“Саарал ордны арын цэцэрлэгт нэгэн оюутан мөлхөж байхыг харсан сайд “Энд юу хийж яваа юм бэ” хэмээн асуухад оюутан “Өлсөөд өвс идэж байна” гэжээ. Тэгтэл сайд халааснаасаа бутархай мөнгө гарган сарвайж “Май энэ автобусны мөнгө. Зайсанд оч. Тэндэхийн өвс илүү шимтэй” гэв” Энэ мэтчилэн ядарсан оюутны тухай эртний онигоог эмхэтгэвэл хуруу зузаан ном элбэг болох биз. Азаар ч гэх үү, эзээр ч юм уу тун удахгүй шилжилтийн үеийн ширүүнд тэмцэж гарсан оюутнуудын тухай онигоог ойлгох хүн үлдэхгүй нь бололтой. Ядарсан оюутан гэдэг үг ядмагхан онигоо болж ч мэдэх нь.
Төрийн албан хаагчийн тухай хуульд гэр бүлийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах заалт бий.
Мэдээж урьдчилгаа мөнгө төлж, зөрүүг хичээлийн жилийн дундуур буцаан олгодог эл тэтгэлгээр ядарсан оюутнуудын сурах нөхцлийг бүрэн хангаж байгаа хэмээн дүгнэх аргагүй. Түүнчлэн төрөөс олгодог оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл зэрэг суралцагчийн идэвх чармайлтаас үл хамаарах тодорхой нөхцөл байдал шаарддаг зээл, тусламж, тэтгэлгээр ч нийт оюутны эрх ашиг хамгаалагдлаа гэж хэлэх үндэсгүй. Гэхдээ өнөөгийн нийгэмд залууст суралцах боломж хомс, гэр бүлийн эдийн засгийн чадавхи тэдний сурах эрхийг боомилж байгаа гэвэл үнэнээс хол зөрсөн үнэлэлт болох юм.
Ерөнхийлөгчийн нэрэмжит, улс хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээн дэх гадаадын засгийн газрын тэтгэлэг, “Зориг”, “Хөх сүлд соёл” тэргүүтэй оюутан залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг сангуудын тэтгэлэг. Тэдний араас “Оюутолгой”, “Голомт”, “Хаан”, “Хас” банк гээд томоохон байгууллага компаниуд ч эх орны ирээдүй хэмээгддэг залууст боловсрол мэдлэг олгох их үйлсэд хөрөнгө оруулалт хийдэг болсоор цөөнгүй жилийн ардаа үдлээ. Товчхондоо бол ядарсан оюутнуудыг халамжлахад бүхий л байгууллага хүчин чармайлт гаргаж, хичээх л юм бол гэр бүлийн эдийн засгийн байдлаас үл хамааран хүн бүр хүссэн мэргэжлээ эзэмших боломжтой болж. Төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын олгодог тэтгэлэг ар өврийн хаалга, авилга хээл хахуулиас ангид байдаг, цөөн хөтөлбөрүүдийн нэг. Тиймдээ ч сурлага сайн, нийгмийн ажилд идэвхтэй хүн бүрт эл тэтгэлгүүд нээлттэй байдаг учир шинэ зууны оюутан залуусыг нийгэм суралцах бүхий л биш юмаа гэхэд сургалтын төлбөрийн асуудалд шаналахгүйгээр суралцах боломжийг бүрдүүлчихсэн гэж дүгнэж болно.
Бүтэн жилийн сургалтын төлбөртэй тэнцэхүйц мөнгө, эсвэл сар бүр тодорхой хэмжээний мөнгийг олгох гээд тэтгэлгийн хэмжээ, нөхцөл харилцан адилгүй ч дийлэнх тэтгэлэг оюутны жилийн сургалтын төлбөртэй тэнцдэг. Тэр ч байтугай тэтгэлгийн нөхцөлд өөр байгууллагын тэтгэлэгт хамрагдаагүй байх заалт төдийлэн тусгагддаггүй тул нэг жилд оюутан хэдэн ч тэтгэлэгт хамрагдаж болох давуу талтай.
Автобусаар зорчиход хөнгөлөлт үзүүлж, элдэв зээл, тэтгэлэгт хамруулж, эцэст нь бэлэн мөнгөөр шагнах шийдвэр өнгөрөгч онд гарч шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эхний 70.000 төгрөгөө хүртсэн оюутнуудын идэвх чармайлт хэрхэн нэмэгдсэн бол?
Улс төлбөрийг нь төлж, эцэг эхчүүд ахуйн хэрэглээг нь хангаж байхад улсаас өгч буй тэтгэлэг илүүц зардал болж байгаа гэдгийг цалинтай оюутнууд өөрсдөө ч үгүйсгэхгүй байгаа. “Тэтгэлэг тараасан даруйд найз нөхөд маань цуглан, наргиж бүтэн сарын турш хэрэглээндээ зарцуул хэмээн төрөөс олгосон мөнгө нь ердөө нэг үдшийн дотор алга болсон” гэх хариу олон оюутны амнаас сонстох вий.
МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн төгсөх ангийн оюутан “Улсаас өгч буй тэтгэлэг оюутнуудад нэмэр болж байгаа зүйл алга. ХААИС-д сурдаг танилын маань ангийнхан гэхэд л тэтгэлгээ аваад амралтын газар руу явсан байна билээ” хэмээсэн. Залуусын хамгийн өргөн хэрэглэдэг Facebook нийгмийн харилцааны сүлжээнд тавьсан санал асуулгад ч “Тэтгэлгээ би хичээлийн хэрэгсэл, хичээлд шаардлагатай ном, сурах бичиг авахад зарцуулсан” хэмээн нүүр бардам хэлэх оюутан олдохгүй байх юм. Тэгэхээр 94 сургуулийн өдрийн ангийн 171 мянган оюутанд улсаас тарааж буй тэтгэлгийн 70,000 төгрөг хааш урсаж байна вэ?
МУИС тэргүүтэй хэд хэдэн сургууль оюутнуудад тэтгэлгийг нь олгохдоо ирцийг шалгуур болгохоор тогтсон ч үнэндээ их сургуулийн ирц биш, эргэн тойрноо цэнгээний газруудын ирц л нэмэгдсэн байх юм. “Оюутнуудад сар бүр олгож байгаа тэтгэлгийг ердөө ганцхан удаа олгоод байгаа ч уушийн газар, зочид буудлуудын орлогын багагүй хувиар нэмэгдсэн. Ялангуяа тэтгэлэг тарааснаас хойшхи хоёр, гурван хоногт үйлчлүүлэгч ихтэй байлаа” гэх уушийн газар ажиллуулагчийн яриа үүнийг батална. Хавтгайруулан тараасан мөнгөний ачаар байр орон сууцы булан тохой дахь билъярд, теннисний газрууд ачааллаа даахаа больсныг ч та анзаарсан л байх.
Кредитийн мөнгөө хэл ам, явдал чирэгдэл багатайгаар олж авах боломж олгосон шийдвэрийг дэмжих сургуулийн ажилтнууд, шахааны номоо санаа зоволтгүй тараахыг нь хөхүүлэн дэмжсэн мэт Засгийн газрын хуралдаанаар батлагдсан журмыг хаацайлан тэтгэлгийн ачаар оюутны ирц илт нэмэгдсэн хэмээх багш нар байхад “Тэтгэлэг оюутны ирц, идэвхид огт нөлөөлөөгүй” гэх багш нар олонх нь байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш энэ талаар “Оюутнууд тэтгэлгийн мөнгөө авахдаа эхлээд багш нараасаа анкет аван бөглөөд түүнийгээ банкинд өгч, мөнгөө авч байгаа. Өнгөцхөн харахад энэ нь оюутнуудын ирцэд нөлөөлж байгаа мэт харагдавч бодит байдалд хичээлдээ суух нь байтугай одоо ч анкетаа аваагүй яваа оюутнууд байгаа. Тэгэхээр тэтгэлэг ирцэд нөлөөлж байгаа гэж хэлж болохгүй” гэх тайлбар өгсөн.
Гэхдээ байдал тэгтлээ дордчихоогүй л байгаа. Оюунтан гэсэн хүндтэй алдар зүүсэн хүн бүр зугаа цэнгэлд автаж, цалингаа үр дүнгүй салхинд хийсгээд байгаа юм биш. Дээрх багшийн өгүүлснээр 70.000 төгрөг өгөх сургаар багш нар оюутнуудыг хамаг мөнгөө шар айрагт үрэх байх хэмээн таамаглаж байсан нь өрөөсгөл болж. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудын дунд гэхэд гурав дөрвөөр нийлэн дундаа хэд хэдэн уран зохиолын ном худалдан авч, түүнийгээ дамжуулан унших шинэ үзэгдэл бий болсон гэнэ.
Өнөөх “Тэнгис”, “Өргөө” кино театрууд руу хөвөрч, сүүлийн үед үзэгчдийг шуугиулж буй киног үзэн, түүнийхээ тухай өөрийн сэтгэгдлийг хуваалцаж, цаг үеэсээ хоцрогдоогүй гэдгээ баталдаг байсан нэгэн цаг үеийнхний халааг Л.Өлзийтөгсийн номын талаарх үзэл бодлоо хуваалцах шинэ цагийн залуусынхаар солигдох хандлагатай болж, оюуны амин дэмээ төрөөс хандивлаж буй “орд”-ын ачаар худалдан авах моод ч дэлгэрч мэдэх нь. Гол нь түүнийг түгээн дэлгэрүүлэх арга нарийн байх хэрэгтэйг баримтууд гэрчилж байна.
Харамсалтай нь шинэ цагийн залуусын энэ гоц үзэгдэл төдийлэн олныг хамарч чадахгүй байгаа бололтой. Томоохон их сургуулиудтай хаяа дэрлэн үйл ажиллагаагаа явуулах “Интерном” их дэлгүүрийн ажилтан “Оюутны тэтгэлэг олгож эхэлснээс хойш оюутнууд үйлчлүүлэх нь ихсэх хандлага одоогоор ажиглагдахгүй байна” гэсэн.
Хөгжингүй орнуудад оюутныг сургалтын төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөх тогтолцоо бий. Гэхдээ дэлхий нийтэд бэлэн мөнгө тарааж, хийж бүтээх оргилуун хүслийг нь бэлэнчлэх сэтгэлгээгээр солих тогтолцоо үгүй. Тэр ч байтугай монгол залуусын мөрөөдөл болсон Америкт нийгмийн ажилд идэвхтэй оролцож, сургалтдаа амжилт гаргасан оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөхөөс биш, нэр хүндээ өсгөх гэсэн далд бодлого, гүн агуулгатай “цалин” өгдөггүй. “Хүний хөгжлийн сан” гэх чихэнд чимэгтэй нэр, тодотголтой 21.000 төгрөгийн балаг арилаагүй байхад араас нь архидалт, ажилгүйдэлд уриалсан бас нэгэн хишиг түүхийн нэгэн үеийнхний хүсэл эрмэлзлийг бөхөөж, хөгжлийг арагш татах нь.
Залууст хийж бүтээх, амьдралыг босгох гэсэн зориг, итгэл дүүрэн бий. Харин түүнийгээ хэн нэгний нэр төрөө аврах гэж сэдсэн арчаагүй аргаар булингартуулчихгүй юмсан гэх ухаалаг сэтгэлгээ хэвшиж эхэлж байна. Тиймдээ ч “Би ШУТИС-ийн хоёрдугаар ангийн оюутан хэдий ч оюутнуудад бэлэн мөнгө тараахыг эсэргүүцэж байна. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, сургалтын төлбөртөө нэмэр болдог миний адил мянга мянган оюутан бий. Тэд сурах, мэргэжил эзэмшихийн үнэ цэнийг мэддэг. Харин улсаас тарааж буй мөнгө залуусын бэлэнчлэх сэтгэлгээг дэврээж, диплом сугавчилсан хоосон толгойтой боловсон хүчний тоог нэмэх байх” хэмээх бэлэн мөнгө тараах бодлогоос татгалзах оюутнуудын дуу хоолой хүчтэй байгаа биз.
No comments:
Post a Comment