн шагнал” арга хэмжээнээс 23 настай Британи дуучин бүсгүй зургаан эгшигт хайрцагтай харьсан. Шилдэг поп болон шилдгийн шилдэг шагнал хүртсэн түүний “21” цомог нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй, эдийн засгийн хямрал дуу бичлэгийн урлагт ч хар шуурга дэгдээж, уналтад оруулаад буй өнөө цагт борлуулалт нь 6 сая хүрч, алтан цомог болсон нь Адельд цомоос ч илүү нэр хүнд авчирсан.
Нэг дор зургаан “Эгшигт хайрцаг”-ийн эзэн болж, “Грэмми”-ийн амжилтаараа эмэгтэйчүүдийг манлайлдаг Бьонситой эн зэрэгцсэн Аделийн бас нэгэн ялалт бол микрофоны ард зогсож, хэдийнэ хит болсон “Rolling in the Deep” дуугаа дуулсан явдал. Халловиний баярын дараахан хоолойндоо хагалгаа хийлгэсний улмаас шинэ жилийн баяраар ямар ч арга хэмжээнд оролцоогүй нь сонсогчдынх нь сэтгэлийг түгшээгээд байсан юм. Харин тэр аюул ард хоцорсныг баталж, тайзнаа гарсан нь уг мэс заслаас хойшх анхны тоглолт нь юм.
Аделийн амжилт, их урлагт эргэн ирсэн энэ их баяр хөөртэй зэрэгцсэн зүйл бол өдгөө ч шалтгаан нь тодорхой болоогүй байгаа нэр дуучин Хьюстон хорвоог орхисонд гашуудсан уран бүтээлчид, сонсогчдын эмгэнэл. Түүнийг бие хамгаалагч нь Беверли Хилтон зочид буудлын өрөөний ваннанд нас барсан байхыг олсон бөгөөд шалгалтын эхний байдлаар хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн нь аминд нь хүрсэн гэж таамаглаж байгаа ч үхлийн шалтгааныг тогтооход долоо хоног шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.
CBS телевизээр шууд дамжуулсан “Грэмми” Брюс Спрингтин болон “E Street” хамтлагийн тоглолтоор эхэлж, хөтлөгч LL Cool J зургаан “Эгшигт хайрцаг”-ийн эзэн Хьюстонд хүндэтгэл үзүүлснээр үргэлжиллээ. Тэр “Өнөөдөр, энэ цаг мөчид энэ тухай яаж ярихаа ч мэдэхгүй байна. Гэхдээ ярихгүй байх аргагүй. Бид гэр бүлийн нэг гишүүнээ алдлаа. Миний бодлоор өнөөдрийн үйл ажиллагааг биднийг орхин одсон хайрт эгч Уитни Хьюстоны төлөөх залбирлаар эхлүүлсэн нь зөв болов уу” хэмээн нам дуугаар өгүүлсэн.
Энэ үдшийн сэтгэл хөдөлгөсөн олон арван үйл явдлын нэг нь энэ. Гунигтай, сэтгэл шимшрүүлэм мөчийн араас “Foo Fighters” тав, Кайни Уэст дөрвөн  шагнал хүртэж, дугтуй нээх үеийн догдлолыг жинхэнэ ёсоор үзэгчдэд амсуулсан. Альцгеймрийн өвчинтэйгөө тэмцэж буй кантри дуучин Глен Кэмпбеллийн тоглолт ч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бол Крис Броуны бүжгийн үзүүлбэр цугласан олны цөсийг хөөргөх нь тэр. Шилдэг R&B цомгийн шагналаа гардаж авахдаа тэр “Юуны өмнө бурханд талархаж байна. Мөн эл шагналыг авч, өнөөдөр тайзнаа гарахад тус болсон бүх шүтэн бишрэгчдэдээ талархаж байна. Би та бүхэндээ хайртай шүү. Бид үргэлж цугтаа. Баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хэлсэн.
“Нэр дэвшээгүй, энд хэзээ ч ирэхгүй хүмүүст талархаж байна”. Ням гаригийн үдшийн хамгийн содон сэтгэгдлийг шинэ залуу шилдэг уран бүтээлчийн төрөлд ялалт байгуулсан Жастин Вернон хэлсэн.
Гурван цаг гаруй үргэлжилсэн ёслолын арга хэмжээний онцлох үйл явдал бол “Beach Boys” дахин бүрэн бүрэлдэхүүнээр тайзнаа гарсан явдал.  Мэдээж 1960-аад оны домог болсон Брайн Уилсон, Пол Маккартни нар тайзнаа гарсан нь үзэгчдэд барьсан гэнэтийн бэлгүүдээс хамгийн гайхалтай нь.
“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос ердөө л нэг хоногийн өмнө одсон Хьюстонд хүндэтгэл үзүүлж олон уран бүтээлч дуугаа зориулсан. Тэдний нэг болох Женнифер Хадсон “I Will Always Live You” дууг нь дуулсан нь зөвхөн энэ үдшийн төдийгүй хөгжийн ертөнцийн түүхэн дэх гайхалтай тоглолтуудын нэг болсон нь гарцаагүй. Долли Партоны 1970 онд бичсэн уг дуу Хьюстоны нэрийн хуудас болсон уран бүтээл бөгөөд “Бие хамгаалагч” киноны дуу болон үзэгчдэд хүрч байсан.
“Грэмми”-ийн олон арван төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчдийн нэрсийг дуудаж, тэр бүрт дугтуй задран шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилсээр. Эзэндээ очсон олон “Эгшигт хайрцаг”- аас үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн нь Тонни Беннетийн дуэт дуунд гардуулсан цом. Өнгөрөгч зун нас барсан Эми Вайнхаустай хамтран дуулсан дууныхаа шагналыг тэрбээр дуучны аав ээж хоёртой хамт гардан авсан бөгөөд ноён Вайнхаус “Угтаа бид биш, хайрт охин маань л энд зогсож байх учиртай” хэмээн индрээс хэлсэн.
“Грэмми”-ийн шүүгчдээс хамгийн их үнэлгээ авч, сүүлийн жилүүдэд болсон шагнал гардуулах ёслолоос хоосон буцахаа больсон дуучдын нэг нь Вайнхаус байсан. Түүний араас Нора Жонес, Алиша Кийз, Лаурин Хилл нар нэхэж байсан бол саяхнаас энэ жагсаалтыг Адель (Адель Лаури Блю Эдкинс) тэргүүлэх болсон.
Түүний хоёр дахь цомог зөвхөн Хойд Америкт гэхэд л 5.82  сая хувь борлогдож, хит болсон “Rolling in the Deep” дуу нь ч борлуулалтаараа тэргүүлж, 1997 онд хит болсон Элтон Жоны “Candle in the Wind: Princess Diana Tribute” дууны амжилтыг эвдсэн. Түүхийн хуудаснаа бичигдэх түүний амжилт үүгээр дуусахгүй. Нэг дор шилдэг цомог, бичлэг, дууны шагналыг гардаж буй зургаа дахь хүн нь Адель. Түүний өмнө “Dixie Chicks” 2006 онд, Эрик Клаптон 1992 онд, Кристофер Кросс 1980 онд, Кэроль Кинг 1971 онд, Пол Саймон 1970 онд амжилт гаргаж байсан юм.

1 comment:

  1. Adele-ийн нэрийн өмнөөс танд талархъя :D

    ReplyDelete