Friday, March 16, 2012

Нохойноос дор амь



Хөгжингүй орнуудын хэрэглээнээс хэдийнэ гарч, өдгөө зөвхөн нохдод онцгой нөхцөл байдалд, хатуу хяналтан дор хэрэглэх болсон фенилпропаноламин хэмээх эмчилгээний бодистой эмийг манай улсын ямар ч эмийн сангаас жоргүйгээр авч болно.

“Урьдчилан сэргийлэх” гэдэг үг бидний хувьд вакцинаар л төсөөлөгддөг. Харин эмнэлгийн байгууллага эмчилгээ гэх ухагдахуунтай салшгүй холбоотой мэтээр хэдийнэ тархинд гүн бат байраа эзэлчихэж. Үгийн үндсээсээ эхлээд л энэ хоёр ухагдахуун ийн эвлэлдэн нэгдэж байгаа юм. Тиймдээ ч “Ниргэсний хойно хашгирав” гэгчээр өвдсөнийхөө дараа эмчилгээ хийлгэнэ. Бүр өвчин нь даамжирч, эцсийн шатандаа орсон хойно л гэнэт ухаарсан мэт эмчилгээ хийлгэх гэж адгадаг хачин уламжлалтай өвөрмөц үндэстэн. Түүгээр зогсохгүй эмчилгээгээ ч их өвөрмөц арга барилаар хийлгэхийг хүснэ. Цагаан нөмрөгтэй сувилагч бүсгүйн өглөөд авчирсан эмийн тоогоор эмчилгээг нь дүгнэчихдэг онцгой ойлголт одоо ч зарим нэгний толгойноос салаагүй явна. Цөөн үгээр хэлбэл бид эмэнд дуртай ард түмэн. Харамсалтай нь энэ л уламжлалт сэтгэлгээ эмийн хэрэглээнээс татгалзаж, урьдчилан сэргийлэх аргаар өвчинтэй тэмцэх болсон хөгжингүй орнуудаас гологдсон барааг нааш дуудах даллуур болоод байна.
Америк гэхэд л өнгөрөгч онд томуу, харшлын эсрэг 500 нэр төрлийн эмийг зах зээлдээ худалдах, хилээр нэвтрүүлэхийг хориглосон (жагсаалтын дэлгэрэнгүйг http://www.fda.gov/Drugs/GuidanceComplianceRegulatoryInformation/EnforcementActivitiesbyFDA/SelectedEnforcementActionsonUnapprovedDrugs/ucm245106.htm цахим хуудаснаас үзэх боломжтой)
шийдвэр гаргажээ. Хэдийгээр улс орон бүр өөр өөрийн хууль тогтоомж, мөрддөг стандарттай ч, АНУ болон Их Британид худалдахыг хориглосон эм, эмийн бүтээгдэхүүнээс ямар ч эргэлзээгүйгээр татгалзах ёстой хэмээн буурай орны иргэд үзэх болжээ. Ингэж үзэхээс ч аргагүй. Эм, эмийн бүтээгдэхүүний сөрөг талыг судлах ажлыг ихэвчлэн тус хоёр орны эрдэмтэд хийж, эмийн чанарыг тогтоон, харин буурай болон хөгжиж буй орнууд түүнийг нь амьдралдаа даган мөрдөх болсоор багагүй удсан.
Энэ төрлийн үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт жагсдаг атал замбараагүй, хяналтгүй эмийн борлуулалтаараа тэргүүлдэг Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд ч Америк, Их Британийн замаар замнахаар шийдэж, сүүлийн жилүүдэд эмийн худалдаа, үйлдвэрлэлд тавих хяналтаа чангатгах болжээ. Эм үйлдвэрлэгчдийн зах зээлийг хумих эл өөрчлөлтөд багагүй нөлөөлсөн зүйл бол Энэтхэгийн цахим хуудсуудад нийтлэгдсэн олонх орнуудад хориглосон атал Энэтхэгт худалдагдсаар буй эмийн жагсаалт бүхий мэдээлэл.
Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн дүгнэлт гаргадаг хэдий ч ямарваа эмийн төрлийг дэлхийн бүхий л орнуудад худалдахад хяналт тавих боломжгүй тул олон улсад хориглох шийдвэр гаргадаггүй байна. Харин дэлхийн олонх орнууд зах зээлдээ нэвтрүүлэхийг хориглосон учраас аналгинаар эхэлсэн уртаас урт эмийн жагсаалтыг энэтхэгчүүд сэтгэл түгшин хүлээн авчээ.
Өвчин намдаах зориулалтаар хэрэглэдэг метамизол буюу аналгин (алгозон, дипирон хэмээн нэрлэх нь ч бий) цусан дахь цагаан эсийг багасгах сөрөг нөлөөтэй гэдгийг Сан Паологийн их сургуулийн эрдэмтэн Энтони Вонгоор ахлуулсан судалгааны баг тогтоожээ. Гэхдээ метамизолийг хэрэглээнээс болж нас барах тохиодол саяд нэг удаа тохиох бөгөөд энэ нь зөвхөн сард нэгээс доошгүй удаа аналгинийг хэрэглэдэг хүмүүст л хамааралтай тул бусад эм, эмийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй бага тоо гэдгийг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулжээ. Түүнчлэн тус байгууллагаас хийсэн мэдэгдэлд аналгин, ибупрофен нь парацетамолоос сөрөг нөлөө багатайн дээр халуун бууруулах чадвар нь илүү болохыг дурджээ. Тиймээс Румын тэргүүтэй Европын орнуудад уг эмийн хориглосон  байдаг ч өнөө хэр америкчууд аналгин болон парацетамолыг жоргүйгээр эмийн сангуудаас худалдан авсаар л байгаа аж.
Хэдийгээр жагсаалтад олон оронд хориглоогүй, сөрөг нөлөөгөөр харьцангуй бага эмийн нэр байгаа ч, цааш сонирхвол бүр 1991 оноос хойш Америкт хэрэглэхээ больсон шингэн алдахад хэрэглэдэг фуразолидон болон ханид томуунд хэрэглэдэг фенилпропаноламингэх эмийн бодисны нэр байгаа нь эрхгүй эмээхэд хүргэж байна. Фуразолидон нь “Фуроксен”, “Депендал-М” нэртэйгээр худалдаанд гардаг бөгөөд хорт хавдар үүсгэх аюултай аж.
Хөгжингүй орнуудын хэрэглээнээс хэдийнэ гарч, өдгөө зөвхөн нохдод онцгой нөхцөл байдалд, хатуу хяналтан дор хэрэглэх болсон фенилпропаноламин хэмээх эмчилгээний бодистой эмийг манай улсын ямар ч эмийн сангаас жоргүйгээр авч болно. Учир нь уг бодис Индонезийн “Kalbe Farma” үйлдвэрийн “Mixagrip”, “Minigrip” түүнтэй ижил төстэй үйлчилгээтэй “Mixaflu”, “D'cold” зэрэг эмийн найрлаганд орсон байдаг.
“Mixagrip”-ийн найрлаганд өнөөх уушги гэмтээх аюултай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй парацетамол 500 мг, цус харвах, зүрхний шигдээс өвчин үүдэл болдог фенилпропаноламин25 мг орсон байдаг аж.
Парацетамолыг гэхэд л нэг дор 1000 мг, өдөрт 4000 мг-аас илүүгүй хэмжээгээр хэрэглэх ёстой бөгөөд согтууруулах ундаа уусан үед сөрөг үйлчилгээ нь улам ч нэмэгддэг болохыг эрдэмтэд анхааруулдаг. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хор хөнөөл ихтэй хэмээн сэрэмжлүүлдэг уг бодисыг эмийн замбараагүй хэрэглээгээр тэргүүлдэг Энэтхэгт ч хориглосон фе-нилשּׁро¬паноламинтай хавсран хэрэглэдэг монголчуудын тоо хэд бол? Хамар шуухинаж, ханиалгах бүртээ эмийн сангаас худалдан авдаг эм маань үнэндээ хор байж.
Харин эдгээр хорондоо Энэтхэгчүүд хяналт тавиад эхлэхийн цагт өнөөх борлуулагддаггүй бараагаа тэд яах вэ. Тус улс 2020 он гэхэд эмийн үйлдвэрлэлээс 50 тэрбум долларын ашиг олно гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлээд буй, Дэлхийн эмийн зах зээлийн гол тоглогч тус улсын гадаад зах зээлд нийлүүлж буй эм, эмийн бүтээгдэхүүн жил бүр 10 хувиар нэмэгдэж байгаа. Үнэ хямдад нь дурлаж манай импортлогчид ч тус улсаас барааныхаа дийлэнх хувийг худалдан авч буй. Тиймдээ ч босго өндөр барууны орнуудтай харьцуулахад хяналтгүй шахам нэвтрүүлдэг манай оронд зах зээлээс шахагдсан өнөөх хар дансан дахь бүтээгдэхүүнүүд нэвтрэхгүй байх магадлал тун бага. Эм нэртэй хор ирээд иргэдийн эрүүл мэндийг залгиж, үндэстний аюулгүй байдалд заналхийлэхээс урьиаж энэ төрлийн бүтээгдэхүүнд тавих хяналтаа сайжруулж, иргэдийнхээ эрүүл мэндийг эмчлэх бус аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон баймаар. Хөгжингүй орнууд устгахыг шаардаж, хөгжиж буй орнууд ч татгалзах болсон хороор эрүүл мэнддээ анхаарал тавьсаныхаа төлөө хэдий болтол Индонези, Энэтхэгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсээр байх вэ.

No comments:

Post a Comment