Saturday, March 10, 2012

Митч Уайнхаус: Эми одоо ч бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэдэг


54 дэх удаагийн “Грэми”-ийн шагнал гардуулах ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг бол өнгөрөгч зун нас барсан дуучин Эми Уайнхаусын уран бүтээл дуэт дууны төрөлд шилдгээр тодорч, хослон дуулсан Тони Беннет болон талийгаачийн аав ээж хоёр нь шагнал гардаж, охиноо дурсан үг хэлсэн явдал. Түүний “Back To Black” цомог 2006 онд хөгжмийн салбарт шуугиан тарьж, эзэндээ таван “Грэмми” авчирч, Их Британийн хамтлаг, дуучдын цомгууд дундаас  XXI зууны хамгийн борлуулалт сайтайгаар шалгарч байжээ. Нэвтрүүлэгч Пирс Морганы авьяаслаг уран бүтээлчийн аавтай ярилцсаныг орчуулан хүргэе. 

-Хөгжмийн ертөнцийг өөрчилж, гэнэтхэн гарч ирсэн шигээ харван одсон хүн бол Эми Уайнхаус. Түүний тухай ааваас нь илүү ихийг мэдэх хүн үгүй биз. Тиймээс бид ноён Митч Уайнхаусыг студидээ урилаа. Эмиг нас барснаас хойш танай гэр бүлд их хүнд байгаа байх. Та бүхэн энэ уй гашуугаа хэрхэн даван туулж байна вэ? 
-Их хүнд байна аа, Пирс. Азаар бид сайхан гэр бүлтэй, зовлон шаналалыг минь хуваалцах сайхан найз нөхөдтэй хүмүүс юм. Энэ л бидэнд уй гашуугаа давах хүч, зориг, сэтгэлийн тэнхээ хайрлаж байна. Мэдээж охиныхоо дурсгалд зориулсан сан байгуулж, түүнийхээ үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаа тул бага ч атугай тайвширч байна.
-Та түүний ямар их нэр хүндтэй, олон хүнд хүндлэгддэг болохыг мэддэг байсан уу. Эмигийн үхлийн шалтгааныг эргэн нягталсан уу? 
-Охиныхоо ямар олон хүнээр тойрон хүрээлүүлдэг болохыг би мэднэ. Түүнийг  20 сая цомог борлуулсан болохоор хүмүүс хүндэлдэг, хайрладаг гэж таамаглаж байсан ч, нас барсных нь дараа л ямар нэр хүндтэй байсныг нь өөрийн биеэр мэдэрсэн. Охины минь хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж, гэрэл гэгээтэй болгосон талаар бичсэн, түүнд хайртай болохоо илэрхийлсэн захидлууд хүлээн авсан.
-Охиныхоо үхлийн талаарх таагүй мэдээллийг анх сонсоод та хэрхэн хүлээн авсан бэ. Уурлаж бухимдаж байв уу, эсвэл гуниглаж, гашуудсан уу?
-Тэдгээр бүх сэтгэл хөдлөл нэгэн зэрэг төрсөн. Нэг талаараа Эмид уур хүрч, нөгөөтэйгүүр харамсаж, гашуудаж байв. Хэрэв би түүний дэргэд байсан бол болчимгүй үйлдлийг нь хорьж, алгадаад авах байлаа. Тиймээс энэ бүхэнд өөрийгөө буруутгах сэтгэл ч төрсөн. Хэдийгээр би охиноо ийм байдалд оруулах ямар нэг үйлдэл хийгээгүй хэдий ч өөртөө бурууг тохох бодол эрхгүй төрж байлаа.
-Энэ явдал болох үед та хаана байсан бэ?
-Би Нью-Йоркод байсан. Манхэттэнд амьдардаг үеэлийндээ зочлоод байлаа. Үеэл маань ихэр хүүхдүүдтэй болоод удаагүй байсан тул би шинэ хүмүүсийг нь эргэх гэж очоод байсан юм.
Ихрүүдийн нэгийг тэвэрчихээд авга ахтайгаа хууч хөөрч байлаа. Тэр надаас “Эми сайн уу?” гэж асуухад нь “Тэр сайн байгаа” гэж хариулчихаад түүний талаар ярьж байтал утас дуугарч, охины минь хамгаалагч уйлчихсан “Эми нас барчихлаа” гэж хэлж билээ.
-Түүнд яг юу тохиолдсон талаар бидэнд ярьж болох уу?
-Тэр өдөр бусдын л адил гайхалтай сайхан өнгөрсөн. Эми ээж болон Жэнис, Ричард нартай хамт өдрийг өнгөрүүлсэн. Тэр үед түүний сэтгэл санаа их өөдрөг байсан гэсэн. Тэгээд орой 01.00 цагийн үед амрахаар орондоо орсон. Унтахынхаа өмнөхөн бүр дуулж байсан гэдэг. Өрөөндөө байдаг бөмбөрөө тоглоод, дуулсан байгаа юм.
-Эмигийн өөрийнх нь бөмбөр үү?
-Тийм ээ. Харин орондоо орох үед тэр гэртээ ганцаараа байсан гэж тогтоосон. Харин би  найз Тайлерийг нь хамт байсан болов уу гэж боддог. 01.00 цагийн үед хамгаалагч нь түүнд “Бөмбөр тоглохоо больсон нь дээр байх. Хөршүүд удахгүй гомдоллоно” хэмээн сануулж л дээ. Тэгээд л Эми тоглохоо больж, цаг гаруй өрөөн дотуураа холхих чимээ сонсогдсон гэсэн. Тэгэхээр нь бие хамгаалагч нь унтах гэж байна гэж бодсон байна. Тэгээд 03.00 цагийн үед шалгахдаа түүнийг унтаж байна гэж бодсон байна. Дараа нь 08.00 цагийн үед шалгахдаа түүнийг зүгээр нэг унтаж байгаа юм биш байна гэдгийг анзаарч, түргэн тусламж дуудсан.
-Охиныхоо үхлийн талаар сонсоод сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлсэн бэ?
-Би биеэ их барьсан. Уйлж, орилж хашгичаагүй. Би ихрүүдийн нэгийг тэврээд зогсож байсан юм. Тэгээд л тэр тухай сонссон даруйдаа үеэлдээ хүүхдийг нь өгсөн. Энэ таагүй мэдээг дуулгасан хамгаалагчид нь уурлаж, бухимдаагүй. Түүний өөрийгөө зэмлэж, буруутгаж байгааг нь би хэлүүлэлтгүй мэдэж байсан болохоор тэр. Тиймээс түүнийг тайвшруулж, бас үеэл, авга ах гээд хамаатнуудаа ч тайтгаруулсан.
Угтаа би өөрөө цочролд орчихоод байсан. Тэгсэн хэдий ч түмэн бодол уралдуулан охиныхоо нэрэмжит сан байнуулах, түүний ухамсарт амьдралаа зориулсан хөгжим болон морь, хүүхдүүдэд хандсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй талаар эргэцүүлэн бодож байлаа. Эдгээр зүйлс түүний минь хувьд их чухал байсан юм л даа. Би түүнийг хүүхдээс илүү моринд анхаарал хандуулдаг гэж бодохгүй байна. Гэхдээ тэр морь, дуу хөгжим, хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хайртай байсан.
-Та хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг тааварлаж байсан уу?
-Үгүй дээ. Үнэнийг хэлэхэд бид энэ асуудлаар гурав, дөрвөн жилийн өмнө ярилцан, тохирч байлаа. Түүний хар тамхинд донтох болсны дараа бид энэ талаар ярилцаж байлаа. Гэхдээ охин минь сүүлийн гурван жил энэ зүйлээс хол байсан.
-Та түүнийг сүүлийн гурван жил хар тамхи хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байна уу?
-Тийм ээ.
-Харин согтууруулах ундааны тухайд юу хэлэх вэ?
-Согтууруулах ундаа бол огт өөр асуудал юм. Харамсалтай нь хүмүүс энэ хэрэглээ бусад муу зуршлуудыг араасаа дагуулдаг хор уршигтай гэдгийг ухамсарлахгүй юм. Яг л ийм зүйл охинд минь тохиолдсон. Хар тамхинаас татгалзсанаас хойш тэр их эрүүл амьдралын хэв маяг баримталдаг болсон. Өдөр бүр дасгал хийж, бүр гэртээ биеийн тамирын танхимтай болоод байлаа. Өдөрт гурваас дөрвөн цагийг дасгал хийхэд зориулдаг байсан.
-Та түүний хэрэглээг муу зуршлуудыг хэр их хорьдог байсан бэ?
-Харин та бусдын муу зуршилд хэр их анхаарал хандуулдаг вэ. Хүмүүс хорих хэрэгтэй, энэ асуудалд нь анхаарал хандуулж оролцохыг сануулах бүрт нь би “Эзгүй талд том байшинд хориод цонх, хаалгыг нь түгжиж нийгмээс тусгаарлавал яах вэ. Түүний муу зуршлыг хорино гэдэг шоронд хорьсноос өөрцгүй” гэж хариулдаг байлаа. Ийм аргаар бусдыг хүмүүжүүлэх боломжгүй гэж би үздэг.
-Өнгөрсөн хугацаанд танд харамсах сэтгэл төрж байв уу? Гэр бүлийнхэндээ зориулж ямар нэгэн зүйл хийх ёстой байж дээ гэж бодогдох үе байдаг шүү дээ.  
-Үгүй дээ. Би огт харамсаагүй. Манай гэр бүл гайхалтай халуун дулаан уур амьсгалтай, бие биенийхээ төлөө гэсэн сэтгэлтэй. Аав, ээж хоёр минь хоёул бурхан болсон. Тиймээс бид гэр бүлийн гишүүнээ, хамгийн дотно хүмүүсийнхээ нэгийг алдах зовлонг туулж байсан. Яг л тэр хэцүү үед буцаад оччих шиг болсон. Манай гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийнхнээ хайрладаг. Эми бол манай гэр бүлийн чухал гишүүн.
-Таныг олны өмнө үг хэлэх бүртээ биеэ их барьж байгааг би анзаарсан. Тэр байдлаас тань та хоёрыг их дотно байсан юм байна гэж дүгнэх болсон. 
-Тийм ээ, бид их дотно байсан. Гэхдээ бид үхлийн дараах амьдрал байдаг гэдэгт итгэдэг тул энэ үйл явдлыг харьцангуй тайван хүлээж авсан. Эми одоо ч бидэнтэй хамт байгаа гэдэгт манай гэр бүлийнхэн итгэдэг.
Ээж, аавыгаа алдахдаа би тэсэлгүй уйлж байсан. Угаасаа би сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй хүн. Гэхдээ охиноо алдахдаа би уйлаагүй. Түүндээ ч баяртай байгаа. Учир нь Эми минь намайг уйлах биш, нулимс унагахгүй байхыг л хүсэж байгаа. Уйлмаар санагдвал би одоо ч уйлах л болно. Түүнээс биш би уйлахаас ичсэн юм биш.

No comments:

Post a Comment