Monday, June 18, 2012
Билл Клинтон: Хиллари тэтгэвэртээ гарна гэсэн
Америкчууд төдийгүй дэлхий нийтээр тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал хандуулж буй эдгээр өдрүүдэд “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт Америкийн нэгдсэн улсын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон. Харин хөтлөгч нь “Дурласан Шекспир” киногоор шилдэг продюсерийн шагналыг Академиас хүртэж байсан “The Weinstein” компанийн захирал Харви Уэйнштэйн.
-Сайн байцгаана уу? Намайг Харви Уэйнштэйн гэдэг. Та бүхэн намайг “Дурласан Шекспир”, “Уран бүтээлч” зэрэг кинонуудын продюсерээр ажилласнаар илүүтэй мэдэх байх.
Пирс Морган өөрийг нь орлохыг надаас хүссэн юм. Түүний хэлэхийг анх сонсоод тоглож байна л гэж бодсон. Харин тэр тоглоогүй байж. Эх орныхоо түүхэнд томоохон өөрчлөлт хийсэн нэгэн эрхэмтэй уулзах гэж буйгаа би нэр төрийн хэрэг гэж бодож байна. Мэдээж тэр хүн бол Америкийн 42 дахь Ерөнхийлөгч Уильям Жефферсон Клинтон.
-Сайн уу, Харви. (инээв)
-Тантай юуны тухай ярилцахаа ч сайн мэдэхгүй байна.
-Чиний сонирхсон сэдвээр л ярилцъя.
-Баярлалаа. (инээв) Та бусадтай ярилцахдаа их тайван, өөртөө итгэлтэй байх юм, ноён Ерөнхийлөгч өө. Та илэн далангуй ярилцаж байгаа харагддаг. Харин надаас ярилцлага авч байх үед би бага зэрэг тавгүйрхэж, эмээдэг. Та яадаг вэ?
-Би ярилцаж буй хүнийхээ нүд рүү нь хардаг. Тэгвэл дараагийн алхмын талаарх айдас үгүй болдог юм.
-Би зөвхөн киноны талаар ярилцахдаа л тайван байж чаддаг. Таныг бас киноны хорхойтон гэдгийг мэдэх юм. Бид өнгөрсөн хугацаанд цөөнгүй удаа хамтдаа кино үзсэн болохоор тэр.
-Бүр их олон удаа шүү.
-Таны хамгийн дуртай кино юу вэ?
-Би киног нэгээс илүү үздэггүй. Харин дахин дахин үзсэн кино маань “Үд дунд”. Энэ кино дэлгэцнээ гарч эхлэх үед би зургаан настай, Арканзаст амьдардаг байлаа. Тухайн үед киноны тасалбар 10 цент байсан. Тэгээд л 20 цент олж аваад түүгээрээ ундаа, амттан авч иддэг байлаа. Харин уг киног би 25-30 удаа үзсэн. Мөн “Касабланка”-г олон дахин үзэхдээ огт уйдаагүй.
-Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад тань энэ улсын шериф болчихсон мэт сэтгэгдэл төрж байв уу?
-Зарим үед тийм сэтгэгдэл төрдөг байсан.
-Улсын тань хүмүүс гүйлдээд л, нуугдаад л… Харин та л ганцаараа дайснуудтай тэмцэж, их ганцаарддаг байв уу?
-Хааяа. Хамгийн чухал нь ерөнхийлөгч хүн дунджыг баримтлах нь хамгийн чухал. Мексикт гэхэд л өнөөдөр хүн амынх нь 81 хувь бидний эсрэг байр суурьтай байна.
-Хэрэв танай гэр бүлийн тухай кино хийхээр болвол та өөрийнхөө дүрд хэнийг тоглуулах вэ?
-Бурхан минь, мэдэхгүй юм даа. Энэ тал дээр би таны саналыг илүүтэй дэмжнэ ээ.
-Брэд Питт үү, эсвэл Жорж Клуни юу?
-Сайхан төрхтэй хүмүүс сонгосон байна. Өндөр нам, биеийн байдлаараа Жорж Клуни бид хоёр ойролцоо болов уу.
-Тийм шүү. Гэхдээ сайхан төрхтэй хүн биш шүү дээ.
-Тэгвэл болилоо. (инээв) Миний бодлоор тэр сайхан төрхтэй. Түүний хамрыг монтойлгоод жаахан будчихвал надтай адилхан харагдах байх. Тэр өнгөрсөн жил их сайхан кинонуудад тоглосон.
-Харин эхнэрийнхээ дүрд хэнийг тоглуулах вэ?
-Мэрил Стрип.
-Дональд Трамп нэр дэвшигч Митт Румниг ивээн тэтгэж байгаа юм билээ. Тэр бол ухаалаг бизнес эрхлэгч. Харин иргэд түүнд ямар хандлагатай байгаа талаар та мэдэх үү?
-Мэдэхгүй байна. Бид Нью-Йоркийн иргэд гэдгээс өөрөөр дотно танил биш л дээ.
-Би мөн л Нью-Йоркийнх.
-Тэр надад таалагддаг. Бид хамт гольф тоглож байлаа. Харин тэдний бодлогын тухайд их тунгааж, олон талаас нь бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байна.
-Обама Румни хоёрын хэн нь илүү олон санал авах бол?
-Энэ талаар танд хэлж чадахгүй нь. Би Ерөнхийлөгчийг 5-6 онооны давуутай ялах болов уу гэж бодсоор л байгаа.
-Та шилдэг шинжээч шүү дээ.
-Гэхдээ энэ таамаг минь зөвхөн өнөөдрийн л байдлаар шүү дээ.
-Яагаад тэр вэ?
-Эдийн засгийн нөхцлөөс шалтгаалан энэ байдал өөрчлөгдөх магадлалтай. Долоон жилийн өмнөх хямралын дараа үеийнхтэй харьцуулахад ажлын байр эрс нэмэгдсэн байна. Энэ бол Ерөнхийлөгч Обама 3.5 жилийн хугацаад хийсэн ажлын үр дүн. Харин Европ Японд тулгарч буй эдийн засгийн хямралаас бид холуур өнгөрнө гэж бардам хэлэх аргагүй. Энэ хямрал урьд урьдынхаас илүү хохирол амсуулах магадлалтай байгаа. Тиймээс хүмүүс ч эргэлзэж байна. Хүмүүс өглөө бүр “Би ажлаасаа халагдчихаагүй байгаа” гэсэн айдастай сэрж байна. Энэ бол бэрхшээл мөн. Хэдийгээр Ерөнхийлөгч 150.000 ажлын байр бий болгосон ч энэ нь америкчуудад дахин бэрхшээл тохиолдохгүй гэсэн баталгаа биш.
Гэхдээ тэр төсвийн танаас хийснээр алдагдлыг бууруулж чадсан. Өрсөлдөгчөөсөө илүүтэй 10 жилийн өмнө огт дурдагдахгүй байсан үндэсний өрийн асуудлыг сөхөж, анхаарал хандуулсан. Бид л түүний хийсэн бүхнийг санаж, түүнд итгэл хүлээлгэвэл тэр цаашид ч Америк орныг авч явж чадна. Тиймээс би түүнийг дахин сонгогдоно гэж бодож байна.
-Охины тань талаар тантай ярилцмаар санагдлаа. Учир нь би өсвөр насны хоёр охинтой. Та Цагаан ордонд өсвөр насны охиноо хэрхэн хүмүүжүүлдэг байв?
-Хэрэв бид цагаан ордонд байгаагүй бол яах байсан бэ гэж бодож л охиноо чадлынхаа хэрээр л хүмүүжүүлдэг байлаа. Бид хамтдаа оройн хоолоо иддэг байсан. Ажил хийдэг аав ээжүүдтэй харьцуулахад миний хамгийн том давуу тал бол энэ юм. Би хэдэн цагаар ажиллах байсан ч хамаагүй оройн хоолоо заавал гэртээ иддэг байсан.
-Тийм ээ, би санаж байна.
-Мэдээж өглөө бүр цуг сууж цайгаа ууна. Би түүнийг хоолны үеэр хүссэн бүхнээ чөлөөтэй ярьдаг байлгахыг хичээдэг байлаа. Нээлттэй илэн далангуй харилцаатай байхыг л чухалчилдаг байсан хэрэг л дээ. Түүнийг ахлах сургуульд байхад бид нэг л удаа маргалдаж байсан. Яг юунаас болж маргалдсанаа одоо санадаггүй юм.
-Та “Сүйт бүсгүй гүнж” киног охиныхоо хамт жил бүр үздэг гэсэн байх аа?
-Тийм ээ. Хэдэн удаа үзсэнээ ч мартчихаж. Гэхдээ киноны текстийг охин минь надаас илүү сайн мэднэ. Гэхдээ бид хоёр хоёул уг кинонд дуртай. Миний бодлоор хүлээн зөвшөөрөгдөөгүй алтан кинонуудын нэг нь “Сүйт бүсгүй гүнж”.
-2016 онд Клинтон Цагаан ордон руу нүүх болов уу? Эл сонгуульд охин Челси нь, эсвэл бүр Клинтоны гэр бүлийн эзэгтэй өрсөлдөх юм болов уу? (инээв)
-Челси маань арай нас залуу байна. Миний бодол л доо. Үгүй ч байж мэднэ. Хиллари харин “тэтгэвэрт гарах” бодолтой байгаа. Гэхдээ харж л байя.
Тэр улс төрөөс холдож гэртээ ирээд, хүмүүнлэгийн ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэр минь 20 жил шаргуу ажиллалаа шүү дээ. Би эхнэрээрээ их бахархдаг. Төрийн нарийн бичгийн даргын ажлаа ч сайн хийсэн гэж бодож байгаа.
Сонгогдох урлаг
Улирлыг цаг агаарын хэмнэлээр биш, үйл явдлын өөрчлөлтөөр нэрлэдэг байсан бол “Сонгуулийнх” гэсэн сэтэртэй нь иргэдийн дургүй улирлын жагсаалтыг манлайлах байсан нь гарцаагүй.
Хүн нас ахих тусам туршлагаждаг. Тэр ч ёсоор иргэд сонгууль өгөх тусам туршлага сууж, 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш долоо дахь удаагаа төрд төлөөллөө сонгох гэж буй иргэд энэ тал дээр хэдийнэ хашир анжгай болжээ. Иргэдийн энэ өөрчлөлтөөс шалтгаалан энэ удаагийн сонгууль түүнтэй холбоотой асуудлуудад хэд хэдэн өөрчлөлт гарсан байх юм.
Тэднээс хамгийн томоохон нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд сонгуульд анх удаа оролцсон түүхэн үйл явдал. Иргэд ардчилсан сонгуульд оролцох болсоор хэдийнэ хоёр аравныг ардаа үдсэн байхад хилийн чанадад орших зуу гаруй мянган иргэд энэ эрхээ эдэлж чадаагүй байх юм. Тиймдээ ч төрд төлөөлөлгүй явсан иргэд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, бүртгүүлсэн иргэдийн 65 хувь нь саналаа өгчээ. “Бид сонгох эрхтэй” клуб энэ талаарх нийтлэл болон сонгуулийн үр дүнгийн талаарх судалгааг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан санал хураалтын талаар нийтэд зарлажээ.
“Сонгуулийн тойргоос гадуурх иргэдийн санал хураах явцын судалгаа” хэмээн тайлбар тольд тэмдэглэсэн байдаг “Exit poll” гэх шинэ нэр томъёог мэдлэгийн санд нэмсэн тус судалгааны үр дүнгээс харахад Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл, Токио хотод санал өгсөн иргэдийн олонх нь (судалдгаанд оролцогчдын 44 хувь) нь Ардчилсан намд саналаа өгсөн байна.
“Анх удаа л саналаа өгөх гэж байна. Тиймээс нэр дэвшигчдийн талаарх тэнцвэртэй мэдээлэл олж авч, сонгуульдаа хариуцлагатай хандмаар байна” хэмээх танилын минь яриа энэ түүхэн үйл явдал олон хүний хувьд ямар чухал өөрчлөлт болсныг сануулсан.
Зөвхөн нэр дэвшигчдэд тавьдаг байсан “халамж, анхаарал” энэ удаад сонгогчид руу ч чиглэсэн нь бас нэгэн өөрчлөлт шинэчлэл. “Сонгогчдын боловсролын төв” гэсэн хаягтай нийгмийн сурталчилгаа, ухуулах мэдээлэл телевизийн сувгуудаар цацагдах болсоор удлаа. “Нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх, өгөхгүй байхаар амлах, нэр дэвшигчдээс мөнгө, эд зүйлс нэхэх, авах…” гээд л сонгогчдын ёс зүйн талаарх мэдээллийг цээжилтэл, бүр зүүдэнд ортол сануулж байх юм. Санал худалдан авах байдлыг таслан зогсоох эл шинэ арга сонгогчдод “Нэр дэвшигчдийн боловсролын төв” гэх байгууллага ч байх ёстой гэх бодол эрхгүй төрүүлж буй.
Үнэндээ сонгогчдоос илүү нэр дэвшигчид ёс зүйгүй авирлаж, элдэв арга хэрэглэдгийг олон баримт гэрчилнэ. Сонгуулийн хорооны мэргэжилтнүүд гэхэд л “Сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол ихэвчлэн “Нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвшөөрөлгүй газар байрлуулсан” гэсэн асуудлаар хандаж байна” хэмээн мэдээлсэн.
Түүнчлэн “Сурталчилгаа тарааж буй ажилтнууд хаалгаа тайлахгүй удвал уурлаж, зандрах шинжтэй” гэсэн оршин суугчдын сэтгэгдэл ч сонгогдох ухаан, урлагт суралцах цаг болсныг харуулна.
УИХ-ын долоо дахь сонгуулийн бэлтгэл ажил ид өрнөж буй эдгээр өдрүүдэд иргэдийн бухимдал дээд улаан бүсийг давж байх шиг. Томсгосон тойргийн нэг дутагдал ч энэ байж мэдэх. Дөрвөөс таван л нэр дэвшигчийн сурталчилгааны ажилтнууд хаалга тогшин, сэтгүүл, тараах материал гарт атгуулдаг байсан бол энэ тоо гурваас дөрөв дахин нэмэгдэж, тэр хэрээр хаалга балбагчдын тоо, иргэдийн хаалга буйдан хоёрын хооронд хийх рээс нэмэгдсэн биз.
Хаалга үүд тогших сурталчилгааныхнаас залхахдаа “Тавтай морилно уу” гэх уриалгахан самбарын оронд “Сонголтоо хэдийнэ хийсэн тул тараах материал авахгүй. Хаалга битгий тогш” гэсэн анхааруулга хадах моод дэлгэрсэн байх юм. Иргэдийн дунд гарсан инээдтэй ч юм уу, эмгэнэлтэй ч юм уу бас нэгэн өөрчлөлт энэ.
Тэр тусам нэр дэвшигчдийн сурталчилгааны арга улам нарийсч мэдээлэл түгээх бүхий л арга хэрэгслийг ашиглаж байна, энэ зун. Өнөөх телевизийн захиалгат нэвтрүүлэг, сонины нийтлэлтэй зэрэгцэн телевизийг компьютерээр солигчдод зориулан Facebook, Twitter гэх мэт олон нийтийн цахим сүлжээ ашигласан сурталчилгаа, пи араа түгээдэг болж. Хэрэв тэд зурагт үзэх, олон нийтийн цахим сүлжээгээр шагайх ч завгүй эрхэм байвал яах вэ? Сурталчилгааны багийнхан нь энийг ч нарийн тооцоолж, имэйл маркетинг буюу цахим шуудангаар нь захидал, ил захидал илгээх, эсвэл бүр гар утас руу нь залгах шинэ арга ашигладаг болжээ.
Өглөө өдөр, үдэш оройгүй бөмбөгдөх сонгуулийн сурталчилгаанаас зугтан зусландаа гарсан намайг ч эл сурталчилгаа нэртэй “хүчирхийлэл” эрээд олчихож байна. Өчигдөрхөн утас тачигнаж “22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшигч Д.Ганхуягийг дэмжээрэй” хэмээж байх юм.
Сонгуулийн шинэ сурталчилгааны арга завгүй нэгний цагаас хумслан үймүүлж байхад заримыг нь бүр баярлуулж байх юм. Нэр дэвшигчдэд туслах нэрийдлээр сонгогчдын цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг цуглуулан худалдах шинэ бизнес энэ хавар эрчээ авсан болохоор тэгэхээс ч аргагүй.
Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад бас сонгуулийн сурталчилгааны бас нэг дэвшилт бол телевизийн сурталчилгаа. Намынхаа бэлгэ тэмдгийн урд зогссон нэр дэвшигчийн амирлангуй төрхийг мөрийн хөтөлбөр, амлалтыг дурдсан текстээр амилуулах төдий байсан нэр дэвшигчид болон намуудын сурталчилгаа дулимагхан хийсэн нэр хүндтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаанаас л чанартай болсон байх. Суваг солин нүд үзүүрлэдэг байсан энэ төрлийн сурталчилгааг ахин дахин үзэж, дурлах өдөр ирнэ гэдгийг дөрвөн жилийн өмнө сонгогчид төсөөлөх ч үгүй байсан. Харин арав хүрэхгүй хоногийн өмнө www.youtube.com цахим хуудаснаа байршуулсан Ардчилсан намын сурталчилгааг давхардсан тоогоор 48 мянга орчим хүн үзэж, “Гоё хийжээ. Сонсоод л баймаар” гэх хүмүүсийн сэтгэгдэл бичсэн нь төсөөлөгдөхгүй байсан өөрчлөлт хэдийнэ ирснийг гэрчилнэ.
Томсгосон тойргийн бас нэгэн дутагдал цоо шинэ аргыг бий болгосон. Хэт олон нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөх болсноос үүдэлтэй содон, өвөрмөц гишүүдээ өрсөлдүүлэх сонирхол бий болжээ. Та хотын гудмаар өлгөсөн сурталчилгааны самбаруудыг нэг сонирхоод үзээрэй. Алтан-Утас, Үнэн, Монсор тэргүүтэй өвөрмөц, содон нэртэй нэр дэвшигчдийн самбар эрхгүй нүдэнд тусах вий.
Төрд төлөөллөө сонгоно гэдэг нарийн ухаан, харин сонгогдоно гэдэг нарийн урлаг болон хөгжөө юу даа.
Хүн нас ахих тусам туршлагаждаг. Тэр ч ёсоор иргэд сонгууль өгөх тусам туршлага сууж, 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш долоо дахь удаагаа төрд төлөөллөө сонгох гэж буй иргэд энэ тал дээр хэдийнэ хашир анжгай болжээ. Иргэдийн энэ өөрчлөлтөөс шалтгаалан энэ удаагийн сонгууль түүнтэй холбоотой асуудлуудад хэд хэдэн өөрчлөлт гарсан байх юм.
Тэднээс хамгийн томоохон нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд сонгуульд анх удаа оролцсон түүхэн үйл явдал. Иргэд ардчилсан сонгуульд оролцох болсоор хэдийнэ хоёр аравныг ардаа үдсэн байхад хилийн чанадад орших зуу гаруй мянган иргэд энэ эрхээ эдэлж чадаагүй байх юм. Тиймдээ ч төрд төлөөлөлгүй явсан иргэд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, бүртгүүлсэн иргэдийн 65 хувь нь саналаа өгчээ. “Бид сонгох эрхтэй” клуб энэ талаарх нийтлэл болон сонгуулийн үр дүнгийн талаарх судалгааг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан санал хураалтын талаар нийтэд зарлажээ.
“Сонгуулийн тойргоос гадуурх иргэдийн санал хураах явцын судалгаа” хэмээн тайлбар тольд тэмдэглэсэн байдаг “Exit poll” гэх шинэ нэр томъёог мэдлэгийн санд нэмсэн тус судалгааны үр дүнгээс харахад Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл, Токио хотод санал өгсөн иргэдийн олонх нь (судалдгаанд оролцогчдын 44 хувь) нь Ардчилсан намд саналаа өгсөн байна.
“Анх удаа л саналаа өгөх гэж байна. Тиймээс нэр дэвшигчдийн талаарх тэнцвэртэй мэдээлэл олж авч, сонгуульдаа хариуцлагатай хандмаар байна” хэмээх танилын минь яриа энэ түүхэн үйл явдал олон хүний хувьд ямар чухал өөрчлөлт болсныг сануулсан.
Зөвхөн нэр дэвшигчдэд тавьдаг байсан “халамж, анхаарал” энэ удаад сонгогчид руу ч чиглэсэн нь бас нэгэн өөрчлөлт шинэчлэл. “Сонгогчдын боловсролын төв” гэсэн хаягтай нийгмийн сурталчилгаа, ухуулах мэдээлэл телевизийн сувгуудаар цацагдах болсоор удлаа. “Нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх, өгөхгүй байхаар амлах, нэр дэвшигчдээс мөнгө, эд зүйлс нэхэх, авах…” гээд л сонгогчдын ёс зүйн талаарх мэдээллийг цээжилтэл, бүр зүүдэнд ортол сануулж байх юм. Санал худалдан авах байдлыг таслан зогсоох эл шинэ арга сонгогчдод “Нэр дэвшигчдийн боловсролын төв” гэх байгууллага ч байх ёстой гэх бодол эрхгүй төрүүлж буй.
Үнэндээ сонгогчдоос илүү нэр дэвшигчид ёс зүйгүй авирлаж, элдэв арга хэрэглэдгийг олон баримт гэрчилнэ. Сонгуулийн хорооны мэргэжилтнүүд гэхэд л “Сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол ихэвчлэн “Нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвшөөрөлгүй газар байрлуулсан” гэсэн асуудлаар хандаж байна” хэмээн мэдээлсэн.
Түүнчлэн “Сурталчилгаа тарааж буй ажилтнууд хаалгаа тайлахгүй удвал уурлаж, зандрах шинжтэй” гэсэн оршин суугчдын сэтгэгдэл ч сонгогдох ухаан, урлагт суралцах цаг болсныг харуулна.
УИХ-ын долоо дахь сонгуулийн бэлтгэл ажил ид өрнөж буй эдгээр өдрүүдэд иргэдийн бухимдал дээд улаан бүсийг давж байх шиг. Томсгосон тойргийн нэг дутагдал ч энэ байж мэдэх. Дөрвөөс таван л нэр дэвшигчийн сурталчилгааны ажилтнууд хаалга тогшин, сэтгүүл, тараах материал гарт атгуулдаг байсан бол энэ тоо гурваас дөрөв дахин нэмэгдэж, тэр хэрээр хаалга балбагчдын тоо, иргэдийн хаалга буйдан хоёрын хооронд хийх рээс нэмэгдсэн биз.
Хаалга үүд тогших сурталчилгааныхнаас залхахдаа “Тавтай морилно уу” гэх уриалгахан самбарын оронд “Сонголтоо хэдийнэ хийсэн тул тараах материал авахгүй. Хаалга битгий тогш” гэсэн анхааруулга хадах моод дэлгэрсэн байх юм. Иргэдийн дунд гарсан инээдтэй ч юм уу, эмгэнэлтэй ч юм уу бас нэгэн өөрчлөлт энэ.
Тэр тусам нэр дэвшигчдийн сурталчилгааны арга улам нарийсч мэдээлэл түгээх бүхий л арга хэрэгслийг ашиглаж байна, энэ зун. Өнөөх телевизийн захиалгат нэвтрүүлэг, сонины нийтлэлтэй зэрэгцэн телевизийг компьютерээр солигчдод зориулан Facebook, Twitter гэх мэт олон нийтийн цахим сүлжээ ашигласан сурталчилгаа, пи араа түгээдэг болж. Хэрэв тэд зурагт үзэх, олон нийтийн цахим сүлжээгээр шагайх ч завгүй эрхэм байвал яах вэ? Сурталчилгааны багийнхан нь энийг ч нарийн тооцоолж, имэйл маркетинг буюу цахим шуудангаар нь захидал, ил захидал илгээх, эсвэл бүр гар утас руу нь залгах шинэ арга ашигладаг болжээ.
Өглөө өдөр, үдэш оройгүй бөмбөгдөх сонгуулийн сурталчилгаанаас зугтан зусландаа гарсан намайг ч эл сурталчилгаа нэртэй “хүчирхийлэл” эрээд олчихож байна. Өчигдөрхөн утас тачигнаж “22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшигч Д.Ганхуягийг дэмжээрэй” хэмээж байх юм.
Сонгуулийн шинэ сурталчилгааны арга завгүй нэгний цагаас хумслан үймүүлж байхад заримыг нь бүр баярлуулж байх юм. Нэр дэвшигчдэд туслах нэрийдлээр сонгогчдын цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг цуглуулан худалдах шинэ бизнес энэ хавар эрчээ авсан болохоор тэгэхээс ч аргагүй.
Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад бас сонгуулийн сурталчилгааны бас нэг дэвшилт бол телевизийн сурталчилгаа. Намынхаа бэлгэ тэмдгийн урд зогссон нэр дэвшигчийн амирлангуй төрхийг мөрийн хөтөлбөр, амлалтыг дурдсан текстээр амилуулах төдий байсан нэр дэвшигчид болон намуудын сурталчилгаа дулимагхан хийсэн нэр хүндтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаанаас л чанартай болсон байх. Суваг солин нүд үзүүрлэдэг байсан энэ төрлийн сурталчилгааг ахин дахин үзэж, дурлах өдөр ирнэ гэдгийг дөрвөн жилийн өмнө сонгогчид төсөөлөх ч үгүй байсан. Харин арав хүрэхгүй хоногийн өмнө www.youtube.com цахим хуудаснаа байршуулсан Ардчилсан намын сурталчилгааг давхардсан тоогоор 48 мянга орчим хүн үзэж, “Гоё хийжээ. Сонсоод л баймаар” гэх хүмүүсийн сэтгэгдэл бичсэн нь төсөөлөгдөхгүй байсан өөрчлөлт хэдийнэ ирснийг гэрчилнэ.
Томсгосон тойргийн бас нэгэн дутагдал цоо шинэ аргыг бий болгосон. Хэт олон нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөх болсноос үүдэлтэй содон, өвөрмөц гишүүдээ өрсөлдүүлэх сонирхол бий болжээ. Та хотын гудмаар өлгөсөн сурталчилгааны самбаруудыг нэг сонирхоод үзээрэй. Алтан-Утас, Үнэн, Монсор тэргүүтэй өвөрмөц, содон нэртэй нэр дэвшигчдийн самбар эрхгүй нүдэнд тусах вий.
Төрд төлөөллөө сонгоно гэдэг нарийн ухаан, харин сонгогдоно гэдэг нарийн урлаг болон хөгжөө юу даа.
Monday, June 11, 2012
Мишель Пфайфер: Өдөрт хоёроос гурван хайрцаг тамхи татдаг байлаа
Холливудын гудамж 6801. Энэ бол жүжигчин Мишель Пфайферийн буюу 2345 дахь алдрын од. Зургаан ч удаа “Алтан бөмбөрцөг” хүртсэн түүнтэй CNN-ийн эрүүл мэндийн мэдээний албаны дарга Санжая Гупта уулзаж ярилцжээ. Хатан хааны ёслолд уригдсан Пирс Морганыг орлон, “The Piers Morgan Tonight” нэвтрүүлгийг хөтөлж буй аж.
-Үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэд хэдэн кинонд тоглож, “Оскар”-ын шагналд гурван ч удаа нэр дэвшсэн нэгэн хүн нэвтрүүлэгт маань уригдаад буй. “People” сэтгүүлийн “Хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс” тусгай дугаарын нүүрнээ түүний зураг хэвлэгдэж байсан. Түүнээс хойш цөөнгүй удаа эл жагсаалтад тэргүүлсэн нь биднийг төдийлэн гайхашруулаагүй. Мэдээж энэ гайхалтай бүсгүй бол Мишель Пфайфер.
Тэрбээр уран бүтээл, гэр бүлийн амьдрал, эрүүл чийрэг бие нь энэ бүх амжилтад хүрэх гол хөшүүрэг болсон тухай ярихаар ирээд байна.
“People” сэтгүүлийн тусгай дугарын нүүр хуудаснаа зураг тань хэвлэгдэж байсныг би тод санаж байна. Үзэсгэлэнтэй хүмүүсийн жагсаалтыг өдгөө жил бүр гаргадаг болсон. Харин та анхны жагсаалтыг тэргүүлсэн байх аа?
-Анхных байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна.
-Тэд таны зургийг нэгдүгээр хуудсанд тавих зөвшөөрөл авсан уу, эсвэл мэдээгүй байхад тань энэ жагсаалтыг гаргаад нийтэлчихсэн байв уу?
-Тухайн үед би энэ жагсаалтыг утгагүй зүйл гэж үздэг байлаа. Тиймээс би энэ жагсаалтыг тэргүүлсэндээ их ичсэн.
-Цаг хугацаа өнгөрөх тусам танд илүү хүнд тусна гэж бодсон хэрэг үү?
-Тийм ээ. Нас ахих тусам улам л хэцүү санагдана. (инээв) Та хэтэрхий гүн ухаад байх шиг байна.
-Та сайхан харагдаж байна шүү дээ.
-Баярлалаа. Та их эелдэг юм.
-Та өөрийнхөө тоглосон кинонуудыг үздэг үү?
-Ихэвчлэн нэг л удаа үздэг.
-Би хэдэн кино болн жүжигчдийн нэр дурдах гэсэн юм. “Хөөрхөн хүүхэн” киногоор Жулия Робертс, “Хурга майлахаа болино” киноны дүрээр Жүди Фостер, “Төрөлхийн зөн совин”-оор Шэрон Стоун нар таны өрсөлдөж буй төрөлд ялсан.
-Тийм ээ.
-Та харамсдаг уу?
-Үгүй дээ. Үүнээс болоод тэдний хэн нэгэнд нь дургүй болох үндэслэл ч байхгүй. Тэд бүгд гайхалтай бүтээл болсноос гадна жүжигчид нь ч чадварлаг хүмүүс. Заримдаа хүн хийх ёсгүй баймаар сонголтоо ч хийдэг юм. Өөрөө хүсэхгүй болохоор тэр шүү дээ. Өөрөөр хэлбэл хүндлэл үзүүлэх ёстой зүйлд байраа хүндэтгэлтэйгээр тавьж өгөх нь зүйн хэрэг юм.
-Та сохор болзоонд явсаныхаа дараа жил нь л Дэвид Кэллитэй гэрлэсэн. Тэр цагаас хойш 19 жил өнгөрсөн байна. Ялангуяа Холливудын ертөнц дэх хосуудын хувьд 19 жил гэдэг урт хугацаа шүү.
-Амьдралын хувьд 19 жил гэдэг урт хугацаа.
-Урт удаан аз жаргалтай хамтын амьдралын тань нууц нь юу вэ?
-Бид огт өөр хүмүүс учир харилцаа маань сонирхолтой бас их нийцтэй байдаг. Харилцаандаа бие биенээ хүндлэхийг л чухалчилдаг. Нэг нь нөгөөгийнхөө ажлыг ч хүндэтгэдэг. Аз жаргалтай хамтын амьдралын хамгийн чухал хүчин зүйл нь хүндлэл бас дахин хүндлэл юм даа.
-Би энэ тухай их олон номоос уншиж байсан юм байна. Та хоёрт хамт байх хугацаа бага хэдий ч хамт байхдаа их хөгжилтэй байгаа харагддаг.
-Тийм ээ. Нөхөр маань надад байнга захидал бичдэг. Ажлаа дуусгачихаад л захидал бүрийг нь нэг бүрчлэн уншдаг. Тэр нь бидний хамт байж чадаагүй орон зайг дүүргэдэг байх.
-Бас та хоёр Холливудаас хол амьдрахаар шийдсэн.
-Тийм ээ. Мэдээж энэ шийдвэр олон зүйлээс намайг холдуулсан. Гэр бүлийнхэн маань Лос-Анжелест амьдардаг. Энд би амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлсэн болохоор дотнын найзууд маань ч бүгд Лос-Анжелест амьдардаг.
-Та Клаудиа Рөүзийг өргөж авсан. Гэхдээ энэ явдал таныг Дэвидтэй гэрлэхээс өмнө болсон хэрэг.
-Та түүний тухай их л судалж дээ.
-Тийм ээ. Энэ чинь миний ажил шүү дээ. Ганц бие ээжүүд өнөө үед олон болсон. Харин та бараг 20 жилийн өмнө хүүхэд өргөж авч байсан. Тухайн үед ганц бие ээжийн талаарх ойлголт өнөөгийнхөөс тэс өөр байсан. Шийдвэр гаргахад хэцүү байсан уу?
-Үгүй. Мэдээж тухайн үед гаргасан шийдвэр маань эрчүүдтэй дотно харилцаа үүсгэхэд бэрхшээл үүсгэж мэднэ гэдгийг таамаглаж байсан. Гэхдээ хүү маань намайг эрчүүдээс хол байлгаж, цагаа дэмий үрэхээс хамгаалах болно гэж бодсон.
-Дэвид харин хэрхэн хүлээн авсан бол?
-Би түүнд хүүхэдтэй гэдгээ хэлж байснаа их тод санадаг. Намайг хэлэхэд тэр “Зөв зөв” гэхээс өөр юу ч хэлээгүй. Тэр надад хайртай болсноо ухаарахаас өмнө би түүнд хайртай болсон болов уу гэж боддог юм.
-Тийм гэж үү?
-Тэр надад бага зэрэг эргэлзэж байсан болов уу.
-Мишель Пфайферт эргэлзэх хүн байна гэж үү?
-Тэр надад сэтгэл татагдсан хэдий ч эргэлзсэн. Аав болж хариуцлага үүрэхэд бэоэн эсэхтээ л эргэлзэж байсан байх л даа.
-Өөрийгөө гучин жилийн өмнөх Мишельтэй харьцуулбал хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Их өөр болсон. Би хүнтэй гэрлэсэн байна. Мэдээж тухайн үед залуу байсан учраас илүү хүчтэй, дайчин, бищ даасан, юу ч ярихаас айдаггүй байж. Бас тэр үеийнхээс илүү эрүүл чийрэг болсон. Тухайн үед би өдөрт хоёроос гурван хайрцаг тамхи татдаг байлаа.
-Би тэр тухай сонсоод их гайхаж байлаа.
-Би тэгж л өөрийгөө дэглэм барьж байна гэж боддог байж л дээ. Би ер нь дасгал хийж байгаагүй юм. Гуч хүрээд л би тамхиа хаясан.
-Яаж тамхи татдаг муу зуршлаа орхисон бэ?
-Зүү тавиулсан. Гэхдээ энэ арга үр дүн өгсөн эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь би өөрөө их хичээсэн. Түүнээс өмнө би их олон удаа муу зуршлаа хаях гэж оролдсон. Гуч хүрээд л арай гэж тамхинаас салсан хэрэг.
-Өөрийнхөө дүрс бичлэгийг харахад танд ямар санагддаг вэ?
-Заримдаа сайхан, заримдаа бүр онцгүй санагддаг. Хэр өнгөлөг гарч байгаагаас л шалтгаална шүү дээ. (инээв)
-Одоо бол та гайхалтай сайхан харагдаж байна.
-Нүүрний будаг, гэрэлтүүлэг гэх мэт зүйлсээс болоод л тэгж харагдаж байгаа юм.
-Гэхдээ та 54 настай. Хүмүүс тантай адилхан сайхан харагдахын тулд мэс засал гэх мэт элдэв арга хэрэглэж байна.
-Би хэзээ ч хийлгэхгүй гэж хэлэхгүй. Нас ахих тусам “Хэзээ ч” гэж хэлэхэд хэцүү болдог юм байна. Ялангуяа олны танил хүмүүсийн хувьд тэгж хэлэх нь бүр ч хүнд. Хүн өөрийгөө өөрчлөхийг л хүсэж байгаа бол бусдын юу гэж хэлэх хэнд хамаатай юм бэ. Ялангуяа өөрөө эл өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байгаа бол бусдын үзэл бодол чухал биш.
Thursday, June 7, 2012
Гоолиг ээж
Удахгүй ээж болно гэх догдлолтой зэрэгцэх төрсний дараа дахин хэвийн жингээ барьж чадах болов уу гэсэн айдас ээжүүдэд түгээмэл тохиолддог. Харамсалтай нь ойр дотнынхон, тэр ч бүү хэл эмч, мэргэжилтнүүд эх болон ургийн эрүүл мэндэд их анхаарал хандуулдаг атал ээжүүдийн энэ айдсыг маяглал төдий гэж дүгнэх нь бий.
Жирэмсэн байх үедээ хөдөлгөөний идэвхтэй байх нь эх ургийн эрүүл мэндэд төдийгүй төрсний дараа хурдан жингээ хасах, хөл хүнд болохоос өмнөх үеийн биеийн галбиртаа эргэн очиход тус болдог гэдгийг давхар биетэй эмэгтэйчүүдэд зориулсан байгууллагууд тэр бүр зөвлөдөггүй. Хэрэв та хөл хүнд болохоосоо өмнө спортоор хичээллэж, гүйж, йогийн дасгал хийж, бүжгийн спортоор хичээллэдэг байсан бол түүнийгээ чадах хэрээр үргэлжлүүлэхийг барууны мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингэхдээ доорх зөвлөмжийг анхаараарай.
Анхаарах зүйлс
Ядартлаа бэлтгэл, сургуулилалт хийх хэрэггүй. Хэт ачаалал өгөх нь ядраадаг тул та өөрт тохируулан дасгалаа тайван хийгээрэй. Хэрэв та дасгалжуулагчийн зөвлөгөөнд эргэлзэж байвал жирэмсэн ээжүүдийн үндсэн зарчмыг мөрдөхөд л болно. Та дасгал хийж байхдаа ярьж чадахуйц байхад л болно. Хэрэв та ярихдаа амьсгаадаж байвал дасгалын тань хэмнэл ихдэж, та дэндүү их эрч хүч гаргаж байна гэсэн үг.
Харин та хөл хүнд болохоосоо өмнө хөдөлгөөний идэвхтэй байгаагүй бол хүнд дасгал хийх гэж яарсны хэрэггүй. Аэробекийн дасгалаас эхлэхийг зөвлөе. Ингэхдээ долоо хоногт гурваас дээшгүй, нэг удаад 15-аас ихгүй минут дасгал хийж эхлээрэй. Яваандаа дасгал хийх хугацаа нэмж болох боловч, нэг удаад 30 минутаас ихгүй дасгалыг долоо хоногт дөрвөөс ихгүй удаа хийх нь зүйтэй.
Жирэмсэн эхчүүдийн дасгал хийхдээ мөрдөх зайлшгүй зарчмууд:
• Бэлтгэл бүрийн өмнө бие халаах дасгал, харин төгсгөлд нь бучин суллах дасгал хийж занших.
• Зөвхөн бэлтгэлтэй өдөр гэж алгуурлалгүй өдөр бүр хөдөлгөөний идэвхтэй байх. Хэрэв та алхахыг илүүд үздэг бол өдөр бүр нэг цаг гучин минут хүртэлх хугацаагаар алхаж болно. Гол нь өдөрт алхах хугацаа тань ижилхэн байх ёстой.
• Халуун усан дотор хийх дасгалаас татгалзах.
• Дасгал хийж байх үеэр шингэн зүйл уух.
• Хэрэв ямар нэг чийрэгжүүлэх төвд хичээллэдэг бол дасгалжуулагчдаа давхар биетэй мөн хэдэн сартай жирэмсэн гэдгээ мэдэгдэх нь зүйтэй.
• Усанд сэлэлтийн спортоор хичээллэсэн ч болох. Учир нь өдрөөс өдөрт жин нэмж буй танд ус тус болох болно. Усан бассейнуудад жирэмсэн эхчүүдэд тохирсон багц ч бий.
Татгалзах зүйлс
• Хэрэв та 16-аас дээш долоо хоногтой жирэмсэн бол дээш харан хэвтэхээс татгалз. Дээш харж хэвтэх үед ураг цусны гол судсуудыг дардаг учир ухаан алдах эрсдэлтэй.
• Кикбокс, жүдо, талбайн теннис гэх мэт гэдсийг тань цохиж гэмтээх аюултай спортоор хичээллэдэг бол түр завсарлаарай.
• Морь унах, цанаар гулгах, хоккей, гимнастик, дугуй унах зэрэг спортыг ч жирэмсэн ээжүүдэд хориглодог. Учир нь эдгээр спортоор хичээллэх үед унаж бэртэх аюултай байдаг.
• Далайн түвшнээс 2500 метрийн өндөрт (Удаан хугацаагаар амьдарч тухайн уур амьсгалд дасах зохицоогүй бол) дасгал хийх хэрэггүй. Хэт өндөр дасгал хийх нь хүүхдийг тань хүчилтөрөгчийн дутагдалд оруулах эрсдэлтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дасгал
Өдөр тутамдаа доорх дасгалуудыг хийснээр булчингууд тань чангарч, төрсний дараа жингээ хасахад хялбар болгохоос гадна цусны эргэлтийг сайжруулж, нурууны өвдөлтийг багасган, эрч хүчтэй болгодог.
Гэдэсний булчин хөгжүүлэх дасгал
Хүүхэд тань өсөж томрох тусам нурууны доод үед өгөх ачаалал нэмэгдэж, нуруу тань өвддөг. Харин доорх дасгал хэвлийн булчинг хөгжүүлж, нурууны тань өвчнийг намжаах болно.
• Хайрцаг шиг хэлбэр үүсгэн дөрвөн хөллөн бэлтгэх байдлаа базаагаарай. Ингэхдээ гуя болон гар, нуруугаа цэх шулуун байлгана.
• Уг байрлалаас нуруугаа бөгтийлгөн дээш өргөж, биеэ нуман хэлбэртэй болгоно.
• Энэ байрлалаар хэдэн хором байсны эцэст дахин бэлтгэл байдалд орно.
• Уг дасгалын үед нуруугаа хотойлгохгүй аль болох тэгж байлгахын хичэээ.
• Энэ дасгалыг нэг удаад тайвнаар 10 давтаарай.
•
Аарцагны дасгал
• Хана налан зогсоно.
• Уг бэлтгэх байрлалаас доош өвдгөө нугалан аажуухан сууна.
• Ингэхдээ гэдсээ урагш түрж, нуруугаа хананаас салгахгүй байхын хичээгээрэй. Энэ байрлалаар хэдэн хором болсны дараа бэлтгэх байрлалд орно.
• Энэ үйлдлийг 10 хүртэлх удаад давтана.
Аарцагны булчингийн дасгал
Аарцагны булчингийн дасгал эл булчинг чангаруулж, төрөхөд бэлтгэдэг. Аарцагны булчин суларсан эхчүүд найтаах үед шээс дусагнах шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн стрессээс үүдэлтэй шээс дусагнах эмгэгийг ч аарцагны булчингийн дасгалаар эмчилж болдог.
Аарцагны булчингийн дасгалыг хэрхэн хийх вэ:
• Хэрэв хүндээр бие засах гэж байгаа юм шиг санагдаж байвал анусаа хавчихад болно.
• Ингэхдээ тампоноо хавчиж эсвэл шээсээ таслах гэж байгаа мэтээр төсөөлөн булчингаа чангална.
• Эхний үед булчингаа түргэн түргэн чангалж суллаарай.
• Харин уг үйлдлээр аажмаар удаашруулан, булчингаа чангалсны дараа 10 хүртэл тоолж болно.
• Нэг удаад наймаас доошгүй удаа хийж, дунд нь жаахан завсарлаад дахин хийх байдлаар үдэш бүр гурван удаа дасгалаа давтаарай. Оройн хоолны дараа хийж заншвал дасгалаа өдөр алгасахгүй хийх давуу талтай.
Хамгийн содон музей
Та Лувр, Дэлхийн байгалийн түүхийн музейгээр хэдийнэ зочилчихсон уу? Дараагийн аяллаа илүү сонирхолтой байгаасай гэж хүсэж байвал дэлхийн хамгийн өвөрмөц музейн жагсаалтыг сонирхуулъя.
Берлин дэх Зайдасны музей
Зайдсанд хамгийн дуртай ард түмэн бол германчууд. Тиймдээ ч тэд зайдсандаа зориулан музей байгуулахад хүрсэн биз. Та 11 евро төлөөд л түргэн хоолны газар болон зайдасны талаар олон арван сонирхолтой зүйлсийг Берлин дэх музейгээс үзэж боломжтой. Зөвхөн үзээд зогсохгүй тосонд шарж буй зайдас хэрхэн дугардгийг, зайдсанд хийдэг чамин амтлагчны содон үнэрийг ч үнэртэх боломжийг уг музей танд олгоно.
Сонирхолтой нь уг Зайдасны музей Хүйтэн дайны тухай хөшөөний хажууханд байрладаг бөгөөд тус улсад зайдасны зохион бүтээгчийн эрхийн төлөөх “дайн” Берлин болон Гамбург хотын дунд өдгөө ч өрнөсөөр байгаа юм.
Токио дахь Шимэгч хорхойн музей
Шимэгчхорхойн талаар та хэр сайн мэдэх вэ? Токио дахь Шимэгч хорхойн музейд зочилсноор энэ амьтны талаарх төсөөлөл тань бүхэлдээ өөрчлөгдөх вий.
Хамгийн хамгийн хэмээгддэг шимэгчдийн үзмэр энд байдаг бөгөөд музейн ажилтнууд 300 гаруй төрлийн шимэгчийг үзэгчдэд танилцуулдаг гэдгээрээ бахархдаг юм билээ. Тус музейн танхимд 9 метр урт туузан хорхой ч бий.
Хэрэв танд урт туузан хорхой хоолоо сойх хүсэл төрүүлэхгүй байвал дөрвөн ч эрдэмтний судалгааны талаарх зураг эрхгүй нэгийг бодогдуулах биз. Тэд шимэгчид эзнийгээ хэрхэн зовоосныг баримтжуулсан байдаг аж.
Эцэст нь уг музейг үзэхэд үнэ төлбөргүй гэдгийг сануулъя. Музей удирдлагууд бэлэг дурсгалын зүйлийн худалдаа болон зураг авах хүсэлтэй үзэгчдээс авах хураамж зэргээс орлого олдог байна.
Берселон дахь Оршуулгын сүйх тэрэгний музей
Гаудийн уран барилгаас эхлээд тэнгисийн булан хүртэл Барселонд нүд хужирлах зүйлс олон. Гэхдээ та Испанийн халуун наранд төөнүүлж ядарсан бол газар доор байрлах Оршуулгын сүйх тэрэгний музейд зочилж болно. Эл аймшигтай музейд зочлохын тулд та ямар ч төлбөр хийх хэрэггүй. Хотын захиргааны оршуулгын үйлчилгээ хариуцсан хэлтэст хүсэлт гаргаснаар тэд танд хөтөч гаргаж өгөх болно.
Эсвэл модон хөтөч суусан XVIII зуны үеийн сүйх тэрэгнүүдтэй чимээ шуугианаас хол газар доорх ертөнцөд өөрсдөө зочилсон ч болох. Ямартай ч та Каталаны бараан ертөнцтэй үнэ төлбөргүй танилцах боломжтой.
Кентийн Нохойны хүзүүвчний музей
VIII Хэнригийн дурсгалд зориулсан Лидс шилтгээнийг 5000 акр газрын хамт нохойн хүзүүвчний музей болгон үзэгчдэд нээлттэй болгожээ. Энд түүхэн үйл явдалтай холбоотой болон хамгийн үзэмжтэй хүзүүвчнүүдийг үзвэр болгон тавьсан байдаг.
Таван зууны турш эдэлж хэрэглэсэн ховор хүзүүвчнээс эхлээд анч нохойд хэрэглэдэг бат бөх хүзүүвч, шинэ зууны хэв маягийг илэрхийлэх шигтгээгээр чимэглэсэн дэгжин хүзүүвч хүртэл бий.
Анхны үзвэрийг Гертруд Хант нөхрийнхөө дурсгалд зориулан бэлэглэснээс хойш өдгөө тус музейд 100 гаруй хүзүүвч цуглараад буй.
Исланд дань Бэлэг эрхний музей
Хөхтөн амьтны бэлэг эрхтнээр үзвэрээ хийсэн ийм музей Исландаас өөр хаа ч үгүй. Та уг музейгээс бэлэг амьтдын бэлэг эрхтний онцлон төдийгүй, нөхөн үржихүйн эрхтэнд тухайн нийгэм хэрхэн ханддаг байсныг, эл эрхтэн урлагт хэрхэн нөлөөлж байсныг сонирхож болно.
Музейн танхимд зуу гаруй төрлийн бэлэг бэрхтэн байдаг бөгөөд Исландын хуурай газрын болон далайн бүхий л амьтдын эрхтнийг энд дэлгэсэн байдаг.
Хулганаас цэнхэр халим хүртэлх том жижиг бэлэг эрхтнээр гангарсан музейд домгийн амьтад болох анаахай, тэнгисийн мангастай холбоотой тасаг ч бий. Музейн үзмэрүүд дэндүү ядмаг санагдаж, нэг л зүйл дутаад байгаа мэт сэтгэгдэл төрж байна уу? Тэгвэл таны зөв өө. Бид 92 настай буурлын музейд бэлэглэсэн хомосапиенсийн үед хамрагдах үзмэрийн талаар дурдалгүй өнгөрчээ.
Парис дахь Парисын бохирын шугамын музей
Францын бохирын шугам нь хүртэл дэгжин гэдэгт итгээрэй. Луврын босгоор бүтэн зууны турш холхисон жуулчдын цуваа өдгөө нийслэлийнх нь газар доорх үзэсгэлэнт ертөнцтэй танилцахыг илүүд үздэг болжээ. XIII зууны усны хоолойн шугамаас Наполеоны үеийн бохирын шугам хүртэлх бүхий л сонирхолтой шугамыг эндээс үзэж болно. Хөтчид Парисын усны шугамын түүхэн замналыг тайлбарлах бөгөөд хүсвэл завиар зугаалж ч болох гэнэ.
Бостоны Хамгийн болхи зургийн музей
Их Британаас ирсэн жуулчид уртаас урт амралтын өдрүүдээр дэлгүүр хэсдэг газар бол Бостон. Загварын ертөнцөд дурлагчдад түр завсарлага болгох гэсэндээ дэлхийд цорын ганц Хамгийн муу урлагийн бүтээлийн музейг тус хотод байгуулжээ.
Цэнхэр хүмүүс, бодит амьдралаас тэс өөр байгалийн үзэмж зэргийг дүрсэлсэн хамгийн болхи зургууд тус музейн хананд өлгөөтэй бий. Өнгөний зохицилдолгоо, харьцаагүй дүрс гээд л авьяасгүй зураачдын бүтээлийг хараад үзэгчид нь өөрийн эрхгүй инээдэг.
Корнуолл дэх Илбийн музей
Корнуолл дахь илбэ шидийн ертөнцийн талаарх хамгийн том музей энэ талаарх таны үзэл бодлыг үндсээр нь өөрчилнө.
Дөчин жил цуглуулсан музейн үзвэрүүд өдгөө ч үзэгчдийн сонирхлыг татаж, хүмүүс нууцыг нь тайлж чадахгүй байсаар л байна. Түүнчлэн чөтгөр шулам, сатанизм, увдист эмэгтэйчүүд гээд л нууцыг өнөө хэр тайлж чадаагүй хар бараан ертөнцийн талаарх хэсэг ч уг музейд бий.
Музейд зочилсон хүмүүс яг л кинонд гардаг шиг илбэч чавганц нарын өрөөгөөр зочилдог бөгөөд илбийн ертөнцтэй холбоотой 3000 гаруй цуглуулгатай номын сангаар ч зочлох боломжтой.
Ром дахь Сүнсний музей
Таатай сонсогдохгүй байж болох ч хоёр ертөнцийн зааг дахь амьдралыг сонирхогчдод зориулсан музей Ромд бий.
Диваажин руу явах зөвшөөрөл олохоор нүгэл хилэнцээ наманчилдаг эл ертөнцийн талаарх хачирхалтай зүйлсийг уг музейд үзэх боломжтой. Библи судар дээрх хачирхалтай гарын мөр, завсрын ертөнцөөс ойр дотны хүмүүстэйгээ холбогдох гэж хувцас, ширээ гэх мэт эд зүйлс дээр ул мөр үлдээсэн хачирхалтай баримтуудыг Кьеза дел Сакро Куоре дел Суффрагио сүм дэх музейд дэлгэжээ. Сүм дэх тахилын ширээн дээр гал дүрэлзэхийг харсан нэгэн санваартан завсрын ертөнцийн талаарх баримт цуглуулж эхэлсэн нь хожим ийн музей болсон аж.
Амстердам дахь Эрүүдэн шүүлтийн музей
Алтан зул цэцэг, эрүүдэн шүүлт тулгах гээд л Амстердам өөр юугаараа бидэнд танил билээ? Голландын нийслэлд Урлагийн музей, үзэсгэлэнт сувгууд, түүхэн барилга, каннабисийн кафе төдийгүй зартай Улаан дэнлүүт гудамж гээд үзэж сонирхох зүйл олон. Тэдний дунд Эрүүдэн шүүлтийн музей ч багтана.
Нуруу хүйт даам орчинтой харанхуй өрөөнүүдтэй музейг хүн төрөлхтний эрүүдэн шүүлтийн талаарх түүхийг баримтжуулах гэсэндээ байгуулсан байдаг. Тоос даасан цаазын тавцан, сунадаг ширээ, хуруу эргэдэн тамладаг төхөөрөмж, хадаастай сандал гээд л XXI зууны Европт байж болшгүй зүйлсийг эндээс л харах боломжтой. Зарим төхөөрөмжийг хэрхэн ашигладаг байсан тухай зургийг ч өлгөсөн нь бий.
Өөр цонх
Хэрэглэгчдийг гурван жил хүлээлгэсэн “Windows 8” тэсрэлт хийх үү, “Microsoft”-ыг хүнд байдалд оруулах уу гэдгийг урьдчилан таамаглах аргагүй ч, хувьсал хийсэн бүтээгдэхүүн болсон гэдэгтэй шүүмжлэгчид төдийгүй өрсөлдөгч “Apple”-ын гүйцэтгэх захирал Майкл Мэйс ч санал нэгдэж буй.
Энэ оны эхээр нийтэд танилцуулсан “Windows 8”-ыг “Microsoft” компанийн өнгөрсөн 25 жилийн түүхэнд байгаагүй өөр “Цонх” болсон хэмээн мэргэжилтнүүд хэдийнэ дүн шинжилгээ хийгээд эхэлчихэж. Саяхныг хүртэл зөвхөн нэг л төрлийн төхөөрөмжид л хэрэглэж байсан үйлдлийн системийг ухаалаг утас, таблет болон суурин зөөврийн гээд бүхий л компьютерт ашиглах боломжтой болгосон нь шинэ үйлдлийн системийн нэг томоохон өөрчлөлт. Нэг ёсондоо “Microsoft” шинэ бүтээгдэхүүнээрээ утас, таблетанд зориулсан үйлдлийн системийн хувилбаруудыг халж байгаа юм. Түүнчлэн дэлгэцэн дээр нь дараад л үйлдлээ хийчихэж болдог болсон тул тун удахгүй компьютерийн хулгана хэрэглээнээс гарч мэдэх нь. Товчхон хэлбэл “Windows 8” бол бүхэлдээ хувьсал.
Харин ирэх аравдугаар сард худалдаанд гарах шинэ технологийн талаарх мэдээлэл таныг гайхашруулж байвал хэрэглэгчдийн дунд түгээмэл гарах асуултуудын хариултыг хүргэе.
Нүүрний хэсэг хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Олон жилийн турш тал дээр хурц тод өнгийн хэсгүүдээс бүрдсэн цонх л “Windows” үйлдлийн системийн нүүрний хэсгийг чимдэг байв. Харин одооноос уншаагүй цахим захидлын тань тоог болон танд зурвас илгээгчдийн талаарх мэдээлэл гээд л гоёл чимэглэл төдий байсан нүүрний хэсэг энэ жилээс эхлэн чухал шаардлагатай мэдээллийн самбар болон хувирч буйгаараа онцлог. Тэр ч байтугай та ямар ч илүү үйлдэл хийхгүйгээр цаг агаарын тухай мэдээллийг нүүрний хэсгээс харах боломжтой. Яг л ухаалаг утасны дэлгэц шиг.
Нүүрний хэсгийн эл өөрчлөлт ихэнх таблетуудад ашиглах боломжгүй байсан нэг дор хоёр аппликейшн зэрэг ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгож буй давуу талтай.
“Windows 8”-ын аппликэйшнүүд хэрхэн ажилладаг вэ?
HTML5 болон Javascript ашиглан шинэ үйлдлийн системийн аппликэйшнүүдийг зохиосон тул таблет компьютерт хэрэгтэй байсан зүйлсийг нөхөж байгаа хэмээн үйлдвэрлэгчид нь гайхуулж буй. Цагаар агаарын мэдээлэл хүргэдэг аппликейшн гэхэд л ойрын тав хоногийн цаг агаарын талаарх мэдээллийг хүргэж, хүссэн мэдээллээ уншихдаа холбогдох зургийг үзэх боломжтой зэрэг олон өөрчлөлтийг хийжээ.
Уг үйлдлийн систем дээр “Office”, “Photoshop” программууд ажиллах уу?
Мэдээж шинэ үйлдлийн систем дээр дээрх өргөн хэрэглээний программууд хэвийн ажиллана. Түүнчлэн эдгээр программыг ашиглахын тулд HTML5/Javascript-ээр бичсэн аппликейшнүүд шиг заавал мэдрэгчтэй дэлгэцтэй байх шаардлагагүй. Программ бүрийн онцлогт тохируулан “Windows 8”-ыг ямар ч хэлбэрээр ашиглаж болохуйцаар зохион бүтээжээ.
Хэрэглэгчдийн хувьд төгс гэж хэлж болох бүтээгдэхүүнийх нь тухайд шүүмжлэгчид ч ам сайтай буй. Харин Майкл Мэйс “Microsoft”-ын шинэ бүтээгдэхүүний талаар огт өөр өнцгөөс харж, шүүмж бичсэн нь техник технологи болон энэ салбарын талаарх мэдээлэлд чих тавьдаг компьютерийн донтнуудын анхаарлыг багагүй татаж буй. Хэдийгээр тэрбээр өрсөлдөгчийнхөө шинэ бүтээгдэхүүний талаар муулаагүй ч энэ нь “Microsoft”-ын хиймэл баг зүүсэн, алсын хараатай бодлогын нэг хэсэг байх магадлалтайг сануулжээ.
Түүний шүүмжээс онцлох хэсгийг нь сонирхуулбал: “Нүүрний хэсгийн өөрчлөлт, хэрэглэгчдийн санал шүүмжлэлийг бүтээгдэхүүндээ тусгаж, хувьсал хийсэн ч энэ нь “Microsoft”-ыг өвдөг сөхрүүлэх вий гэж би эмээх юм. Хурц тод өнгийн шийдэлтэй графикууд нь содон, чамин харагдсан ч харах тусам гэнэтийн өөрчлөлт хийгээд дампуурсан “The Shining” зочид буудлын заслыг санадуулам муу ёрлосон зүйл шиг бодогдох болсон. Мэдээж тэд гурван томоохон шалтгаанаар шинэ бүтээгдэхүүнээ амжилт олно гэдэгт итгэлтэй байгаа.
1. “Windows”-ын хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүнийг тэсэн ядан хүлээж буй. (“Уолл Стрит”-ийн шинжээчид “Apple”-ын I гэсэн тодотголтой бүхний сэргэн мандалтын эрин тун удахгүй төгсгөл болно хэмээн оношилсноос тэр)
2. “Windows”-ын хэрэглэгчид одоо ч “Windows 7”-г хэрэглэсээр л буй. tenaciously. (Харин “Windows 8” бол шинэ “Vista” л гэсэн үг)
3. “Windows” хувьцааны ханшийн уналт. (“Microsoft” урьд өмнө нь ийм хүндхэн байдалд орж байсан хэдий ч “Office” программын тусламжтай дахин хөл дээрээ зогссон түүхтэй байгууллага)
Тэд тун удахгүй “8”-аас арай дээр хувилбар болох “Windows 9”-ийг худалдаанд гаргана. Тэгээд хэсэг хугацааны дараа хувь илүү “Windows 10” хувилбарыг борлуулж гайхалтай амжилт гаргана. Энэ бол тэдний бизнесийн нарийн арга ухаан.
Яг л ийм явдал 1980-аад онд болж байсан. 1985 оны “1.0”, хоёр жилийн дараа гаргасан “2.0” нь ч төдийлэн амжилт олоогүй бол 1990 онд бүтээсэн “3.0” нь салбартаа тэсрэлт хийж байсан удаатай”. Майкл Мэйс ийн дүгнэж. Түүний сэжиг үндэслэлтэй ч байж болох. Учир нь шүүмжлэгч Чарльз Петзольд нэгэнтээ “Олон хүний сэтгэл гонсойсон эмзэг үед л цоо шинэ бүтээгдэхүүн төрүүлэх нь тэсрэлтийг дэлбэрэлт болгон өөгшүүлэх хуультай” хэмээн “PC magazine”-нд бичиж байжээ.
Босгогүй айл
“XXI зуун бол мэдээллийг шууд л үйлдвэрлэл болгодог зуун” хэмээн Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Л.Түдэв нэгэнтээ ийн онцолжээ. Энэ зууныг мэдээллийн хэмээн тодотгохын учир тэр. Мэдээж эл шинэ зууны гол зэвсэг нь мэдээллийн хэрэгсэл. Эрин зууны их зэвсэг босгогүй айл, шүүлтүүргүй савнаас өөрцгүй болж хувирсныг бид огт анзааралгүй өнөөдрийг хүрчээ.
Багачуудад гологдсон их айл
Айл бүрийн хойморт залардаг цэнхэр дэлгэцийнхэн хэдхэн арваны өмнө л үзэгчдийн хайрыг татаж, хүндэтгэлийг хүлээж, үлгэр дуурайл болсон хүмүүс байлаа. Байлаа хэмээн өнгөрсөн цагт хамаатуулахын учир нь өнөө цагийн багачуудын өдөр тутмын амьдралын хэмнэлээс хойморт заларсан цэнхэр дэлгэц хойш тавигдах болсон байх юм. Хэдхэн жилийн өмнө үлгэрийн цагаа үзэхээр үймэлддэг байсан багачуул өдгөө зурагт гэх дөрвөлжин харыг компьютерээр сольчихоод дэлхий ертөнцтэй холбодог шидэт хайрцагтаа уягдах болсныг та хэдийнэ анзаарсан байх.
Өнөөх пянз, кассетыг хэрэглээнээс гаргачихсан технологийн дэвшил, хүн төрөлтхтний хөгжил гэх айхавтар хүчин зүйлийг гол шалтгаан хэмээн үзэж болох ч босго, шалгуургүй болсон арилжааны телевизүүдийн бодлого зурагтыг пянз, кассетны араас илгээх бас нэгэн хүчин зүйл болох шахаж буйг үзэгчид хэдийнэ хүлээн зөвшөөрчихөөд буй.
Сонирхолтой нь зурагтыг кино үзэхдээ л ашигладаг дэлгэц болгон хувиргасан эл дүр зураг хөгжингүй орнуудад ажиглагдахгүй байгааг дэлхий хэмжээнд нэр хүндтэй болсон телевизийн нэвтрүүлгүүд батална. Тэгэхээр телевиз гэх их айл багачуудад гологдох болсон шалтгаан чухам юу байв?
Хашир уу, хаширсан уу?
Үзэгчдийн итгэл алдарсан нь л энэ салбарын нэр хүнд эрс унасан гол шалтгаан гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй л болов уу. Харин хар бараан нийгмийн байдалд түүртсэн үзэгчид нь дэндүү хашир болчихсон хэрэг үү, эсвэл өөрсдийгөө дөрөвдэгч засаглал хэмээн тунхагладаг телевизийнхэн хашраачихсан юм уу?
Сэтгүүлч гэх мэргэжил хамгийн нэр хүндтэй нь байлаа. Мэргэжлүүдийг эрсдэл, аюултайгаар нь жагсаавал сэтгүүлч аман хүзүүддэг хэмээн шагшиж байсан цаг саяхан. Энэ салбарын боловсон хүчин болон бэлтгэгдэхийн тулд өрсөлдөх залуусын тоо ч үүнийг батлах биз. Энэ салбарт өрсөлдөгчдийн тоо буураагүй, харин нэр хүнд нь хэд дахин буурсан.
Арилжааны гэх тодотгол урлаг төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт хүчтэй нөлөөлсөн. Шуугиан дуулианаараа Олимптой өрсөлдөх сонгуулийн хар бараан сүүдэр, арилжааны ашиг сонирхолтой хавсран телевизийг дэгээдчихсан явдал ч бий. Тэгэхээр мөнгөний ашиг сонирхол, сонгуулийн луйвартай хавсран энэ салбарынхныг төөрөгдүүлэх болсноор л Монголын телевизийн салбарын уналтын үе эхэлсэн байх нь. Арилжааны анхны телевиз төрөн гарснаас хойш ар араасаа мэндэлсэн сувгуудын ард улс төрч, бизнес эрхлэгчид ухуулга сурталчилгаа хийх болсноор уг гулгалтыг улам даамжруулсан. Нууц ноёнтон гэх үг моодонд орж байх үед нуугдаж суудаг байсан улс төрчид удалгүй цайрч, “олон нийтийн” гэх тодотголтой “осолтой” хэрэгслийг зэвсэг болгосноо эмээлгүйгээр илт дэлгэх болжээ.
“Зурагтаар их гараад байвал гишүүн болохын шинж” гэх үзэгчдийн ам дамжих үндэслэлтэй явган шог ч үүний нэг баталгаа. Түүнчлэн энэ жилийн сонгуулийн үеэр уналтын шалтгааныг соргогоор мэдэрсэн телевизийн сувгууд ч “Ямар ч төрлийн сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхгүй” гэсэн ганцхан өгүүлбэрээр нэр хүндээ өсгөх мэргэн бодлого баримталж байх юм.
Босго өндөр айл
Нийтийн санаа бодолд хүчтэй нөлөөлөх чадвартай учир хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хоточ нохойтой зүйрлэсэн нь бий. Үзэл суртлын өөрчлөлтөөр юуг ч бүтээн байгуулж, эсвэл эвдэж сүйтгэж, эзлэн түрэмгийлж, өөрчлөн шинэчлэх боломжтой тул мэдээллийн эринд хамгийн хүчтэй зэвсэг бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Тиймдээ ч энэ их айлын босго өндөр байх учиртай.
Хөгжингүй орнуудын телевизийн салбарын хөгжлийг харахад арилжааны сувгууд шоу бизнес чиглэл рүү хэлбийж, уг зарчмаар орлого олдог байхад мэдээллийн сувгууд хурдан шуурхай, үнэн бодитой гэх өнөөх үндсэн зарчмаасаа огт хэлбийгээгүй л байх юм. Босго өндөр байхын учир тэр.
“CNN” телевизийн хөтөлбөрт ярилцлагын цаг байдаг ч дэлхийд нэр хүндтэй CNN телевизээр цацагдах тул оролцогчдод өндөр шалгуур тавьдаг. Тиймдээ ч ярилцлагын хаан хэмээгддэг Ларри Кинг болон түүний залгамжлагч Пирс Морган нар “Энэ чинь CNN шүү дээ” хэмээн үе үехэн онцгой гэдгийг нь сануулчихдаг биз.
Сэтгүүл зүйн ухааны дэд доктор Б.Болд-Эрдэнэ “Монголд сурталчилгаа пи ар сэтгүүл зүй гурав нэгэн цэгт дэвхцэж байна” хэмээн тодорхойлсон. Баримтыг нь та одоо зурагтаа асаагаад л харчихаж болно. Таныг хүсээгүй сурталчилгаа, ухуулгаар бөмбөгдөх арилжааны мэдээллүүд оройн мэдээллийн хөтөлбөрийн дундуур ч “Зочны цаг”, “Бизнес мэдээ” гэх эвлэгхэн нэртэйгээр хүч түрэн орж ирсээр удлаа. Тэр ч байтугай дотоод мэдээний дундуур ч үзэл суртлын ухуулга үнэ хөлсгүй тэнэж явдаг болж. Шүүлтүүр, хяналтгүй болсон телевизийн хөтөлбөрүүдийн мэдээлэлд хяналт тавих цаг хэдийнэ болжээ. Олон нийтэд хамаарах байгууллага нэг хүний төлөө үйлчлэх бус олонхийн эрх ашигт нийцэх ёстой.
Өдөр бүр үзэх хошин шог
Хошин шогийн продакшнууд олширч, хөтөлбөр тоглолтууд нь шил даран хөвөрч, үзэгчдийн хөлд дарагддаг байхаа больжээ. Учир нь үдэш бүр гэртээ тухалж суугаад үнэгүй хошин шог үзчихдэг болсон үзэгчдэд гэрээс гарч, төлбөр төлж илүү зардал гаргахын ч хэрэг алга.
Үгүйсгэх гэж яарах хэрэггүй. Үзэгчдийн ярианы сэдэв болсон телевизийн нэвтрүүлгүүдийн элэглэлийг нэг санаарай. Олон нийтийн цахим хуудсуудад байршуулсан эвлүүлэг зургийг нэг үзээрэй. Багш хэмээн өргөмжлөгдсөн Аргогийн талаарх онигоог нэг уншаарай. Батлах баримт дэндүү олон байгаа биз.
Subscribe to:
Posts (Atom)