Saturday, March 10, 2012

Алек Болдуин: Би их ичсэн


“Шулуун шударга, бодсоноо илэн далангүй илэрхийлчихдэг, хөгжилтэй”. Студидээ урьж, цаг гаруй ярилцсан Пирс Морган Холливудын чадварлаг жүжигчин Алек Болдуиныг ийн тодорхойлжээ. Тэд улс төр, уран бүтээл, хувийн амьдралын талаарх яриа өрнүүллснийг орчуулан хүргэе. 

-Хэрэв та Алек Болдуин байсан бол “Амьдрал ч сайхан байна шүү” гэж уулга алдах байсан нь гарцаагүй. “30 рок” кинонд тоглож, Нью-Йоркийн нэгэн радиод нэвтрүүлэг хөтөлж байгаа түүнд Нью-Йорк хотын даргад нэр дэвших ч зав олдохгүй байгаа гэнэ. 
Бодсон санаснаа эмээлгүй хэлчихдэг, тэр ч байтугай сэтгэлд нь нийцэхгүй бол онгоцноос үсрэхэд ч бэлэн найк Алектайгаа ярилцах боломж олдлоо. Алек студид маань тавтай морил. 
-Баярлалаа. Чамтай уулзах сайхан байна шүү.
-Юуны өмнө хоёулаа онгоцний нислэгээ цуцалсан тухайгаа Твиттер хуудсандаа бичсэн болон түүний дараа гадаад байдалдаа эрс өөрчлөлт хийж, дасгалын танхимд өнжихгүйгээр турсан тухай чинь ярилцъя. Одоо миний өмнө махлаг, дугуй царай Алек Болдуин биш, гоолиг залуу сууж байна. Чи их олон өөрчлөлт хийсэн байна шүү. 
-Он солигдсоны дараахан би ийм шийдвэр гаргасныг бас ийм үр дүнд хүрэх гэж багагүй хөдөлмөрлөснийг чи мэднэ шүү дээ. Гэхдээ би хүссэн үр дүндээ хараахан хүрээгүй л байна. Дасгал л сайн хийгээд байвал чиний юу идэх, идэхгүй байх чинь чухал биш гэсэн баримтлалаас би татгалздаг. Би чихэртэй хоол хүнс хэрэглэхээ больсон. Энэ бол миний хувьд маш том өөрчлөлт.
-Энэ өөрчлөлтийн тухай яриагаа түр хойшлуулаад нэгэн сэдвийг хөндмөөр байна. Эхлээд Ерөнхийлөгч Обамагийн илтгэлийн бичлэгт анхаарлаа хандуулъя. Тэр Америк хүчирхэг гүрэн хэвээрээ байгааг сануулах гэсэн болов уу. Хэдийгээр хүчирхэг байгаа хэдий ч үйлдвэржилт гэх мэт үндсэн асуудлуудад анхаарал тавих цаг болсон байх. 
(Бичлэг)
Барак Обама: Их хямралын үеэр Америкчууд Алтан хаалга гүүрийг барьж байлаа. Дэлхийн II дайны дараа бид мужуудыг холбосон хурдны зам барьсан. Демократ болон Бүгд найрамдах намынхан хэд хэдэн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж, тэдний үр дүнд нь баригдсан зам, байшин барилгуудыг бид өнөөдөр ч хэрэглэсээр байгаа.
-Бидэнд өмнө нь ийм хүнд үе олон тохиолдож байсан гэдгийг гол асуудлаа болгоод байгаа юм. Гэхдээ өнөөдөр Их хямралын үе биш. Бидэнд эдийн засгийн бэрхшээлтэй асуудлууд л тулгараад буй. Азаар байдал 1930-аад оных шиг хүнд болчихоогүй байна. Эх орондоо ажлын байр олноор бий болгох нь л хамгийн чухал асуудал болоод байх гэж би боддог. 
-Саяхан би Америкийн нэгдсэн улс бол яг л том далбаа шиг гэж ярьж байлаа. Бид сайн сайхан зүйлс хийвэл Америк ч зөв чиг рүү хандаж, бид ч тийм л хариу авна. Бид дайныг эсэргүүцсэний ачаар түрэмгийлэгчдийн хандлага ч намжиж, бид хэн нэгэнтэй сөргөөцөлдөн зогсох биш зөвхөн урагш тэмүүлдэг болсон.
1960-аад оноос хойш дайтаж, саяхныг хүртэл Ойрхи Дорнод руу халдсан нь хамгийн оновчтой шийдэл байсан гэж бодохгүй байна. Үүний ачаар хангалттай их хөрөнгө мөнгө, олон зуун америк хүний амьдрал, бас Ойрхи Дорнодын хэдэн мянган гэмгүй иргэдийн амь нас үрэгдсэн. 
-Чи Ерөнхийлөгчийг самбаатай хүн гэж дүгнэж байна уу? 
-Тийм байх гэж найдаж байна. Ерөнхийлөгч болон улс төрчид дараагийн алхмаа их ухаалаг, бодолтойгоор хийхгүй бол дахин сонгогдох боломжгүй болно. Хүмүүс хөзрөө цээжиндээ хэтэрхий наах юм. Конгрессийнхэн эхний жилүүдэд их найртай байдаг. Бүр ажлын үр дүн нь тэг хувийн үзүүлэлттэй байсан ч хамаагүй.
Харин дахин сонгогдсоныхоо дараа уралцаж эхэлнэ. Тэд дахиж сонгуульд өрсөлдөхгүй болохоор жинхэнэ мөн чанараа харуулж эхэлдэг.
-Асуултад минь шударгаар хариулаарай. Чи хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар бодож байв уу? 
-Миний их олон жилийн өмнө бодож байсан зүйлсийн нэг байна. Гэхдээ энэ тоглоомонд оролцоход миний хувьд хэдийнэ оройтсон. Зөвхөн суусан онгоц минь тэр зүгт хөвбөл дагана гэж боддог байлаа. Гэхдээ миний бүхий л амьдралынхаа турш хүсэж, дурлаж ирсэн зүйл бол одоогийн эрхэлж буй ажил минь.
-Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын талаар ямар таамаглалтай байсан бэ? 
-Миний хайртай жүжигчид нэр дэвшсэн гэдгийг л би мэдэж байсан. Кино урлаг гэдэг амаргүй салбар. Амжилтад хүрэхийн тулд уулын орой руу өгсөөд л, өгсөөд л байдаг. Нэг тийм тогтсон тойрогтой л доо, энэ салбар. Зохиолтойгоо танилцана, текстээ цээжилна. Тэгээд л дараа нь киноны зураг авахуулж, шинэ бүтээл дэлгэцэнд гарна. Харин хүмүүс тасалбарыг нь худалдан авч үздэг. Заримдаа олон зуун тасалбар борлогдон тухай бүтээл нь хүмүүсийн анхаарал татаж, ийм аз тохиож, тохироо нь бүрдвэл шагналд нэр дэвшнэ.
Жорж Брэд хоёр бол кино урлагт их зүйл хийсэн хүмүүс. Би тэдний төлөө малгайгаа аван хүндэтгэл үзүүлнэ. Учир нь “Оскар”-т нэр дэвшнэ гэдэг санасны зоргоор хийчихдэг зүйл биш. Би 2004 онд туслах жүжигчний төрөлд нэр дэвшиж байлаа. Харин Тим Роббинс шагналыг авсан. Тэр үед нэр дэвшнэ гэдэг чинь л нэр хүндийн хэрэг гэж хүн бүр хэлж билээ. Гэхдээ хүн хэзээд ялахыг хүсдэг юм. (инээв) Би Тимийн өмнөөс баярлаж, түүнийг биширсэн. Энэ жил их олон сайхан гайхалтай уран бүтээл төрлөө. “Меланхоли” надад их таалагдсан. Руни Мара бол гайхамшигтай жүжигчин. Тэр үзэгчдийг ховсдчих шиг л болдог.
-Санал нэг байна. 
-Мэрилийн тоглосон “Төмөр хатагтай”-г үзлээ. “Мөнгөний бөмбөг”-ийг үзлээ. Жона Хилл ч гайхалтай тоглосон. Түүнийг нэр дэвшсэнд нь би их баяртай байгаа.
-Урьд шөнө би Мэрил Стрип та хоёрын загас наадуулж байхыг харлаа. 
-Би түүний төлөө их мөнгө төлөхөд бэлэн шүү.
-Чамайг хэдэн сая доллар төлөхөд бэлэн гэдэгт эргэлзэж байна шүү. “Ээдрээтэй” гэх киног чинь үзлээ.  Мэрил Стриптэй хамтран ажиллах ямар байсан бэ. Миний хувьд тэр домогт жүжигчин. Өдгөө амьд сэрүүн байгаа эмэгтэй жүжигчдээс шилдэг нь гэж би боддог. 
-Тэр чинь Мэрил шүү дээ. Түүний тухай шинэлэг зүйл нэгийг ч хэлж чадахгүй л болов уу. Тэр гайхалтай олон арван кинонд тоглож, сүүлийн гучин жилд Холливудад тэргүүлж буй эрэгтэй жүжигчидтэй бүгдтэй нь хамтран ажиллаж байсан.
Киноны гол баатрууд дотно харилцаа үүсгэдэг хэсэг л хүмүүсийн анхаарлыг илүү татаж, тэр талаар яриулахыг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. Дүрийн маань хувьд эхнэрээсээ салсан ч санаж шаналсан, хайрласаар байгаа эр. Тиймээс тэр хувирлын гаргах гэж их ажилласан. Харин загас наадуулдаг хэсгийн зургийг авахад Мэрил Стриптэй хамт жүжиглэхэд их  хялбар байсан. Тэр гайхалтай хүн шүү дээ.
-Онгоцны нислэгийг саатуулсан талаар чинь ярилцъя л даа. 
-Хүмүүст хандаж зөвлөхөд онгоцонд орохоосоо өмнө утсаа унтрааж байгаарай.
-Тэгж хэлэх гээгүй биз дээ, Алек?
-Би олон жилийн турш зорчигч тээврийн компаниар үйлчлүүлж байгаа. Харин тэр үед нислэг 45 минутаар хойшилсон нь миний эгдүүцлийг хүргэсэн юм. Тэгээд л эсэргүүцлээ илэрхийлсэн хэрэг. Харин тэд зөвхөн гар утсаар шалтаглан намайг буруутгаж, өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлах ёсгүй байх.
-Зорчигч тээврийн компанийн ажилтнууд утсаа унтрааж онгоцонд суух талаар элдэв лекц унших үед чамд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Уур чинь хүрч байв уу, эсвэл ичсэн үү?
-Би их ичсэн. Эргэн тойронд суусан зорчигчид миний элдэв шог зохион ярьж эхлэх болов уу гэж бодоод би онгоцноос буусан. Гэтэл тэр үед өөр дөрвөн ч хүний утсаараа Твиттер хуудсаа шалгаж байсан.
-Хэдэн удаа жинхэнэ хайртай учирч байсан бэ?
-Хамгийн сүүлийн учрал нь миний амьдралд толбо үлдээгээд л дууслаа. Одоо гэх цагт надтай хамт байгаа бүсгүйг л би жинхэнэ хайр гэж хэлнэ. Харин одоо бол өнгөрсөн бүх зүйл хүүхдийн тоглоом байжээ л гэж бодогдож байна. Гэхдээ энэ нь намайг чин сэтгэлээсээ хайрлаж, дурлаж байгаагүй гэсэн үг биш шүү.
-Хүүхэдтэй болох талаар бодож байна уу? 
-Дахиад хүүхэдтэй болох бодол бий юү гэж үү?
-Тийм ээ.
-Тэгвэл сайхан байх шүү. Бүр гайхалтай байх болов уу. Найзууд маань энэ талаар зөвлөдөг юм. Эртхэн хүнтэй суухгүй бол нас ахих тусам коллежийн насны дагавар хүүхэдтэй хүнээс өөр бүсгүй олдохгүй гээд л…
-Ганц бие байхдаа гайхалтай цаг мөчийг мэдэрч байв уу? 
-Тэгж санагдаж байсан үе цөөн боловч бий шүү.

No comments:

Post a Comment