Thursday, April 12, 2012

Хэргийн эзэн цай




Долдугаар сарын 17-нд нээлтээ хийх Олимпын наадмыг зохион байгуулагчдыг Британийн эрдэмтдийн судалгааны үр дүн тэвдүүлээд байна. Хэдхэн хоногийн өмнө нийтэд үр дүнгээ танилцуулсан уг судалгаа ногоон цай допингийн шинжилгээний хариунд нөлөөлөх магадлал өндөр болохыг харуулжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар ногоон цай ууснаар цусан дахь тестостерон дааврыг “нуудаг” аж. 

Цайг Хятад болон Энэтхэгийн хойд хэсгээс гаралтай хэмээн түүхчид үздэг ч яг хэдийнээс хүн төрөлхтөн эм болсон энэ идээг хэрэглэж ирснийг өнөө хэр нарийн тогтоож чадаагүй байна. Одоогоор олдсон баримтаас харахад цайг хүн төрөлхтөн НТӨ 10 зууны үед хэрэглэж байжээ. Тэгэхээр Тан гүрний үед нийтийн хэрэглээ болсон цай бидэнтэй багаар бодоход 3000 жил нөхөрлөсөн байх нь.
Сонирхолтой нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрт цагаан, ногоон, шар, хар гэх төрөл бүрээр тархаж, өдөр тутмын хэрэглээ төдийгүй эмийн жор найрлагад багтсан цайны ид шидийг бид өнгөрсөн гурван мянганы хугацаанд бүрэн тайлж чадаагүй байх юм. Тиймдээ ч гэнэтийн энэ нээлт Лондоны Олимп зохион байгуулагчид, тэр дундаа Допингийн асуудал хариуцсан багийнхныг сандаргаж дөнгөжээ.
Одоогоор туршилт зөвхөн лабораторийн нөхцөлд л ийм үр дүн харуулж байгаа бөгөөд Британийн эрдэмтэд хүн бүрт ижил нөлөөлөх эсэх тодорхой хэлж чадахгүй байгаа ч, цөөнгүй мэргэжилтнүүд Олимпын шинжилгээний аргыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хөгшрөлтийг удаашруулж, дархлааг сайжруулан, хавдар, зүрхний өвчнөөс хамгаалах шидтэй цайг Лондон дахь Кингстоны их сургуулийн Деклан Наутоноор ахлуулсан багийнхан судалж эл дүгнэлтийг гаргасан аж. Тэд ногоон болон цагаан цайг тестостерон даавар дээр нэмсэний дараа сорил хийсэн байна. Сонирхолтой нь сорилын дүнд допингийн шинжилгээ хийхэд ашигладаг энзим дааврын хэвийн хэмжээтэй байна хэмээн тогтоожээ. Тэдний тогтоосноор цай тестостероны хэмжээг гучин хувь бууруулан мэдээллэсэн ч, дааврын үйлчилгээ мөн хувиар багасахгүй байгаа нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийнхны анхаарлыг татжээ. Энэ талаар тус агентлагийн шинжлэх ухааны хэлтсийг хариуцсан эрдэмтэн Оливер Рабин “Согтууруулах ундаа болон зарим хоол хүнс шинжилгээний хариунд нөлөөлдөг ч хүмүүсийн өргөнөөр хэрэглэдэг цай ийм үр дүн харуулна гэдэг их сонирхол татаж байна. Эл судалгааны үр дүнгээс харахад бид шинжилгээний аргаа шинэчлэн сайжруулах хэрэгтэй болжээ. Түүнчлэн допинг илэрсэн хэмээн яаран мэдээллэхээс өмнө сорилын хариунд хоол хүнс, бэлтгэл сургуулилалт, өвчин эмгэ биеийн онцлог нөлөөлөв үү гэдгийг сайтар судлах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” гэжээ. Түүнчлэн лабораторийн судалгаа төдийгүй мэрэгч амьтдад хийсэн ижил төрлийн туршилт ч ижил үр дүн харуулсныг тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.
Эрдэмтдийн мэдээлж буйгаар допинг хэрэглэсэн хүний цусанд тестостерон дааврын хэмжээ 200-300 хувиар нэмэгддэг байна. Тиймээс Лондоны Кингс Коллежийн эмийн судалгааны төвийн эрдэмтэн Эндрью Кикмэн “Эл судалгааны дүн цайг хэрэглэхээ боль хэмээн анхааруулж буй хэрэг биш. Тэгээд ч допингийн сорилд нөлөөлөх байх хэмээн найдан цай ууж азаа турших тэнэг тамирчин үгүй байх гэж бодож байна. Хэрэв би тамирчин байсан бол тэмцээний өмнө есөн аяга цай уун гэдсээ цэрийлгэж, амжилтаа хойш нь татахгүй байх байсан” гэжээ.
Харин сонирхолтой судалгааныхаа талаар эрдэмтэн Наутон “Тестостероны сорилд нөлөөлдөг цорын ганц хүнсний бүтээгдэхүүн нь цай гэж үзэх үндэслэл алга” хэмээн сорилын багийнханд анхааруулж буй.
Пенсилванийн их сургуулийн допингийн шинжээч Чарльз Йесалис ч судалгааны үр дүн Олимпол нөлөөлөх эсэх талаар огт өөр бодолтой яваагаа мэдэгджээ. Тэрбээр “Тамирчид клиник туршилтын үр дүнг хүлээхгүй л болов уу. Тэд хэдийнэ ногоон цайны үр дүнг шалгахаар туршилт хийгээд эхэлчихсэн гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэжээ. Йесалис тэргүүтэй допингийн талаар судалгаа хийдэг эрдэмтэд цаашид ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн сорилын хариуд нөлөөлдөг болохыг нийтэд зарлахгүй байх талаар санал гаргажээ. “Бидэнд тамирчдын юу идэхийг зааж өгөх хэрэг байхгүй” хэмээн тэрбээр ярилцлагадаа дурдсан байна.



No comments:

Post a Comment