Friday, March 16, 2012

Марк Уолберг: Надад тохирох хэв маяг биш гэдгийг ойлгосон



“Тулаанч” Марк Уолберг олон талын авьяастай нэгэн. Шоубизнесийн ертөнцөд анх “Marky Mark and Funky Bunch” хамтлагийн рэппер Марки Марк нэрээр хөл тавьж байсан бол удалгүй загварын ертөнц, кино урлаг, хожим телевизийн салбарт ч хүч сорих болжээ. 1990-ээд оны хамгийн дур булаам залуугаар тодорч байсан тэрбээр амьдрал, уран бүтээлийнхээ талаар ярилцахаар Пирс Морганы нэвтрүүлэгт зочилжээ. 

-Бостоны ядуусын хороолол дахь тарчигхан гэр бүлд өссөн жаал өдгөө 150000 долларын үнэд хүрсэн уран бүтээлч болоод буй. Түүний гаргасан цомог борлуулалтаараа тэргүүлж платиниум хэмээн өргөмжлөгдөж, удалгүй дотуур хувцасны сурталчилгаанд зургаа авахуулсан нь Таймс уулзварт томоор хадагдаж, харин тэр өөрөө тун удалгүй “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн. Хэдийнэ 40 гарсан ч тэр “ширүүн” гэх тодотголоо гээгээгүй л байна. Таныг ямар үнээр кинонд тоглодог тухай ярих үед хөмсгөө хөдөлгөж байхыг тань анзаарлаа. Би үнийг нь арай бага хэлчихэв үү? (инээв)
-Үгүй ээ. Чамд арай миний хөдөлмөрийн хөлсийг шилжүүлсэн баримт байгаа юм биш биз? (инээв)
-Тэгэхээр шоу бизнесийнхний тухай бичсэн энэ тоо баримтуудыг та худлаа гэж боддог хэрэг ү? 
-Ихэнхдээ. Гэр бүл цуцлуулсны нөхөн төлбөрийн тухай л биш бол…
-Гэхдээ таны тоглосон кино 1.5 тэрбум долларын ашиг олсон шүү дээ. 
-Сайн байна шүү.
-Та 40 нас хүрэхээрээ чөлөөндөө гарч, гольфчин болно гэж нэгэнтээ хэлж байсан. Харин одоо 40 хүрчихлээ. 
-Миний гольф тоглоно гэдэг хошин жүжиг л гэсэн үг. (инээв) Үнэхээр би их муу тоглодог. Тиймээс одоо бол хааяа нэг кинонд тоглочихоод ихэнх цагаа гэр бүлийнхэндээ зориулдаг болсон. Нэг газар суурин байж чадахгүй байна гэдэг их хэцүү шүү дээ. Та түүнийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тиймээс суурин байхын тулд ажлын ачааллаа эрс багасгасан. Харин чөлөөнд гарах тухайд 10 жилийн дараа энэ талаар асуугаарай. “50 нас гэдэг цоо шинэ 40 нас юм” гэдэг үг байдаг шүү дээ.
-Рэппер байсан үеээ эргэн санахад эвгүйцэх, ичих сэтгэгдэл төрдөг үү? Тухайн үед та дэгжин хувцаслаж, үсээ хүртэл содон засуулдаг байсан. 
-Тэр хэв маягийг бүрдүүлэхийн тулд их том баг ажилласан юм шүү. (инээв) Тухайн үед бага залуу байсан болохоор огт тэгж бодогддоггүй ээ. Харин ч би өөрийгөө их азтай гэж боддог.
-Тэгж бодогдож байсан удаа огт байхгүй гэж үү? 
-Мэдээж бий. Би цөөнгүй удаа дүр төрхнөөсөө ичиж байлаа. Ялангуяа гэр бүлтэй болохдоо, аав болсныхоо дараахан санаа зовдог байсан.
-Таны бага нас их хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн гэдэг. Би Бостоны Дорчестерт нэг удаа очиж үзсэн л дээ. Их хэцүү газар гэсэн сэтгэгдэл төрсөн. Одоо эргээд харахад тэр цаг үе үнэхээр хүнд байж дээ гэж бодогддог уу?
-Бага байхдаа гудамжныхаа ах нарыг хараад тэдэн шиг болохсон гэж боддог байлаа. Тийм нөхцөлд бусдын хүндлэлийг хүлээхийн тулд хууль зөрчсөн, аюултай их олон зүйл хийх хэрэгтэй болдог шүү дээ. Гэхдээ удалгүй би хэрэг түвэгтэй орооцолдохоо цэглэе гэж шийдсэн. Энэ бол надад тохирох амьдралын хэв маяг биш гэдгийг ойлгосон.
-Та 13 наснаасаа хар наймаалдаг бүлгийнхэнтэй орооцолдож, зодоон танхайн хэрэгт байнга холбогддог байсан.  Харин азаар нэгэн санваартантай танилцаж, тэр хүн таныг зөв замд хөтөлсөн гэдэг шүү дээ. Тухайн үед танд юу боддогддог байсан тухайгаа яриач. Учир нь тан шиг хөлөө олохгүй яваа олон мянган залуус бий. 
-Үнэндээ сонголтыг би өөрөө хийсэн юм биш. Яахаа мэдэхээ больчихсон байсан тэр үед итгэл найдвар минь л намайг тэжээж байсан. Бусдаас дутахгүй хүн болно гэсэн найдвар минь надад хүч чадал, урам зориг хайрлаж би ямар ч хүнд хүчир ажлыг даваад л гардаг байлаа. Амар олддог хоол гэж байдаггүй шүү дээ. Ялангуяа өөртэйгөө тэмцэлдэж, өөрийгөө ялан дийлэх гэж хичээж байх үед энэ тэмцэл хамгийн хүнд нь байдаг. Харин би хүмүүст бүхнийг өөрчилж чадна гэдгээ үг хэлээрээ бус үйлдлээрээ батлан харуулахын тулд бүхий л хүчээ дайчилдаг байлаа. Тиймээс л би хэдий нас залуу ч өөрчлөгдсөн гэдгээ батлахын тулд их шаргуу хөдөлмөрлөж, бүхий л салбарт хүч сорьж, хүмүүнлэгийн ажилд ч идэвхтэй оролцдог байсан. Хэдийгээр би хаанаас эхэлж энд ирсэн гэдгээ хэзээ ч мартах аргагүй ч, хэний ч туслалцаагүйгээр өнөөдрийн байр сууринд ирсэн гэдгээрээ бахархдаг.
-Хамгийн шоронд орох үед ямар сэтгэгдэл төрж байсан тухайгаа одоо санадаг уу? 
-Саналгүй яах вэ. Тэрийг хэрхэн мартах билээ. Тэр үед дөнгөж 17 настай 160 см өндөр, 50 гаруй кг жинтэй жаахан хүүхэд байсан. Тиймээс их аймшигтай санагдаж байсан.
-Та хэлэлцээр хийхэд хэцүү хүн мөн үү?
-Үгүй дээ. Харин миний менежер бол тийм хүн мөн байх шүү. (инээв) Би бол өдөржин л “Тэгье”, “Болно” гэж хэлдэг хүн. Би ер нь хүмүүст татгалзсан хариу өгдөггүй шүү.
-Гудамжны амьдрал таны сэтгэлийг татах үе тохиолдож байна уу?
-Үгүй дээ. Ялангуяа би дөрвөн хүүхдийн эцэг, үзэсгэлэнтэй хоёр охинтой болчихсон болохоор тэр тухай огт боддоггүй.
-Би таныг христийн шашинтнуудын цуглаан, мөргөлд өдөр бүр очдог гэж уншиж байсан. 
-Тийм ээ. Гэхдээ өдөр бүр сүмд очиж чадахгүй байх тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ өдрийг 15-20 минутын залбирлаар эхлэх нь миний амьдралын хэвшсэн хэв маяг болсон.
-Өглөө бүр залбирсны ач тус гэж байдаг гэж үү?
-Миний оюун бодлыг цэгцэлж өгдөг. Чухал зүйлст анхаарал хандуулж, буруу зүйлсээс хол байхад чиглүүлж өгдөг.
-Та залбирахдаа юу хүсдэг вэ?
-Намайг сайн эцэг, хань, хүү, дүү, хөрш, сайн удирдагч бас найз болгож өгөөч гэж хүсдэг.
-Гэр бүл тань таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Ажил бол гэр бүлийнхнийхээ төлөө хийж буй нэг зүйл юм.
-Энэ зүйлийн чинь эерэг болон сөрөг тал юу вэ? 
-Ажлаас болоод би хүүхдүүддээ бага цаг зарцуулдаг. Тиймээс тэд ажлыг минь үзэн яддаг. Ялангуяа ажил хэргийн шугамаар хүмүүс уулзах үед, томоохон үйл ажиллагаанд бид хамтдаа оролцоход тэд их дургүй. Папарацциуд, сэтгүүлчид гээд л… Та зовлонг нь мэднэ шүү дээ.
Гэхдээ гэр бүлийнхэн маань надаар их бахархдаг. Гэр бүлийнхэн, тэднийхээ ирээдүйн төлөө намайг хэрхэн зүтгэж байгааг эхнэр минь сайн ойлгодог. Магадгүй ойр дотнынхноос минь миний хийж буй ажил, амжилтаар минь хамгийн их бахархдаг хүн бол ээж минь. Аав минь ч өнгөрөхөөсөө өмнө надаар их бахархдаг байсан. Бас гэр бүлээ бүхний өмнө тавьдаг зан чанараар минь тэд их бахархдаг.
-Танай эхнэр кинонд загас наадуулсан хэсэгт жүжиглэхийг тань эрс эсэргүүцдэг гэсэн байх аа. 
-Тийм ээ.
-Харин таны дүр… 
-Би ч бас ийм хэсэгт тоглохыг хүсдэггүй.
-Гэхдээ таныг нүцгэн тоглох тухай гэрээ хийж байсан гэдэг. 
-Тийм ээ. Тэр талаар та хаанаас сонссон юм бэ? (инээв)
-Тэр гэрээний талаар яриач. 
-Энэ талаар би киноны найруулагчтай ярилцаад зогсож байтал тэр надад “Эхнэр чинь ч кинонд тоглож байсан хүн. Тэр хэн нэгэнтэй загас наадуулж байгаагаар тоглож л байсан байж таарна” гэж хэлсэн юм. Тэр үг нь намайг цочирдуулж, би их бухимдсан. Тэгээд л нүцгэн хэсгийг тун эв хавгүй тоглосон байх. Тиймээс тэр хэсгийг дараа нь өөр хэсгээр сольчихсон байсан.
-Харин энэ гэрээ эхнэрт тань таалагдсан уу?
-Тийм ээ. Би өөрөө үүнийг хийхийг хүсээгүй. Энэ бол ердөө л ажлынх маань нэг хэсэг болохоор тэр.
-Танд тоглохыг мөрөөдөж явдаг дүр бий юү? 
-Таны дүрд тоглохыг л их хүсдэг. (инээв)
-Танд асар их алдар хүнд авчрах дүрийн талаар яриад байгаа юм л даа. 
-Мэдэхгүй юм даа. Би тэр тухай огт бодож байгаагүй юм байна.
-Эхнэр тань таны хувьд хэр чухал хүн бэ? 
-Хамгийн чухал хүн. Тэр минь  гайхалтай ээж, гайхалтай сайн хань. Бүхий л анхаарлаа хүүхдүүддээ хандуулж, түүнийхээ хажуугаар надад тусална.
-Цаашид төлөвлөсөн зүйл бий юү? 
-Их олон төлөвлөгөө бий. Өөрийн гэсэн бизнес эрхэлж, кино болон телевизийн хөтөлбөрийн продюссерээр ажиллах гээд л шоу бизнесийн ертөнцөд хийхээр төлөвлөж байгаа зүйл цөөнгүй бий. Карьер гэдэг нас богино эд. Тиймээс гэр бүлийнхнийхээ нэрийг урт удаан хугацаанд олонд таниулах бизнес эрхлэх санаа бий. Уолбургерс нэртэй түргэн хоолны газар ажиллуулж эхэлсэн. Бас нэг зоогийн газар бий.
-40 настай хэрнээ эрүүл чийрэг, аз жаргалтай гэр бүл амжилт гээд л танд бүх юм байна. 
-Бурхны ивээлээр би их аз жаргалтай байгаа. Би өөрийгөө тун азтай хүн гэж бодож явдаг. Амжилт маань үгүй болсон ч би жаргалтай хэвээр байх болно. Учир нь надад сайхан гэр бүл байна. Миний хувьд гэр бүл маань хамгийн чухал.

No comments:

Post a Comment