Thursday, April 12, 2012
Стивен Сигал: Би тулааны урлагаа орхиогүй
Японы уламжлалт бие хамгаалах урлаг болох айкидогоор хичээллэсэн анхны харин хүн бол Холливудын жүжигчин Стивен Сигал. Шоу бизнесийн ертөнцийнхөн ихэвчлэн жүжигчин, дуучин, продюсер зэрэг энтертайнмент ертөнцийн салбаруудад хүч сорьдог бол тэрбээр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, амьтны эрхийг хамгаалагч, байгаль орчин хамгаалагч тэргүүтэй олон алба хашдаг. Бүр хууль сахиулагчаар ажилладаг. Тиймдээ ч америкчуудын чихийг сортойлгоод буй Трэйвон Мартин гэх өсвөр насны хөвгүүнийг буудсан хэрэг дээр ажиллаж байгаа түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ.
-Стивен Сигал бол тулаанч киноны нэрт төлөөлөгч төдийгүй хууль сахиулагч. Тэрбээр саяхнаас туслах цагдаагаар ажиллах болсон. Тиймээс нэвтрүүлэгт маань Холливудын ертөнц төдийгүй Трэйвон Мартины хэрэг болон бусад сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхээр ирээд байна. Өсвөр насны хар арьст хүү ямар нэгэн зэвсэггүй явсан хэрнээ бусдад хорлогдсон хэдий ч одоогоор сэжигтнийг хамгаалсаар байна.
-Тийм ээ.
-Харин та энэ хэргийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Харамсалтай нь хавтаст хэрэгтэй би нарийн танилцаагүй. Би 20 гаруй жил цагдаагийн офицерээр ажилласан. Энэ хугацаанд олон ч гэмт хэрэг дээр ажиллаж байлаа.
Хэрэг гарах үед хохирогчийг хөршийнх нь хүн цонхоороо харж байсан юм билээ. Хөрш залуу нь Мартиныг нэг эр дагаад байхыг анзаарчихаад, хүүг тайван орхихыг анхааруулсан боловч тэр залуу огт тоогоогүй байна. Гэхдээ энэ бүхэн худлаа ч байж мэднэ.
Та надад энэ хэргийн талаар яривал би тантай өөрийн үзэл бодлоо хуваалцъя.
-Ядахдаа сэжигтнийг саатуулах хэрэгтэй байх гэж би бодож байгаа. Хэн нэгэн амиа алдчихаад байхад…
-Миний бодлоор…
-Тэгэхдээ бүр зэвсэггүй явсан хүү бусдын гарт амиа алдсан байгаа шүү дээ.
-Миний танд хэлж чадах цорын ганц зүйл бол зөвшөөрөлгүйгээр манай залуусын хэн нэг нь түүнийг баривчлах юм бол торны цаана ч сууж мэднэ.
-Биеэ хамгаалах тухайд та ямар бодолтой байдаг вэ? Та тулаант кинонд тоглодог хүн шүү дээ. Энэ талаар илүү сайн мэдэх байх.
-Хүн бүр биеэ хамгаалах ёстой. Тийм эрх ч бий. Гэхдээ биеэ хамгаалах үйлдлийг хариу цохилт, сөргүүлсэн давшилт болгон хувиргаж болохгүй. Түүнээс аль болох зайлсхийх ёстой. Хамгийн чухал зүйл бол тэр.
Жишээлбэл нэг хүн намайг элдвээр хэлж, ээжийг минь хүртэл дурдаад өнгөрч болно. Түүний хариуд та өөр өнцгөөс харж чадсанд баяртай байна гэж хэлээд л цааш явах хэрэгтэй юм. Харин бүр эсрэгээр хэн нэгэн этгээд ирээд гар далайж, эсвэл хүйтэн зэвсэг гаргаж ирээд элдэв авир гаргавал байдал өөрөөр эргэнэ. Тэр үед л өөрийгөө хамгаалах ёстой. Хүн бүр үүний ялгааг сайн мэдэх байх.
Флоридагийн хууль бол хэрүүл маргааны эзнийг олох явдал биш. Ямар ч тохиолдолд сөргөлдөөнөөс зайлсхийх ёстой гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Амь нас, эрүүл мэнд тань аюулд орсон үед л өөрийгөө хамгаалах ёстой гэсэн үг. Үүнд л хуулийн гол утга агуулга, амин сүнс нь оршиж буй.
-Харин одоо кино урлагийн талаар ярилцъя. Таны тоглосон “Отолт” кино 160 сая долларын ашиг олж, таныг дэлхий дахинаа таниулсан. Гэхдээ түүнээс хойш хит болсон кинонд огт тоглосонгүй. Энэ байдал таныг зовоодог уу эсвэл кино од болоход ганцхан хит кино байхад хангалттай байдаг юм уу?
-Бурхан намайг ивээж, нэг гайхалтай кинонд тоглох завшаан олгосон юм. Гэхдээ миний дотор одоо ч гадагшаа төрөн гараагүй олон арван сайхан киноны бүтээл бий. Бурхан таалбал би боломж олдсон үед тэднийгээ кино болгоно. (инээв)
-Америкийн өнөөгийн байдлын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Миний бодлоор өнөөдрийн байдлаар нэн түрүүнд анхаарах ёстой асуудал бол хилийн аюулгүй байдал. Вашингтон дахь эрх баригчид үүнийг нээлттэй байдал гэж үздэг байх. Гэтэл хилийн байдал тун хүнд байна. Зөөлрүүлж хэлэхэд тэнд ямар ч хараа хяналт алга.
-Учир нь та Аризонад амьдардаг шүү дээ.
-Тийм ээ. Сүүлийн үед хил орчим гарч буй зөрчлөөс болоод 50.000 хүн амиа алдаад байна. Афганистан болон Иракийн үймээнд ч ийм олон хүний золиос болоогүй.
Би шериф Жое Арпайогийн туслахаар ажиллаж байгаа. Ажиглаад байхад тэнд зөвхөн арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагаачлалын асуудал биш улс орны аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа юм. Аливаа улсын хил хяналт, шалгалттай байх ёстой.
-Та хэнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд би бүр тээнэгэлзчихээд байна. Миний бодлоор Обамаг эсэргүүцэж байгаа хүмүүс тийм ч зөв зүйтэй юм ярихгүй байна.
-Таны шинэ нэвтрүүлэг “Жинхэнэ шударга ёс” нэртэй. Өнгөрөгч сарын 30-наас цацагдаж эхэлсэн нэвтрүүлгийнхээ талаар товчхон танилцуулаач.
-Цагдаагийн офицерээр ажиллаж байх хугацаандаа болон найз нөхдөөсөө сонссон хэргүүд дээрээ үндэслэн би реалити шоу хийж байсан. Харин энэ нэвтрүүлэг маань арай өөр байх юм.
-Танд өөрт тань таалагдаж байгаа юу?
-Их таалагдаж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд таны биелүүлэлгүй орхисон хамгийн том зорилго юу байв?
-Сүүлийн хэдэн сар би Абу Дабид амьдарсныг та мэдэх байх. Би тэнд их шударга хүмүүстэй хамтран ажиллаж байлаа. Тэд телевизийн нэвтрүүлэг болон кино хийх их том баг байгуулах талаар ярилцаж байх юм.
Хэрэв надад боломж олдвол би хүн бүр өөрийн түүхээ хүссэнээрээ кино, нэвтрүүлэг болгох боломжтой тийм л байгууллага Холливудад байгуулах байсан. Тэр бол миний мөрөөдөл.
-Та тулалдсаар л байгаа юу?
-Би тулааны урлагаа орхиогүй.
-Тэгэхээр аюултай хэвээр байгаа байх нь ээ?
-Ммм… (инээв) Миний шавь нарын дунд дэлхийн аваргын бүс хүртсэн залуус цөөнгүй бий. Учир нь би тэдэнд заасан юм шүү дээ. (инээв)
-Тантай гудамжинд тааралдчихаад хүч үзэхийг хүссэн хүн цөөнгүй учирсан гэдэг. Энэ үнэхээр үнэн юм уу?
-Нэг хоёр удаа тийм тохиолдол гарч байсан. (инээв)
-Тэгээд тэдэнд юу тохиолдсон бэ?
-Их таагүй зүйл. (инээв)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment