Tuesday, March 20, 2012

Анжелика Хьюстон: Би зүгээр л инээх байсан


Ярилцлагын хааны залгамжлагч Пирс Морганы “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэг цацагдсанаас хойш хэдийнэ нэг жил өнгөрчихөж. Энэ хугацаанд цөөнгүй сонирхолтой ярилцлага үзэгчдэд хүргэсэн тэрбээр энэ удаа нэгэн онцгой долоо хоногийг төлөвлөжээ. “The Piers Morgan Tonight” нэвтрүүлгийг долоо хоногийн турш алдартнууд хөтлөн явуулахаар болжээ. Тэдний анхдагч нь инээдмийн жүжигчин, зохиолч, нэвтрүүлэгч Рози О Доннелл. Тэрбээр зочноор алдарт Холливудад нэрээ мөнхөлсөн алдарт Хьюстоны гэр бүлийн гурав дахь үеийн жүжигчин Анжеликаг урьжээ. Түүний өвөө Уолтер Томас Хьюстон “Сиерра Мадрегийн баялаг” киногоор 1948 онд “Оскар”-т нэр дэвшиж, шилдэг туслах жүжигчний шагнал хүртсэн бол аав Жон Хьюстон нь найруулагч байсан бөгөөд 15 удаа академийн шагналд нэр дэвшсэнээс хоёр ч удаа “Оскар”-тай харьсан байдаг. Анжелика аавынхаа найруулсан “Приццигийн алдар нэр” (1985) кинонд тоглосон нь Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авчирчээ. 

Рози О Доннелл: Алдарт Анжелика Хьюстон ирээд байна. Та бүхэн түүнийг “Сүйрэл” хэмээх хит болоод буй телевизийн цувралаар нь мэдэх байх.  Анжелика та сайн биз дээ? 
-Тун сайн байгаа, Рози.
-Таны тоглосон шоу төгс болсон байна билээ. 
-Гайхалтай шоу болсон.
-Бродвэйн театрт хайртай хүн бүхний мөрөөдлийг биелүүлэх шиг л болсон. Үзэгчдэд театрын тайзны ард ямар их ажил өрнөж байдгийг харах боломж олгож байгаагаараа гайхалтай болсон болов уу. 
-Хөшигны цаагуур ормогцоо бид маш түргэн дараагийн дүрдээ хувирдаг болохыг та сайн мэднэ. Тэнд их зүйл өрнөдөг. Гэхдээ энэ бүхэн их хөгжилтэй санагддаг шүү. Бид бие биенээ дэмжиж, ойлгодог гайхалтай баг бүрдүүлж чадсан.
-Юу таныг гэр орноо орхин телевизийн цувралд тоглохоор Нью-Йорк хотноо ирэхэд хүргэсэн бэ?
-Юуны өмнө уг цувралын зохиол нь их сайн байсан. Тереза Ребекийн зохиол л доо. Тэр Нью-Йоркийн үзэгчдийн юу хүсэн хүлээдгийг сайн мэддэг, гайхалтай зохиолч. Ухаалаг, ажигч бүсгүй. Энэ бүх амжилтыг олоход түүнд нүд нь их тус болсон гэж боддог юм. Харин продюссерээр Стивен Спилберг ажилласан.
-Та Калифорни болон Венецид их олон жил амьдарсан болохоор таныг Нью-Йорк руу нүүлгэхийн тулд их том зүйл амласан байж таарна. 
-Би одоо ч энд амьдарч байгаа шүү дээ. Одоо би нөхрийнхөө надад зориулан барьж өгсөн байшинд амьдарч байгаа.
-Робертод бол хүн бүхний хүндлэлийг хүлээсэн сайн уран бүтээлч байсан. Тэр биднийг орхиод гурван жил болж байгаа байх аа?
-Тийм ээ.
-Нөхрөө алдсаны дараа танд их хэцүү байсан байх. Энэ бүхнийг хэрхэн давж туулсан бэ? 
-Их хэцүү байсан. Гэнэтийн энэ явдал надад их хүнд цохилт болсон. Бэлэвсэн эмэгтэйг тоож харах хүнгүй болж, бэлэвсэн эмэгтэй ч хүмүүстэй харилцахаас зайлсхийж, нийгмээс өөрийгөө тусгаарлан хана хэрэм босгодог байх гэж би төсөөлдөг байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эмгэнэлийн гивлүүр гэдэг муу муухайн туйл биш гэдгийг ойлгосон. Хамгийн чухал нь өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцэж сурдаг юм билээ. Яг л энэ ухаарлын үед “Сүйрэл”-д тоглох санал ирсэн.  Би эхэндээ шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзээд л байлаа. Тэгээд найз Сью Мингертэйгээ уулзаж, энэ талаар ярилцлаа. Би түүнд “Надад энэ дүрийг санал болгож байгаа нь гайхалтай хэрэг хэдий ч сэтгэл санааны хувьд хүнд цохилтонд орсон байгаа учир тоглож чадахгүй байх гэж айж байна” гэлээ. Тэр ч бас кино ертөнцөөс завсарлага аваад нэлээд олон жил болчихсон байсан юм.
Тиймээс “Харин ч энэ чинь ид шид л гэсэн үг” гэж билээ.
-Тэгэлгүй яах вэ. Бурхны илгээсэн бэлэг л гэсэн үг. 
-Тийм шүү. Бэлэг байсан юм. Хэрэв хоёр жилийн өмнө надад ийм санал ирж, сандал дээр суун нүүрээ будуулаад, багийн гишүүдийнхээ адил инээлдэж, өглөө 05.00 цагт ажилдаа ирэхийг хүсвэл би зүгээр л инээх байсан.
-Ялангуяа тухайн үед та… 
-Надад инээх шалтгаан байсан болохоор тэр.
-Таны уй гашуу, сэтгэлийн шарх эдгээгүй байсан шүү дээ, тэр үед. 
-Яг үнэн.
-Тэр үед ямар нэг санал ирсэн бол та огт зөвшөөрөхгүй байсан байх нь ээ?
-Зөвшөөрөхгүй байх байсан.
-Танд нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэх боломж олдсон уу? Яагаад энэ асуултыг тавьж байна вэ гэхээр энэ харамсалтай явдал гэнэтхэн болсон шүү дээ. 
-Дэндүү хурдан юм шиг атал бас их удаан үрглэжилсэн. Эмч нар үе мөчний үрэвсэл нь эцсийн шатандаа орсон гэсэн онош тавьсан. Боб уг нь хувийн эмчтэй байсан л даа. Гэхдээ үрэвсэл нь хүндрээд хавдар болж байсан юм билээ. Энэ нэвтрүүлгийг үзэн суугаа хүн бүрт байн байн цусны бүтэн шинжилгээ хийлгэж байгаарай гэж зөвлөмөөр байна. Тэр минь цусны бүтэн шинжилгээ өгдөггүй байсан юм. Олимпийн наадмын үеэр буюу наймдугаар сарын 9-ний 03.00 цагт Бобыг зүрхний шигдээс болж, бөөрний дутагдалд орсон байсныг мэдсэн.
Харин тухайн үед надад юу болоод байгааг ухаарах сөхөө байгаагүй. Би түргэн дуудаарай гэж орилохоос өөр юу ч хийж чадахгүй байсан Тэгээд хоёр сар гаруй эмнэлэгт хэвтэж, дараа нь нөхөөн сэргээх эмчилгээнд явсны эцэст нь гэртээ ирж билээ. Тэгээд дахиад л унасан. Харин энэ явдал бидэнд хоёр дахиа сургамж болсон. Тухайн үед хүмүүс тайвширчихаад байсан юм. Үнэндээ Бобын бие тэр үед бүр муудчихсан байсан юм билээ.
Амьдралдаа амсаж байсан зүйлүүдээс энэ явдал хамгийн хүнд хэцүү нь байсан. Аавын минь үхэл бас их хэцүү байсан. Харамсалтай нь өөрийн чадах хэрээр хайрлаж халамжлахаас өөрөөр үхлийн эсрэг бид юуг ч хийж чадахгүй.
-Миний мэдэх хүмүүсээс тэр хамгийн эелдэг нь. 
-Тэр минь гайхалтай сайхан хүн байсан.
-Урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн тань таныг энэ салбар руу эрхгүй түлхсэн үү? 
-Би бүр жаахан охин байхаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан. Дөрөв билүү таван настай байхдаа л ирээдүйд жүжигчин болно гэж боддог байлаа.
Хожим нь гэлэнмаа, малын эмч болно гэж ярьдаг байсан ч дотоод ертөнцөд минь жүжигчин болохсон гэх хүсэл оргилсоор л байсан. Намайг 16 настай байхад аав минь намайг кино урлагт оруулсан. Яг тэр жил “Ромео Жульетта хоёр” киног хийхээр болж, кино багийнхан Жульеттаг тоглох охиныг сургуулиудаар явж хайж байлаа. Дунд сургуульд байхдаа аавтай хамтран нэг кинонд ажиллахаас аль болох зугтдаг байсан би тэр дүрд тоглохыг хүссэн юм.
Жаахан байхаас л элдэв шүүмжлэгчид, сонин хэвлэлийнхэн биднийг тойрон хүрээлдэг байсан болохоор тэр бүхнээс айсандаа ааваас зугтдаг байлаа.
Түүнээс нэлээн хэдэн жилийн дараа аавд хүндэтгэл үзүүлсэн үйл ажиллагааг Америкийн кино урлагийн институтээс зохион байгуулж, би гол ажлуудыг нь хийж гүйцэтгэсэн юм. Харин тэр үед би “Таны санал хүчинтэй хэвээрээ байгаа бол би зөвшөөрч байна” гэсэн. Тэгээд л бид “Приццигийн нэр алдар” кинонд хамтран ажилласан даа.
-Аав тань юу гэж хэлж байсан бэ? 
-Аав минь их баяртай байсан. Тухайн үед аав Мондриал зочид буудалд байрлаж байсан. Бие нь тааруу хүчилтөрөгчийн төхөөрөмж залгуулсан байсан болохоор шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй. Гэхдээ аав өөрөө ч бас шагнал гардаж чадаагүй болохоор жаахан сэтгэл нь гонсойсон гэж надад бодогддог юм. Учир нь аав өвөө хоёрын хамтран хийсэн “Сиерра Мадрегийн баялаг” кино “Оскар”-ын наадамд хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, аав шилдэг найруулагч, өвөө шилдэг туслах дүрийн шагнал хүртэж байсан юм.

No comments:

Post a Comment