Monday, July 19, 2010

Б.Нетаньяху: Бидний харилцаа муудаж ч, сайндаж ч байдаг


“Б.Б” хочит Бенжамин Нетаньяху гучин жилийн дараа CNN телевизийн нэвтрүүлгийн редакцид зочилжээ. Израилийн Ерөнхий сайд тэрбээр нэгэн цагт АНУ-д суух элчин сайдаар томилогдон ажиллаж байсан тул нью-йоркчууд түүний анддаггүй аж.

-Таныг хэдхэн сарын өмнө Цагаан ордонд зочилж байсныг тань санаж байна. Гэтэл энэ сарын 10-нд болсон уулзалт их л таагүй уур амьсгалтай өндөрлөлөө. Шалтгаан нь юунд байна вэ?
-Хүмүүс бидний үндсэн харилцаанаас огт өөр зүйлд анхаарал хандуулаад байх шиг санагддаг. Бидний харилцаа муудаж ч байдаг, сайндаж ч байдаг. Харин хүмүүс хэдийд бидний харилцаагүй таагүй уур амьсгалтай болж байна вэ гэдэгт л илүү анхаарлаа хандуулаад байх юм. Тэгээд түүнийг нь хэтрүүлж, заримдаа бүр дэгсдүүлэн ярьдаг. Үнэндээ бол Израиль болон Америкийн хоорондын харилцаа илүү нөхөрсөг болж байгаа. 10-нд болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Обама бид хоёул энэ тухай ярьсан шүү дээ. Угтаа эл уулзалт өөрөө хоёр улсын найрамдалт харилцааны илэрхийлэл болсон гэж дүгнэж болно. Бидний хэн хэн нь тэгж ойлгож байгаа.
-Та Ерөнхийлөгч Барак Обамаг ажлаа авсанаас хойш цөөнгүй удаа уулзаж, ярилцаж байсан. Та энэ харилцаагаа нөхөрлөл гэж дүгнэдэг үү, эсвэл албан хэргийн холбоо гэж боддог уу?
-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бид хүмүүсийн бодож, дүгнэж байгаа шиг зөвхөн албан тасалгаанд уулзаж, хоёр улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар зөвшилцөж байсан юм биш. Хүмүүс ихэвчлэн бидний ялгааг харьцуулан дүгнэж, сөргөлдөх ямар шалтгаан гарах вэ гэдгийг эрдэгээс биш, биднийг нэгтгэх юу байна вэ гэдгийг анзаардаггүй. Олон нийтэд зарлахгүйгээр уулзаж байсан тохиолдол олон бий.
Израиль бол Дундад ази дахь цорын ганц ардчилсан тогтолцоотой улс. Харин Америк бол ардчиллыг жинхэнэ утгаар нь тунхагласан хэмээн дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Тиймээс бид нэг зорилго, нэг арга барил, бидний дайснууд хүртэл адилхан. Биднийг нэгтгэх зүйл олон. Америк руу довтлохыг хүсэгчид Израильд халдлага үйлдэх нь элбэг. Ер нь бид бүх талын холбоо харилцаатай байдаг.
-Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Обамагаас амлалтынх нь талаар асуух боломж олдоогүй юм уу?
-Тийм боломж гараагүй. Тийм хэрэгцээ шаардлага ч байхгүй гэж би үзэж байна. Манай хоёр улсаас илүү хамтын ажиллагаа, найрсаг харилцаатай орнууд үгүй гэж бардам хэлэх байна.
-Уулзалтын үеэр хэн нэг нь манай хоёр улсыг хамгийн багадаа 35 жилийн турш харилцаатай байсаар ирсэн гэж хэлсэн. Та үүнтэй санал нэгдэж байна уу?
-Манай хоёр улсын засгийн газар л байнга л харилцаатай байсаар ирсэн. Харин энэ замнал өгсөж байсан уу, уруудаж байсан уу гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 35 жилийн турш харилцаатай байсан гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Та Палестины удирдлагатай уулзах хүсэлтэй байгаа гэж байсан. Тус улсын Ерөнхийлөгч Аббастай хэдийд зөвшилцөх гэж байна вэ? Энэ асуудал дэлхийн сая сая хүний анхаарлыг татсаар л байна.
-Сайхан асуулт байна Ларри. Би түүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа жил гаруйн өмнө илэрхийлж байсан. Тухайн үед Ерөнхий сайдын албыг хүлээн аваад удаагүй байсан юм. Тэгээд л нэгэн өдөр Палестины Ерөнхийлөгч Аббастай хүсэлт гаргаж, найрамдалт харилцаа тогтоох талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Өнөөдөр ч мөн танай нэвтрүүлгээр дамжуулан хэлэлцүүлэг зарлаж, Ерөнхийлөгч Аббаст хандаж, зөвшилцөх хүсэлтэй байгаагаа илэрхийлье. Бидний хэн хэн нь гомдолтой байгаа. Өөрсдийн асуултдаа хариу авахыг хүсэж байна. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй хоёр орны удирдагчид нэгэн тасалгаанд зэрэгцэн сууж, энх тайвны талаар ярилцах нь чухал байна. Зөрчилдөөнд ялагч гэж байдаггүй. Хэлэлцээр байгуулахгүй л бол энэ байдлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдаг.
Тиймээс яг одооноос энэ тухай ярилцъя. Бүр маргааш ч байсан болно. Намайг Ерусалим, Рамалла хүссэн газраа дуудаарай. Би дуртайяа очих болно. Миний хувьд яг л Нью-Йорк шиг халуун дулаан уур амьсгалтай хотод уулзаж, найрамдалт харилцааны талаар хэлэлцэх хүсэлтэй байна.
-Яриаг тань тасалсанд уучлаарай. Тэр энэ нэвтрүүлгийг үзнэ гэдэгт би итгэлтэй байна. Нэлээн хэдэн жилийн өмнө нэвтрүүлэгт маань Арафат, Ицхак Рабин, Йорданы хаан Хуссейн нар хамт оролцож байсан. Түүхэн нэвтрүүлэг болсон шүү. Та ч бас тийм нэвтрүүлэгт оролцож болно шүү дээ. Ерөнхийлөгч Аббас, Йорданы хаантай хамтдаа.
-Сайхан санаа байна, Ларри. Миний зүгээс тийм нэвтрүүлэгт оролцоход ямар ч бэрхшээл гарахгүй.
-Хэрэв та бүхэн зөвшөөрвөл бид ийм нэвтрүүлэг бэлдэхдээ баяртай байх болно. Учир нь энэ асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.
-Таны хэлсэн зүйл надад сайхан санаа өглөө. Угтаа Израилийн Ерөнхий сайд Ерусалим хотноо, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас тус хотоос ердөө л 7 минутын дотор яваад хүрэх Рамалла хотноо байдаг.
Дундад Азийн асуудалд ихэд санаа тавьдаг болохоор би Ерөнхийлөгч Обама, сенатч Жорж Мичель нарыг их хүндэлдэг. Сенатч Мичель миний хүсэлтийг Аббаст дамжуулахаар дэлхий нөгөө булан руу аялахдаа ч түүртдэггүй нэгэн. Гэхдээ одоо тэгэх шаардлагагүй гэж бодож байна. Бид хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудалд нухацтай хандах цаг болсон. Палестины хэдэн зуун дүрвэгчдийн асуудал, тус улсын ундны ус, хот тосгоны байдал хүнд байгаа учир ийм шийдвэрийг зайлшгүй гаргах шаардлагатай байгаа юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд найрамдлын гэрээ байгуулахаас өөр аргагүй. Миний хүсэлт, саналыг Ерөнхийлөгч Аббас сонсоод, хүлээн зөвшөөрөх байх гэж найдаж байна.
-Ерөнхийлөгч Обама 10-ны уулзалтын үеэр хэлэлцээрийг есдүгээр сарын сүүлч хүртэл хойшлуулах саналтай байгаагаа хэлсэн. Та ч бас ийм бодолтой байгаа юу?
-Ларри, үнэндээ энэ хэлэлцээрийн үндсэн зорилго нь энх тайвныг тогтоох юм. 7 сарын өмнө Израилийн түүхэн дэх ямар ч сайдын хийж байгаагүй зүйлийг хйисэн. Арван сарын турш шийдэгдэхгүй байсан асуудлыг би нэг тийш болгож, Палемтинын удирдагчдыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан удаатай. Түүнээс хойш долоон сар өнгөрчээ. Харин тэд өнөөг хэр ирээгүй л байна. Тэд бидэнд илүү өргөн цар хүрээг хамарсан хэлэлцээр хийх шаардлагатай гэсэн шалтаг тоочдог юм. Харин би үүнд нь одоо хариулъя. Бидэнд одоо ямар ч шалтаг хэрэггүй. Асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх шаардлагатай.
-Ерөнхийлөгч асан Клинтон нэгэнтээ Дундад Азийн асуудал Ирланд, Английнхаас ч ярвигтай гэж байсан. Та бидэнд чухам яагаад энэ хоёр улс зөрчилддөгийн шалтгааынг тайлбарлач өгч чадах уу?
-Чадалгүй яах вэ. Арабын маш олон үндэстэн Израилийн хилийг хүлээн зөвшөөрдөггүйтэй энэ асуудал шууд холбоотой. Миний бодлоор улсын хил гэдэг чухал зүйл. Тухай орны аюулгүй байдлын нэгэн хүчин зүйл болдог. Мөн Израиль бол еврейчүүдийн төрөлх нутаг. Еврейчүүд хөршүүдтэй найрсаг харилцаатайгаар аюулгүй байдлаа тогтоохыг илүүд үздэг гэдгийг та мэддэг ч байж болох юм. Тиймээс ч бид Египет, Йордан зэрэг олон оронтой найрамдалт харилцаа тогтоосон. Харин одоо Палестинтай найрамдах нь юу юунаас ч чухал асуудал болоод байна.
-Палестин улс танд үнэхээр таалагддаг гэж үү?
-Таалагддаг. Бид өмнө хоёр ч удаа газар нутгаа чөлөөлж байсан. Гэтэл иран манай газар нутаг руу түрэмгийлэх болсон. Тэд манай 6 мянга орчим хотыг пуужингаар харвасан.
Бид Гаазын зурвасыг орхиж, харин тэр даруй Ираны цэргийн хүчнийхэн тэр газар нутгийг эзлэн авсан. Харин бид гурав дахь удаагаа ийм хүлцэнгүй шийдвэр гаргахгүй. Бид өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүддээ дүгнэлт хийсний эцэст ийм шийдэлд хүрсэн юм шүү. Бид найрамдлыг гэрээнд гарын үсэг зурах хүсэлтэй байгаа. Гэхдээ энэ нь дахин газар нутгаа найр тавин өгнө гэсэн үг биш.
-Миний бодлоор та зөвхөн Аббастай хэлэлцээр хийх биш Хамасын удирдагчтай ч уулзах шаардлагатай болов уу?
-Бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, энх тайвныг тогтоох хүсэлтэй хэнтэй ч хэлэлцээрийн ширээний ард хамт суухад би бэлэн. Харин энх тайвны эсрэг хэний ч хүлээн авахгүй.
-Тэгэхээр та “Хамас”-ын удирдагчтай уулзахгүй гэсэн үг үү?
-АНУ-ыг устгах хүсэлтэй хүмүүстэй хэлэлцээрийн ширээний ард суух шаардалагатай гэж үү?
-Өнгөрсөн тавдугаар сард Израилийн цэргийн хүчнийнхэн Гаазын зурвас дахь энгийн иргэд руу халдаж, Туркийн хэд хэдэн иргэн амиа алдсан. Энэ явдлын дараа та олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйсан уу?
-Бид амиа алдсан энгийн иргэдийн төлөө их харамсаж байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ ямар үйл явдал болсныг би танд сонирхуулъя. Юун түрүүнд бид яагаад Гаазын зурвасаар дамжин өнгөрч байгаа хөлөг онгоц бүрийг шалгадгаа тайлбарлах хэрэгтэй болов уу. Гаазын зурвас руу хэдэн зуун мянгаар нь илгээж байдаг зэвсгийн тоог цөөлөх гэсэндээ ийм шалгалт хийдэг.
Хүмүүсийн мэдэж байгаагаар тэр өдөр зургаан онгоц Гаазын зурвас руу нэвтэрсэн. Тэдний тав нь энгийн иргэдийн сууж явсан, ямар ч байлдааны зорилго агуулаагүй байсан. Манай тэнгисийн цэргийнхэн тэдгээр онгоцыг шалгасан. Харин зургаа дахь хөлөг нь асуудалтай байсан юм. Тэр хөлөгт ойролцоогоор 500 хүн явснаас, 450 нь энгийн иргэн байсан. Харин бусад нь зэвсэглэсэн хүмүүс. Шалгалтын үеэр тэдгээр этгээд үймж эхэлсэн. Манай цэргүүд тэр хөлөгт явсан 450 энгийн иргэний амийг аврахын тулд тулалдсан юм шүү.
-Харин одоо Турктэй ямар харилцаатай байгаа вэ?
-Турк Дундад Азийн хамгийн ач холбогдол бүхий орнуудын нэг тул тус улс болон болон манай орнын хоорондын харилцаа их чухал. Туркийн улс төрийн хүчин солигдсоноос болоод манай хоёр орны харилцаа муудсан тал бий.
Гэхдээ бид энэ харилцааг хэвийн байдалд оруулах боломж бүрийг хүлээж, ашиглаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л би Туркийн гадаад хэргийн сайдтай уулзсан.
Одоогоор харилцааны талаар эерэг зүйл хэлж чадахгүй ч, Израилийн Ерөнхий сайдын хувьд бид харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

С.Баллок: Мөнгө зайлшгүй хэрэг болсон цагт л “People” сэтгүүлийнхнийг хуримандаа урина


Энэ онд “Оскар”-ын шагнал гардаж, гэр бүлийн асуудал нь сонин хэвлэлийнхний нийтлэлийн гол сэдэв болсон гээд сүүлийн үед олны анхаарлын төвд байх болсон Холливудын жүжигчин Сандра Баллоктой “Glamour” сэтгүүлийн сурвалжлагч ярилцжээ.

Түүнтэй ярилцаж суухад ч яагаад ч юм хэн нэгэн одтой уулзаж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөнгүй. Миний уулзсан хүн Сандра Баллок болохоор л тэр.
Калифорнийн Кюлвер хотод, түүний заасан газарт ирэхэд тэр гэрийнхээ гадаа нохдоо салхилуулан, тэдэнтэйгээ тоглож байлаа. Эрч хүч, аз жаргал гэрэлтүүлсэн хатагтай Баллок харсан даруйдаа л намайг тосож, “Сайн уу? Намайг Санди гэж дуудаарай. Дотогш ор л доо” хэмээн гэртээ урилаа. “100 гаруй жил нөхөрлөсөн дотны анд минь”. Сандитай уулзахад төрсөн анхны минь сэтгэгдэл энэ.
Харин ажилдаа тэр тун нямбай няхуур ханддаг нэгэн аж. Зураг авалт эхэлсэн л бол тэр амрахаа умартан зүтгэдэг. Зураг авахуулаагүй үедээ ч дүрийнхээ судалгааг хийж, хэдэн өдрөөр суучихдаг тухай хамтран ажилласан найруулагчид нь надад сонирхуулсан юм.
Тэр ажилдаа дуртай ч, олны чанга хатуу “хяналтан” дорх амьдралыг тэсвэрлэдэггүй. Тиймээс ч хувийн амьдралаа Холливудын ертөнцөөс хол байлгах аргаа ч олчихож. Хэрэв түүнийг дүгнэж, тодорхойлох даалгавар өгвөл би даруухан, өөрийнхөөрөө гэдгийг нь онцолно. Шоубизнесийн ертөнцийнхний үсгийн сангаас “Өөрийнхөөрөө байх” гэдэг үг бараг л арчигдчихдаг болохоор тэр.

-Та “Гэрлэх санал” киноны зохиолыг уншиж байхдаа л төгсгөлийг нь таамагласан гэдэг. Бодит амьдралд хосуудын ирээдүйг ингэж харж чаддаг уу?
-Үгүй дээ би ирээдүйг харах нь байтугай таамагладаг ч үгүй. Харин нэг удаа зураг авахуулахаар студид хүлээж зогссон бүсгүй, залуу хоёрт “Та хоёр гайхалтай сайхан хосууд болно” гэж хэлж билээ. Тэд бие биенээ таньдаггүй байсан юм. Гэхдээ л би бүсгүй рүү залгаж “Надад өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байсангүй. Гэхдээ та хоёрыг гайхалтай сайхан хос болно гэдлгийг би мэдэрч байна” гэж хэлж билээ. Хэдийгээр тэр бүсгүйтэй уулзана гэдгээ зургийн студид танилцсан хархүү надад амласан боловч очоогүй гэсэн. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэр шийдвэрээ өөрчилнө гэдэгт би итгэлтэй байна.
-Харин та өөрийнхөө ирээдүйг ингэж харж байсан уу?
-Үгүй дээ.
-Жэсс та хоёр хэрхэн танилцаж байсан юм бэ?
-Та хувийн амьдрал руу минь дэндүү өнгийж байна шүү. Би мөрөөдлийн ханхүүгээ хайж, “West Coast Choppers” хэмээх түүний компанийг зорьсон юм. Тэгэхдээ булчинлаг, хүдэр залуу намайг хүлээж байгаа гэж төсөөлж байлаа. (инээв)
-Холливудын ертөнц дэх бүсгүйчүүдээс тан шиг биеийнхээ хөдөлгөөн, нүүрний хувирлаараа үзэгчдийг хөгжөөдөг хүн ховор шүү. Харин та үүнийг гайхалтай сайн чаддаг.
-Мэдэхгүй юм даа. Би Кэрол Бюрнетт, Жэрри Льюис нарын киног үзэж өссөн. Тэр бол кино урлагийн түүхэн дэх амьд бурханууд л гэсэн үг. Гэхдээ охид бүгд л хөлөө зөрүүлэн зогсоод, хормойгоо барин ёслон, гүнж болохыг мөрөөддөг. Би тэдний л нэг байсан.
-Өөр хэнээс суралцдаг байв?
-Аав, ээж минь дуурийн дуучид байсан. Тиймээс надад хоолойн хичээл заадаг байв. Тиймээс миний бага нас дуучид, бүжигчид гээд урлагийнхан дунд өнгөрсөн гэж хэлж болно. Өрөөний минь хананд Оросын нэрт балетчин Рудольф Нуреевийн зураг өлгөөтэй байдаг байлаа.
-Тэгэхээр та бүжигт дуртай байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ би хувийн амьдралаа энд дэлгэмээргүй байна. Би үдэш бүр ярилцаж, хамт хонодог байсан дотны хүндээ ч хийх хамгийн дуртай зүйлээ харуулж байгаагүй.
-Тэгэхээр Жэсс таны бүжиглэж байхыг харж байгаагүй байх нь ээ?
-Би Жэсс гэж хэлээгүй шүү дээ.
-Олонх хүн ажил, амьдрал хоёроо тэнцүүхэн авч явж чаддаггүй. Би ч тэдний нэг.
-Би ажил, амьдралаа тэнцүүхэн авч явахыг хичээдэг. Гэхдээ би “Нэг л өдөр би цасан цагаан даашинз өмсөөд, хуримаа хийж, сайхан гэр бүлтэй болон” гэж төлөвлөж байгаагүй. Би ажлаа хийж, өөрийгөө хөжгүүлж, аав ээж минь надаар бахархах зүйл хийхийг л илүүд үздэг. Өнгөрсөн хугацааг эргээд дүгнэхэд би ажилдаа өөрийгөө тэр чигт нь зориулсан юм билээ. Би жилд гурван ч кинонд тоглоод амждаг байсан. Эцэст нь “Энэ бүхэн надад сонирхолтой санагдахгүй байна” гэж хэлээд л ажлаасаа бүтэн жил хөндийрч байсан.
-Та шүтэн бишрэгчдээсээ хөндийрөхгүйгээр хувийн амьдралаа хэрхэн нууцлаад байдаг юм бэ?
-Найз минь надад нэгэнтээ “Хэрэв чи хуримандаа “People” сэтгүүлийнхнийг уривал гэрлэлт чинь тун удахгүй салалтаар дуусна” гэж хэлж билээ. Бид мөнгө зайлшгүй хэрэгтэй болсон цагтаа л тийм шийдвэр гаргах байх.
-Таны хүсэж байсан шиг ярилцлага нийтлэгдэж байсан удаа бий юү. Та ер нь сэтгүүлчдээс ямар асуулт хүлээдэг вэ.
-Би зөвхөн киногоо сурталчлахын тулд л ярилцлага өгдөг. Гэхдээ ажил маань намайг долоон булчирхайгаа дэлгэхийг шаарддаггүй.
-“Гэрлэх санал” кинонд таны нүцгэн гүйж яваа хэсэг гардаг.
-Анх удаа дэлгэцнээ нүцгэлсэн нь тэр.
-Райн та хоёр мөргөлдөх үед танд юу бодогдож байсан бэ гэдгийг л мэдэх гэсэн юм.
-Гимнастикийн дугуйланд яаралтай бүртгүүлэх хэрэгтэй юм байна даа гэх бодол хамгийн түрүүнд төрсөн.
-Та тэгэхээр өөрийнхөө галбирт сэтгэл дундуур байгаа байх нь ээ. Надад бол сайхан л харагдсан.
-Би яагаад дур булаам харагдсан гээч. Учир нь хүн бүр намайг биш Райнд илүүтэй анхаарал хандуулсан юм.

Saturday, July 17, 2010

К.Латифа: Амьдралдаа олон арван удаа хатан хааны титэм зүүж байсан

Шоу бизнесийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болох Күин Латифа Ларри Кингийн нэвтрүүлгийн зочноор уригджээ. Цөөнгүй инээдмийн киноны дүрээрээ үзэгчдэд хэдийнэ танил болсон ч тэрбээр Холливудын ертөнцөд олон талын авьяастай гэдгээрээ хүндлэгдсэн байдаг. Тэрбээр “Титэм зүүхүй: Амьдралын өөрчлөлтийн мөчлөг хэрхэн Хатан хаант улсад хүргэдэг вэ" гэсэн номоо өлгийдөн аваад байгаа аж.

-“Титэм зүүхүй” гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Юун түрүүнд нэвтүүлэгтээ урьсанд тань талархлаа илэрхийлмээр байна, Ларри. Бүсгүй хүн бүр хатан хаан. Бусад хүмүүс ч бүсгүйчүүдтэй хатан хаантай харилцаж буй мэт хүндэтгэлтэй харилцах ёстой гэж надад бодогддог. Тиймээс би эмэгтэй хүн бүр өөрийнхөө эрхэмсэг, дахин давтагдашгүйбайдлыг үнэлж, өөрийгөө хатан хаан мэт өргөмжлөөсэй гэсэндээ номондоо ийм нэр өгсөн. Бид бүр заримдаа өөрсдийгөө ч мартан амьдралын төлөө зүтгэдэг. Тэдгээр эмэгтэйчүүдэд ямар агуу болохыг нь санхуулах гэсэндээ эл номыг бичсэн юм.
-Номонд тань юун тухай өгүүлэх вэ?
-Ном гэхээсээ илүүтэй уншигчидтай хийж байгаа миний ярилцлага шиг л хэлбэртэй бүтээл болсон. Би тэдэнтэй туршлагаа солилцож, хэрхэн амьдралын өөрчлөлтийн үеүдээ даван туулсан тухайгаа хүүрнэсэн. Миний өнгөрүүлсэн амьдрал алдаа оноогоор дүүрэн байгаа хэдий ч бүсгүйчүүдэд урагшаа урам зоригтой алхах эрч хүч өгнө байх гэж бодож байна.
-Та ямар насныханд уг номоо зориулан бичсэн юм бэ?
-Ямар ч насны ангилал байхгүй ээ. Өсвөр насны охидоос 65 гарсан буурал ч уншиж болохуйц. Би одоо 40 настай. Тэгэхээр дунд эргэм насны эмэгтэй гэсэн ангилалд хамаарна. Гэхдээ өнгөрүүлсөн 40 жилийн туршлагаас харахад бидний амьдралын аль ч үед урам зориг, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг юм билээ. Харин би таныг ямар гайхалтай хүмүүс хүрээлж, хэчнээн сайхан орчинд амьдарч байгааг нь сануулах гэсэн юм.
-Таныг Фрэнк Синатрагийн “I'm Going to Live Until I Die” хэмээх гайхалтай дууг зохиосон гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Тийм ээ.
-Эл дуугаараа Та амьдралдаа баримталдаг зарчмаа өгүүлсэн юм уу?
-Тийм ээ. Амьдрахын тулд нь бид энэ орчлонд хүн болж төрсөн. Тиймээс энд байгаа хором мөч бүхнээ сэтгэл хангалуун, өөрийн чадах хэрээр үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй гэсэн санааг хэлэх гэсэн юм.
-Гэвч тэгж амьдрах ч амаргүй шүү. Тийм биз?
-Заримдаа ч үнэхээр амаргүй байдаг шүү. Гэхдээ би гаргасан амжилтаараа өөрийгөө цэнэглэж амьдрагч нэгэн. Түүнийгээ эргэн дурсаж, сэтгэлдээ сайн сайхныг бодон явсаар амьдралын сайн сайхныг хангалттай амсдаг гэж хэлж болно.
-Таны амьдралын анхны өөрчлөлт хэзээ болсон бэ?
-Намайг 5 настай байхад.
-Тэр цагаас хойш хатан хаан болно хэмээн боддог болсон байх нь ээ?
-Би их азтай хүн. Аав, ээж маань өөрсдөө ч мэдэлгүй намайг өөртөө итгэлтэй, хатан хаан болох хүсэлтэй охин болгоод хүмүүжүүлчихсэн. Харин би үүнийг нь ахыгаа алдсаны дараа тэдэнд хэлж билээ.
-Тэр хэдэн настай байсан юм бэ?
-Тэр 24, би 22 настай байсан.
-Тухайн үед яг болсон юм бэ?
-Мотоциклийн осол. Бид мотоцикльтэй явж байсан юм. Тэр явдлаас хойш би ээж, аав хоёртойгоо их дотно болсон.
-Таныг ч бас алдах нь гэсэн айдас хүмүүст төрсөн гэдэг байх аа. Та өөрийн титмээ хэрхэн зүүсэн бэ?
-Би амьдралдаа олон арван удаа хатан хааны титэм зүүж байсан гэж өөрийгөө дүгнэдэг. Амьдралд юу ч тохиолдож болно. Гол нь түүнийг хэрхэн хүлээж авахаас зовлон, жаргалын алин болох гэдгийг тодорхойлдог юм шиг санагддаг. Өвдөг сөхрөх, хагацал тохиох мөчтэй нүүр тулгарах үедээ уй гашууд автан шаналах хүн байхад тэр хүнд байдлаас бэрхшээлтэй тэмцэх эрч хүчээ олж авдаг хүмүүс ч бий.
-Та дүр эсгэдэг үү?
-Үгүй дээ. Гэхдээ шоу бизнесийн ертөнцөд олны анхаарлын төвд аж төрж байгаа хүмүүст ямар нэгэн байдлаар дүр эсгэх шаардлага зайлшгүй гардаг юм билээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөө олон нийтэд харуулахгүйн тулд дүр эсгэх тохиолдол цөөнгүй гардаг.
-Шүүхийн танхимд дуудагдаж байсан уу?
-Үгүй дээ. Би сэтгэл хөдлөл болон, согтууруулах ундаа уух хэмжээгээ тогтоож, өөртөө хяналт тавьж чаддаг нэгэн. Үүндээ ч бурханд талархдаг юм. Хэн нэгэн хүний согтууруулах ундааны улмаас осолд орж, амиа алдсан гэх мэдээлэл өглөө бүр зурагтаар гардаг.
-Таны насны хүмүүс их илэн далангуй болчихдог. Харин та хувийн амьдралаа ер дэлгэхгүй юм.
-Тэр талаар ярих хэрэггүй биз дээ, Ларри.
-Би тэр тухай ярих гэсэнгүй. Харин Та энэ олон жилийн турш хэрхэн хувийн амьдралаа олны нүднээс нууцалж ирснийг тань гайхах юм.
-Үнэндээ би хувийн амьдралаа бусдаас нууж чаддаггүй.
-Таныг гэрээсээ гармагц л папарацциуд шавж, зураг дардаг. Энэ ямар зорилготой юм бол?
-Хэрэглэгчид, сонирхогчид байгаа болохоор л папараццичид тэгж улангасдаг биз. Та хэвлэлийн мэдээллийн ертөнцийн дотоод амьдралыг надаас илүү мэдэх биз. Шар хэвлэлүүдийн мэдээлэл миний сонирхлыг огтхон ч татдаггүй. Өөрийнхөө тухай мэдээллийг интернэтээс шүүдэг хүн би биш. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг. Харин та намайг дүгнэж нийтлэл бичиж байгаа бол өөр хэрэг. Та юу харсанаа бусадтай хуваалцах гэж байна гэсэн үг. Би ч бас өөрийн мэдсэн, сонссон зүйлсээ бусадтай хуваалцахын тулд хөгжмийн ертөнцөд уран бүтээл туурвидаг. Хөгжмөөрөө дамжуулан өөрийн мэдрэмжийг бусад хүмүүстэй хуваалцаж байгаа хэрэг.
-Харин Таны хувийн амьдрал хэнд ч хамаагүй гэсэн үг үү?
-Үнэндээ би хөгжмөөр дамжуулан дотоод ертөнцөө хуваалцаж болно. Мөн кино гэх мэт эерэг, гэгээлэг зүйлсийг бусадтай хуваалцахыг хүсдэг. Харин миний хувийн амьдрал гэдэг хувийн л зүйл шүү дээ. Тэндээс бусадтай хуваалцаад байх зүйл нэг ч үгүй.
-Олон нийт энэ үзэл бодлыг чинь хүлээн зөвшөөрнө гэж үү?
-Зөвшөөрөх байх аа. Энэ бол ердөө л хэвлэлийнхний солиорол. Хүмүүсийн хувийн амьдралыг үрж, зарж цөөнгүй хүн хоолоо олж идэж байна.
-Та хэрхэн Күин Латифа гэдэг нэрийг бодож олсон юм бэ?
-Тэнэг сонсогдож магадгүй. Үеэлтэйгээ лалын шашинтнуудын нэрний утгыг тайлбарласан номноос Латифа гэдэг нэрийг анх олсон юм. Латифа гэдэг нь чамин, сайхан гэсэн утгатай юм билээ. Тэр үед би 8 настай байсан. Ангидаа шилдэг нь байх гэсэн хүсэлтэй жаахан, хэвлүүхэн охин байсан шиг байгаа юм. Латифа гэдэг нэрийг хочоо болгон сонгоно гэдэг 8 настай охиноос гарахааргүй ухаан биз.
Хожим нь дуулдаг болсныхоо дараахан уран бүтээлийн нэр сонгох хэрэгцээ гарсан. Өмгөөлөгчийгөө “Та уран бүтээлийн нэрээр олонд танигдахыг хүсэж байна уу?” гэж билээ. Би тэр дороо л “Күин” буюу “Хатан хаан” гэдэг нэрийг сонгосон. Учир нь ээж минь намайг хатан хаан шиг эрхэмсэг, омголон эмэгтэй болгохыг хүссэн. Тэгээд л Күин Латифа гэдэг нэрийг сонгосон.
-Та нэг хэсэг нэлээд турж байснаа гэнэтхэн нэмчихсэн харагддаг. Тэр бүртээ хувцсаа сольдог уу?
-Тэгэлгүй яах вэ. Нэвтрүүлэг бэлтгэж байх үеэр би нэлээд турсан. Тэгээд л хувцасны шүүгээн дэхээ тэр чигт нь өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Тэр үед би их ядарсан шүү. Мэдээж газуур зугаалж, явган аялал хийх хөгжилтэй байсан. Нөгөө талаар тарган байна гэдэг тийм ч муухай санагддаггүй.
-Гэхдээ Та багадаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан гэсэн биз дээ?
-Бүр сайн тамирчин байсан шүү. Мэдээж супер од болох хэмжээний чадвартай байгаагүй ч, муугүй тоглогч байсан гэвэл мэтгэх хүн үгүй биз.
-Танд Күин Латифа гэдэг нэр брэнд болчихсон юм шиг санагдах үе гардаг уу. Яг л Кока-Кола шиг.
-Үгүй дээ. Би 24 насандаа “Living Single” цомгоо бичүүлж байлаа. Цомгийн нүүр зураг, хэлбэр маяг гээд бүхий л зүйл нь миний хэн бэ гэдгийг илэрхийлэх ёстой учир би тэр цомгоо гаргахын тулд маш олон зүйлтэй нүүр тулгарсан. Харин тэр цаг ард хоцорч, би нэг шат ахисан байна. Тухай үед би мөрөөдлийн эмэгтэйнхээ ертөнцөөр бүх зүйлээ илэрхийлж байсан бол одоо өөрөөрөө байж, түүгээрээ бахархахын учрыг ухаарсан. Түүнийхээ ачаар 20 жилийн өмнө шоу бизнесийн ертөнцөд хөл тавьж байснаасаа илүү эрч хүчийг олж авч байна.
-Та хэний ч танихгүй бүсгүй байх үеэ үгүйлдэг үү?
-Би хэн ч биш байсан үеэ маш тод санаж байна. Би Нью-Йорк, Нью Жэрсид өссөн. Ихэвчлэн Нью-Йорк хотноо байдаг байлаа. Энэ хотод хүн бүр бусдаас онцгойрохын тулд чадах бүхнээ хийдэг гэдгийг та мэдэх үү? 8 сая оршин суугчтай хотын жирийн нэг иргэн болчихгүйн тулд хүмүүс өмсөж зүүх, нэрээ өөрчлөх гээд чадах бүхнээ хийдэг.
-Тэдний заримыг нь ч атугай үгүйлэхгүй байна уу?
-Үгүйлдэг. Гэхдээ би тэр амьдралыг хангалттай удаан туулсан. Тиймээс л би “Хэзээ хаана карьерээ дуусгах нь тун чухал. Үүнээс л олны анхаарлын төвөөс гарч, амар амгалан амьдарч чадах эсэх шууд хамаарна” гэдэг үгийг цохон тэмдэглэдэг юм. Би ийм амьдралын тэгтлээ их хүсдэггүй.
-Би жүжигчин, дуучин, бизнес эрхлэгч гэхээсээ өмнө ямар үүргээ урьтал болгодог вэ?
-Би Рита, Ланс нарын охин гэдгээ юун түрүүнд боддог. Би гэдэг хүн дүү нарынхаа эгч, дотнын найз гэдэ ажил мэргэжлээсээ өмнө тавих зүйл надад олон бий.
-Та гэр бүлийнхэнтэйгээ хэр дотно вэ?
-Нэг их наалдаад байдаггүй ч, хүйтэн хөндий биш. Бид хэрэгтэй цагт гэр бүлийнхэндээ гараа сунгахад хэзээд бэлэн байдаг.

Monday, July 5, 2010

Ц.САРНАЙ: Хуримын ёслолоо товлоогүй ч эх орондоо хийхээр төлөвлөсөн Б.ЧИНБАТ: Бүл нэмэх бодол бий

Энгийн атлаа эрхэмсэг. Яг л урлагийн бүтээл шиг тэнгэрлэг. Б.Чинбатынх гэдэг өрх гэрээр зочилсон сэтгэгдэл минь энэ.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гэсэн эрмүүн хүсэл мөрөөдөл тээж, хүний нутаг зорьсон тэд эх орондоо эргэн ирээд удаагүй байхад нь уулзаж ярилцлаа. Хоногийн 24 цаг багаддаг болов уу гэмээр ачаалал ихтэй амьдралын хэмнэлдээ тэд огтхон ч түүртсэн шинжгүй сууна.
Уран бүтээлчдийн гэр бүл болоод ч тэр үү бидний яриа байсгээд л урлаг, хөгжмийн ертөнц рүү хальчихаж байлаа. Энэ байдлаас нь тэднийг урлагт хэрхэн сэтгэлээ бүрэн зориулсныг харж болохуйц. Инээд наргиа, их хайраар хачирласан ярилцлагаа уншигч танд толилуулъя.

-Америкт нэлээн удах шиг боллоо. Яг хэдэн жил болсон бэ?
Ц.Сарнай: Бараг л долоон жил боллоо.
Б.Чинбат: Яг зургаан жил хагас болсон байна.
-Хэзээ эх орондоо бүрмөсөн ирэх вэ?
Б.Чинбат: Бүр ирсэн гэж ойлгож болно. Гэхдээ бидний зорилго, хүсэл мөрөөдөл маань тэнд байгаа болохоор түүнтэйгээ хослуулж амьдарна даа. Тэр тусмаа бид чинь их эх оронч хүмүүс шүү дээ. Тийм болохоор аль болох Монголдоо байхыг хүсдэг.
-Цаг үргэлж хамт байх ямар санагддаг вэ?
Ц.Сарнай: Их сайхан.
Б.Чинбат: Гол нь бидний зорилго нэг болохоор үргэлж хамт байх харин ч амар санагддаг.
Ц.Сарнай: Түүнээс гадна багаасаа л хамт байсан болохоор одоо бие биедээ уусаад дасчихсан.
Б.Чинбат: 15 настайгаасаа нэгнээ мэддэг байсан юм байна шүү.
-Хэрхэн танилцаж байснаа сонирхуулаач.
Б.Чинбат: Хэн хэн нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Т.Цолмон багшид шавь орсон болохоор багаасаа л бие биенээ мэддэг байсан. Тухайн үед би “Никитон” гэж гүйгээд л, үсээ сэгсэлзүүлсэн амьтан явдаг байлаа. Нэг хэсэг хамтлагийнхаа ажлыг хөөж Сарнайтайгаа нэлээд хэдэн жил уулзаагүй. Хожим нь Цолмон багшийн боловсролын салбарт ажилласны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцох гээд очихдоо Сарнайгаа олж харлаа. Тэгээд л тэр даруйдаа “Үерхье” гэдэг үгээ хэлсэн.
-Олон жилийн өмнө тэгж хэлсэн үү?
Б.Чинбат: Тэр чинь… 1995, 1996 онд юм байна.
Ц.Сарнай: Бид хоёр дөрөв, таван насны зөрүүтэй юм. Тухайн үед жоохон байсан болохоор тэр ялгаа их мэдэгддэг. Тийм болохоор аав ээж, танилуудаасаа их нуудаг байж билээ.
Б.Чинбат: Багш нар харин анзаарчихсан шиг байгаа юм.
-Тухайн үеийн залуус яаж болздог байсан бэ?
Б.Чинбат: Улаанбаатарын үдшийг тольдон алхдаг байлаа. Тухайн үед хот намуухан ч байж. Бид ирээд хоёр хонож байгаа ч замын түгжрэл гэдэг зүйлийн зовлонг амсаад байна. 1990-ээд онд бол одоогийнхтой адилгүй. Нам гүм. Тэгээд л тэр сайханд хөтлөлцөөд л алхана. Утас бол шатаастай л хонодог байсан. Бүр өглөөний 06.00 хүртэл ярьдаг байлаа. Одоо эргээд бодоход ярих зүйл нь хаанаас ч ундардаг байсан юм, бүү мэд. Аав ээждээ загнуулаад л яриад хоночихдог байсан гэх мэт дурсамж дүүрэн бидний үерхэл эхэлж байлаа.
-15 жил хамт байсан болохоор одоо бол бодлыг нь уншихуйц ойлголцдог болсон биз?
Ц.Сарнай: Тэгэлгүй яах вэ. Харцаараа л ойлголцдог болсон.
Б.Чинбат: Олон жил хамт байхаар царай хүртэл адилхан болчихдог гэсэн үг байдаг даа. Түүн шиг л олон жил үерхэж, хамт байсан болохоор одоо бол бие биедээ уусаад, нэг хүн шиг л болсон.
Манай гурав “Охид” гэдэг хамтлаг байгуулан, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Тэгтэл би Залуучуудын соёлын төвд явж байтал бөөн хүн шавчихсан, алга ташиж, “Дахиулъя” гэж орилоод л жигтэйхэн сүртэй юм болж байна. Гайхаад тонмейстерийнх нь өрөөгөөр шагайвал гурван охин дуулж байгаа харагдсан. Тэр нь манай Сарнай, Сүндэрээ, Болороо гурав байсан юм. Тэднийг харсан даруйдаа л Хөгжим бүжгийн коллежийнх гэдгийг нь мэдсэн. Тэр даруй энэ гуравт дуулах хүсэл эрмэлзэл, авьяас чадвар байна гэх дүгнэлт хийсэн.
-Тэгэхээр анх гэргийгээ уран бүтээлч талаас нь олж харсан юм уу?
Б.Чинбат: Анх өөр ямар ч бодол, санаагүй уран бүтээлч талаас нь харсан.
-Хэдийнээс эмэгтэй хүн гэж харж эхэлсэн юм бэ?
Б.Чинбат: Саяхнаас л… (инээв) Манай гурав муухан эр хүнээс дээр санагддаг юм. Залуучуудын соёлын төвд тааралдсаны дараахан бид дахин уулзсан юм. Тухайн үед би “Камертон”-ы “18 нас” дууг гаргахад туслалцаад, хөгжмийн ертөнцөд нэр хүнд олж байсан болохоор манай хэд “Чинбаа ах аа, бид нарт нэг ая хийж өгөөч” гээд л ирсэн. Хөгжим бүжгийн коллежийн гурван давхарт 37 тоотод ороод шалгатал аргагүй л багаасаа урлагаар хичээллэсэн хүүхдүүд гэдэг нь анзаарагдахаар сайхан аккорд дуугарсан. Тэгээд л хамтран ажиллаж эхэлсэн дээ. Эхэндээ Сарнайгийнд бөөнөөрөө амьдарч, тасралтгүй бэлтгэл хийдэг байлаа. Одоогийн охид шиг баар орох ч завгүй сургуулилдаг, бүр өрөөндөө түгжүүлээд 24 цаг бэлддэг байсан. Тиймээс тухайн үед цаг зав, сэтгэл санаа гээд бүхий л зүйлээ уран бүтээлдээ хандуулсан. Хоёр жил болсны эцэст ийм нэгэн шинэ хамтлаг Монголын рок попын ертөнцөд мэндэлж байгаа шүү гэдэг дохиог өгөхөөр “Пентатоник”-ийн алтан тайзан дээр “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ, “Никитон”-ы хөгжимчидтэй хамтран “Санах уу” дууг дуулж байлаа.
-Анхны цомгоо хэрхэн гаргаж байсан юм бэ?
Б.Чинбат: Цомгоо гаргахын тулд “Сонор” студийн захирал Дээгий эгч, хөгжмийн найруулагч Халиун, Дашка гуравт хамтлагийнхаа охидыг танилцуулж, шалгуулах шаардлагатай болсон. Тэр үед манай гурав сам, хоосон саваар микрофон орлуулаад барьчихсан дуулж байсан. Тийм их дуулах гэсэн хүсэлтэй байсан хэрэг.
-Гэрлэлтээ батлуулчихсан уу?
Ц.Сарнай: 2009 оны есдүгээр сард АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд очиж батлуулсан. Тухайн үед бид нар тоглолтоор явж байсан болохоор Холливудын их том продюсер Анита Фрэнклин бидний гэрлэлтээ батлуулах ёслолын гэрч болсон. Тиймээс бид их бэлгэшээдэг юм. Гэхдээ гэрлэх ёслолоо Монголдоо хийнэ ээ.
-Хэзээ хийх вэ?
Б.Чинбат: Энэ жилдээ арай амжихгүй байх. Одоогоор арай төлөвлөөгүй байна. Ажлынхаа зав зайг харж байгаад л нэг өдөр эх орондоо хийнэ дээ.
-Ар гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
Б.Чинбат: Миний гэргий бол… Хажууд нь ярих ямар эвгүй юм бэ? Ингэж ярьж үзээгүй юм байна. Бид хоёрыг хамт суулгаад ярилцлага авч байгаа анхны хүн нь чи юм байна. (инээв)
Манай хүн их сайхан хоол хийдэг. Ялангуяа Итали, Франц хоол хийхдээ гаргууд сайн. Би ганцаараа магтаж байгаа юм биш шүү. Манайхаар ирсэн зочид үүнийг батална. Миний бодлоор өрхийн тэргүүн хүнд ажлаасаа ирээд л сайхан хоол идэж, эрч хүч авах хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байх.
Ц.Сарнай: Өөр та ямар ажил хийдэг билээ?
Б.Чинбат: Гэргий маань намайг ажилдаа бүх анхаарлаа хандуул гэсэндээ ар гэрийн бүхий л ажлыг өөрөө амжуулчихдаг. Мэдээж би цаг зав гаргаж хоол хийж өгөхийг хичээдэг. Хоол хүнсээ цуглуулахдаа хамт явна. Гэхдээ Сарнай маань их эмх цэгцтэй. Гэрийн бүх тавилга, хэрэгсэл, тэр ч байтугай түлхүүр, цаг хүртэл өөрийн гэсэн байртай. Тиймээс манай гэрт аливаа бичиг баримт, жижиг зүйлс олдохгүй байна гэсэн асуудал үүсдэггүй. Тэр ч байтугай хоол хүнсээ цуглуулахаар дэлгүүр гарахын өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг нэгд нэгэнгүй гаргачихдаг. Тийм болохоор бид хоёрт дэлгүүрт очоод авах зүйлээ хайж холхих шаардлага гарахгүй. Цаг ч их хэмнэдэг.
-Харин Та нөхрөө хэрхэн дүгнэх вэ?
Ц.Сарнай: Маш сайн нөхөр гэж дүгнэнэ. Гэр бүлээ, хамтлагаа өдий зэрэгтэй авч явж байгааг нь харсан ч тэр, тэгж дүгнэх нь зүйтэй болов уу. Америкт жижиг хадаас тогтоох төдийд ч хариуцсан байгууллага дуудаж, хэдэн зуун долларын хөлс төлж, түүнийгээ хийлгэдэг. Манай хүн бол тиймэрхүү ахуйн асуудлаа өөрөө л зохицуулчихдаг.
-Тэнд байхдаа Болороо, Сүндэрээ хоёртой хамт амьдарч байв уу?
Б.Чинбат: Америк бол тун шалгуур өндөртэй газар. Гэрээс гараад гишгэлээ л бол мөнгө хэрэгтэй болно. Тиймээс эхэн үед манай эгчийнд бөөнөөрөө амьдарч байсан.
Ц.Сарнай: Тэндээ хоёр, гурван жил болоод тусдаа гарсан.
Б.Чинбат: Биднийг Америк руу явах үед монголчуудын мөрөөдөл нь Америкт хөл тавих байсан гэхэд хилсдэхгүй. Харин бид бүр түүнээс ч өндөр зорилго тавьж, тэр улсад танигдсан уран бүтээлчид болохыг хүссэн. Зорилгынхоо жаахан ч атугай хэсгийг биелүүлээд явж байна. Ер нь ажиглаад байхад манайхан их тууштай, зорьсондоо үнэнч, тэмцэгч атлаа нүүдэлчин ахуйтай болохоор орчиндоо амархан дасан зохицдог давуу талтай. Тийм болохоор хэр баргийн зүйлд шантарч, ухардаггүй. Түүнээс гадна оюуны чадамж өндөр байх. Би тэнд бараг долоон жил амьдрахдаа муу яваа нэг ч монгол хүнийг олж хараагүй. Хамгийн муу яваа нь ч дундаж амьдралтай байгаа харагддаг.
-Та хоёрын ажил хэд хүртэл үргэлжилдэг вэ?
Ц.Сарнай: Монголд байхын л шөнө дунд хүртэл ажилладаг ажлын ачаалал ихтэй байдаг байлаа. Тиймээс эрт орондоо ордог найзууд маань 23.00 цаг бол биднийхээр шөнө, та нарынхаар өглөө гэж шоолдог байсан.
-Чинбаа, Сарнай хоёр хэр романтик вэ. Болзоонд явдаг уу?
Ц.Сарнай: Болзоонд явдаг.
Б.Чинбат: Би нэг гоё юм ярьж өгөх үү. Бид хоёр хамтдаа кино үзэх дуртай. Зүрхэн хэлбэртэй бөгжтэй улаан дарс хундагалан, кино үзэж суудаг. Манай хүний санаа байгаа юм.
Ц.Сарнай: Бас тоглолт үздэг. Чикагод блюз баар их олон байдаг юм. Хамт тийшээ очиж сайхан тоглолт үзээд л болзчихдог.
-Энэ их ажлын хажуугаар болзох зав бас гардаг байх нь ээ?
Б.Чинбат: Хэчнээн их ажилтай байсан ч хөгжилдөж, болзох цаг гаргалгүй яах вэ.
-Хэзээ бүл нэмэхээр төлөвлөж байна вэ?
Б.Чинбат: Хүн болгон л асуудаг болсон байна. Тэгэхээр одоо олны хүсэлтээр бүл нэмэхээс… (инээв) Хүүхдэдээ аль болох их цагийг зарцуулах ёстой байдаг. Тэгэхээр тийм боломж нь бүрдсэн үед л хүүхэдтэй болно доо.
Ц.Сарнай: Хүмүүс тохироо нь бүрдэхийг хүлээвэл хэзээ ч бүтэхгүй гэдэг юм билээ.
Б.Чинбат: Гэхдээ тохироог одоо тохируулъя. Түлхүүр, кодыг нь тааруулъя. Удахгүй аав, ээждээ ачийг нь тэврүүлнэ дээ. Юун түрүүнд зорьсон зорилгодоо хүрье. Тэгээд л ерөөсөө тэтгэвэртээ суугаад нэгмөсөн арван хүүхэдтэй болчихъё (инээв).

Зөв хооллолтын манаанд зогссон үйлдвэр

Шар буурцаг гэдэг үг саяхнаас Монголчуудын танил болж байгаа. Эрүүл, зөв хооллолт гэдэг үг эрчимтэй тархахтай зэрэгцэн бидний хүнсний хэрэглээнд хүч түрэн орж ирсэн болохоор тэр. Өмнөд азиас гаралтай эл ургамлыг одоогоос 3000 гаруй жилийн өмнө хятадууд хүнсэндээ хэрэглэх болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Удалгүй урд хөршөөс хүрээгээ тэлж Японоор дамжин Америкт хүрсэн эл идээний нууцыг химич Жорж Вашингтон Карвер тайлсан гэдэг. Түүгээр барахгүй алдард “Ford Motors” компанийг үндэслэгч Форд шар буурцгийг боловсруулан хуванцар хийж, түүгээрээ машин бүтээсэн түүх ч бий. Эл элдэвтэй буурцагны махны үйлдвэр Монголд цорын ганц бий. Тиймээс бидний зөв хооллолтын манаанд зогссон “Бразас” үйлдвэрээр зочлохоор шийдлээ.

Цагаан хоол, зөв хооллолт гэдэг ашигтай моод Монголд хүчтэй дэлгэрч байгаа энэ цагт нэгэн шинэ үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ бол махыг орлох шидтэй шар буурцагны махны үйлдвэр.
Хаалгаар нь шагаймагц халуун уур нүүр өөд цоргих эл үйлдвэр нэг цагт 125 кг шар буурцгийн мах үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Мэдээж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас эрүүл мэнд, ариун цэврийг чанд сахих шаардлагатай тул үйлдвэрт нэвтрэхийн өмнө цагаан халаат нөмөрч, гутлынхаа гадуур даавуун углааг углахыг үйлдвэрийн дарга үүрэгдлээ. Ингээд л аялал эхлэх нь тэр. Юун түрүүнд түүхий эд боловсруулах агуулахаар орлоо. Энд шалаас тааз хүртэл өрсөн савтай шар буурцгийн шаарыг урд хөршөөс авчирдаг гэнэ. Хэлбэр, хэмжээний хувьд вандуйтай адилхан шар буурцгийн тосыг урд хөршид шахдаг бөгөөд үлдэгдлийг нь шар буурцгийн шаар гэдэг аж. Эл шаарыг “Бразас” үйлдвэрийн агуулахад тээрэмдэж, гурил шиг нарийн ширхэгтэй болсон буурцгаа холигч машинд хийдэг. Эндээс ширхэг томтой болсон түүхий эдийг зуурч, хэвлэх машинд, дараа нь таван дамжлага бүхий хатаах төхөөрөмжид хийснээр үйлдвэрлэлийн явц дуусдаг. Хүнсний амт, үнэр орлуулагч, будагч бодис нэмдэггүй тул үйлдвэрийн ажиллагаа тун энгийн. 180 хэмийн халуунд хатаадгийг нь эс тооцвол ажиллагаа багатай аж. Үйлдвэрлэл дууслаа гээд санаа амарч болохгүй. Шинжилгээ, савалгааны ажил өрнөнө. Дэвтэх чанарыг нь тусгайлан бэлтгэсэн өрөөнд шалгасны дараа үйлдвэрийн ажилчид хүнсний бүтээгдэхүүн зориулсан уут, хайрцганд “махаа” савладаг.
Үнэндээ би махыг илүүд үзэгч. Тиймээс үйлдвэрлэлтийн явцтай танилцмагц, үйлдвэрийн дарга намайг цагаан хоолонд уруу татах ухуулгаа эхэллээ. Мэдээж би үйлдвэртэй танилцахын өмнө шар буурцагны талаар багагүй судалгаа хийж, чихрийн шижинтэй хүмүүст хамгийн тохиромжтойгоос гадна хүүхдийн өсөлтөд эергээр нөлөөлдөг зэрэг олон давуу талыг нь мэдсэн. Гэхдээ үйлдвэрийн даргын ухуулга үр дүнгээ өгч эдийн засагт хэмнэлттэйгээс гадна шар буурцагны махан дахь уургийн хэмжээ 50-аас багагүй хувьтай байх ёстой гэдэг шинэ мэдээллийг олж авлаа. Түүний өгүүлж байгаагаар 250 грамм шар буурцгийн махаар 9-12 хүний хоол хийдэг бол энэ хэмжээний малын мах 2-3 хүний хоолонд хүрэлцдэг гэнэ. Мэдээж махны үнэ тэнгэрт хадсан энэ цагт оновчтой хэрэглээ болж таарах нь. Харин уургийн агууламж 50-аас дээш хувьтай байх тухай мэдээлэл юунд хэрэгтэй болохыг танд одоо сонирхуулъя. Монголд худалдаалж байгаа бусад бүтээгдэхүүнүүд урд хөршид үйлдвэрлэж, энд савладаг тул уургийн агууламж бага, тэр хэрээр хүний биед шаардлагатай эрдэс бодис, уураг, амин дэмийн хэмжээг нөхөх чадвар дутмаг байдаг аж. Түүнчлэн эл үйлдвэр тээвэрлэхэд бяцарч, үйрэхгүй, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бодолцон бүтээгдэхүүнээ хүнсний цаасан хайрцагт савладаг давуу талтай.
Уургийн агууламжаар үхрийн махнаас 1.6, хониныхоос 2 дахин их шар буурцгийн махыг үйлдвэрлэгч эл компани зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй эх орон нэгтнүүдээ зөв хооллолтод уриалахаар хэрхэн шар буурцагны махаар хоол хийх сургалтыг зохион байгуулдаг юм билээ. Албан байгууллагын хүсэлтээр цагаан хоолны өдөр нь мэргэжлийн тогооч нар очиж, шар буурцагны ид шидийг гайхуулдаг гэнэ.

100 грамм шар буурцаг дахь илчлэг, амин дэм, эрдэс бодисын хэмжээ:
• A амин дэм: 110 I.U.
• B амин дэм: 1.07 мг
• Ниацин: 2.3 мг.
• C амин дэм: Бага хэмжээгээр
• Кальци : Бага хэмжээгээр
• Төмөр : 8.0 мг.
• Фосфор : 586 мг.
• Калий : 540 мг.
• Өөх тос : 18.1 гр.
• Нүүрс-Ус : 34.8 гр.
• Уураг: 34.0 гм.
• Калори : 331

ХОТЫН СОЁЛЫГ ТУНХАГЛАСАН ҮДЭШ

Монголын рок попын ертөнцөд чанартай уран бүтээл, даацтай хамтлаг дуучид үгүйлэгдсэн өнөө цагт “Камертон”-чууд 15 жилийн ойгоо тоглолт, үдэшлэгээр чимнэ гэсэн мэдээлэл салхи мэт хурдан түгсэн. Таван жилийн өмнөх сүр дуулиантай тоглолтыг санаж, танил дотно дуунууд эгшиглэх үдэшлэгт очно гэхээс залуус зургадугаар сарын 30-ны оройг тэсэн ядан хүлээж байсан биз.

Оршил буюу онцгой бүсийн тухай

Болзсон цаг болоход “Нийслэл” асар аль хэдийнэ олны хөлд дарагджээ. Үзэгчид рүүгээ сунган зассан тайз, өнөөх л өргөн том дэлгэц төдийлэн анхаарал татсангүй. Зуны задгай талбайн тоглолт бүр ийм л хэв маягаар тайзны заслаа хийдэг болохоор хаана юу байдаг нь бараг цээжлэгдэхээр болсон. Харин танил тайзнаас илүүтэй үзэгчдийн байрлах хэсэг анхаарал татаж байлаа. Асарт байрлах усан оргилуур, түүнийг тойруулан өрсөн асар хэлбэрийн цасан цагаан сүүдрэвч гээд л үзэгчдийг ая тухыг хангах гэсэн нь илт. Гэхдээ энэ бол дээд зэрэглэлийн үзэгчдийн талбай. Урилгаар заларсан зочид, 100 мянган төгрөгний үнэтэй тасалбар авсан үзэгчдийн хаалттай бүс. Тийм болохоор тэр хэсэгт нэвтэрч олны танил эрхмүүдээс онцгой үдэшлэгийн тухай сэтгэгдлийг нь сонсох боломж сэтгүүлчдийн хэнд нь ч олдсонгүй.
Гэхдээ зүгээр ээ. Босоо үдэшлэгийн талбай тайзанд ойрхоноос гадна Д.Болормаа болон түүний загварын агентлагийн гунхсан охид, ажил хэрэгч хувцасласан залуус, дуучин BX, Quiza, “Гурван охин” хамтлагийнхан төдийгүй, завсарлагааны үеэр “Камертон”-чууд хэрхэн дараагийн хэсэгтээ бэлдэж байгааг харах боломж бий.

“Бид Камертон”

Тоглолтын эхний болон төгсгөлийн дууг таамаглаж байлаа. Үнэхээр ч бодсон ёсоор нэгэн цагт монгол охидын зүрхийг шархлуулж, цэцэг, захидалд дарагдаж байсан залуус өөрсдийн сүлд болсон “Бид Камертон” дуугаар тоглолтоо эхлүүллээ. Араас нь арван гаруй жилийн өмнө эгшиглэж “Халуун тэнгэр” тэргүүтэй танил дууны аялгуу хөвөрнө. Залуусын дурсамжийг сэргээж байгаа нь илт. “Камертон”-чуудыг мэдэхгүй хүн Монголд үгүй. Харин эндээс тэднийг байтугай дуулсан дуу бүрийг нь мэддэг гэдгийг анзаарлаа.Үзэгчид бүх дууг нь хоолой нийлүүлэн түрж байв.
Энэ бол цэвэр өнгө, дуугаралт, эв найрамдлыг эрхэмлэгч залуусын шүтэн бишрэгчидтэйгээ хамт тэмдэглэж байгаа анхны төрсөн өдөр биш. Харин хамгийн цэвэр дугаралттай тоглолтуудын анхдагч нь гэвэл мэтгэх хүн үгүй биз. Яг л хөгжим тоглуулагч дахь дуунуудаа сонсож байгаа мэт тунгалаг. Тэд бизнес хөөсөн ч өдөр бүр гамм уншиж, бэлтгэл базааж байсан гэдгийг нь саналаа. Үнэн бололтой. Тайзнаас буух завгүй тоглолт дамждаг залуу дуучдаас ч цэвэрхэн, цээлхэн дуулна. Олон жил туршлага ч байж мэдэх.

Тэд үргэлж анхдагч
Үдэшлэг тоглолт хосолсон анхны рок поп тоглолт. Тиймдээ ч зургаан цаг үзэгчдийг “Нийслэл” асарт уясан биз. Тоглолтын завсараар алжаал тайлан шилдэг ди жи нарын уянгалуулах хөгжмийн хэмнэлд бүжиглэх нь бүр ч сонирхолтой юм. Тэд ямагт шинийг санаачлагч байдаг гэдгээ дахин баталлаа.
50 мянган төгрөгний үнэтэй тасалбар олон хүнийг гайхашруулж, бас сэтгэлийг нь гижигдсэн бололтой. Цөөнгүй үзэгч цуглачихаж. Үнэ дагаж чанар гэдэг. Тэдний бас сэдсэн бас нэгэн санаа бол тасалбарын үнээр зэрэглэл тогтоох. Үнэхээр ч төлөвлөсөн арга нь амжилттай хэрэгжиж, хотын бүхий л гангачуул энд цугласан харагдана. Яагаад болохгүй гэж. Хотын соёлыг мэдрүүлж, амьдралын хэм хэмнэл, өнгө төрхийг тодорхойлох гэсэн тэдний хүсэл биеллээ олсон гэдгийг олон үзэгч батлах болов уу.

Нууцаа дэлгэсэн үдэш
Тэд тоглолтынхоо үеэр гэнэтийн бэлэг задална хэмээн амлаж, үзэгчдийг горьдоогоогүй. Мянга мянган үзэгчдийн олон жилийн хүлээлт тэднийг ийм пи ар хийх хэрэгцээгүй болгочихсон болохоор тэр. Төрсөн өдрийн баяраа тэмдэглэн сэтгэл хөөрсөн залуус хэд хэдэн дууныхаа түүхийг хуучлаад амжсан. Бас Эба “Нулимсаа арч охин минь” дууны үгээ шүүмжилж, үзэгчдэд бяцхан инээд бэлэглэсэн. Түүгээр барахгүй оюутан цагийн зовлон жаргалаа хуваалцаж, олны танил болсон ч нийтийн тээврээр зорчиж байснаа дурслаа. Сэтгэлд дэндүү ойр санагдсан тоглолтын бас нэгэн нууц нь үзэгчидтэйгээ илэн далангуй байж, дотно харилцаа үүсгэснийх.

Хотын соёлыг гайхуулсан тоглолт
Задгай талбайн бусад тоглолтуудаас хотын соёлыг ханхлуулсан гэдгээрээ “Камертон”-чуудын төрсөн өдөр онцгойрч байлаа. Уух зүйлс өрсөн тавцан барьсан зөөгч залуус, хог хаягдлыг тэр дор нь цэвэрлэж, үзэгчдийн ая тухыг хангана. Түүнчлэн зөөврийн 00 байрлуулж, хогийн сав, хөлөө амраах суудал өрөхөө ч нь мартсангүй.
Үдэшлэг шувтрах тийш хандаж, үзэгчдийн талбай шингэхэд цугласан олны хөлд хоосон лааз, ундааны сав харагдсангүй. Бүртийх хоггүй байсан гэж мэлзэхгүй ч, хог шороотой хутгалдсан өрөөсөн гутал үлдэхээргүй зохион байгуулалт сайтай тоглолт болсныг нь магтууштай.

“18 нас”-аа дуулсан “15-тай жаалууд”
Таван жилийн өмнө Төв цэнгэлдэх орчмоос хальж хотын зах хүртэл цуурайтсан “18 нас” энэ удаад ч бас үзэгчдийн түрлэгтэйгээр тоглолтыг өндөрлүүлсэн. Харуусал, хайрын гэнэн гэгэлгэн дурсамж сэдрээх уянгын дуунуудаа хөнгөн хэмнэлтэй дуутай хослуулсан тоглолт үдэшлэг нийт зургаан цаг үргэлжилсэн.

Т.Сайзмор: Би шоронд байхдаа өөрийгөө хянах чадвараа алдчихгүйг хичээж байсан


Роберт Де Ниро, Аль Пачино, Том Хэнкс зэрэг кино ертөнцийн акулуудтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явсан түүнийг Холливудын А зэрэглэлд багтах жүжигчин болно гэдэгт хүн бүр итгэж байсан. Харамсалтай нь хар тамхины асуудлаас болоод тэр өөрийн амьдралаа хөмөрч орхисон.
Кокайн, геройн хэрэглэж, танхайрсан хэргээр “аавын” хаалга татаж, арван удаа албадан эмчилгээнд явсан ч нэмэр болоогүйгээр барам тэр Холливудын ертөнцөөс гудамжинд гарсан. Сексийн замбараагүй байдал нь ч үүнд нөлөөлсөн гэдэг.
Энэ бүхний эцэст эрүүл саруул ухаанаар өөртөө дүгнэлт хийж, хорт зуршлаасаа татгалзсан түүнийг Ларри Кинг нэвтрүүлэгтээ урьжээ. “Цэрэг Райныг авар”, “Сувдан эрэг”, “Хар шонхорын уналт” зэрэг үзэгчдийн сэтгэл хоногшсон бүтэлүүдэд дүрээ мөнхөлсөн түүнийг кино урлагийн судлаач, шүүмжлэгчид чадварлаг, ирээдүйтэй жүжигчин хэмээн дүгнэдэг. Шоу бизнесийн ертөнцөд эргэн ирж байгаа түүний чин сэтгэлийг яриаг “Өнөөдөр” уншигчдадаа орчуулан хүргэж байна.

-Хорт зуршлаасаа татгалзаад хэр удаж байна вэ, Том?
-Яг 326 хонож байна.
-Үүнээс өмнө хар тамхинаас хэр удаан хол байж чадсан бэ?
-Хэдхэн минут л.
-Хэр удаан гэнэ ээ?
-Хэдхэн минут гэсэн юм аа. Үнэндээ 1997 оноос хойш би эрүүл амьдралд тэмүүлж, хар тамхи бүхий л муу зуршлаасаа татгалзсан. Таван жил болсон байх.
-Яагаад энэ амьдралд татагдсан юм бэ?
-Эхнэртээ хаягдсан минь надад тун хүнд цохилт болсон. Үнэн шүү. Тэгж явахдаа Хэйдитэй танилцсан юм. Тэр надад хар тамхи санал болгосон. Түүнийг нь хэрэглэсний дараа сэтгэлийн шарх тэр дороо л намжчих шиг санагдаж билээ. Түүнчлэн дахин хэрэглэх дур хүсэл төрүүлдэг. Яг л Эрнест Хэмингуэйн зохиолд гардаг Жэйк Барнс шиг зүйл надад тохиолдсон.
-Тэгэхээр эхнэр тань Таныг орхисон шалтгаан хар тамхи биш байх нь ээ?
-Үгүй дээ. Бидний хэн хэн нь хар тамхийг эрс эсэргүүцдэг байсан. Би гэр бүлтэй байхдаа хорт зуршлуудаас эрс татгалздаг байлаа. Би бусад хүн шиг халамжтай сайн нөхөр байж чадаагүй байх.
-Та хэдийд хар тамхи хэрэглэж үзсэн юм бэ?
-Намайг бусад залуус шиг багаасаа хэрэглэдэг байсан гэж эндүүрүүзэй. Бага залуу байхдаа янжуур, шар айраг гэх мэт зүйлд дурладаг байсан тал бий. Гэхдээ хаа нэг л хэрэглэдэг байсан. Харин спортод хорхойссон, жүжигчин болохыг мөрөөдөж, түүнийхээ төлөө тэмцсэн жаал байсан. Би Детройтынх. Гэхдээ кино урлагт дурлаж Нью-Йорк руу нүүсэн. Илүү сайн ажиллаж, амжилтад хүрэхийн тулд би толгой өндийх завгүй хөдөлмөрлөдөж байлаа. Тэгээд л тэндээсээ Лос-Анжелес руу нүүсэн дээ.
-Хар тамхи хэрэглэдэггүй байсан хэрэг үү?
-Ямар ч наркотик, кокайн хэрэглэдэггүй байсан. Түрүүн хэлсэн шүү дээ. Шар айраг ууж, янжуур татах явдал бол байсан. Гэхдээ асуудалд орохуйц согттолоо уудаг байгаагүй.
-Холливудад хөл тавьсан цагаас тань л Танд сайхан дүрүүд ноогддог байсан гэдэг.
-Тийм шүү. Би хангалттай цалин авч, мөнгөтэй байж үзээгүй. Харин Холливуд намайг хангалуун амьдралтай болгосон. Тэгээд л хар тамхийг анх хэрэглэж үзэж байлаа. Хожим нь яг л бусад хар тамхичдын адилаар өдөр бүр хэрэглэдэг болсон. Эхэндээ өдөр бүр Зул сарын баяр тэмдэглэж байгаа мэт хөгжилтэй санагддаг байлаа. Харин хар тамхинаас болж унтахаас татгалзталаа донтсон найзын минь байдал намайг үүнийг жигшихэд хүргэсэн.
-Хар тамхинд донтсоныхоо дараа Та ажлаа хийдэг байсан уу?
-Тийм ээ. Тамхиа ч хэрэглэж, ажлаа ч хийсээр л байсан. Залуу байсан болохоор өөрийгөө удирдаж, зогсоож чадахгүй байлаа.
-Эргээд харахад хар тамхинд донтсон Томын амьдралын хамгийн таагүй үе хэдийд байв?
-Майкл Манн миний дуудлагад огт хариу өгөхгүй байсан нь хамгийн таагүй санагдсан. Тэр сайн найруулагч. Бас миний сайн найз байлаа. Гэтэл намайг амтдралд хөл алдсаны дараа зайгаа барьж эхэлсэн. Гэхдээ энэ бүхэн төгсгөл болж, би хоёр ч кинонд тоглочихлоо. Майкл хэрвээ чи энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол намайг уучлаарай.
-Та ямар шалтгаанаар баривчлагдаж байсан юм бэ?
-Эхний удаад автын осол гаргасны улмаас баривчлагдсан боловч хожим нь цагаатгасан. Шинжилгээ өгөхөд хар тамхи хэрэглээгүй нь нотлогдсон юм.
-Хоригдож байсан уу?
-Хоригдож байсан, Ларри.
-Хэр удаан хоригдсон бэ?
-Нэг цаг л болсон. Хэдийгээр ганцхан цаг ч надад их удсан юм шиг санагдсан.
-Тэнд хар тамхи хэрэглэх боломж олдсон уу?
-Үгүй дээ. Би тэнд байхдаа өөрийгөө хянах чадвараа алдчихгүйг л хичээж байсан. Гэхдээ өөртэйгөө тэмцэлдэх шаардлага төдийлэн гараагүй. Өөрийгөө ялахыг хүссэн учраас тэр. Гэхдээ “аавынд” байхад өөртэйгөө тэмцэнэ гэдэг наранд байхаас тэс өөр. Магадгүй сүүлчийн тэмцэл ч байж мэднэ. Би Шекспирийн бүтээлийг их уншдаг. Ой тогтоолт сайтай болохоор түүний бүтээлийг бичиж цаг нөхцөөн, нөгөө талаар өөрийгөө хүмүүжүүлж байсан.
-Тархиа амраах гэсэн бас нэг арга уу?
-Амраах биш ажиллуулж, хянах чадвараа алдахгүй гэсэн хэрэг.
-Хорих газрынхан таныг яагаад эмчлээгүй юм бэ?
-Тэдний юу хийж, надад яаж хандах нь надад огтхон ч хамаагүй. Тэд хоригдлуудын үхлийг хүлээж байдаг юм билээ. Шоронгийн тухай миний хэлэх үг ердөө л энэ.
-Тэд яагаад Танд эмнэлгийн тусламж үзүүлээгүй юм бэ?
-Тэр үед би ухаангүй тэнэг болчихсон байсан болохоор л тэр. Харин одоо тэнд дахин орвол надад тэс өөр хандана гэдэгт итгэлтэй байна. Согтуу танихгүй хүнтэй харилцана гэдэг хүмүүсийн хүсээд байх зүйл биш шүү дээ. Түүний адил тэд надаас жигшсэн байх.
-Таныг амьдралд хөл алдаад байх үед тань Роберт Де Ниро тусалж байсан гэдэг юм билээ.
-Тэр ээжтэй минь ярьсан байсан. Гэхдээ надтай яриагүй.
-Найруулагч Стивен Спилберг танд тусалсан уу?
-Тийм ээ. Тэр надтай цөөнгүй удаа уулзсан.
-Тэр үед кино урлагаа үгүйлж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү ажлаа л санаж, үгүйлж байлаа. Зөв замд орсоныхоо дараа жүжиглэнэ гэдэг миний ажил төдийгүй Сайзмор гэдэг хүний нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л энэ салбартаа эргээд хүчин зүтгэх болсон.
-Дахин хар тамхитай холбогдох вий гэхээс эмээж байна уу?
-Заримдаа энэ айдас минь намайг элдэв зүйлийг төсөөлөн бодоход хүргэдэг. Одоо би шөнийн цэнгээний газар лу зүглэхээс ч зүрхшээдэг болсон.
-Тэгэхээр согтууруулах ундаа ч хэрэглэхгүй байгаа байх нь ээ?
-Хэрэглэхгүй байгаа. Архи, согтууруулах ундаатай холбоотой асуудалд дахин орооцолдохыг хүсэхгүй байна. Дрью эмч ч бас үүнийг цээрлэхийг зөвлөсөн.
-Тэр өөр юу зөвлөсөн бэ?
-Би тамхи татах дуртай. Гэхдээ одоо татахгүй байгаа. Дахиж дурлахгүй байхаар шийдсэн. Өөрийн мэдрэхүй, хүсэл сонирхлоо тэр чигт нь өөрчлөх гэсэндээ тэр. Хүмүүс шөнийн цэнгээний газраар орохоороо архи ууж, охидтой танилцан зугаацдаг. Би тэдний л нэг байсан. Гэхдээ одоо охид бүсгүйчүдээс хол байхыг илүүд үзэж байна. Архинаас бол бүр ч хол хөндий байх болсон.
-Та гэр оронгүй болтлоо туйлдаж байв уу?
-Гэр оронгүй болох гэдэг чинь их буруу нэр томъё байна шүү. Би арай ч гудамжинд гараагүй. Өөрийн гэсэн байргүй болсноос биш, гудамжинд хонож байсан удаа байхгүй. Учир нь надад байрны хөлсөө төлөх мөнгө байгаагүй юм. Харин энэ үед нэгэн алдартай жүжигчин надад тусалсан.
-Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач.
-Холбооны мөрдөх товчооны нууц ажилтны тухай өгүүлэх “Ангилал” нэртэй кинонд тоглосон.
-Тэр товчооны ажилтны дүрд Та тоглосон уу?
-Цуврал аллага үйлддэг гэмт этгээдийн араас мөрдөж байгаа залуу. Харамсалтай нь киноны төгсгөлд тэр гэмт хэрэгтнийг барьж чаддаггүй юм.
-Та яагаад жүжиглэх дуртай байдаг юм бэ?
-Энэ бол сэтгэл татам сайхан мэргэжил. Тэгээд л тэр. Ямар ч сайн уран бүтээлч бүрэн төгс жүжиглэнэ гэж байдаггүй юм шиг санагддаг. Бид аль болох бодит үнэнд дөхүүлэхийг хичээдэг. Үзэгчдийг үнэмшүүлэх нь жүжигчдийн гол зорилго.
-Т өөрөө алдаж байсан хүн тул бусдад туслахыг их хичээдэг байх, тийм үү?
-Би насаараа л бусдад туслахыг хичээж ирсэн.
-Жүжигчин Майкл Дугласын хүү Таны хэрэглэж байсантай адилхан хар тамхи худалдсан тул шүүхээс таван жил хорих ял сонссон. Энэ тухай Та мэдсэн үү?
-Таван жилийн ял авсан юм уу. Тэр ч сайн хэрэг шүү. Би багаар бодоход 10 жилийн ял сонсох байх гэж бодож байсан.
-Тогтсон жишиг нь тийм байдаг юм уу?
-Үгүй ээ. Тогтсон тоо байдаггүй. Би Дугласын “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншсан юм. Түүний ярьснаас дүгнэхэд 10 жил авах юм шиг санагдсан.
-Таван жил хоригдох нь түүнийг хүмүүжихэд хангалттай хугацаа байж чадах уу?
-Сайн мэдэхгүй байна. Хүн бүрийг шоронд хорих тал дээр би санал нэгддэггүй хүн. Хүмүүс яагаад хууль зөрчдгийг би сайн мэдэхгүй. Камеронтой хэд хэдэн удаа уулзаж байсан. Түүний төлөө их харамсаж байна.
-Өнгөрсөн хугацаанд Та их олон хүнийг гомдоож байсан гэсэн. Одоо алдаагаа засах гэж байгаа талаар тань би уншсан. Хэрхэн алдаагаа засах гэж байна вэ?
-Би хэд хэдэн хүнийг их гомдоосон. Алдаагаа засахын тулд цаг хугацаа нэлээд шаардагдах байх.
-Хамгийн их гомдоосон хүн нь хэн бэ?
-Ээж минь. Миний дүү надад зургаан жилийн өмнө сануулж байсан ч би тэр үед ухаангүй явсан болохоор хэлсэн үгнийх нь учрыг ойлгоогүй. Одоо эргээд бодоход “Таныг хар тамхи хэрэглэх бүрт ээж бага багаар үхэж байна” гэдгийг л ойлгуулах гэсэн юм билээ. Тиймээс ээжээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна.