Tuesday, February 26, 2013

Зуун дамнасан шударга ёс сахиулагчид


Буун дуу гарсан зүгт мордож, гэмт хэрэгтнүүд, оргодол босогчдын араас шил даран хөөдөг эдгээр ковбойчууд бол зэрлэг өрнийн Маршалын албанынхан. Аризона, Нью Мехико, Монтана болон бусад мужуудад хамгийн эрэлхэг эрчүүд энэ албанд зүтгэж байсан гэдэг. Харин тэднийг бүр 200 гаруй жилийн өмнөөс шүүх засаглалын шударга ёсны төлөө тэмцсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Анхны конгресс 1789 онд Шүүх эрх зүйн акт баталснаар тус алба байгуулагдсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Жорж Вашингтоны тэргүүлж байсан конгресс хууль баталж байсан боловч түүнийг нь орон нутаг, бүсийн түвшинд хэрэгжүүлэх байдал хангалтгүй байж. Хуулийн хэрэгжилтийг хянах хүчний байгууллага үгүйгээс хууль тогтоомж зөрчих байдал энгийн л үзэгдэл мэт байгааг анзаарсан тэрбээр тэр даруй Шүүх эрх зайн акт батлах санаачилга гаргажээ.

Маршалын алба тэргүүтэй хэд хэдэн хууль сахиулах байгууллага байгуулснаар л иргэд, аж ахуй нэгжээс орлого болон татвар, торгууль, шимтгэл хураах асуудлыг шийдвэрлэгджээ. Мэдээж байдал эрс сайжирсан ч шийдэх асуудлууд дууссан гэвэл өрөөсгөл болно.

Тиймдээ ч Маршалын алба анх байгуулагдахдаа цөөнгүй үүрэг хүлээж байсан гэдэг. Холбооны шүүх болон конгресс, эсвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эдлэх байдлах хангахаас гадна  шүүхэд зарлан дуудах болон батлан даах, баривчлах, хоригдогчдыг хянах зэрэг үүргийг тус албаны маршалууд болон тэдний туслахууд хоёр зуун жил хариуцан ажиллаж байв.

XVIII, XIX зууны үед тэдний үүрэг шүүхийн байгууллагын ажилчдын цалинг тараах, шүүх ажиллагаа болон өмгөөлөгчид, шүүх төлөөлөгчид, гэрчид зарцуулах мөнгийг хариуцах үүрэг ч давхар ногдож байсан аж. Шүүх ажиллагаа болох өрөөг түрээсэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд оролцох хүмүүсийг хөлслөх гэх мэт өнөө цагт хүний нөөц, нягтлан, няравын хариуцдаг ажлыг ч түүртэлгүй түвэггүй гүйцэтгэдэг байж. Тэдний үүрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Хоригдлуудыг хянах, шүүх төлөөлөгчид ирсэн эсэх, гэрчүүд цагтаа ирэх эсэхийг шалгах нь мөн л тэдний үүрэгт ажлын хуваарьт бичээстэй байж.

Харин өнөө цагт тэдний үүрэг шүүхийн тогтолцоог шударга, хараат бус, аюулгүй байлгахад голчилон чиглэгдэж, шүүхийн ажилтнууд болон барилгын аюулгүй байдал, шүүх ажиллагаанд холбоотой бусад асуудлын аюулгүй байдлыг хангахаас гадна хоригдогсдыг зөөх, батлан даагчдыг харгалзах, оргодлуудыг эрэн сурвалжлах ажлыг хариуцаж байна.

“Шударга ёс, үнэнч байдал, үйлчилгээ” бол тэдний уриа. Тэдний баатарлаг туульс зэрлэг өрнөдөд амнаас ам дамжин хэлцэгдэж, хожмоо дэлгэцийн урлагт мөнхөрсөн нь ч бий. Өнөө цагт эрэлхэг баатрын элдэв төрхтэйгөөр дүрслэгдэх болсон маршалууд XIX зуунд бол Зэрлэг өрнөд гэх ойлголтоос төдийлэн хэлбийхгүй байлаа.

Үнэхээр л өрнөдийн сонирхолтой түүхийг өгүүлсэн кинонд гардаг шиг тухайн үеийн маршалууд энгэртээ таван хошуу бүхий мөнгөлөг тэмдэг хатгаж, гэмт хэрэгтнүүдийн араас мөшгиж, үргэлж ялалт байгуулдаг байж. Уран сайхны бяцхан хэтрүүүлэгтэй ч энэ бол уран зөгнөл биш бодит түүхийн уран илэрхийлэл юм.

FBI буюу мөрдөх товчоо хүчээ авсан XX зуунд зэрлэг өрнө ч номхорсноос Маршалын алба харин хүндхэн байдалд орсон байдаг. Дэлхийн нэгдүгээр дайны үед тэдний онцгой эрх уламм бүр хумигдаж, иргэдийн орон гэрийг хамгаалах төдий л болж. Энэ байдал 1950 онд шүүхийн шийдвэр хэрэгжүүлэгчдийн үүргээр солигдож, 1970-аад онд  Гэрчийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр тэдний үнэ цэнэ дахин нэмэгдэх нь тэр.

Өдгөө шүүх засаглалын аюулгүй, хараат бус байдлыг ханган ажилладаг тус албаныхны үүрэг есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш агаар аюулгүй байдлыг ч давхар ханган ажиллахаар нэмэгдсэн байдаг. Түүнчлэн зөвхөн зэвсэгт хамгаалалт, баривчлах ажиллагаа төдийгүй маршалын туслахууд холбоо мэдээллийн технологийн аюулгүй байдлыг ч ханган ажиллаж байна.

Алдарт таван хошуу бүхий тэмдэг нь хамгийн урт настайд тооцогддог тус албаныхан өдгөө 94 маршал болон, 3953 туслахтайгаар 94 дүүрэгт үүргээ гүйцэтгэж буй. Баялаг түүхээрээ бахархдаг Америкийн маршалын албыг дэлхий нийтээр шилдэг хэмээн хүлээн зөвшөөрч, зуун дамнасан түүхээс нь суралцан, өдгөө баримталж буй зарчим, зохион байгуулалт, бүтцийг хамгийн оновчтой нь хэмээн өөрийн орны хөрсөнд нийцүүлэн буулгах нь олонтаа.

Хамгийн нэр хүндтэй маршалын албаны маршалуудыг багаар бодоход дөрвөн жил бэлтгэж, мэргэжил эзэмшүүлэн, бакалавр зэрэгтэй болсон үед л тус албанд хүлээн авах эсэх талаар хэлцдэг бол туслахууд нь Жоржиа мужийн Глинко хот дахь Холбооны хууль сахиулагчдыг бэлтгэх төвд 17 долоо хоногийн сургалтад сууж бэлтгэгддэг аж.

Виржиния мужийн Арлингтон хотноо төвтэй тус алба дуулиант 15 оргодлын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулан Холбооны мөрдөх товчооныхноос ч дутахгүй чухал үүрэгтэй хүмүүс гэдгээ харуулж байсан бол уран зохион, телевиз, кинонд дүрслэгддэг сэтгэлд хоногшсон дүрүүд Маршалын албаныхны хийж бүтээсэн бүхэн иргэдийн амьдралд ямар чухал нөлөө үзүүлснийг баталдаг.

Луйз Мастерсоны үзэглэсэн 83 номны 15-д нь Морган  Кэйн гэгч маршалын тухай өгүүлдэг бол маршал болон банк дээрэмдэгчийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх “Кареныг таньсан нь” зохиол мөн л тус албаны маршалуудыг магтан дуулдаг. Түүнчлэн 1958-1960-аад онд үзэгчдийг байлдан дагуулж байсан “Нэгдэн улсын маршал” цуврал, 1955-1961 онд дэлгэцнээ гарсан “Виарп Ийрпийн домог” гээд тоочвол арав гаруй цувралд онцгой үүрэгт албаныхны түүхийг өгүүлдэг. “Нэгдсэн улсын маршал Кахилл”, “Зэрлэг өрнө”, “Халловин II”, “Босуул” гээд олон арван дэлгэцийн бүтээлийг дурдаж болно. Массачусетсын эрэг орчмын нэгэн арал дээр алга болсон оргодлуудыг эрэн сурвалжлахаар очсон залуугийн түүхийг өгүүлэх “Хараагдсан арал” (2010 он) мөн л маршалын албаны хүнд бэрх, зовлон жаргалыг өөр нэгэн өнцгөөс үзэгчдэд тайлагнан харуулсан байна. Жүжигчин Леонардо де Каприо орчин цагийн маршалын түрхийг бүтээсэн нь тэр.
Урлаг төдийгүй видео тоглоомноо ч маршалын эр зоригийг харуулах нь бий. 2006 онд худалдаанд гарсан “Prey” болон энэ онд тоглоом сонирхогчдын гар дээр очсон “Prey 2”-т Килан Самуэлс маршалыг гол дүрээ болгон оруулсан байдаг.

СЭРЭЭСЭН БААТАР ТАРБОЗАВР БАТААР

Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж Монголын тамирчид нэрээ цуурайтуулахаас ч өмнө, монгол хөгжимчид урлагийн олимпын медаль хамахаас ч урьтаад дэлхийн тавцнаа хүч сорьсон монгол тодотголтнууд бол музейн үзмэрүүд. Бүр 1997 онд хилийн дээс давж, уригдаж залагдан Өмнөд Солонгосыг зорьсон музейн үзмэрүүд эх орондоо эргэн залраагүй гэх мэдээллийг эх сурвалжууд дуулгадаг. Тэгэхээр нас нэмэх тусам үнэ цэнэ нь өсдөг хүн төрөлхтний хуулиас хөндлөн онцлогтой түүхийн дурсгалт зүйлс шилжилтийн үе, ганзагын наймаачидтай зэрэгцээд л гадаад, дотоодоор “аялсан” байх нь. Тэр хэрээр эртний эдлэлийн гэх шинэ бөгөөд ашиг өндөртэй, хууль зөрчиж, нэг хэсэг иргэдийн бус нийт ард түмний эрх ашгийг хохироодог “даяаршлагдсан” зах зээлийн хонжоо хайгчдын сонирхлыг татах болж. Хараа хяналт султайн дээр баялаг түүхийн үнэт дурсгалаар арвин манай орны байдал тэдэнд бэлэн хоол мэт санагдсан нь гарцаагүй. Тиймдээ ч бид тэр бүр хаалгыг нь татдаггүй атал гаднынхан манай орны музейн үйл ажиллагаа, үзмэрүүдэд анхаарал хандуулах нь их. 
Энэ оны эхээр хуучнаар БСШУЯ музейн үзмэрүүдийн цахим каталоги гаргаснаа танилцуулж байхад, түүнээс даруй хоёр жилийн өмнө Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд манай музейн үзмэрүүд тавигдсан байх юм. Ази, Европын музейн сүлжээ олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн “Виртуал цуглуулга” төслийн хүрээнд эл санг байгуулсан бөгөөд манай Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Театрын музей, Чойжин ламын музей, Уран зургийн галерейн 58 бүтээл цахим музейн сан хөмрөгт багтжээ.
Түүнчлэн 2009 оноос эхлэн Америкийн хотуудаар хоёр жил аялсан “Чингис хаан” үзэсгэлэнгийн үзмэрүүдийг манай орны музейн үзмэрүүд төдийгүй Хьюстоны байгалийн шинжлэлийн музей, Вахид Корос, Готуако, Шин Шуань зэрэг хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдүүлсэн байх юм. XI-XX зууны эд өлгийн зүйлс багтсан музейн үзмэрүүд дунд В.Корост хадгалагдаж буй Юанийн үеийн төгрөг хэлбэртэй пайз, Сан Францискогийн иргэн Шуй Шуанийн цуглуулгаас түр авсан Их Юанийн үеийн хүрэл зоос болон хүрэл тамга байсан гэх. Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд хэдэн зуугаар нь цутган хэрэглэж байсан зоосоо харийн нутагт үлдээсэн байлаа гэхэд, өнөөгийнх шиг толгойтой бүхэн хэрэглэдэггүй байсан үеийн тамга хэрхэн харийн хүний цуглуулгыг чимэх болов гэдэг нь бас л анхаарч үзүүштэй асуудал. “Чингис хаан” гэх урт удаан настай тойрон аялагч үзэсгэлэнгийн үзмэрүүд дэх ховор сонин бүрэлдэхүүнийг харийнхны өврөөс найр тавин байж түрээсэлсэн явдал хачин жигтэй хар төрүүлнэ. 
Гэсэн ч энэ бүхнийг өнгөрөгч хаврын хавсаргатай хамт өрнөсөн Тарбозавр батаарын дуулиан өрнөхөөс өмнө анзаарах, анхаарах сөхөөтэй хүн бараг л байсангүй. Өлгий нутгаас минь олдсон үлэг гүрвэлийн яс хүний нутагт дамын наймаанд үнэ хаялцуулан худалдагдах гэж байна гэсэн мэдээлэл хэвлэлийнхний чихийг сортойлгож, тэр дагуу хүчний байгууллагынхнаас улсын Ерөнхийлөгч хүртэл хэлж ярьж, тэмцэж зүтгэж явсны хүчинд өөрийгөө ашгийн төлөө ажилладаг палентологич хэмээн тодорхойлох үлэг гүрвэл, өндөгний наймаачин Эрик Прокович гэгч этгээдийн гараар орж, хил дамнан “зугаалсныг” тогтоосон. 
Монголын цагдаагийн байгууллагын ажилтнуудын шуурхай ажиллаж, илрүүлсэн баримт нотолгоог үндэслэн Эрик Прокопиг өнгөрөгч аравдугаар сард баривчилж, Монгол болон Хятадаас хууль бусаар үлэг гүрвэлийн яс хил давуулан наймаалсан хэрэгт буруутгасан юм. Харин тарбозавр батаарыг эх оронд нь илгээх эсэх асуудал шүүхийн шийдвэрээс хамаарах юм. 
Нью-Йорк хотын дүүргийн шүүхэд аравдугаар сарын 24-нд болсон анхан шатны шүүхээр Эрик Прокопиг гурван зүйл ангиар ялласан байна. Түүнийг хулгайлагдсан түүх дурсгалын үнэт өвийг хадгалж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зүйл ангиар таван жил, Америкийн хилээр хориотой зүйл нэвтрүүлснийх нь төлөө 20 жил, хулгайлагдсан үнэт зүйл худалдсаных нь төлөө 10 жил хорих, 250 000 доллараар торгох ял төлөвлөөд байсан аж. 
Харин палентологичийн өмгөөлөгч хуулиндаа түүх дурсгалын өвөө худалдан борлуулахыг хориглосон байдаг атал Байгалийн түүхийн музейдээ үлэг гүрвэлийн яс зарж байдаг нь Монгол улсад хууль хэрэгждэггүй, баталсан хууль тогтоомжийн хувьд ч эргэлзээтэй хэмээн сануулж, тэр ч байтугай тарбозавр батаарыг Монгол руу буцаах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа ч мэдэгдээд амжсан юм. Хэдийгээр дэлхийн олон орны эрдэмтэд энэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор Монголоос өөр улсын нутаг дэвсгэрээс олддоггүйг батлаад байгаа боловч шүүхийн эцсийн шийдвэрээс батаарыг эх нутагт нь буцаах эсэх асуудал хамаарах юм. 
Гэхдээ Монголын төдийгүй дэлхийн эрдэмтэн судлаачид, эртний эдлэлийн наймаачдын чихийг сортойлгосон эл дуулиан хэд хэдэн эерэг үр дүн үзүүлээд амжсан. Музейн үзмэр, түүхийн дурсгалт зүйлсийн талаар бараг л мартаад байсан иргэд, холбогдох албан тушаалтнуудыг тархин дундуур татаад авсан дуулианы ачаар музейгээс бараг өдөр бүр алдагддаг хэний ч сонорт хүрэлгүй хийсэн замхардаг байсан мэдээлэл тухай бүртээ хэвлэлийн хуудаснаа гарч, олныг анхаарлыг мартагдаж орхигдсон салбар руу эргүүлж дөнгөсөн. 
Зөвхөн музейн үзмэрүүдийг чимээгүй алга болдог асуудал төдийгүй хадгалалт хамгаалалт, музейн байрны чанарын асуудал ч үүнтэй зэрэгцэн сөхөгдөж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан нийслэлийн 15, орон нутгийн 21 музейд шалгалт хийж, Үндэсний болон Монгол цэргийн музей л зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолоо. Ингээд МАН-д алдсан Лениний музей тэргүүтэй музейн зориулалттай хэрнээ өөр зорилгоор ашиглаж буй барилгуудыг нэхэх, шинээр музей барьж байгуулах гээд энэ салбарыг тойрсон түмэн сэдэв ар араасаа сөхөгдлөө. Бүр XXI зуун гарсаар нэг арваныг ардаа үдчихээд байхад цэвэр усны шугамд холбогдоогүй Богд хааны ордон музей, Эрдэнэ зуу музейн асуудлыг сөхөж эхлэх нь тэр.  
Тарбозаврыг эх орондоо эргэн авчрах үед хаана хадгалж хамгаалах талаар асуудал хэлцэгдэж, үлэг гүрвэлийн музейтэй болох талаар яригдаж эхэлсэн тухай ч яамны сайд нь ярилцлагадаа “Харин Тарбозавр Батаарын асуудлыг сөхөснөөр музейтэй болох тухай ч ярьж байгаа. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэгчээр үлэг гүрвэлийн араг ясыг Монголд авчрахад байр, савны асуудлыг шийдчих болов уу гэж найдаж байна” хэмээн дурдсан байх юм. 
Юутай ч ул болон мартагдаж орхисон салбарыг сануулж, үүх түүх, үнэт өвөө хайрлан хамгаалахыг анхааруулан сэрээсэн баатар нь тарбозавр батаар болж таарах нь. 

Wednesday, February 13, 2013

Гэрийн ажил VS Секс


Зөвхөн нүүдэлчид гэлтгүй аль ч соёлын уламжлалд гэрийн дотоод ажилд эрчүүд төдийлэн оролцдоггүй байж. Амьдралын эл хэв маяг энэ цагт эвдэгдэж, орчин цагийн гэр бүлийн олонх нь хоол, угаалга, цэвэрлэгээ хийх гээд гэрийн дотоод ажлыг хамжин хийх болсон. Хачирхалтай нь эл өөрчлөлт эрчүүдийн бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд саяхан баталжээ. 

Хуучны бүдүүлэг уламжлал шиг санагдаж болох боловч эрт цагийн амьдралын хэв маягийг өнөө хэр хадгалж, эр хүнийг гэрийн аар саар ажилд хутгалдуулахаас татгалздаг гэр бүлийн сексийн амьдрал гэрийн ажлаа хамждаг хосуудынхаас хэд дахин илүү идэвхтэй байдаг гэнэ.
Америкийн Вашингтоны их сургуулийн социологчдын баг гэрийн ажил хосуудын сексийн амьдралд нөлөөлдөг эсэх талаар судалгаа хийжээ. Тэд хосуудын анх хэрхэн гэрлэсэн болон өдгөө гэрийн дотоод ажлын хуваарилалт нь ямар байдаг, өрхийн тэргүүн хоол, цэвэрлэгээ хийх зэрэг ажилд оролцдог эсэх гээд олон хүчин зүйлийг тусган, дүгнэлт гаргасан бөгөөд судалгааны үр дүн цөөнгүй хүнийг гайхашруулсан байна.
Тэд бүр судалгаанд оролцогчдыг санал асуулга, ярилцлагын үеэр өрхийн тэргүүнийг гэрийн ажилд оролцуулахгүй байлган туршиж үзсэн байна. Халамжтай нөхөртэй хосууд судалгаанд хамрагдахаас өмнө сард 5 удаа загас наадуулдаг байсан хэмээн мэдэгджээ. Харин судалгааны үеэр эмэгтэйчүүдийн ажилд оролцохоо больсноор эрчүүдийн бэлгийн идэвх 1.6 дахин нэмэгдсэн байх юм. Гэхдээ энэ нь эрчүүд гэр орны ажилд огт оролцохгүй байснаар хосуудын бэлгийн амьдрал сайжирна гэж ойлгож болохгүй. Эхнэр нь гэрийн дотоод ажил төдийгүй төлбөр тооцоо хийх, машинаа засуулах гээд эрчүүдийн үүрэх ёстой хариуцлагыг ч нуруундаа үүрдэг хосуудын бэлгийн амьдрал харьцангуй идэвхгүй байдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тэдний сард хийдэг сексийн тоо гадаад асуудлыг өрхийн тэргүүн хариуцаж, дотоод ажлыг эхнэр нь хийдэг хосуудынхаас 0.7 дахин бага байна.
Түүнчлэн уламжлалт ёс жаягийг үгүйсгэж, эрчүүдийн гэр ажилд туслуулдаг гэр бүл сард 4.85 удаа секс хийдэг бол эхнэрийнхээ хийх ёстой бүхий л ажлыг ганцаар хийдэг гэр бүл сард ердөө 3.3 удаа хурьцал үйлддэг байна.
Харин өрхийн тэргүүн эрчүүдийн хариуцах ёстой ажлаа гүйцэтгэдэг гэр бүл сард 4.7 удаа бэлгийн ажил хийдэг бол нөхрийнхөө өмнүүр орж бүхий л ажлыг хийдэг хосууд сард 4 удаа л секс хийдэг аж.
Хосууд долоо хоногт дунджаар 34 цагийг гэрийн ажилд зарцуулдаг. Үнэндээ түүний тал нь буюу 17 цаг нь эрчүүдийн хийх ёстой ажилд зарцуулагддаг. Таван хос тутмын нэг нь нөхрийгөө гэрийн ажилд туслуулдаг байхад судалгаанд оролцсон хосуудын талаас илүү хувь нь эрчүүд өөрсдийн хийх ёстой ажлыг гүйцэтгэдэг.
Гэхдээ энэ тал дээр бүр огт өөр үр дүн гаргасан судалгаа ч байдаг. 4500 хосын дунд явуулсан судалгааныхаа эцэст Үндэсний гэр бүл судлалын төвийнхөн нөхөр нь гэр орны ажилд оролцох тусам бэлгийн идэвх сайжирдаг гэсэн дүгнэлт гаргасан байх юм. Гэхдээ эл дүгнэлт “Америкийн социологийн тойм” судалгааг хийсэн Жули Брайнсын хийсэн дүгнэлттэй нийцэхгүй л болов уу. Түүний ахалсан судалгааны багийнхан гэрийн ажлаа хамтарч хийх нь гэр бүлийн бусад асуудалд эерэг сөрөг аль ч талаар нөлөөлөхгүй гэнэ.
Брайнсын таамаглаж буйгаар секс болон гэрийн ажил нь ямар нэг учир байдлаар бие биедээ нөлөөлөхгүй. Энэ нь зөвхөн тухайн гэр бүлийн гишүүдийн байр суурь, үзэл бодлоос л шалтгаалах гэнэ. Хүйсийн тэгш эрхтэй холбоотой асуудлаас үл хамаарч сексийн тухай баримтлал олон зуун жилийн турш мөрдөгдөж ирсэн тэр хэвээр орших болно хэмээн тэр таамаглалаа тайлбарласан байна.
Харин гэр бүлийн гишүүдийн үүрэх ёстой хамгийн чухал хариуцлагын талаар судалгаанд хэрхэн тусгагдсан юм бол. Судалгаанаас харахад хүүхэд асрах нь гэрийн аар саар ажилд хамаарахгүй аж. Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ үүргийг хариуцдаг хэдий ч сүүлийн үед хүүхэд асрах ажилд оролцох эрчүүдийн оролцоо эрс нэмэгдсэн. Тоон үзүүлэлт гэр бүлийн гишүүдийн хэн нь хүүхэд харах нь хосуудын харилцаанд нөлөөлдөггүй болохыг баталжээ. Мэдээж Брайнсын өгүүлсэнчлэн хүүхдээ хардаг нөхрүүд бэлгийн ажилдаа илүү идэвхтэй гэж дүгнэх аргагүй.
Үндэсний статистикийн төвийн 1992-1994 онд хийсэн судалгаанаас харахад тухайн үед гэрийн ажлын хуваарилалт хосуудын бэлгийн амьдралд нөлөөлдөггүй байсан бол орчин цагт энэ хамаарал өөрчлөгдсөн байх юм. Судлаач Брайнс ч үүнийг хүлээн зөвшөөрч буй. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд өөрчлөгдсөн бас нэг зүйл бол аавууд хүүхдүүдээ асрах ажилд илүү оролцох болсон явдал. Энэ нь орчин цагийн гэр бүлд байх ёстой хэвийн үзэгдэл мэт болтлоо өөрчлөгдсөн байх юм.
Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн судалгааны дүн цөөнгүй эрчүүдэд таалагдаж байгаа нь гарцаагүй. Харин тэдэнд хандаж судлаач Брайнс “Судалгааны үр дүнг харчихаад гэртээ хөл жийн суух гэх хэрэггүй. Хэрэв хоол хийх, гэр цэвэрлэх ажлаас хол байх нь бидний харилцаанд эергээр нөлөөлнө хэмээн ажлаас зугтах гэж байгаа бол үүний үр дүнд багагүй төлөөс төлж мэднэ” хэмээн сануулжээ.
Мэдээж сексийн харилцаа сайхан байна гэдэг бүх асуудлыг шийднэ гэсэн үг биш. Түүнчлэн өөр нэг судалгаа оройн хоолыг халуун ам бүлээрээ ширээ тойрон идэхийг төдийлэн чухалчилдаггүй гэр бүлийн харилцаанд зөрчил маргаан их байдаг аж. Мөн гэрийн ажлаас зугтдаг нөхөртэй хосуудын харилцаанд ч ийм сөрөг үр дүн ажиглагддаг. Мэдээж тэр хэрээр сексийн харилцаанд нь нөхрийн залхуу хойрго байдал сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Sunday, January 6, 2013

Төөрөлдсөн төрсөн өдөр



Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал төрсөн өдрийн баярыг онцгойлон тэмдэглэх нь хүүхдийг өөрийн гэр бүлдээ ямар чухал хүн болохыг нь мэдрүүлж, тэр хэрээр өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн, бие хүн гэх ойлголтыг нь бататгаж, үүрэг хариуцлагаа ухамсарлах байдалд нь ч эерэг нөлөө үзүүлдэг гээд хүмүүжлийн хувьд ч олон давуу талтай. Тиймдээ ч бид хүүхэд хөгшдийнхөө төрсөн өдөр, насны ой зэрэг тэмдэглэлт баяруудыг чухалчилж, хүндэтгэл ёслол, баяр наадмын байдалтай өнгөрүүлдэг болсоор уджээ. Харин албан байгууллага,  хамтлагуудын төрсөн өдрийг жил бүр тэмдэглэх нь ямар ач холбогдолтой юм бол?
Албан байгууллагуудын хувьд ойн баяраараа багагүй төсөв гаргаж, ажилчид, харилцагчдадаа бэлэг барьдаг тул тэр бүр тэмдэглэх гэж улайрдаггүй. Үйлчилгээний байгууллагууд харин эл өдрийг овжин ашиглаж, менежментийн нэг хэлбэр болгон өөрт ашигтайгаар урвуулах нь түгээмэл. За тэр асуудлыг авч хэлэлцэхээ түр азная. Эл ойн ачаар хэрэглэгчид ч хөнгөлөлт, урамшуулал эдлэн сэтгэл хангалуун үлддэг бол үйлчилгээний байгууллагууд баяраа нэр хүндтэй бөгөөд ашигтай тэмдэглэн магнай тэнэгэр хоцордог аль алиндаа ашигтай баяр. Харин шил шилээ дарах хамтлагуудын төрсөн өдөр зах замбараагаа алдаж, өнөөх баярлах, баярлуулах үндсэн чигээс хэлбийж, зөвхөн өөрт ашигтай байдалд урвуулах өөдгүй хэлбэрт шилжээд байх шиг.
Зургадугаар сарын 24-ний өдрийг цээжинд хадагдаж, чихэнд хоногштол дуулж, төрсөн өдрөө хуанли дээр тэмдэглүүлэх дөхсөн “Камертон”-ыхны төрсөн өдрөөс эл баяр эхлэлтэй гэж хэлж болно. Цөөнгүй жил шил дарааллуулан тоглолт зохион байгуулж, “Үнэнч фэнүүдтэйгээ, үзэгчидтэйгээ хамт баяраа тэмдэглэхээр шийдлээ” гэх найрсаг тодотгол нь өнөөх өөрт ашигтай хувилбарыг өнгөлөн далдлах хамгийн ухаалаг шийдэл болж. Төрсөн өдөр хэмээн нэрийддэг нь ч учиртай. Үнэндээ байгуулагдсаны ойн баяр гэвэл зохих эл баяраа хүн бүрийн сэтгэлд хамгийн ойр байдаг төрсөн өдрийн баяртай нь уялдуулан холбох нь өнөөх өнгөлөн далдлалтын бас нэгэн хэлбэр. Камертончуудын эл ухаалаг менежментийг урлагийнхан өдгөө толгой дараалан хэрэглэдэг болж. Гэхдээ хуулбарлахдаа нэмж засварлан, сайжруулах биш, нэрийг нь ашиглах төдийгөөр бүр ч дордуулчихаж. Энэ онд гэхэд л “Номин талст”, “Sweetymotion” хамтлагуудын 15 жилийн ойн баяр нүсэр болж, араас нь “Киви” найман насны төрсөн өдрөө тэмдэглэнэ л гэнэ. “Lumino” тун удахгүй болох ойгоо угтсан 14 жилийн ойн парти зохион байгууллаа л гэнэ. Ойрын хэдэн жил ор сураггүй алга болсон “Ice top” ч өнгөрөгч онд 15 жилийн ойн баяраа хийчихсэн байх юм.
1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр “Boyz 2 men”, “Take That”-аас санаа авч “Салхи”, “Сүнс” гэх монголжуу содон нэртэй хамтлагууд төрж, тэдний араас “Камертон”, “Номин талс”-ынхан ч нэгджээ. Тэр ч байтугай өнөөх “East 17”, “U2” зэрэг нэрнийхээ аль нэгэн хэсэгт тоо оруулах моодноос ч монголчууд хоцроогүйн нэг баталгаа нь “Гайз 666”. Шоубизнесийн ертөнцийн төв дэх эргэлтүүдийг давтах үзэгдэл өдгөө ч Монголд үргэлжилсээр байна уу гэлтэй. “Spice Girls”, “Take That”, “Backstreet Boys”, “New Kids On The Block”-ийн эргэн нэгдэл, ойн баярыг онцгой тоглолтууд түүний тод жишээ нь.
Харамсалтай нь, тэд дахин нэгдэхийн давуу тал, ашиг хонжоог нь урьтал болгосноос биш үүрэг хариуцлага гээчийг нь гээгдүүлчихсэн бололтой. “Камертон”-ыхон гэхэд л эргэн нэгдэж шинэ дуу гаргана хэмээн дуншсаар өнөөх л “18 нас”, “Зүүд”, “Нулимсаа арч” гэх хуучны хитүүдээ л дахин дуулсан. Тэдний хажууд шоу бизнесийн өрсөлдөгч нарынхаа дунд эргэн нэгдсэн хэрнээ хамгийн залхуу хойргод тооцогдож буй “Spice Girls”-ынхон хуучны дуунуудаа дахин дуулсан “Greatest Hits” цомгоо гаргаад амжчихсан байх юм. Өнгөрөгч онд хоёр арваныг ардаа үдсэн рок попын ахмадуудын нэг гэдгээ ойн баяр-тоглолтоороо сануулаад амжсан “Сүнс”-ийнхэн ч таг чиг. Угтаа тэд тоглолтынхоо товыг гаргаж, зарыг тараахдаа “Энэ бол манай хамтлаг рок попын ертөнцөд эргэн ирж буйгаа харуулж буй нэг хэлбэр” хэмээн зарлаж түүнийг нь ч цөөнгүй хэвлэл мэдээллийн байгууллага уламжилсан байх юм.
Өнөөх хип хоп парти хийнэ хэмээн амлаж, 14 жилийн ойн баяраа тэмдэглэсэн Lumino-ынхонд ч хамтлагийн ахлагчийнх нь хоёр жилийн өмнө гаргасан цомгууд, номыг нь эс дурдвал сүүлийн хэдэн жилд шинээр туурвисан бүтээл гээд нэр цохоод дурдчихаар зүйл үгүй. Тоглолтын хувьд ч парти гэх орчин цагийн чамин нэрээр чимсэн, зохион байгуулалт муутай цэнгээн болоод өнгөрсөн. Үзэгчдийнх нь дунд үнэнч фэнүүдээс нь илүүтэй өнөөх баасан, бямбын үдшийн соёлтой зугаа цэнгээнээ арай өөр хэлбэрээр өнгөрүүлчих гэсэн стресээ тайлагчид олон харагдсан. Бүр хэл мэдэхгүй, зүс хөндлөн харийнхан ч хаа сайгүй харагдах. Хөгжингүй оронд суралцаж, харийн соёлтой танилцсан хамтлагийнхны үзэл бодол, уран бүтээлд шимтэж ирээгүй нь шар толгойтнуудын биеэ авч яваа авир байдал, дэргэдүүр нь өнгөрсөн дэгжин охидтой “Сайн уу?” хэмээн хазгай муруйхан мэндчилэх байдлаас нь илэрхий.
Хамтлаг нь тарж бутарсан хэмээн цуу яриа дэгдэж, тэрийгээ ч батлах гэсэн мэт гишүүд нь ч тус тусын уран бүтээлээ хөөгөөд хоёр гурван жил өнгөрчихөөд байхад “Киви” бас л ойн тоглолт хийх гэнэ. Гэхдээ бүр тав, арав биш найман жилийн ойн тоглолт. Ойн баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал урлагийнханд байдаг ч рок попынхон шиг 8, эсвэл 14-өөр биш бүр гурав, тавыг ч алгасч “Backstreet Boys”-ынхон ирэх онд 20 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөж байх юм. Тэд эргэн нэгдсэнээс хойш ч зүгээр суугаагүй. 2003 оноос хойш “Never Gone” (2005), Unbreakable (2007), This Is Us (2009), TBA (2013) цомог, таван ч аялан тоглолт хийгээд амжчихсан байх юм.
Харь холынхныг тоодоггүй юмаа гэхэд хажуудах томчуудаас суралцах зүйл бидэнд их бий. “Инээмсэглэл” хамтлагийнхан гэхэд л жил бүр төрсөн өдөр гэж ташууралгүй 20 гаруй жил завсарласны эцэст 1980-аад онд дууг нь сонсож, даган дуулж, бишрэн хүндэтгэж явсан сонсогчдодоо жинхэнэ гэнэтийн бэлгийг барьсан. Тиймдээ ч үзэгчид нь бүтэн цагийн өмнө суудлаа эзэлж, үе үехэн алга ташиж тэднийг тэвдүүлэн, бас өөрсдөө ч суудал дээрээ өндөлзөн догдлон хүлээж байсан биз. Угтаа уран бүтээлчдийн, ялангуяа хамтлагийн ойн тоглолт гэдэг ийм л байх учиртай.
Өнөөх үе үехэн цуглаж, өгөх нэр олдохгүй болдгоос уу, үзэгчдийн татах овжин заль хэрэглэдгээс үү төрсөн өдөр гэх дотно тодотголтой тоглолтоо хийхийн тулд нэг хоёрхон дуу гаргасан болчихоод л  эргэн нэгдэж буйгаа зарласан атлаа ой өнгөрмөгц мөр мөрөө хөөдөг эмгэнэлтэй дүр зураг энэ салбарынхан дунд зуршил болоод үлдчих вий дээ. Хэв маягийг нь даган дуурайдаг эргэн нэгдэгсдийн жишиг ч тийм байдаг хэмээн биеэ өмөөрөх гэж байгаа бол “Take that” 2005 онд эргэн нэгдсэнээс хойш жил бүр сонсогчдодоо шинэ уран бүтээлээр бэлэг барьж, тэр ч байтугай хөгжмийн томоохон наадмуудад өрсөлдөн, түрүүлж шагналын цуваа нь өнөөдөр ч үргэлжилж байгааг сануулъя.
Ямартай ч хүссэн цагтаа цуглаж, хүний халаас руу шургалах гэсэн хүйтэн сэтгэл урлагийнханд байх учиргүй. Дуртай үедээ ойн баяр хийж, дурамжхан байвал хувийн бизнесээ эрхлээд таг чиг суучихад хэтийдсэн зан монголын рок попын салбарт хүчин зүтгэж явсан хожуу үеийнхнээс илрээд байх шиг. Дурсамж гэх нандин зүйлийг нь сэдрээх агуу хүчтэй урлагийг дур мэдэн ашиг хонжоо харж биш, жинхэнэ тоглолт гэнэтийн бэлэг, чанартай уран бүтээл л энэ салбарынхнаас төрөн гарах учиртай.

Monday, November 26, 2012

Чулуунд шингэсэн симфони


Буурал Европын жуулчдыг соронздон татдаг уран барилга, түүхийн дурсгалуудын уламжлал, хэв маягийн хэлтэрхий Улаанбаатарын уугуул барилгуудад ч бий гэвэл та итгэх үү? Дуурь бүжгийн эрдмийн театр, Драммын эрдмийн театр, Гадаад явдлын яам, Төв номын сан, Хөрөнгийн биржийн барилгуудын багана, гадаад засал эгээ л эртний Грекийн Парфеноны сүм, Зевсийн сүмийг санагдуулам. 

Архитекторууд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан нийслэл хотыг маань Европ хэв маягтай хэмээн дүгнэдэг. Эндээс Улаанбаатар хотын уран барилгуудад Европын уран барилгын хэв маяг хэрхэн уламжилж ирсэн юм бол гэх асуулт эрхгүй урган гарч ирнэ. Социализмийн үеийн Зөвлөлт Монголын найрамдалт харилцаа хэмээн шууд хариулж болох ч уг сурвалжийг ухвал бүр огт өөр баримт гарч ирдэг аж. Дэлхийн нэгдүгээр дайны үед ялагдсан герман, унгар, чехийн олзлогдсон цэргүүд Сибирьт хоригдож, тэдгээрийн зарим нь улс төрийн орогнол эрж, Богд хаант Монгол улсад дүрвэн ирж, амьдарч байсны дунд барилгын мэргэжилтнүүд ч цөөнгүй байж. Үүнийг гэрчлэх баримт 1970-аад оны хуучнаар Бүгд найрамдах ардчилсан Герман улсын нэгэн архитектурын сэтгүүлд хэвлэгдсэн байдаг. 1942 онд ЗХУ-п амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель Дуурь бүжгийн эрдмийн театрын зураг төслийг гаргасан тухайгаа эл сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Энэ үед баригдсан барилгуудыг неоклассицизмын урсгалд хамруулж болно. Учир нь ЗХУ-ын тусламжаар барьсан 1930-аад оны үеийн барилгуудын зураг төслийн ажлыг тус улсын архитекторууд хийж байсан аж. Эртний Грек, Ромын соёлын шууд тусгал болсон неоклассицизмийн үеийн барилгуудад өнөөх л эртний Грек, Ромын хэв маяг шингэсэн нүсэр том багана, дэлгэмэл гурвалжин бүхий дээврээр хашсан нүүр, жижиг хэсэг бүр бие биеэс алтан харьцаагаар хамаарагдах зэрэг онцлогууд тусгагддаг. Гадаад явдлын яам болон МУИС-ын байр, Төрийн ордны ард байх орон сууцны барилгууд, хуучнаар “Алтай” зочид буудал байсан хотын захиргааны байр, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг барилгууд энэ урсгал чиглэлийн шууд тусгал болсон байдаг.
Сонирхолтой нь Орос болон Германд төр засгийн сүр хүчийг илтгэхэд чиглэгдсэн архитектурын урсгал олон нийтийн барилга байгууламж төдийгүй орон сууцаны барилгад ч илт давамгайлах болсон нь манай улсын барилгын салбарт ч хүчтэй нөлөөлж. Үүний тод жишээ нь “Гутлын 22” хэмээн бидний нэрлэж заншсан орон сууцны барилга, Саарал ордны арын орон сууцны барилгууд. Гадаад засал төдийгүй дотоод өрөөний зохион байгуулалт, тохижуулалтыг нь авч үзвэл уг барилгууд классициизмын урсгалд хамаардаг аж. Классицизимийн урсгалын орон сууцны барилгууд тааз өндөр, тансаг, тохитой тухлаг байдлыг голчилсон байдаг нь “Гутлын 22” барилгуудын засалд тод харагдана. Эгээ л эртний Европын язгууртнуудын шилтгээн мэт зочны өрөөний гол цонхны хэсгийг гадагш төвийлгөн зохиомжилсон нь тансаг байдлыг бий болгохын зэрэгцээ орон зайн тэлэлт хийж, гэрлийн тусгалыг ч ихэсгэж өгсөн нь классицизмийн тухлаг хэмээн хэв шинжэд яв цав нийцнэ.
Суурин соёл иргэншил төвөөс тэлдэг зарчимтай. Тиймдээ ч ихэнх хотууд өөрийн төв талбайтай байдгийн жишгээр ардын хувьсгалын 25 жилийн ойноор буюу 1946 онд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг талбайн төвд байрлуулан, эргэн тойрныг соёл урлаг, засаг захиргааны барилгаар хүрээлүүлж, уран барилгын чуулган болгох төлөвлөгөөг зөвлөлтийн мэргэжилтнүүдэд үүрэг болгосон байдаг. Энэ дагуу өнөөгийн Сүхбаатарын талбайг хамгийн оновчтой буюу 250*250 метрийн харьцаа бүхий шийдэлтэй Парисын Зөвшилцлийн талбайгаас санаа авч, төв талбайг засаж зохижуулсан түүхтэй байдаг аж.
1960-аад онд барилгын салбар, тэр дундаа уран барилгад бас нэгэн шинэтгэл гарсан нь 1956 онд ЗХУ-д архитектур зардал ихтэй элдэв чимэглэлийг халж, хүн амд хүртээмжтэй барилга байгуулах тухай шийдвэр гарсантай шууд холбоотой. Барилгын явцад гарсан өргөтгөл болон гол багануудыг чимгэлэл болгон ашигладаг конструктивизмын зарчимд тулгуурласан барилгуудын тоонд Б.Чимэдийн зохиосон “Улаанбаатар” зочид буудлын барилга, Б.Дамбийнямын төсрөлөөр барьсан Урт цагаан үйлчилгээний төв, өнөөгийн Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн барилга, “Ард” кинотеатр, Спортын ордон, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, “Баянгол” зочид буудал болон 40, 50 мянгатын орон сууцны барилгууд ч орно.
Түүнчлэн улс төрийн сүр хүчийг барилгаар илэрхийлэх, коммунист үзэл суртлын бодлого болох баялгийг тэгш хуваарилах зарчим уран барилгад ч тод илэрсэн байдаг. Хрушевийн эл үзэл суртлын даалгавраар ЗХУ-д кино бүтээгчдэд шоглуулах хүртлээ хэвлэсэн юм шиг барилгууд баригдаж байсан нь манай улсад ч нөлөөлсөн. III, IV хороолол, I болон X хорооллын орон сууцны барилгууд бол энэ үеийн үзэл суртал барилгын салбарт нөлөөлж байсны гол баримт юм. Түүнчлэн улс төрийн сүр хүч далайцтай, асар том аугаа байдгийн адилаар тухайн үеийн барилгууд ч эрс сүр хүч нэмж, олон давхар болсон нь бий. Өндөр хоршоо хэмээгдэж байсан дэлгүүр ердөө л хоёр давхар байсан бол тухайн үед цөөн хүн амтай байсан нийслэлд Улсын их дэлгүүрийг долоон давхар барилгатай байхаар барьсан нь өнөөх сүр хүчний бас нэгэн илэрхийлэл.
Техник технологийн хөгжлийг дагаад барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. 1960-аад конструктивизм шингэсэн их бүтээн байгуулалтаас хойш сонгодог уран барилгууд баригдаагүй гэхэд хилсдэхгүй. Харин технологийн шинэчлэлийг чимэглэлд ашигласан эл урсгалын барилгууд сүүлийн үед олноор төрөх болсны тодхон жишээ нь Central Tower, Bly Sky Tower юм.

Зураг.

Классицизмийн буюу сонгодог урсгал ноёлж байсан 1930-1940-өөд оны үе. Неоклассицизмийн урсгалд хамаарах барилгуудын өрөө тасалгааны зохион байгуулалт, хөвөө, хана, багана болон жижиг хэсэг бүрийн харьцаанаас эртний Грек Ромын уран барилгын шууд тусгал ажиглагдана.

Энхтайваны гүүрний гол тулгуурыг чимэглэл болгон ашигласан нь конструктивизм чиглэлд шууд хамаардаг. Чимэглэлд илүү зардал гаргахгүйгээр, барилга байгууламжийг хүртээмжтэй байлгах нь конструктивизмын гол зарчим. Энэ үеийн барилгуудад Улсын их дэлгүүр, “Ард” кинотеатр, “Баянгол” зочид буудал, Урт цагаан үйлчилгээний төв, 40, 50 мянгатын орон сууцны барилгууд хамаарна.

Барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. Шууд угсардаг, ажиллагаа багатайн дээр барилгын үндсэн хана, цонх нь илүү чимэглэл, хэсэггүй, үндсэн үүргээ хадгалахын зэрэгцээ харагдах үзэмжээ ч тодотгодог хэмнэлттэй, ажиллагаа багатай эл төрлийн барилга сүүлийн үед ноёлж буй.

Шүдний өвчлөлийн буруутан нь хэн бэ?


Шүдний ломбо тавиулчихаад гэмших сэтгэгдэл төрж байна уу? Энэ бүх үр дагавар зөвхөн таны буруугаас болоогүй ч байж мэднэ. Зүгээр л таны хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн чинь хэтэрхий зөөлөн байж болох юм. Угтаа та бид яг л өвөг дээдэс шигээ хатсан мах л зажилж суух учиртай аж. 
Хойд Кэролинд болсон эрүү болон амны хөндийн эрүүл ахуй, түүний хувьсал хөгжил сэдвээр болсон бага хурлын үеэр мэргэжилтнүүд болон судлаачид, эрдэмтэд “Бидний хооллолтын байдал элэнц хуланцын үеийнхээс огт өөр болсон. Энэ нь амны хөндийн элдэв өвчлөл, шүдний гажиг түгээмэл болох үндсэн шалтгаан болж буй” гэх дүгнэлтийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Эл дүгнэлтийг Лондоны коллежийн биоархеологийн профессор Саймон Хилсоны эртний хүмүүсийн амны хөндийн судалгаан дээр үндэслэж хийсэн байна. Тэрбээр эл судалгааныхаа тухай “Антропологийн мэдээллүүдээс харахад бидний өвөг дээдсийн шүд илүү бат бөх байсан гэх дүгнэлт гардаг. Ингэхдээ бид зөвхөн чулуужсан олдворуудад шинжилгээ хийж түүнээсээ дүгнэлт гаргасан юм биш. Бүр саяхныг хүртэл тодруулбал газар тариалан эрчимтэй хөгжихөөс өмнөх үеийнхэнтэй адилхан хооллолттой 1950-аад оноос өмнөх үеийн бушменуудын анатомийн бүтцийг судалж, дүн шинжилгээ хийсэн” гэжээ.
Анчдаас тариаланч руу шилжих үе бүр 13 000 жилийн өмнө эхэлсэн нь хүн төрөлхтөнд шүдний эмгэг гэх бас нэгэн шинэ зүйлийг өгсөн. Аж ахуй эрхлэлтийн эл өөрчлөлтийн үр дүнд бидний хүнс илүү зөөлөн болж, эрүү чилтэл зажлах шаардлагагүй болсон байдаг. Энэ нь эрүүний бүтцэд шууд шөлөөлж, хүн төрөлхтний эрүү улам бүр жижгэрсэн байна.
“Бидний хүнс ердөө л жимс жимсгэнэ, мах, ногоо, үр тариа, самар гэсэн орцтой байсан бол өдгөө хэрэглэж буй хүнсний ихэнх нь шууд хэрэглэхэд бэлэн болгож боловсруулсан чихэр ихтэй, зөөлөн болж хувирсан” хэмээн Ньюкэстл их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн профессор Жимми Стил тайлбарласан байна.
Хамгийн эмгэнэлтэй нь эл хувьслын үр дүн энэ хэвээр цааш үргэлжилбэл хүн төрөлхтний бие махбодид дахин хувьсал гарч, бид шүдгүй болж мэдэх нь гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрээд буй.

Орсгой болох
Орсгой болох нь шууд хамааралтай байдаг шүд болон эрүүний харьцаа алдагдсантай холбоотой. Үүний нэг илрэл нь шүдний зуулт буруу байх явдал. Их Британид гэхэд л 12 настнуудын гурван хүүхэд тутмын нэгийнх нь шүдний зууль буруу байна гэсэн статистик баримт бий. Мэдээж энэ бүхний гол шалтгаан нь өнөөх эрүүний дасгал болох зажлах үйл явц багассаных.
Эртний хүмүүст ийм эмгэг бараг байдаггүй бай. Эртний Египетийн Фарао Акенатон (НТӨ 1353-1333) олдсон 94 араг ясыг судлахад тэдний нэгэнд ч ийм эмгэг илрээгүй байна.
“Египетчүүд ихэвчлэн ширхэг ихтэй зажлууртай хоол хүнс хэрэглэдэг байснаас тэдний дунд шүдний өвчлөл бага байсан гэж шууд дүгнэн хэлэх боломжтой. Хоол зажлуур ихтэй байх нь хүүхдийн шүд болон эрүүний хөгжилд эергээр нөлөөлөөд зогсохгүй, орсгой болохоос ч урьдчилан сэргийлдэг” хэмээн профессор Стил өгүүлжээ.

Шүд цөөрөх
Хүн дөрвөн агт араатай, нийт 32 шүдтэй байх ёстой хэмээн анатомийн хичээл дээр бид үздэг. Харамсалтай нь орчин цагт энэ тоо дунджаар 25.7 болон буураад байгааг эрүүл мэндийн салбарынхан судалгаагаар тогтоожээ. Учир нь эрүүний хөгжил муугаас амны хөндийн зай багасч, энэ нь шүдний тоонд шууд нөлөөлсөн байх нь. Ихэвчлэн 18-25 насныханд агт араа ургадаг байсан бол орчин цагт агт араа ургах нь бүр нүдний гэм болж.
“Энэ бүхэн нь өнөөх нь зажлах үйл явцаас үүдэлтэй. Эрт үеийнхэн махаа зажилж, энэ нь эрүүний ясны хөгжлийг дэмжин, бат бөх, том болгож, тиймээс ч өнөөх байх ёстой 32 шүд бүгд ургадаг байж” хэмээн доктор Картер тайлбарласан байна.
Гэхдээ эл эмгэгийг хөхөөр хооллохоос эмэгтэйчүүд татгалздаг болсонтой холбон тайлбарлах эрдэмтэд ч байдаг. Хөхөө хөхөх нь багачуудыг буйлны өвчлөлөөс сэргийлдэг гэж тэд үздэг.
Юутай ч Хойд Америкт 1920-1940-өөд онд амьдарч байсан индианчуудын 370 хүний ясанд судалгаа хийхэд шүд дутах, эсвэл муруй байх тохиолдол илрээгүй бол орчин цагийн хүмүүсийн дунд зуулт зөрөх, шүд дутах болон бусад ясны эмгэг цөөнгүй илэрсэн байх юм.
Буйлны өвчлөл
Буйл хавдах, үрэвсэх, халдварлах нь хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээл. Насанд хүрэгчдийн тал хувь нь буйлны өвчлөлтэй байдаг аж. Бас л эртний хүмүүс ийм өвчин гэдгийг бүр мэддэг ч үгүй байсан гэхэд хилсдэхгүй.
Тайваний НТӨ 1800-500 оны үед амьдарч байсан хүмүүсийн биед шинжилгээ хийхэд амны хөндий, буйлны ямар нэгэн өвчнөөс шаналж байгаагүй нь тогтоогджээ.
“Буйлны элдэв өвчлөл бий болох шалтгаан нь мөн л хатуу мах, зажлууртай ногоо хэрэглэхээ больсонтой холбоотой. Эдгээр хүнс нь байгалийн оо болдог байж” хэмээн Картер эмч тайлбарлажээ.

Хорхойтох
Нас нэмэх тусам хөгшрөлттэй хамт сэтгэл зовниулдаг бас нэг өвчин бол шүд цоорох. Харин эртний хүмүүсийн дундах эл өвчлөлийг тоолбол таны нэг гарын таван хуруу хангалттай хүрэлцэнэ хэмээн профессор Хилсон сонирхуулсан. Гэтэл байдал өнөөдөр огт өөрөөр эргэсэн.
Их Британийн насанд хүрэгчдийн 55 хувь нь нэг ба түүнээс олон цоорсон шүдтэй байна гэсэн судалгаа бий. Бүр 15-аас доош насныхан ч хэдийнэ шүдний цоорол гээчийн зовлон амссан байх юм.
“Нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь амны хөндий дэх нян үржих таатай орчныг бүрдүүлдэг. Мөн амны хөндийн хүчиллэг байдлыг нэмэгдүүлж, шүд хайлах явцыг түргэсгэдэг” хэмээн Шүдний институтын профессор Филип Марш тайлбарласан.
Гэхдээ хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол хүнсэндээ чихэр ихээр хэрэглэдэг болсон явдал. Ялангуяа 1800-аад оноос эхлэн британичууд элсэн чихэр бол тансан хэрэглээ гэж үзэх болсон байна. Үр дүнд нь шүдний цоорол хүн төрөлхтний толгойн өвчин болж.

Тэгвэл бид юу хийх вэ?
Цөөнгүй эрдэмтэд эрүүний булчинг сайн ажиллуулж, зажлах үйлдлийг дөрвөн настай байхаас нь олон давтуулдаг болсноор энэ асуудлыг шийдэж болно гэж үзэж байна. Хатуу мах, үр тариа, зажлууртай ногоо хэрэглэх нь тустай гэж үзэх ч эрдэмтэн цөөнгүй байна.
Харин Картер эмч “Бүх төрлийн хүнснийхээ найрлаганд чихрийг аль болох оролцуулахгүй, гаазтай ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн ундааг хүйтнээр уух нь шүдийг гэмтээх явцыг багасгадаг. Чихрийн хэрэглээгээ багасгаснаар багагүй үр дүнд хүрнэ” хэмээн зөвлөжээ.

Тунхаглаагүй тусгаар тогтнол



Шинэ жил, ардын хувьсгалын ой, цагаан сар, олон улсын эмэгтэйтэйчүүдийн баяр, эх үрсийн баярын өдөр, монгол цэргийн өдөр... Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэндээ бид энэ баярын жагсаалтыг наймдугаар сарын 8-ныг аавуудын өдөр болгон зарлаж, даяаршилтай хөл нийлүүлэн алхаж буйгаа мэдрүүлэх гэж Гэгээн хайрын өдөр, Сүнсний баяр, Зул сарын буюу Христийн шашинтнуудын үздэгээр Есүсийн төрсөн өдрийг ч алгасалгүй тэмдэглэх болсон. Үүн дээр үндэсний бахархлаа зарлан тунхаглах Чингис хааны мэндэлсний ойн баяр нэмэгдэх нь тэр. Хачирхалтай нь харийн болон үндэсний, хамтын болоод цөөнхийн эл олон баярын жагсаалтаас тунхаглан, бахдан зарлах учиртай Тусгаар тогтнолын баяр гээгдээд хоцорчихов уу даа. 

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт БНХАУ бүх нийтээр долоо хоног амарч, хил  гаалиа хаадаг. Элдэв төрлийн барааны хомсдлын тухайд “Хятадууд долоо хоног амарч, хилээ хаасан” хэмээн наймаачид тайлбар тавихыг та сонсож л байсан байлгүй. Харин тэд юунд ийн ажлаа алдан найрлаж цэнгэдэг юм бол гэсэн асуулт төрж байв уу? 1949 оны аравдугаар сарын 1-нд тус улс Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаж, Тиань ань мений талбайдаа ёслол төгөлдөр баяраа тэмдэглэж байж. Түүнээс хойш эл өдрийг тусгаар тогтнолын баярын өдөр хэмээн тунхаглаж, жил бүрийн энэ өдрийг бүх Хятад даяар (Хонконг, Макауд ч тэр) ёслолын буудлага хийж, тоглолт зохион байгуулан баяр ёслол, хүндэтгэлийн байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
Яг л энэ жишгээр бид орчин цагийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан төрт улсын илэрхийлэл болсон анхдугаар үндсэн хуулиа 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталснаа “Тусгаар тогтнол”-ын өдөр хэмээн нэрийдэж, тэмдэглэлт баярын өдөр хэмээн хуанлин хуудаснаа улаанаар будаж, баярлах болсоор цөөнгүй жилийг ардаа үдсэн. Өвөө эмээ нарын бага залууд төв талбайд баярын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, үнэ цэнэтэй эл баярыг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд бүх нийтийн амралтын өдөр, үндэсний бөхийн барилдаанаар л төсөөлөгддөг болсон нь өдгөө бүр үгүй болж байгаа юм биш биз.
Тусгаар тогтнолын баярын тухайд үндэсний хувцасны өдөрлөг, бөхийн барилдаанаас өөр төсөөлөл ойлголт маруухан шинэ цагийн залуус Зул сарын баяр, Валентиний өдөр, Сүнсний баярын талаар харин уртаас урт мэдээлэл хүргэж чадна. Тэд эдгээр баярыг хуруу даран хүлээж, бэлэг сэлт, хувцас хунараа хэдэн сарын өмнөөс бэлдэж төхөөрөх атал Тусгаар тогтнолын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар тоймтой ойлголт ч үгүй. Угаас бид залуу үедээ тусгаар тогтнолын үнэ цэнийг тунхаглан таниулаагүйгээс, эл баярын ач холбогдлыг үлгэрлэн үзүүлээгүйн үр дүн нь тэр.
Нөгөөтэйгүүр бид баярлах дуртай атал баярынхаа ач холбогдол үнэ цэнийг бус, зугаа цэнгэл, найрлаж наргихыг л илүүд үздэгийн хор уршиг энэ. Тиймдээ ч манайхаас бусад бараг бүхий л оронд нэн тэргүүнд тавьж, ёслол төгөлдөр тэмдэглэдэг, товчхондоо хамгийн чухал баяр нь монголчуудын хувьд их ажлаас түр холдож, амсхийх энгийн нэгэн амралтын өдөр төдий болон хувираад байсан.
Эл ээдрээт байдлыг бүр ч төөрөгдүүлж орхисон бас нэгэн зүйл бол арваннэгдүгээр сарын 26-ныг тусгаар тогтнолын өдөр хэмээн тодорхойлох нь зөв үү гэх асуудал. Үнэхээр ч түүхчдийн өгүүлж буйгаар 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болсон хэдий ч түүнээс өмнө буюу 1911 онд тусгаар улс болсноо тунхаглан зарлаж байсан түүх бидэнд бий.
“Богд Живзундамба хутагтын санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үр дүнд хүрч, 1911 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон. Энэ үеэр Богд Живзундамба хутагтыг Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанаар, Цагаан дарийг “Улсын эх” хэмээн өргөмжлөн, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, Их хүрээг улсын төв “Нийслэл хүрээ” болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг хийжээ” гэх өгүүлбэрүүдийг та түүхийн ном товхимол, сурах бичгүүдээс уншиж л байсан биз.
Түүхчид ч эл төөрөгдлийг арилган, Бүгд найрамдах хэмээх засаглалтай улс болсноо биш, туурга тусгаарласан өдрөө албан ёсоор баярлан өнгөрүүлэх тухай асуудлыг хөндөн хэдэн жилийн өмнөөс хэлэлцэж, Ерөнхийлөгчид Тусгаар тогтнолын баярын өдрийг эл өдөрт шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байжээ. Тиймдээ ч өнгөрөгч онд эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой” хэмээн онцолж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Засгийн газрын шийдвэрээр эл өдөр бүх нийтээр амарч байж.
Гэсэн ч бусад орнуудынх шиг сүрдэм ёслолын буудлага, баярын жагсаал, тоглолт, үгүйдээ л өрх айл бүр баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх эл баяр өнөөх арванхоёрдугаар сарын 25-31-нд үргэлжилдэг Есүсийн төрсөн өдөр, он солигдох баярын сүр дуулианд дарагдан өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Өнөө жил харин үндэсний бахархал эзэн Чингисийн төрсөн өдрийн хүчтэй давалгаанд өнөөх уламжлал болгон тэмдэглэж ирсэн Тусгаар тогтнолын өдөр цохигдон үгүй болох нь тэр.
Бусдын эрх мэдэл, эзэрхэг ёсноос хараат бус, эрх чөлөөт ард түмэн гэдгээ ухамсарлан ойлгож, тусгаар тогтнол, бие даасан байдлын үнэ цэнийг таниулах чухал ач холбогдолтой эл баярыг зөвхөн Азид ч бус, Америк, Австри, Аргентин, Бразил, Куба, Грек, Унгар, Энэтхэг, Солонгос, Мексик, Польш, Швед, Швейцарь тэргүүтэй дэлхийн олонх орнууд баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг.
Америкт гэхэд л Их Британийн эзэнт улсаас салан тусгаарлаж, 13 мужаа өөртөө нэгтгэн өрх тусгаарласнаа тунхаг бичигт тэмдэглэн гаргасан 1776 оны долдугаар сарын 4-нийг түүхт баярын өдөр хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Эл өдөр баярын жагсаал, галын наадам, багт наадам, үзэсгэлэн яармаг, тоглолт, бейсболлын тэмцээн, гэр бүлийн уулзалт, баярын хүндэтгэлийн хурал зэрэг олон талт арга хэмжээ салбар бүрт өрнөдөг. Тиймдээ ч америк иргэн бүр эл баярыг тэсэн ядан хүлээж, чухал ач холбогдол өгч, товчхондоо бидэн шиг илээд өнгөрөх биш, жинхэнэ ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг аж.
Хөгжингүй орныхныг даган дуурайн хөл алдаж, данхайсан төсөвтэй далайцтай тэмдэглэхгүй юмаа гэхэд ядаж афганистанууд шиг дэлхийн өнцөг булан бүрт суугаа афганчууд баярлаж, төрийн тусгай ёслол үйлддэг, Финлянд шиг төрийн өндөрлөгүүд оролцсон албан ёсны арга хэмжээ зохион байгуулж, түүнийгээ орон даяар нэвтрүүлдэг байх сан. Гол нь найрлаж, наргиж цэнгэхдээ бус, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэндээ таниулдаг, эл баярыг элдвийн чамин нэр, сүржин тодотголтой гаднын баяруудаас илүү чухалчилдаг болгон иргэдээ төлөвшүүлэх нь баярын эрхэм зорилго байгаасай.
Бүгд найрамдах ч бай, Богд хаант ч бай хараат бус, бие даасан гэдгийг тунхагласан өдрийг л нэхэн сануулах учиртай тусгаар тогтнолын өдөр суутан, гавьяатан, алдартан, түүхт нэгний төрсөн өдөрт дарагдаад, нэр дурдах төдий өнгөрдөг элээх эгэл жирийн өдрүүдийн нэг болон бүү хоцроосой.