Thursday, June 23, 2011

Гималайн уулсаас ч ахмад Ази галуу


“Хамгийн, хамгийн” гэх тодотгол Ази галуунд л тохирно. Олон улсанд тэр дундаа барууны орнуудад ази галуу нэрээр танигдсан хээрийн галууг Их Британийн Бангор их сургуулийн шувуу судлаачид гурван жил ажигласны эцэст хамгийн өндөрт нисдэг шувуу хэмээн саяхан зарласан бол түүнээс ч өмнө галуу хэлбэртний багийн хамгийн ахмад нь Ази галуу хэмээн судлаачид санал нэгдээд байжээ. Түүнчлэн богино хугацаанд хол зай туулдаг, тэсвэр тэвчээртэй гээд энэ зүйлийн шувуу олон чадвараараа судлаачдын анхаарлыг татдаг.
БЛИЦ

Биеийн урт: 75 см
Биеийн жин: 1.87-3 кг
Тархац: Энэтхэг Бирмд өвөлжиж, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсийн нуур гол, Орог, Бөө цагаан, Тонхил, Цэцэг нуур, Завхан голын сав, Хар ус, Ховд гол, Ачит, Өрөг, Цагаан, Толбо, Дөрөө нуурт өндөглөн зусдаг.
Өндгөө тээх хугацаа: 27 хоног
Өндөг: 4-6
Ангаахай өдлөх хугацаа: 50 хоног
Нас бие гүйцэх хугацаа: Гурван жил

Өвчний ачаар анхааралд өртсөн нь

Төв Азид нутаглаж, галууны хэлбэртний багийн эл зүйлийг эндээс анх олсон болохоор барууны орнуудад хээрийн галууг Ази галуу гэх нь түгээмэл. Мөн дагзан дээрх хоёр бараан судал нь “судалт галуу” гэх хочтой болоход хүргэжээ. Хэдийгээр хээрийн галууг галуу хэлбэртний өвөг хэмээдэг ч дэлхий нийтэд шувууны ханиад гэх тахал нүүрлэж, харанга дэлдэхээс өмнө судалгааны ажил хангалттай хийж, энэ шувууны ид шидийг нийтэд зарлаагүй байв. H5N1 вирусээр халдварладаг тахал дэгдэх үеэр шувуу судлаачид төдийгүй энгийн иргэдийн анхаарал Ази галууны зүг эргэсэн гэдэг.

Тэсвэр тэвчээрийн гайхамшиг

Нарны илч наашлахтай зэрэгцэн Гималайн уулсыг давж, Монголыг зорьдог тул хээрийн галууг хамгийн эрэлхэг, тэвчээртэй шувуу хэмээдэг. Хавар бүр хатуу ширүүн уур амьсгалтай Төв Азийн нутгаар 3500-4200 км зам туулж, өндөглөдөг учраас ийн тодорхойлдог. Энэтхэг өмнөд хэсэгт өвөлжиж, нүүдэллэх үедээ өвлийн хахир шуургатай нүүр туулдагийн дээр өндөр уулсын дээгүүр аялах үеэр хээрийн галууны далавч нь цантаж, заримдаа мөс тогтох үе ч бий.

Өндөр наст өвөг галуу

Их Британийн эрдэмтдийн гурван жил хийсэн ажиглалт судалгаа нь хүн төрөлхтөнд ази галууны хэд хэдэн нууцыг дэлгэх боломж олгосон. Саяхныг хүртэл эрдэмтэд хээрийн галууг өдрийн цагаар нүүдэллэн, өндөр уулсын салхинд элэгдэн эвдэрсэн хэсгээр нисдэг хэмээн таамагладаг байж. Харин 2009 оноос хийсэн ажиглалт тэднийг ихэвчлэн шөнийн тогтуун цагаар нүүдэллэдэг болохыг тогтоожээ. Эрдэмтэд саяхныг хүртэл “Ази галуу яагаад заавал хүнд ширүүн уур амьсгалтай бүсээр дайрч, Гималайн өндөр уулсыг даван нүүдэллэдэг юм бол” гэх асуултын хариуг ололгүй гайхсаар байж. Харин энэ судалгааны эцэст “Гималайн уулс атираатан тогтохоос ч өмнө хээрийн галуу Энэтхэгээс Төв Азийг чиглэн нүүдэллэдэг байсан” гэсэн таамаг дэвшүүлэн санал нэгдээд байна. Энэ талаар тус судалгааны багийн ахлагч ноён Хаукс “Галуу хэлбэртний багийнхан шувууны төрөл зүйлүүдээс хамгийн эртнийхт тооцогддог. Тиймээс судалт галуу уулс өнөөдрийнх шиг өндөр болон атираатахаас өмнө амьдарч байсан байх магадлал өндөр” гэжээ.

Өндөрт нисэхийн нууц

Өндөрт нисэх чадвар нь хээрийн галууны биеийн онцлогтой холбоотой. Цусан дахь улаан эсийн бүтээмж нь бусад амьтныхаас хэд дахин их тул түүнийхээ ачаар даралт ихтэй өндөр газар хүчилтөрөгчөөр дутагдалгүй удаан хугацаагаар аялдаг аж. Түүнчлэн улаан эсийн энэ онцгой чадамж нь хатуун ширүүн нөхцөлд ч олон цагаар нисэх эрч хүчийг сэлбэж, хүйтэн орчинд биеийн дулаанаа хадгалах боломж олгодог хэмээн Бангор их сургуулийн эрдэмтэд дүгнэлтдээ онцолжээ.

ПАРИС ХИЛТОН: ХҮМҮҮС ЯМАР АЖИЛ ХЭРЭГЧ БОЛОХЫГ МИНЬ ГАЙХДАГ


Хэвлэлийн баатар хэмээгддэг Парисын тухай мэдээлэл өдөр бүр шар сонины нүүр чимдэг. Хилтоны нэрт өв залгамжлагч, зугаа цэнгээнд дуртай түүний ярилцлага хэрэгт дуртай нэгний анхаарлыг татдаг хэдий ч цөөнгүй хүний эгдүү хөдөлгөдөг гэнэ. Гэсэн ч энэ эрсдэлийг үл хайхран Пирс Морган түүнийг ээж Кэти Хилтоны хамт нэвтрүүлэгтээ урьжээ.

-Өмнө нь манай нэвтрүүлэгт Ким Кардашиан, Линдсей Лохан нар оролцож байсан бол энэ удаа Парис уригдсан. Түүний тухай ярих шинэ зүйл юу байх билээ хэмээн гайхашрах хэрэггүй. Учир нь бид энэ удаа түүний дотоод ертөнц рүү өнгийж, таны төсөөлж байгаагаас тэс өөр хүн болохыг харуулах юм. Хатагтай Хилтонд толгой өвтгөх олон бэрхшээл тулгардаг ч тэр хэзээ ч зовлон тоочиж байгаагүй. (Бичлэг)
Парис Хилтон: Пирс, эмэгтэй хүн бүрт дотроо тээж явдаг нууц байдаг. Харин өнөөдөр би чамд бүгдийг нь дэлгэнэ.
-Харин ээж нь түүний цочирдмоор шийдвэрүүдийг хэрхэн хүлээж авдгаа ярихаар студид маань ирлээ. Арслангийн үүрэнд орчихсон юм шиг санагдаж байна уу, Парис? Парис Хилтон: Жаахан эмээж л байна.
-Яагаад?
Парис Хилтон: Сэтгүүлчидтэй уулзахдаа би үргэлж сандардаг юм. Гэтэл өнөөдөр бүр CNN телевизийн студид ярилцлага өгөх гээд сууж байна шүү дээ.
-Яагаад заавал CNN хэмээн онцолж байгаа юм бэ? Парис Хилтон: Хүн бүр энэ телевизийг мэддэгээс гадна CNN бол шар мэдээл хөөцөлддөггүй, илүү ажил хэрэгч асуудлын тухай нэвтрүүлдэг болохоор тэр.
-Хүмүүс таныг ажил хэрэгч гэж боддог болов уу? Парис Хилтон: Намайг сайн таниад эхлэхээрээ ямар ажил хэрэгч эмэгтэй болохыг минь гайхдаг.
-Өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн гаргаж, шаргал үстнүүдээр хүрээлэл үүсгэхийн юу нь танд тийм чухал юм бэ? Парис Хилтон: Өмнө нь би өөрийн гэсэн бүхнийг бүрдүүлэх гэж зүтгэж ирсэн. Харин одоо 30 нас хүрчихлээ. Энэ бүхнийг эдлэх гавьяатай гэж бодож байна.
-Бид телевизийн шоунд зориулан Лас Вегаст гэрлэж, бас дэлгэцийн түүхэн дэх хамгийн болхи үнсэлтийг үзэгчдэд үзүүлсэн байх. Тэр гэрлэлт танд ямар санагдсан бэ? Парис Хилтон: Хөгжилтэй байсан. Хүн бүрт Лас Вегаст хуримын ёслолоо хийх боломж олдохгүй шүү дээ.
-Та ямар шалтгаанаар нэвтрүүлэгт маань оролцож байгаагаа ярихгүй юм уу? Парис Хилтон: Чамайг санаад л… (инээв) Үнэндээ би “Парист хамааралтай ертөнц” нэртэй шоу нэвтрүүлэг хийж байгаагаа танилцуулах гэсэн юм аа.
-Парист энэ дэлхий дээр болж байгаа үйл явд лууд хамаатай гэж үү. Жишээлбэл та Зүүн өмнөд Азид болж буй үймээний тухай сонирхдог уу. Эсвэл амьдралд тань хамаагүй учир чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг үү? Парис Хилтон: Хэдийгээр надад шийдэх олон асуудал байдаг ч би дэлхий дээр болж буй бүх томоохон асуудалд анхаарал хандуулдаг. Түүнийхээ хажуугаар бизнесээ эрхэлнэ.
-Кэти та нэлээн удаан дуугүй суулаа. Кэти Хилтон: Тэглээ.
-Парис шиг охинтой байна гэдэг хэцүү юү? Кэти Хилтон: Их дадлага туршлагатай болдог.
-Нэр хүндтэй, өөрийн бизнесийн гүрнийг босгосон хүний ээж байх хэцүү юү л гэх гэсэн юм. Кэти Хилтон: Миний хувьд Парис хэзээд миний охин байх болно. Гадагшаа гарахаас бусад үед ээж охин хоёр ямар байдаг, бид яг л тийм харилцаатай. Харин гудамжинд гарах үед тэр бүх галзуурал энэ харилцааг маань хумигдмал болгочихдог. Нэг удаа бид хоёр Лас Вегаст дэлгүүр хэсэж явсан юм. Гэтэл нэг дэлгүүрийн үүдэнд зогсож байтал бороохой барьсан цагдаа нартай уралдан их олон хүн биднийг чиглээд гүйж яваа харагдав. Тэд бүгд л амандаа “Тэрийг хар даа. Парис Хилтон явж байна” гээд л орилолдож байсан. Энэ бүхэн надад хачирхалтай санагдсан шүү. Тэд бүр биднийг хамт явах ч нөхцөл олгохгүй байлаа.
-Энэ бүхэн хэвлэл мэдээллийн салбарынхны ажлын үр дүн. Харин та тэдэнтэй ямар харилцаатай байдаг вэ, Парис? Парис Хилтон: Би бүр 15 настай байхдаа л хэвлэл мэдээллийнхний анхааралд өртсөн. Энэ бүхэн эхэндээ надад их хэцүү санагддаг байсан учир ээжтэй уулзах бүртээ уйлаад л ямар хэцүү байгаагаа хэлдэг байж билээ. Яваандаа энэ байдалдаа дасан зохицчихдог юм шиг байна. Одоо бол тэднийг төдийлэн анхаарахаа больсон. Амьдрал минь сайн сайхан зүйлсээр дүүрэн байхад тэр муухайг анхаарах хэрэг бий гэж үү.
-Та өөрийнхөө тухай мэдээллийг “Google”-ээр хайж байсан уу? Парис Хилтон: Үгүй дээ. Хэвлэлийн төлөөлөгчид маань миний тухай гарсан мэдээллүүдийг шүүж, чухлыг нь дуулгадаг юм.
-Хэрэв та “Авьяаслаг аме рик чууд” нэвтрүүлэгт оролц сон бол ямар авьяасаа үзэгчдэд сонирхуулах байсан бэ? Парис Хилтон: Дуулах.
-Та нээрээ дууны цомог гаргаж байсан байх аа. Парис Хилтон: Одоо шинэ цомгоо бичүүлж байгаа.
-Кэти охин тань авьяаслаг жүжигчин биш, тэгсэн атал өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн худалдаанд гаргаж, багагүй хөрөнгө хуримтлуулчихаж. Тэр яаж энэ бүхнийг хийсэн юм бэ? Кэти Хилтон: Тэр тун ажилсаг хүн. Байнга л ажиллаж, аялж байдаг. Тэр ажилдаа сэтгэлээ зориулж чаддаг юм.
-Та түүнд санаа зовдог уу? Кэти Хилтон: Зовдог байсан. Одоо больсон.
-Тэр томоожиж байгаа болохоор уу? Кэти Хилтон: Тийм ээ. Тэр өсөж томрох тусмаа илүү олон зүйлийг ойлгож ухаарч байна.
-Тэгэхээр та 30 хүрсэн хойноо л насанд хүрснээ ухаарч байгаа байх нь ээ? Уг нь 18 хүрсэн хүнийг нас биед хүрлээ гэж үздэг байх аа. Парис Хилтон: Тийм ээ. Кэти Хилтон: Гэхдээ тэр одоо ч жаахан охин шиг аашилдаг. Түүнд сэтгэл татам сайхан чанар олон бий.
-Гэхдээ хүмүүс… Кэти Хилтон: Намайг уурлаж загнах үед тэр огт бухимдаж, зөрүүдлэлгүй “Уучлаарай, за ээж ээ” гэдэг.
-Хүмүүс яагаад Парист тэгж их анхаарал хандуулдаг юм бол? Кэти Хилтон: Нэгдүгээрт түүний нэр хүндтэй овог нь хүмүүсийн анхаарал татах шалтгаан болдог байх. Нөгөө тэйгүүр тэр төрөлхийн сэтгэл булаам төрхтэй. Тэгээд Парис өөрөө ч нэр хүндэд дурламтгай нэгэн. Хүн бүр түүнийг “Парис яагаад хаа сайгүй зугаалж, хүссэн бүхнээ хийдэг юм бэ” гэж шивнэлддэг.
-Гэхдээ тэр тэгдэггүй байх аа. Кэти Хилтон: Тэр их хатуужилтай хүн. Энэ бүхнийг би чамайг өмөөрсөндөө хэлж байгаа юм биш шүү, Парис. Учир нь ээж нь чиний хамгийн үнэнч шүтэн бишрэгч. Ажилдаа чин сэтгэлээ зориулсан Кардашианы эгч дүүс шиг бүсгүйчүүдэд би дуртай.
-Хүмүүс таны талаар ташаа ойлголттой байдаг уу? Парис Хилтон: Их олон зүйл дээр эндүү ойлголттой байдаг. Намайг Хилтоны өв залгамжлагч болохоор бүх зүйл нь амар хялбар бүтэж байдаг, нэг ч өдөр ажил хийж үзээгүй гэсэн бодолтой хүн их олон байдаг юм билээ. Гэхдээ бодит амьдралд бол би толгой өндийх ч завгүй ажилд дарагдан суудаг нэгэн. Энэ бүхнийг би өөрийн гараар босгосон, гэр бүлээсээ одоохондоо юу ч аваагүй байгаа шүү.
-Бахархмаар амжилт байна. Хэлэх үг ч олдохгүй нь. Кэти Хилтон: Тэр өөрийн хүч хөдөлмөрөөр энэ бүх хөрөнгийг цуглуулсан. Хүмүүс түүнийг мөнгөнд санаа зовдоггүй, эрх танхи нэгэн гэж боддог шиг байгаа юм. Би нэг зүйлийг огт мартдаггүй юм. Бид Нью-Йоркт нүүж ирэх үед тэндхийн хүн бүр гар утас ашигладаг байв. Ники, Парис хоёр зэрэгцээд л гар утас аваад өгөөч гэж гуйсан боловч би зөвшөөрөөгүй. Түүнээс хагас жилийн дараа утас авч өгтөл гээчихсэн. Тэдний хувьд гар утасны асуудал тэгээд л дууссан. Харин хүмүүс тэднийг хүссэн зүйлээ дуртай цагтаа авахуулдаг гэж боддог байх.
-“Хилтон” корпорацийн өв залгамжлагчид ажил хийх хэрэг бий гэж үү. Таны оронд өөр охин байсан бол юу ч хийхгүй гар хумхин суух байсан нь эргэлзээгүй. Парис Хилтон: Бүр жаахан байхаас л аав ээж хоёр минь биднийг бүхнийг өөрсдөө хий гэсэн зарчмаар хүмүүжүүлдэг байсан. Хэдийгээр би овгоо ашиглан бүхнийг амар хялбар хийж болох ч Хилтоны ач охин гэдгээ бусдаас нуудаг б а й в . Пари сын гэх эзэнт гүрнийг өөрөө л босгохыг хүсдэг байсан учраас тэр. Магадгүй энэ зарчим миний мах цусанд шингэсэн байдаг биз.

Saturday, June 11, 2011

Эртний түүхт урлагийг ирээдүйд мөхөөхгүй юмсан

“Хошин урлагийг хорьвол таарна. Болхи бүдүүлэг, боловсролгүй нэгний уйдсан сэтгэлийг зугаацуулагч утгагүй тэнэглэл”. Нийтийн бодол нэг туйл руу хэлбийж, зэрэг зиндаагаар урлагийг зэрвэсхэн дүгнэж ялгаварлах болсон өнөө цагт хэдэн мянганы түүхтэй атал хэрэгцээгүй хэмээн адлагдах болсон хошин урлагийг өмөөрч бичих нь.
Эртний грект үүссэн цагаасаа л энэ төрөл адлагдаж байсан уу гэвэл эндүүрэл. Аристотель “Поэтик” бүтээлдээ утга зохиолын дөрвөн төрлийн нэгт эл урлагийг багтааснаас гадна хошин урлагийг “Бодит амьдралаас хамгийн хол хөндий” хэмээн тодорхойлсон байдаг. Цааснаас гараагаа эхэлсэн урлагийн энэ төрөл удалгүй хүрээгээ тэлж тайзнаа хөл тавьжээ. Түүнийгээ дагаад дундад зууны үед хошин урлаг гэх нэр томъёоны утга, агуулга бүрэн өөрчлөгдөж. Грек ромчууд аз жаргалтайгаар төгсөж буй жүжгийн төрлийг “комеди” хэмээн ойлгох болсон байна. Харин яг энэ үеэр арабчууд хошин урлагийг “зэмлэх урлаг” хэмээн нэрийдэж байв. Энэ нь ёж утга, егөө үгээр нийгэмд гарсан сөрөг үзэгдлүүдийг шүүмжлэн, буруушааж байсан нь өрнийн урлагт ч тусгалаа олов. Энэ үед л хошин жүжгүүд эрчээ авч, тайзны урлагийг байлдан дагуулж эхэлсэн байна. Жүжгийн зохиолчид бүгд л хошин жүжигт хүч сорьж, нэрт зохиолч Аристофан 40 гаруй жүжиг бичсэний 11 нь XXI зуунд ч дэлхийн өнцөг булан бүрт тоглогдсоор байна. Чарли Чаплин, Рован Аткинсон, оросын нэрт алиалагч Попов гээд эл урлагийн ачаар дэлхий дахинаа хүндлэгдсэн олон зуун алдартнуудын жагсаалтыг гаргаж болно. Өнөөдөр ч Дэвид Лэттермэн, Бэрри Хампри зэрэг уран бүтээлчдийг барууныхан үнэлж хүндэтгэсээр байгаа нь энэ урлаг дэлхий дахинд үнэ цэнээ алдчихаагүй байгааг харуулна.
Комеди буюу хошин урлаг гэх үг сонгодог грек хэлээр “тосгоны наргиа” гэсэн утгатай. Эндээс л доодсын гэж дорд үзэх үзэл урган гарсан байх юм. Угтаа үүссэн цагаасаа л энэ урлаг үнэ цэнэтэй байсныг түүхэн баримтууд гэрчилнэ. Театр хэмээх урлагийн ариун сүм сурвалжтан, язгууртнуудад л хаалгаа дэлгэж байх тэр үед л тайзэн дээр нь хошин жүжгүүд тоглогдож байж. Шинэ зууны монголчуудын олонх нь үзэгчдээр нь үнэлж, эл төрлийг доодсынх хэмээн ангилах болсон. Тэгвэл эзэгтэй Дэйм Эднагийн хошин үзүүлбэрийг хуримын цайллагад ирсэн зочдодоо сонирхуулах шийдвэр гаргасан ханхүү Уильямын сонголтыг юу гэх вэ. Төмөр хатагтай Маргарет Тэтчер ч түүний тоглолтыг таалан сонирхдог нь энэ төрлийн урлаг ихэс дээдэст хүндлэгдсээр байгаагийн тод илрэл.
Утга зохиолын нэг төрөл хэмээн цааснаа л харьяалагдаж байсан хошин урлаг өдгөө хүрээгээ тэлж, дэлхий дахинаа хөгжим, бүжиг, дуурь, драм, циркт ч өөрийн тусгалаа олоод буй. Харин бие даасан хэлбэрээр элэглэл илүүтэй эрчээ авах болсон. Үр ашиг, ач холбогдолгүй байсан бол эсэргүүцэх олны саналд би ч гэсэн хувь нэмэхсэн. Гэхдээ зэмлэх урлаг үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх боломж олгодгоороо давуу талтай. Үнэн үг чихэнд хатуу ч явдалд тустай хэмээдэг. Харин тэр хатуу үгсийг зөөлрүүлж, нийгмийн хар бараан бүхнийг толины тусгал мэт нийтэд ойлгуулах үүрэгтэй тул энэ урлаг ач холбогдолтой. Дундад зууны үед язгууртны ямба, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах болсон гаж тогтолцоог хошин жүжиг л нийтэд дэлгэн тавьж, сүр хүч, ач холбогдлоо гайхуулсан. Зэх зээлийн нийгэмд шилжих хүнд бэрх цагт, талх, сүүний дараалалд зогссон бухимдлаа инээдмийн жүжгүүдээр л гаргаж, стрессээ тайлж байсан учир эл урлагт талархах учиртай цөөнгүй үндэстний нэг нь бид.
Хүнд айх хэрэгцээ байдаг гэж эрдэмтэд дүгнэдэг. Түүний адилаар инээх хэрэгцээ ч бий. Эл хэрэгцээг хангаж, суурин соёлын өвчин хэмээдэг стрессээсээс урьдчилан сэргийлэх, түүнийг анагаахын зэрэгцээ нийгмийн “өвчнийг” ч эдгээх эм болох увдистай эртний түүхт эл урлагийг мөхөөчихгүй юмсан.

“Салхины охид”

Улаан, шар, бор, хар гээд л өнгө өнгийн үстэй, өвөрмөц содон хувцасласан охид хотын гудмаар хамт алхаж байвал “Өнөөх “25 дугаар суваг” телевизийн охид уу” гэж шивнэлдэх хүн олон болж. Охидын “Anemone” хамтлагаар овоглосон хоёр ч дуу богино долгионы радио сонсогчдын дунд хит болж, үе тэнгийн охид нь амандаа аялан алхдаг болсноос “Making the band” нэвтрүүлгийн хамт олон хэдийнэ зорилгоо биелүүлжээ гэж дүгнэж болохуйц. Гарын таван хуруунд ч багтахуйц цөөн охидын хамтлагтай байсан Монголын рок попын ертөнцөд “Гурван охин”, “Эмоушн”-ы гишүүд хэдийнэ 30 дөхсөн бүсгүйчүүд болж, охидын хамтлагийн орон зай эзгүйрэн хоцорсон өнөө цагт энэ төрлийн хамтлагийн эрэлт хэрэгцээ байсан нь илт. Эхний дуу нь сонсогдчын хүртээл болсон даруйд л томоохон цахим хуудсуудад тэдний тухай хэлэлцүүлэг нээгдэж, маргаан дэгдээгчдийн сэтгэгдэл 20 гаруй хуудас болсон байгаа нь үүний нотолгоо.
Anemone гэх үгийг Оксфордын толь бичгээс харвал Грек гаралтай “Салхины охин” гэсэн утгатай хэмээн тэмдэглэсэн байх юм. Тайлбар толиос шүүвэл яргуйжин гэх 120 гаруй зүйлтэй цэцгийн аймаг гэж тодорхойлсон харагдана. Харин Монголын рок попын ертөнц дэх охидын хамтлагийн орон зайд хүч сорихоор дэлбээлж буй “Яргуйжин” ямар өнгө төрх, агуулгатай болохыг сонирхохоор тус хамтлагийн таван гишүүнтэй ярилцлаа.

Жулиа

Овог, нэр: Х.Жулдыз
Төрсөн он, сар, өдөр: 1994.12.20
Биеийн өндөр: 173 см
Биеийн жин: 56 кг

Цэнгэлэн
Овог, нэр: Б.Цэнгэлэн
Төрсөн он, сар, өдөр: 1991.08.09
Биеийн өндөр: 172 см
Биеийн жин: 52 кг

Жанна
Овог, нэр: Я.Баяржаргал
Төрсөн он, сар, өдөр: 1992.07.24
Биеийн өндөр: 168 см
Биеийн жин: 47 кг

Оно
Овог, нэр: Т.Оюунтуяа
Төрсөн он, сар, өдөр: 1991.03.29
Биеийн өндөр: 161 см
Биеийн жин: 53 кг

Халиунаа
Овог, нэр: А.Халиун
Төрсөн он, сар, өдөр: 1992.08.22
Биеийн өндөр: 165 см
Биеийн жин: 52 кг

Урвасан охид

-“Anemone” хамтлагийн охид Монголын рок попын ертөнцөд хэрхэн хөл тавьж байгааг “Making the band” нэвтрүүлгийн ачаар үзэгчид сайн мэдэж байгаа. Харин нэвтрүүлэгт оролцохоос өмнө хамтлагийн гишүүд юу хийдэг байсныг тэр бүр мэдэхгүй байх.
Жулиа: “Anemone” хамтлагийн гишүүн болохоос өмнө жирийн л нэг сурагч охин байлаа. Хичээлдээ явахын хажуугаар бүжиглэдэг байв. Гэхдээ нэг их нэр хүндтэй, том хамтлагт биш. Зүгээр л энд тэнд болсон арга хэмжээнд бүжиглэдэг байсан.
Оно: Би СУИС-д эстрад дуулаачийн мэргэжлээр суралцдаг. Хичээлийнхээ хажуугаар урлагийн тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ үлээвэр хөгжмийн найралд хөгжим тоглодог байсан.
Цэнгэлэн: Хичээлдээ явахын зэрэгцээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бүжиглэдэг байсан.
Жанна: Миний хувьд ч бас охидынхоо л адил хичээлдээ л анхаарал хандуулсан охин байсан. “Making the band” нэвтрүүлэгт оролцохын өмнө “Universe best songs” нэвтрүүлэгт бүртгүүлчихсэн байсан юм. Гэтэл аль алиных нь нэгдүгээр шатанд тэнцчихсэн. Тэгээд л нэлээд бодож байгаад “Universe best songs”-ийг орхиж, энэ нэвтрүүлгээ сонгосон.
Халиунаа: Өмнө нь би охидын амьд хөгжмийн хамтлагт дуулдаг байсан. Охидын хамтлаг цөөн болоод ч тэр үү рок хөгжим сонирхогчид манай хамтлагийг их дэмжнэ. Цөөн ч гэсэн сонсогчтой, фэнүүдтэй болчихсон байсан. “Coke and Beat” наадмаас тусгай байрын шагнал хүртэж, “Playtime” наадамд 2008, 2009 онд оролцсон.
-Ямар зорилгоор нэвтрүүлэгт орохоор шийдсэн бэ?
Жулиа: Танил маань энэ тэмцээнд оролцох санал тавьсан болохоор эхэндээ яг ямар учиртай нэвтрүүлэгт оролцож байгаагаа сайн ойлгохгүй, зөвхөн эхний шатандаа тэнцчих юмсан л гэж бодож байсан. Яваандаа тэмцээний шалгаруулалт дуусаж, хамтлагийн охид бүрдэхэд л их том баг ажиллаж байгааг ойлгосон.
Оно: Мэргэжлийн багш маань зөвлөсөн болохоор миний хувьд ч бас эхэндээ энэ нэвтрүүлгийн талаар ямар ч ойлголтгүй шалгуулж байсан. Ямар ч байсан дуулж, бүжиглэн чадвараа сорих юм байна гэсэн л бүдэг бадаг зүйлийг мэдэж байв.
Цэнгэлэн: Хэдийгээр сайн бүжигчин байгаагүй ч, бүжиглэх дуртай, урлагтай хайртай учир эгч маань “Дуулах чадвараа сориод үзээч” гээд энэ нэвтрүүлгийг санал болгосноор бүртгүүлж байлаа. Өөрөө судалж, сураглаагүй тул охидынхоо адил энэ нэвтрүүлгийн тухай, их том баг бүрдэн хамтлаг байгуулна гэсэн ойлголтгүй л нэвтрүүлэгт шалгуулж байлаа.
Жанна: СУИС-ийн эстрад дуулаачийн Баасанбат багш маань нэвтрүүлэгт оролцохыг зөвлөсөн юм. Оно бид хоёрын хувьд дуулаачийн мэргэжил сонгосон учир уран бүтээлч болох эрэл хайгуул хийж байлаа. Тиймээс л нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн. Анх нэвтрүүлгийн найруулагч Энхээ эгчтэй уулзтал “Эргээд дуудъя” гээд явуулж билээ. Удалгүй биднийг дуудаж, Чука ахад шалгуулсан.
Халиунаа: Хэдийгээр би хамтлагийнхаа охидоос хамгийн сүүлд орсон ч бас л нэвтрүүлгийн талаар тодорхой ойлголтгүй байсан. Гавьяат жүжигчин, СУИС-ийн эстрад дуулаачийн тэнхимийн эрхлэгч Ч.Насантогтох багш маань зөвлөсний дагуу Чука ахад шалгуулаад тэнцсэн. Тиймээс дуучин болохыг хүсдэг боловч учраа олохгүй явсан намайг зөв замд хөтөлсөн Насантогтох багшдаа их баярлаж явдаг.
-Анх од болно гэсэн дэврүүн сэтгэлээр ханддаг байсан гэж танай хамтлагийн продюссер хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байсан. Одоо бол хамтлагийн охидын зорилго нэлээд өөрчлөгдсөн байх, тийм үү?
Жулиа: Тэгэлгүй яах вэ. Би гэхэд л анх хамтлагт л багтчих юмсан гэж боддог байлаа. Харин одоо бол илүү холыг харж, хүсэж тэмүүлдэг болсон. Тиймээс аливаад илүү хариуцлагатай болж, өөрийгөө өмнөхөөс ч илүү дайчилдаг болсон.
Оно: Эстрад дуулаачийн ангид сурдаг болохоор ямар ч байсан дуучин болно гэсэн зорилготой байсан. Харин одоо зорилго маань илүү хамт олонч болж өөрчлөгдсөн. Монголын рок поп ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхтэй хамтлаг болохыг л чухалчилж байна.
Цэнгэлэн: Би ШУТИС-ийн хөнгөн үйлдвэрийн менежментийн ангид сурдаг юм. Тиймээс ямар ч байсан сургуулиа амжилттай төгсөнө гэсэн зорилго маань өөрчлөгдөөгүй. Түүн дээрээ нэмээд олонд хүрсэн сайхан дуунуудтай болно гэсэн зорилготой болсон. Хэдийгээр ирэх жил төгсөх ч өмнө нь урлагийн цаг наргүй хөдөлмөрийн зах зухаас ч амсаагүй болохоор аль алийг нь амжуулна гэдэг амаргүй л байна.
Жанна: Мэдээж дуучин болно гэсэн зорилго маань өөрчлөгдөөгүй. Харин өөрчлөгдсөн зүйл нь гэвэл эхэндээ нэвтрүүлгийн эхний шатуудад тэнцчих юмсан гэж боддог байсан бол хамтлагтаа багтчихсаны дараа нэг дуу гаргахсан гэж, дуу гаргасныхаа дараа одоо клиптэй болно гээд л зорилго маань бага багаар ахиад л байсан. Одоо бол өөрийн сонсогчидтой, хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан дуутай хамтлаг болохыг л зорьж байна.
Халиунаа: Сургууль төгсөхөөсөө өмнө уран бүтээл хийж эхэлнэ гэсэн бодолтой байсан бол энэ нэвтрүүлэгт оролцсоноор боломж ирэхийг хүлээж суух биш өөрөө тэмцэх ёстой гэдгийг ойлголоо. Одоо бол өөрийгөө дайчилж, цагийг үр бүтээлтэй, их зүйлийг сурч мэдэхэд зарцуулахыг л зорилгоо болгоод байгаа.
-Хэдийгээр нэвтрүүлгээр хардаг ч “Anemone”-ынхны өдөр тутмын амьдрал хэр ачаалалтай өнгөрч байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй.
Жулиа: Одоо сургууль амарчихсан болохоор ачаалал харьцангуй бага болсон. Өмнө нь бол өглөө хичээлдээ яваад л, үргэлжлүүлээд бичлэг, фитнес, бэлтгэл гээд л их шахуу цагийн хуваарьтай байсан. Орой очоод л шууд орондоо ороод, нам унтдаг байлаа.
Цэнгэлэн: Нэвтрүүлгийн бичлэг хийж байгаа учир ачаалал нэлээд их байсан. Ялангуяа клипний зураг авч байхад унтаж ч амжихгүй үе ч гарч байсан.

Охидын хамтлаг богино настай гэдэг ч бид эцсийн цэг хүртэл нь явна

-Нэвтрүүлэг дуусчихлаа. Цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
Жулия: Продюссертэйгээ ярилцаж, хэд хэдэн шинэ дуу гаргана гэсэн төлөвлөгөө гаргачихсан байгаа.
Жанна: Нэвтрүүлгийн хугацаа дууссан болохоор бид илүү их цаг завтай болж байгаа. Тиймээс энэ боломжоо ашиглаад энэ зун уран бүтээлийн ургац арвинтай байна гэж төлөвлөж байна.
Халиунаа: Бидний эхний дууг хүмүүс эергээр хүлээж авсан нь бидэнд цаашдаа их зүйлийг хийх уран зориг өгсөн. Мэдээж магтаалын хажуугар шүүмжлэх хүн ч цөөнгүй байдаг юм. Эхэндээ тэр бүгдийг их эмзгээр хүлээж авдаг байсан бол одоо магтаал, шүүмжлэлийн аль алийг нь эергээр хүлээж авдаг болсон.
Оно: Цахим хуудсуудад үлдээсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншаад эхэндээ сэтгэлээр унадаг байлаа. Одоо бол ор үндэсгүй гүтгэлэг байсан ч инээгээд л өнгөрдөг болсон.
-Өөр өөр орчинд өсөж, хүмүүжсэн, өөрсдийн гэсэн үзэл бодолтой охид нэгдэхэд эхэндээ бэрхшээл тулгардаг байв уу?
Жанна: Эхэндээ санал зөрж, эсвэл ойлголцож чадахгүй маргалдах үе цөөнгүй гардаг байлаа. Магадгүй бүх хамтлаг тэр үеийг давж туулдаг байх. Одоо бол илүү бие биенээ ойлгодог, нэгдэж чаддаг болсон. Биднийг зорилго маань нэгтгэж байгаа учраас тэр. Гэхдээ мэдээж үе үе санал зөрөх зүйл гардаг. Тэр бүрт ойлголцож чаддаг, хамтлаг эв найрамдалгүй байвал чанартай уран бүтээл ч гарахгүй гэдгийг хүн бүр мэддэг болсон.
Цэнгэлэн: Бид тав бие биенээ нөхдөг юм шиг санагддаг. Магадгүй тэр нь бидний гол давуу тал байх. Яг тавуулаа байхад л бүх зүйл бүтээд, уур амьсгал хүртэл сайхан болчихдог.
-“Anemone” хамтлагийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
Жанна: Мэдээж сайхнаар. Хүмүүс охидын хамтлаг их богино настай гэж ярьдаг юм билээ. Гэхдээ бид тав эцсийн цэг нь хаана байна тэр хүртэл хамтдаа явна гэж ярилцдаг. Тэр ярьж төлөвлөсөн зүйл маань бүтэх эсэхийг цаг хугацаа л харуулна даа.
-Үс засалт, гадаад төрхийн өөрчлөлт та нарт таалагдсан уу?
Оно: Би бүр жаахан байхаасаа л ийм халимаг үстэй байсан болохоор саяхнаас үсээ ургуулахаар шийдээд байсан юм. Гэтэл “Матрикс” салонд үсээ засуулчихаад толинд хартал арай ядан ургаж байсан үсийг минь бүр жижиглээд засчихсан байсанд нь урам хугараад уйлсан. Ер нь манай хамтлагийнхнаас хамгийн их өөрчлөгдсөн нь миний үс байх. Хар, шар, улаан гээд төрөл бүрээр өнгийг нь хувиргасан.
Жулиа: Манай Оногийн үс л их олон өнгөөр хувирсан. Бид гудамжинд хамтдаа явахаар хүмүүс их анхаарч хараад байдаг. Шар улаан, бор гээд л өнгө өнгийн үстэй болохоор их содон харагддаг байх.
Цэнгэлэн: Би цайвар өнгөөр үсээ будуулбал яах бол гэж боддог байсан. Гэтэл “Матрикс”-ынхан миний бодлыг уншсан мэт цайвар шараар будчихсан. Тийм болохоор энэ өөрчлөлт надад таалагдсан.
Халиунаа: Өөрчлөлт хийсний дараа гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур байсан цөөн хүний нэг нь би. Би өмнө нь хэзээ ч үсээ буржийлгаж байгаагүй учир эхэндээ нүдэнд дасахгүй эвгүй санагддаг байлаа.

Опра: Баяртай гэж хэлэхгүй


1986 оны есдүгээр сарын 8. Америкийн өнцөг булан бүрт “The Oprah Winfrey Show” шоу нэвтрүүлгийн анхны дугаар цацагдсан өдөр. Түүнээс хойш даруй 25 жил өнгөрч, энэ хугацаанд хөтлөгч Опра Уинфри нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болж, харин нэвтрүүлэг нь 149 оронд цацагдан, зөвхөн АНУ-д гэхэд л өдөр бүр 15-20 сая хүн цэнхэр дэлгэцийнхээ ард шимтэн сууж тус нэвтрүүлгийг үздэг болжээ.
Бүсгүйчүүдийг байлдан дагуулсан эл нэвтрүүлэг 4,560 дугаараа үзэгчдэд толилуулсны эцэст өнгөрөгч тавдугаар сарын 25-нд хаалтаа хийж, сүүлийн нэвтрүүлгээ цацсан бол Опра хамгийн сүүлийн удаа нэвтрүүлгийнхээ тайзнаа гарч, хамгийн чухал хичээлээ заасан юм. Том Круз, Арета Франклин, Стив Уондер, Бьонси, Том Хэнкс, Мадонна, Уилл Смит зэрэг шоу бизнесийн ертөнцийн акулуудыг нэгэн тайзнаа цуглуулсан Опрагийн нэвтрүүлэг хоёр хэсэгтэй болсон бөгөөд эхний өдрийн нэвтрүүлэг Чикаго хотын “United Center”-д 13 мянган үзэгчдтэйгээр өрнөсөн бол сүүлийн хэсэг нэг ч зочингүй цомхон үргэлжилжээ.
“The Oprah Winfrey Show” -ны тусгай дугаарын эхний хэсэг олны танил эрхмүүд, оддын чин сэтгэлийн үгс, мэндчилгээгээр үргэлжилсэн тул нэвтрүүлэг гэхээсээ шоу тоглолт хэлбэрт ойрхон байжээ. Харин хоёрдугаар хэсэг болох “дурсамж хичээлийн” үеэр Опра үзэгчдэдээ зориулсан захиагаа уншиж танилцуулсныг “Өнөөдөр” орчуулан хүргэе.

“Өдөр бүр үздэг нэвтрүүлгийнх нь төгсгөлийн дугаарыг хэрхэн сайхан хийх талаар бид багагүй зөвлөлдсөн. Нэвтрүүлэг маань үзэгчдэд итгэл найдвар төрүүлж, хүн бүрт өөрийн амьдралаа өөрчлөх хүч бийг ухааруулдаг байлаа. Хэрэв үзэгч та нэвтрүүлгийн минь нэг ч атугай дугаарыг анхааралтай үзсэн бол бид бүтээлээрээ дамжуулан “Та ганцаараа биш шүү” гэдэг мессежийг л хүргэх гээд байсныг ойлгосон болов уу. Ухааны учиг зангидан нэвтрүүлэг бэлдсэнээс хойш 25 жил өнгөрчээ. Нэвтрүүлгийг минь ийм амжилтад хүрэхэд үзэгчдийн хайрласан урам зориг их. Тиймээс Америкчуудаа та бүхэнд баярлалаа гэдэг үгийг дахин дахин давтмаар байна.
Би нэвтрүүлгийнхээ энэ тайзнаа 30 настай байхдаа анх гарч байлаа. Тэр үед ийм амжилтад хүрэх талаар мөрөөдөө ч үгүй байв. Тухайн үед ердөө л чанартай нэвтрүүлэг хийхийг л зорьж байсан хэрэг. Гэхдээ зураг авалтын эхний өдөр намайг алмайруулж орхисон. Бичлэгийн студид байдгаараа гоёсон намайг орж иртэл үзэгчдийн суудал хоосон байх нь тэр. Нэвтрүүлгийн минь анхны зочид Чикаго хотын хөлбөмбөгийн тоглогчид байсан бөгөөд тэд 1984 оны шинэ жилийн баярын тусгай дугаарт оролцох байв. Гэтэл нэг ч үзэгчгүй нэвтрүүлэг болох гээд байсан тул үзэгчдийн сандлыг цөөлж, цөөн үлдсэн суудалд эзэн олохоор студийн байраар гүйж эхэллээ. Нарийн бичгийн дарга нар, оффисын ажилтнууд гээд тэнд сууж болох бүх хүнийг гуйсан. Тэр ч байтугай гудамжинд гараад зөрж өнгөрөх хүмүүсийг кофе, нарийн боовоор дайлж, үзэгчдийн суудалд урьж байлаа.
Үүнээс ердөө л хоёр жилийн дараа бид америкчуудыг байлдан дагуулж эхлэв. Тэр үед Кэрри нэртэй бүсгүйгээс захидал ирснийг нь би ер мартдаггүй юм. Тэрбээр захидалдаа “Опра, таны нэвтрүүлгийн үзэх тусам өөрийнхөөрөө байх хүсэл минь бадрах юм” гэсэн байсан. Миний сонсож байсан урмын үгнүүдээс тэр хамгийн сайхан нь. Яг л Кэрри шиг нэвтрүүлгийг минь үзсэн хүн бүр өөрийнхөөрөө байх ухаанд суралцаж, бусад хэн нэгнийг дуурайх биш, өөрийнхөөрөө байхыг хүсдэг болоосой гэсэндээ би нэвтрүүлгээ бэлтгэж байсан юм.
Анх зүгээр л чанартай, үзүүштэй нэвтрүүлэг хийхийг хичээж байсан миний зорилго төд удалгүй өөрчлөгдлөө. Би үзэгчийн оронд асуулт тавьж, түүндээ хариулт аван, аливаа зүйлсэд суралцаж, өсөж дэвжин, сэтгэлгээгээ хөгжүүлж, өөрийгөө өөрчилж байлаа. Тэр бүхнийхээ эцэст заримдаа би өөрөө багш болчихно. Би багаасаа л багш болохыг хүсдэг байсан. Харин энэ бүхний эцэст дэлхий дээрх хамгийн том ангийг нээчихээд, түүндээ багшилж байгаагаа ойлгосон.
Хүн бүрт дуудлага байдаг гэдэгт би итгэдэг. Харин тэр дуудлагыг хэрхэн хүлээн авч, сонсож байгаагаас амжилтад хүрэх эсэх нь хамаардаг. Нэвтрүүлэг бүртээ бид амжилттай яваа хэн нэгнийг урьж оролцуулдаг. Гайхалтай бялуу хийдэг бүсгүйчүүд, Тина Тёрнер, Лэди Гага, Селин Дион гээд л дэлхий дахинд үнэлэгдсэн уран бүтээлчидтэй ч уулзсан. Тэд бүгд л хүсэл мөрөөдлөө хөөж, ажилдаа чин сэтгэлээ зориулсан болохоор амжилт олсон алдартнууд. Үүнийг л дуудлага гээд байгаа юм. Энэ дуудлага л таны замыг гэрэлтүүлж, юу хийх ёстойг тань зааж замчилдаг байх нь. Харин би нэвтрүүлгийг минь үзсэн хүн бүр итгэл найдвар олж, энэ дуудлагаа сонсоосой гэсэндээ ажлаа хийдэг байсан. Амьдралыг чин сэтгэлээсээ хайрлаж, жинхэнэ ёсоор амьдарч байж л амжилтад хүрдэг гэдгийг би өөрөө нэвтрүүлгээ хийж байх явцдаа ойлгож, түүнийг бусдад ойлгуулах гэсэн учраас тэр.
Бүхний гэхэлж байхдаа би нэвтрүүлгээ ийм амжилт олно гэж төсөөлөхгүй байлаа. Гэтэл өнөөдөр 150 орны үзэгч нэвтрүүлгийг минь үзэж, өдөр бүр та надтай цэнхэр дэлгэцээр дамжуулан уулзаж байсан. Энэ үйлдэл чинь л надад нэвтрүүлгээ бэлтгэх урам зориг хайрлаж байлаа. Нэвтрүүлгийг минь үзэж байсны тань төлөө танд гүнээ талархаж байгаагаа тусгай дугаараараа дамжуулан илэрхийлье.
Сэтгэлийг минь хамгийн их өвтгөсөн дугаар нэвтрүүлгээ цацаж эхлээд удаагүй байхад гарсан юм. Архидалтын тухай нэвтрүүлэг байсан. Тэр дугаарыг бэлдэхийн тулд би бараг долоо аялсан. Эцэст нөхрөө архинд донтох өвчтэй, үүнээсээ болоод гэр бүлээ сүйрүүлж байна гэж бодож байгаа эмэгтэйтэй уулзлаа. Аавынх нь архи уудаг тухай ярьж эхэлмэгц л гурван настай охин нь сандарч байсан нь миний төдийгүй үзэгчдийн сэтгэлийг эмзэглүүлж, тэр нэвтрүүлгийн дараа хэдэн зуун хүн бидэнд хандаж билээ.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд би 30 мянга гаруй хүнтэй уулзаж ярилцсан. Харин тэд бүгд л нэг зүйлийг хүсэж байсан. Үүнийг студийн буйдан дээр суугаад биш, гэрт нь зочлон галын өрөөний ширээнийх нь ард суугаад ярилцвал бүр ч тод мэдрэх боломжтой. Тэд бүгд л “Та намайг сонсож байна уу” гэсэн асуултад хариу авахыг хүсдэг. Гэхдээ би хэн нэгнийг шүүх гэж уулзаж ярилцдаг байсан юм биш. Зарим үед шүүгч болох шаардлага эрхгүй гардаг байсан ч, түүнээс илүүтэй ярилцагчаасаа суралцаж, илүү их зүйлийг сонсохыг хүсдэг байлаа.
Хүмүүс надаас дандаа л “Нэвтрүүлгийн тань амжилтын нууц юу вэ” гэж асуудаг юм. Тэр бүрт би “Нэвтрүүлгийн багийнхан бас Исүс” гэж хариулдаг. Учир нь бурхан л надад энэ бүхнийг бүтээх боломж олгосон. Бурхан миний амьдралын бүхий л чухал үйл явдалд оролцсон шиг санагддаг. Нэвтрүүлгийнхээ нэрийг өгөхөөр толгой гашилгаж байх үед нэгэн далдын дуу хоолой надтай ярилцлах шиг болсон, тэгээд л энэ нэрийг санал болгож, багийнхан маань ч дэмжсэн.
Би нэвтрүүлгийнхээ ачаар их олон зүйлд суралцсан. Тэднээс хамгийн чухал нь хүмүүсийн хов яриаг үл тоомсорлон өнгөрүүлж болохгүй. Дэл сул яриа гэдэг үнэндээ бидэнд илгээж буй мессеж байдаг. Түүнийгээ чихнийхээ хажуугаар өнгөрүүлбэл асуудал үүсгэнэ гэсэн үг.
Хүмүүс надаас “Ямар нэг зүйлд харамсаж байсан уу” гэж асуудаг юм. Харин би тэдэнд “Нэвтрүүлгийнхээ хувьд юунд ч харамсаж байгаагүй” гэж хэлмээр байна. Би хүчирхийлэл, хүний наймаа гээд бүхий л аймшигтай зүйлсийн талаар хөндөхийг хичээсэн. Тэр ч байтугай 25 жилийн өмнө анх удаа олон нийтэд хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дэлгэсэн. 1986 оны арванэгдүгээр сард энэ явдал болсон юм. Студид байхдаа би өөрийнхөө аюулгүй байгааг мэдэрч, бусдад сургамж болоосой гэсэндээ энэ түүхийг ярьсан. Түүнээсээ хэзээ ч ичиж, харамсаж байсангүй.
Өнгөрсөн улирлын туршид “Нэвтрүүлгээ өндөрлөх үед сайхан байх болов уу, эсвэл эсрэгээр бүр уй гашуу мэдрэгдэх болов уу” гэж өөрөөсөө асуудаг байлаа. Харин одоо бол сэтгэл өвдөхгүй ч үгүй, баярлах ч үгүй байна. Багийнхны маань олонх нь 25 жил хамт ажилласан. Бидэнд хамтдаа баярлаж, бүр гашуудан нулимс унагаж явсан өдөр олон. Эцэст нь хамт олондоо надад итгэсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бас ээж, эгч, охинтойгоо зэрэгцэн суугаад нэвтрүүлгийг минь үзэж байсан бүсгүйчүүддээ, нэвтрүүлэг үзэх боломж олгож байсан нөхөр, найз залуучуудад нь ч баярлалаа. Би та бүхний төлөө ажиллахыг хичээсэн юм шүү.
Эцэст нь баяртай гэж хэлмээргүй байна. Түүний оронд дараа дахин уулзъя гэе.