Thursday, March 29, 2012

Хормогчтой өрхийн тэргүүн



Туулайд эвэр зохидоггүйтэй адил өрхийн тэргүүн гэх холбоо үг “хормогч”-той нөхөрлөх нь ховор. Угтаа үйлдвэрлэгчид хормогчийг зөвхөн бүсгүйчүүдэд зориулан бүтээдэггүй, дэлгүүрт ч энэ төрлийн бүтээгдэхүүн дундын тасагт байршдаг. Харин бодит амьдралд…

“Би яагаад заавал бүхнийг хийх ёстой юм бэ?” гэсэн бодол эзэгтэй нарын толгойд зурсхийн орж ирэхтэй зэрэгцэн, гомдож тунирхах сэтгэл сад асгарч, удалгүй уур цухал болон үерийн ус шиг гадагш түрэн гарна. Ингээд л тулаан эхлэх нь тэр. Үдэш орой найз нөхөдтэйгөө уулзаж, нэг хоёр лонх шар айрагны бөглөө мулталсан төдийхөнд л “үгийн сайнаар магтах” эхнэрүүдийн бухимдал үнэндээ өнөөх “Заавал би энэ бүхнийг хийх ёстой гэж үү” гэх бодол гижигдсэнхийх гэдгийг эрчүүд тэр бүр анзаардаггүй. Өдрийн ажилдаа түүртсэндээ бус, үдшийн цаг нар, цалин хөлсгүй, нэр хүндгүй ажил нь шударга бус санагдсанаас гэр бүлийн дайн дэгдэх нь түгээмэл болохыг олон судалгаа харуулдаг.
“Гэрлэлтийн шударга бус хуваарилалт мэдрэгдэх төдийд л дайн дэгдээх адын хүсэл төрдөг. Хүүхдүүдээ бага байхад би гэрээсээ ажлаа хийдэг байв. Орой 17.00 цагт хүүхэд асрагч маань гэртээ харьж, харин би халааг нь авдаг. Хүүхдүүдээ хооллож, усанд оруулан, унтах бэлтгэлийг нь хангах гээд л ажлууд ар араасаа ундарна. Толгой өндийлгөхгүй хөврөх гэр орны ажлаас болоод 18.00 цагийн үеэс л “Нөхөр маань одоо л гэртээ ирж, надад туслахгүй бол” гэсэн бодол толгойд эргэлдэж эхэлдэг. Энэ байдал нэг цаг үргэлжлэхэд өнөөх олон ажилд самгардсан байдал маань бухимдах болж хувирна. Тэгээд л “Би бүхнийг хийх ёстой гэж үү” гэсэн бодол төрж, түүнийг ирэх хүртэлх хором мөч бүр хэдэн мянган жил шиг санагдаж, түүний үүрэг, хийж гүйцэтгэдэг ажлыг өөрийнхтэйгөө харьцуулан хорвоогийн хамгийн шударга бустай нүүр тулж буй мэт санагддаг. Мэдээж энэ бүх бодол хаалга онгоймогц л нөхөр рүүгээ дайрч давшлахад хүргэдэг” хэмээх бүсгүйн яриа үүний нотолгоо. Цөөн үгээр хэлэхэд хөдөлмөрийн тэнцвэргүй хуваарилалт бол гэр бүлийн бэрхшээлүүдийн хамгийн чухал асуудал. Судалгаа ч үүнийг харуулна. Америкийн “Пью” судалгааны төвийнхний мэдээлж буйгаар гэр бүлийн амьдрал зохиосон судалгаанд оролцогчдын 62 хувь нь хормогчтой хийх ажлын зохицуулалтыг чухалд тооцжээ. Тэр ч байтугай гэр бүлийн тогтвортой байдал хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийн жагсаалтад уг асуудал гуравдугаарт (хосуудын үнэнч байдал болон бэлгийн харилцаанд ханамжтай байх байдлын дараа) бичигдсэн байна. Монгол гэр бүлүүдийн хувьд ч хөдөлмөрийн хуваарилалтын асуудал хойш тавих зүйл биш гэдгийг судалгаа баталж буй. НҮБ-ын Хүн амын сан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Философи социологи, эрх зүйн хүрээлэн, Улаанбаатар их сургуультай 2010 онд хамтран хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааны тайланд гэрийн ажлын оролцоо, өссөн гэр бүлийн орчин, эрхэлж буй ажил гэх мэт бүлэг асуудал гэрлэсэн хосуудад бэрхшээл учруулах шалтгааны гуравт орсон болохыг бичжээ.

Бүсгүйчүүдийг өмөөрөх нь

Гэрлэлт хэмээх хөдөлмөрийн тэнцвэргүй хуваарилалтад дөнгөлүүлчихээд, цалин хөлс, нэр хүндгүй гэр орны аар саар ажилд нухлуулсан ч ажил амьдралдаа түүртэлгүй урагшлах бүсгүйчүүдийг бахадъя.
Хэдэн мянган жилийн өмнөөс байр сууриа бат лав шигтгэсэн эцгийн эрхт ёсны улбаа, эсвэл нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маяг өнөө цагт ч ул мөрөө үлдээж, хормогчтой эр хүн гэх нэр томъёог үгүйсгэхэд хүргэж буйг судалгаа харуулна. Эмэгтэйчүүд гэр бүлийн дотоод асуудалд харин өрхийн тэргүүн орлого олох, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх зэрэгт л анхаарал хандуулдаг нүүдэлчдийн хэв маяг XXI зуунд ч амь бөхтэй зууралдсаар л байна. “Монгол гэр бүлийн харилцаны өнөөгийн байдал” судалгаанд оролцогчдын  63.1 хувь нь эзэгтэй нар гэрийн ажлыг хариуцдаг хэмээн хариулжээ.
Гэхдээ суурин соёл иргэншлийн авчирсан нэг томоохон өөрчлөлт бол гэрийн гаднах ажилд ч бүсгүйчүүд оролцдог болсон явдал. Харамсалтай нь энэ өөрчлөлт өнөөх хэрүүлийн сэдэл болсон гэр орны ажлаас хөнгөвчлөх хангалттай шалтаг болж чадахгүй байгаа тул орчин цагийн бүсгүйчүүдийн үүрэх ачаа хэд дахин хүндэрсэн нь гарцаагүй. Жендерийн асуудал хурцаар хөндөгдөх үед яригддаг их дээд сургууль төгсөгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг атал удирдах албан тушаалтнуудын дунд хүйсийн харьцаа тэнцвэргүй байсаар байгаагийн нэг шалтгаан нь энэ.
Цаг наргүй хөврөх их ажлын төлөө карьер, нэр хүндээс бүсгүйчүүд татгалздаг болохоор удирдах албан тушаалын орон тоог ихэвчлэн эрчүүд бөглөдөг. Судалгаанаас харахад бүсгүйчүүд ихэвчлэн нийгмийн амьдралд оролцох гол суваг нь гэж үздэгээс ажил эрхэлдэг аж.
Жендер гэх цоо шинэ нэр томъёо хэрэглэж, бүр гэр бүл төдийгүй улс төрд ч энэ асуудал хөндөгдөх болсон шинэ мянганд эцгийн эрхт ёсны үлдэгдэл болох шашин, мухар сүсэгтэй холбоотой дэг жаяг, уламжлалт ойлголтууд өдгөө ч байр сууриа тавиагүй л байна. Эр хүний хийморь лундаа доройтно гэх шинжлэх ухааны хэзээ ч тайлж чадахааргүй үр дагаварын ачаар эрчүүдэд хог асгах, гэр цэвэрлэх гэх ахуйн ажлууд цаазтай хэвээр.
Тэгэхээр “Louis Vuitton”-оор гангарч, “Ipad”-ыг өдөр тутмын хэрэглээ болгосон соёлт монголчууд тэгш эрхийн ойлголтыг сургуульд сурах, сонгуульд нэр дэвших болон санал өгөх эрх төдийхнөөр ойлгосоор байгаа гэсэн үг. Яг л 1990-ээд онд зах зээлийн нийгэмд шилжсэн атал өдгөө ч бидний сэтгэлгээ халагдсан нийгмийнхээс ангижраагүй байгаатай адил.
Сонирхолтой нь гэр бүл дэх хөдөлмөрийн хуваарилалтад зөвхөн эцгийн эрх давамгайлсан орнуудын эзэгтэй нар сэтгэл дундуур байдаггүй аж. Энэ талаарх уртаас урт нийтлэлийг та барууны томоохон хэвлэлийн хуудаснаас харж болно. Гэхдээ бодит баримт огт өөр дүнг харуулдгаараа монголчуудаас ялгарна. Тэдний ажил болон гэр бүлдээ зарцуулж буй хугацаа нь төдийлэн зөрүүгүй байдаг гэсэн судалгааны үр дүн олон мянган америк эзэгтэй нарыг гайхашруулж байсан удаатай. Америкийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо бүртгэлийн товчооны 2010 онд гаргасан судалгаагаар гэр бүлтэй эрчүүд албан ажил болон гэрийн ажилд зарцуулах цаг нь өдөрт дунджаар 8 цаг 11 минут байсан бол хадамд гарсан бүсгүйчүүдийн өдөрт хөдөлмөрлөдөг хугацаа нь 8 цаг 3 минут байжээ. Бага насны хүүхэдтэй гэр бүлд эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх хугацаа эрчүүдийнхээс ердөө л 20 минутаар илүү байдаг аж.
Тэгэхээр барууны гэр бүлийн асуудал хөндсөн нэвтрүүлгүүд, эсвэл барууны бүсгүйчүүдийн цахим ертөнц дахь сэтгэгдэл монгол эмэгтэйчүүдийнхээс хол зөрөхгүй ч, бодит байдалд барууны эрчүүд ахуйн ажилд эн тэнцүү оролцдог байх нь. Хиллари Клинтон Америкийн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Маргарет Тэтчер, Юлия Тимошенко нар Ерөнхий сайдын алба хашиж байсны учир энэ ч байж болох.

Эрчүүдийг хаацайлах нь

Үдшийг зурагтын ард өнгөрүүлж, суваг солихоос өөр үйлдэл ховорхон хийдэг, хагас хэвтээ амьдралын хэвшилтэй эр хүн танайд ч бас бий юү? Гэхдээ тэднийг буруутгах гэж яарсны хэрэггүй. Тэднийг өмөөрөх шалтгаан ч хангалттай бий.
Юуны өмнө өнөөх эвдэгддэггүй ёс жаяг, уламжилж ирсэн ёс заншлаар өнгөлөн далдлалт хийсэн суртал ухуулга. Тэднийг ийм л байх ёстой гэсэн бодлыг бүр төрөхөөс нь эхлээд л төлөвшүүлчихэж. Гэр бүлийн хүмүүжлийн чухал нөлөө гэх иймэрхүү бэрхшээл үүсэхэд хамгийн их нөлөөлдөг болохоор хорвоог хамт туулах хүнээ сонгохдоо шалгуур болгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Бүсгүйчүүдийг хамгийн их гайхашруулсан дараагийн шалтаг бол хэвтээ амьдралын хэвшилтнүүд гэрийн ажлыг хуваарилалт харилцаанд нь сэв суулгаж буйг огт анзаардаггүй явдал. Бостоны коллежийн гэр бүл судлалын сургуулийн эрдэмтэд гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн эрчүүдийн дунд судалгаа явуулахад 57 хувь нь сүүлийн гурван сарын турш ахуйн ажилд огт оролцоогүй хэмээсэн байна. Гэхдээ үүнийгээ өөрсдөө ч анзаараагүй явсан бөгөөд гэнэтийн энэ нээлт нь тэднийг гайхашруулж дөнгөсөн гэнэ. Гэрийн ажлаас “бултагчид” гэргийдээ туслаагүй шалтгаанаа “Гэрийн ажлыг эхнэртээ даатгая гэж боддоггүй ч, юуг хаанаас эхлэн хэрхэн хийхээ мэддэггүй” хэмээн тайлбарлажээ. “Хүүхдүүд өсөж томрохын хэрээр тэдэнд зарцуулах цаг багасаж, би ч ажлаа хийх болсон. Тиймээс нөхөр бид хоёр гэрийн ажлаа цагийн хуваарьтай хийж байгаа. Миний аргадаж, аашилж, гуйж гэрийн ажил хийлгэдэг байсан цаг ард хоцорч, нөхөр маань гэрийн дотоод асуудалд илүү анхаарах болсон. Бид хоёрын ам мурийх тоо ч цөөрч, би маргаан үүсгэгч байхаа ч больсон” гэх эзэгтэйн үг ч үүнийг гэрчлэх биз.
Америкийн Гэр бүл, ажил хөдөлмөр судлалын институтийн  судалгаа ч гайхмаар үр дүн харуулсан. Тэд гэр бүлтэй, бүтэн  цагаар ажилладаг хүмүүсийн дунд судалгаа явуулахад эрчүүдийн 60 хувь нь алба болон амины ажилдаа аль алинд нь цаг зарцуулж, хариуцлагатай ханддаг бол эмэгтэйчүүдийн 47 хувь нь л ахуйн ажилдаа анхаарал бүрэн хандуулж чаддаг хэмээн хариулсан байна. Эрдэмтэн Эллен Галинский “Эрчүүд гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэжээгч нь болж, сайн эцэг байж чадаж байгаагаараа бахархдаг. Тиймдээ ч илүү ажиллалаа гэж гомдоллодоггүй. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс их олон зүйл шаарддаг бол эрчүүд тэр олон арван шаардлагыг зөвхөн өөртөө л тавьдаг сэтгэзүйн онцлогтой” гэжээ. Тэрбээр хачирхалтай энэ тоон үзүүлэлт эзэгтэй нарын сэтгэл ханамжтай нийцэхгүй байгааг сэтгэл зүйн онцлогтой холбоотой гэж үзэж байгаа юм.
Тоо баримт хүүхдүүдээ асран гэртээ байгаа эмэгтэйчүүдийн хувьд ч эерэг үр дүн харуулахгүй байгаа. Ажил хийж байгаа эмэгтэйчүүдээс гэртээ суудаг бүсгүйчүүд гэрийн ажилд долоо хоногт 10 цагийг л илүү зарцуулдаг аж.
Түүнчлэн физиологийн онцлогоос шалтгаалаад эрчүүд гэр орны ажилд хойрго ханддаг. Гэхдээ энэ нь тэд юу хийдэггүй гэсэн үг биш гэнэ. Судалгаанаас харахад хүүхдээ асрах ажилд аавууд өдөрт дунджаар 53 минут зарцуулдаг байна. Харин албан хаагч ээжүүд нэг цаг 10 минут зарцуулдаг. Тэгэхээр гэр орны ажилд хосууд адилхан цаг гаргаж, хариуцлага үүрэн, үүргээ биелүүлдэг байх нь. Тэгвэл яагаад бүсгүйчүүдэд хөдөлмөрийн хуваарилалт шударга бус санагддаг юм бэ гэж үү? Эрдэмтэн Бианчи “Эмэгтэйчүүдийн цаг их зарцуулдаг ажилд эрчүүд ухаан сийлэн хялбархан ард нь гарчихдаг болохоор л тэгж санагддаг” хэмээн тодорхойлсон байдаг.

No comments:

Post a Comment