Tuesday, July 17, 2012

Майк Тайсон: Дэндүү хурц байжээ би


Элдэв таагүй хэрэгт орооцолдсон тухай мэдээлэл нь сонины хуудас бөглөж, шүтэн бишрэгчдийнхээ урмыг багагүй хугалж байсан “Төмөр” Майк өдгөө өнгөрсөн бүхэндээ дүгнэлт хийн, алдаа оноогоо дэнслэн сууна. Тэрбээр энэ тухайгаа Пирс Морганы нэвтрүүлгээр дамжуулан үзэгчидтэй хуваалцахыг хүсчээ.

-Майк Тайсоны хэрхэн спортод хөл тавьж байсан талаарх “Тайсон” баримтат кино 2008 онд дэлгэцнээ гарч байлаа. Гэхдээ тэр цагаас хойш их олон зүйл өөрчлөгдсөн. Боксын спорттой холбоотой бүхий л дуулиан тарьсан тухайн үеийн мэдээлэл түүнтэй холбогддог байв. Харин одоо бол тэр өрсөлдөгчтэйгөө биш, өөрийнхөө өнгөрсөн хар бараан дурсамжтай тулалдаж байна. Гэсэн ч илэн далангуй, таамаглахын аргагүй хачин үйлдлэл хийдэг зан авир нь хэвээрээ. Төмөр хочит Майк нэвтрүүлэгт маань оролцож байгаад тун баяртай байна. 
Та 1994 онд хоригдох ялаар шийтгүүлсэн. Тухайн үеийн Майк Тайсоныг хүлээн зөвшөөрдөг үү? Учир нь та өнөөдөр их өөр хүн болсон байна. 
-Яг үнэндээ би сайн хэлж мэдэхгүй байна. Намаг балчигт шигдчихсэн атлаа дэндүү хурц араншинтай. Тэр бол тухайн үеийн би.
-Таны Твиттэр дэх сэтгэгдлүүдийг уншаад тухайн үеийнхээс огт өөр, илүү тайван хүлээцтэй болсон юм шиг санагдсан. Харин танд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэж байна уу? 
-Өөрчлөгдсөн үгүйгээ би сайн мэдэхгүй юм. Магадгүй ялалтын туг өргөх бүрт тайвшралыг олдог байсан байж мэдэх юм. Гол нь энэ бүхний эцэст эхнэртэйгээ хамт байгаадаа л баярлаж байна. Одоо бол миний бүхий л анхаарал гэр бүлийнхэн рүүгээ хандаж байгаа.
-Танай эхнэр бол ер бусын гайхалтай эмэгтэй. 
-Тийм шүү. Гайхалтай бүсгүй.
-Тэр таныг хэрхэн өөрчилсөн бэ? 
-Яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байгаа зүйлсийн минь нэг энэ дээ. Би одоо хүн хэвээрээ л байгаа. Энэ бүхэн хэрхэн болж өнгөрснийг би өөрөө ч анзаараагүй. Би гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж, зугаалж цагийг өнгөрөөдөг байлаа. Ялтан гэдэг ДОХ-той биеэ үнэлэгч гэсэн үг биш. Суллагдсанаас хойш эхнэр бид хоёрын харилцаанд ямар нэгэн бэрхшээл гараагүй. Харин ч бид тун дотно харилцаатай, цагийг хамтдаа өнгөрүүлдэг байв. Энэ бүхэнд нь би түүндээ талархаж байгаа. Миний хэлэхийг хүсэж байгаа үг энэ л байна.
-Таны амьдралд гэнэтийн, тэр бүр хүний амьдралд тохиогоод байдаггүй гунигтай үйл явдлууд цөөнгүй болсон. Тэдний нэг нь хэдэн жилийн өмнө охин тань нас барсан явдал. Харамсалтай энэ явдал танд хэрхэн нөлөөлсөн бэ. Энэ талаар та эргэцүүлэн боддог уу?
-Би сайн хэлж мэдэхгүй байна. Хэн ч тусалж чадахааргүй тийм байдалд орохоороо хүн өөрийгөө хянах чадвараа алддаг юм билээ. Тийм нөхцөл байдлыг үгээр тайлбарлах ч боломжгүй байх. Би зүгээр л уйтгар гуниг, гашуудал маань өөрөө замрхан одохыг л хүлээдэг байлаа. Харин зарим хүн гашуудал хэзээ ч үгүй болдоггүй юм гэж хэлдэг байлаа. Би энэ явдлын дараа миний адил зовж шаналж буй эцэг эхчүүдийн клубт очдог болсон. Тэнд ирдэг хүмүүсийн олонх нь тэгж хэлдэг юм.
-Эцэг эхчүүд үр хүүхдээ алдана гэдэг зүрхийг шархлуулдаг хамгийн аймшигтай явдал байх. 
-Тийм үгүйг нь мэдэхгүй юм. Би энэ талаар дүгнэлт хийхэд дэндүү залуу байна. Хэдэн зуун жилийн өмнө хүмүүс хүүхдээрээ тахил өргөдөг байсан гэдэг. Харин эмнэлэгт байхдаа би энэ байдлыг их өөр талаас нь харж сурсан. Үр хүүхдээ алдчихсан эсвэл хүүхэд нь өнөө маргаашгүй нас барах гэж байгаа эцэг эхчүүд надтай уулзаж, харамсаж байгаагаа илэрхийлж байлаа. Харин надад тэдний хүүхдүүд ч бас нөгөө ертөнц рүү явж байна, ийм зовлонтой нүүр тулж буй цорын ганц хүн нь би биш гэсэн бодол төрсөн.
-Таны эхнэр хоёр хүүхдийн хамт өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байгаа. Та өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ? 
-Би илүү их зүйлийг ухаарч ойлгохыг хичээж байгаа. Би их муу аав. Гэхдээ сайн гэж хэлүүлэхийн тулд хичээж байгаа.
-Та хөрөнгө мөнгөтэй, элбэг хангалуун байсан үеэ үгүйлдэг үү?
-Үгүй дээ. Харин амьдрал гэр бүлийг минь, манайг сорьж байсан тэр үеийг үгүйлдэг.
-Эхнэр тань энэ талаар тантай ярилцдаг байсан уу. Тэр хэрхэн таныг тайван дөлгөөн болгосон юм бэ? 
-Би тайван дөлгөөн болсон эсэхээ мэдэхгүй л байна.
-Та одоо ч өөрийгөө огцом ууртай гэж бодож байгаа хэрэг үү? 
-Мэдээж би өөрөө өөртөө ялангуяа өнгөрсөнд хийсэн буруу үйлдэл бүртээ сэтгэл дундуур явдаг. Тиймээс өөрийн чадвартаа хэт эрдэж, бүхнийг баллачихаагүйдээ бурхандаа талархдаг. Гэхдээ чадвар минь миний хүсэж мөрөөдсөн бүхнийг, гэр бүлийг минь сүйтгэсэн гэсэн бодол толгойноос огт салдаггүй.
-Өнгөрснөө эргэн бодохоор өөрөө ичих сэтгэл төрдөг үү? 
-Ихэнхээс нь. Их таагүй дурсамж шүү.
-Таны бага нас энэ бүхэнд нөлөөлсөн болов уу? Та 13 нас хүрэхээсээ өмнө 38 удаа саатуулагдаж байсан гэдэг. 
-Мэдээж их нөлөөлсөн байгаа. Тухайн үеийн хоёр зүйлээсээ одоо ч би салж чадахгүй л яваа. Гэхдээ тэр араншин маань хүмүүст илүү таалагдаад байх шиг санагддаг.
-Хүмүүс танд хайртай. Та миний харж байсан тамирчдаас хамгийн догшин нь. Гэхдээ хүмүүс таныг тийм байдлаар тань илүү хүлээн авдаг. Магадгүй таны энэ байдал тэдэнд мөнгө олж авах нэг шинэ арга мэх болдог байсан ч байж мэдэх юм. Гэхдээ таны тэр догшин авир одоо үгүй болсон шиг байна. 
-Мэдээж би цаашид дахин тийм араншин гаргахгүй. Гэхдээ энэ бүхний эцэст хүмүүс надаас юу хүсдэг байсныг би сайн ойлгосон. Энэ бол тулаан, энтертайнмент арга хэмжээ. Тиймээс дэвжээн дээр эрч хүч, цөс хөөргөсөн үйл явдлууд л өрнөж байх ёстой.
Харин би үүнийг ойлгодоггүй байж. Зүгээр л энэ бүхний нэг хэсэг болсондоо баярлан хөөрдөг байж. Харин хүмүүс үүнийг нь аз од хэмээн хөөргөнө. Наполеон “Агуу хүмүүс бол азыг зөв ашиглан амжилт болгогчид” хэмээсэн байдаг. Би өөрийгөө агуу гэж хэлэхгүй. Харин тэр хүний аз гэдэг зүйлийг хэрхэн тодорхойлсон нь надад таалагддаг.
-Та 2009 онд дэлгэцнээ гарсан “Шарталт” кинонд тоглосон. Хүү маань таныг сайн мэдэхгүй ч энэ киног үзсэнээс хойш таныг бишрэх болсон. 
-Түүнд таалагдсанд баяртай байна.
-“Шарталт” кино таны хувьд их олон зүйл өөрчилсөн. Кино дэлгэцнээ гарснаас хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү? 
-Мэдэхгүй юм. Би зүгээр л талархал илэрхийлмээр байна. Тодд Филипс болон кино багийнханд баярласнаа хэлмээр байна. Тухайн үед надад бусдын туслалцаа хэрэгтэй болчихоод байлаа. Харин яг л тийм хэрэгтэй үед найзууд минь миний амьдралыг өөрчилж, бусдын хүндлэлийг дахин олоход минь тусалсан.
-Таныг тоглосон болохоор кино багагүй орлого олсон. 
-Гол нь тэр шүү дээ, залуу минь.
-Бусдыг өвтгөхгүйгээр ашиг олдог болсон шинэ бизнес тань танд таалагдаж байна уу? 
-Би нэгэн цагт Төмөр Майк байсан. Харин одоо бол тийм байхаа больсон. Тэр залуу хаа нэгтээ нас барж, харин би цоо шинэ хүн болсон.

Марк Спитц: Би 14 жилийн хугацаанд 42.000 км сэлжээ



Хэдийгээр зодог тайлсан ч спорт сонирхогчид түүний талаар өдгөө ч ярилцсаар л байдаг. Мюнхен хотноо 1972 онд болсон Олимпын наадмын үеэр долоон ч алтан медаль хүртсэн домогт тамирчин бол Марк Спитц. Түүнтэй энэ сард эхлэн Лондоны Олимпын тухай ярилцахаар Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ. 

-Олимпын жинхэнэ домог бол яах аргагүй Маръ Спитц. Багагүй хугацааны өмнө Майкл Пелпс усан сан рүү үсэрч, харин Спитц сэлэлтээр дээд амжилтын номонд нэрээ мөнхөлж байсан. Түүхэнд бичигдэн үлдсэн Мюнхений Олимпоос хойш 40 жил өнгөрчээ. Тэрбээр энэ удаад Америкийн баатар ямар байсныг эргэн сануулахаар ирээд байна. 
Марк Спитц студид маань тавтай морил. 
-Тун тааламжтай байна.
-Америкийн шүтээн байх ямар вэ? 
-Хэн ч биш байхаас бол хамаагүй дээр шүү. (инээв)
Мэдээж би тус наадмын үеэр ямар нэг амжилт гаргах байх итгэж найдаж байсан. Гэхдээ энэ бүр хүмүүсийн онцгой нэгэн гэж үзэх хүртэл шат ахина гэж төсөөлөөгүй.
-Би тэр үеийг их тод санаж байна. Тухайн үед би долоон настай байлаа. Зурагтаар үзсэн анхны Олимпын наадам минь тул их л сонирхож билээ. Миний хамгийн тод санаж байгаа зүйл бол тэр наадмаар та яг л загас шиг сэлж байсан. Ус руу үсрэх бүртээ та бусад оролцогчдыг хол хаяж байлаа. Бас оролцогчдоос хамгийн булчинлаг, хүдэр биетэй нь байсан. 
-Дасгалжуулагч маань надад “Чи америк залуу ямар байдгийг тэдэнд харуулах хэрэгтэй. Тиймээс биеийн галбиртаа ч анхаарал тавь” гэж хэлсэн юм. Тэгээд л булчингаа хөгжүүлсэн хэрэг. Түүний тулд хагас жил орчим тасралтгүй зөвхөн булчингаа хөгжүүлэх гэж бэлтгэл хийсэн дээ. Сорилд орох үеэр оролцогчид бүгд л миний булчингийн талаар ярилцаж байсан. Харин би тэднийг харчихаад “Тэд ийм бие хаатай байж хэрхэн өрсөлдөх гэж байгаа юм бол доо” гэж бодож билээ.
Үдэш нь усан санд бэлтгэл хийхээр очтол Оросын тамирчид бас ирсэн байв. Тэд надаас “Булчин чинь сэлэхэд саад болдоггүй юм уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “Харин ч ус зүсэхэд дөхөм болдог” гэлээ. Дараа жил нь Оросын эрэгтэй усанд сэлэгчид бүгд л булчингаа хөгжүүлсэн дээ. (инээв) Усанд сэлэхэд биеийн галбир ч нөлөөтэй. Тиймээс ч би амжилт гаргасан.
-Нэг наадмаас долоон алтан медаль авсан хүн ховор. Тэр наадмын талаар хамгийн тод үлдсэн дурсамж бий юү. Өмнөх наадмуудад та тийм амжилт гаргаж чадаагүй болохоор тус наадамд илүү шаргуу бэлтгэсэн хэрэг үү? 
-Тийм ээ.
-Тэр тухайгаа яриач. 
-Мексикт 1968 онд болсон Олимп миний хувьд их хүн байсан. Би цөөнгүй медаль хүртэнэ гэж найдаж байлаа. Гэтэл би хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.
Тиймээс дараа жил нь өөрийн чадах бүхнээ гаргахад л хамаг анхаарлаа хандуулж, шаргуу бэлтгэл хийсэн. Наадмаас жилийн өмнө би Техас, Хюстонд болсон уралдаанд оролцож, гурван ч дээд амжилт эвдсэн. Тэгээд дасгалжуулагч маань ч намайг зоригжуулж би зөвхөн урагшаа, амжилт гаргахын төлөө л тэмүүлж байлаа.
-Долоо дахь медалиа зүүчихээд зогсож байхад юу бодогдож байсан бэ? 
-Энэ бүхэн дууссанд баяртай байсан. (инээв)
-Мэдээж ядарч туйлдсан байсан байх. 
-Үнэхээр хүч тамир барагдсан байсан шүү. Усан сэлэлтийн төрлүүд долоо хоног тасралтгүй үргэлжилсэн. Би 13 төрлөөр оролцсон юм. Тиймээс өдөр бүр сэлж байлаа.
100 метрийн чөлөөт сэлэлт миний оролцох сүүлчийн төрөл байлаа. Би тухайн үед бас нэг амжилт гаргана гэж таамаглах ч үгүй байв. Тэгээд л сүүлчийн медалиа авахад хий нь гарсан бөмбөг шиг л болсон. Тэгээд л энэ бүхэн дууссанд бурхандаа талархъя гэж бодогдож билээ.
-Олимпын аварга болоход хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйл нь таны бодлоор юу вэ? 
-Дасгалжуулагч. Бас гэр бүлийн дэмжлэг ч чухал нөлөөтэй. Бэлтгэлээ базааж байхад минь олон гайхалтай тамирчид надад үүнийг ойлгуулсан даа. Гэр бүлийнхэн маань намайг дагаад л нэг хотоос нөгөө рүү нүүдэг байлаа.
-Танай гэрийнхэн таны бага байхдаа тэнгис рүү гүйчихдэг жаал байсан гэж дурсдаг. 
-Үгүй дээ, би тэнгис рүү гүйдэг байгаагүй. Би 14 жил усанд сэлэхдээ 42.000 км туулсан байна. (инээв) Долоон алтан медалийн эзэн болжээ.
-Та тийм урт зам туулсанаа хэрхэн мэдсэн бэ? 
-Тоцоолж гаргасан. Гэхдээ надтай адил хол зам туулсан олон тамирчин бий. Харин юу намайг аварга болгосон бэ гэхээр…
-Юу таныг бусдаас онцгой болгосон юм бэ? 
-Би угаас ялагдах дургүй. Анх 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөр дээд амжилт тогтоож байсныг минь хүмүүс тэр бүр мэддэггүй. Би Дон Шолландер гэдэг тамирчинтай өрсөлдөж байлаа. Тэгээд л түүний тогтоосон дээд амжилтыг эвдсэн дээ.
-Таныг дэлхийн дээд амжилтыг 33 удаа эвдсэн гэж сонсож байсан. 
-Тийм ээ. Яг тоолсон бол дахин хоёр амжилт ч нэмэгдэх байсан. Учир нь өрсөлдөгч маань надтай нэгэн зэрэг сэлсэн байсан. Би одоо ч миний амжилтыг эвдсэн гэдэгт нь итгэдэггүй юм.
-Тэгэхээр та уг нь 35 удаа дээд амжилт тогтоосон байх нь ээ? 
-Тийм ээ. Гэхдээ надаас өөр хэн тоолох вэ дээ. (инээв)
-Буруу тооцоолсон нь таныг одоо ч шаналгадаг байх нь ээ?  
-Мэдэхгүй юм даа. Би 2000 оны наадмыг үзсэн. Тухайн үед хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч “Таны хамгийн сайхан аялал юу байв” гэж асууж байсан. Харин би “Долоон медаль хүртсэн нь гэвэл ямар санагдаж байна вэ” гэтэл сэтгүүлч “Би тэр үеийг гэж бодохгүй байна” гэх нь тэр. Тэгэхээр нь би “Тэгвэл ямар үе байж таарах нь вэ” гэж асуутал тэнд цугласан хүн бүр үг хэлж чадаагүй.
-Та одоо сэлж байгаа юу? 
-Долоо хоногт хоёр удаа сэлж байгаа. Өдөрт 45 минутаас нэг цаг хүртэл алхдаг. Биеийн галбираа алдахгүйг хичээдэг юм.
-Та сайхан харагдаж байна шүү дээ. Одоо хэдэн настай билээ?
-62.
-Гэтэл надаас ч сайхан харагдаж байна. 
-Би тэгж бодохгүй байна.
-Би бас сэлэх гэж оролддог. Гэхдээ тантай адилхан хурдалж чадахгүй байх. Та сэлэх хурдаа хэмжиж үзэв үү, ойрд? 
-Тэгвэл алдаа болно доо.
-Та хожигдож байв уу? 
-Миний хүч тамир харьсан. Та яг ямар утгаар асууж байна вэ?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд уралдаанд сүүл мушгисан тохиолдол бий юү? 
-Байхгүй ээ.  (инээв)

Марк Уолберг: Дээдсийн ямбалсан хэллэгээс хар яриа, хараал илүү таалагддаг




Бостоны цагдаагийн газарт 20 гаруй удаа саатуулагдаж, хар тамхинд донтож явсан гээд түүнд таагүй түүх бий. Гэхдээ тэр бүхнийг ардаа орхиж, сая сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болж чадсан гарамгай “тэмцэгч” бол Марк Уолберг. Дунд сургуулиа ч төгсөж чадаагүй Марк хөгжмийн урлагт цахиур хагалж, 1990-ээд онд дэлгэцийн урлагт нэр хүнд олсон нэгэн. 1990-ээд оныхноос хамгийн дур булаам эрээр шалгарч байсан тэрбээр Пирс Морганы нэвтрүүлэгт уригджээ. 


-Тэрбээр Бостоны ядуусын хорооллын залуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж, түүнээсээ кино урлагт урвасан. Хүнд бэрх замыг туулж байсан Марк Уолберг өнөөдөр бизнес эрхлэгч, продюсерээр ажиллахын зэрэгцээ дунд сургуулиа төгсөхөөр чармайж байна.  Харин бид түүнтэй шинэ уран бүтээл болох “Тед”-ийнх нь талаар ярилцахаар уриад байна. Энэ бол бид бүхний хүүхдүүдээ худалдан авч өгдөг тедди баавгайн түүх  биш. 
Холливудын хамгийн зав багатай уран бүтээлчдийн нэг болох Марк Уолберг студид маань ирээд байна. Тавтай морилно уу. 
-Сайн байна уу, эрхэм ээ? (Тедди баавгай барьсан байв)
-Өнөөх баавгай чинь байна шүү дээ. 
-Тэр их томоогүй залуу шүү.
-Тийм гэдэг нь илт байна. Гэхдээ тэр түүхэн дэх хамгийн жигшмээр баавгай байх. 
-Хүүхдүүд маань яагаад аавынхаа тоглосон киног үзэж болохгүй гэдэгт бага зэрэг урам нь хугараад байгаа. Лос-Анжелест явахад автобус, байшин барилга гээд хаа сайгүй баавгай бид хоёрын зурагт хуудас өлгөөтэй байгаа. Тэгээд л тэд маань “Аав аа, таны зураг байна. Бид яагаад киног чинь үзэж болохгүй юм бэ” гэж асуудаг.
Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөд ч ангийнхан нь “Бид таны шинэ киног тэсэн ядаж хүлээж байгаа” гэцгээж байна.
-Та дөрвөн хүүхэдтэй хүн. Тэднийг эл киног үзэж болохгүй гэдгийг хэрхэн  тайлбарлаж байгаа вэ? 
-Би тэдэнд тэр баавгай бол аймшигтай амтай гэж тайлбарладаг.
-Киноны хэсэгт та нэг амьсгаагаар их олон нэр хэлдэг. Тэр үед та ямар ч текст ашиглааггүй гэсэн. Энэ үнэн үү? 
-Тийм ээ. Зураг авахын өмнө тухайн хэсгийн текстүүдийг урьдчилан заавал бэлддэг. Гэхдээ харилцан ярианы хамгийн хэцүү хэсэг нь тэр байсан. Би нэг дор 57 нэр хэлдэг. Хамгийн гол нь тэднийг 2-3 минутын дотор хэлэх ёстой байсан.
-Тэгээд та хэрхэн тэр олон нэрийг ийм богинохон хугацаанд нэрлэж амжсан юм бэ? 
-Их бэлтгэл хийсэн. Бүр тэр хэсгийн зургийг авахуулахаас найман долоо хоногийн өмнөөс эхлэн чанга дуугаар унших маягаар бэлтгэж эхэлсэн. Би зохиолын текстүүдийн байнга урьдчилан цээжилдэг.
-Тэгсэн атал та энэ чадвараараа огт бардамнадаггүй. 
-Энэ чинь миний хийх ёстой ажил болоод л тэр. Их өндөр хөлс авдаг жүжигчидтэй би цөөнгүй удаа хамтран ажиллаж байсан л даа. Тэд харин текстээ цээжилдэггүй юм билээ. Энэ нь миний урмыг бага зэрэг хугалсан л даа. Учир нь түүний төлөө л маш их хөлс авч байгаа шүү дээ.
-Хамгийн сайн бэлддэг жүжигчин нь таны бодлоор хэн бэ? 
-Расел Кроу.
-“Тед” таны чадварыг арай өөр талаас нь нээж харуулсан байх. Харин танд ингэж олон төрлийн кинонд тоглох нь таалагдаж байна уу? 
-Их таалагдаж байгаа шүү. Би үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж, өөрийгөө огт өөрөөр харуулж, тэр хэрээр өөрийгөө эвдэхийг хичээдэг.
-Британийн цуврал кино “Хотын сүм”-ийн жүжигчид шиг аялгатай ярьж чадах уу? 
-Тэгэлгүй яах вэ.
-Тэгвэл нэг дүрийг нь дуурайж жүжиглэж үзүүлээч. 
-Хэрэггүй биз дээ. Надад дээдсийн ямбалсан хэллэгээс хар яриа, хараал илүү таалагддаг. Би (хараал хэлэв) гэж хэлэхийг илүүд үзнэ.
-CNN-ээр цацагдаж байгаа болохоор хараал хэлэх хориотой шүү дээ. 
-Уучлаарай.
-Таны ээж энэ нэвтрүүлгийг үзэж байгаа. 
-Одоо үзэлтгүй боллоо доо. Уучлаарай, ээж ээ. Тандаа хайртай шүү. Гэхдээ би олдсон боломжийг алдахгүй байхыг хичээдэг хүн. Ялангуяа зөв цагт. Юм бүрийг дутуу дулимаг, (хараал хэлэв) хиймээргүй байна. Би дахиад л муухай үг хэрэглэчихлээ.
-Та Тед шиг болсон байна шүү. 
-Тед их муу нөлөөтэй баавгай.
-Кино урлаг гэдэг их ярвигтай бизнес. Харин та өөрийгөө одоо бизнес эрхлэгч гэдэг утгаар нь харах болсон гэж саяхны ярилцлагадаа дурдсан байсан. 
-Би бүр анхнаасаа л бизнестэй салшгүй холбоотой байсан. Би жүжиглэх дуртай гэдгийг та мэдэх байх. Кино урлаг, жүжиглэлт бол миний анхны хайр. Харин гэртээ илүү их хугацаа өнгөрүүлж, эхнэр хүүхдүүдтэйгээ байнга хамт байхын тулд бизнес эрхэлж эхэлсэн. Гэртээ хөлөө жийгээд киноны санал ирэхийг хүлээж суудаг жүжигчин би биш. Би өөрөө л хөөцөлдөхгүй бол найруулагчид ч өөр хүнд саналаа илгээх болно.
-Танай хүүхдүүд Жастин Бибертэй хамт сагсан бөмбөгийн тухай кинонд тоглох гэж байгаа гэсэн яриа гарсан байна билээ. 
-Хөвгүүд энэ саналыг зөвшөөрч байгаа. Харин охин маань Жастинаас болоод жаахан асуудалд орооцолдоод байгаа. Тэр маань найман настай. Харин Селена Гомез Жастиныг охинтой маань хамт ажиллуулах хүсэлгүй байх шиг байна.
-Дурлалын өрсөлдөөн үү? 
-Тийм л болов уу. Миний бодлоор тэр их авьяастай жаал. Тиймээс кино урлагт амжилт гаргаж чадна.
-Таныг сагсан бөмбөг тоглохдоо сайн гэдгийг сонссон юм байна. Харин Жастин чадах болов уу? 
-Тэр чадна. Би түүний клипүүдээс үзсэн.
-Та 13 настай байхдаа сургуулиа орхисон. Биднийг сүүлд уулзахад та төгсөж чадаагүй байгаа, түүндээ их харамсдаг гэж хэлж байсан. Харин түүнээс хойш энэ талаар багагүй зүйл хийж, цахим сүлжээгээр дамжуулан хичээл сонсож, гэрчилгээгээ удахгүй авах гэж байгаа гэсэн. 
-Энэ ажил дөнгөж л эхэлж байна. Өнөөдөр би ээжтэйгээ утсаар ярьтал намайг дахин сурах гэж байгаа талаар сониноос олж уншсанаа хэлж байсан. Бас ээж минь 55 настай байхдаа дунд сургууль дүүргэсэн гэрчилгээгээ гардаж авч байсан тухайгаа ч дурссан.
-Тийм гэж үү? 
-Гэрчилгээ нь одоо гэрийнх нь хананд өлгөөтэй байдаг. Төгсөлтийн гэрчилгээгээ гардаж авч байсан үе бол ээжийн минь хамгийн бахархалтай мөч гэж ярьдаг.
-Харин таны шийдвэрийн талаар ээж тань ямар бодолтой байна вэ? 
-Ээж минь надаар их бахархаж байсан. Гэхдээ их амаргүй байх болов уу гэж байна билээ. Би ч түүнийг гадарлаж байгаа. Учир нь би гуравдугаар ангид сурдаг охиныхоо гэрийн даалгаврыг давтуулж чаддаггүй юм.
-Хүүхдүүдийн тань хувьд ч энэ их гайхалтай үйл явдал болох байх. 
-Тэд энэ талаар мэддэггүй юм. “Аав аа, хэрвээ та төгсөөгүй юм бол бидэнд сургуульд сурах шаардлага байгаа юм уу” гэсэн асуулттай нүүр тулгарахыг хүсээгүй. Тиймээс л цахим сүлжээ ашиглан сургуулиа төгсөхөөр шийдсэн. Би гэрийн багштай болсон. Тун удахгүй сургуулиа төгсөх байх гэж найдаж байгаа.
-Та бүхий л хичээлийг үзэж байгаа юу? 
-Тийм ээ. Цөөнгүй кредит цуглуулаад байгаа. Ялангуяа англи хэлний хичээл дээрээ өндөр оноо авсан. Амьдралын туршлага дээр тулгуурласан болохоор илүү дөхөм байлаа. Сурч байсан сургуулийн маань багш надтай холбогдоод “Манайх шинэ системд шилжсэн. Тиймээс интернэтээр сураад төгсөх боломжтой болсон” гэж хэлсэн юм. Би тэр даруй л бүртгүүлэхээр шийдсэн.
-Ямар хичээлд илүү сайн байна вэ? 
-Математик. Бас англи хэл.
-Харин ямар хичээлд муу байна вэ?
-Шинжлэх ухаан болон нийгмийн хичээлүүдэд тааруухан байгаа. Надад шинжлэх ухааны талаар ямар ч ойлголт байхгүй. Тиймээс бүр эхнээс нь үзэж байгаа.

Monday, July 2, 2012

Оливер Стоун: Дайны ачаар муугүй найруулагч болно гэдгээ ухаарсан


Вьетнамын дайны талаарх бүтээлүүдээрээ 1980-аад оны сүүлчээр үзэгчдийг байлдан дагуулж байсан уран бүтээлч бол Оливер Стоун. Зохиолч, найруулагч, продюсер тэрбээр 40 гаруй жил кино урлагт хүчин зүтгэж буй Холливудын акулуудын нэг. Тиймдээ ч түүний шинэ уран бүтээл болох “Зэрлэгүүд” кино сонирхогч төдийгүй, судлаач шүүмжлэгчдийн анхаарлыг багагүй татаж буй. 

-Өнөөдөр бол нэвтрүүлгийн маань хувьд түүхэн үдэш. Учир нь Холливудын агуу уран бүтээлчдийн нэг болох Оливер Стоуныг бид студидээ урьсан. Тэрбээр “Шөнө дундын хурдан галт тэрэг” киногоор шилдэг киноны зохиол төрөлд шалгарч, “Оскар” хүртсэнээс хойш хэдийнэ 30 гаруй жил өнгөрчээ.  
Кино урлаг төдийгүй улс төрд хүч сорьж яваа түүнээс ярвигтай хэдэн асуулт асуухаар бэлдсэн юм. Оливер ч амаргүй хариулт өгөх нь гарцаагүй. 
-Сайн уу, Пирс?
-Студид маань тавтай морил. 
-Баярлалаа.
-Би бүр жаахан байхаасаа л таныг бишрэн хүндэлдэг байлаа. Америкчууд санаа бодлоо шулуухан илэрхийлдэг бол британичууд далд утгатай, ёжилж ёгтолсон байдлаар хэлж, сэтгэлийн хөдөлгөөнөө ч нуудаг. Та бид хоёр ч тэдний нэг. Таны кинонд ч эл далд утга, бусдыг турхирсан байдал илт мэдрэгддэг. 
-Тийм ээ.
-Таны амьдралд ч бусдыг турхирсан хандлага байдаг гэдэг. Гэмтнүүдэд таагүй ханддаг гэдэг тань үнэн үү? 
-Үгүй дээ. Би улс төрч шиг дипломат байхыг хичээдэг. Би бусдыг уурлуулж, гомдоохыг хүсдэггүй. Бас хүмүүсийн хоорондын тэмцэлд ч оролцох дургүй. Төгсгөл нь аймшигтай байх нь ойлгомжтой шүү дээ. Харин үнэнд дурлаж, түүний төлөө явахыг л хүсдэг. Мэдэж байгаа зүйлээсээ зугтахыг урьтал болгодоггүй.
-Таны нэрийг “Google”-ээр хайвал “маргаантай” гэх ангилалд багтах их олон баримт гарч ирнэ гэдэг. 
-Тэр бол хэтрүүлэг.
-Жаахан л хэтрүүлэг оруулсан байх. 
-Хөдөлмөрлөж байгаа хүн бүр л тийм байдалд ордог шүү дээ. Ялангуяа кино урлагт бол маргаантай асуудлууд олонтаа урган гарч ирдэг.
-Би л бусдад тийм сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу гэсэн бодол танд төрдөг үү? 
-Заримдаа төрдөг. Гэхдээ энэ маргаантай байдал үүсэж л байдаг, удалгүй сарнин алга болж л байдаг яг л цаг агаарын байдал шиг. Энэ нь юуг ч илэрхийлэхгүй.
Миний уран бүтээлүүд муугүй болдог шиг санагддаг. Би киногоо дахин үзэх дуртай. Дэлгэцнээ гарснаас нь хэдэн жилийн дараа киногоо дахин үзэхэд “Хүмүүс өчүүхэн жижиг зүйлд анхаарал хандуулдаг юм бэ дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.
-Таны бага насны амьдралын талаар би цөөнгүй уншиж байсан. Аав ээж хоёр тань их сайхан хүмүүс хэдий ч гэрлэлтээ цуцлуулахдаа галзуу юм шиг л аашилсан тухай та дурссан байдаг. Харин та хэдийнэ хоёр удаа гэрлэлтээ цуцлуулсан. Таны гэр бүл салалт яг л кинон дээр гардаг үйл явдлуудтай ижилхэн байсан уу? 
-Тийм ээ.
-Ямар киноны хэсэгтэй илүү төстэй байсан бэ? 
-Би тэр тухай огт бодож байгаагүй юм байна. Түүний оронд Блэйк Лайвлигийн (найз бүсгүй нь) тухай надаас асуу.
-Юу таныг тийм эрс шийдэмгий шийдвэр гаргахад хүргэснийг л мэдэх гэсэн юм. 
-Би амьдралаа бусдаас нуудаггүй шүү дээ. Бүр тэр тухайгаа бичиж, ярьж байсан.
Аав ээж хоёрын минь тухайд гэвэл тэд их эрс тэс ааш араншинтай хүмүүс. Бага насаа дурсахад гайхалтай байдаг ч, сэтгэлийг минь их шархлуулдаг юм. Учир нь ээж аав хоёрыг салахад би дөнгөж 14 настай байсан. Тэгээд л дугуйлангаа орхиж, сэтгэлээр их унасан. Гэр бүл салах үед хамгийн их хохирдог хүмүүс нь хүүхдүүд шүү дээ. Удалгүй Вьетнамын дайн болж би тийшээ явсан.
-Та одоо ээжтэйгээ ямар харилцаатай байдаг вэ? Ээж тань одоо 90 гаруй настай байх аа? 
-Тийм ээ.
-Бусад ээжүүдийн л адил таны үнэнч шүтэн бишрэгч, хамгийн хатуу шүүмжлэгч байсан уу? 
-Ээж маань өөрийгөө тэгж л боддог байх. (инээв) Энэ яриаг түр хойш тавья. Бидний харилцаа их сонирхолтой. Сайн муу хосолж л байна. Мэдээж цөөнгүй бэрхшээл бий. Гэр бүлийн харилцаа амаргүй гэдгийг та сайн мэдэх байх.
-Та аав, ээж хоёрынхоо ямар зан чанарыг дуурайсан гэж боддог вэ? 
-Сайн талыг нь уу?
-Тийм ээ. 
-Ээжийнхээ сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хайр татам, өгөөмөр, ууч, энэрэнгүй занг дуурайсан байх. Харин ааваас ажил хэрэгч, ухаалаг, мэдрэмжтэй, загвар хөөдөггүй, өөртөө дүгнэлт хийх дуртай зан чанарыг өвлөсөн гэж л хэлнэ.
-Тантай хамтран ажиллаж байсан хүмүүс таныг “Ажилсаг, эрч хүчтэй, бүтээлч, бие даасан, бага зэрэг галзуу” гэж дүгнэдэг юм билээ. 
-Чихэнд чимэгтэй сонсогдож байна шүү.
-Тэд бүгд л тантай хамтран ажилласандаа баяртай байсан. 
-19 киноны найруулагчаар ажиллахдаа кино багийнхантай би их найрсаг харилцаатай байсан. Хамтран ажилласан хүмүүсийнхээ 98 хувьтай нь одоо ч холбоотой байгаа. Амьдрал баян учраас бас би тэдэнтэй илүү нээлттэй харилцдаг байсан болохоор тэр.
-Таны хамтран ажиллаж байсан эрэгтэй жүжигчдээс хамгийн шилдгийг нь нэрлэ гэвэл та хэний нэрийг хэлэх вэ? 
-Кэвин Костнер Энтони Хопкинсоос өдөр шөнө шиг л ялгаатай. Гэхдээ тэдний хэнтэй нь ч ажиллахад сайхан байдаг. Том Крук Колин Фаррелаас газар тэнгэр шиг ялгаатай. Гэхдээ тэдний хэн нь ч хамтран ажиллахад урамтай.
-Чарли Шийний хувьд… 
-Би түүнтэй их олон жилийн өмнө хоёр ч удаа хамтран ажиллаж байсан. Тэр хоёуланд нь их өөр арга барилаар ажилласан. Анхны удаад хамтран ажиллахад тэр их мөрөөдөмтгий байсан бол хожим “Уолл Стрит” кинонд тоглохдоо илүү өөртөө итгэлтэй, ямар нэгэн зүйлд баригдахгүй ажиллаж байсан.
-Вьетнамын дайнаас та юу сурсан бэ? 
-Хамгийн түрүүнд хэрхэн амьд үлдэхийг сурсан. Тэнд байхад хамгийн хэцүү зүйл нь ухаан суух явдал байв. Ихэнхдээ л тэнэг юм шиг суусаар байгаад урьдчилж таамаглахын оронд бүх юм болоод өнгөрсөн хойно ухаарч байв.
Гэхдээ энэ дайнд оролцсоны ачаар би дүрслэн бодох авьяастайгаа ойлгож, муугүй найруулагч, зохиолч болох юм байна гэдгээ ухаарсан.
-“Зэрлэгүүд” бас л дайны тухай кино биз? Гэхдээ хар тамхины дайны талаар өгүүлдэг. 
-Тийм ээ. Би Вьетнамын дайны тухай гурван кино хийсэн. Тэдэндээ бүгдэд нь хайртай.
-Та Лайвлигийн тухай нэгэнтээ “Тэр бол хиргүй тунгалаг, тансаг ертөнцөөс ирсэн хүн. Тиймээс л би түүнд хайртай байдаг юм” гэсэн байсан. Тэр үнэхээр өөр ертөнцөөс ирсэн юм уу? 
-Тийм ээ. Түүний байгаа байдал бидэнтэй огт адилгүй.
-Гэхдээ…
-Би Вьетнамд, Азид хайртай. Учир нь тэнд байхдаа л би амар тайван байж чаддаг. Лайвли яг л тэр амар тайван газраас ирсэн юм шиг санагддаг.
-Харин та одоо тайван байж чадаж байна уу? 
-Гэрлэлтийн ачаар чадаж байгаа. Бас би нас ахисан байна. Эр бэлгийн даавар буурах хэрээр хүн тайвшралыг олдог.
-Надад бол бүр төсөөлөгдөх ч үгүй байна. Тантай хэзээ ч уулзаж байгаагүй хүнд өөрийнхөө талаар тайлбарлаж хэлэх вэ? 
-Би бусдыг гайхашруулж, бас урмыг нь хугалж чаддаг нэгэн.
-Яагаад гайхашруулдаг гэж? 
-Амьдрал гэдэг нууцлаг, үнэний араас эцэс төгсгөлгүй ангуучилдаг. Харин энэ ан заримдаа муу үр дүнд хүргэдэг. Сайн мууг хослуулж бай гэж эмээ маань үргэлж захидаг байлаа.

Синтия Никсон: Ганц бие байна гэдэг шийтгэл биш


Богинохон шар үстэй Мирандагийн дүрээр л кино сонирхогчдод төсөөлөгддөг жүжигчин Синтия Никсон угтаа тайзны урлагийн сор болсон жүжигчдийн нэг. Бродвэйн театрын уран бүтээлчийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ. 

-Синтия Никсоныг бид “Их хотын секс” цувралын Миранда Хоббсын дүрээр илүүтэй танина. Гэхдээ тэрбээр Бродвэйн театрт тавигдсан “Оюун ухаан” жүжгийнхээ дүрээр саяхан “Тони”-гийн шагнал хүртсэн юм. Танд баяр хүргэе. 
-Маш их баярлалаа.
-Гэхдээ энэ таны анхны шагнал биш байх аа. “Эмми”-гээс хоёр ч удаа мөн “Грэмми”,  Дэлгэцийн урлагийн жүжигчдийн холбооны шагналыг хоёр удаа хүртсэн. Харин “Тони”-гоос анх удаа шагнал хүртэж байна уу? 
-Өмнө нь нэг удаа “Тони”-гийн цомтой харьж байсан.
-Танд ер нь аваагүй шагнал гэж байна уу? 
-“Оскар” байхгүй. “Хейсман” ч байхгүй. (инээв)
-“Оюун ухаан” жүжигт та тун гайхалтай дүр бүтээсэн. Хорт хавдраас болоод шаналж байгаа хэдий ч сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, дайчин эмэгтэйн дүр бүтээсэн. Жүжигчний хувьд ч багагүй зориг гаргасан байх. Учир нь та тайзан дээр нүцгэн гарсан шүү дээ. 
-Тийм ээ.
-Таны амьдралд ойрхон болохоор жүжиглэхэд илүү дөхөм байв уу. Ээж тань гурван ч удаа хавдраа эмчлүүлж байсан байх аа?
-Тийм ээ, гурван удаа.
-Гэсэн ч өвчинд бууж өгөлгүй бидэндтэй хамт байсаар л байна. 
-Тийм ээ. Ээж минь одоо 82 настай.
-Та бас 2006 онд хавдартай тэмцэж байсан. Тэр тухайгаа яриач. Хавдартай хүмүүсийн амьдрал таны тоглосон жүжигт гардагтай адилхан уу?
-Зарим талаараа адилхан. Та хавдартай тэмцэх гэж ярьж байна л даа. Миний хувьд бол энэ их ахадсан үг юм шиг санагдаж байна. Учир нь миний онош хавдар гэж гарсан хэдий ч хөнгөн хагалгаа хийлгэсний дараа таван жилийн турш туяаны эмчилгээ хийлгээд л эдгэсэн.
Тиймээс хавдартай хийсэн тэмцэл гэж нэрлэхэд арай өрөөсгөл болох байх. Хэдийгээр өвчин гэдэг тоглоом биш ч, хавдраасаа болоод шаналж, амьдрахаар тэмцэж байгаа хүмүүсийн дэргэд миний өвчин цоорсон шүд авахтай л адилхан мэс засал болж өнгөрсөн.
-Тухайн үед аймшигтай санагдаж байсан уу?
-Мэдээж айж байсан. Гэхдээ ээж минь энэ өвчнийг нэг бус удаа ялаад гараад ирсэн болохоор надад туршлага байсан. Би ээжийнхээ хавдартай болсноо хэрхэн хүлээн авч, түүнийгээ хэрхэн эмчлүүлж байсныг нүдээр харсан болохоор тэр.
Гэхдээ өмнө нь эмнэлэгт очиж байсан дүр зурагтай харьцуулах аргагүй л дээ. Хэд хэдэн найз минь хавдраас болоод, бас зарим нь ДОХ-ын улмаас нас барахад нь би эмнэлэгт очиж байлаа. Тэд л илүү аймшигтай, сэтгэлийг минь хамгийн их өвтгөсөн үйл явдал болсон.
Харин хавдартай болсноос илүү өвдөлтийг хүүхдүүдээ төрүүлэхдээ мэдэрсэн. Тоглосон дүр болох Вивианы хорт хавдар хүндэрч, их өвддөг. Харин тэр өвдөлтийг баримжаалсан миний цорын ганц зүйл бол…
-Төрөлт. 
-Тийм ээ.
-“The New York Times” сонинд таны тоглолтыг “ойлгомжтой, чамин, далайцтай” болсон хэмээн дүгнэсэн байсан. Үзэгчдийн алга ташилт бас “Тони”-гийн шагнал хүртсэн тань өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрүүлсэн үү? 
-Тэгсэн шүү. Миний тоглосон дүр өөрөө их гайхалтай сайхан л даа. Жүжгийнх дийлэнх хугацаанд  тайзнаа гарч хүмүүсийг инээлгэж, сэтгэлийг нь огшоолж, нулимсыг нь унагаж чаддаг хүчтэй дүр.
Харин үзэгчдийн тэр сэтгэл хөдлөл, алга ташилт жүжигчдэд эрч хүч, урам зориг хайрладаг.
-Та өнгөрөгч сард хуримаа хийсэн.  
-Тийм ээ.
-Гэхдээ та эсрэг хүйсийнхээ хүнтэй их олон жил хамт амьдарсан байх аа? 
-15 жил. Бид хоёр хүүхэдтэй.
-Харин сая эмэгтэй хүнтэй гэрлэлээ. Гэнэтийн энэ өөрчлөлт тань хүмүүсийн анхаарлыг их татсан. Тиймээс таны хэлж байсан үгийг сануулмаар санагдаж байна. “Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглоно гэдэг улс төрийн тоглоом болоод байна. Үнэндээ энэ асуудал бидэн шиг хосуудын хувьд их энгийн, илүү хувь хүний эрх ашигтай холбоотой юм. Би найз бүсгүйтэйгээ гэрлэмээр байна. Гэр бүлийнхэн, найз нөхдөө хуримандаа уримаар байна. Бид хүүхдүүдээ ч тэр онцгой үдэш хамт байлгаж, насан турш дурсан явах сайхан үдшийг тэмдэглэн өнгөрүүлмээр байна” гэж та хэлж байсан.  
-Баярлалаа.
-Та бусад хүмүүсийн хийдгийг л хиймээр байна гэж энэ үгээрээ хэлэх гэсэн болов уу. 
-Тийм ээ. Тухайн үед улс төрийн л сэдэв болоод байсан ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар хэлсэн. Бусда хүмүүсийн л адил ижил хүйстнүүд ч хуримаа хийхийг хүсдэг.
Тэд өөрсдийн хайрыг баяр болгон тэмдэглэхийг хүсдэг. Тэд насан туршдаа үнэнч байхаа тангараглахыг хүсдэг. Тэд энэ баяраа найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцахыг хүсдэг. Тэднийхээ өмнө сүүлчийн амьсгал татах хүртэл би энэ хүнтэй хамт амьдарна гэдгээ бардам хэлэхийг хүсдэг.
-Та амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу? 
-Хэзээ хэзээнийхээс илүү жаргалтай байна.
-Амьдрал танд сайхан хандаж байх шиг. 
-Амьдрал сайхан байна.
-Таны “Их хотын амьдрал” кинонд бүтээсэн дүрийг дурсахгүй байх аргагүй. Мириндагийн дүр надад их таалагддаг шүү. 
-Тэр гайхалтай эмэгтэй.
-Та “Охид” цувралыг үзсэн үү? 
-Амжаагүй л байна. Гэхдээ үзэхийг маш их хүсэж байгаа шүү. Энэ цувралын талаарх сонирхолтой мэдээллүүд сүүлийн үед чих дэлсэх болсон.
-Хүн бүр л “Их хотын секс”-ийн шинэ хувилбар гэж хэлэх юм. 
-Харин тийм байна билээ.
-Би цөөнгүй удаа тэгж бичсэн байхыг уншлаа. “Их хотын секс” цуврал америк бүсгүйчүүдэд ямар зүйл ухааруулсан бол? 
-Ганц бие байна гэдэг хэвийн зүйл. Та 30 настай, бүр 40 настай байсан ч энэ нь бурхнаас өгч буй шийтгэл хэмээн амьдралдаа сэтгэл дундуур байх, өөртөө гутрах хэрэггүй юм. Гэхдээ би ганц бие гээд гэртээ утас дугарахыг хүлээн бүгэх хэрэггүй. Амьдралаа илүү баялаг, сонирхолтой болгох хэрэгтэй. Тэр ч байтугай ганц бие хэрнээ гэрлэсэн бүсгүйчүүдээс дутахааргүй сексийн амтыг ч хангалттай мэдрэх боломжтой. Гол нь та цагийг хөгжилтэй өнгөрүүлж, адал явдалтай амьдрах хэрэгтэй. Мэдээж бас ажлаа, найз нөхдөө орхигдуулж болохгүй.
Гартаа хуримын бөгжгүй байна гэдэг аз жаргалгүй байхын шалтгаан биш юм шүү гэдгийг л бүсгүйчүүдэд ухааруулсан болов уу.

Энэ зуны этгээд зурлага



Дэлхийн шоу бизнесийн төвд энэ зун ямар тэсрэлт болох талаарх таамгийг “TIME” дэвшүүлжээ. Бэтмэнээс Борн хүртэлх үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй кино төдийгүй хөгжмийн салбарын акулууд, нэр нь тодроогүй авьяастнуудын шинэ цомог, бэстсэллэр болох магадлалтай уран зохиолын болон баримтат, шинжлэх ухаан танин мэдэхүйн номуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ зун таны орхигдуулж болохгүй уран бүтээлүүдтэй танилцна уу. 

Зохиолч Жиллиан Флиний “Алга болсон бүсгүй”
Худалдаанд гарсан өдөр: Зургадугаар сарын 5
Заримдаа баяр хөөр, аз жаргал, зарим үед бүр уйтгар гуниг, айдас төрүүлэх хуримын зураг “Би чухам ямар хүнтэй нэг оронд хэвтэж байгаа юм бэ” гэх бодол төрүүлнэ. Эргэлзээ, тээнэгэлзэл дунд өрнөх үйл явдлууд нь зохиолч нөхцөл байдлыг өнгөцхөн дурьдаад өнгөрсөнтэй холбоотой. Сураггүй алга болсон Эхнэр Эмигээ эрэх явцдаа Ник Дюн түүний үнэн төрхийг олж мэднэ. Харамсалтай нь хурууны хээ гэх мэт харамсалтай үйл явдалтай холбоотой бүхий л баримтууд түүнийг эхнэрээ хөнөөсөн гэмтэн болгон хувиргана. Өнөөх л будлиант гэмт хэргийн талаар өгүүлэх хэдий ч зохиолч Жиллиан Флиний адал явдалт шинэ бүтээл ээдрээт байдлаараа илүүтэй уншигчдын анхаарлыг татаж, энэ зун борлуулалтаараа тэргүүлэгчдийн жагсаалтад амжилт гаргана гэдэгтэй шүүмжлэгчид санал нэгдэж буй.

Зохиолч Дан Арилигийн “Шударга бус явдлын талаарх шударга үнэн”
Худалдаанд гарсан өдөр: Зургадугаар сарын 5
Бидний зан төлөв өөрсдийн минь төсөөлж байснаас ч илүү будлиантай болохыг эдийн засагч Арили номондоо өгүүлжээ. Тэр биднийг шударга бус байдлын хөндийгөөр хөтлөн явж, үнэнийг өгүүлэгч толинд харуулахын тулд бүтээлээ туурвижээ. Ингэхдээ бидний хүндэлж, хайрладаг одод, олны танил эрхмүүд, тамирчдын амжилт, өөрийгөө хуурах увайгүй зуршлаасаа хэрхэн салсан аргаас жишээ татсан байна. Боломж л олдмогц бид өөрсдийгөө хуурдаг атал шалтгаан нь санаанд оромгүй гайхалтай болохыг энэ номноос уншиж болно.

“Прометей”
Нээлтээ хийсэн өдөр: Зургадугаар сарын 8
Аймшигт амьтад сансрын хөлөгт ирэхээс өмнө чухам юу болсон юм бэ? Гэхдээ нэрт найруулагч Жэймс Камероны ““Прометей” 1979 онд дэлгэцнээ гарсан “Харийнхан” киноны тайлал мэт болно” хэмээн таамаглаж байсан нь ташаарсан. Тиймээс ч уг бүтээл боксоффист гуравдугаарт жагсаж байгаа биз.

Зохиолч Алан Фюрстийн ном “Парис дахь төлөөлөгч”
Худалдаанд гарсан өдөр: Зургадугаар сарын 12
Адал явдалт зохиол сонирхогчдын овоо хараанд өртөөд буй бас нэгэн бүтээл бол “Парис дахь төлөөлөгч”. Дайны галан дунд мөлхөж явсан Европт 1938 онд өрнөсөн үйл явдлыг өгүүлэх зохиолын гол баатар нь Фрэдрик Стал. Парист  нэгэн кинонд тоглохоор ирсэн Холливудын энгийн нэгэн жүжигчин удалгүй улс төр, олон улсын тагнуулчдын адармаатай ажиллагаанд хутгалдаж орхино. Кино ертөнцөөс ялгаатай нь энд жинхэнэ бууны сум байгаа хараалж байдаг.

Дуучин Usher-ын шинэ цомог “Looking 4 Myself”
Худалдаанд гарсан өдөр: Зургадугаар сарын 12
R&B-гийн эзэнт гүрний хаан хэмээгддэг дуучны долоо дахь цомог худалдаанд гарлаа. “Scream”, “Climax” зэрэг шилдэг R&B дууны жагсаалтад амжилттай яваа бүтээлүүд нь багтсан түүний шинэ цомог худалдаанд гарсан нь хөгжмийн ертөнцөд болсон томоохон үйл явдал хэмээн шүүмжлэгчид дүгнэж буй. Магадгүй энэ нь түүний салалтын талаар ч сайхан үйл явдал өгүүлж буй мэт дуулчихдаг фальцет хоолойтой холбоотой биз.

“Hot Chip” хамтлагийн шинэ цомог “In Our Heads”
Худалдаанд гарсан өдөр: Зургадугаар сарын 12
Британийн электро бүжгийн хамтлагийнхны гаргасан цомог багагүй амжилт гаргана хэмээн шүүмжлэгчид таамаглаж буй. Цоо шинэ өнгө төрх, хэв маягийг хөгжмийн салбарт бий болгоно гэсэн тэдний тууштай баримтлал цомогт нь ч илэрхий тусгагджээ.

“Эр зориг”
Нээлтээ хийсэн өдөр: Зургадугаар сарын 22
“Pixar”-ын анхны эмэгтэй баатартай бүтээл кино шүүмжлэгчдийн анхаарлыг багагүй татаж буй. Эх орноо аврахаар тэмцэж буй гүнжийн түүхийг өгүүлэх “Эр зориг” хүүхэлдэйн кино “Машинууд 2”-оор нэр хүнд нь багагүй унасан “Pixar”-ыг аврах бүтээл болсон гэдэгтэй энэ салбарын томоохон акулуудын нэг Жон Ласетер ч санал нэгдэж буй.

“Ром руу”
Нээлтээ хийсэн өдөр: Зургадугаар сарын 22
Вуди Аллены Европоор хийсэн аялал Британи, Испани, Францаар дайрч, эцэст нь мөнхийн хот хэмээгддэг Италийн нийслэлд авчирсан нь түүнийг кино ертөнцтэй холбосон гэдэг. Вуди Аллены амьдрал уран бүтээлийн талаарх “Ром руу” кинонд найруулагч Аллен өөрийнхөө дүрд тоглож, Пенелопа Круз, Алес Болдвин нар хамтран ажиллажээ.

“Тед”
Нээлтээ хийсэн өдөр: Зургадугаар сарын 29
Жүжигчин, найруулагч Сэт МакФарлейн өөрийн шинэ уран бүтээлээ багагүй шуугиан тарина гэдэгт итгэлтэй байгаа. Нас биед хүрсэн эр (жүжигчин Марк Уолберг) болон түүний сайн найз өхөөрдөм, тэдди бамбарууш хоёрын түүхийг өгүүлэх “Тед”-ийн зохиомж, үйл явдлын өрнөл нь үзэгчдийн сонирхлыг татах эсэх нь эргэлзээтэй ч трэйлер нь вирус мэт хурдан түгсэнээс үндэслэн шүүмжлэгчид боксоффист дээгүүр жагсах магадлалтай хэмээн үзэж буй.

“Гайхалтай хүн аалз”
Нээлтээ хийх өдөр: Долдугаар сарын 3
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бид түүнийг олон төрхтэйгээр дэлгэцнээс харсан. Харин энэ удаад Петер Паркер (жүжигчин Эндрью Гарфилд) залуухан, ахлах сургуулийн сурагч байдалтайгаар үзэгчидтэй дахин уулзах гэж байгаа. Өөрчлөгдсөн зүйл нь тэр өөр охинд (жүжигчин Эмма Стоун) дурлаж, огт өөр дайснуудтай тулалдах болно.

Дуучин Крис Брауны шинэ цомог “Fortune”
Худалдаанд гарах өдөр: Долдугаар сарын 3
Өнгөрөгч хагас жилийн хугацаанд Браун дахин хүч түрэн орж ирсэн. Тэр бүр хуучин найз бүсгүй Рианнагаас ч олон дуу гаргасан хэдий ч өнгөрсөн жил худалдаанд гарсан “F.A.M.E. ” цомог шиг нь амжилт олж чадаагүй.

Зохиолч Крис Сливийн бүтээл “Алт”
Худалдаанд гарах өдөр: Долдугаар сарын 3
Цаг үеэ мэдэрсэн бүтээлүүдийн нэг нь алт. Энэ зун болох Лондоны Олимптой холбогдуулан гаргаж буй түүний номонд өрсөлдөгч бас найзууд болох мэргэжлийн дугуйчин Зое Кэйт нарын талаар өгүүлнэ. Тэд хоёул 32 настай бөгөөд Кэйт илүү авьяаслаг хэдий ч хорт хавдар туссан ээж нь тэмцээнээс илүүтэй бодогдох тул Зое алтан медалийн эзэн болно гэдэгтээ бат итгэнэ. Харин түүнийг болон ойр дотнынхных нь таамаглал үнэнд хэр ойрхон байх бол?

Зохиолч С.Тайлерийн “Цэргийн зүрх” цувралын гурав дахь боть “Хэзээ ч мэдэхгүй”
Худалдаанд гарах өдөр: Долдугаар сарын 17
Зохиолч Тайлерийн аав Дэлхийн II дайны үеэр армид алба хааж байсан. Тиймээс ч тэрбээр тухайн үеийн байдлыг дэргэд нь байгаа мэт харахгүйгээр амссан зовлонг нь ойлгохгүй гэж үзээд зурагт ном гаргахаар шийдсэн байна. Өмнө гаргасан цувралуудад аавынхаа тухай дурссан бол шинэ цувралдаа дайн өөрт нь болон түүний охинд хэрхэн нөлөөлснийг өнгөт бэхээр зурж дүрсэлжээ.

“Харанхуйн баатруудын үүсэл”
Нээлтээ хийх өдөр: Долдугаар сарын 20
Бэйл Бэйнтэй танилцана. “Бэтмэн эргэж ирсэн нь” цувралын гуравдугаар бүлэгт Бэйний дүрд Том Харди, Селина Кайлын дүрд Анна Хэтэуэй тогложээ. Гэхдээ жинхэнэ тулаан дэлгэцнээ биш , бодит амьдрал дээр “Харанхуйн хүлэг баатрын үүсэл” болон “Өшөө авагчид”-ын дунд өрнөнө. “Warner Brothers” болон “DC entertainment”- ынхан бүтээлээрээ “Өшөө авагчид”-ын нээлтээ хийсэн даруйдаа 207 сая долларын орлого олсон амжилтыг эвдэхийг хичээж буй.

 “Борны хөрөнгө”
Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 3
Бүхий л ангиуд нь амжилт олдог тул Борны цувралын шинэ бүлэг ч багагүй анхаарал татаж буй. Мэтт Дэмон гол дүрд тоглоогүй нь урмыг нь бага зэрэг гонсойлгохын зэрэгцээ, түүнийг орлосон Жереми Рэннер Мэтт Дэмоны энд хүрэх үү, үгүй юу гэсэн асуулт сэтгэлийг нь гижигдэж байгаа. Тиймээс ч энэ зуны хитүүдийн нэг болох магадлал өндөр. Харин шүүмжлэгчид Жеремиг Мэтт Дэмоныг орлолгүй Засгийн газрын хөтөлбөрийн золиос болсон өөр нэгэн өрөвдөлтэй эрийн дүр бүтээсэн гэж дүгнэжээ.

“Бүхнийг сана”
Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 3
Арнольд Шварцнеггерийн бүтээсэн дүрийг ямар чадварлаг жүжигчин бүтээх бол гэсэн үзэгчдийн хүлээлт 1990 оны хит “Бүхнийг сана” киноны шинэ хувилбарыг олны анхаарлын төвд оруулсан. Хариулт нь бүр ч гайхалтай. Сүүлийн жилүүдэд амжилт гаргасан кинонд тоглоогүй жүжигчин Колин Фаррелыг сонгосон нь маркетингийн уран арга ч байж мэднэ.

Зохиолч Боб Спицийн бүтээл “Өдрийн тэмдэглэл буюу Жулия Чайлдын намтар”
Худалдаанд гарах өдөр: Наймдугаар сарын 7
Америкийн хоол хийх урлаг болон хооллох хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн гайхалтай эмэгтэйн талаар өгүүлэх эл ном уншигчдын анхаарлыг татах нь гарцаагүй. 30-аадхан насандаа Парист ирж, франц хоолонд дурласан нэгэн бүсгүйн амьдралыг өгүүлэх эл ном намтар мэт санагдах хэдий ч тэр нь боруулалтын бас нэгэн арга хэмээн судлаачид таамаглаж буй.

“Итгэл тээсэн хавар”
Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 10
Тэсрэлт үгүй! Хүн төрөлхтнийг заналхийсэн юу ч үгүй! Мэрил Стрипийг тооцохгүй бол супер баатрууд ч байхгүй! Гэсэн хэдий ч найруулагч Дэвид Франкелийн шинэ мелодрам амжилт гаргана гэдэгтэй судлаач шүүмжлэгчид санал нэгдэж буй. “Чөтгөрүүд л Прада өмсдөг” кинонд хамтран ажиллаж байсан тэднийг 30 жилийн гэрлэлтээ дахин сонирхолтой, гал халуун болгох гэж тэмцэж буй хосуудын амьдралыг сонирхолтой, шинэлэг байдлаар өгүүлж чадна гэдэгт тэд итгэлтэй байгаа.

“Кампанит ажил”
Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 10
Бүгд найрамдах намын шинэчлэгч (жүжигчин Зак Галифианакис) Хойд Каролиноос конгрессийн гишүүнд нэр дэвшинэ. Өрсөлдөгчийнх нь булхай илэрснээр түүнд боломж олдох хэдий ч өрсөлдөгч нь тийм ч амар бууж өгөлгүйгээр кампанит ажлаа өрсөлдөгчийнхөө булхай, зальхайг илрүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж буй тухай өгүүлэх кампанит ажил кино удахгүй болох сонгуулийн кампанит ажил ид өрнөж байх үеэр гарч байгаа тул амжилт олох нь гарцаагүй хэмээн таамаглаж байгаа аж. Түүнчлэн энэ зун дэлгэцнээ гарах инээдмийн кинонуудаас кино багийнхан туршлагатай бөгөөд анхаарал татаж буй сэдвийг сонирхолтой гаргасан нь амжилтын бас нэгэн түлхүүр гэнэ.

Хоолны ширээ - Ходоодны эм



Мөнгө олохын төлөө эрүүл мэндээ золиосолж, эцэст нь эдгэрэхийн төлөө олсон мөнгөө зарцуулдаг гэнэхэн амьтан бол хүн. Тиймдээ ч эрүүл биеийн үнэ цэнийг эртхэн мэдрүүлэхийн тулд хөгжингүй орнуудын судлаачид судалгааныхаа сэдвийг ихэвчлэн энэ зүг рүү хэлбийлгэж байна. “Ходоод гэдэг хогийн тантан биш” хэмээдгийн адилаар хооллох гэдэг эрүүний булчин ажиллуулах төдий энгийн үйлдэл биш гэдгийг Америкийн судлаачид баталжээ. 

Оройн хоолны ач холбогдлыг гэр бүл судлаачид ихэд чухалчилдаг. Ширээ тойрон суугаад дотно яриа өрнүүлэн идсэн оройн хоол гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, нэг төрлийн эмчилгээ болдог болохыг тэд хэдийнэ баталчихаад, өдгөө залуу гэр бүлд ухуулж суугаа. Тэгвэл тун удахгүй эмч нар ч бас энэ зөвлөгөөг амны уншлага болгох нь. Учир нь Нью-Жэрсигийн их сургуулийн судлаачид оройн хоолоо гэр бүлийнхэн, ойр дотно хүмүүсийн хамт ширээ тойрон суугаад идэх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг саяхан баталжээ.
Харамсалтай нь стресс, элдэв халдварт өвчин гэх аюул дагуулсан өнөөх суурин иргэншил, технологийн хөгжил дэвшил гэр бүлийн уламжлалыг хэдийнэ эвджээ. Зөвхөн америкчуудын 40 хувь нь ширээний ард хамтаа хооллох эерэг зуршлаа гээсэн болохыг судлаачид тогтоожээ.
Хэмнэл нь улам хурдасч буй суурин иргэншил хүмүүсийн амьдралын хэв маягийг галынхаа өрөөнд биш, зоогийн газруудад хооллох, тэр ч байтугай түргэн хоолны газраас оройн хоолоо худалдан авах хүртэл өөрчилж дөнгөжээ. Үр дүнд нь амин дэм, эрдэс бага, давс, өөх тос, илчлэг ихтэй чанар муутай хоолоор гэдсээ дүүргэсэн XXI зууны иргэд хэт таргалалтад дээрэлхүүлж, түүнээс үүдэлтэй зүрх судасны болон хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин хүн төрөлхтнийг түгшээх боллоо.
Тиймээс л өлсгөлөнд нэрвэгдсэн өрөвдмөөр байдалд ороогүй хэрнээ тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоо өдрөөс өдөрт олширч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэх цоо шинэ үйлдвэрлэлийн салбар эрчээ авах болсон байна.
Нью-Жэрсигийн их сургуулийн эрдэмтдийн баг 68 гэр бүлд судалгаа хийхдээ оройн хоолны үеэрх гэр бүлийн байдлыг гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон биеийн жин, хоол хүнснээсээ тэжээл хангалттай авч байгаа эсэхтэй харьцуулан судалжээ. Харин судалгаа нь хачирхалтай үр дүн харуулсан байна. Тэдний ажиглалтаар оройн хоолны хэв маяг зөв эсэхээс хүүхдүүдийн хэт таргалалт шууд хамааралтай болох нь нотлогджээ. Гэр бүлийн элгэмсүү оройн хоол хүүхдүүдийг хүнсэндээ жимс, ногоо, кальци, амин дэмээр баялаг зүйлс түлхүү хэрэглэдэг эрүүл хэв маягт хэвшүүлдэг байна.
Гэр бүлийн оройн хоолны талаарх дараагийн судалгаа таныг бүр ч илүүтэй гайхашруулах нь лавтай. Колумбын их сургуулийн судалгааны багийнхан гэр бүлийнхний найрсаг байдал, оройн хоолоо хамтдаа иддэг хэв маяг өсвөр наснынхныг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх гэх мэт хорт зуршлаас хол байлгаж дөнгөдөг ид шидтэй болохыг баталжээ. Эрдэмтэд 12-17 насны 1055 өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдийн дундаас 456 хүнтэй цахим сүлжээ ашиглан ярилцлага хийсний дүнд эл дүгнэлтийг хийсэн байна. Ярилцлагынхаа явцад тэд долоо хоногт гурав хүртэлх удаа гэр бүлийнхний хамт оройн хоолоо иддэг охид хөвгүүд долоо хоногт таваас доошгүй удаа халуун ам бүлээрээ хоолны ширээний ард суудаг хүүхдүүдээс тамхи, архи хэрэглэх муу зуршилд автах нь 1.5 дахин илүү байгааг тогтоосон аж. Хоол хорт зуршилтай хэрхэн холбогдож байна вэ хэмээн та гайхаж байна уу? Үнэндээ энэ нь өнөөх гэр бүлийн дотно уур амьсгалтай шууд холбоотой аж. Оройн хоолоо цуг иддэг гэр бүлүүд илүү дотно, дулаан уур амьсгалтай болж, гэр бүлийн гишүүд нээлттэй, илэн далангуй харилцаатай байдаг нь энэ илбэ шидийн гол түлхүүр гэнэ. Үнэхээр ч судалгаанд оролцогч өсвөр насныхны хариулснаар үдийн зоогоо хоолны ширээний ард тухлан, өдрийн адал явдлынхаа тухай хүүрнэн ярилцдаг хүүхдүүд оройн хоолыг хүссэн үедээ дуртай газраа хүртчихдэг өсвөр наснынхнаас гурав дахин илүү аавтайгаа нээлттэй харилцаатай байдаг гэнэ. Ээждээ итгэх байдал ч мөн л ийм дүн үзүүлсэн байх юм. Аав ээжтэйгээ зэрэгцэн суугаад хооллодог өсвөр насныхны олонх нь буюу гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллодоггүй хүүхдүүдээс хоёр дахин олон хүүхэд “Аав, ээж хоёр маань сайн сонсогч. Тиймээс тэдэнд өөрт тохиолдсон элдэв асуудлууд, бэрхшээлийг илэн далангуй хэлж, ярилцдаг” гэж хариулсан байна.
Түүнчлэн болзоонд дуртай аав, ээжүүдийн хүүхдүүд пицца, бургер гэх мэт тэжээллэг багатай чанаргүй хоолоор гэдсээ дүүргэх нь түгээмэл. Түргэн хоол идэхдээ тоглож, зурагт үзэж байх үздэг нь ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Одоогоор нарийн судалгаа хийж дуусаагүй байгаа ч, хооллох тав тухтай нөхцөл бүрдүүлж, ширээний ард хооллох нь хоолондоо анхаарал төвлөрүүлэн, хоол боловсруулах эрхтнийг бэлдэж, хоолны шингэцийг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
Танд болзоогоо түр хойшлуулан хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, гэр бүлийнхний тань харилцааг нээлттэй, дотно болгох ач тустай оройн хоолоо өөрөө бэлдэхийг зөвлөе. Барууны орнуудад хоолны ширээг чухалчилдаг нь ч үүнтэй холбоотой. Гоё чамин, тансаг, үнэтэй байх нь чухал биш. Хоолны ширээ гэдэг гэр бүлийнхний тань харилцаа болон хоол боловсруулах эрхтний урьдчилан сэргийлэх тарилга болохыг эрдэмтэд сануулж байна. Тиймээс хоолны ширээ гэх чухал бүтээгдэхүүнийг тавилгынхаа тооноос хасчихсан эзэгтэй нар маань дэлгүүр рүү яарах хэрэгтэй боллоо.
Харин дараа нь ажлын цагаа зохицуулах томоохон асуудлыг зохицуулаарай. Олон нийтийн цахим сүлжээний “Facebook”-ийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг ямар ч ажилтай байсан 17.30 цагт ажлын байраа орхих хэв маягийг бүсгүйчүүдэд уриалж буй.
Хүчирхэг, ажил хэрэгч эл эмэгтэй энэ шинэ хэв маягаа сурталчилсан бичлэг хийлгэж, нийтэд тарааж буй. Тэрбээр энэ тухайгаа “Би өдөр бүр ажлаасаа 17.30 цагт гардаг. Тэгснээр оройн хоолоо 18.00 цагт хүүхдүүдтэйгээ хамт идэх боломжтой болдог юм. Сонирхолтой нь би хүүхэдтэй болсныхоо дараа л амьдралын зөв хэв маяг гэж ямар чухал болохыг ухаарч ийм шийдвэр гаргасан” гэжээ.
Тэрбээр олон нийтийг уриалсан бичлэгтээ “Бид яагаад ажлаа гэр бүлээсээ илүү дээгүүр тавьдаг юм бэ? Ажлаа алдахаас айсандаа тэр үү? Эсвэл өөрийнхөө ямар чадварлаг болохыг батлах гэсэн хэрэг үү? Бусдыг дуурайсандаа л тэгдэг юм болов уу? Нөгөө талаас нь харвал бид асрагч нарт хүүхдүүдээ хооллох ажлаа даатгахыг үнэхээр хүсдэг гэж үү? Тэгээд гэрийнхээ хаалгаар нойрсож буй бяцхан үрийнхээ хацран дээр үнсэх гэж л ордог хэрэг үү?” хэмээжээ.
“Facebook”-ийн гүйцэтгэх захирлын эл уриалга тун удахгүй дэлхийн олон орнуудад хэрэгжих нь гарцаагүй. Анхдагчдын нэг нь яагаад та байж болохгүй гэж.

Урлагийн оддын нууц болсон уралдаан



Карусо, Паваротти, Корелли, Краус, Андерсон, Кристоф… Уралдаанаас төрсөн алдартнуудын жагсаалт уртаас урт болон цааш үргэлжилнэ. Нэр хүндтэй наадмуудад амжилттай оролцсон уран бүтээлчдэд өгөх шагналын цомыг чамлахааргүй мөнгө, багагүй нэр хүнд дагадаг. Хамгийн гол нь атгаж л чадвал амжилтад хүрэх хаалга тэдний өмнө нээгддэг учраас л дэлхийн өнцөг булан бүрт эл салбарынхны дунд өрнөдөг тэмцээн хэдэн зуугаараа зохион байгуулагддаг аж. 

Нэгэн урлагийн менежер “Манхэттэнд олон зуун гайхалтай хоолойтон нуугдаж буй. Харамсалтай нь тэдний ганцхан хувь нь олонд танигдах юм даа” хэмээсэн байдаг. Үнэхээр ч Канадын продюсерууд дуурийн алтан гургалдай төрүүлэхээр олон ч уран бүтээлчийг бэлтгэсэн. Гэхдээ тэднээс амжилт, нэр алдарт хүрсэн нь цөөн. Тиймээс л тэд нэр хүндтэй уралдаанд оролцон амжилт олох хэдийнэ түгэн дэлгэрсэн аргыг ашиглаж хүссэндээ хүрсэн байдаг. Торонто руу цагаачлан ирсэн грек гэр бүлээс гаралтай дуучин Тереза Стратас 1950-иад оны сүүлчээр болсон “Met” уралдаанд түрүүлснээсээ хойш дэлхийн томоохон театруудад уригдан дуулах болжээ. Амжилтад хүрэх гэж цөөнгүй жил шаргуу хөдөлмөрлөсөн ч төдий л үр дүнд хүрээгүй гоцлооч Бен Хеппнер ч “Met”-ийн эцсийн шатанд тэнцэж, 1988 онд Биргит Нилсоны шагналыг хүртсэнээр л алдар хүндтэй нэгэн болсон. Өдгөө гялалзаж буй Канадын дуурийн од Изабель Баяракдарианы гайхалтай хоолойг үзэгчид 1997 онд “Met”-ийн наадамд түрүүлснээр л бахдан бишрэх болсон. Эцэст нь бурхнаас заяасан хосгүй хоолойтон Марие Николь Лемьег мартах аргагүй. Тэрбээр Бельгид болсон хатан хаан Элизабетийн нэрэмжит уралдаанд тэргүүлснээр олонд танигдсан байдаг.
Мэдээж уралдаан бүр уран бүтээлчдэд ийм боломж олгохгүй. Зөвхөн дуурийн дуучдын дунд зохиогддог олон улсын чанартай уралдаан тэмцээн гэхэд л зуу зуугаараа зохион байгуулагддаг бөгөөд тэдний зарим нь бүр хэдэн арван жилийн түүхтэй байх юм. Олон зуун уралдаанаас хамгийн нэр хүндтэйд нь “Кардифф дахь шилдэг дуучин”, Хатан хаан Сонжагийн нэрэмжит уралдаан (Осло хотноо), “Бельведер” (Вена хотноо), “Опералиа”, Уигморын хол дахь, Роберт Шуманагийн болон Чайковскийн нэрэмжит уралдаан багтана.
Гавьяат жүжигчин, ДБЭТ-ийн гоцлооч Э.Амартүвшин өнгөрөгч онд Оросын нийслэлд зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарч байсан. Зургаан аравны түүхтэй нэр хүндтэй наадамд аман хүзүүдсэн түүний амжилт энэ жил нэр тенор Пласидо Домингогийн санаачилсан Дэлхийн дуурийн XX уралдаанд манлайлснаар үргэлжиллээ.
Хэдийгээр 1993 онд анх зохион байгуулагдсан харьцангуй залуу хэдий ч Опералиа буюу Дэлхийн дуурийн уралдаан П.И.Чайкавскийн наадмаас дутахааргүй нэр хүндтэй болж чадсан. Тус наадмаас л сонгодог урлагийн орчин цагийн одод болох Бриан Асава, Хосе Кура, Жойс Дидонато, Элизабет Футрал, Инва Мула, Ана Мария Мартинез нар төрөн гарсан.
Залуу дуулаачдыг тодруулах наадам анх Францын Парис хотноо зохиогдож байсан бол түүнээс хойш жил бүр өөр хотод зохион байгуулагдах болжээ. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд ч дөрвөн өөр бүсийн, нэр хүндтэй театруудын 10 найруулагчийг сонгодог нь “Дэлхийнх” гэх тодотголтой нь холбоотой. Наадамд оролцох хүсэлтэй гоцлоочдын бичлэгийг гурван шүүгч сонсоод шилдэг 40 оролцогчид тайзнаа дуулан өрсөлдөх эрх олгодог зарчимтай аж. Жил бүр 800-1000 дуучин оролцох хүсэлтээ ирүүлдэг болсон нь “Опералиа”-гийн цар хүрээ жилээс жил цар хүрээ нь өргөсч, өрсөлдөөн ихтэй болж буйн нотолгоо.
Залуу дуучдын хоолойн царааг таниулсан уралдааны шагналын сан нь 175000 доллар хэдий ч шагналтнуудад мөнгөнөөс илүүтэй олонд танигдах, нэр хүндтэй театрууд болон уран бүтээлчидтэй хамтран ажиллах санал ирдэг нь хамгийн том давуу тал болдог байна. Санаачлагч П.Доминго дэлхийн томоохон театруудын найруулагчдыг шүүгчээр сонгодог нь ч залуу чадварлаг уран бүтээлчдийг тэдэнд таниулж, томоохон театруудын цусыг сэлбэх гэснийх. Тиймдээ ч тус наадмын шагналтнууд удалгүй томоохон компаниудтай гэрээ байгуулж, эсвэл театрын найруулагчидтай холбоо тогтоон нэрд гарах нь түгээмэл. Тэгэхээр тун удахгүй Монголоор овоглосон чадварлаг баритон сонгодог урлагийн оддын жагсаалтыг үргэлжлүүлж мэдэх нь.
Түүний өмнө оролцсон П.И.Чайковскийн наадам яагаад Э.Амартүвшинг од болгож чадаагүй юм бэ гэх бодол төрж байгаа биз. Хариулт нь тун энгийн. Шүүгчдээр нь томоохон театруудын найруулагчид ажилладаггүй болоод л тэр. Гэхдээ энэ нь нэр хүнд муутай, хуучин зөвлөлтийн харьяалалд байсан цөөн орны дуучид оролцдог цомхон наадам гэсэн үг биш.
Бүр 1958 оноос эхтэй уг уралдаан анх хийлч, төгөлдөр хуурчдын дунд өрнөдөг байж. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг наадмын хоёр дахь удаагийнхт их хуурчдыг өрсөлдүүлдэг болж, дараагийн удаагийнхаас дуучдынх гэсэн тодотголтой төрөл нэмэгдсэн байдаг. Тиймдээ ч сонгодог урлагийн олимп хэмээгдэх болж. 1990 оноос олон улсынх болж өргөжсөн наадмын 2011 онд болсон XIV дэх удаагийн наадамд гэхэд л Канад, БНСУ, Франц зэрэг сонгодог урлагийн хөгжлөөр тэргүүлдэг орны уран бүтээлчид өрсөлдсөн байна.
Нэр хүндтэй уралдаанууд дуучдыг дэлхийн тавцанаа гаргаж ирдэг гэж үү? Үнэн хэрэгтээ уяа сойлго нь таарсан чадварлаг уран бүтээлчдэд уралдаан олонд танигдах боломж л олгодог хэрэг. Өнөөх хөгжиж буй орны урлагийнханд үгүйлэгдээд байдаг менежмент, дэлхийн томоохон театр, компанитай тогтоох холбоо харилцаа үүсгэх боломж энэ үеэр л олонд танигдаагүй алтан гургалдайнуудад олддог хэрэг.