Thursday, April 12, 2012

“Louis Vuitton”, “Chanel”-тай тоногоороо ижилссэн Монгол цүнх



“Microsoft”, “Yahoo”, “Facebook” тэргүүтэй дэлхий дахинаа нэр нь түгэж, хэрэглэгчидтэй болсон компаниудад монгол хүн дунд шатны удирдах албан тушаалд ажиллана гэдэг хэдхэн жилийн өмнө мөрөөдөл төдий байсан бол тэр зүүд зэрэглээ мэт мөрөөдөл биелсэн талаарх таатай мэдээлэл элэг нэгтнүүдэд нь том зорилго өвөртлөн түүнийхээ төлөө зоригтой тэмцэх хүсэл мөрөөдөл авчирсан. Харин өнөөдөр “Armani”, “Burberry”, “Dolce&Gabbana”, “Mont Blanc”, “Yves Saint Laurent” гээд л дэлхийд хүндтэй брэндүүдтэй зэрэгцсэн Монголын брэнд төрөн гарсныг талаар дуулгая. 


Эмээх сэтгэлээс ургасан этгээд нэртэй брэнд

Америкт суралцдаг Айко Сүзүки бүсгүйд зуныхаа амралтыг Азийн орнуудаар аялж өнгөрүүлэх боломж олджээ. Солонгос, Хятадаас эхэлсэн аялал Камбож, Лоасоор дайрч, Монголоор дууссан аж. Зүүн өмнөд азийн орнуудын зүдрүүхэн амьдралтай танилцсан хэдий ч Монгол багачуудын нүдэнд хургасан гуниг, амьдралын хар барааны сүүдэр буусан төрх түүнд айдас, харуусал төрүүлсэн байна. Ингээд 1999 онд хийсэн оюутан ахуй цагийн аялал, аяллаас үлдсэн сэтгэгдэл япон бүсгүйг Монголын төлөө, ирээдүй болсон хүүхэд багачуудыг нь гэрэл гэгээтэй амьдралд хөтлөх нэг ч атугай тустай зүйл хийхсэн гэсэн хүсэл нь дэлхийн акулуудтай өрсөлдөхүйц Монгол брэнд төрүүлэх шийдэл болон биеллээ олжээ.
Арваад жилийн турш хадгалсан санаагаа хэрэгжүүлэхээр Монголд ганцаар ирэн суурьшиж, орон сууцны подвальд монгол уран гартнуудыг цуглуулан цүнх, түрийвчний үйлдвэр байгуулсан нь өнөөдөр хэдийнэ өөрийн гэсэн зах зээл, хэрэглэгчидтэй болоод буй “Танилаг” брэндийн үүсгэн байгуулагдсан түүх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүний Япон, Англид борлуулж байсан тус компани өнгөрөгч оны сүүлчээр Монголд дэлгүүрээ нээсэн.

Аугаа юм бүхэн өчүүхэн жижгээс 

Тиймээс ч тус үйлдвэрийн ажилтнуудад бүтээгдэхүүнийхээ өчүүхэн жижиг хэсэг, бүр нүдэнд үл харагдах хэсгүүдэд анхаарал хандуулан, нягт нямбай гүйцэтгэдгээрээ хэрэглэгчдийн таашаал хүртсэн байх юм. Гар хүрсэн бүх зүйлдээ сэтгэлээ шингээх япончуудын сэтгэлгээ монгол брэндэд ийн биеллээ олсон нь тэр.
Арьсан эдлэл, аксессуарын “Танилаг”, ноолууран алчуурны “Slouny” зэрэг  брэндүүд үйлдвэрлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөн тус компани цүнх, түрийвчээ японы “YKK” брэндээр тоноглодог. Дэлхийн цахилгааны зах зээлийн 90 хувийг дангаар хангадаг тус компанийг салбартаа тэргүүлэгч гэдгийг цүнх, түрийвч, хувцас үйлдвэрлэгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч “Louis Vuitton”, “Chanel” зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниуд бүтээгдэхүүнээ “YKK”-ээр тоноглодог байна.
Хэрэв хүсвэл тэд дэлхийн загварын чиг хандлагад шинээр хүч түрж буй цахилгааных шүд бүр өөр өнгөтэй байхаар цахилгааныг нь захиалан хийлгэж, цүнхийг тань гоёж ч болох аж.
Чанарыг эрхэмлэгчдийн таашаадаг матар, могойн арьс төдийгүй тэмээн хяруулын арьс зэрэг өндөр технологиор боловсруулдаг арьсан цүнх, түрийвчийг БНСУ дахь салбар үйлдвэрт нь урладаг бол Солонгос болон Монголын савхин бүтээгдэхүүнийг Монголд дахь оёдолчдод даатгадаг гэнэ.

Дэлхийн брэндүүдтэй мөр зэрэгцэх “Танилаг”

Монголын брэндийг дэлхий дахинд таниулж, хөгжингүй орнуудын өндөр шалгуур хангасан бүтээгдэхүүнийг монголчууд ч үйлдвэрлэх чадвартай гэдгийг батлах зорилготой тус үйлдвэр чанар төдийгүй маркетингийг чухалчилдгаараа Монголын бусад брэндүүдээс ялгардаг. Брэнд бүтээгдэхүүн худалдаалагддаг өндөр зэрэглэлийн “Isetan” их дэлгүүрийн дэд захирал тус брэндийн зөвлөхөөр ажилладаг тул Монголд үнэгүйдээд буй брэнд гэх үгийн утга агуулгад бүтээгдэхүүнээ хэрхэн нийцүүлэх аргаар “Танилаг”-ынхан ажиллаж буй. Үүнийхээ ачаар хоёрхон жилийн хугацаанд хэрэглэгчдийн дунд нэр хүнд олж, Монгол брэндийн үнэ цэнийг хэдийнэ мэдрүүлээд буй.
Өөрийн брэндтэй болох нь загвар зохион бүтээгч бүрийн мөрөөдөл. Тиймдээ ч Японд өөрийн хэрэглэгчидтэй болно гэдэг дэндүү эрсдэлтэй алхам. Өрсөлдөөн ихтэй уг ертөнцөд брэндийнхээ бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг каталогт байршуулна гэдэг насных нь мөрөөдөл байсаар өнгөрөх тохиолдол ч цөөнгүй. Нэг удаагийн шалгаруулалтанд 1000 гаруй бүтээгдэхүүн өрсөлддөг “Kateigahou” бүтээгдэхүүн захиалгын каталогит цүнх, түрийвчнийхээ танилцуулгыг хэдийнэ байршуулаад буй нь тус үйлдвэрийн хамт олны ажил хэр амжилттай байгааг батална. Түүгээр барахгүй нэр хүндтэй брэндүүдийг цахим сүлжээгээр худалдаалдаг босго өндөртэй цахим дэлгүүрт “Танилаг”-ын бүтээгдэхүүн “Armani”, “Burberry”, “Dolce&Gabbana”, “Mont Blanc”, “Yves Saint Laurent”-ынхтай мөр зэрэгцэж буй.

Үр дүнтэй үйлчилгээний шинэ тогтолцоо

Өнгөрөгч онд болсон арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үеэр Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос тодруулдаг оны шилдгүүдэд өрсөлдөж, “Шилдэг цүнх үйлдвэрлэгч”-ээр шалгарсан  тус компани бүтээгдэхүүний чанар төдийгүй үйлчилгээний нөхцөлд анхаарал хандуулдаг брэндүүдийн бодлогыг ч үйл ажиллагаандаа тусгажээ.
“Хэрэглэгч та хаан” гэх хэтийдсэн уриа лоозон хадчихсан атал “Авахгүй бол үзүүлэхгүй” гэсэн үеэ өнгөрөөсөн зах зээлийн тогтолцооны үед ч байгаагүй өвөрмөц хууль биччихээд суух үйлчилгээний байгууллагуудын хэдийнэ тогтсон жишгийг халах нь “Танилаг”-ын бас нэг зорилт.
“Maxmall” дэлгүүр дэх лангууныхаа гэрэлтүүлгийг нэмж, худалдан авагчдын ая тухыг хангахуйц болгон зассан нь зэргэлдээх дэлгүүрийнхэнд ч нөлөөлж, тус их дэлгүүрийн арьс ширэн эдлэлийн тасаг бүхэлдээ гэгээ татах болсон. Тэгэхээр хэрэглэгчийг дээдлэх тогтолцоог бий болгох төлөвлөгөө нь хэдийнэ хэрэгжээд эхэлчихэж. Өнөөх брэнд гэх нэрийн цаана нуугдах өргөн цар хүрээтэй бодлогын нэг нь энэ.

Монголынх гэсэн бүхэн үнэтэй

“LV”-ийн лангуунд байгаа түрийвч толгой эргэм олон тэгтэй байхад гайхаж, шагшрах хүн тэр бүр байхаа больсон. Нэг үгээр хэлбэл сая гаруй төгрөгийн үнэтэй түрийвч дэлгүүрийн шилэн хоргонд байх нь хэвийн л зүйл гэдгийг моодноос хоцордоггүй, дэлхийн хөгжлийн чиг хандлагаас гээгддэггүй дэгжин монголчууд хэдийнэ мэддэг болчихсон.
Харин “Монголын брэнд яагаад хямд байх ёстой юм бэ?” гэсэн бодол одоохондоо хэрэглэгчдийн дунд хэвшиж чадахгүй л байгаа. Тиймдээ ч “Танилаг”-ын бүтээгдэхүүнийг сонирхогчид “Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ” гэх асуултыг олонтаа тавьдаг аж. Харин “Танилаг”-ынхан “Монголын бүтээгдэхүүн гэхээр л яагаад хямдхан байх ёстой юм бэ” хэмээн асуух дуртай.
Акулуудтай өрсөлдөхүйц том зорилго тавьсан учраас зөвхөн зардал, өртгөөс бус нэр хүнд, маркетингийн бодлого гэх бас нэгэн хүчин зүйлээс шалтгаалах үнийг тогтоосон нь тэр аж.

No comments:

Post a Comment